| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ч.Нямсүрэн |
| Хэргийн индекс | 192/2025/05607/И |
| Дугаар | 192/ШШ2025/09183 |
| Огноо | 2025-11-10 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 10 өдөр
Дугаар 192/ШШ2025/09183
2025 11 10 192/ШШ2025/09183
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч:*,
Нэхэмжлэгч:*-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:*/-т холбогдох
Төлбөр 79,700,574 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч *ХХК, * групп ББСБ ХХК нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *, хариуцагчийн өмгөөлөгч *, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Анужин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч *ХХК, * групп ББСБ ХХК нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Монгол Улсын Иргэн Б.* болон *ХХК, * Групп ББСБ ХХК нарын хооронд 2023 оны 11-р сарын 13-ны өдөр зээлийн гурвалсан гэрээ байгуулагдсан.
Гэрээний дагуу *ХХК-ийн дэлгүүр болох Улаанбаатар хот, * давхарт байрлах, *тавилгын дэлгүүрээс 63,349,276 төгрөгийн нэр бүхий бараануудыг зээлээр худалдан авах буюу гэрээ байгуулагдмагц урьдчилгаа төлбөр болох 10,349,276 төгрөгийг *ХХК-ийн данс руу, үлдэх 53,000,000 төгрөгийг 2023 оны 12-р сарын 15-ны өдөр 10,600,000 төгрөгөөр, 2024 оны 01-р сарын 15-ны өдөр 10,600,000 төгрөгөөр, 2024 оны 02-р сарын 15-ны өдөр 10,600,000 төгрөгөөр, 2024 оны 03-р сарын 15-ны өдөр 10,600,000 төгрөгөөр, 2024 оны 04-р сарын 15-ны өдөр 10,600,000 төгрөгөөр тус тус * Групп ББСБ ХХК-ийн данс руу төлж дуусгах үүргийг Б.* хүлээсэн. Гэрээний дагуу 63,349,276 төгрөгийн үнэ бүхий бараануудыг 2023 оны 11-р сарын 13-ны өдөр Б.*ын нэрлэн заасан, оршин сууж байсан Хан-Уул дүүрэг, 11-р хороо, * тоотод хүргэж өгөн, угсарч суурилуулан гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлсэн. Гэтэл Б.* нь гэрээ байгуулагдах үед *ХХК-ийн данс руу урьдчилгаа төлбөр болох 10,349,276 төгрөгийг шилжүүлэх ёстой байсан үүргээ ч биелүүлээгүй, одоо мөнгө орж ирэхээр шилжүүлнэ гэх мэт шалтаг хэлсээр бүх тавилгуудаа хүлээн авсан. Үүнээс хойш зээлийн гурвалсан гэрээнд заасан үүргээ ч биелүүлээгүй. "*" ХХК болон "* Групп ББСБ" ХХК-д ямар ч төлбөр төлөөгүй өнөөдрийг хүрсэн. Хариуцагч /зээлдэгч/ нь "* Групп ББСБ" ХХК-тай зээлийн гурвалсан гэрээг байгуулагдсанаас хойш 6 сарын хугацаанд хүү тооцохгүй, 6 сарын хугацаанд зээлсэн мөнгөн хөрөнгийг эргэн төлөөгүй бол үлдсэн мөнгөн дүнгээс 1 сарын 2%-ийн хувийн хүү тооцож, мөнгөн хөрөнгийг буцааж төлөх хүртэл зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхөөр зээл олгосон. 2025 оны 06-р сарын 10-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 53,000,000 төгрөг, үндсэн хүү 13,626,082.19 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,725,216.44 төгрөг буюу нийт 69,351,298.63 төгрөгийн өр төлбөртэй, хүү тооцох хоног 391 хоногтой байна.
