Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 221/МА2018/0354

 

Г.Г-ын нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай

                         

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Отгондэлгэр, нэхэмжлэгч Г.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А, Ж.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О, О.М, хариуцагчийн өмгөөлөгч Г.Н нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2018/0186 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, Г.Г-ын нэхэмжлэлтэй, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргад холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд, 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2018/0186 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.3, 26.4, 27.2.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Г-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргын 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн “Ажлаас халах тухай” Б-37 дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, Г.Г-ыг урьд эрхэлж байсан албан тушаал болох газар ашиглалт хариуцсан /Газар зохион байгуулалт/ мэргэжилтний албан тушаалд томилохыг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргад даалгаж,

Шийдвэрийн 2 дахь заалтаар: Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 28 дугаар зүйлийн 28.2.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 101 дүгээр зүйлийн 101.1, 101.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.Г-ын нэхэмжлэлийн шаардлагаас цалингийн олговроос илүү нэхэмжилсэн 1778376 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, түүний ажиллаагүй хугацааг 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 21-нийг хүртэлх хугацаагаар тооцож, 4439904 /дөрвөн сая дөрвөн зуун гучин есөн мянга есөн зуун дөрөв/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохыг, ийнхүү олгохдоо хуульд заасан холбогдох суутгалуудыг хийхийг, нэхэмжлэгчийн ажиллаагүй хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг хуульд заасан хувь хэмжээгээр нөхөн төлж, зохих журмын дагуу сар тутмын шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийхийг тус тус хариуцагч Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагч Ц.Д давж заалдах гомдолдоо: “Иргэн Г.Г-ын нэхэмжлэлтэй, Богдхан уулын дархан цаазат газрын захиргааны дарга Ц.Д-д холбогдох захиргааны хэргийг 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс хянан хэлэлцээд 128/ШШ2018/0186 дугаар бүхий шийдвэрийг гаргасан. Тус шийдвэрийг 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр шүүхийн бичиг хэргийн ажилтан тус байгууллагад хүргэн ирж хүлээлгэн өгсөн.

Хариуцагчийн зүгээс тус шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах гомдлыг үүгээр гаргаж байна.

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Шийдвэрийн үндэслэх хэсэгт /7 хуудас/ “Г.Г нь маргаан бүхий захиргааны актыг мэдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд хандан нэхэмжлэлээ гаргасан нь хууль зөрчөөгүй байна” гэж дүгнэсэн. Гэтэл Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.8-д “Төрийн жинхэнэ албан хаагч сахилгын шийтгэл ногдуулсан тухай шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл энэ тухай гомдлоо тухайн шийдвэрийг мэдсэн өдрөөс хойш 1 сарын дотор төрийн дээд шатны байгууллага, эсхүл шүүхэд гаргаж болно” гэж заасан. Нэхэмжлэгч нь Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.4-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагч энэ хуулийн 39.1-д заасан маргаантай холбогдсон гомдлоо төрийн албаны салбар зөвлөл болон төрийн албаны төв байгууллагад 1 сарын дотор гаргана” гэж заасны дагуу гомдлоо Төрийн албаны салбар зөвлөлд 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр гаргасан байх бөгөөд тус салбар зөвлөлөөс шийдвэр гараагүй байхад нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Захиргааны ерөнхий хуулийн 93, 94 дүгээр зүйлд зааснаар гомдлыг шийдвэрлэх 60 хоногийн хугацаа дуусаагүй, тус гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй буюу хуульд заасан урьдчилан шийдвэрлүүлэх журам хангагдаагүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авч хэргийг хянан шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 54.1.3-д “Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой” үед 54.1-д заасны дагуу шүүгч нэхэмжлэл хүлээн авахаас татгалзаж, нэхэмжлэлийг буцаах хуулийн шаардлагыг зөрсөн гэж үзэж байна.

Шийдвэрийн үндэслэх хэсэгт /10 хуудас/ “Шүүх маргаан бүхий захиргааны актыг зөрчлийн шинж чанарт тохироогүй, зөрчил нэг бүрийг шалган тогтоогоогүй, бодит байдалд тохирохгүй шийдвэр байна. Үүгээрээ нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна гэж дүгнэлээ. Яагаад гэвэл, ажлын хэрэгцээний компьютерыг бусдад ашиглуулан, өөрийнхөө хийвэл зохих ажлыг бусдаар гүйцэтгүүлж байсан гэх зөрчил нь гэрч Д.Г, М.А нарын мэдүүлгээр няцаагдаж, архив, бичиг хэргийн ажилтанд хамаарах хөдөлмөрийн дотоод журмын зарим заалтыг мэргэжилтэн Г.Г-д сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болгож байгаа нь ойлгомжгүй, энэ талаар тогтоосон баримт байхгүй, амралтын олговроос илүү мөнгө завшсан гэх зөрчлийг мөн тогтоогоогүй байна” гэжээ. Үүнийг дараах байдлаар хууль

Ажлын хэрэгцээний компьютерыг бусдад ашиглуулан, өөрийнхөө хийвэл зохих ажлыг бусдаар гүйцэтгүүлж байсан гэх зөрчил няцаагдаж байна гэж дүгнэсэн. Гэтэл шүүхийн шийдвэрт гэрч нар ямар мэдүүлэг өгсөн талаар дурдаагүй байгаа нь ЗХХШТХ-ийн 107.4-д заасны дагуу шийдвэрийн үндэслэх хэсэгт хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдлыг тусгана гэж заасныг зөрчсөн гэж үзэж байна.

Тухайн хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн Д.Г, М.А нар Богдхан уулын дархан цаазат газрын ажилтнууд биш бөгөөд тухайн хэрэгт гэрчээр оролцох боломжгүй гэж үзэж байна. Мөн албаны компьютер ашиглаж байхад нь тус газрын дарга өрөөндөө дуудан уулзаж, ямар учиртай хүн болох, юу хийж байгаа талаар болон тухайн гэрч гэгдэх этгээдээс өөрөөс бичгээр тайлбар гаргуулан авсан байдаг. Мөн өөрийн хийх ёстой ажлыг бусдаар гүйцэтгүүлсэн гэдэг утгаар бус төрийн болон албаны нууцад хамаарах мэдээ мэдээлэл, баримт сэлтийг бусдад задруулсан гэдэг утгаар нь ажлаас халах үндэслэл болгосон. Энэ талаар одоог хүртэл тагнуулын байгууллагад шалгалт хийж байгаа бөгөөд Тагнуулын ерөнхий газар болон харьяа яамны хамтарсан ажлын хэсэг ажиллаж байна. Хэрэг шалгагдаж байгаа талаар тагнуулын байгууллагын тодорхойлолт, хүсэлт гаргасаар байтал хэргийг хөдөлмөрийн маргааныг захиргааны журмаар шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн гэж үзэж байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс хянан хэлэлцээд шийдвэрлэсэн 128/ШШ2018/0186 дугаар бүхий шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн давж заалдах гомдлын хүрээнд хянав.

Анхан шатны шүүх нотлох баримтыг бүрэн цуглуулж, үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байна.

Төрийн албан хаагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан сөрөг нөлөөлөл бүхий, төрийн албанаас халах захиргааны акт нь заавал эрх зүйн үндэслэлтэй байх ёстой бөгөөд уг үндэслэл нь Төрийн албаны тухай хуулийн зохих зүйл заалтад нийцсэн, гаргасан зөрчил бүр нь нь нотлох баримтаар, хангалттай, бүрэн дүүрэн тогтоогдсон байхыг шаарддаг.

Хариуцагч нэхэмжлэгчийн гаргасан гэх зөрчил тус бүрийн хууль зүйн үндэслэлийг баримтаар шүүхэд нотолж чадаагүй гэж анхан шатны шүүх үзсэн нь үндэслэлтэй. Учир нь аливаа төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, халах тушаал шийдвэрийг гаргахдаа нотлох баримтыг бүрэн цуглуулж, зөрчил тус бүрийг шалган тогтоож, мэдэгдэх, сонсох ажиллагааг хийж, тухайн төрийн албан хаагчийг тайлбар гаргах эрхээр нь хангасан байх ёстой. Өөрөөр хэлбэл, захиргааны акт гарахдаа нотлох баримтыг үндэслэх ёстой. Энэ бол урьд өмнө нь Засгийн газрын 97 дугаар тогтоолоор, одоо ялгаагүй Захиргааны ерөнхий хууль, Төрийн албаны тухай хуулиар тавигдаж буй шаардлага юм. Гэтэл хариуцагч талаас зөрчлийг нотлох баримтыг шүүх бүрэн цуглуулаагүй мэтээр давж заалдах  гомдол гаргаж байгааг хүлээн авах боломжгүй.

