| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ч.Баярсүрэн |
| Хэргийн индекс | 192/2025/05006/И |
| Дугаар | 192/ШШ2025/09691 |
| Огноо | 2025-11-19 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 19 өдөр
Дугаар 192/ШШ2025/09691
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ***** хороо, *********** талбай 5, *********** төв байранд байрлах Г ХК /рд: ***********/,
Хариуцагч: ********* дүүрэг, ********* хороо, ******* төвийн бүс /16010/ 113 байр, ***** тоот хаягт оршин суух, Х овогт М-ын Ш /рд: *********/,
Хариуцагч: *******, ****, * баг, ***** баг, **** хороолол, **** байр, **** тоот хаягт оршин суух, А овогт Ч-ын О /рд: **********/,
Хариуцагч: ********* дүүрэг, ******* хороо, ************, *********** тоот хаягт оршин суух, Б овогт А-ийн М /рд: **********/,
Нэхэмжлэлийн шаардлага: 59,368,694.04 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Төвсайхан хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Г ХК нь хариуцагч М.Ш , Ч.О-, А.М нарт холбогдуулан 59,368,694.04 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Иргэн М.Ш , Ч.О нар нь 2017 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр Г-тай ЗГ1905113968 дугаартай орон сууцны зээлийн гэрээ байгуулж 80,000,000 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэйгээр 360 сарын хугацаатай зээлж авсан. Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2017 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр БГ1905113968 дугаарт Ипотекийн гэрээгээр М.Ш , Ч.О нарын өмчлөлийн ****** дүүрэг, **** дүгээр хороо, ***** бүс /*****/ *** байр, **** тоот 42,26 м.кв, улсын бүртгэлийн Ү-2205064197 дугаар бүхий хоёр өрөө орон сууцыг барьцаалсан. М.Ш , А.М нь 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр ЗГ3405151042 дугаартай зээл болон барьцааны гэрээ байгуулж 6,000,000 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 13,2 хувийн хүүтэйгээр 30 сарын хугацаатай цалингийн зээл авсан. Мөн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр ЗГ3405151042-1 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулж зээлийн хэмжээг 10,000,000 төгрөгөөр нэмэгдүүлж зээлийг жилийн 14,4 хувийн хүүтэйгээр 30 сарын хугацаатай цалингийн зээл авсан.
Зээлдэгч М.Ш , Ч.О-, А.М нар нь ЗГ1905113968, ЗГ3405151042, ЗГ3405151042-1 дугаартай зээлийн гэрээнүүдийн хавсралт 1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй болно. ЗГ1905113968 тоот Зээлийн гэрээний төлбөр 2025.05.20-ны өдрийн байдлаар үндсэн төлбөр 51,045,032.05 төгрөг, хүүний төлбөр 838,387.63 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,754.56 төгрөг, даатгалын өр 35,171.28 төгрөг, нийт 51,920,345.52 төгрөг, ЗГ3405151042 тоот Зээлийн гэрээний төлбөр 2025.05.20-ны өдрийн байдлаар үндсэн төлбөр 7,153,644.10 төгрөг, хүүний төлбөр 284,763.93 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9,940.49 төгрөг, нийт 7,448,348.52 төгрөг. Иймд дээрх хоёр зээлийн гэрээний үүрэг болох төлөх ёстой зээл, зээлийн хүү нийт 59,368,694.04 төгрөгийг гэрээнд заасан хугацаанд төлөхгүй байгаа тул барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нөхцөл үүсч ЗГ1905113968, ЗГ3405151042, ЗГ3405151042-1 тоот зээлийн гэрээний 4.4.1-д заасны дагуу уг зээлийн гэрээнүүдийг Г цуцалж зээлийг төлүүлэхээр буцаан шаардаж байна. Иргэн М.Ш , Ч.О , А.М нараас Г-тай байгуулсан ЗГ1905113968, ЗГ3405151042, ЗГ3405151042-1 тоот зээлийн гэрээнүүдийн үүрэгт нийт 59,368,694.04 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт Г-инд олгож өгнө үү. ЗГ1905113968, ЗГ3405151042, ЗГ3405151042-1 тоот зээлийн гэрээний үүргийг сайн дураар биелүүлэхгүй тохиолдолд БГ1905113968 дугаарт Ипотекийн гэрээгээр М.Ш , Ч.О нарын өмчлөлийн ****** дүүрэг, **** дүгээр хороо, ***** бүс /*****/ *** байр, **** тоот 42,26 м.кв, улсын бүртгэлийн Ү-2205064197 дугаар бүхий хоёр өрөө орон сууцыг хууль тогтоомжийн дагуу худалдан үүргийн гүйцэтгэлийн хангуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч нараас хариу тайлбар ирүүлээгүй.
3. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: нэхэмжлэл /хх 1-2/, итгэмжлэл /хх 7-8/, нэхэмжлэгч байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 9/, Хүү тооцооллын хүснэгт /хх 10/, Орон сууцны зээлийн гэрээ, хавсралт /хх 12-16/, Ипотекийн гэрээ /хх 17-20/, Зээл болон барьцааны гэрээ /хх 21-23/, Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ /хх 24-25/, Зээлдэгч нарын улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаа /хх 26-27/, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 28/, Г-ны утсаар ярьсан тэмдэглэл /хх 29/, Г-ны 018189375, 018193555 тоот Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг /хх 30-31/,
4. Хариуцагч нараас шүүхэд гаргаж өгсөн баримтгүй.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч Г ХК нь хариуцагч М.Ш , Ч.О-, А.М нарт холбогдуулан 59,368,694.04 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг гаргасан.
Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
2.1. Г-тай байгуулсан ЗГ1905113968 тоот Зээлийн гэрээний төлбөрт нийт 51,920,345.52 төгрөг, ЗГ3405151042 тоот Зээлийн гэрээний төлбөрт нийт 7,448,348.52 төгрөг, нийт 59,368,694.04 төгрөг гаргуулах, БГ1905113968 дугаарт Ипотекийн гэрээний барьцаа хөрөнгө болох ****** дүүрэг, **** дүгээр хороо, ***** бүс /*****/ *** байр, **** тоот хаягт байршилтай 42,26 м.кв, улсын бүртгэлийн Ү-2205064197 дугаар бүхий хоёр өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэж тодорхойлсон.
3. Хариуцагч Ч.О нь дээрх нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авсан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт зааснаар түүний хариу тайлбар гаргах хугацаа 2025 оны 6 дугаар сарын 23-ны өдөр байжээ.
Хариуцагч М.Ш нь дээрх нэхэмжлэлийг 2025 оны 6 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авсан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт зааснаар түүний хариу тайлбар гаргах хугацаа 2025 оны 6 дугаар сарын 23-ны өдөр байжээ.
Хариуцагч А.М нь дээрх нэхэмжлэлийг 2025 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авсан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт зааснаар түүний хариу тайлбар гаргах хугацаа 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдөр байжээ.
Гэвч хариуцагч М.Ш , Ч.О-, А.М нарын зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эс зөвшөөрсөн талаараа ямар нэг бичгийн тайлбарыг шүүхэд ирүүлээгүй байна.
4. Зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. Нэхэмжлэгч Г ХК болон хариуцагч М.Ш , Ч.О нарын хооронд 2017 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр ЗГ1905113968 дугаартай Орон сууцны зээлийн гэрээ байгуулагдсан байна. Уг гэрээгээр нэхэмжлэгч нь хариуцагч М.Ш , Ч.О нарт 80,000,000 төгрөгийг, 360 сарын хугацаатай, зээлийн хүү жилийн 8 хувь, нэмэгдүүлсэн хүү үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх байхаар тохиролцож зээл олгожээ.
Дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 2017 оны 1 дүгээр сарын 03-ны өдрөө БГ1905113968 тоот Ипотекийн гэрээ байгуулж, эрхийн улсын Ү-2205064197, ГД-000512218 дугаарт бүртгэлтэй, ****** дүүрэг, **** дүгээр хороо, ***** бүс /*****/ *** байр, **** тоот хаягт байршилтай, 42,26 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан байна.
Хэрэгт нэхэмжлэгч Г ХК болон хариуцагч М.Ш , А.М нарын хооронд 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан ЗГ3405151042 дугаартай Зээл болон барьцааны гэрээ авагдсан.
Дээрх гэрээгээр хариуцагч М.Ш , А.М нарт нэхэмжлэгчээс 6,000,000 төгрөгийг, 30 сарын хугацаатай, жилийн 13,2%-ийн хүүтэй, үндсэн хүүний 20%-тай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү байхаар тохиролцож олгожээ.
Мөн нэхэмжлэгч Г ХК болон хариуцагч М.Ш , А.М нарын хооронд 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр ЗГ3405151042-1 дугаартай Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулагдсан байна. Уг гэрээгээр талуудын хооронд байгуулагдсан ЗГ3405151042 Зээлийн гэрээний дагуу олгогдсон зээлийн хэмжээг 10,000,000 төгрөгөөр нэмэгдүүлж, банкнаас зээлдэгчид олгосон цалингийн зээлийн үлдэгдлийг 14,202,322.35 төгрөг болгон өөрчлөхөөр талууд харилцан тохиролцжээ. Мөн гэрээний 2.1-т заасны дагуу үндсэн зээлийн хэмжээг нэмэгдүүлсэнтэй холбоотойгоор зээлийн гэрээний хугацааг 30 сар болгож, зээлийн жилийн хүүг 14.4% болгож өөрчилсөн байна.
Шүүхээс талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн бөгөөд зээлийн болон ипотекийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2-т ...зээлийн гэрээг бичгээр хийнэ, мөн хуулийн 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсэгт заасан Ипотек нь улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ, 166.2 дахь хэсэгт Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч нь ипотекоор хангагдах шаардлагын хэмжээ, түүний хүү, шаардлагыг биелүүлэх хугацаа зэргийг хамтран тодорхойлсон баримт бичиг үйлдэж үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болон үүрэг гүйцэтгүүлэгч хуульд заасан журмын дагуу ипотекийг бүртгүүлнэ гэсэн хуулийн шаардлагуудад нийцсэн, хүчин төгөлдөр байна гэж дүгнэлээ.
4.2. Нэхэмжлэгчийн зүгээс өөрийн шаардлагын үндэслэлээ ...зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй гэж тайлбарласнаас үзэхэд нэхэмжлэгч зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүргээ биелүүлэхийг хариуцагч нараас шаардсан гэж үзэхээр байна.
Гэрээг тогтвортой, талуудын итгэл, найдварыг баталгаатай байлгах зорилгоор үндэслэлгүйгээр, дуртай үедээ гэрээнээс татгалзах, гэрээг цуцлахыг хуулиар хязгаарласан байдаг.
Харин гэрээний талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэйг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасан. Талуудын хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр байх учир нэг тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд нөгөө тал гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах эрхтэй.
Хариуцагч нар нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, гэрээний үүргээ зөрчсөн талаар маргаагүй. Иймд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, Зээлийн гэрээ-ний 6 дугаар зүйлийн 6.1, 6.1.1 дэх хэсгүүдэд зааснаар зээлдүүлэгч гэрээг хугацаанаас өмнө цуцлах эрхтэй ба нэхэмжлэгч тал шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацааны үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хариуцагч М.Ш , Ч.О-, А.М нараас шаардсан нь хууль зөрчөөгүй.
4.3. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүү, хугацаа хэтрүүлсний хариуцлага нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргийг тус тус хүлээдэг.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийн оролцогч шүүхэд үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй, нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсгүүдэд заасан.
Хариуцагч М.Ш , Ч.О-, А.М нараас зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан, зээл хүлээн авсан болон зээлийн тооцоолол, хэмжээн дээр маргаагүй тул нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан үүргээ гүйцэтгэсэн гэж үзэх бөгөөд хариуцагч нараас гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй, хариуцагч нар гэрээний үүргээ биелүүлэх үүрэгтэй болно.
Иймд хариуцагч М.Ш , Ч.О нараас 2017 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн ЗГ1905113968 тоот Орон сууцны зээлийн гэрээний үүрэгт нийт 51,920,345.52 төгрөгийг, хариуцагч М.Ш , А.М нараас 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ЗГ3405151042 тоот Зээл болон барьцааны гэрээний үүрэгт нийт 7,448,348.52 төгрөгийг, нийт 59,368,694.04 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэх нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдэд нийцнэ гэж шүүхээс үзэв.
4.4. Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1-д Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй, мөн хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж заасан.
Дээр дурдсанчлан талууд ипотекийн гэрээ байгуулж үүргийн гүйцэтгэлийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйлээр хангуулахаар тохиролцсон байх тул Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийн барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардах эрх нэхэмжлэгчид үүссэн байна. Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэнэ.
5. Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 524,993 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 524,993 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г ХК-д олгоно.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-т Энэ хуулийн 100.2, 100.3-т зааснаар хэргийг зохигч талын эзгүйд хянан шийдвэрлэх тухай хүсэлтийг нэхэмжлэгч, хариуцагчийн аль аль нь гаргаагүй байсан ч хэргийг тухайн үед цугларсан нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан шүүх шийдвэрлэж болно. Ингэхдээ зохигч талуудаас урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтгаж үзнэ гэж заасны дагуу хэргийг зохигчдын эзгүйд хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч М.Ш , Ч.О нараас 51,920,345.52 төгрөгийг, хариуцагч М.Ш , А.М нараас 7,448,348.52 төгрөгийг, нийт 59,368,694.04 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г ХК-д олгосугай.
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.Ш , Ч.О нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын эрхийн улсын Ү-2205064197, ГД-000512218 дугаарт бүртгэлтэй, ****** дүүрэг, **** дүгээр хороо, ***** бүс /*****/ *** байр, **** тоот хаягт байршилтай, 42,26 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 585,180 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Ш , Ч.О-, А.М нараас 524,993 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г ХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН