Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2019/00128

 

 

 

 

 

2019 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2019/00128

 

 

С ББСБ ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч С.Энхтөр, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 182/ШШ2018/02303 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч С ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч С.Тд холбогдох

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 4 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хариуцагч: С.Т

Хариуцагчийн өмгөөлөгч: Н.Оюун-Эрдэнэ

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч С ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баатархүү шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ганболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч С.Т нь 2014 онд 7 дугаар сарын 8-ны өдөр манай байгууллагатай цалин барьцаалсан зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр 1 500 000 төгрөгийн цалингийн зээлийг 12 сарын хугацаатай, эхний 6 сард бодогдох сарын хүү 3,7 хувь, дараагийн 5 сард бодогдох сарын хүү 4,7 хувь, сүүлийн нэг сард бодогдох хүү 8,5 хувь байх нөхцөлтэйгөөр зээлсэн. Зээлдэгч нь нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл үндсэн зээлийн төлбөрөө 27 500 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрөөс 127 500 төгрөгийг төлж байсан ба түүнээс хойш гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин өнөөдрийг хүртэл ямар ч өр төлбөр төлөөгүй болно. Нэхэмжлэл гаргах үеийн байдлаар С.Т нь үндсэн зээлийн үлдэгдэл 1 472 500 төгрөг, үндсэн хүүгийн үлдэгдэл 4 687 062 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэлд 801 040 төгрөг, нийт 6 960 062 төгрөг төлөөгүй байх тул уг мөнгийг хариуцагчаас гаргуулахаар анх нэхэмжилсэн. Хариуцагч С.Таас үндсэн зээл 1 472 500 төгрөг, зээлийн хүүг гэрээнд заасны дагуу 3,7 хувиар тооцсон. Нэг сарын 54 400 төгрөг, 51 сарын хүү 2 774 400 төгрөг, нэмэгдүүлсэн 554 880 төгрөг, нийт 4 801 780 төгрөг, хүүнд төлсөн 127 500 төгрөг, үндсэн зээл төлсөн 27 500 төгрөгийг хасч тооцсон болно. С ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй С.Тд холбогдох хэрэгт нэхэмжилсэн 4 500 000 төгрөгийг 500 000 төгрөгөөр багасгаж, 4 000 000 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

 

 Хариуцагч С.Т шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

С ББСБ ХХК-тай 2014 оны 7 дугаар сарын 8-нд гэрээ байгуулсан. Зээл төлөх боломжгүй болоод зээлийн хугацаа хэтрүүлсэн нь үнэн. 2015 оны 11 сард С ББСБ-ын хүнтэй уулзаад аль боломжтой нөхцөлөөр зээлээ хаах хүсэлтэйгээ хэлсэн. С ББСБ ХХК нь үндсэн зээл 1 472 500 төгрөг, хүүгийн үлдэгдэл 4 687 062 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 801 040 төгрөг, нийт 6 960 062 төгрөг нэхэмжилж байна гээд сайн дураар 2 460 602 төгрөгийг татгалзаж байгаагаа бичсэн байна. Миний зүгээс нэг жилийн хугацаатай 1 500 000 төгрөг зээлсэн байхад С ББСБ ХХК нь хүү болон нэмэгдүүлсэн хүүг олон жилээр, өндөр хүүгээр тооцон үндэслэлгүйгээр их мөнгө нэхэмжилсэн тул хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Үндсэн зээлийг төлөхийг зөвшөөрч байна. Харин түүнээс хойших зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй. 3 жилийн дараа надаас хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэжээ.

 

  Шүүх:  Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дүгээр зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч С.Таас 4 000 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С ББСБ ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч С ББСБ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86 951 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Таас 78 950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С ББСБ ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагч С.Т давж заалдах гомдолдоо:

... Би нэхэмжлэгч байгууллагад 4 000 000 төгрөгийг төлөх үндэслэлгүй. Тооцооллын алдаа гаргаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасны дагуу хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байх тул өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

Нэхэмжлэгч С ББСБ ХХК нь хариуцагч С.Тд холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 4 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 4 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч С ББСБ ХХК нь хариуцагч С.Ттай 2014 оны 7 дугаар сарын 8-ны өдөр  цалин барьцаалсан зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч С.Т нь500 000 төгрөгийг 12 сарын хугацаатай эхний 6 сард бодогдох сарын хүү 3,7 хувь, дараагийн 5 сард бодогдох сарын хүү 4,7 хувь, сүүлийн 1 сард бодох хүү 8,5 хувийн хүүтэй зээлэхээр харилцан тохиролцсон байна. /хх-ийн 4-5 дугаар тал/

Анхан шатны шүүх талуудын хооронд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан. Хариуцагч С.Т нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, эргэн төлөлтийн хуваарьт заасан хугацаа, хэмжээгээр зээлийг эргүүлэн төлөөгүй, зээлийн гэрээний 2.2-д заасныг зөрчсөн тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй.

