Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 2025/ДШМ/55

 

 

 

 

 

 

 

 

 

2025             01              07                                          2025/ДШМ/55

 

 

А.Г-т холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, шүүгч Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Э.Ууганзаяа,

шүүгдэгч А.Г-, түүний өмгөөлөгч Х.Оюунсүрэн,   

нарийн бичгийн дарга С.Далайцэрэн нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2024/ШЦТ/1275 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.Г-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 2408000001210 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Ганбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Х овгийн А-ийн Г-, 2002 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, автомашины механикч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эмэг эхийн хамт ... тоотод оршин суух бүртгэлтэй, /PД: .../,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 784 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар 2 жил 9 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 757 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялуудыг нэмж нэгтгэн нийт 1 жил 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосон.

А.Г- нь 2024 оны 08 дугаар сарын 08-ны 22 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Э.О-ийн гэдэс, нуруу руу цохиж буюу хүч хэрэглэн довтолж түүний өмчлөлийн 2,000,000 төгрөгийн үнэ бүхий “Iphone-14pro” загварын гар утсыг дээрэмдэн авсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: А.Г-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...шүүгдэгч А.Г-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн авахаар довтолсон буюу дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г-т 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар А.Г-т энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял дээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 757 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан нийт 1 жил 05 сар 29 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 05 сар 23 хоногийн хугацаатай зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 2 жил 11 сар 23 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г-ын биечлэн эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г-ын цагдан хоригдсон 21 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г-аас 1,600,000 төгрөгийг албадан гаргуулж улсын орлого болгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битмүүжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч А.Г- нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч А.Г- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би хохирол төлбөр бүрэн төлж барагдуулсан бөгөөд хүний биед хохирол учруулаагүй, үйлдсэн хэргийн талаар маргаагүй өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч маш их гэмшиж байна. Иймд давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. 2019 онд аав маань хорт хавдар өвчнөөр нас барсан бөгөөд үүнээс 2 сарын дараа ээж маань сэтгэл санаагаар унаж, сэтгэл хямралын улмаас зүрх нь хаагдаж нас барсан билээ. Үүнээс би эмээгийнхээ хамт амьдрах болсон, эмээ маань одоо 84 настай бөгөөд миний асрамжид байдаг. Эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Оюунсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие өөрийн үйлчлүүлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан хохирол нөхөн төлсөн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Энэ талаар анхан шатны шүүх шийтгэх тогтоолын үндэслэх хэсэгт дурдсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно” гэж заасан. А.Г-ын эцэг, эх 2019 онд 2 сарын зайтай нас барсан бөгөөд үүний улмаас А.Г- сэтгэл санааны хямралд орсон ба улмаар тэрээр хүмүүстэй нийлж, компьютер тоглоом тоглож, үүнээс шалтгаалж тэрээр хүний утсыг хулгайлсан. Гэхдээ А.Г-ын үйлдлийн улмаас хохирогчид ямар нэгэн гэмтэл учраагүй бөгөөд А.Г- нь хохирогчид учирсан хохирлыг тухайн үед нь нөхөн төлсөн. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасны дагуу хэргийг шийдвэрлэж өгнө үү. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн эрүүгийн хариуцлагын доод хэмжээ нь 2 жилийн хугацаагаар хорих ял байдаг бөгөөд тус ялыг хөнгөрүүлж 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү. Хоёрдугаарт, анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгүүдийг журамлаж, А.Г-аас 1,600,000 төгрөгийн хөрөнгө хураасан. Гэвч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөрөнгө, орлогыг албадан гаргуулах ажиллагаа нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувьд оногдох хөрөнгөөс гаргуулахаар хуульчлагдсан. Гэтэл А.Г-т хувьд оногдох хөрөнгө байхгүй. Тэрээр ажил хийх боломжгүй, цэргийн алба хааж ирээд 84 настай эмэг эхээ асарсан. Иймээс түүнд хөрөнгө хураах албадлагын арга хэмжээ оногдуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэв.

