| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 164/2018/0073/Э/ |
| Дугаар | 2018/ШЦТ/78 |
| Огноо | 2018-08-17 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Д.Ариунжаргал |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 17 өдөр
Дугаар 2018/ШЦТ/78
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн нээлттэй явуулсан шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга би даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн
Улсын яллагч Д.Ариунжаргал
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Болормаа
Шүүгдэгч Ж.А нарыг оролцуулан Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.А-д холбогдох 1816001310065 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Т овогтой Ж-ны А.
Шүүгдэгч Ж.А Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан баг Гоёо дэлгүүрийн зүүн талын уулзвар дээр 2018 оны 06 дугаар сарын 02-ны орой Гранд марк-2 маркын 00-00 БРА улсын дугаартай автомашин жолоодож яваад Даюун маркын 00-00 ГАЗ улсын дугаартай мотоцикльтой мөргөлдөж С.О-ын биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:
Шүүгдэгч Ж.А-гийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “...2018 оны 06 сарын 02-ны өдөр ажил дээрээ ээлжийн үүргээ гүйцэтгээд ажил дээрээ байсан. Тухайн үед нэгжийн дарга айлаас түлхүүр аваад ир гэж хэлээд явуулсан. Машинтай ажлаас гараад тухайн айлд нь оччихоод буцаж яваад “Гоёо” дэлгүүрийн зүүн уулзвар дээр мотоцикльтой осол гаргасан байгаа...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Мөрдөн байцаалтын шатан өгсөн хохирогч С.О-ын “...Дэлгүүр орж У бид хоёр гурил, тос аваад би мотоциклийнхоо араар У-г суулгаад замаар урагшаа явж байтал Гоё дэлгүүрийн зүүн талд миний урдуур гранд марк-2 маркын цагаан өнгийн автомашин урсгал сөрөөд ороод ирэхэд би мотоцикльтойгоо эгцээрээ очоод уг автомашиныг мөргөсөн юм...” гэсэн мэдүүлэг /ХХ17-18/,
Иргэний нэхэмжлэгч А.У-ийн “...О бид хоёр дэлгүүр ороод гурил, тос аваад би О-ын мотоциклийн араар суугаад хөдөлсөн юм. Тухайн үед би О-ын араар суугаад явж байтал гэнэт машины гэрэл орж ирээд О-ын мотоцикльтой мөргөлдсөн юм. Тэгээд би ухаан алдаад нэг сэрээд ирэхэд цагдаа дуудаад намайг эмнэлэг авч явсан юм...” гэсэн мэдүүлэг /ХХ20/,
Иргэний нэхэмжлэгч Э.Т-ын “...У ирээд авчих гэхээр нь О миний мотоциклийг унаад явсан юм. Тэгээд ирэхгүй болохоор нь би засмал дагаад явж байтал О нэг жижиг машинтай мөргөлдсөн байсан юм...” гэсэн мэдүүлэг /ХХ22/
Гэрч Ц.С-ийн “...түрүүлээд хөдлөхөд О миний араас хөдлөх гээд үлдсэн юм. Тэгээд би гэртээ очоод С.О-ыг хүлээхэд С.О ирэхгүй болохоор нь буцаад явахад Гоёо дэлгүүрийн хажуу талын гурван замын уулзвар дээр гранд марк-2 маркын автомашинтай мөргөлдсөн байсан юм...” гэсэн мэдүүлэг /ХХ26/
Гэрч Э.М-ын “... ажил руу явж байтал Ж.А-гийн автомашин мотоцикльтой мөргөлдсөн байхаар нь би очоод харахад нэг эрэгтэй, нэг эмэгтэй хоёр хүн зам дээр хэвтэж байхаар нь би дуудлага өгөөд ажил руугаа очсон юм...Ж.А-гийн автомашин урсгал сөрөөд ороод зогсчихсон мотоцикль чигээрээ явж байгаад мөргөлдсөн шинжтэй хэвтэж байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ27/,
Говь-Алтай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Т.Алтайбаатарын 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 141 дугаартай “...1. С.О-ын биед зүүн жижиг шилбэ ясны хугарал, толгойн оройд шарх, баруун гуя, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохой зүйлийн үйлчлэлээр үүснэ.
3. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна..." гэсэн дүгнэлт /32-33/,
Говь-Алтай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Т.Алтайбаатарын 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 142 дугаартай “...1. А.У-ийн биед дагзанд шарх, зүүн дал, зүүн ташааны толгойн ар хэсэг, баруун хөлийн эрхий хуруунд зулгаралт, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ.
3. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." гэсэн дүгнэлт /39-40/,
Шинжээч, цагдаагийн дэслэгч Л.Лхагвадоржийн 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн “... НЭГ: Гранд марк-2 маркын 00-00 БРА улсын дугаартай автомашиныг жолоодож Замын хөдөлгөөнд оролцсон Ж-ны А нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 7. Хөдөлгөөн эхлэх болон чиг өөрчлөх: 7.12. Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ (уулзвар нэвтрэх тохиолдлоос гадна) өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. 9. Тээврийн хэрэгслийн хурд: 9.2. Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. гэсэн заалтыг, Даюун маркын 00-00 ГАЗ улсын дугаартай мотоциклийг жолоодож явсан С.О нь Замын хөдөлгөөний дүрмийн 2. Жолоочийн үүрэг: 2.1.а. тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх; 2.7.а. согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.
ХОЁР: Замын хөдөлгөөнд оролцогч Ж.А нь Замын хөдөлгөөний дүрмийн 7.12, 9.2 дахь заалтыг, С.О нь Замын хөдөлгөөний дүрмийн 2.1.а, 2.7.а заалтыг тус тус зөрчсөний улмаас уг осол болсон байх үндэслэлтэй байна...” гэх дүгнэлт /ХХ52/,
Шинжээч Л.Л-ийн “... Уг осолд 00-00 БРА улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Ж-ны А нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 7.12-т заасан жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө 9.2-д хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. гэсэн заалтыг зөрчсөн, мөн 00-00 ГАЗ улсын дугаартай мотоциклийг жолоодож явсан С.О нь Замын хөдөлгөөний дүрмийн 2.1.а-д заасан тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй байх гэсэн заалтыг, 2.7. а-д заасан согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн тул хоёулаа буруутай...” гэх мэдүүлэг /ХХ55/,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / ХХ3-6/, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /ХХ7/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /ХХ12-13/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ж.А нь 2018 оны 06 дугаар сарын 02-ны орой Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан баг Гоёо дэлгүүрийн зүүн талын уулзвар дээр Гранд марк-2 маркын 00-00 БРА улсын дугаартай автомашин жолоодож яваад Даюун маркын 00-00 ГАЗ улсын дугаартай мотоцикльтой мөргөлдөж С.О-ын биед хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Хэдийгээр хохирогч С.О нь согтуугаар жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож байсан буруутай боловч энэ нь шүүгдэгч Ж.А-г Замын хөдөлгөөний дүрмийн 7 дугаар зүйлийн 7.12 дахь хэсэгт заасан “Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ (уулзвар нэвтрэх тохиолдлоос гадна) өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” мөн дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн үүргээс чөлөөлөхгүй бөгөөд хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй бөгөөд хэргийг мөн хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:
Шүүхээс торгох оногдуулах тухай прокурорын санал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсгүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон дээрх хүчин зүйлсүүдийг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч Ж.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ж.А хохирогч С.О-т 350000 /гурван зуун тавин мянга/ төгрөг, иргэний нэхэмжлэгч А.У-д 192200 /нэг зуун ерэн хоёр мянга хоёр зуу/ төгрөг тус тус төлсөн, хохирогч С.О, иргэний нэхэмжлэгч А.У, Э.Т нар шүүгдэгчээс нэхэмжлэх зүйл байхгүй, санал гомдолгүй гэсэн тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц ДЮ00000000 регисртийн дугаартай иргэний үнэмлэхийг Ж.А-д буцаан олгох нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Товог овогт Ж-ны А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.А-г 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.А-д шүүхээс оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ж.А-д сануулсугай.
5. Шүүгдэгч Ж.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шүүгдэгч нь хохиргч, иргэний нэхэмжлэгч нарт төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц ДЮ00000000 регисртийн дугаартай иргэний үнэмлэхийг Ж.А-д буцаан олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА