Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2020/01587

 

 

 

 

 

 

 

 

 

 

М.Г нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 сарын 22-ны өдрийн 102/ШШ2020/01271 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч М.Г хариуцагч Б.Б холбогдуулан 57 154 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, М.Гэрэлтуяагаас 48 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бр, хариуцагчийн өмгөөлөгч Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Талууд 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр тээврийн хэрэгсэл зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр М.Гэрэлтуяа нь 61-59 УБА улсын дугаартай, LZZ5ELND9EA771061 тоот арлын дугаартай HOWO /цаашид ХОВО гэх/ ZZ4257 N324IV маркийн 2015 онд үйлдвэрлэсэн 2018 оны 04 сарын 20-ны өдөр Монгол Улсад импортоор орж ирсэн өөрөө буулгагч, ачааны зориулалт бүхий улаан өнгийн тээврийн хэрэгслийг 100 000 000 төгрөгөөр худалдан авахаар болж, урьдчилгаа 52 000 000 төгрөгийг төлж, 48 000 000 төгрөгийг 2018 оны 11 сарын 25-ны өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцож, өөрийн эзэмшилд 2018 оны 06 сарын 16-ны өдөр шилжүүлэн авсан. Худалдагч Б.Батболд гэрээний зүйлийг 2015 онд үйлдвэрлэсэн, 2018 онд Монголд орж ирсэн 800 км явсан, аливаа асуудалгүй гэсэн.

Гэвч тээврийн хэрэгслийг 2018 оны 06 сарын 17-ны өдөр Өмнөговь аймагт байрлах Таван толгой-д байрлах уурхай руу ажилд явуулсан боловч хойд чулакны баруун хойд хэсэг нь хагархай, мөн дээд хэсэгтээ бяцралт цууралттай байсны улмаас маш их хэмжээний тос алдалттай байсан. Энэ талаар Б.Б мэдэгдэхэд ...үзэх хэрэгтэй... гэсэн тул Улаанбаатар хотод авч ирээд холбогдсон боловч ирж үзээгүй. Үүнээс гадна хропод эвдрэл гарсан бөгөөд холбогдох сэлбэгийг явуулж засуулсан боловч үндсэн чиг үүргийн дагуу ажиллах боломжгүй байсан. Ингээд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Сонор трак ХХК-ийн Монгол засвар нэртэй авто засварын газар үзлэг, оношилгоо засвар хийлгэхэд уг тээврийн хэрэгслийг ...хуучин /капитал/, хороп болон хойд чулак нь өөр маркийн /Норд бенз/ тээврийн хэрэгслийн эд ангийг оруулан хийж будаж янзалсан байна гэсэн. Мөн гадна явах эд анги ихэнх нь хуучин, ачих буулгах ажилд шаардлага хангахгүй гэдэг нь тогтоогдсон. Тээврийн хэрэгсэл одоог хүртэл дээрх засварын газар хадгалагдаж байна. Б.Батболд нь худалдан авагчийг хууран мэхэлж, биет байдлын доголдолтой тээврийн хэрэгсэл худалдсан тул талуудын хооронд байгуулсан гэрээг хүчингүйд тооцож урьдчилан төлсөн 52 000 000 төгрөг, автомашиныг засварлахад гарсан зардал 5 154 000 төгрөг, нийт 57 154 000 төгрөг гаргуулах шаардлагаа дараах байдлаар өөрчилж байна.

Учир нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй бөгөөд Иргэний хуулийн 204, 205 дугаар зүйлд зааснаар гэрээнээс татгалзаж, өөрт учирсан хохирол 57 154 000 төгрөг гаргуулна гэжээ.

 

Хариуцагч хариу тайлбартаа: Талуудын 2018 оны 06 сарын 15-ны өдрийн тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээний дагуу хариуцагчаас нэхэмжлэгчид худалдсан тээврийн хэрэгслийн эд ангийг хариуцагчийн зүгээс сольж, янзалсан зүйл огт байхгүй бөгөөд импортоор оруулж ирсэн байдлаар нь өгсөн. Нэхэмжлэгч нь гэрээний зүйлийг бүрэн үзсэний үндсэн дээр худалдан авсан бөгөөд доголдлын талаар ямар нэгэн шаардлага гаргаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ: Талууд 2018 оны 06 сарын 15-ны өдөр тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээг байгуулж, түүнд УБА 61-59 улсын дугаартай LZZ5ELND9EA771061 тоот арлын дугаартай ХОВО маркийн 2015 онд үйлдвэрлэсэн, 2018 оны 04 сарын 20-ны өдөр импортоор оруулж ирсэн өөрөө буулгагч, ачааны зориулалт бүхий тээврийн хэрэгслийг 100 000 000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцсон. Тус гэрээгээр худалдагч нь тээврийн хэрэгслийг худалдан авагчид шилжүүлж худалдан авагч нь 52 000 000 төгрөгийг гэрээ байгуулмагц худалдагчид төлж үлдэгдэл 48 000 000 төгрөгийг 2018 оны 11 сарын 25-ны өдрөөс өмнө төлөхөөр болсон. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу худалдагч Б.Батболдын зүгээс 2018 оны 06 сарын 16-ны өдөр эрхийн болон биет байдлын доголдолгүй гэрээгээр тохиролцсон ачааны зориулалттай тээврийн хэрэгслийг М.Г эзэмшилд шилжүүлсэн боловч худалдан авагч буюу нэхэмжлэгч нь үлдэгдэл 48 000 000 төгрөгийг төлөөгүй байх тул гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Гэрээний үлдэгдэл төлбөрийг 2018 оны 11 сарын 25-ны өдрийн дотор төлж барагдуулахаар тохирсон боловч нэхэмжлэгч 2018 оны 10 сарын 03-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1, 256 дугаар зүйлийн 256.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Б.Батболдоос 52 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Гэрэлтуяад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5 154 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М.Гэрэлтуяагаас 48 000 000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Б.Батболдын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 443 720 төгрөг, хариуцагчаас төлсөн 397 950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Батболдоос 417 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр хэрэгт авагдсан баримтад нийцээгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, үндэслэлгүй болсон гэж үзэж байна. Тодруулбал, Иргэний хуулийн 243 дугаар зүйлд зааснаар худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчид шилжүүлэх үндсэн үүрэгтэй байдаг. Гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзэх талаар Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт тодорхой заасан. Талуудын хооронд байгуулагдсан гэрээнд автомашины чанарын талаар нарийвчлан тохиролцоогүй бөгөөд 61-59 УБА улсын дугаартай, 2015 онд үйлдвэрлэсэн, өөрөө буулгагчийн зориулалттай улаан өнгийн тээврийг хэрэгслийг худалдахаар тохиролцсон. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчид гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой, 2018 онд Монгол улсад импортлогдсон, LZZ5ELND9EA771061 арлын дугаартай, ХОВО маркийн тээврийн хэрэгсэл хүлээлгэн өгсөн. Тухайн цаг хугацаанд Улсын үзлэгт оруулж, мэргэжлийн байгууллагаар хэвийн ашиглагдах боломжтой гэж дүгнэсэн. Эд хөрөнгийн чанарын талаар гэрээгээр тохироогүй бол эд хөрөнгө нь зориулалтын дагуу ашиглах боломжтой, шаардлагыг хангасан байх тохиолдолд доголдолтой гэж үзэх үндэслэлгүй.

Нэхэмжлэгч нь гэрээний зүйлийг шалгаж хүлээж авч Өмнөговь аймгийн Нүүрсний уурхайд хөрс хуулалтын ажилд ашиглаж байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдог тул доголдолтой байсан гэж үзэх үндэслэл байхгүй. Уг тээврийн хэрэгслээр хөрс хуулалтын ажил хийж гүйцэтгэж байхдаа автомашинд эвдрэл учруулсан гэж үзэж байна. Учир нь хэрэгт нэхэмжлэгчийн гаргаж өгсөн баримтаар тус хөрс хуулалтын ажилд ажиллах хугацааны тал хувьд эвдрэлтэй байсан тул шатахуун нэхэмжилсэн талаарх үйл баримтаар тогтоогдож байгаа болно. Иргэний хуулийн Иргэний хуулийн 247 дугаар зүйлийн 247.1 дэх хэсэгт гэрээнд өөрөөр заагаагүй бол худалдсан эд хөрөнгийг худалдан авагчид шилжүүлснээр тухайн эд хөрөнгийг ашигласны үр дүнд олсон үр шим болон уг эд хөрөнгө устаж гэмтсэний эрсдэл худалдан авагчид шилжинэ гэж заасан. Иймд ашиглалтын явцад үүссэн тээврийн хэрэгслийн эвдрэлийг биет байдлын доголдол гэж үзэх үндэслэл байхгүй юм.

