| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 167/2018/0098/э |
| Дугаар | 107 |
| Огноо | 2018-08-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Дүүрэнбилэг |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 03 өдөр
Дугаар 107
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж
Нарийн бичгийн дарга Г.Бямба-Эрдэнэ
Улсын яллагчаар хяналтын прокурор А.Дүүрэнбилэг
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөр өмгөөлөгч Б.Баттөр
Шүүгдэгч Л.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Оөд холбогдох эрүүгийн .... дугаартай хэргийг 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Л.О
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч Л.О нь Дорноговь аймгийн Сайншанд сум, 3 дугаар багийн нутаг дэвсгэрт 2018 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хохирогч Г.Пын төмсөг рүү өшиглөж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Л.Оийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2018.05.27-ны өдрийн 15 цагт амбульторийн байранд Бахынд байж байгаад Бадрах өргөө буудал руу Д ахтай уулзахаар явсан. Тэнд Д ах, П, Ш нар архи ууж байсан. Тэнд архи ууж байгаад Э түрүүлээд гарсан, дараа нь Д ах гарсан. П, Ш хоёрыг буудлаас гарахаар нь Шоос та 2 хаашаа явах гэж байгаа юм бэ гээд асуусан чинь нөгөө залуу хаашаа явах нь чамд ямар хамаатай юм бэ чи яагаад дагаад байгаа юм бэ гэхээр нь би чи муу пизда юу гээд байгаа юм бэ гэсэн чинь чи амжихгүй шүү, чамайг нутаг дээр чинь ална шүү гээд маргалдаж байгаад би шууд өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг
Хохирогч Г.Пын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...О ирээд та 2 хаачих гэж байгаа юм бэ чи ер нь юу хийдэг, хаана байдаг хулгайч вэ гээд надаас хэрүүл өдөөд байхаар нь чи яах гээд байгаа юм бэ гээд маргалдаж байсан чинь О миний салтаа руу өшиглөхөөр нь чи яаж байгаа юм бэ гээд маргалдсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 5-6 дугаар хуудас/
Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Э.Аын 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн “...Г.Пын биед төмсөгний няцрал, үрийн сувгийн няцрал, хуйхнаг доторх судасны тасрал цус хуралт, баруун гуя, зүүн гуя, хэвлийн доод хэсгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Г.Пын биед үзлэг хийх үед илэрсэн хуйхнагны шарх гэмтэл нь мэс заслын үед үүссэн шарх байх ба учирсан гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг хэрхэн алдагдах нь гэмтлийн эдгэрэлт, эмчилгээнээс хамаарна...” гэсэн 02/0190 дугаартай дүгнэлт /хх-ийн 14 дүгээр хуудас/
Шинжээч томилсон тогтоол /хх-ийн 13/
Шинжээчийн дүгнэлт /хх-ийн 14/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Дорноговь аймгийн Сайншанд сум, 3 дугаар багийн нутаг дэвсгэрт 2018 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хохирогч Г.Пын төмсөг рүү өшиглөж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэгджээ.
Энэ гэмт хэргийг шүүгдэгч Л.О хохирогч Г.Птай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдсанаас учруулсан болох нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй нотлох баримтууд болох шүүгдэгч Л.Оийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ... Шоос та 2 хаашаа явах гэж байгаа юм бэ гээд асуусан чинь нөгөө залуу хаашаа явах нь чамд ямар хамаатай юм бэ чи яагаад дагаад байгаа юм бэ гэхээр нь би чи муу пизда юу гээд байгаа юм бэ гэсэн чинь чи амжихгүй шүү, чамайг нутаг дээр чинь ална шүү гээд маргалдаж байгаад би шууд өшиглөсөн. гэсэн мэдүүлэг, хохирогч Г.Пын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...О ирээд та 2 хаачих гэж байгаа юм бэ чи ер нь юу хийдэг, хаана байдаг хулгайч вэ гээд надаас хэрүүл өдөөд байхаар нь чи яах гээд байгаа юм бэ гээд маргалдаж байсан чинь О миний салтаа руу өшиглөхөөр нь чи яаж байгаа юм бэ гээд маргалдсан...” гэсэн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Э.Аын 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 02/0190 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна гэж үзлээ.
Шүүгдэгч Л.Оөд аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялын саналтай, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүгдэгч Л.Оөд холбогдох хэргийг прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул түүнд прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Л.Оийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Л.О нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Л.О нь хохирогч Г.Пын нэхэмжилсэн 1500000 төгрөгийн нэхэмжлэлээс 500000 төгрөгийг мөрдөн байцаалтын шатанд төлж барагдуулсан байна. Үлдэх 1000000 төгрөгийг 45 хоногийн дотор төлж барагдуулахаар хохирогч, шүүгдэгч нар нь эвлэрлийн гэрээ байгуулсан болно.
Шүүхээс шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн/, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Оийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.О нь тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд төлүүлэхээр тогтоов.
Шүүгдэгч Л.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Л.О урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 44-р тал/ тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нь шүүгдэгч Л.Оөд оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Л.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Л.Оийг 500000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Л.Оөд 500000 төгрөгийн торгох ялыг хуулийн хугацаанд /2 сарын хугацаанд/ төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.О нь тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хохирогч Г.Пын нэхэмжилсэн 1500 000 төгрөгнөөс 500000 төгрөгийг төлсөн ба үлдэх 1000000 төгрөгийг шүүгдэгч Л.Оөөс гаргуулан хохирогчид олгосугай.
6.Шүүгдэгч Л.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Л.Оөд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АДЪЯАСҮРЭН