* Групп ББСБ ХХК-ийн зүгээс 2024 оны 01-р сарын 04-ний өдөр *дугаартай шаардлага хүргүүлэх тухай албан бичиг, 2024 оны 03-р сарын 06-ны өдөр 24/15 дугаартай Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, 2024 оны 05-р сарын 27-ны өдөр * дугаартай мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийг тус тус хүргүүлсэн ба ажил дээр нь хэд хэдэн удаа очиж уулзсан. Үүний дагуу Б.* нь 2024 оны 03-р сарын 07-ны өдөр "* Групп ББСБ" ХХК-д хандаж гар өргөдөл бичиж өгсөн ба өргөдөлд эрүүл мэндийн болон бизнесийн шалтгаанаас болоод төлж чадаагүй, нийт төлбөр болох 63,349,276 төгрөгийг 3-р сард бүрэн төлж барагдуулна гэсэн. Дээрх тайлбарыг харгалзан үзэж өнөөдрийг хүртэл хүлээсэн боловч ямар ч төлбөр төлөөгүй тул шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна.
Иймд МУ-ын Иргэн Б.*аас 79,700,574 төгрөгийг гаргуулж, 10,349,276 төгрөгийг "*" ХХК-д, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 53,000,000 төгрөг, үндсэн хүү 13,626,082.19 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,725,216.44 төгрөг буюу нийт 69,351,298.63 төгрөгийг "* Групп ББСБ" ХХК-д гаргуулж, шийдвэрлэж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Хариуцагч Б.* болон *ХХК, * групп ББСБ ХХК нарын нарын хооронд 2023 оны 11 сарын 13-ны өдөр зээлийн гуравласан гэрээ байгуулагдсан. Тус гэрээний дагуу *ХХКийн* дэлгүүр болох Нийслэлийн *дугаар байрны нэг давхарт байрлах тавилгын дэлгүүрээс 63,349,276 төгрөгийн нэр бүхий бараануудыг хариуцагч нь зээлээр худалдан авч, урьдчилгаа төлбөр болох 10,349,276 төгрөгийг * ХХК-ийн данс руу, үлдэх 53,000,000 төгрөгийг * Групп ББСБ-аас зээлэх, төлбөрийг хэсэгчилэн хуваан төлөхөөр гэрээгээр тохиролцсон. Гэрээний дагуу 63,349,276 төгрөгийн үнэ бүхий тавилга, барааг 2023 оны 11 сарын 13-ны өдөр Б.*ын Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо *тоотод хүлээлгэн өгч, угсарч суурилуулан гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлсэн.
Энэ үед хариуцагч Б.* нь тавилгын урьдчилгаа төлбөр болох 10,349,276 төгрөгийг одоо шилжүүлнэ, мөнгө орж ирэхээр шилжүүлнэ гэж хэлж шалтаг ярьсаар байгаад тавилгуудыг хүлээж авсан байдаг. Энэ мөнгөө ч тухайн үед хийгээгүй. 53,000,000 төгрөгийн зээлийн гэрээний мөнгийг мөн адил төлөөгүй тул манай 2 компанийн зүгээс шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэл гаргахдаа *ХХК 10,349,276 төгрөг буюу гэрээний дагуу урьдчилгаа төлбөрийг нэхэмжилж байгаа. Харин * групп ББСБ ХХК нь зээлийн гэрээний үндсэн төлбөр болох 53,000,000 төгрөг дээр нэмээд 13,626,082 төгрөгийн хүү, нэмэгдүүлсэн хүү болох 2,725,216 төгрөг, нийт 69,350,298.63 төгрөгийг нэхэмжилж шүүхэд нэхэмжлэл гаргасныг бүрэн дэмжиж оролцож байгаа.
Би хариуцагч талын татгалзлын үндэслэлийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эхэлснээс хойш л ойлгохгүй байгаа. Үндсэн 63,000,000 төгрөг дээр маргадаггүй, нэмэгдүүлсэн хүү болон хүү нь дээр маргаж байна гэж ойлголоо. * групп ББСБ ХХК нь Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн хүрээнд зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээд юм. Тухайн хуулийн этгээд энэ гэрээг байгуулахдаа 06 сарын хугацаанд зээлийн мөнгөн хөрөнгө эргэн төлөгдөөгүй бол төлөгдөөгүй үлдсэн дүнгээс 1 сарын 2 хувь хүү тооцохоор тохиролцсон. Монгол улсын хэмжээнд нийт бүх банк бус санхүүгийн байгууллагын жигнэсэн дундаж хүү нь 3.6, 3.9 орчим байгаа. Манай гэрээнд 2 хувь гэж тохиролцсон байгаа. Хариуцагчийн хариу тайлбартаа болон сая тайлбартаа хэлж байгаа хүү хэт өндөр байна гэдэг нь үндэслэлгүй байна гэж харж байна. Зээлийн мөнгөн хөрөнгө шилжүүлээгүйтэй холбоотой зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус гэж тайлбарлаж байна гэж ойлголоо. Манай талаас хавтаст хэргийн 33 дугаар талд байгаа тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримтыг гаргаж өгсөн байдаг. Энэ баримтаар 53,000,000 төгрөгийг * групп ББСБ ХХК-аас *ХХК-руу шилжүүлсэн талаарх баримт юм. Энэ баримтад зээлийн гуравласан гэрээний хүрээнд тооцоог хаав гээд 2 байгууллага харилцан өгсөн 53,000,000 төгрөгт маргаан байхгүй.