Прокурор Э.Ууганзаяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй, эргэлзээгүй бичигдсэн байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Учир нь, анхан шатны шүүх шударга ёсны зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн байдал, түүний хувийн байдал, бусдад учруулсан хохирол, хор уршгийг харгалзан үзэж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд “шүүгдэгч өмнө нь 2 удаа өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасны дагуу түүнд оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх боломжгүй байна” гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Хоёрдугаарт, шүүгдэгчийн өмгөөлөгч “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан хуулийн зохицуулалтыг хэрэглэх үндэслэлгүй” гэж тайлбарлаж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулж хохирлыг төлүүлнэ. Тухайн хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдэж олсон болохыг мэдсээр байж авсан болох нь тогтоогдвол шүүх уг эд зүйл, хөрөнгө, орлогыг бусдын өмчлөлд шилжүүлсэн хэлцлийг хүчингүйд тооцож, хөрөнгө, орлогыг хураан авч хохирлыг нөхөн төлүүлнэ.” гэж заасан. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч тухайн эд зүйлийг зарж 1,600,000 төгрөгийн ашиг олсон үйл баримт мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон тул анхан шатны шүүх түүний гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасны дагуу хурааж улсын орлого болгосон нь хуульд нийцсэн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж, дараах байдлаар дүгнэлт хийв. Үүнд:      

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 16.2 дугаар зүйл, 32.3 дугаар зүйлд зааснаар тухайн шүүгдэгч А.Г-т холбогдох хэргийн бодит байдлыг тогтоох ажиллагаа болон тус хэрэгт цугларч, бэхжигдсэн нотлох баримтын эх сурвалжууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмыг зөрчсөн эсхүл оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэж үзэх үндэслэл, үйл баримт тогтоогдсонгүй.          

2. Анхан шатны шүүхээс хэргийн бодит байдлыг тогтоож, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг хянан шийдвэрлэхдээ шүүх хуралдааны оролцогч, талуудын эрхийг хангаж, тэдний шинжлэн судалсан нотлох баримт болон санал, дүгнэлтийг харьцуулан шалгаж, үнэлсний үндсэн дээр шүүгдэгч А.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон, хэргийн зүйлчлэлийн талаар хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.   

Тодруулбал, шүүгдэгч А.Г- нь 2024 оны 08 дугаар сарын 08-ны оройн 22 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Э.О-ийн эсрэг хүч хэрэглэн довтолж түүний өмчлөлийн 2,000,000 төгрөгийн үнэ бүхий “Iphone-14pro” загварын гар утсыг дээрэмдэн авсан болох нь:     

- гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 1/,

- Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Шуурхай удирдлагын тасаг, дуудлагын лавлагааны хуудас /хх 03/,  

- хохирогч Э.О-ийн “...Би 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 22 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт найз Чинзоригтой уулзаж байхад зүс таних Г- ахтай тааралдсан...Г- ах намайг өөрийн “гар утсаа өгч бай фейсбүүк орж байгаад өгье” гэж хэлэхэд нь өгөхгүй гэж хэлтэл намайг гараараа гэдэс руу 2 удаа, нуруу хэсэгт гараараа нэг удаа цохисон, айсандаа өөрийн өмчлөлийн “Айфоне 14 про” загварын гар утсаа кодыг нь гаргаж өгсөн, удалгүй нэг машинтай ах ирсэн ба миний гар утсыг өгөлгүй тэр машинд суугаад яваад өгсөн...Намайг гар утсаа өгсөнгүй гэх шалтгаанаар цохисон...Гадаа харанхуй болсон ойр орчимд хүнгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 11, 13/,

- таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 4-9/, 

- гэрч Л.Эрдэнэбаярын “...Би 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс 08-нд шилжих шөнө ажиллаж байсан бөгөөд шөнийн 01:46 минутад гаднаас 25 орчим насны залуу орж ирээд гар утас авах уу гэж хэлэхээр нь гар утсыг авч гар утасны доторх үйл ажиллагаа, кодыг шалгахад, хэвийн зүгээр байсан. Ингээд та хэдэн төгрөгөөр тавих талаар асуухад 1.600.000 төгрөгт тавина гэж хэлсэн. Ингээд манай байгууллага Хаан банкны ... дугаарын данснаас Хаан банкны ... дугаарын данс руу мөнгийг шилжүүлсэн,  тухайн үед хулгайн гар утас гэдгийн мэдээгүй... ” гэх мэдүүлэг /хх 24/,

- “...” ХХК барьцаат зээлийн гэрээ /хх 2/,

- Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ “Хас үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт “... iphone 14 pro 2.000.000 ...” /хх 31-35/,  

- шүүгдэгч А.Г-ын“...Тухайн үед надад мөнгө хэрэгтэй байсан ба би О-д хандаж “Чи гар утсаа түр өгчихөөч, хоёулаа цуг бет тавиад мөнгийг нь нэг нугалаад буцаагаад өгчихнө” гэж хэлсэн. Тэгтэл О- “Би айгаад байна гар утсаа барьцаанд тавимааргүй байна” гэхлээр нь О-ийн гэдэс рүү нь 2 удаа цохисон, түүний “Айфоне 14 про макс”-ийн гар утсыг авсан. Тэгээд би П...тай хамт яваад Баянгол дүүргийн 25 дугаар эмийн сангийн автобусны буудлын ар талд байдаг ломбардад О-ийн гар утсыг 1.600.000 төгрөгөөр барьцаанд тавьсан ба мөнгийг нь өөрийнхөө ... дугаартай дансаар хүлээн авсан...Тухайн гар утасны барьцаанд тавьсан 1.600.000 төгрөгийг О-д өгөөд, гар утсыг ломбарднаас чөлөөлж өгсөн...” гэх мэдүүлэг /хх 46, 27-28/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч нь “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон” гэмт хэргийг үйлдсэн болохыг нотолж буй тухайн нотлох баримтын эх сурвалжууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжигдсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан байх бөгөөд эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хангалттай байх шалгуурыг хангасан байх тул тухайн гэмт хэргийн шинж хангагдсан гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч нь өөрт эдийн засгийн ашигтай байдал бий болгох сэдэлт, зорилгоор хохирогчийн эсрэг хүч хэрэглэж буюу түүний хүсэл зоригийг хүчээр няцааж, гар утсыг нь хууль бусаар өөрийн өмчлөлд авч, ломбардад тавьсан нь тогтоогдсон байх тул шүүгдэгчид холбогдох гэмт хэргийн зүйлчлэл зөв байна.   

Шүүгдэгчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар баталгаажуулсан эрхийг тухай бүр танилцуулж, тайлбарласан байх ба шүүгдэгч нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй учраас гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн эсэх нь тухайн хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй болно.  

3. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын буюу учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг бүх талаас нь харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, шалгууртай байдаг.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзах энэхүү шалгуур, шаардлагыг нотолж буй баримт, талуудын санал, дүгнэлтийг харьцуулан шалгаж, үнэлэх замаар ялын төрөл, хэмжээг хэрхэн оногдуулах нь шүүхэд олгогдсон эрх хэмжээний асуудалд хамаардаг.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч А.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулахдаа дээр дурдсанаар харгалзвал зохих шалгуур, шаардлагын талаар дүгнэсэн байх тул түүнд оногдуулсан хорих ял, түүний хэмжээ тухайн шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдал зэрэгт тохирсон байна.

Харин анхан шатны шүүхээс шүүгдэгч А.Г-ын урьд шийтгүүлсэн ял болох Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 757 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 05 сар 06 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэхдээ тооцооллын алдаа гаргаж, түүний биечлэн эдлэх ялыг 02 жил 11 сар 06 хоног гэж буруу тооцсон байх тул зөвтгөх нь зүйтэй байна.    

