| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энэбишийн Золзаяа |
| Хэргийн индекс | 184/2017/02056/И |
| Дугаар | 210/МА2018/02393 |
| Огноо | 2018-11-30 |
| Маргааны төрөл | Хөлсөөр ажиллах, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 11 сарын 30 өдөр
Дугаар 210/МА2018/02393
| 2018 оны 11 сарын 30 өдөр | Дугаар 210/МА2018/02393 |
Д.Сүхээгийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Т.Туяа, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 184/ШШ2018/02472 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Д.Сүхээгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Э.Мөнхсүхэд холбогдох,
Хөлсөөр ажиллах гэрээний үүрэг зөрчсөн хохирол 910 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
Хөлсөөр ажилласны төлбөрт 120 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Зохигчдын давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч: Д.Сүхээ
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Бат-Эрдэнэ
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Ган-Өнөр нар оролцов.
Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Э.Мөнхсүхэд 2016 оны 5 сард 11 эм хонь, 10 хурга, 2 эр хонь, нийт 23 тооны малыг сард нэг толгой хонийг 1000 төгрөгөөр маллууллахаар тохиролцож, малаа хүлээлгэн өгөхдөө 2 сарын хөлс 40 000 төгрөгийг бэлнээр төлсөн. 2016 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл нэг жилийн хөлс гэж 360 000 төгрөгийн үнэтэй 60 ваттын нарны толь 1 ширхэг, 200 000 төгрөгийн үнэтэй 100 ваттын акумлятор 1 ширхэгийг өсөн. Э.Мөнхсүхэд мал малласан төлбөрт нарны толь, акумлятор зэргийг бүрэн бүтэн ажиллагаатай өгсөн.
Э.Мөнхсүх нь 2016 оны 10 сард С.Мөнхбатад өөрийн 180 тооны малаа харуулахаар өгөхдөө Д.Сүхээгийн 23 толгой малыг хамт өгөхдөө 2 хонь дутаасан байсан. Иймд Э.Мөнхсүхээс дээрх эд хөрөнгийн үнэ болох 560 000 төгрөг, дутсан эр хонины үнэ 200 000 төгрөг, эм хонины үнэ 150 000 төгрөг, нийт 910 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.
Сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Э.Мөнхсүх нь хөлсөөр ажиллах гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, зөвшөөрөлгүй бусад шилжүүлсэн атлаа ажлын хөлс нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй.
Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Сүхээ, малчин Э.Мөнхсүх нарын хооронд мал маллуулах хэлцэл хийгдэж өөрийн 23 толгой малаа маллуулахаар Э.Мөнхсүхэд өгсөн ба 1 малыг 2 000 төгрөгөөр маллахаар тохиролцсон ба ажлын хөлсөнд малчны шар хөлдөөгч, нарны толь, акумлятор зэрэг нарны энергээр ажилладаг 3 иж бүрдлийг өгсөн боловч акумлятор нь цэнэг байхгүй, муу цэнэгтэй байсан ба хөргөгч нь мах хөлдөөхгүй байсан. Ажлын хөлсөнд өгсөн зүйлс нь хүний амьдралын наад захын хэрэгцээг хангаж чадахгүй байсан учир Э.Мөнхсүх эдгээр зүйлсээ ав гэж Д.Сүхээд хэлж байсан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Нэхэмжлэгчийн малыг 5 дугаар сараас 9 дүгээр сарыг дуустал малласан учир нэг хонийг өдрийн 1000 төгрөгөөр тооцож сарын 20 000 төгрөг, 4 сарын хөлс 120 000 төгрөгийг Д.Сүхээгээс гаргуулж өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 360 дугаар зүйлийн 360.1, 493 дугаар зүйлийн 493.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Э.Мөнхсүхээс 350 000 төгрөгийг гаргуулан Д.Сүхээд олгох, Д.Сүхээгээс 60 000 төгрөг гаргуулж Э.Мөнхсүхэд олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 560 000 төгрөг, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 60 000 төгрөгийн нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 26 390 төгрөг, хариуцагчаас төлсөн 4 550 төгрөгийгтус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Мөнхсүхээс 11 150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Сүхээд олгох, нэхэмжлэгчээс 4 450 төгрөг гаргаж Э.Мөнхсүхэд олгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д зааснаар шинжээчийн дүгнэлтэд дурдсан зардал 110 000 төгрөг төлөхөөс Д.Сүхээгээс 40.000 төгрөгийг,Э.Мөнхсүхээс 70 000 төгрөгийг тус тус гаргуулан Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн Төрийн банкин дахь100000142787 тоот дансанд оруулж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч байна. Д.Сүхээ нь Э.Мөнхсүхэд холбогдуулж 60 ваттын нарны толь, 100 ваттын акумлятор зэрэгт 560 000 төгрөг, эр хоньд 200 000 төгрөг, эм хоньд 150 000 төгрөг, нийт 910 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Гэвч хариуцагчийн зүгээс хөндлөнгийн шинжээч томилуулж, дээрх хөрөнгүүдийн зах зээл дэх бодит үнэлгээг тогтоолгох хүсэлт гаргасны дагуу "Хөрөнгийн үнэлгээний төв" ХХК-с үнэлгээг гаргасан бөгөөд хөрөнгө шилжүүлсэн үеийн буюу 2016 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн байдлаарх үнэлгээг гаргасан байна.