Шүүхээс биет байдлын доголдолтой гэж дүгнэж үзэхдээ хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтүүдийг үндэслэсэн. Гэтэл шинжээчийн дүгнэлтээр уг автомашин нь нэхэмжлэгчийн тайлбарлаж, маргаж байгаа шиг бүхэлдээ угсармал автомашин, 2 өөр төрлийн эд анги угсарсан, ашиглах боломжгүй доголдолтой гэж дүгнэсэн зүйл огт байхгүй бөгөөд уг автомашинд засвар хийсэн байх боломжтой, хурдны хайрцгийн хөшүүргийн байрлал, хойд тэнхлэгийг хагас голыг таг, болон хурдны хайрцгийн үйлдвэрлэгч өөр байгаа талаар ажиглалтын үндсэн дээр харьцуулж тайлбарласан болно. Мөн шинжээчийн дүгнэлтүүдэд тухайн автомашин цаашид хэвийн ашиглагдах боломжгүй,талаар огт дүгнэлт гаргаагүй бөгөөд шинжээчийн дүгнэлтэд заасан зарим эд анги өөр хэлбэр, хийцтэй, үйлдвэрлэгч нь өөр байх нь автомашиныг гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжгүй гэж үзэх үндэслэл биш болно.

Гэрээгээр тохирсон эд хөрөнгийн тоо хэмжээ дутсан, зарим хэсэг доголдолтой байх тохиолдол бүрийг биет байдлын доголдолтой гэж үздэггүй бөгөөд Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.3 дахь хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлд ноцтой нөлөө үзүүлэхээргүй бол эд хөрөнгийн нэг хэсэг нь доголдолтой байсан ч түүнийг бүхэлд нь доголдолтой гэж үзэхгүй. Түүнчлэн шүүхээс тээврийн хэрэгслийн гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг болон тээврийн хэрэгслийн гэрчилгээнд байгаа модель зөрүүтэй байгаа учраас доголдолтой эд хөрөнгө шилжүүлсэн байх үндэслэлтэй гэж дүгнэсэн.

Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журамд зааснаар тээврийн хэрэгслийн гэрчилгээг олгох үйл ажиллагааг улсын хэмжээнд аймаг, нийслэл дэх бүртгэлийн байгууллага хариуцан ажилладаг. Тиймээс тээврийн хэрэгслийн гэрчилгээнд моделийн дугаар зөрүүтэй бичигдэхэд хариуцагчийн зүгээс ямар нэгэн гэм буруутай зүйл байхгүй, энэ нь бүртгэлийн байгууллагын үйл ажиллагаанд хамаарч байгаа, арилгах боломжтой асуудал бөгөөд биет байдлын доголдолд хамаарахгүй юм.

Худалдан авагч тал нь тухайн эд хөрөнгийг хүлээж авах үедээ доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан тохиолдолд шаардлага гаргах эрхээ алддаг. Нэхэмжлэгч тал гэрээний зүйлийг хүлээн авахдаа шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан хурдны хайрцгийн хөшүүргийн байрлал, хойд тэнхлэгийн хагас голын таг хэлбэр, хурдны хайрцгийн үйлдвэрлэгч зэргийг мэдэх боломжтой байсан гэж үзнэ. Шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан өөр гэх эд ангиуд нь автомашинд ил байх бөгөөд ямар нэгэн далд байдалтай биш, гэрч нарын тайлбарлаж байгаа шиг өөр автомашины эд анги угсарсан гэх баримт байхгүй болно.

Иргэний хуулийн 255 дугаар зүйлд зааснаар эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан; аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг худалдан авагч нь уг үйл ажиллагаатай холбоотой эд хөрөнгийг шилжүүлэн авах үедээ нэн даруй шалган авах үүргээ биелүүлээгүй, тухайн эд хөрөнгийн доголдол нь худалдан авагч түүнийг тээвэрлэх, хадгалах, ашиглах журам зөрчсөнөөс, эсхүл гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас үүссэн тохиолдолд худалдан авагч шаардлага гаргах эрхээ алддаг.