Учир нь, урьд шүүгдэгч А.Г-т Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 757 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялуудыг нэмж нэгтгэн нийт 1 жил 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар түүний цагдан хоригдсон 61 хоногийг эдлэх ялаас нь хасаж биечлэн эдлэх ялыг 1 жил 5 сар 29 хоногийн хугацаагаар тогтоосон /хх-74-87/, мөн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 02/24736 дугаартай албан бичигт “А.Г-т холбогдох 1 жил 8 сар зорчих эрх хязгаарлах ялаас 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар 23 хоногийг эдэлж 1 жил 5 сар 6 хоногийн үлдэгдэлтэй байна /хх-128/ гэж тусгагджээ.  

Гэтэл анхан шатны шүүх нь шийтгэх тогтоолын үндэслэх хэсэгтээ “өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг 1 жил 5 сар 6 хоног гэж зөв бичсэн боловч нэмж нэгтгэхдээ 2 жил 11 сар 6 хоног” гэж, мөн тогтоох хэсэгтээ “өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг 1 жил 5 сар 23 хоног гэж, мөн биечлэн эдлэх ялын нийт хэмжээг 2 жил 11 сар 23 хоног” гэж тус тус алдаатай дүгнэлт хийж, буруу нэмж нэгтгэсэнийг зөвтгөх нь зүйтэй.  

Тодотгоход, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно.” гэж заасан байх тул анхан шатны шүүхээс “шүүгдэгчид оногдуулсан болон эдлээгүй үлдсэн ялуудыг нэмж нэгтгэхдээ тооцооллын алдаа гаргасан”-ыг Давж заалдах шатны шүүхээс зөвтгөн шийдвэрлэх нь түүний эрх зүйн байдлыг дордуулахад хамааралгүй болохыг дурдаж байна.  

4. Мөн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар 1.600.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.    

Учир нь, тус шүүгдэгчийн үйлдсэн дээрэмдэх гэмт хэрэг илэрч тогтоогдсоны  улмаас ломбардад 1.600.000 төгрөгөөр тавигдсан гар утсыг хохирогчид биет байдлаар буцаан өгч, мөн ломбардад 1.600.000 төгрөгийг буцаан төлсөн байх тул шүүгдэгчийн хувьд гэмт хэрэг үйлдэж олсон бодит орлого бий болоогүй буюу гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого нь хохирлоос илүү гараагүй байх тул “шүүгдэгчээс дахин 1.600.000 төгрөг гаргуулж, улсын орлого болгох” хууль зүйн үндэслэлгүй байх тул шийтгэх тогтоолын холбогдох заалтыг хүчингүй болгов.    

5. Иймд шийтгэх тогтоолд дээр дурдсанаар зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгчийн давж заалдах журмаар гаргасан “хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн агуулга бүхий гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.    

Шүүгдэгч А.Г-ын 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 47 хоногийг түүний эдлэх хорих ялд оруулан тооцов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь : 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2024/ШЦТ/1275 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн: 

3 дахь  заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар А.Г-т энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял дээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 757 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан нийт 1 жил 05 сар 29 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 05 сар 23 хоногийн хугацаатай зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 2 жил 11 сар 23 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай” гэснийг :

 “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар А.Г-т энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял дээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 757 дугаар шийтгэх тогтоолоор биечлэн эдлүүлэхээр тогтоосон 1 жил 05 сар 29 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 05 сар 06 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 3 жил 11 сар 06 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын 6 дахь заалтыг хүчингүй болгосугай.    

3. Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн давж заалдах журмаар гаргасан “хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэх агуулга бүхий гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.           

4. Шүүгдэгч А.Г-ын цагдан хоригдсон 47 хоногийг түүний эдлэх хорих ялд оруулан тооцсугай.   

5. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар оролцогч гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            М.АЛДАР

 

                        ШҮҮГЧ                                                   Т.ӨСӨХБАЯР

 

                        ШҮҮГЧ                                                   Г.ГАНБААТАР