Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 97

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж,

Нарийн бичгийн дарга: Д.Оюунцэцэг,

Улсын яллагч: А.Амгалан,

Шүүгдэгч: Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хүннү овогт Бадамхатаны Гэд холбогдох 1729000340092 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Г нь 2017 оны 08 дугаар сарын 12-ны өдөр шунахай зорилгоор Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт буюу Ухаа худагийн уурхайгаас 6 дахь километрт “Зунмен” ХХК-ийн нүүрсний тээвэрлэлт хийлгэхээр итгэмжлэн хариуцуулсан 30-79 УНЦ улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгслийн 4 ширхэг дугуй, 2 ширхэг аккумулятор зэргийг тонож завшин, бусдад 1,608,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Г мэдүүлэхдээ: ”Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй.” гэв.

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, хавсаргасан баримтууд / хх-ийн 21-26 дугаар хуудас/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Энхтөрийн: “...Манай компанийн эзэмшлийн 30-79 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Б.Г гэж хүн 2017 оны 08 дугаар сарын 12-ны өдөр БНХАУ-ын нутаг Ганц модны боомтоос нүүрс тээвэр хийхээр манай компанийн хөтөчтэй тохироод машинийг авч, хилээр орж ирсэн юм билээ. Тэгээд түүнээс хойш утсаа авахгүй, сураггүй болчихсон. Би машиныг эрж яваад 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр нүүрс тээврийн засмал замын 6 дахь километрт замын хойд талд байхад нь олсон ба машины кабин онгорхой, түлхүүр нь кундактортаа байсан, мөн чиргүүлийн 4 ширхэг дугуйг сольж хуучин дугуй тавьсан, 2 аккумулятор нь байхгүй байсан учир цагдаад энэ ьалаар хандсан юм. ... Манай компанийн эзэмшлийн 30-79 УНЦ улсын дугаартай автомашинаас 4 ширхэг дугуй, 2 ширхэг аккумулятор алдагдсан байсан, би энэ талаар урьд нь буруу мэдүүлсэн байсан. ...Эд зүйлийн үнэлгээгээр тогтоогдсон төлбөрийг гаргуулан авчихвал гомдол, санал гээд байх зүйл байхгүй. ” гэх мэдүүлэг / хх-ийн 34-36 дугаар хуудас/,

Шүүгдэгч Б.Гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-н 54-56 дугаар хуудас/,

Хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн Ц17-43 дугаар дүгнэлт /хх-н 43-50 дугаар хуудас/,

Шүүгдэгч Б.Гийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 57-109 дүгээр хуудас/

Шүүгдэгч Б.Гийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах ял шалгуурын хуудас /хх-н 63 дугаар хуудас/

Шүүгдэгч Б.Гийн гэрэл зураг, гарын дардас /хх-ийн 61-62 дугаар хуудас/

Б.Гийн арилжааны банкнуудад хадгаламжийн данстай эсэх талаарх мэдээлэл /хх-н 32-79 дүгээр хуудас/

Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-н 107 дугаар хуудас/  

Шүүгдэгч Б.Г нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Энхтөртэй гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг болох 1,608,000 /нэг сая зургаан зуун найман мянга/-н төгрөгний хохирлыг нөхөн төлөх талаар тохиролцож, эвлэрсэн баталгаа /хх-н 119 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй байна.

  1. Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Б.Г нь 2017 оны 08 дугаар сарын 12-ны өдөр шунахай зорилгоор Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт буюу Ухаа худагийн уурхайгаас 6 дахь километрт “Зунмен” ХХК-ийн нүүрсний тээвэрлэлт хийлгэхээр итгэмжлэн хариуцуулсан 30-79 УНЦ улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгслийн 4 ширхэг дугуй, 2 ширхэг аккумулятор зэргийг тонож завшин, бусдад 1,608,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд хохирогч “Зунмен” ХХК-ийн нүүрсний тээвэрлэлт хийлгэхээр итгэмжлэн хариуцуулж явуулсан 30-79 УНЦ улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгслэлд учирсан хохирол нь шүүгдэгч Б.Гийн тус тээврийн хэрэгслээс 4 ширхэг дугуй, 2 ширхэг аккумулятор зэргийг авч завшин, өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь  Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эд хөрөнгөд нь халдаж хохирол учруулсан гэмт үйлдэл болох юм. 

Иймд шүүгдэгч Б.Гийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр бусдын эд хөрөнгийг завшиж, хохирол учруулсан гэм буруутайд тооцох эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

  1. Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.

Хохирогч “Зунмен” ХХК-д хохирол учирсан болох нь шүүгдэгчийн шүүх хуралдааны хэлэлцүүлэг болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 39 дүгээр хуудас/, яллагдагчаар өгсөн  мэдүүлэг /хх-ийн 54-56 дугаар хуудас/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Энхтөрийн мэдүүлэг / хх-ийн 34-36 дугаар хуудас/, хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн Ц17-43 дугаар дүгнэлт /хх-н 43-50 дугаар хуудас/-ээр тус тус тогтоогдож байна.

“Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” гэж заасан бөгөөд шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрт 1,608,000 /нэг сая зургаан зуун найман мянга/-н төгрөгийг 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаа илэрхийлж хохирогч “Зунмен” ХХК-ийн төлөөлөгч Б.Энхтөртэй эвлэрч, тохиролцсон байх тул шүүгдэгч Б.Гийг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байна гэж үзлээ.

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх бөгөөд шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан үндэслэл болох хохирогчид учирсан хохирол төлбөрт 1,608,000 /нэг сая зургаан зуун найман мянга/-н төгрөгийг төлж барагдуулахаа илэрхийлсэн, хийсэн хэрэгтээ үнэн санаасаа гэмшиж байгаа зэрэг нөхцөл байдлуудыг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, шүүгдэгчдийн хувийн байдлыг харгалзан үзэж, улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаар  гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар, нээлттэй хорих байгууллагад хорих ял эдлүүлэх саналыг хянаад, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан, шүүгдэгч Б.Гэд ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т тус тус зааснаар тэнсэгдсэн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, зан үйлээ засах үүрэг хүлээлгэх нь зүйтэй.  

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.Гэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хүннү овогт Бадамхатаны Гийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Гэд хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т тус тус зааснаар тэнсэгдсэн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, зан үйлээ засах үүрэг хүлээлгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5, 6 дахь хэсэгт тус тус зааснаар Б.Г нь тэнсэгдсэн 1 /нэг/ жилийн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах талаар тайлбарласугай.   

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гээс 1,608,000 /нэг сая зургаан зуун найман мянга/-н төгрөгийг гаргуулж хохирогч “Зунмен” ХХК-д олгосугай.

5. Шүүгдэгч Б.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулвал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй Б.Гийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Б.Гэд урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.Гэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ӨЛЗИЙ-ОТГОН