| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ч.Нямсүрэн |
| Хэргийн индекс | 192/2025/05893/И |
| Дугаар | 192/ШШ2025/08881 |
| Огноо | 2025-11-03 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгалын багц хуулиар бусад, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 03 өдөр
Дугаар 192/ШШ2025/08881
2025 11 03 192/ШШ2025/08881
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: *-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:*-д холбогдох,
Нийгмийн даатгалын шимтгэл болон алданги 264,128,275 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Анужин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн * шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:*ХХК нь Сонгинохайрхан дүүргийн *т 2020 оны 10 дугаар сараас эхлэн нийгмийн даатгалын шимтгэл төлөгч байгууллагаар бүртгүүлсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйл Ажил олгогчийн үндсэн эрх, үүрэг 43.2.7-д "ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл даатгалын мэндийн шимтгэл төлснийг баталгаажуулах", Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.2 дах хэсэгт "орон тоо болон цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогын бүрэлдэхүүнийг үнэн зөв тодорхойлж, нийгмийн даатгалын шимтгэлийг энэ хуулиар тогтоосон хувь хэмжээгээр ногдуулж, сар бүр нийгмийн даатгалын санд төлөх", зэрэг заалтуудыг тус тус зөрчин 2023 оны 4 дүгээр сараас эхлэн нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг үүсгэсэн. Үүний улмаас 2025 оны 5 сарын байдлаар нийгмийн даатгалын шимтгэл 179,912,557.18 төгрөгийн өрийг үүсгэсэн.
Тус байгууллагын удирдлагуудтай уулзалт хийн өр авлага барагдуулах чиглэлийг өгч, шат дараатай арга хэмжээ авч ажилласан боловч шимтгэлийн өрийг одоог хүртэл барагдуулаагүй байна. Уг зөрчлийн улмаас даатгуулагч иргэдэд нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмж тогтоон, олгох эрх үүсэхгүй хохирч байна. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2 дах хэсэгт "төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг энэ хуулиар, эсхүл эрх бүхий байгууллагын тогтоосон хугацаанд төлөөгүй, дутуу төлсөн бол хугацаандаа төлөөгүй, дутуу төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, уг шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувийн алданги тооцно. Алдангийн хэмжээ нь төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна. гэж заасан байдаг. Дээрх заалтын дагуу төлөөгүй хугацааны нийгмийн даатгалын шимтгэлд 84,215,718.45 төгрөгийн алдангийг тооцон ногдуулаад байна.
Иймд нийгмийн даатгалын шимтгэлийн өр (шимтгэл, алданги) буюу нийт 264,128,275.63 төгрөгийг хуулийн дагуу гаргуулан шийдвэрлэж өгнө үү. Мөн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 1.3-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү гэжээ.
2.Нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч * шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлээ бүрэн дэмжиж байгаа.*ХХК нь Сонгинохайрхан дүүргийн *т 2019 оны 08 сараас нийгмийн даатгалын шимтгэл төлөгч байгууллагаар бүртгүүлсэн. Үүнээс хойш 2023 оны 04 сараас 2025 оны 05 сар хүртэл нийгмийн даатгалын шимтгэл төлөлгүйгээр нийт 179,912,557 төгрөгийн өр үүсгэсэн. Нийгмийн даатгалын тухай ерөнхий хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2-т заасны дагуу алданги тооцон 84,215,718 төгрөгийн алданги тооцсон. Нийт*ХХК-аас 264,128,275 төгрөгийг гаргуулж өгнө үү. Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш төлбөрөөс төлөгдөөгүй байгаа, хариуцагч талд шүүхээс хуралдаанд биечлэн оролцох, өмгөөлөгч авах, өмгөөлөгчтэй оролцох, эвлэрэн хэлэлцэх бүхий л боломжийг олгож удаа дараа шүүх хуралдааныг хойшлуулж байсан. Хариуцагч тал өнөөдөр хуралдаанд ирээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулж хугацаа авч байна. Иймд шүүх хуралдааныг хариуцагчийн эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчээс: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Нийгмийн даатгалын шимтгэлийн алданги тооцсон хүснэгт, 2025 оны 02 сарын 20-ны өдрийн *дугаартай улсын байцаагчийн албан шаардлага, Нийгмийн даатгалын шимтгэлийн өр барагдуулах уулзалтын тэмдэглэл,*ХХК-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2025 оны 5 сарын тайлан зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.
Хариуцагчаас: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, лавлагаа зэрэг баримтыг гаргаж ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн * нь хариуцагч*ХХК-д холбогдуулан нийгмийн даатгалын шимтгэл болон алданги 264,128,275 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
2.Нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн * нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: хариуцагч*ХХК 2023 оны 04 дүгээр сараас 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацааны төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг дутуу төлсний улмаас 179,912,557.18 төгрөгийн өр үүсгэсэн. Хуульд заасны дагуу дансны зарлагын гүйлгээг хаах, албан шаардлага өгөх зэрэг шат дараалласан арга хэмжээг авсан боловч шимтгэлээ төлөхгүй өнөөдрийг хүрсэн. Тиймээс хариуцагчаас үндсэн өр 179,912,557.18 төгрөг, алданги 84,215,718 төгрөгийн хамт нийт 264,128,275.63 төгрөгийг гаргуулна гэж тайлбарласан.
