Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2017/00530

 

2017 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2017/00530

 

 

 Түмэн анд ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Б.Нармандах, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 181/ШШ2016/01137 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Түмэн анд ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Д.Ариунтунгалагт холбогдох

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 8 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ө.Ганхуяг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Дамбасүрэн

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.  

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Ариунтунгалаг нь Чингэлтэй дүүргээс зохион байгуулж байгаа ажлын хүрээнд Барилгачдын талбай дээр хүлэмж барьж модны үзэсгэлэн гаргана, хүлэмж хэрэгтэй байна гэж Г.Цогжавхлангаар дамжуулан гуйсан байдаг. Танай компанид Солонгос улсын 20 х 6 метрийн хэмжээтэй 2 хүлэмж байгаа юм байна, хүлэмжийн үнэ 8.0 сая төгрөгийг 2014 оны 5 сарын 20-ны өдрийн дотор өгнө, хүлэмжээ өгч туслаач гэж гуйсан. Хоёр хүлэмжийн нэгийг бүтнээр нь аваад, нэгийг нь П хэлбэртэй каркас төмрийг нь дараа авна гээд үлдээгээд үлдсэнийг нь аваад явсан. Хүлэмжийг өгөх үед Г.Цогжавхлан байсан. Одоо болтол каркас төмрийг аваагүй байгаа. Иймд 2 хүлэмжийн үнэ болох 8 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

  Хариуцагч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Түмэн анд ХХК-иас хүлэмж авсан тал дээр маргахгүй. Нэг хүлэмжийг 4 000 000 төгрөгөөр авах санал тавьсан боловч нэхэмжлэгч тал хоёуланг нь зарна, салгаж зарахгүй гээд байсан. 1 хүлэмжийн карказ төмрийг нь аваагүй үлдээсэн. Одоо битүү газар уут, хайрцаг савтайгаа хадгалагдаж байгаа. Манай зүгээс нэг хүлэмжийн үнэ болох 4 000 000 төгрөгийг өгөхөд татгалзах зүйлгүй. Нөгөө хүлэмжийг биет байдлаар нь буцааж өгөх хүсэлтэй байна. 1 хүлэмжийн карказ төмөр нь 40-50 ширхэгтэй, 6 х 10 метрийн урттай трубанууд байдаг. Заавал 2 хүлэмжийн үнийг төл гэсэн болохоор төлөхгүй яваад байсан гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан хариуцагч Д.Ариунтунгалагаас 8 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Түмэн анд ХХК-д олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 142 950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Д.Ариунтунгалаас улсын тэмдэгтийн хураамжид 142 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Түмэн анд ХХК-д буцаан олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Д.Ариунтунгалаг би Түмэн анд ХХК-ийн нэхэмжлэлийн дагуу 1 ширхэг хүлэмжийн үнэ 4 сая төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Харин хэрэглээгүй, аваагүй 1 ширхэг хүлэмжийн үнийг төлүүлэх шийдвэр гаргасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул гомдол гаргаж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Түмэн анд ХХК нь хариуцагч Д.Ариунтунгалагт холбогдуулан 2 ширхэг хүлэмжний үнэ нийт 8 000 000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргаснаас хариуцагч нэг ширхэг хүлэмжний үнийг төлөхийг зөвшөөрч, нэг хүлэмжний карказ төмрийг аваагүй тул үнийг нь төлөхгүй гэж маргажээ.

 

Талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтаас үзэхэд хариуцагч Д.Ариунтунгалаг нь нэхэмжлэгч Түмэн анд ХХК-иас 6 х 20 м хэмжээтэй 2 ширхэг хүлэмжийг 8 000 000 төгрөгөөр худалдаж авсан гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрч байсан зэргээр зохигчдын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.

 

Иймд хариуцагч Д.Ариунтунгалагийн нэхэмжлэгч Түмэн анд ХХК-иас нэг ширхэг хүлэмж худалдаж авсан гэх тайлбар үндэслэлгүй байхаас гадна 2 ширхэг хүлэмжний үнэд 8 000 000 төгрөг төлж барагдуулах талаар тодорхойлолт гаргаж байсан /хх 8-10/ үйл баримт тогтоогдож байх тул худалдагч Түмэн анд ХХК нь худалдах, худалдан авах гэрээний үүргээ биелүүлэхийг худалдан авагч Д.Ариунтунгалагаас шаардах эрхтэй байна.

 

Хариуцагч Д.Ариунтунгалаг нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч буй татгалзлын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотолж чадаагүй байна.

 

 

Иймд дээр дурдсанаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 181/ШШ2016/01137 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Ариунтунгалаг давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ

 

Н.БАТЗОРИГ