Гэвч хөндлөнгийн үнэлгээчин нь цифрийн алдаа гаргаж ерөнхий мэдээллийн дүгнэлт хэсэг болон үндсэн дүгнэлт зэрэг дээр зөрүү гарган, акумляторын үнийг бууруулж 50 000 төгрөгөөр тооцон үнэлсэн байдаг. "Хөрөнгийн үнэлгээний төв" ХХК-ийн нэмэлт, дүгнэлт тайлбарт үнэлж буй акумлятор нь 1 жил ашигласан байсан тул 2016 оны 07 дугаар сарын байдлаар нарны цэнэг хураах, ашиглах акумлятор 250 000 төгрөгийн үнэтэй гэж тооцсон дүгнэлт гаргасан.
Нэхэмжлэгчийн зүгээс шүүх хуралдааны явцад Хөндлөнгийн үнэлгээчний дүгнэлтийг хүндэтгэж, хүлээн зөвшөөрч өөрт учирсан бодит хохирлыг 610 000 төгрөг байхаар тооцож нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байсан. Хөндлөнгийн шинжилгээ хийсэн байгууллага нь алдаагаа засаж, нэмэлт дүгнэлтээр уг акумляторыг тухайн үеийн зах зээлийн ханш 250 000 төгрөг болохыг тогтоосон байхад шүүхээс 100А акумляторыг 50 000 төгрөгөөр үнэлсэн мэтээр хөндлөнгийн шинжээчийн дүгнэлтийг буруу ойлгож 290 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Иймд Д.Сүхээд олгох ёстой 290 000 төгрөг дээр нэмж дутуу үнэлсэн акумляторын үнэ болох 200 000 төгрөгийг нэмж гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй.
Нэхэмжлэгч Д.Сүхээ болон Хариуцагч Э.Мөнхсүх нарын хооронд 276 000 төгрөгийн үнэ бүхий нарны толь, акумляторыг ажлын хөлсөнд өгч, 1 жилийн хугацаанд 23 толгой мал маллуулах хөлсөөр ажиллуулах гэрээ байгуулагдсан болох нь шүүх хуралдааны явцад тогтоогдсон. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Д.Сүхээ нь 23 толгой малаа 1 жил маллуулахад 276 000 төгрөгийн хөлс төлөх болохоо тохиролцсон болох нь нэхэмжлэлийн шаардлагаас тод харагдана. Иймд шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон үнийн дүнг зөвшөөрөх боломжгүй юм.
Нэхэмжлэгч, хариуцагч шүүхэд үнэн зөв тайлбар өгөх үүрэгтэй болохыг хуульчилсан байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Амгалан дутаасан 1 ширхэг эр хонины үнэ 110 000 төгрөг, нарны толь, акумляторын үнэ 276 000 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчид 386 000 төгрөгийг төлөх боломжтой гэж үзсэн болно.
Нэхэмжлэгч Д.Сүхээ 2016 оны 5 сард өөрийн 23 толгой малыг хүлээлгэн өгсөнтэй маргаагүй. Гэрч Мөнхбат 2016 оны 09 дүгээр сарын 01-нд Э.Мөнхсүхээс 22 толгой мал хүлээн авсантай талууд маргаагүй. Гэтэл анхан шатны шүүх Э.Мөнхсүхээс эм сувай хонины үнэ 100 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн буруу гэж үзэн зөвшөөрөхгүй байгаа болно. Өөрөөр хэлбэл, н.Мөнхбат гэдэг малчинд хариуцагч Э.Мөнхсүх нь 23 толгой мал хүлээлгэн өгөөд дараа нь 1 эр хонь бусдад зарсан болохыг гэрч Мөнхбат өөрөө нотлоод байхад шүүх "1 илүү хонины үнэ болох 100 000 төгрөгийг Д.Сүхээд төл" гэж байгаа нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй болохыг нотлоно.
Нэхэмжлэгч Д.Сүхээгийн эд хөрөнгө үнэтэй, харин Э.Мөнхсүхийн хөдөлмөр унэ иэнэгуй гэж шийдвэрлэх боломжгүй юм. Нэхэмжлэгч 2016 оны 5 сард 23 толгой мал Э.Мөнхсүхэд хүлээлгэн өгсөн гэвэл, Э.Мөнхсүх нь 2016 оны 9 сард н.Мөнхбат гэдэг малчинд 23 толгой мал шилжүүлсэн гэж үзвэл 4 сарын хугацаанд 23 толгой малыг Э.Мөнхсүх малласан болох нь тогтоогдож байна. Иймд Э.Мөнхсүх мал малласан ажлын хөлсөнд 92 000 /4сар х 23000төгрөг/ төгрөг шаардах эрхтэй гэж үзэж байна. Дээрхи байдлаар тооцвол 386 000 төгрөг /276 000+110 000/ Д.Сүхээд, 92 000 төгрөг Э.Мөнхсүхэд олгогдоно. Зөрүү 294 000 төгрөг болно.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, гомдлыг хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
Нэхэмжлэгч Д.Сүхээ нь хариуцагч Э.Мөнхсүхэд холбогдуулан 23 тооны мал маллуулсаны 1 жилийн ажлын хөлсөнд тооцож өгсөн 360 000 төгрөгийн нарны толь, 200 000 төгрөгийн акумляторын үнэ болон дутаасан хонины үнэ 350 000 төгрөг, нийт 910 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч хөлсөөр ажиллах гэрээний хөлсөнд 120 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.
Ажлын хөлсөнд тооцож өгсөн эд хөрөнгө болон дутаасан малын үнэлгээнд талууд маргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээч томилуулах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хүлээн авч, 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 184/ШЗ2017/13108 дугаар захирамжаар Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг шинжээчээр томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлжээ. Улмаар шинжээчийн дүгнэлт 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр гарсныг анхан шатны шүүх 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авсан байна.
Шинжээч Ж.Уртнасанд 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоход эдлэх эрх, хүлээх үүргийг танилцуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасан шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх бол шинжилгээ хийхээр томилогдож байгаа шүүхийн шинжилгээний байгууллагад ажилладаггүй шинжээчийг дуудан ирүүлж, шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд шинжилгээ хийлгэх тухай тогтоол, захирамж, хүсэлт гардуулан өгч, түүний биеийн байцаалт, мэргэжил, чадвартай танилцан, хэргийн оролцогчтой ямар харилцаатай болохыг тогтоохоос гадна шинжээчээс татгалзан гарах үндэслэл байгаа эсэхийг шалгах, мөн зүйлийн 9.2 дахь хэсэгт зааснаар харшлах шалтгаан байхгүй гэж үзвэл эрх, үүргийг нь тайлбарлаж, эс биелүүлбэл зохих хүлээх хариуцлагыг нь танилцуулах ажиллагааг дүгнэлт гаргахаас өмнө хийгдсэн гэж үзэхгүй бөгөөд хуулиар тогтоосон нотлох баримт бүрдүүлэх журам зөрчсөн гэж үзнэ. /хх 67 дахь тал/
Түүнчлэн анхан шатны шүүх шинжээч Ж.Уртнасанд Эрүүгийн хуулийн 254, 255 дугаар зүйлийг тайлбарласан боловч 2015 оны Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/-д дээрх заалт байхгүй тул шинжээчид Эрүүгийн хуулийн холбогдох заалтыг тайлбарласан, сануулсан гэж үзэхгүй.
Уг ажиллагаа бүрэн хийгдээгүй тохиолдолд шинжээчийн дүгнэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар эргэлзээгүй нотлох баримт гэж үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй юм.
Иймд зохигчдын хүсэлтээр нотлох баримт бүрдүүлэх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасныг анхан шатны шүүх зөрчсөн, уг алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-т заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 184/ШШ2018/02472 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6 700 төгрөг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4 450 төгрөгийг шүүгчийн захирамжаар тус тус буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ
ШҮҮГЧИД Т.ТУЯА
Э.ЗОЛЗАЯА