Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 119

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч Э.Гантулга,

Нарийн бичгийн дарга О.Сувд-эрдэнэ,

Шүүгдэгч Б. Н нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э. Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1814002230100 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 05 дугаар сарын 11-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Арзгай овогт Б.Н

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Н нь Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 2 дугаар багийн нутагт 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр иргэн З.Мыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Талууд хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1.Шүүгдэгч Б. Нын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 ... Баян-Овоо сумын 2-р багийн нутаг “Доод хөх анаг” гэх газар 2018 оны 04 сарын 11-ний өдөр 16 цагийн үед манай айлын хүн болох “Дэнхэр хочтой Я.Лхагвасүрэнг Цэдэнсамба нь гэр бариад өг гэж гуйсан Тэгээд айлын хүн болох Я.Лхагвасүрэнгийн хамт яваад гэрийг нь бариад өгье гээд хамт очиж гэрийг нь барьж өгсөн Тэгсэн Цэдэнсамба Я.Лхагвасүрэнг ахын дүү сум ороод архи аваад ир гээд 20000 мянган төгрөг өгөөд хүүхэдтэйгээ явуулсан.Я.Лхагвасүрэн нь Цэдэнсамба бид хоёрыг гэрийн тавилга янзалж дуусаад байж байхад сум ороод 0,75-тай “Ерөөл” гэх архи аваад ирсэн.Тэгээд архиа ууж байхад сум дээр 4-р багийн Иргэдийн нийтийн хурал болоод тарж байсан. З.Мтай сумын захиргааны үүдэнд таарсан Тэгээд би танайхаар айл хэснэ шүү гэж Я.Лхагвасүрэнг хэлэхэд М нь тэгээ гэж хэлсэн гэж ярьж байсан Тэгээд бид хэд архиа ууж дуусаад Лхагвасүрэн, Цэдэнсамбын бандийн хамт Мынд очих гээд Цэдэнсамбын гэрээс гарсан “Голын хөх хад” гэх газар урд дэнж дээр нь гарахад З.М ирээгүй байсан.Тэгээд бид 4 сум явсан Цэдэнсамба бид 2 сумын урд нуурын дэрсэнд үлдсэн Тэгээд Цэдэнсамба ахиад нэг шил архи аваад ир гээд Лхагвасүрэнг явуулсан.Тэгээд Цэдэнсамбын хүүхэд Лхагвасүрэн 2 сум руу орсон.Тэгээд удалгүй Лхагвасүрэн М ах манайд оч гэж байна гээд архи авсангүй гэсээр ирсэн. М ахтай сумын төвийн арын төслийн хашаанд Амаржаргал гэх айлд очиход Амаржаргалтай нэг шил архи дундаа тавиад ууж байсан гэж ярьж байсан.Тэгээд бид хэд З.Мынд очсон. М нэг шил 0,5 хэмжээтэй “Ерөөл” гэх архи гаргаж өгсөн Тэгээд нөгөө архиа ууж бараг дуусахын алдад З.М нь манай багийн зовлого Эрдэнээ манай ямааг гэрийнхээ ард уясан байсан Одоогийн мал зовлого байна биз дээ Тэгээд би зовлого Эрдэнээ гэж нэр өгсөн.Тэгэхээр нь би адилхан ядарсан хүн яахаараа тийм нэр өгдөг юм гэсэн.Тэгсэн М над руу дайраад намайг мөргөсөн чамд хамаа байхгүй гээд бид 2 маргаж зодоо хийсэн Тэгсэн М хутга бариад над руу дайрахад хутгыг нь түлхэхэд гар зүсэхээ алдсан гарын алганы орчим бага зэрэг исгэсэн дундуур Цэдэнсамба ах орж салгасан Тэгэхээр нь би Мыг гарт чулуу таарахаар нь толгой орчим нэг удаа цохиж авсан.Тэгсэн Лхагвасүрэн намайг боль гээд шууд салгаж аваад явсан.Нөгөөдөр нь таарсан чинь Цагдаад мэдэгдсэн эмнэлэгт очиж толгойдоо 4 оёо тавиулсан эмчилгээний мөнгө өгөх юм бол би өргөдлөө авна гэсэн. Чи 35000 мянган төгрөг өгчхөөрэй гэсэн боолтын мөнгө гэж байсан. Я.Лхагвасүрэн цохиж аваагүй салгаж байсан.З.М худлаа бичсэн байна . З.М нь чамайг ална, намайг гаргаад авах шүүх, цагдаа байна гээд томроод байсан тэгэхээр нь чулуугаар цохиж авсан. Тийм зүйл болоогүй Лхагвасүрэн нь зөвхөн М бид 2-ыг салгасан. Би архи уусан Гэхдээ өөрийгөө хянах чадвартай байсан Мынд хүн байгаагүй эхнэр хүүхэд нь аймаг явсан байсан Би гарт таарсан жижгэвтэр чулуугаар хөмсөг хавьцаа нь цохиж авсан. Биеийн байдал болон нүүрийг нь эргэж хараагүй шууд харьсан Миний биед зүүн нүд хавдсан уруулын дотор тал язарсан баруун нүд рүү цохиж авсан 3-4 удаа цохиж авсан. Хутга бариад дайрсан хутгыг нь бариад авахад бага зэрэг зүсэгдсэн Надад өөр нэмж ярих зүйл алга З.М бид 2 эвлэрсэн эмчилгээний мөнгө 200,000 төгрөг өгсөн надад гомдолгүй гэсэн. Б. Н нь би хийсэн хэрэгтэй гэмшиж байгаа ахиж гэмт хэрэгт холбогдохгүй өөр нэмж ярих зүйл алга байна гэх мэдүүлэг /хх-ийн 65-67/

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б. Н өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй болно.

 Хохирогч З. Мын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Би 2018 оны 04 дугаар сарын 11 -ны багийн хуралд суучхаад мараад төслийн хашаа руу Амаржаргалыг хүргэж өгөх гээд явсан замдаа Амаржаргал замдаа нэг шил архи авсан гэрт очоод байж байсан Амаржаргал орж цай уу гэсэн тэгсэн архиа задалсан би жолоо барьж байгаа гээд уугаагүй тэгсэн гадаа мотоцикл чагнаалдсан гараад харсан Я.Лхагвасүрэн байсан Лхагвасүрэн буюу Дэнхэр Амараагийнд үлдсэн Тэгээд би гэр лүүгээ явж байхад Лхагвасүрэн далаад байсан тэгээд би зогсоход танайд очъё гэсэн би тэг гээд түрүүлээд очсон тэгэхэд нар шаргаж байсан.Удалгүй Лхагвасүрэн, Ням-Оосор нар ирсэн араас Цамба ирсэн тэгсэн цай хийж өгөөд байж байхад Лхагвасүрэн архи нэхсэн тэгээд би 0,5 г-тай Ерөөл гэх архи гаргаж өгөхөд ийм архи уухгүй баян хүн байж гээд хэл амаар доромжилсон би Лхагвасүрэнтэй барилцаад авсан тэгсэн хамар луу цохиж авахаар нь барилцаад авсан тэгэхээр нь гадаа гарч зодоо гарч зодоо хийе гэрт зодолдоод яах юм гэж би хэлсэн тэгээд гадаа гарсан Араас Н урдаас Я.Лхагвасүрэн бариад авсан тэгсэн Б.Н дух руу чулуугаар цохиж авсан би болъё гээд зугтаасан тэгсэн Цамба , Б.Ныг салгаж аваад явсан миний толгойноос цус тогтохгүй болохоор сумын явсан ирээд 3 оёо тавиулсан. Би архи уугаагүй байсан. Сумын эмч, сувилагч нар мэдэж байгаа. Би гялгар тэжээлийн түмпин л байхаар нь Н луу шидсэн хутга бариагүй ээ худал ярьж байна. Би Нын нүүр рүү мөргөж авсан энэ цусаа долоо гээд би нэг удаа мөргөсөн маргалдсан асуудал байгаа. Миний нүд л хавдсан хөмсөг хагарсан хамар халцарсан өөр гэмтэл байхгүй. Я.Лхагвасүрэн намайг зодоогүй ээ. Надад нэхэмжлэх зүйл гэвэл эмчилгээний мөнгө явсан зардал бензин зэргийг нэхэмжилж байна. гэх мэдүүлэг /хх-ийн 08-10/

 Гэрч Я. Лхагвасүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 ... Баян-Овоо сумын 2-р багийн нутаг “Доод хөх анаг” гэх газар 2018 оны 04 сарын 10-ны өдөр 14 цагийн орчим Б.Нын хамт О.Цамба гэх хүний гэрийг барьж өгсөн тэгсэн О.Цамба надад 20,000 төгрөг өгөөд сум ороод архи аваад ир гэсэн тэгээд би 15 цагийн үед сум орсон О.Цамба хүүхдийг сундалж сумын төв орж ирсэн архи авах гээд сум дээр багийн хурал болоод тарлаа гээд З.М нь сумын захиргааны үүдэнд таарсан тэгээд би танайхаар айл гэсэн шүү гэж хэлэхэд тэгээ гэж хэлсэн явсан би 0.75 граммын Ерөөл гэх архи аваад 16 цагийн үед буцаад явсан. Очоод 3-лаа хувааж уусан тэгээд би Б.Нын хамт З.Мынд очих гээд гарахад О.Цамба хамт явна гээд хамт явсан би Цамбын хүүхдийг сундалсан байсан тэгээд “Голын хөх хад” гэх газар урьд дэнж дээр гарахад З.М ирээгүй байсан тэгээд бид 4 сум явсан. Цамба , Н нар нь сумын нуурын хажууд үйлдсэн тэгээд Цамбын хүүхэд бид сум руу орсон тэгээд сумын арын төслийн хашаанд Амаржаргал гэх айлд очиход З.М сууж байсан. Амаржаргал тэр нэг шил 0.5 граммын Ерөөл гэх архи дундаа тавиад сууж дундаа сууж байсан.Тэгээд 3. М Амаржаргал тэр архи сууж дуусаад .З.М нь манайх руу явъя гээд дагуулаад гарсан гарсан.З.М машинаа унаад би мотоциклоор дагаад явсан замаараа Цамба Ням- Осор 2-ийг дагуулаад З.Мынд очсон тэгсэн З.М нэг шил 00.5ийн хэмжээтэй Ерөөл гэх архи гаргаж өгсөн тэгээд ууж бараг дуусахын алдалд Н ,З.М 2-нь маргасан юунаас болж маргасан талаар мэдэхгүй байна гадаа гараад тэр 2- барилцаж авсан Цамба бид 2-р салгасан нэг нэгнээ цохиж авсан байсан гэрээс гарахад тэгээд Ныг салгаж аваад бид 2 шууд явсан Цамба хоцорсон. Би тэгээгүй харин Н, З.М хоёрыг салгасан, би архи уухаараа хүнтэй маргаж үзээгүй. Н, З.М хоёр гэрээс маргалдаад гарсан араас нь гарахад нэг нэгнээ цохисон байдалтай байсан. Тэгээд Цамба бид 2 салгасан. З.М,Н 2-нь барилцаж авсан байдалтай байсан тэгээд ахиж зодоо хийх гээд байсан хэрэлдээд тэгэхэд нь би З.Мыг араас татаж чангааж хойш нь салгасан Цамба , Ныг салгаж авсан З.Мын нүүр лүү нь юугаар цохиж авсныг би хараагүй тэгээд Ныг шууд салгаж аваад гэр гэртэй явсан. Нэг хүүхэдтэйгээ байсан эхнэр нь аймаг явсан гэж байсан.З.М нь нэлээн архи уусан байсан. Бид нар иргэж ороогүй толгой хагарсан барьсан талаар хараагүй.шууд Ням- Осорыг салгаж аваад явсан нөгөөдөр нь толгой хагарсан байна гэж ярьж байсан. Өөр нэмж ярих зүйл алга байна...гэх мэдүүлэг /хх-ийн 14-16/

... Би сайн хараагүй ээ. Харанхуй байсан Н надад хэлэхдээ хутга бариад над руу дайрсан болохоор би чулуугаар толгой руу нь цохиж авсан гэж ярьсан миний нарыг зүссэн гэж ярьж байсан. М нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан өөрийгөө хянах чадвар муутай байсан. М , Н 2 нь бие бие лүүгээ дайраад байсан.тэгээд би салгаж аваад явсан М нь эмнэлэг рүү явсан байх. надад нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг/хх-ийн 35-36/

 Гэрч О. Цэдэнсамбын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...2018 оны 04 сарын 11-ны өдөр манайд гэр барих гээд Н , Лхагвасүрэн нар ирсэн. тэгээд гэрээ барьж байхад Лхагвасүрэн танд архи байхгүй юм уу гээд байсан би надад байхгүй гээд тэгсэн танд мөнгө байхгүй юм уу гэхэд би 20,000 мянган төгрөг өгсөн тэгээд Лхагвасүрэн сум орж нэг шил архи аваад ирсэн тэрийг бид хэд хувааж ууж дуусаад Мых руу явсан тэгээд очиход М нэг Ерөөл 0,5 граммтай архи гаргаж өгсөн тэрийг бүгд нэг нэг татсан тэгсэн М ,Ням- Осор хоёр маргалдаад аймгийн сайн малчин хулгайч байж ийм архи өгдөг юм уу гээд маргалдаад зуухны хажууд зодолдоод барилцаж аваад гадаа гарсан тэгсэн 2- лаа хувцсаа тайлаад алалцана гээд барилцаж авсан дундуур нь Лхагвасүрэн орж салгасан тэгээд Мыг гэрийн цаагуур Лхагвасүрэн аваад орсон Би Ныг татаж байхад Н дээлээ тайлаад гэрийн араар орсон М, Лхагвасүрэн рүү гүйгээд явсан би гэр лүү нь орчоод гараад ирсэн чинь М нь миний нүд сохолчихлоо гээд байсан нүүрний өрөөсөн тал нь цус болсон байсан тэгээд би Ныг загнасан ямар учраас хүнийг чулуугаар цохидог юм гэж загнасан.Би Лхагвасүрэнг салгаж байж цохиулчихлаа гэж загнасан. Хутга барьж Нын гарыг зүсэж байгааг хараагүй ээ. Би хүргэж өгөөгүй ээ Лхагвасүрэн нь Нтой сундлаад явсан Би Мын цусыг тогтоож байсан. Мыг хутга барьж байхыг хараагүй. Нэг удаа татсан намайг харахад эрүүл юм байсан. Лхагвасүрэн нь салгаж байсан гарын барьж байгаад чулуугаар цохиулж байгааг хараагүй ээ.Салгаад л яваад байх шиг байсан. Надад нэмж ярих зүйл байхгүй.гэх мэдүүлэг /хх-ийн 32-34/

 Гэрч С. Отгонжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Би гэртээ амарч байсан тэгсэн сувилагч хүнд зодуулсан гээд З. М гэх хүн ирлээ гээд шөнө 01 цагийн үед очиж З. М гэх хүний хөмсөгний дээд талд 3- оёдол тавьж өгсөн. Би анзаараагүй ээ архи уугаагүй байсан байх согтуу хүн илт байдаг З. М нь зодуулаад 3-н цаг гаран болж байгаа гэж байсан. Архи үнэртэхгүй байсан. Надад нэмж ярих өөр зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 41-42/

 Гэрч Д. Амаржаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 2018 оны 04 дүгээр сарын 11-нд байх сумын төвд Мэргэн 4 дүгээр багийн хурал болсон юм. 17-н цагийн хурал тарсан. Тэгээд З. М ахтай дэлгүүрийн үүдэнд таарч би дэлгүүр орж 0.5 грамм Ерөөл гэх архи авч гэртээ хүргүүлсэн тэгээд М ахыг орж цай уу гэж хэлсэн. М ах орж ирж цай уучхаад би авчирсан нэг жижиг аягаар нэг хийж өгсөн тэрийг татчихаад ах нь болсон гээд уугаагүй ээ. Тэгсэн гаднаас Дэнхэр буюу Лхагвасүрэн ороод ирсэн. Тэгээд тэр хоёр хамт гараад явсан. М ах надад архиа тавьж байгаад ганцаараа уучих гээд тал хэртэй архи үлдээгээд гарсан.Жижиг аягаар нэг татсан 50-100 гр орчим хэмжээтэй татсан байх өөрийгөө хянах чадвартай байсан. Эрүүл юм шиг байсан. Би 2 багийн хурал тараад шууд таарсан эрүүл байсан тэгж яриагүй ээ. Надад нэмж ярих өөр зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 43-45/

Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 269 дугаартай шинжээчийн:

1. З.Мын биед тархи доргилт, духанд шарх, дух, хамар, хацар, чээжинд зулгаралт, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2.         Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй гэх дүгнэлт / хх-ийн 55-56 /,

Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 273 дугаартай шинжээчийн:

1. Б.Нын биед зүүн нүдний зовхи болон алимын салстын цус хуралт, баруун гарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

2. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх-ийн 49-50 / болон хавтаст хэргийн 75 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч Б. Нын нь урьд ял шийтгэгдэж байгаагүй тухай болон хувийн байдлыг тогтоосон тодорхойлолт, хавтаст хэргийн 09 дугаар хуудсанд авагдсан хохирогч нь шүүгдэгч Б. Нт гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн эвлэрлийн гэрээ, хавтаст хэргийн 12-16 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч Б. Нын эзэмшлийн “Самсунг” маркийн гар утас битүүмжилсэн тэмдэглэлүүд зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч Б. Ныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 2-д заасан “ учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч З.М нь шүүгдэгч Б.Ноос эмчилгээний зардал хоёр зуун мянган төгрөг авсан цаашид нэхэмжлэх зүйлгүйгээ бичгээр илэрхийлсэн байх тул шүүгдэгч Б.Ныг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Б. Нт холбогдох хэргийн үйлчлэл зөв, шүүгдэгч Б.Н нь Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 2 дугаар багийн нутагт 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр иргэн З.Мыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэг үйлдсэн нь хохирогч З. М, гэрч Б. Н, Я. Лхагвасүрэн, О. Цэдэнсамба, Б. Туул, С. Отгонжаргал, Д. Амаржаргал нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны 269 дугаар дүгнэлт зэрэг нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн тул шүүхээс “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд зааснаар ял оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгч Б. Нт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан ял шийтгэлийг оногдуулав.

Шүүгдэгч Б. Н нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхээ эдэлж, шүүх хуралдаанд оролцсон бөгөөд шүүх хуралдаанд “улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцэх зүйлгүй, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэж илэрхийлснийг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б. Нын эзэмшлийн “Самсунг” маркийн гар утас битүүмжилсэн 2018 оны 05 дугаар сарын 07 -ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх “Самсунг” маркийн гар утас эзэмшигч Б. Нт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч Б. Нт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан чулууг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгаж шийдвэрлэв.

 Шүүгдэгч Б. Нт нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 17.5 дугаар зүйлийн 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Арзгай овогт Б.Ныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Арзгай овогт Б.Ныг хоёр зуун дөчин / 240 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.1, 164 дугаар зүйлийн 164.1, 164 дүгээр зүйлийн 164.2-д зааснаар шүүгдэгч Б. Нт хоёр зуун дөчин / 240 / цагийн хугацаагаар оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар ажил хийлгэж байхаар тогтоож, уг ялыг эдлүүлж, хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.1, 165 дугаар зүйлийн 165.2-д зааснаар ялтан Б. Н нь хоёр зуун дөчин / 240 / цагийн хугацаагаар оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, хяналт тавьж хэрэгжүүлж ажиллахыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.                                          

5. Шүүгдэгч Б. Н нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.        

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар уг хэрэгт чулууг эд мөрийн баримтаар хураасан Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 05 дугаар сарын 07-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож, уг чулууг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч Б. Нын эзэмшлийн “Самсунг” маркийн гар утсыг битүүмжилсэн 2018 оны 05 дугаар сарын 07-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх “Самсунг” маркийн гар утсыг эзэмшигч Б. Нт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Б. Нт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.                                       

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б. Нт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