Нэхэмжлэгч нь автомашиныг хүлээж авахдаа шинжээчийн дүгнэлтэд заасан хурдны хайрцгийн хөшүүргийн байрлал, хойд тэнхлэгийг хагас голыг таг хэлбэр үйлдвэрлэгч загварын хувьд харилцан өөр байгаа байдлыг мэдэх боломжтой байсан, үүнээс гадна адил тээврийн хэрэгслээр хөрс хуулалтын ажилд явдаг талаар шүүх хуралдаанд тайлбарласан зэргээс үзэхэд доголдолтой гэж үзсэн нөхцөлд шаардлага гаргах эрхээ алдсан байгаа зэргийг анхаарч үзээгүй болно. Мөн уг хийгдсэн гэх засваруудыг нэхэмжлэгч өөрөө бусад этгээдүүдээр хийлгэсэн үйл баримт тогтоогдсон бөгөөд эд ангийг солиогүй, хүлээлгэж авсан тэр хэвээр шаардлага гаргасан гэж үзэх боломжгүй болно. Хариуцагчийн хувьд Монгол улсад импортолж оруулж ирсэн автомашинд ямар нэгэн өөрчлөлт оруулаагүйгээр нийтэд худалдах санал гаргасныг нэхэмжлэгч хүлээн авч тэр нөхцөлөөр нь худалдан авах санал гаргаж хүлээж авсны дараагаар ашиглалтын явцад учруулсан гэмтлээ биет байдлын доголдолтой холбон нэхэмжлэл гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд, талууд эд хөрөнгийн чанарын талаар гэрээндээ нарийн тохиролцоогүй, гагцхүү зориулалтыг харилцан тохирсон ба шүүхээс маргааныг эцэслэн шийдвэрлэхдээ доголдол хэзээ үүссэн, эд хөрөнгийг хэвийн байдлаар, зориулалтын дагуу ашиглах боломжгүй ноцтой доголдол мөн эсэх, эрсдэл хэзээ шилжсэн талаар зохих тайлбар, үндэслэлийг тодруулалгүй шинжээчийн дүгнэлтийг үндэслэн биет байдлын доголдолтой гэж үзсэн нь хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хэрэгт авагдсан баримтад нийцээгүй гэж үзэх үндэслэлтэй.

Иймд дээрх үндэслэлийн дагуу анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн, талуудын хооронд үүссэн маргаанд хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч М.Гэрэлтуяа нь хариуцагч Б.Б холбогдуулан талуудын хооронд байгуулсан тээврийн хэрэгсэл зээлээр худалдах, худалдан авах гэрээг хүчингүй болгуулж, гэрээний дагуу урьдчилгаанд төлсөн 52 000 000 төгрөг болон гэрээний зүйлийг засварлахад гарсан зардал 5 154 000 төгрөг, нийт 57 154 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг шаардлагын үндэслэлээ гэрээнээс татгалзаж, өөрт учирсан хохирол 57 154 000 төгрөг гаргуулна гэж өөрчилсөн байна. /1хх 1-2, 2хх 2/

 

Хариуцагчийн хувьд, дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, гэрээний үлдэгдэл төлбөр 48 000 000 төгрөгийг М.Гэрэлтуяагаас гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасныг нэхэмжлэгч эс зөвшөөрснөөр талууд харилцан маргажээ. /1хх 31, 46-47, 61-62/

 

Талууд 2018 оны 06 сарын 15-ны өдөр тээврийн хэрэгсэл зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр Б.Батболд нь өөрийн эзэмшлийн улсын 61-59 УБА дугаартай, арлын LZZ5ELND9EA771061 дугаартай, HOWO ZZ4257 N3241V маркийн 2015 онд үйлдвэрлэсэн өөрөө буулгагчийн зориулалттай, улаан өнгийн тээврийн хэрэгслийг 100 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авагч талын өмчлөлд шилжүүлэх, үүнтэй холбоотой баримт бичгийг хүлээлгэн өгөх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлөхөөр гэрээ байгуулжээ. Уг гэрээний 2.1-д урьдчилгаа 52 000 000 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр, үлдэгдэл 48 000 000 төгрөгийг 2018 оны 11 сарын 25-ны өдрийн дотор төлөхөөр заажээ. /1хх 4/

 

Анхан шатны шүүх талуудын дээрх тохиролцоог Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болно.