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно гэж заасан бөгөөд зээлийн гэрээний 6.1-д үндсэн зээл, хүүг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй бол нэмэгдүүлсэн хүү төлөхөөр харилцан тохиролцсон байх тул эргэн төлөх хуваарийн дагуу төлөөгүй үндсэн зээлийн төлбөрийн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү шаардсан нь дээрх хуулийн заалтыг зөрчөөгүй байна.

Зээлийн гэрээгээр хариуцагч С.Т үндсэн зээлийн төлбөрт 27 500 төгрөг, хүүгийн төлбөрт 127 500 төгрөг төлсөн үйл баримтын талаар зохигчдын хэн аль нь маргаагүй, харин нэхэмжлэлээр шаардаж буй зээлийн хүү, хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх эсэх асуудлаар маргажээ.

Талуудын хооронд байгуулсан гэрээний 2.1.3-т зааснаар хариуцагч нь эхний 6 сард сарын 3,7, дараагийн 5 сард сарын 4,7, сүүлийн 1 сард сарын 8,5 хувийн хүү төлөхөөр зээлийн хугацаанд төлөх хүүгийн хэмжээ сар бүр өөр байхаар, зээлдэгч зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд хэтрүүлсэн хугацаан дахь сарын хүүг үндсэн зээлийн үлдэгдлийн 8,5 хувиар бодож зээл бүрэн төлөгдөж дуусах хүртэл тооцож авахаар заасан нь Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1 дэх хэсэгт зааснаар санал хүлээн авагч талд хохиролтой, хүчин төгөлдөр бус нөхцөл байна.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт зааснаар хугацаа хэтэрсэн зээлийн хүүгийн хэмжээг үндсэн хүүгийн хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр зээлийн гэрээнд тусгах шаардлага тавигдсан байх бөгөөд талуудын байгуулсан гэрээнд хэтэрсэн хугацааны хүүгийн хэмжээг заахдаа хамгийн өндөр хэмжээ буюу 8,5 хувиар тогтоосон байгаа нь зээлийн гэрээний дагуу тогтоосон бусад 3,7, 4,7 ) хүүгийн хэмжээнээс хэтэрсэн байна.

Нэхэмжлэгч нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй хэдий ч талууд гэрээний хүүг 3 өөрөөр тохиролцсон, алийг нь гэрээний үндсэн хүү гэж үзэх нь эргэлзээтэй тул Иргэний хуулийн 201 дүгээр зүйлийн 201.1 дэх хэсэгт зааснаар талуудын эхний тохиролцсон хүүгийн хамгийн бага хэмжээгээр буюу 3,7 хувиар тооцож нэмэгдүүлсэн хүүгийн төлөх хэмжээг тодорхойлж, 428 921 /1 472 500*3.7=54 482,5*20%=10 89,5 *36 сар 4 хоног/ төгрөг төлөх үүрэгтэй гэж үзэхээр байна.

Зохигчид үндсэн зээлийн төлбөр 1 472 500 төгрөг төлөх үүрэгтэй талаар маргаагүй бөгөөд зээлийн хүүг талуудын эхний тохиролцсон хүүгийн хамгийн бага хэмжээгээр буюу 3,7 хувиар тооцож, хариуцагч С.Таас зээлийн хүүд 666 000 /1 500 000*3.7=55 500*12=660 000/ төгрөг төлөхөөс хариуцагчийн зээлийн хүүд төлсөн 127 500 төгрөгийг хасч тооцон үлдэх 538 500 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй байна гэж үзлээ.

Анхан шатны шүүхийн энэ талаар хийсэн дүгнэлт үндэслэлгүй, нэмэгдүүлсэн хүүг илүү тооцсон, зээлийн хэтэрсэн хугацааны хүүгийн төлбөрийг хариуцагчаас гаргуулсан нь буруу болжээ. Иймд хариуцагч С.Таас үндсэн зээл 1 472 500 төгрөг, зээлийн хүү 538 500 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 428 921 төгрөг, нийт 2 439 921 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцнэ.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 182/ШШ2018/02303 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч С.Таас 2 439 921 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 560 079 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

2 дахь заалтын ...78 950 гэснийг  ...53 989  гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид 78 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Ш.ОЮУНХАНД

ШҮҮГЧИД  С.ЭНХТӨР

Ц.ИЧИНХОРЛОО