Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 2018/ШЦТ/123

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Нарийн бичгийн дарга:Б.Соёлмаа,

Улсын яллагч: Э.Гантулга,

Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч Г.Дуламсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн 1714001090069 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.     

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, эрэгтэй,******* овогт *******.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2017 оны 08 дугаар сарын 18-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7.16.12 тоотод иргэн *******г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, мөн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Баянхонгор сумын 7.16.12 тоотод хамтран амьдрагч *******ыг байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 ТОДОРХОЙЛОХ нь:

Талууд хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч *******н мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 2017 оны 10 дугаар сарын 04 ний өдөр өглөө манай төрсөн ах ******* ганц банди ******* нь авгай аваад бид найрт очоод үйлчилгээний ажилд хуваарилагдаад тэднийд очоод 11 цагийн үед тэднийх авгайгаа оруулж ирээд 11 цаг 40 минутад найр эхэлсэн. Тэгээд хадам талын хүүхэн хүргэж ирсэн хүмүүс нь явах болоод бид гаргаж өгөөд наад эрэгтэй талынх нь ах дүүс эргэж найрлаад бид ууцгаасан. Тэгээд цааш юу болсноо мэдэхгүй байна.сүүлд сонсох нээ авгайгаа найран дээр зодсон гэсэн. Тэгээд хадам ээж дуудлага өгсөн байх. Би архи уусан тасарсан байдалтай байсан болохоор сайн мэдэхгүй байна. Сүүлд сонсоход авгайгаа найран дээр зодсон гэсэн. Тэгээд хадам ээж дуудлага өгсөн байх. Би архи уусан тасарсан байдалтай байсан болохоор сайн мэдэхгүй байна.Би энэ хүнтэй хамтран амьдрагч, албан ёсны гэр бүл биш. Хамтран амьдраад 11 жил болж байна. Миний өөрийн 2 хүүхэд байгаа. Нэг нь энэ жил 2 дугаар анги, нэг нь 3 настай цэцэрлэгт явдаг. Миний 2 хүүхэдтэй нийлээд би 4 хүүхэдтэй. Зодсон л гээд байгаа, би зодсон юм байлгүй дээ. Их согтсон байна лээ. Зүүн шанаа нь хавдаад, хөхөрчихсөн байна лээ. Намайг өшиглөсөн гээд байгаа, би санахгүй байна. Бид найрт хамт уугаад, бид 2 хоёулаа адилхан л согтсон. Ба бас өөрөө нэлээн согтсон байсан ш дээ. Хувиараа хөдөлмөр эрхэлдэг. Цагаан цахирын уурхайд ажилладаг. Арай гайгүй цалин хөлс өгөх хэн байна, тэр хүний багт орж ажилладаг.Ажиллах уу гэсэн хүн байвал ажилладаг. Өдөрт 20,000 төгрөгийн ажил хийгээд 14 хоног ажиллаад 7 хоног амраад явдаг. Одоогоор ажил хийгээгүй амралтынхаа үед л ийм зүйл болчихлоо.гэх мэдүүлэг / хх-ийн 24-25/,

...Миний бие тогтоолтой танилцлаа. Надад сонсгосон Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг хүлээн зөвшөөрч байна. *******гийн ээж болох ******* нь манай төрсөн ээж болох ******* нар нь төрсөн эгч дүүс юм. Би өмнө өгсөн мэдүүлэг дээрээ бүгдийг нь үнэн зөвөөр мэдүүлсэн байх тул одоо надад нэмж хэлэх зүйл байхгүй. Би *******г гараараа цохисноо хүлээн зөвшөөрч байна. Одоо тухайн үеийг сайн санахгүй байна. Тухайн үед согтуу байсан болохоор би өөрийнхөө буруу үйлдлээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна. Хөнгөн төрлийн ял оноож өгнө үү. Хохирлыг нь барагдуулах болно.гэх мэдүүлэг / хх-ийн 82-83/,

....Миний хувьд эхнэр *******аагийн биед хөнгөн гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Миний хувьд энэ талаар өмнө нь мэдүүлэг өгсөн. Уг мэдүүлэгт бүгдийг үнэн зөвөөр ярьсан байгаа. Миний бие эхнэр *******аатай 2006 онд танилцаж хамтран амьдрах болсон. Бид 2-н дундаас 2 хүүхэд гарсан. Том хүү нь 7 настай бага хүү 3 настай. Эхнэр *******аа бид 2-н хувьд албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй боловч хамтран амьдраад 11 жил болж байна. Миний бие 2017 оны 10 дугаар сарын 4-ны өдөр төрсөн анхныхаа хүүхэд болох *******ын хурим дээр очиж архи уусан тэгээд согтуу байхдаа хүмүүсийн хажууд эхнэр *******аатай маргалдаж цохиж авсан байсан. Манай эхнэр надаас түрүүлж гэр лүүгээ яваад би орой нь согтуу гэртээ ирсэн чинь манай хадам ээж цагдаад дуудлага өгөөд би саатуулах байранд ирж хоносон. Миний хувьд яагаад эхнэрээ зодсон талаар мэдэхгүй байна гэх мэдүүлэг / хх-ийн 84-85/,

...Миний хувьд тогтоолтой танилцсан Миний хувьд эхнэр *******аагийн биед хөнгөн гэмтэл, эгч дүүсийн хүүхэд болох *******гийн биед хөнгөн гэмтэл тус учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа. гэх мэдүүлэг / хх-ийн 86-87/

...Миний хувьд тогтоолтой танилцсан Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр эрүүгийн үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолыг өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар яллагдагчаар татсаныг ойлгож мэдлээ. Миний хувьд эхнэр *******ааг зодож биед хөнгөн гэмтэл учруулсан, мөн эгч дүүсийн хүүхдүүд болох *******г зодож биед хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байгаа. Дүү ******* нь надаас шүд хийлгэсэн 136,000 төгрөг нэхэмжилж байгаа гэсэн би тэрийг нь төлж барагдуулна. Миний хувьд 2017 оны 01 дүгээр сарын 09-ны өдөр саатуулагдсан ингэхэд гэртээ согтуу очиж манай эхнэр дуудлага өгсөн нь үнэн дараа нь бас 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр бас эхнэр цагдаад дуудлага өгч эрүүлжүүлэгдэж байсан. Энэ болгонд торгуулийн арга хэмжээ авагдсан. Миний хувьд нэг их агсан согтуу тавиад байдаггүй намайг жаахан архи уугаад ирэхээр манай эхнэр цагдаа дуудаад өгчихдөг юм. гэх мэдүүлэг. /хх-ийн 91-92/,

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* Өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй болно.

3.  Хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 ... Би Бтай 2006 оноос хойш хамтран амьдарч байгаа, албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй, бид хамтран амьдаад 2 хүүхдийн эцэг эх болсон. Б нь надтай хамтран амьдарсан хугацаанаасаа хойш байнга агсам согтуу тавьж айдас түгшүүрт байлгадаг, түүний хүүхдүүд нь 3, 7 настай хүүхэд гаргаж өгөөгүй байхад их зоддог байсан. Харин хүүхдээ гарснаас хойш зодох нь багассан, гэхдээ л гар хүрэх бол энүүхэнд шүү. Б нь 2017 он гарсаар хэд хэдэн удаа агсан тавьсан хамгийн сүүлд 2017 оны 09 дүгээр сарын 18 ний өдөр архи ууж ирчхээд агсан тавьсан, тэр үед нь би цагдаагийн газарт дуудлага өгч саатуулсан, бидний эрх чөлөөнд халдаагүй гэдэг үндэслэлээр зөрчлийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн байсан. Ер нь удаа дараа агсан тавьж амгалан тайван байдал алдагдуулдаг. 2017 оны 10 дугаар сарын 04 ний өдөр Бн төрсөн ах ******* хүү эхнэр авч хурим хийсэн, хуримд Б бид 2 үйлчилсэн бөгөөд үдээс хойш 14 цаг өнгөрч байхад үйлчилгээнийхээ хүмүүсийг цай уулгасан. Тэгэхэд надад айраг архи монгол архи шахаж уулгасан, би нэлээн согтсон байсан. Харин Б намайг архи уулаа гэж уурлаад хурим хийж байгаа айлын гадаа чирч гаргаад миний нуруу, толгой, шанаа хэсэгт өшиглөсөн. Мөн чирч гулдарч байгаад цамц урсан. Би хашаанаас нь зугтааж гэртээ харьсан. Би цагдаад дуудлага өгөх гэхэд тэр миний гар утсыг авчхаад өгөхгүй байсан учраас цагдаад дуудлага өгч чадаагүй юм. Намайг гэрт очиход 20 цаг өнгөрч байсан бөгөөд 22 цаг өнгөрч байхад Б гэрт ирсэн. Тэр нэлээн халамцуу байдалтай байсан бөгөөд гутлынх нь ул салсан байхаар нь би “ гутлаа яасан юм бэ “ гэхэд “ пизда минь чамайг өшиглөөд задалчихсан чи оё “ гээд загнаад байсан. Би гутлыг нь оёж өгсөн чинь тэр голоод “ чи ингэж оёдог юм уу умайлгаад оёчихсон байна дахиж оё” гээд над руу гутлаа шидсэн. Би дахин гутлыг задалж байгаад оёсон. Дараа нь тэр дахин надад агсарч зуух тойруулаад зодох гээд хөөсөн, манай хүүхдүүд уйлаад орилж хашхирсан байсан, намайг “орондоо ор пизда минь” гээд байхаар нь би гэрлээ унтраагаад орондоо орчхоод байж байтал цагдаа нар ирсэн. Манай ээж Адьяадулам цагдаад дуудлага өгсөн байсан. Бд зодуулаад миний зүүн талын шанаа хавдсан, мөн дээшээ харж хэвтэхээр баруун талын хавирга орчим хөндүүрлээд байна. Шүүх эмнэлгийн шинжээч томилуулан дүгнэлт гаргуулахгүй, учир нь надад шинжилгээний төлбөр болох 8000 төгрөг байхгүй. Намайг Б зодож байхад яг дэргэд хүн байгаагүй, харин найр наадам болж байгаа гэрт хүмүүс байсан л байх. Миний зүгээс Бд зодуулах ямар нэгэн үйлдэл хийгээгүй л юм даа. Намайг архи уулаа л гэж уурласан юм шиг байна лээ. Ер нь дандаа ганцаараа байх үед зодож цохидог, энэ болгоныг нь би тэвчээд л өнгөрөөдөг, хүнд барагтайд хэлдэггүй, Бгаас айгаад байдаг юм. Намайг байнга дарамталдаг, зоддог гэдгийн Бн ах дүү нар мэддэг, би тэдэнд нь хэлдэг боловч ах дүү нар нь тоодоггүй юм билээ. Хэлэхээсээ хэлэхгүй нь дээр байдаг юм, ах дүү нарт хэллээ гээд Б уурлаад архи уухаараа агсан тавьдаг. Чи цагдаад өглөө гээд улам өширхөөд байдаг. Миний хувьд Бд гомдолтой, хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж өгнө үү гэж хүсэх байна.гэх мэдүүлэг / хх-ийн 19-21/,

 ...Миний хувьд *******тай 2006 онд танилцаж хамтран амьдрах болсон. Бид 2-н дундаас 2 хүүхэд гарсан том нь настай. Албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй боловч хамт 10 гаран жил болж байна. Ингээд 2017оны 10 дугаар *******н ахын хүүхдийн хурим болсон. Ингээд миний хувьд 14 цаг хүртэл гал тогоонд ажиллаж байгаад ажилласан хүмүүс хуримд ор гээд ороход архи ихээр өгсөн. Миний хувьд өгсөн архийг нь уугаад байсан. Ингээд бэр хүргэж ирж уг, хүмүүсийг явуулаад гадаа гарсан тэгэхэд би архи уусан болоод салхинд гараад согтчихсон байсан. Тэгээд юунаас болсныг мэдэхгүй манай нөхөр Б зодоод байсныг санаад байдаг юм. Хувцсыг урсан байсан. Тэгээд би гэртээ ирээд амраад байж байтал араас ******* нь гэртээ ирээд надтай маргалдаад бид 2 жаахан хэрэлдсэн чинь ээж цагдаа дуудсан юм шиг байсан. Цагдаа ирээд явсан. Б нь миний хацар луу өшиглөөд миний бас тархи доргисон байсан. ******* нь надаас уучлалт гуйж дахиж зодохгүй гэж ам тангараг өгсөн. Миний хувьд одоо гомдол санал байхгүй гэх мэдүүлэг / хх-ийн 42-44/,