Мөн бидний байгуулсан зээлийн гэрээний 1.2-т зээлийн зориулалтаар *ХХК-ийн худалдан борлуулах тавилгын үлдэгдэл төлбөрт зориулж төлөх хувь гэж хэлсэн. Тэгэхээр зориулалтын дагуу төлөгдсөн, зээлийн гуравласан гэрээний дагуу болон худалдах худалдан авах гэрээний харилцааны дагуу 63,000,000 төгрөгийн бараа материалыг худалдаад авчихсан. Төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй явж байгаад 2024 оны 03 сарын 07-ны өдөр төлбөр төлөхөд маргахгүй гээд манайд өөрөө бичгээр өргөдөл гаргасан байдаг. Тиймээс хариуцагчийн татгалзал нь үндэслэлгүй байна гэв.
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүүгийн хэмжээ хэт өндөр байгаа тул үндэслэлгүй гэж үзэж байна. Би зээлийн гэрээний дагуу үндсэн өр, хүүг буцаан төлөх үүргээ хүлээн зөвшөөрч байгаа боловч эдийн засгийн хүндрэл, санхүүгийн нөхцөл байдлаас шалтгаалан нэг дор төлөх боломжгүй байна гэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Хариуцагч Б.* нь *ХХК-аас 63,000,000 төгрөгийн барааг хүлээж авсан тул төлөхийг хүлээн зөвшөөрдөг ч хүү болон нэмэгдүүлсэн хүүг төлөхөөс татгалзаж байгаа юм. Учир нь хүү, нэмэгдүүлсэн хүүг хэт өндөр байна гэж үзэж байгаа гэв.
5.Хариуцагчийн өмгөөлөгч * шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.*, *ХХК, * групп ББСБ ХХК нарын хооронд үүссэн харилцаа, хэрэгт цугларсан нотлох баримтыг харахад хэдийгээр зээлийн гэрээ гэх нэртэй байгаа боловч энэ нь худалдах худалдан авах гэрээ байна гэж үзээд байгаа юм. Өөрөөр хэлбэл худалдагчид барааны үнийг төлөх үүргийг худалдан авагч тал хүлээсэн байна. Барааг хүлээж авсан гэж байгаа болохоос мөнгө хүлээн авсан баримт байхгүй тул анхнаасаа зээлийн харилцаа үүсээгүй гэсэн үг юм. Зээлийн харилцаа үүсээгүй байхад нэмэгдүүлсэн хүүг шаардах эрх энэ банк бус санхүүгийн байгууллагад байхгүй. Байгуулсан гээд байгаа гурвалсан гэрээнд зээл олгосонд тооцох зохицуулалтыг 2.3-т бодитой мөнгө шилжүүлсэн тохиолдолд зээл олгосонд тооцно гэж заасан. Бодитой мөнгө Б.* руу ч ороогүй, компани руу ч шилжсэн баримт хэрэгт байхгүй тул зээлийн харилцаа үүсээгүй тул барааны үндсэн төлбөрийг л төлөх нөхцөлтэй харилцаа үүссэн гэж үзэж байна. Энэ харилцааны үр дагаврын дагуу 63,000,000 төгрөгийг л төлөх ёстой байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч банк бус санхүүгийн байгууллагаас олгосон зээл ч бай, иргэдийн зээл ч бай иргэний хуульд заасан зээлийн харилцаа нь хэзээ яаж үүсдэг вэ, яаж хүчин төгөлдөр болох вэ гэх агуулгаар ойлгохгүй байна гэж тайлбар өгч байна. Банк бус санхүүгийн байгууллагаас хэрвээ мөнгө шилжүүлсэн бол хүү шаардах эрхтэй гэх байр суурьтай байгаа. Гэтэл тооцоо хаасан гэх сая дурдсан он сар тодорхойгүй, ганцхан Банк бус санхүүгийн