3.Хариуцагч * ХХК-ийн төлөөлөгч * нэхэмжлэлийг гардан авсан боловч зөвшөөрч байгаа болон эс зөвшөөрч байгаа талаар ямарваа нэгэн хариу тайлбар бичгээр гаргаагүй, шүүх хуралдаанд биечлэн оролцоогүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх цуглуулах үүрэгтэй байдаг бөгөөд талууд нотлох баримтаа анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж, шүүх хэргийг оролцогчийн гаргасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлж хэргийг шийдвэрлэдэг.
Шүүхээс талуудад нотлох баримт бүрдүүлж цуглуулах талаар бүхий л боломжит хугацааг олгосон бөгөөд хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэлээ нотлох, нотлох баримт гаргах үүргээ биелүүлээгүй тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргаагүй, хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
4.Хариуцагч*ХХК 2023 оны 04 дүгээр сараас 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацааны төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг дутуу төлсний улмаас 179,912,557 төгрөгийн өр үүсгэсэн, улмаар нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын газраас хариуцагчийг өр төлбөрөө барагдуулах талаар мэдэгдсэн нь улсын байцаагчийн албан шаардлага болон уулзалт ярилцлагын тэмдэглэл зэргээр тогтоогдож байна.
5.Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.2-д ажил олгогч орон тоо болон цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогын бүрэлдэхүүнийг үнэн зөв тодорхойлж, нийгмийн даатгалын шимтгэлийг энэ хуулиар тогтоосон хувь хэмжээгээр ногдуулж, сар бүр нийгмийн даатгалын санд төлөх үүргийг хуульчилсан, мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2-д төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг энэ хуулиар, эсхүл эрх бүхий байгууллагын тогтоосон хугацаанд төлөөгүй, дутуу төлсөн бол хугацаандаа төлөөгүй, дутуу төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, уг шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувийн алданги тооцно. Алдангийн хэмжээ нь төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна хэмээн заажээ.
6.Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 44 дүгээр зүйлээр хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлагыг зохицуулсан байх тул хуулийн 44.1.2-д заасан алданги нь үүргээ биелүүлээгүй шимтгэл төлөгчид хүлээлгэж буй хариуцлага юм. Энэ тохиолдолд нийгмийн даатгалын байгууллага өр төлбөрийг нэхсэн эсэх, хуульд заасан өр төлбөр барагдуулах арга хэмжээг авсан эсэх нь шимтгэл төлөгчид хариуцлага ногдуулахад саад болохгүй юм.
7.Нийгмийн даатгалын шимтгэл нь хөдөлмөр эрхэлж буй иргэдийн цалин, хөлснөөс суутгал хийгддэг, нийт иргэдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн, нэгдсэн санд төвлөрүүлж тэдэнд тэтгэлэг, тусламж үзүүлэх зорилготой албан журмын даатгал тул иргэнийг хөдөлмөр эрхлүүлсэн хуулийн этгээд ашигтай, алдагдалтай ажилласан, үйл ажиллагаа зогссон эсэх нь түүний хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй явдлыг зөвтгөх, хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.
Иймд*ХХК-иас 2023 оны 4 дүгээр сараас 2025 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны өр төлбөр, алдангид нийт 264,128,275 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн *т олгох нь зүйтэй гэж үзлээ.
8.* ХХК-д холбогдох хэргийг хэлэлцэх шүүх хуралдааныг 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 14.30 цагт товлон зарлаж, хариуцагчийн төлөөлөгч Ө.*ы өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 13.30 цаг хүртэл хугацаагаар хойшлуулсан боловч хариуцагчийн төлөөлөгч Ө.*, түүний өмгөөлөгч *ар нь шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, мөн хариуцагч талыг биечлэн оролцох, эвлэрэх боломжоор хангаж, шүүх хуралдааныг 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 10.00 цаг хүртэл хугацаагаар хойшлуулсан.
Гэтэл хариуцагчийн төлөөлөгч Ө.*, түүний өмгөөлөгч *нарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч дахин шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, ямар шалтгаанаар ирээгүй талаар шүүхэд мэдэгдээгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
9.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар хариуцагч * ХХК-иас 264,128,275 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 1,478,591 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.2 дахь хэсэгт зааснаар * ХХК-иас 264,128,275 /хоёр зуун жаран дөрвөн сая, нэг зуун хорин найман мянга, хоёр зуун далан тав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн *т олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч*ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 1,478,591 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.НЯМСҮРЭН