Хариуцагчийн гаргасан маргаан бүхий захиргааны актад шүүх хяналт тавих болохоос бус нэгэнт гарсан захиргааны актыг нотлох баримт цуглуулах замаар нэхэмжлэгчийн гэм бурууг хөөж нотлох үүргийг шүүх хүлээхгүй.

Хариуцагчийн зүгээс давж заалдах шатны шүүх хуралдаанд “нэхэмжлэгчийн ажлын байр одоо байхгүй болсон” гэсэн агуулгаар тайлбар гаргаж үүнийгээ маргаан бүхий тушаалыг зөвтгөх нэг үндэслэл болгож байна.  Нэхэмжлэгчийг анх ажлаас халахдаа “бүтэц орон тоо өөрчлөгдсөн, ажлын байрны орон тоо цөөрсөн, хасагдсаны улмаас ажлаас чөлөөлөөгүй” тул энэхүү үндэслэл нь тушаалыг зөвтгөх хууль ёсны гэж үзэх нөхцөл болохгүй.

Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т “Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэж заажээ. Гэтэл хуулийн энэхүү зохицуулалтыг анхааралгүй, нийт зөрчлийн хөөн хэлэлцэх хугацааг харгалзан үзэлгүй арга хэмжжээ авчээ.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “...Хүнийг хөгжлийн бэрхшээл болон эрүүл мэндийн байдлаар нь ялгаварлан гадуурхахыг хориглоно”, мөн зүйлийн 6.5.1-д “хүнийг хөгжлийн бэрхшээлээр нь доромжлох, тохуурхах...”-ыг ялгаварлан гадуурхалт гэж үзэхээр, “Хуулийн этгээдийн нийтлэг эрх, үүрэг” 43 дугаар зүйлийн 43.1.7-д “хөгжлийн бэрхшээлтэй хүнтэй зүй бусаар харилцах, ...-ийг үл тэвчих” гэж тус тус заажээ. Гэтэл хариуцагчийн зүгээс удаа дараа “хөгжлийн бэрхшээлтэй болохоо батал” гэж шаардаж, хүний эрхийн зөрчил гаргасан байна. Энэ нь Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны хамт олны 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн хурлын тэмдэглэлээр тогтоогдож байна.[1]

Хуулиар “хөгжлийн бэрхшээлтэй иргэн болохоо батлах үүрэг Г.Г-д ногдуулаагүй боловч хариуцагч эрх мэдлээрээ далайлгаж байсан тул аргагүйн эрхэнд нэхэмжлэгч Г.Г нь эмнэлгийн байгууллагаар өөрийгөө хөгжлийн бэрхшээлтэй болохоо батлахаар явсан байдал тогтоогдож байна. Г.Г ийнхүү өөрийгөө хөгжлийн бэрхшээлтэй иргэн болохоо батлахаар аргагүйн эрхэнд явж байгаа нь хөгжлийн бэрхшээлтэй иргэний хувьд өөрөө доромжлол мөн.

Гэтэл тухайн үзсэн эмч нь хариуцлагагүй хандаж эмнэлгийн магадлагаагаа бүрэн гүйцэт, зохих журмын дагуу бичээгүй байна. Үүнд нэхэмжлэгч буруутай биш юм. Өөрөөр хэлбэл Г.Г нь ямар ч эмнэлэгт үзүүлээгүй байж эмнэлгийн магадлагаа авч ирсэн зүйл байхгүй, бодитойгоор эмнэлэгт үзүүлсэн болох нь тогтоогдож байна. Иймд Г.Г-ыг эмнэлгийн хуурамч магадлагаа үйлдсэн эсхүл авч ирсэн мэтээр буруутгах үндэслэлгүй.

Маргаан бүхий захиргааны акт болох 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Б-37 дугаар тушаалыг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Ц.Д дангаараа гаргасан, өөрөө хариуцагчаар энэхүү маргаанд оролцож байгаа тул түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэхгүй. Иймд хариуцагчаар байгууллагыг татах байхад тушаал гаргасан даргыг татсан гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарыг хүлээн авах боломжгүй.

Эдгээр болон бусад үндэслэлээр анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх тул хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох боломжгүй. Иймд шийдвэрийг хэвээр үлдээв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2018/0186 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

                               ШҮҮГЧ                                                                   Ц.САЙХАНТУЯА

                               ШҮҮГЧ                                                                   Э.ЗОРИГТБААТАР  

 


[1] 1ХХ-ийн 58-64 хуудас