Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 2025/ДШМ/60

 

 

 

 

 

 

 

     2025            01          08                                       2025/ДШМ/60

 

Б.А-, П.Х-

нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж, шүүгч Б.Ариунхишиг, шүүгч Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Энхбаяр,  

шүүгдэгч П.Х-ийн өмгөөлөгч Ө.Учрал,

нарийн бичгийн дарга О.Алтанзул нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 2024/ШЦТ/957 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Ариун-Уянгын гаргасан давж заалдах гомдлоор Б.А-, П.Х- нарт холбогдох эрүүгийн 2306035233315 дугаартай хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Ганбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Б овгийн Б-ын А-, 1997 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн, эмэгтэй, 26 настай, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, “...” ХХК-д хүний нөөцийн мэргэжилтнээр ажилладаг, ам бүл 6, эцэг, эх, хоёр дүү, хүүхдийн хамт ... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо ... тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, /РД:.../;

2. С овгийн П-ын Х-, 2005 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн, эрэгтэй, 19 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, хоёр дүү, хүүхдийн ... тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, /РД:... /;

 

Шүүгдэгч Б.А-, П.Х- нар нь бүлэглэн 2023 оны 06 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Э.Ш-г “таксины мөнгөө өгөөгүй” гэх шалтгааны улмаас түүний биед халдаж баруун дээд, доод зовхи, баруун гуянд цус хуралт, хэвлийд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан хэрэгт холбогджээ.  

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.А-, П.Х- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.А-, П.Х- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг “бүлэглэж” үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Б.А-, П.Х- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, шүүгдэгч Б.А-, П.Х- нар нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хучин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, хохирогч Э.Ш-гийн сэтгэцэд учирсан хохиролтой нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй холбоотой нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, уг нэхэмжлэл болон бусад зардал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол зэргийг холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-, П.Х- нараас тус тус 45.000 /нийт 90.000 төгрөг/ төгрөгийг гаргуулан хохирогч Э.Ш-д олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хоёр ширхэг сидиг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэргийг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.А-, П.Х- нар нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчоос хохирол төлбөрийг хүлээн авахаас татгалзсан болохыг, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэн хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ц.Б.А- давж заалдах гомдолдоо: “…Анхан шатны шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй. Яагаад гэвэл хохирогчид би ямар үйлдлээр гэмтэл учруулсан болох нь тогтоогдоогүй, шүүх хуралдаанд өмгөөлөгч миний буруутай зүйлийг тогтоосон баримтууд байхгүй, харин намайг буруугүй болохыг нотолсон баримтуудыг нэг бүрчлэн судлан мэтгэлцсэн боловч анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо өмгөөлөгчийн цагаатгах талын баримтуудыг няцаасан үндэслэлээ бичээгүйд гомдолтой байна. Прокурорын зүгээс намайг дүүтэйгээ бүлэглэн 2023 оны 06 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Э.Ш-г “таксины мөнгөө өгөөгүй” гэх шалтгааны улмаас түүний биед халдаж баруун дээд, доод зовхи баруун гуянд цус хуралт, хэвлийд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэж буруутгасныг анхан шатны шүүх таамаг бүхий дүгнэлтээр гэм буруутайд тооцсон. Анх энэ хэргийн талаар би цагдаагийн байгууллагад хандаж гомдол гаргаж зөрчлийн хэрэг нээн шалгуулсан, тухайн үед хохирогч Э.Ш- нь нүдэнд ил харагдах гэмтэл байхгүй байсан ба би гадагш явах материал элчинд өгчихсөн байсан болохоор маргаан бүхий асуудлаа түргэн дуусгах гээд танд мөнгө төлье гээд хэлчихсэн. Тухайн үед үнэхээр нэхсэн мөнгө нь олдоогүй болохоор Э.Ш- нь гомдол гаргаж шүүхээр хэргийг шийдвэрлэхэд түүнд учирсан хохирлын баримт 90.000 төгрөг гэж шүүх дүгнэсэн. Энэ хохирлыг төлье гэхэд Э.Ш- нь авахгүй гэж шүүхэд болон бидэнд ч хэлсэн. Э.Ш-гийн энэ бүх үг, үйлдлийг хэрэгт байгаа баримтуудтай харьцуулан сайтар нягталж өгөхийг та бүхнээс хүсэж байна. Зориуд яллах санаатай, анх нэхсэн мөнгийг нь өгч чадаагүй болохоор өс санаж шүүхээс тогтоосон төлбөрийг авахгүй гэсээр байгаа. Тухайн хэрэг гарсан шөнө би дүүгийн хамт явж байсан, бид Э.Ш-д огт гар хүрч зодож цохиогүй, харин Э.Ш- өөрөө машины гаднаас машиныг цохиж, балбаж байсан. Машинд анх суухдаа л бэртэл авсан байсан эсэхийг мэдэхгүй, дуудлагаар цагдаа авч яваад биед үзлэг хийхэд гэмтэл байгаагүй, эрүүлжүүлэх гэхэд жирэмсэн гэх бичгийг өөрөө бичиж, жирэмсний тест харуулсан гэх Эрүүлжүүлэх баривчлах байрны эмч, ажилтны мэдүүлэг ч байдаг. Яагаад амьдралаа авч явах гэж яваа ядарсан хүмүүст хууль худал үйлчилж, бодит байдлаас эсрэг байдлыг ойлгохгүй байна. Миний дүү П.Х- ирээдүйд ял шийтгэлтэй гэж бичигдэж, залуу хүн гадаадад сурч хөдөлмөрлөхөд ч хүнд байдалд оруулж байна. Бид эхийн хамт амьдардаг бөгөөд дор бүрнээ ээждээ нэмэр болох гэж шударгаар хөдөлмөрлөж яваа иргэд, түүнээс архидан согтуурч, худал хэлж, хүний мууг үзэх гэж яваагүй ээ. Эрхэм шүүгчид минь хэргийн бодит байдлыг тогтоосон баримтууд нь үнэн зөв зөрүүгүй, үндэслэлтэй эсэхийг хянан үзэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч П.Х-ийн өмгөөлөгч Ө.Учрал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч П.Х-ийн хувьд анхан шатын шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон. Өөрөөр хэлбэл хохирогчийг тэвэрч уруу газар унагаагаад, үүнээс үүдэж бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх үйл баримттай маргадаггүй, хүлээн зөвшөөрч оролцдог. Энэ ч утгаараа анхан шатны шүүхийн шийдвэрт хүндэтгэлтэй хандаж, давж заалдах журмаар гомдол гаргаагүй. Шүүгдэгч Б.А- давж заалдах журмаар гомдол гаргаж, шүүх хэргийг хянан хэлэлцэх болсон тул шүүгдэгч П.Х-ийн эрүүгийн хариуцлагаас хөнгөлж өгөөч гэж хүсэж байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч П.Х-ийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү. Шүүгдэгч Б.Ариун-Уянгын өмгөөлөгч Э.Уянга сүлжээгүй газар байгаа тул шүүх хуралдаанд цахимаар оролцож чадахгүй нөхцөл байдал үүссэн. ...” гэв.

Прокурор Д.Энхбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.А-, П.Х- нарын үйлдсэн гэмт хэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоосон гэж прокурорын зүгээс үзэж байна. Шинжээчийн дүгнэлтээр хохирогч Э.Ш-гийн биед учирсан бүх гэмтлүүд нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахгүй гэдэг. Э.Ш-гийн биед учирсан гэмтлээс баруун гуянд цус хуралт бүхий гэмтлийг хаалганд хавчуулж Б.А- учруулсан гэж хохирогч мэдүүлдэг. Шүүгдэгч Б.А- анхан шатын шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд хөлөө хавчуулчихсан байхаар нь би хавчаад байсан гэх үйл баримтыг мэдүүлдэг. Тиймээс хавтаст хэрэгт авагдсан баримтууд болон шийтгэх тогтоол хуульд нийцсэн. Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн болон ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа тул шийтгэх тогтоолыг  хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж, дараах байдлаар дүгнэлт хийв. Үүнд:      

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 16.2 дугаар зүйл, 32.3 дугаар зүйлд зааснаар тухайн шүүгдэгчид холбогдох хэргийн бодит байдлыг тогтоох ажиллагаа болон тус хэрэгт цугларч, бэхжигдсэн нотлох баримтын эх сурвалжууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмыг зөрчсөн эсхүл оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэж үзэх үндэслэл, үйл баримт тогтоогдсонгүй.        

