Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 2025/ДШМ/21

 

 

 

 

 

 

 2025      04          09                                            2025/ДШМ/21

 

 

                                              О.Дд холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

 

 Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Цэцэгмаа даргалж, шүүгч С.Уранчимэг, ерөнхий шүүгч З.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

Прокурор                                                    Н.Д

Шүүгдэгч                                                     О.Д

Шүүгдэгчийн өмгөөлөгч                            Н.М

Хохирогч                                                       Б.Б

            Нарийн бичгийн дарга                             Э.Булгантамир нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Ариунцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 52 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч О.Дий давж заалдах гомдлоор О.Дд холбогдох эрүүгийн хэргийг 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч З.Хосбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Б овогт О-н Д,

 

О.Д нь 2024 оны 05 дугаар сарын 26-ны орчимд      аймгийн    сумын    баг   тоот хашааны гадна талд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хохирогч Б.Бтэй ... бусдад өр тавихаа болихгүй байна ... гэх шалтгаанаар маргалдаж, түүнийг жирэмсэн болохыг мэдсээр байж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хоёр гарыг нь базаж, унагаан гуя хэсэгт нь өшиглөж зодон эрүүл мэндэд нь “баруун бугалга, зүүн тохой, зүүн гуянд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

мөн    аймгийн       сумын      багийн    тоотод байх гэртээ болон хашаан дотроо Б.Бийг 2024 оны 05 дугаар сарын дундуур ... ээжийн урдаас хэрэлдсэн ... шалтгаанаар үснээс нь зулгааж, гэдэс рүү нь нэг удаа цохиж зодсон,

2024 оны 05 дугаар сарын 26-ны орчим ... бусдад өр тавилаа, өр тавихаа болихгүй байна ... гэх шалтгаанаас маргалдаж хоёр гарыг нь базаж, унагаан гуя хэсэгт нь өшиглөн зодсон,

2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр ... ахынд очиж унтуулаагүй ... гэсэн шалтгаанаар хоёр удаа алгадаж, түлхэж унагаан, хэвлий хэсэгт нь өшиглөж зодсон,

 

2024 оны 06 дугаар сарын 08-ны өдөр ... хашхичиж хэрүүл үүсгэсэн ... гэсэн шалтгаанаар алгадаж, толгойгоор нь хоёр удаа шал мөргүүлэх зэргээр байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг жирэмсэн хүний эсрэг үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогдсон байна.

 

             Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос О.Дий үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээс:

Шүүгдэгч Б ургийн овогт О-н Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг, Эрүүгийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодох гэмт хэргийг жирэмсэн эмэгтэйн эсрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Шүүгдэгч О.Дийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар      аймаг         сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 10 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн , 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон 3 сарын хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 10 сарын хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн 1 жил 1 сарын хорих ялд,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг тус тус журамлан шүүгдэгч О.Дд          аймгийн       сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 06-р сарын 04-ний өдрийн         дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож,

Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 360 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, 360 цагийн ажлын 8 цагийг хорих ялын нэг хоногоор тооцон 45 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 1 жил 2 сар 15 хоногийн хугацаагаар тогтоож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Дд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч,

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч О.Д давж заалдах гомдолдоо:

“ ... хохирогч Б.Б нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны үед болсон зүйлийг зөрүүтэй өөр өөрөөр, мөн нэг өдөр болсон асуудлыг олон өдөр тус тусдаа удаа дараа болсон мэтээр өөрчлөн мэдүүлэг өгсөн. Энэ байдлаас нь болоод шүүх намайг олон удаа хохирогчийг зодсон гэж үзэж ял шийтгэл оногдуулсан. Энэ нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 52 дугаартай шийтгэх тогтоолыг хянаж хүчингүй болгож өгнө үү ... гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч О.Д тайлбартаа: ... Хохирогчийн зөрүүтэй мэдүүлгийг үнэлэж намайг ял шийтгэсэнд гомдолтой байна ... гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Н.М тайлбартаа: ... Анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй ... гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч Б.Б тайлбартаа: ... Хэлэх зүйл байхгүй ... гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Н.Д дүгнэлтдээ: ... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх дүгнэлт гаргаж байна ... гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч О.Дий гаргасан давж заалдах гомдлыг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзвэл анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүйгээс гадна шүүхийн шийдвэр нь хуульд заасан шаардлагыг хангаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.

 

Тодруулбал: Прокурорын 2024  оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 331 дүгээр яллах дүгнэлтийн биеийн байцаалтын хэсэгт шүүгдэгч О.Дийг “урьд ял шийтгэлгүй” гэж, Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 52 дугаар шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт шүүгдэгчийн биеийн байцаалтад О.Дийг “урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй” гэж тус тус дурдсан атал

түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тус тус гэм буруутайд тооцож, ял оногдуулсан байх ба уг ялуудыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар нэмж нэгтгэсний дараа,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар    аймгийн  сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн     дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, түүнд 360 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, 360 цагийн ажлын 8 цагийг хорих ялын нэг хоногоор тооцон 45 хоногийн хорих ял оногдуулж ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 1 жил 2 сар 15 хоногийн хугацаагаар тогтоожээ.

 

Орхон аймгийн Прокурорын газраас 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 1251 дугаартай албан бичгээр О.Дд холбогдох        тоот 1 хавтас 84 хуудастай хэргийг Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хянан шийдвэрлүүлэхээр хүргүүлсэн байна.

 

Үүний дараа буюу Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад тухайн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцсон Н.Д нь О.Дий эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан лавлагаа болон    аймгийн    сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн      дугаартай шийтгэх тогтоолын хуулбар 4 хуудас зэргийг нотлох баримтаар гаргаж өгснийг шүүх хүлээн авчээ.

 

Тухайн нотлох баримтаар гаргаж өгсөн 4 хуудас бүхий шийтгэх тогтоолын хуулбар дээр 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөр огноог тэмдэглэж, туслах М гэсэн гарын үсэг зурж, Орхон аймгийн Прокурорын газрын “хуулбар үнэн” гэсэн дардас дарагджээ.

 

Өөрөөр хэлбэл: Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас нотлох баримтаар гаргаж өгсөн дээрх шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 2, 4, 6 дахь хэсэгт заасныг зөрчиж цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримт гэж үзэх бөгөөд    аймгийн  сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн      дугаартай шийтгэх тогтоолыг хуулбарлан авсан талаарх тэмдэглэл хэрэгт авагдаагүй байна.

 

Ингэснээр анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ... прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана ... гэснийг зөрчсөнөөс гадна эдгээр нотлох баримтууд нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж түүнд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргүүдэд гэм буруутайд тооцож оногдуулсан ялууд дээр дахин ял нэмж нэгтгэж эрх зүйн байдлыг нь дордуулах үндэслэл болжээ.

 

Мөн шүүхийн шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан ... шийдвэр гаргасан шүүхийн нэрийг ... тусгана гэснийг зөрчиж ... Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх ... гэж бичиж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт ... бичмэл нотлох баримтыг эх хувиар нь, хэрэв эхийг авах боломжгүй бол прокурор, мөрдөгч тэмдэглэл үйлдэн хуулбарлан авна … гэж, мөн зүйлийн 4 дэх хэсэгт … Энэ хуулийн 16.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан нотлох баримтыг тухайн төрийн байгууллагаас үнэн зөвийг баталгаажуулж ирүүлнэ …гэж тус тус хуульчилжээ.

 

Анхан шатны шүүх О.Дд холбогдуулан прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж гаргаж өгсөн нотлох баримтыг үнэлж дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй буюу дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан гэж үзнэ.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч О.Дий давж заалдах гомдлыг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Цаашид шүүхийн хэлэлцүүлгийн үед хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой эсхүл шаардлагатай нотлох баримтыг прокурор болон хэргийн оролцогчоос гаргаж өгч буй тохиолдолд нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаар Эрүүгийн хуульд заасан журам зөрчсөн гэж үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа зөрчсөн зөрчлийг арилгах хуульд заасан арга хэмжээг авч шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгин 1.1, 1.3, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 52 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

 

2. Шүүгдэгч О.Дий давж заалдах гомдлыг хэлэлцэхгүй орхисугай.

 

3. Хэргийг анхан шатны шүүхэд хүргүүлэхийг шүүгчийн туслах Ч.Б-т даалгасугай.

 

4. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 С.ЦЭЦЭГМАА

 

                        ШҮҮГЧ                                                           С.УРАНЧИМЭГ

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      З.ХОСБАЯР