Хэрэгт авагдсан тээврийн хэрэгслийн гэрчилгээ, Төрийн банк ХХК-ийн мемориалын баримт /1хх 6, 7/, зохигчдын тайлбараас үзвэл, талууд дээрх гэрээний хүчин төгөлдөр байдал болон хариуцагч нь нэхэмжлэгчийн эзэмшилд уг тээврийн хэрэгслийг хүлээлгэн өгсөн, нэхэмжлэгч нь хариуцагчид урьдчилгаа 52 000 000 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон ба зохигчид энэ талаар маргаагүй. Харин тухайн гэрээний зүйл биет байдлын доголдолтой байсан эсэх нь маргааны гол зүйл болсон байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчийн хүсэлтээр маргаан бүхий тээврийн хэрэгслийг биет байдлын доголдолтой буюу бүхэлдээ угсармал эсэх, хойд чулак /бөгс/, хурдны хайрцаг нь ХОВО маркийн тээврийн хэрэгслийн зориулалтын сэлбэг эсэх, 2012 он, 2015 оны алинд үйлдвэрлэгдсэн болон аль оны загвараар ажиллаж байгаа болон цаашид зориулалтын дагуу хэвийн ажиллах боломжтой эсэхийг тодруулахаар мэргэжлийн тусгай мэдлэг бүхий этгээдүүдийг шинжээчээр томилж, дүгнэлт гаргуулсан байна. /1хх 122-131, 220-234/ Эдгээр шинжээчийн дүгнэлтүүд болон тээврийн хэрэгслийн гэрчилгээ /1хх 6/, гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг /1хх 87/ зэргийг харьцуулан үнэлвэл, талуудын хооронд байгуулсан гэрээний зүйлийн хурдны хайрцгийн хөшүүргийн байрлал, хойд тэнхлэгийн хагас голын таг хэлбэр загварын хувьд харилцан өөр /1хх 123/, хурдны хайрцаг нь гэрээний зүйл болох ХОВО маркийнх биш болох нь тогтоогдсон байна.

 

Энэ тохиолдолд хариуцагчийг нэхэмжлэгчид биет байдлын доголдолгүй эд хөрөнгө шилжүүлэх үүргээ биелүүлсэн гэж үзэхгүй бөгөөд энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 251 дүгээр зүйлийн 251.1, 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна. Иймд шинжээчийн дүгнэлтээр тухайн тээврийн хэрэгслийг цаашид ашиглах боломжгүй талаар дүгнээгүй тул илэрсэн доголдлыг Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.3 дахь хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлд ноцтой нөлөө үзүүлэхээргүй бол эд хөрөнгийн нэг хэсэг нь доголдолтой байсан ч түүнийг бүхэлд нь доголдолтой гэж үзэхгүй гэх агуулгаар гаргасан хариуцагч талын давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

Түүнчлэн, нэхэмжлэгч гэрээний зүйлийг хүлээн авахдаа шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан хурдны хайрцгийн хөшүүргийн байрлал, хойд тэнхлэгийн хагас голын таг хэлбэр, хурдны хайрцгийн үйлдвэрлэгч зэргийг шалган авах боломжтой байсан тул Иргэний хуулийн 255 дугаар зүйлд заасан шаардлага гаргах эрхээ алдсан, тэрээр гэрээний зүйлийг хүлээн авч, ашиглах явцдаа гэмтэл учруулсан гэх үндэслэлүүдээр гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байна. Учир нь нэхэмжлэгч дээрх доголдлыг эд хөрөнгийг хүлээн авах үедээ шалгаснаар мэдэх боломжтой байсан гэх нөхцөл байдал болон нэхэмжлэгч гэрээний зүйлийг ашиглах явцдаа гэмтэл учруулсан гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй. Худалдан авагч буюу нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.2-т заасан эд хөрөнгийг шалгаж авах үүрэг бүхий аж ахуй эрхлэгч бус, 255.1.3-т зааснаар уг эд хөрөнгийн доголдол нэхэмжлэгчийн буруугаас үүссэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Түүнчлэн, шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон эд хөрөнгийн доголдол нь худалдан авагчийн хувьд автомашиныг хүлээн авах үед мэдэх боломжтой илэрхий доголдол биш байна. Иймд нэхэмжлэгч нь доголдолтой холбоотой шаардах эрхээ алдаагүй болно.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан гэрээг цуцлах эрхтэй тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээний дагуу шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг түүнд буцаан олгож, хохирол гэх 5 154 000 төгрөгт холбогдох хэсгийг нотлох баримтаар тогтоогдоогүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

Дээр дурдсанаар хариуцагч буюу худалдагч нь хууль болон гэрээнд зааснаар биет байдлын доголдолгүй хөрөнгийг нэхэмжлэгчид шилжүүлэх үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдсон тул уг гэрээний дагуу нэхэмжлэгчээс төлбөрийн үүрэг шаардах эрхгүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь зөв.

 

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 сарын 22-ны өдрийн 102/ШШ2020/01271 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг бүхэлд нь хангахгүй орхисугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 497 950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

Д.НЯМБАЗАР