...Ер нь бол надтай суусан цагаасаа эхлээд архи уугаад, гэрт агсан согтуу тавьж амгалан тайван байлгадаггүй хүн байгаа юм. Энэ талаар цагдаагийн байгууллагад дуудлага тухай бүрд нь өгч эрүүлжүүлэхэд өгч байсан. Энэ оны хувьд 2017 оны 1 дүгээр сарын 8,9-ны үед гэртээ согтуу ирээд агсан согтуу тавиад эрүүлжүүлэгдэж захиргааны арга хэмжээ авагдсан. Дараа нь 2017 оны 9 дүгээр сарын 17,18-ны үед бас согтуу ирээд агсан тавиад байхаар нь цагдаад дуудлага өгч эрүүлжүүлэхэд хоноод гарч ирсэн. Ер нь бол гэртээ 2-аа байхад агсан согтуу тавьж зоддог. Би хамгийн сүүлд зодуулахдаа эмнэлэгт үзүүлсэн, өмнөх асуудлыг нь эмнэлэгт үзүүлж байгаагүй. Энэ талаар гэрчлээд байх хүн байхгүй. Миний хувьд тухай бүрд нь цагдаад дуудлага өгч эрүүлжүүлэгдэж байсан нь нотлох баримт болох байх. Бг гэртээ согтуу ирэхэд нь битгий архи уу одоо унтаж амар гэхлээр унтахгүй надтай хэрүүл маргаан хийдэг. Миний хувьд согтуу болохоор нь айгаад янз бүрийн зүйл хэлж чаддаггүй юм. ******* нь надаас уучлалт гуйж дахин зодохгүй гэж ам тангараг өгсөн учир одоо гомдол санал байхгүй гэх мэдүүлэг / хх-ийн 46-48/,

4. Хохирогч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 10 цаг өнгөрч байхад эгч дүүсийн хүүхэд болох Бн гэрт нь яваад очсон юм. Тэгсэн чинь тэдний гэрт хүүхдийн даахь болох бэлтгэл хийсэн байдалтай түүний эхнэр, хадам ээж нь хажуу айлын Туяа гэх хүүхэн тэнд байж байсан юм. Тэгээд би Бд эвдсэн машиныг янзалж өг гэхэд хүүхдийн даахины дараагаар болъё гэж хэлсэн юм. Би хоосон очсон байсан юм. Тэгээд би тэдний гэрээс гараад хүүхдийн тоглоомын машин печень зэргийг аваад эргэж орсон юм. Тэгээд тэдний эхнэр хоол хийгээд би идээгүй юм. Надад монгол архи, цагаан архи хийж өгөхөөр нь уугаагүй юм. Тэгээд би “ажилтай байна явлаа” гэхэд тэдний хадам ээж “наад цэнхэр цамцтай хүүхэн эзнийг нь голоод байна уу эсхүл идээг нь голоод байна уу” гэж хэлээд намайг буцаагаад суулгаад архи хийж өгөхөөр нь уусан юм. Ингээд сууж байгаад 17 цаг болсон байх гаднаас ах дүү, найз нөхрүүд нь орж ирсэн юм. Тэдний хүргэн нь гэх ******* гэх залуу утсаа өгч бай гэхээр нь утсаа өгсөн юм. Тэгээд буцаагаад би өөрөө утсаа аваад хармаалсан байсан юм. Тэгээд байж байгаад би утсаар хүүхдэдээ ярих гээд хайж үзэхэд байхгүй байсан. Тэгэхээр нь “утас олж өг та нар авсан эсхүл танайд байсан хүмүүс авсан” гэхэд тэдний авгай надад “бид нар чиний утсыг аваагүй” гээд дайраад байсан юм. Би тэдний авгайд “утсаа өгч бай” гэхэд тэр өгөхгүй байхаар нь би түүний оймсны завсарт хийсэн байсан утсыг булаагаад аваад мөн орон дээр хэвтэж байсан утсыг нь аваад тэдний гэрээс гараад найз хүүхэн болох гэрт алхаад очиход тэр байхгүй байсан.Намайг гэрээс гарч ирж байхад эхнэр нь болох Баа ганцаараа намайг хүлээгээд хашааны үүдэнд зогсож байснаа шууд заамдаж авахад нь би яаж байна гэж хэлээд түүнийг түлхэж салгаад тэдний гэрт нь очоод “за адилхан уусан хүмүүс байна миний утсыг та нар маргаашаас гаргаад өгөө би та хоёрын утсыг чинь өгье” гэж хэлээд Бд утсыг нь өгсөн юм. Тэгсэн тэнд байсан Б миний нүүр лүү өшиглөхөд би нүүрээ дараад газарт хэвтээд байж байхад тэр миний толгой руу бас өшиглөж байсан юм. Тэгээд би өндийхөд миний амнаас цус гарсан байсан цустай цуг миний хиймэл шууд цуг унасан байсан юм. Миний утас одоо хүртэл олдоогүй. Тэгээд гэр лүүгээ яваад өгсөн юм.“Нокиа" маркийн гар утас байсан юм. Тус өдрийн өмнөх өдөр нь 45.000 төгрөгөөр худалдан авсан юм. Би 45.000 төгрөгөөр үнэлэх болно.гэх мэдүүлэг / хх-ийн 28-32/,

...Миний хувьд хиймэл шүдээ хийлгэхэд 136,000 төгрөг болсон энэ мөнгийг ******* нь төлчих юм бол надад гомдол санал гэх зүйл байхгүй. Надад одоогоор хиймэл шүд хийлгэсэн баримт байхгүй би шүүхэд өөрөө гаргаж өгнө. Өөр надад нэмж хэлэх зүйл алга. Миний хувьд гар утас алга болчихлоо гэснээс болж ******* нь намайг зодсон. ******* нь гар утсыг хулгайлаагүй би гар утасны үнийг *******гаас нэхэмжлэхгүй зөвхөн хиймэл шүд хийлгэсэн 136,000 төгрөгийг нэхэмжилж авна гэх мэдүүлэг. /хх-ийн 36-38/,

5. Гэрч *******дьяадуламын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2017 оны 10 дугаар сарын 04 н өдөр харанхуй бүрэнхий болсон хойно манай охин Ба нь хувцас нь урагдаад 2 мээм нь гарчихсан зодуулсан байдалтай ирсэн. Тэгэхээр нь би “Хүүе чи чинь яачихаа вэ, Согтуу байгаа юм уу даа” гэхэд “Б намайг найран дээр зодоод хамаг хувцас ураад хаячихлаа” гээд хэлсэн. Тэгээд хэлэхээр нь “цаад чинь, тэгээд хаана байгаа юм” гэхэд, “мэдэхгүй одоо хойноос ирнэ биз" гээд Ба гэр лүүгээ ороод явсан. Би одоо шөнө ирээд бөөн хэрүүл зодоон нүдээн болох юм байна даа гэж бодоод хэвтэж байтал манай охин Бын дуу гараад “Чи цаад ах дүү нар луугаа зайл” гээд орилж байгаа сонсогдсон. Манайх тэднийхтэй нэг хашаанд байдаг болохоор сайн сонсогдож байсан. Би за тэр нөхөр шүү юм нь ирж дээ, гэж бодоод хэвтэж байсан чинь 2 хүүхдүүд нь орилолдоод, уйлалдаад, байхаар нь би гэртээ байж байгаад цагдаа руу залгаад дуудлага өгсөн. Удаа ч үгүй цагдаа ирэхээр нь би охиныхоо хувцсыг үзүүлээд наад “Бгаа аваад яв , өнөөдөр найрт орно, гээд энэ 2 өглөө явсан юм .Тэгсэн Б нь согтчихоод манай охиныг зодсон байна. Наад хүүхэн чинь, миний охин Бн авгай байгаа юм.Та нар наад хүнээ аваад яваа, одоо хүүхдүүдээ уйлуулаад амруулахгүй байна” гээд хэлсэн. Тэгээд цагдаа нар Бг аваад явсан. Би өөрөө хөл муутай хүн болохоор тэр болгон тэднийхээр ороод байдаггүй. Гэрт нь юу болсныг би мэдэхгүй. Ямар ч байсан хүүхдүүд нь орилолдоод уйлалдаад байсан болохоор бас л авгайгаа зодож байгаа юм байх гэж бодоод дуудлага өгсөн. Ба өөрөө 2 хүүхэдтэй. Бгаас 2 хүүхэдтэй. Энэ 2 их удаж байна. Хамт амьдраад би хөл гайгүй орж гардаг байхад хөөгөөд явуулдаг байсан тэгээд удаа ч үгүй ирээд хэвтчихдэг байсан. Тэгээд надад хөөгдөн туугдан явсаар байгаад 2 хүүхэд нь гарчихлаа. Б нь паспорт ч байдаггүй хаанахын хэн ч юм “чи ер нь тагнуул байхаа чи” гээд загнадаг байсан. Одоо иргэний үнэмлэхээ авсан байна лээ. Энэ 2 албан ёсны гэр бүл бишээ. Манай охиныд ирээд хэвтчихсэн хүн байгаа юм. Чулуунд явдаг ажил хийдэг. Өөрөө хэдэн төгрөг олдог юм бүү мэд архинд өгөөд дуусчихдаг юм. манай охин бас ажилгүй. Халамжийн хэлтсээс талон өгдөг юм шиг байна лээ. Түүгээрээ хоол хүнс авдаг. Хааяа тийм юм байна уу ийм юм байна уу гээд манайхаар орж ирдэг. Би байвал өгөөд явуулдаг. Байхгүй бол загнаад хөөгөөд гаргадаг. Б өөрөө мөнгө олчхоод манай охинд битгий хэл хүүхдүүддээ юм авч өгнө гэж байхгүй. Хувцас хунар ч авч өгдөггүй юм. амьтан хүн л хүүхдүүдийнхээ багадан хувцас хунарыг хүүхдүүд нь өгдөг бололтой. Хоорондоо хэрэлдээд маргалдаад байдаг. Тэр болгон гэрт нь орж байгаагүй, 2 муу хүүхдүүд нь орилолдоод, уйлалдаад байдаг бодвол зодоон хийдэг биз. Б нь архи уучихаараа л их муухай авиртай, агсам тавьж амруулахгүй. Надад бол тийм зан гаргаж үзээгүй. Гэрт нь орохоор Баа уйлчихсан сууж байдаг. Тэр болгон надад үнэнээ хэлдэггүй.Бг архи уучихаар манайд ороод ирэх вий дээ. Наашаа битгий ороод ирээсэй гэж бодож суух юм даа. Манай гэрийн эд зүйлийг зардаггүй. Манайхаас юм авдаггүй. Хаанаас мөнгө олдог болохыг би мэдэхгүй, архичидтай нийлдэг байхаа. Өөрөө чулуу шороогоор яваад байдаг болохоор мөнгөтэй байдаг юм байгаа биз гэх мэдүүлэг / хх-ийн 49-51/,

6. Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр манай хүүхдийн үсийг авах даахь болох гэж байсан юм. Тус өдрийн 09 цаг өнгөрч байхад манай гэрт А ганцаараа орж ирсэн юм. Манайх түүнийг урьж дуудаагүй байсан юм түүнийг манай гэрт ямар учраас ирсэн эсэхийн би мэдэхгүй. Тухайн үед манай хүүхдийн даахь болох гэж байсан учир түүнийг байж бай гээд гэртээ байлгаж байсан юм Манай гэрт тухайн үед хүргэн болон Туяа нар орж ирсэн байсан юм. Тус бүртээ 10, 10 литрийн Монгол болон айраг байсан мөн 7 шил архи байсан юм. Тэдгээрийг тэнд байсан хүмүүс бүгд уусан. Улсууд яваад дууссаны дараагаар манай саад талын айлын Туяа тэгээд А бид хэд хувааж уусан юм Тэгээд манай 2 хүүхэд гараад явсан байсан юм. Тэгэхээр нь би 2 хүүхдээ хайгаад гараад яваад хөх толгойгоос дагуулаад ирэхэд А манай гэрт сууж байсан ба А танай нөхөр миний шүдийг цохчихлоо гэж хэлсэн. Тухайн үед би Агийн шүдийг нь хайж үзсэн боловч олдоогүй юм. Намайг очиход Туяа сууж байсан. Манай нөхрийн хувьд хажууд талын орон дээр тасарч хэвтэж байсан. Намайг явахад тэд нар дуулаад хоцорсон юм. Агийн утсыг хэн авсан талаар би үнэндээ мэдэхгүй байна, Манай ээж өөрийнхөө гэрт байсан юм. А анх ирэхэд цэнхэр өнгийн нокиа маркийн утастай байсан. Миний утсыг А булаагаад авсан юм. Тэгээд цагдаа дуудахад тэр зугтаад явсан юм. Сүүлд би утсаа гэрийнхээ гадна талын шорооноос олсон юм.гэх мэдүүлэг / хх-ийн 52-53/,

7. Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Хэдэн сарын хэдний өдөр байсан эсэхийн мэдэхгүй манай доод талын хашааны Бн гэрт хүүхдийн даахь болох гэж байна гэж хэлээд намайг дуудахаар нь би яваад очсон юм. Тэгээд тэдний гэрт өглөө 08 цаг гэж ороод ногоог нь арилгаад хоол ундыг нь бэлдэхэд тусалсан юм.Тэгээд тэднийд бас хүмүүс ирээд хоол унд идэцгээсэн юм. Найрын үеэр 2-3 шил архи ууцгаасан юм. Тус өдөр би жаахан архи балгасан байсан юм. Тэднийд байж байгаад 15-16 цагийн үед толгой эргээд байхаар гэр лүүгээ харьж унтсан юм. Түүнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна. А гараад утсаар яриад явж байсан харагдсан. Би сайн мэдэхгүй байна.гэх мэдүүлэг / хх-ийн 54-55/,

8. Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 08 дугаар сарын 24-ны өдрийн 394 дугаартай шинжээчийн:

“1. *******гийн зүүн дээд 1-р шүдний булгаралт, баруун дээд 3-р шүдний цөгц таллаж хугарсан, баруун бугалгад цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь тухайн учирсан үедээ болон цаашид амь насанд аюулгүй болно.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги 5 хувь нөлөөлнө.

5. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр шинээр үүссэн байх боломжтой байна.

6. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн “хөнгөн” зэрэгт хамаарна. гэх дүгнэлт /хх-ийн 56-61/,

9. Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 10 дугаар сарын 12-ний өдрийн 505 дугаартай шинжээчийн:

1. *******ын биед тархи доргилт, зүүн хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн “хөнгөн” зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэх дүгнэлт / хх-ийн 62-68/,

10. Баянхонгор аймгийн эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын 2017 оны 12 дугаар сарын 12-ний өдрийн шинжээчийн:

1. “Нокиа” маркийн гар утсыг 45000 төгрөгөөр үнэлсэн” гэх дүгнэлт / хх-ийн 69-74 *******н урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас нотлох баримтыг шинжлэн судлав.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч *******г 2018 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Цахир 7 дугаар багийн 16 дугаар гудамжны 12 тоот хашаанд иргэн *******г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт болсон нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч *******гийн мэдүүлэг, гэрч *******а, нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны 394 дугаартай нотлох баримтаар тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж, бүрэлдэхүүнийг хангасан гэж шүүх дүгнэж, шүүгдэгч *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Мөн шүүгдэгч *******г 2018 оны 10 дугаар сарын 04-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Цахир 7 дугаар багийн 16 дугаар гудамжны 12 тоот хашаанд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр *******ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт болсон нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч *******ын мэдүүлэг, гэрч *******дьяадуламын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны 505 дугаартай нотлох баримтаар тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж, бүрэлдэхүүнийг хангасан гэж шүүх дүгнэж, шүүгдэгч *******г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ******* нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүхээс түүнийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн, мөн “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэнд нь хуульд зааснаар тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэж, оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг тогтоох үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Өмнө нь шүүгдэгч ******* нь 2017 оны 12 дугаар сарын 15-ний өдөр Баянхонгор аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 256 дугаартай шийтгэх тогтоолоор 10 сарын хорих ялаар шийтгүүлж, мөн өдрөөс цагдан хоригдсон бөгөөд 2018 оны 02 дугаар сарын 20-ний өдөр Баянхонгор аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хурлаас анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэхээр анхан шатны шүүхэд хэргийг буцаасан байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдөр өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсан байна.

Шүүгдэгч ******* нь 2017 оны 12 дугаар сарын 15-ний өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүртэл нийт нэг зуун дөчин зургаан хоног цагдан хоригдсон бөгөөд уг хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, цагдан хоригдсон нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож эдлэх ялаас хасахаар шүүх шийдвэрлэв.

Шүүгдэгч ******* нь нийт нэг зуун дөчин зургаан / 146 / хоног буюу мянга нэг зуун жаран найман / 1168 / цаг цагдан хоригдсон байх тул түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлэхээс чөлөөлөх нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэв.

Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт “ улсын яллагчийн тавьсан саналтай мэтгэлцэх зүйл байхгүй улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, сонсгосон зүйл ангиудыг хүлээн зөвшөөрч байгааг” илэрхийлсэн зэргийг дурдав.

Шүүгдэгч ******* ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд ял шийтгүүлж байсан талаар бичигдсэн боловч 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж байгаа Эрүүгийн хуульд өмнө нь ял шийтгэгдэж байсныг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцохгүй байхаар заасан тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Шүүгдэгч *******н эзэмшлийн “Сони” маркийн зурагтыг битүүмжилсэн прокурорын 2017 оны 10 дугаар сарын 06-ний өдрийн тогтоолыг хэвээр үлдээж, хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлж, хохирогч *******д хохирлыг төлж барагдуулахаар зарцуулахаар шийдвэрлэв.

Хохирогч ******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчээс эмчилгээний зардалд нэг зуун гучин зургаан мянган /136000 / төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч нь хохирогчид уг зардлыг нөхөн төлөхөө илэрхийлж, хүлээн зөвшөөрч, бичгээр хүсэлт гаргасан байгаа тул хохирогч *******д эмчилгээний зардалд нэг зуун гучин зургаан мянган / 136000 / төгрөгийг шүүгдэгч *******гаар 2018 оны 06 дугаар сарын 20-ний дотор төлүүлэхээр шүүхээс хугацаа тогтоож шийдвэрлэв.

 Шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож шийдвэрлэв.

Шүүгдэгч ******* нь хохирогч *******ад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2,36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч******* овогт *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч******* овогт *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт зааснаар гурван зуун тавин / 350 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар гурван зуун далан / 370 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан гурван зуун тавин / 350 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар оногдуулсан гурван зуун далан / 370 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял дээр нэмж нэгтгэн шүүгдэгч *******н нийт эдлэх ялыг долоон зуун хорин / 720 / цагийн хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******н энэ хэргийн учир цагдан хоригдсон нэг зуун дөчин зургаан / 146 / хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч *******н энэ хэргийн учир цагдан хоригдсон нэг зуун дөчин зургаан / 146 / хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцон эдлэх ялаас хасаж, түүнийг долоон зуун хорин / 720 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас чөлөөлсүгэй.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7-д зааснаар шүүгдэгч *******гаас нэг зуун гучин зургаан мянган / 136000/ төгрөгийг 2018 оны 06 дугаар сарын 20-ний дотор гаргуулж хохирогч *******д олгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч ******* нь хэргийн учир хохирогчид *******ад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.3-д зааснаар шүүгдэгч *******н эзэмшлийн 24 инчийн “Сони” маркийн зурагтыг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2017 оны 10 дугаар сарын 06-ний өдрийн тогтоолыг хэвээр үлдээж хохирлыг нөхөн төлөх зорилгоор зарцуулахыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.                       

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