2. Анхан шатны шүүхээс хэргийн бодит байдлыг тогтоож, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг хянан шийдвэрлэхдээ шүүх хуралдааны оролцогч, талуудын эрхийг хангаж, тэдний шинжлэн судалсан нотлох баримт болон санал, дүгнэлтийг харьцуулан шалгаж, үнэлсний үндсэн дээр шүүгдэгч Б.А-, П.Х- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хэргийн зүйлчлэлийн талаар хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.  

Тодруулбал, шүүгдэгч Б.А-, П.Х- нар нь бүлэглэн 2023 оны 6 дугаар сарын 19-өөс 20-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Э.Ш-г “таксины мөнгөө өгөөгүй” гэх шалтгааны улмаас түүний биед халдаж баруун дээд, доод зовхи, баруун гуянд цус хуралт, хэвлийд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:  

- хохирогч Э.Ш-гийн гомдол /1хх-4/

- хохирогч Э.Ш-гийн “...тухайн үед би согтуу байсан, таксины жолоочид би төлбөрөө хийх гээд кодоо буруу хийснээс интернэт банк блоклогдсон, төлбөрөө дараа өгье гэсэн, гар утсаа үзүүлтэл мөнгөө өгөх чадваргүй юм байна гээд миний утсыг өгөхгүй байсан, тэгээд утсаа авах гээд маргалдсан, намайг тэр 2 хүн машинаасаа татаж буулгах гээд, би үгүй, утсаа гэтэл тэр 2 хаалгаа савж, баруун хөл, гуя хэсгийг хаалганд хавчуулсан, тэгээд татаж чангаагаад нүүр болон цээж рүү цохиж алгадаад байсан, намайг чирж буулгасан, би утсаа авна гээд жолоочийн суудал дээр суугаад утсаа арай гэж авсан, дахин 2 талаас татаж буулгасан, буулгачихаад эрэгтэй нь миний гарыг хөдөлгөөнгүй болгож барих хооронд эмэгтэй нь миний гар утсыг булааж аваад гар, хөл, хэвлий хэсэг рүү цохиж өшиглөсөн, эрэгтэй нь газарт түлхэж унагаасан.../1хх-8/...Таксины жолооч эмэгтэй бас хамт явсан эрэгтэй нь эдгээр гэмтлүүдийг учруулсан.  Баруун дээд, доод зовхины цус хуралтыг бол намайг машинд сууж байхад эрэгтэй нь цохиж учруулсан, баруун гуяны цус хуралтыг бол эрэгтэй эмэгтэй хоёулаа учруулсан, намайг машинаас буу гэж татаж чангааж байхдаа хоёулаа хаалга савж миний баруун хөлийг хавчиж баруун гуянд цус хуралт үүсгэсэн, харин хэвлийн зулгаралтыг эрэгтэй нь намайг хөдөлгөөнгүй барьж байх үед эмэгтэй учруулсан...2023.06.22-ны өдөр...хорооны цагдаа тухайн өдөр болсон бичлэгийг үзүүлэхэд тэр 2 надад учруулсан хэргээ хүлээгээд, тохиролцоё гэж гуйгаад 1,5 сая төгрөгийг 2023.07.10-ны өдөр өгөхөөр тохиролцсон, гэвч тэрнээс хойш холбоо бариагүй, холбогдож чадаагүй тул цагдаад дахин гомдол гаргаж, шинжилгээ хийлгүүлэх болсон...” /1-р хх-72-73/,  

- шинжээчийн дүгнэлт “...Э.Ш-гийн биед баруун дээд, доод зовхи, баруун гуянд цус хуралт, хэвлийд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн байна. Дээрх гэмтлүүд нь нийлээд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой...” /1-р хх 15-16/,

- шинжээчийн дүгнэлт “...Э.Ш-гийн биед учирсэн гэмтлүүд нь  нийлээд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь тус тусдаа бол гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан гэх 2023 оны 6 дугаар сарын 19-өөс 20-ны өдөр үүссэн байх боломжтой...” /1-р хх 170-171/

- шинжээч Б.Цолмонгийн “...Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ...тус бүрдээ гэмтлийн зэрэгт хамаарахгүй, нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун дээд, доод зовхины цус хуралт нь унах үед үүсэх боломжгүй, бусад хэсгийн гэмтлүүд нь уналтаас үүссэн байх боломжтой...” /1-р хх 43/,

- сидид хуурцагт үзлэг хийсэн тэмдэглэл “...Э.Ш- нь машины жолооч талын хаалганы хажууд алхаж очоод, хаалгыг дотроос нээж Б.А- гарч ирээд Э.Ш-гийн гарнаас ямар нэгэн зүйл зүүн гараараа булаан авч машинруугаа шидээд Э.Ш- болон Б.А- хоёр бие биеийнхээ гарыг барьж түлхэлцэж байх үед П.Х- зогсож буй тоёото приус 30 загварын тээврийн хэрэгслийн хажууд зогсож байгаад алхаж очоод Э.Ш-гийн гарнаас татаж машинаас холдуулаад машины арын хэсгээр тойрч цаад талаар очиж сууж байх ба энэ үед Б.А- машиндаа суугаад хаалгаа хааж байв...” гэх тэмдэглэл /1-р хх-70, 76/,  

- гэрч Э.С-ын“...Намайг дуудлагаар очих үед Э.Ш- гэдэг эмэгтэй дуудлага мэдээлэл өгсөн гээд согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн байдалтай...Э.Ш- нь таксигаар үйлчилж байсан гэх эрэгтэй, эмэгтэй хоёр хүний машины жолооны хүрдийг барьчихсан урд суудал дээр суусан, машинаас буухгүй орилоод байсан. Би Э.Ш-г холдуулаад цагдаагийн хэлтэс дээр авч ирсэн, зөрчлийн хэрэг бүртгэгчид хүлээлгэж өгсөн...” гэх мэдүүлэг /1-р хх 134/,

- гэрч Ц.Г-ын “...хяналтын камерын бичлэгт үзлэг хийхэд Б.А-, П.Х- хоёрыг машиндаа орж суусны дараа Э.Ш- тухайн машины цонхыг цохиж хаалгыг нээх үйлдэл хийх үед Б.А- нь хаалгаа нээж гарч ирэх үед Э.Ш- нь зөрж жолоочийн сандал дээр суугаад буухгүй байх ба Б.А- хажууд нь хэсэг хугацаанд зогсож байгаад татаж буулгаад маргалдаж байх үед П.Х- нь машины цаад талаас гарч тойрч ирээд Э.Ш-г хажуу талаас нь тэвэрч өргөөд машинаас холдуулж хоёр алхам алхаад зүүн гар тийшээ бага зэрэг эргүүлэгтээ инерцээрээ тавьчих ба Э.Ш- хөл алдаж баруун талаараа унахдаа баруун шанаа, нүүрний баруун хэсгээрээ газар мөргөж ерөнхий биеийн байдал баруун талаараа унаж байгаа нь бичигдсэн байсан...Бичлэгт тэр гурав зууралдаад бие биенээ түлхсэн үйлдлүүд байсан. Э.Ш- нь тухайн үед шүүх эмнэлэгт үзүүлэхгүй гэж мэдүүлэг тайлбар өгөөд явсныхаа дараа 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн орой 17 цагийн үед над руу залгаад би гомдолтой, шүүх эмнэлэгт үзүүлнэ гэсэн...Гэтэл маргааш нь тэр 3 хамт хоорондоо тохиролцож орж ирээд, Э.Ш- эмнэлэгт үзүүлэхгүй гэж хүсэлт гаргасан, зөрчлийн арга хэмжээ авсан...Миний гар утсанд 20 минутын бичлэг байсан, зөрчлийн хэрэг шийдвэрлэгдсэн учир компьютер дээр хадгалах зорилгоор хамтран ажилладаг хүний viber руу явуулаад өөрийнхөө үндсэн бичлэгээ устгасан, гэтэл эхний минутаас дээш бичлэг “viber”-т явдаггүйг мэдээгүй...гэх мэдүүлэг /1-р хх 66-67/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон байна.          

Тухайн нотолгооны эх сурвалжууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан, эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хангалттай байх шалгуурт нийцсэн байх тул шүүгдэгч Б.А-, П.Х- нарын бүлэглэн үйлдсэн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинж хангагдсан гэж үзнэ.

