Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 2025/ДШМ/54

 

 

 

 

 

 

 

2025             01              07                                          2025/ДШМ/54

 

 

Б.Бт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, шүүгч Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Янжиндулам,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Л.Мягмарсүрэн,

нарийн бичгийн дарга С.Далайцэрэн нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2024/ШЦТ/1009 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Л.Мягмарсүрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Б.Бт холбогдох эрүүгийн 2402005800341 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Ганбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Д овгийн Б-ийн Б, 2003 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Баянхонгор аймагт төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эцэг, эх, эгч, дүү нарын хамт ... тоотод оршин суух бүртгэлтэй, /PД: .../,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 652 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 100 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 340 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн.

Б.Б нь 2024 оны 09 дүгээр сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хит Парк-д өөрийн биедээ гялгар ууттай, 7,1 грамм цэвэр жинтэй “өвс” гэх нэршилтэй НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг дельта-9 тетрагидроканнабинолын  агууламжтай, олсны ургамал бүхий хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Б.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...шүүгдэгч Б.Бийг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бийг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн болон хураан авсан эд хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа, нийт 7 грамм цэвэр жинтэй, хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс хэргийг шүүн хэлэлцэхдээ миний эрх зүйн байдлыг болон хувийн байдлыг минь дордуулсан билээ. Учир нь: 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 652 дугаартай шийтгэх тогтоолоор Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэн харгалзсан. Тус 1 жилийн хугацаанд миний бие гэмт хэрэгт холбогдоогүй тул Баянхонгор аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар тэнсэнтэй байх хугацаа дуусч гарын үсэг зурж тус шүүхийн шийдвэр дуусгавар болсон. Улмаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 2 удаа хорих ялаар шийтгүүлж байсан буюу Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн шийтгэх тогтоолоор хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн хугацаа өнгөрөөгүй байхад дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж буруу дүгнэж миний өмгөөлөгчийн саналыг хүлээн авалгүй хорих ял оногдуулсан. 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 652 дугаар шийтгэх тогтоол нь 2024 оны 05 дугаар сарын 05-ны өдөр дуусгавар болсон. Миний холбогдсон гэмт хэрэг нь 2024 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн үйлдэл тул тэнсэнтэй байх хугацаанд гэмт хэрэг үйлдээгүй тус шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлгүй. Иймд залуу хүн миний ирээдүйг бодолцож, гэм буруугаа үнэн зөвөөр хүлээн зөвшөөрсөн, анх удаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэгт холбогдсон нөхцөл байдлыг харгалзан надад итгэл хүлээлгэж хорихоос өөр төрлийн ял оногдуулж, зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж өгнө үү...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Мягмарсүрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Б.Б нь хэдийгээр гэмт хэрэгт холбогдож байсан ч 2 удаа хорих ялаар шийтгүүлж байгаагүй болно. Харин 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн ба гэмт хэрэг үйлдсэн үйл явдал буюу он, сар, өдөр нь өмнөх шийтгэх тогтоолын гэмт хэргээс өмнө болсон үйл явдал байдаг. Өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхэд эрүүгийн хариуцлагын талаар шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан үзэж зорчих эрх хязгаарлах ял оногдуулж өгөх саналыг гаргасан ба Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1-т Эрүүгийн хариуцлагын зорилго “... гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэдэг ба ял шийтгэл нь заавал нийгмээс салан тусгаарлан ял шийтгэл оногдуулж шүүгдэгчийг залхаан цээрлүүлэх нь учир дутагдалтай билээ. Шүүгдэгч Б.Б нь энэхүү гэмт хэргийг үйлдэхдээ үл таних хүний санал болгосноор санамсаргүйгээр сонирхон авсан байдаг ба гэмт үйлдэлдээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, тухайн үед бусдад гэм хор, хохирол учруулаагүй, тэрээр төрөлхийн баруун чихний сонсголгүй ба эмчийн хяналтад байдаг. Иймд түүнд оногдуулсан хорих ялыг түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, хувийн эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж, зорчих эрх хязгаарлах ялаар сольж өгнө үү... ” гэв.

Прокурор Г.Янжиндулам тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь хор уршиг ихтэй бөгөөд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нь олон нийтийн эрүүл мэнд, нийгэмд хортой учир тухайн төрлийн бодисыг хууль бусаар ашиглаж, хадгалж байгаа үйлдэл нь олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэргийн төрөлд хамаардаг. Түүнчлэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нь хүний эрүүл мэндэд богино хугацаа, өргөн хүрээнд нөлөөлдөг бөгөөд дахин хэрэглэх зуршлыг бий болгодог. Иймд анхан шатны шүүх шүүгдэгчийн хувийн байдал, түүний үйлдсэн гэмт хэргийн шинж чанарыг харгалзан үзэж, түүнд 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх шүүгдэгчид түүний гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байдал, хадгалсан гэх сэтгэцэд нөлөөт бодисын хэмжээ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах хамгийн бага эрүүгийн хариуцлагыг оногдуулсан нь үндэслэлтэй тул шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна. Шүүгдэгч нь 2023, 2024 онуудад хорихоос өөр төрлийн ял эдэлж, хорих ял эдлэлгүй 1 жилийн хугацаагаар тэнсэж байсан. Гэтэл тэрээр 2024 онд санаатай гэмт хэрэг үйлдсэн. Иймээс түүнийг өөрийн өмнөх үйлдэлдээ дүгнэлт хийгээгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан эрүүгийн хариуцлага нь түүний хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинжтэй тохирсон байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж, дараах байдлаар дүгнэлт хийв. Үүнд:      