байгууллагын тамгатай, компанийн албан тушаалтан мөн ч юм уу, биш ч юм уу, ийм тооцооны үлдэгдлийн баталгаа гэх бичгээр зээл шилжсэн гэж үзэх ямар ч боломж байхгүй. Зээлийг зээлдэгчийн хүсэлтээр, зээлийн дүнгээр, худалдан авагч талын нэрлэн заасан дансанд бэлнээр шилжүүлсэн тооцно гэж заасан. Манайх руу огт мөнгө шилжиж орж ирээгүй. Манай зүгээс энэ 2 компани шууд тооцоо нийлээд, энэ хүнд мөнгө олгосон гэх байдал тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Энэ 2 компанийн хамаарлыг судлаад үзэхэд н.Ариунболд гэх хүн хоёр компанийн хувьцаа эзэмшигч нь юм билээ. Тиймээс хамаарал бүхий компаниуд тооцоо нийлснээрээ бодитой зээл олгоогүй байж хүнээс хүү авах байдлаар хүчин төгөлдөр болоогүй гэрээний дагуу хүү тооцох гээд байна гэж үзэж байна гэв.
Хэрэгт цугларсан бичгийн баримтуудын тухайд:
1. Нэхэмжлэгчээс *ХХК-ийн дүрэм, * групп ББСБ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, * групп ББСБ ХХК-ийн дүрэм, итгэмжлэл, зээлийн гурвалсан гэрээ, иргэний үнэмлэхийн лавлагаа, зээлийн эргэн төлөлтийн мэдээлэл, зээл хаах дүн, борлуулалтын баримт, захиалгын хуудас,* борлуулагчийн хувь, тооцооны үлдэгдлийн баталгаа, шаардлага хүргүүлэх тухай албан бичиг, мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, Б.*ын * групп ББСБ ХХК-д гаргасан өргөдөл, монгол шуудангийн хуудас, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн * дугаартай шүүхийн шийдвэр, Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн хариу хүргүүлэх тухай албан бичиг, *ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэрэг бичгийн баримтуудыг гаргасан байна.
2.Хариуцагчаас итгэмжлэл, хариу тайлбар, итгэмжлэл зэрэг бичгийн баримтуудыг гаргасан байна.
Шүүх талуудын гаргасан хүсэлт, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч *ХХК, * групп ББСБ ХХК нь хариуцагч Б.*д холбогдуулан 79,700,574 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.
2.Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Худалдагч *ХХК нь бараа бүтээгдэхүүн буюу нийт 63,349,276 төгрөгийн тавилга нийлүүлэх, худалдан авагч Б.* нь барааны төлбөрийн 10 хувь буюу 10,349,276 төгрөгийг тавилгыг хүлээн авахдаа төлж, үлдэх 53,000,000 төгрөгийг 6 сарын хугацаанд хуваан төлөхөөр тохиролцож, уг төлбөрийг зээлдэгч * групп ББСБ-иас зээлэхээр тохиролцсон байна. Үүний дагуу хариуцагч Б.* нь 2023 оны 11 сарын 14-ний өдөр нийт 63,349,276 төгрөгийн үнэ бүхий тавилгыг хүлээн авсан болох нь хэрэгт авагдсан мөн өдрийн захиалгын хуудас, НӨАТ-ын баримтаар тогтоогдож байна. Талууд тавилгыг хүлээн авсан, хүлээлгэн өгсөн, нийт 63,349,276 төгрөгийн үнэ бүхий бараа бүтээгдэхүүн, тавилга байсан талаар маргадаггүй тул дээрх үйл баримт тогтоогдсон гэж үзлээ.
Хариуцагч Б.* тавилгыг хүлээн аваад урьдчилгаа төлбөрт төлөх 10,349,276 төгрөг болон үлдэх 53,000,000 төгрөгийг 6 сарын хугацаанд хуваан төлөх үүрэг хүлээсэн ч төлбөрөө төлөөгүй болохоо хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг төлөхөө илэрхийлж энэ талаар маргадаггүй.
3.Нэхэмжлэгч нар нь хариуцагчаас нийт 79,700,574 төгрөг гаргуулах шаардлагын үндэслэлээ тайлбарлахдаа талуудын хооронд байгуулагдсан 2023 оны 11 сарын 13-ны өдөр Зээлийн гурвалсан гэрээ гэх нэртэй гэрээг үндэслэн нэхэмжлэгч *ХХК нь барааны урьдчилгаа төлбөрт төлөгдөх 10,349,276 төгрөгийг, нэхэмжлэгч * групп ББСБ нь үлдэх төлбөр 53,000,000 төгрөгийг, үндсэн хүү 13,626,082 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,725,216 төгрөгийн хамт нийт 69,351,298 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулахаар шаардаж байна.
4.Хариуцагч Б.* нь талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй, зээлийг бодитоор олгож, мөнгөн хөрөнгийг шилжүүлэн өгөөгүй, нэхэмжлэгч * групп ББСБ нь нэхэмжлэгч *ХХК-д 53,000,000 төгрөгийг төлсөн нь баримтаар тогтоогдохгүй байна. Тавилга зээлээр худалдан авах гэрээг тавилгын компанитай байгуулсан, зээлийн гэрээг ББСБ-тай байгуулаагүй тул * групп ББСБ нь үлдэгдэл төлбөрийг шаардах эрхгүй гэж тайлбарлан маргаж, *ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 10,349,276 төгрөгийн хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн тайлбарыг гаргаж байна.
5.Талуудын хооронд 2023 оны 11 сарын 13-ны өдөр Зээлийн гурвалсан гэрээ гэх нэртэй гэрээ байгуулж, уг гэрээгээр *ХХК-ийн худалдан борлуулж буй тавилгын үлдэгдэл төлбөрийг төлөх зориулалтаар 53,000,000 төгрөгийг * групп ББСБ-аас олгох, уг мөнгөн хөрөнгийг хариуцагч Б.* нь гэрээ байгуулагдсанаас хойш 6 сарын хугацаанд хүүгүйгээр, 2023 оны 12 сарын 15-ны өдрөөс 2024 оны 04 сарын 15-ны өдрийн хооронд сар бүр 10,600,000 төгрөгөөр 5 хуваан төлөхөөр тохиролцсон байна. Төлбөрийг гэрээнд заасан хугацааны дотор төлөөгүй тохиолдолд үлдэгдэл төлбөрөөс сар бүр 2 хувийн хүүг, зээлийн хүүгийн төлбөрийн 20 хувиас хэтрүүлэхгүйгээр нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тус тус харилцан тохиролцсон байна.
6.Талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээ, гэрээний нөхцөл, тохиролцоо, тэдний тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудыг харьцуулан дүгнэвэл зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах худалдан авах гэрээ, мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээг агуулсан холимог гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна.
6.1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан байна.
Нэхэмжлэгч *ХХК нь тавилгыг хүлээлгэн өгсөн, хариуцагч Б.*д урьдчилгаа төлбөр 10,349,276 төгрөгийг нэхэмжлэгч *ХХК-д төлөх үүргээ гүйцэтгээгүй, уг төлбөрийг төлөхөө илэрхийлэн уг шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргадаг.
6.2.Харин тавилгын үнээс үлдэх 53,000,000 төгрөгийг нэхэмжлэгч * групп ББСБ-аас зээлийн гэрээ байгуулан зээлж, *ХХК-д тавилгын үнэд шилжүүлэн өгч, уг төлбөрийг Б.* нь 6 сарын хугацаанд тохирсон хуваарийн дагуу төлөх, хугацаандаа төлөөгүй тохиолдолд сарын 2 хувийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцсон нь талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Хариуцагч талаас нэхэмжлэгч * ББСБ ХХК-иас зээл аваагүй, бодитоор шилжээгүй, зээлийн гэрээ байгуулагдаагүй тул 53,000,000 төгрөгийг хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт * ББСБ ХХК шаардах эрхгүй тул төлөхгүй гэж 69,351,298 төгрөгт холбогдох шаардлагыг эс зөвшөөрч маргадаг.
6.3.Нэхэмжлэгч * ББСБ ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, 53,000,000 төгрөгийг хариуцагч Б.*ын худалдан авсан тавилгын төлбөрт нэхэмжлэгч *ХХК-д төлсөн болох нь * ББСБ ХХК болон *ХХК нарын хооронд хийгдсэн тооцооны үлдэгдэлийн баталгаа баримтаар тогтоогдож байна. Нэхэмжлэгч нар дээрх төлбөрийг төлөгдсөн болохыг хэн аль нь хүлээн зөвшөөрч, тооцоо нийлсэн баримтын талаар маргадаггүй бөгөөд тэрээр зээлдэгч тус бүрээр болон гэрээ тус бүрээр төлбөрийг шилжүүлдэггүй, байгууллага хоорондоо өндөр үнийн дүнтэйгээр гүйлгээ хийж, багцаар нь шилжүүлж, тооцоо нийлдэг учраас Б.*ын төлбөрийг тусад нь гүйлгээ хийсэн баримт байхгүй гэж тайлбарладаг.
Хэрэгт авагдсан * ББСБ ХХК-ийн хариуцагч Б.*д хүргүүлсэн 2024 оны 01 сарын 09-ний өдрийн 24/02, 2024 оны 03 сарын 06-ны өдрийн 24/15, 2024 оны 05 сарын 27-ны өдрийн * дугаартай Шаардлага хүргүүлэх тухай албан бичгүүдэд дурдсанаар гурвалсан гэрээний дагуу төлөх төлбөрийн хувиарын дагуу төлбөрөө төлөөгүй болохыг дурдаад төлбөрөө хугацаандаа төлөөгүй тохиолдолд хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхийг мэдэгдсэн байна. Уг баримтуудаар 53,000,000 төгрөгийн төлбөрийг * ББСБ ХХК-д төлөх үүрэг хүлээсэн болохыг мэдсэн, мэдэх боломжтой гэж үзэхээр байна.
6.4.Талуудын хооронд байгуулагдсан гэрээний Зургаа дугаар зүйлд зээлийг * ББСБ ХХК-ийн ХААН банк * тоот дансанд төлөхөөр заасан нь төлбөр төлөх үүрэг гүйцэтгэх газрыг талууд тухайлан зааж тохиролцсон байх тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй.
7.Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол зээлийн гэрээг бичгээр хийнэ, хүсэл зоригоо илэрхийлэн гэрээнд гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр болно.
Хариуцагч Б.* нь * дугаартай зээлийн гэрээг байгуулан гэрээнд заасан дээр дурдсан нөхцөлөөр харилцан тохиролцож, гарын үсэг зурсан, гэрээний хугацаанд хариуцагч нь зээлийн гэрээний хавсралтаар баталсан эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн зээлийн төлбөрийг хүүгүйгээр 6 сарын хугацаанд төлөх үүргээ биелүүлээгүй, зээлийн гэрээний хугацаа 2024 оны 04 сарын 15-ны өдөр дууссан тул нэхэмжлэгч үндсэн зээлийн төлбөр 53,000,000 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 13,626,082 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 2,725,216 төгрөг, нийт 69,351,298 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардах эрхтэй гэж үзэв.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй байхаар заажээ.
8.Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч Б.*аас 10,349,276 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *ХХК-д, 69,351,298 төгрөгийг гаргуулан * групп ББСБ-д тус тус олгож, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч Б.*аас 10,349,276 /арван сая гурван зуун дөчин есөн мянга хоёр зуун далан зургаа/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *ХХК-д, 69,351,298 /жаран есөн сая гурван зуун тавин нэгэн мянга, хоёр зуун ерэн найм/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч * групп ББСБ-д тус тус олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч * групп ББСБ ХХК-иас төлсөн 504,707 төгрөг, *ХХК-иас төлсөн 180,539 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*аас 504,707 төгрөг гаргуулан * групп ББСБ ХХК-д, 180,539 төгрөгийг гаргуулан *ХХК-д тус тус олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.НЯМСҮРЭН