Тодруулбал, хохирогч Э.Ш-гийн эрүүл мэндэд учирсан хөнгөн гэмтэл нь Б.А-, П.Х- нарын санаатай нэгдсэн гэм буруутай үйлдэлтэй шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон, харин тухайн гэмтлийг хохирогч өөрөө өөртөө эсхүл өөр бусад этгээд учруулаагүй байна. 

Хохирогч Э.Ш-гийн гаргасан гомдол болон өөрийн эрүүлд мэндэд учирсан хохирлыг хэзээ, хэн, хэрхэн учруулсан талаар удаа дараа өгсөн мэдүүлгүүд, холбогдох баримтуудыг /1хх-4, 8, 72-73, 85-90, 101-104/ хамаарах бусад баримтын эх сурвалжтай харьцуулан шалгахад хохирогчийн мэдүүлэг тогтвортой, эх сурвалжаа заасан байх бөгөөд илтэд худал мэдүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

Хэрэг үйлдэгдсэн тухайн цаг хугацаанд хохирогчийн эрүүл мэндэд олон удаагийн үйлчлэлээр олон тооны гэмтэл, шархууд учирсан ба нийтдээ гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахыг тогтоосон шинжээч нарын дүгнэлтийг үгүйсгэн няцаах үндэслэл, үйл баримтгүй байна.      

Шүүгдэгч Б.А-, П.Х- нарт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар баталгаажуулсан эрхийг нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүхий л шатанд тухай бүр танилцуулж, тайлбарласан байх ба шүүгдэгч нар нь өөрсдийн гэм бурууг нотлохгүй, өөрсдийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй учраас тус эрхийнхээ хүрээнд харилцан адилгүй мэдүүлэг өгөх, гэм буруугаа хүлээсэн эсэх нь тэдний үйлдсэн гэмт хэргийн шинжийг тус бүр үгүйсгэх үндэслэл болохгүй юм.    

Харин хохирогч нь анх шүүх эмнэлэгт үзүүлэхгүй, гомдолгүй гэж хэлэх болсон шалтгааны хувьд Э.Ш-, Б.А-, П.Х- нар зөрчлийн хэрэг бүртгэлийн шатанд уулзаж, улмаар Б.А-, П.Х- нар цагдаагийн гар утсанд бэхжигдсэн байсан гэх бичлэгийг үзсэнийхээ дараа хохирогч Э.Ш-д учирсан гэх эмчилгээний болон  бусад төлбөрийг тодорхой хугацаанд төлнө гэж тохирсон гэх боловч  биелэгдээгүйгээс зохих хугацаа алдсан нь илэрхийлэгдсэн, энэ явцад дүрс бичлэгийн зарим хэсэг устсан байсан болохыг тус тус дурдах нь зүйтэй.  

4. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын буюу учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг бүх талаас нь харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, шалгууртай байдаг. 

Тус эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзах шалгуур, шаардлагыг нотолж буй баримт, талуудын санал, дүгнэлтийг харьцуулан шалгаж, үнэлэх замаар ялын төрөл,  хэмжээг хэрхэн оногдуулах нь шүүхэд олгогдсон эрх хэмжээний асуудалд хамаарна.        

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.А-, П.Х- нарт тус бүр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахдаа дээр дурдсанаар харгалзвал зохих шалгуур, шаардлагын талаар зохих дүгнэлт хийсэн байх тул тэдэнд оногдуулсан торгох ял, түүний хэмжээ нь шүүгдэгч нарын тус бүр үйлдсэн гэмт хэргийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон гэж үзэв.  

Хэргийн үйл баримтуудаас үзэхэд, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, мөн мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж, гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдал дээрх шүүгдэгч нарын хувьд илрээгүй байхаас гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, бусад нөхцөл байдлыг харгалзахад шүүгдэгч П.Х- нарыг ялаас чөлөөлөх үндэслэл тогтоогдоогүй болно.  

5. Иймд шүүгдэгч Б.Ариун-Уянгын давж заалдах журмаар гаргасан “гэмт хэрэг үйлдээгүй тул цагаатгах, шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг хүчингүй болгох” агуулга бүхий гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь : 

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 2024/ШЦТ/957 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Ариун-Уянгын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар оролцогч гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг  дурдсугай.     

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА

 

                       ШҮҮГЧ                                                         Б.АРИУНХИШИГ

 

                       ШҮҮГЧ                                                          Г.ГАНБААТАР