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 16.2 дугаар зүйл, 32.3 дугаар зүйлд зааснаар тухайн шүүгдэгч Б.Бт холбогдох хэргийн бодит байдлыг тогтоох ажиллагаа болон тус хэрэгт цугларч, бэхжигдсэн нотлох баримтын эх сурвалжууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмыг зөрчсөн эсхүл оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэж үзэх үндэслэл, үйл баримт тогтоогдсонгүй.          

2. Анхан шатны шүүхээс хэргийн бодит байдлыг тогтоож, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг хянан шийдвэрлэхдээ шүүх хуралдааны оролцогч, талуудын эрхийг хангаж, тэдний шинжлэн судалсан нотлох баримт болон санал, дүгнэлтийг харьцуулан шалгаж, үнэлсний үндсэн дээр шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон, хэргийн зүйлчлэлийн талаар хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.   

Тодруулбал, шүүгдэгч Б.Б нь 2024 оны 09 дүгээр сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хит Парк-д өөрийн биедээ гялгар ууттай, 7,1 грамм цэвэр жинтэй “өвс” гэх нэршилтэй НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг дельта-9 тетрагидроканнабинол-н агууламжтай, олсны ургамал бүхий хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан болох нь:     

- гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл : “Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хит парк дээр 2024 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр зохион байгуулагдсан шоу арга хэмжээний үед Б.Б нь биедээ “Өвс” гэх нэртэй сэтгэцэд нөлөөт мансууруулах бодисыг олж авч, хадгалсан гэх мэдээллийг ... хүлээн авсан” /хх 14/,   

- хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 15-21/,

- хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест дахин ашигласан тухай тэмдэглэлд “...4 дүгээр багананд 1 улаан зураас тодорч тухайн бодисыг хэрэглэсэн болохыг тэмдэглэлд тусгаж...” /хх-23, 24-25/,

- 2024 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр “эд мөрийн баримтаар тооцох тухай” мөрдөгчийн тогтоол /хх 29/, 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн “Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэй тооцох тухай” 274 дугаартай прокурорын тогтоол /хх 30-31/, хураан авсан эд зүйлийг мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх 32-35/,

- гэрч Д.Э-ы: “…Би 2024 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Хит парк-д болсон арга хэмжээний үед дэслэгч Б.Баяржавхлангийн хамтаар эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан...өөдөөс 2 танихгүй залуу гүйж ирээд тэнд нэг залуу эвгүй үнэртэй зүйл сороод байна гэхээр нь тухайн залууг шууд саатуулсан. Тухайн залуу саатуулагдаад цуг явж байх үедээ халааснаасаа цагаан гялгар уутыг гаргаж шидсэн, шалгахад дотроо өвс ургамал мэт зүйлтэй байсан...” гэх мэдүүлэг /хх 38-39/,

- шинжээчийн 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн дүгнэлт“…Шинжилгээнд ирүүлсэн “Б.Б 2024.09.08 ...” гэж хаягласан шээсний дээжээс Тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/ илэрсэн ба тус бодис НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтана, гэрэл зургийн үзүүлэлтүүд” /хх 57-59/,  

- шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дүгнэлт“…Шинжилгээнд ирүүлсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлээс Дельта-9 тетрагидроканнабинол илэрсэн. Делта-9-Тетрагидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтана, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 65-67/,

- шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 878 дугаартай дүгнэлт /хх 71-72/,

- шүүгдэгч Б.Бийн “...би тэр өвсийг тухайн үед болсон шоу тоглолт үзэж байхдаа нэг танихгүй хүнээс авч байсан...өөрийн хийсэн буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрч байгаа...сонирхоод хэрэглэж үзсэн тухай...” мэдүүлэг /хх-11, 129-130/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.   

Шүүгдэгч “хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэргийг үйлдсэн болохыг нотолж буй тухайн нотлох баримтын эх сурвалжууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжигдсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан байх бөгөөд эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хангалттай байх шалгуурыг хангасан байх тул тухайн гэмт хэргийн шинж хангагдсан гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч нь тухайн хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглэх сэдэлт, зорилгоор өөрийн эзэмшил, хяналтад байлгаж байсан нь тогтоогдсон байх тул түүнд холбогдох хэргийн зүйлчлэл зөв болжээ.  

Шүүгдэгчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар баталгаажуулсан эрхийг тухай бүр танилцуулж, тайлбарласан байх ба шүүгдэгчээс “тухайн гэмт хэргийг үйлдсэн” гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байх нь тус хэрэгт цугларч, бэхжигдсэн бусад нотлох баримтын эх сурвалжаар нотлогдсон байгааг дурдах нь зүйтэй.    

Харин шүүгдэгчээс тухайн сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар хадгалсан үйлдэл нь хууль бусаар олж авсныг нэгэн зэрэг хангаж буй нотлох баримтын эх сурвалжтай байх боловч тухайн олж авсан үйлдлийг орхигдуулсан нь хэргийн зүйчлэлд нөлөөлөхгүй байдлыг харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэсэн болохыг тэмдэглэж байна.   

3. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын буюу учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг бүх талаас нь харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, шалгууртай байдаг.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзах энэхүү шалгуур, шаардлагыг нотолж буй баримт, талуудын санал, дүгнэлтийг харьцуулан шалгаж, үнэлэх замаар ялын төрөл, хэмжээг хэрхэн оногдуулах нь шүүхэд олгогдсон эрх хэмжээний асуудалд хамаардаг.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахдаа дээр дурдсанаар харгалзвал зохих “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюул, хор уршгийн шинж чанар” зэрэг шалгуур, шаардлагын талаар дүгнэсэн байх тул түүнд оногдуулсан хорих ял, түүний хэмжээ тухайн шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэрэгт тохирсон байна.   

Харин анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Бийн хувийн байдлыг дүгнэхдээ “тэнссэн хугацаа өнгөрөөгүй байхад дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн” гэж алдаатай дүгнэлт хийснийг анхааруулан тэмдэглэж байна. Учир нь, хэрэгт авагдсан баримтууд болох Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 84/, 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 2023/ШЦТ/652 дугаартай Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар /хх 86-93/, 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/100 дугаартай Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар /хх 102-107/ зэргийг шалгахад түүнийг “тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг дахин үйлдсэн” гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.    

Гэвч дээрх алдаатай дүгнэлт нь Б.Бийн үйлдсэн “хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэгт оногдуулсан 1 жил хорих ялын хэмжээг үгүйсгэх, өөрчлөх, бусад төрлийн ялаар солих үндэслэл болохгүй байна.

4. Иймд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан “хорихоос өөр төрлийн ял оногдуулах” агуулга бүхий гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.    

Шүүгдэгч Б.Бийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 55 хоногийг түүний эдлэх хорих ялд оруулан тооцов.

5. Цаашид “сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар хадгалсан үйлдэл” нь хууль бусаар олж авсантай шууд шалтгаант холбоотой байх үндэслэлийг үйл баримтын хүрээнд бүрэн шалгаж, үнэлэн дүгнэх, тухайн төрлийн гэмт хэргийг нууц хэлбэрээр үйлдэж буй болон тус хэрэгт бусдыг татан оролцуулсан байж болох этгээд бүрийг аль болох илрүүлэхэд чиглэсэн цогц ажиллагааг нэг мөр, шуурхай хэрэгжүүлж байхад анхаарвал зохино. 

Тухайлбал, энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэн шалгахдаа сэжиглэгдсэн этгээдийн гар утасны дугаарын орсон, гарсан дуудлага, мэссэж, фэйсбүүк болон бусад цахим хэрэгслээр бусадтай харилцсан мэдээлэл, мөнгөн гүйлгээний баримт зэргийг зохих цаг хугацааг шалгуур болгож, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цаг алдалгүй шалгах, хамаарах бусад ажиллагааг хийх, мөн тухайн төрлийн гэмт хэрэгт хамтран ажиллах боломж нөхцөл, үндэслэлийг шалган тодруулах зэрэг мөрдөн шалгах, хяналтын ажиллагааг цогц байдлаар иж бүрэн явуулж байх нь тухайн төрлийн гэмт хэргийг илрүүлэх, шалгах, хянах ажиллагаанд ач холбогдолтой байж болохыг үгүйсгэхгүй болно.      

Б.Б тухайн бодисыг олж авсан эх сурвалжаа янз бүрээр мэдүүлсэн байх боловч “фэйсбүүкээр өмнө нь танилцсан хүүхдээсээ 50.000 төгрөгөөр худалдаж авсан” гэх /хх-72/ тухайн тохиолдолд “танилцсан гэх хүүхэд хэн болох” хүрээнд нотолбол зохих асуудлыг шалгаагүй орхисон байх тул жич шалгах шаардлагатай болохыг тэмдэглэж байна.          

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь : 

 

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2024/ШЦТ/1009 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч С.Мягмарсүрэн нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.      

2. Шүүгдэгч Б.Бийн цагдан хоригдсон 55 хоногийг түүний эдлэх хорих ялд оруулан тооцсугай.   

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар оролцогч гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            М.АЛДАР

 

                        ШҮҮГЧ                                                   Т.ӨСӨХБАЯР

 

                        ШҮҮГЧ                                                   Г.ГАНБААТАР