| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбодорж Ганбаатар |
| Хэргийн индекс | 2408000001278 |
| Дугаар | 2025/ДШМ/134 |
| Огноо | 2025-01-23 |
| Зүйл хэсэг | 10.1-1, |
| Улсын яллагч | С.Батгэрэл |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 2025/ДШМ/134
2025 01 23 2025/ДШМ/134
С.З.д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, шүүгч Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор С.Батгэрэл,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.С-, түүний өмгөөлөгч Б.Ургамалцэцэг,
шүүгдэгч С.З., түүний өмгөөлөгч А.Очбадрал,
нарийн бичгийн дарга С.Далайцэрэн нарыг оролцуулан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1269 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.С-гийн гаргасан давж заалдах гомдлоор С.З.д холбогдох 2408000001278 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Ганбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овгийн С-ын З., 1994 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт ... тоотод оршин суух, /РД:... /;
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1493 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн.
Шүүгдэгч С.З. нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 19 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их Нарангийн 15 дугаар гудамжны 37 тоот хашаанд амь хохирогч Ч.А-тай тухайн үед үүссэн маргааны улмаас маргалдаж улмаар нүүр болон толгойн тус газар нь тоосгоор цохиж гавлын орой суурь ясны хугарал, их, бага тархины аалзан хальсан доорх тархмал цус харвалт, тархины ховдлын цусархаг агууламж, дух, зүүн чихний дэлбэн, зүүн шанаа, зүүн хацар, зүүн чамархайн хуйх шарх, дух, хамар баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацар зулгаралт, нүүр болон толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний зовхи, хацарт цус хуралт, 2 гарын сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулгаралт, зүүн өвдөгт зулгаралт бүхий гэмтэл үүсгэн амь насыг нь хохироож хүнийг алах гэмт хэрэгт холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: С.З.ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: С.З.ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүнийг алах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, С.З.д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12 /арван хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.З.д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.З.ы цагдан хоригдсон нийт 65 /жаран тав/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 508.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.З.аас 9.733.943 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.С-д олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.С-гийн нэхэмжлэлээс 4.387.336 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохирол нэхэмжлэх эрх бүхий этгээд нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй болохыг дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч С.З.ы иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, шүүгдэгч С.З.д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх хорих ялын хугацааг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.С- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч С.З. нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “амь хохирогч Ч.А-тай гэр дотор муудалцаад гэрээс гараад ардаас нь тоосгоор толгойн тус газар нь цохисон. Тухайн үед амь хохирогч Ч.А- нь унаад өгсөн тул алъя гэсэн санаа зорилготойгоор дээрээс нь нэмж тоосгоор цохиж алсан” гэж мэдүүлсэн байдаг. Шүүхийн шатанд шүүгдэгч С.З. нь мэдүүлэхдээ “амь хохирогч Ч.А-ыг ална гэсэн санаа зорилго байгаагүй санаандгүйгээр амь хохирогчийг алсан” гэдэг байдлаар шүүгдэгч С.З. нь мөрдөн шалгах ажиллагааны шат болоод шүүхийн шатанд зөрүүтэй мэдүүлсэн байна. Мөн шүүгдэгчийн хувьд амь хохирогчийн ар гэрт оршуулгын зардал болоод хохирол төлбөр төлж барагдуулсан зүйл байдаггүй эдгээрээс харахад шүүгдэгч С.З.д оногдуулсан эрүүгийн хариуцлага нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байгаа тул хүлээн зөвшөөрөхгүй байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хувьд оршуулгын ажил төрөлтэй холбогдуулан худалдан авсан газруудаасаа авсан баримтуудыг анзаараагүйн улмаас тамга, тэмдэг дарсан эсэхийг шалгаж чадаагүй. Учир нь өөрийн төрсөн ахаа алдсан хүн буян, номын ажил гэхээс илүү зардлын баримт шалгах боломжгүй, чадваргүй байсан нь ойлгомжтой. Тиймээс оршуулгын зардлын баримтыг нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг шүүх олгох боломжтой байсан гэж үзэж байна. Тиймээс оршуулгын зардлаас хассан төлбөрийг нэхэмжлэх эрхийг нээлттэй орхиж өгөхийг хүсэж байна... Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “гэмт хэргийн улмаас нас барсан иргэний хамт амьдарч байсан гэр бүлийн насанд хүрсэн гишүүн, эсхүл насанд хүрээгүй гишүүний хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон этгээд нь өөрийн сэтгэцэд учирсан гэм хорыг арилгуулахыг шаардах эрхтэй” гэж заасан байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд мөрдөгч амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр төрсөн дүү болох Ч.С-г томилж эрх, үүрэг танилцуулсан байхад шүүхээс амь хохирогчийн ам бүлийн байдал, хэн хэнтэйгээ амьдарч байсан талаар тодорхойлсон эрх бүхий байгууллагын баримт болон зайлшгүй шаардлагатай бусад нотлох баримтууд авагдаагүй гэдэг байдлаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэл санаанд учирсан хохирлыг хэргийн хамтаар шийдвэрлэхгүйгээр орхигдуулсанд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь эрүүгийн хариуцлага нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, хянан шийдвэрлэх ажиллагаа зөрчсөн байх тул шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Ургамалцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэгдүгээрт, С.З. гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэх боловч бодит байдалд тэрээр өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн зүйл байхгүй, амь хохирогчийн оршуулгад ямар нэгэн зүйл өгөөгүй. Иймээс анхан шатны шүүх С.З.ыг 12 жилийн хугацаагаар хорих ял шийтгэснийг бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүх хуралдаанд бидний зүгээс 15 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах санал гаргасан боловч анхан шатны шүүх түүнд 12 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан. С.З.ыг бусдын амь насыг онц харгис хэрцгий аргаар хохироосон гэж үзэх үндэслэл байхгүй боловч хэд хэдэн удаагийн давтамжтайгаар, амь хохирогчийг хүн таних аргагүй нөхцөл байдалд хүргэж, чихийг нь тасалсан тул анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан эрүүгийн хариуцлага нь бодит байдалтай нийцэхгүй байна гэж үзэж байна. Хоёрдугаарт, хэргийн 34 дэх талд авагдсан мөрдөгчийн тогтоолоор хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг тогтоосон ба хэргийн 201 дэх талд авагдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хохирлын тухай баримт, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний дүү н.Мөнхдэмбэрэл нарын нарын мэдүүлгээр амь хохирогч Ч.С-тай хамт амьдарч байсан нь тогтоогдсон. Гэтэл анхан шатны шүүх “амь хохирогч хэн нэгэнтэй хамт амьдарч байсан эсэх нь мэдэгдэхгүй, хүүхэд нь түүний хүүхэд мөн эсэх нь мэдэгдэхгүй” гэх үндэслэлээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хохирлыг хангалгүй орхигдуулсан нь бодит байдалд нийцэхгүй байна. Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5, 508 дугаар зүйлийн 5-д тус тус заасны дагуу амь хохирогчийн хамгийн сүүлд хамт амьдарч байсан хүний сэтгэцэд учирсан хохирлыг барагдуулах бүрэн боломжтой. Амь хохирогч Ч.С-тай хамт амьдарч байсан болох нь мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад хангалттай нотлогдсон. Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хохирлыг тогтоож, уг хохирлыг шүүгдэгчээс гаргуулах боломжоор хангаж өгнө үү...” гэв.
Шүүгдэгч С.З. тус шүүх хуралдаанд хэлэх тайлбаргүй гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Очбадрал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдолдоо “хэрэгт зөрүүтэй мэдүүлгүүд авагдсан” гэсэн байна. Өөрөөр хэлбэл, гэрчээр өгсөн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлгийн явцад өгсөн мэдүүлэг зөрүүтэй талаар дурдсан байсан. Гэвч гэрчээр өгсөн мэдүүлэгт тулгуурлаж анхан шатны шүүхийн шийдвэр гараагүй. Тус мэдүүлэг нь мөрдөн шалгах ажиллагааны чиглэл болно уу гэхээс биш яллах дүгнэлт болон шийтгэх тогтоолын үндэслэл болоогүй. Хоёрдугаарт, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдолдоо хохирлын талаар дурдсан байна. Шүүх шинжилгээний тухай хууль 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн бөгөөд гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан гэм хортой холбоотой хэсэг нь 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Шүүх шинжилгээний тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд “Шинжилгээний байгууллага Эрүүгийн хуулийн Аравдугаар бүлэг/Хүний амьд явах эрхийн эсрэг/ -д заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргана.” гэж, мөн хуулийн 40.2 дугаар зүйлийн 40.2.1-т “хохирогч нь энэ хуулийн 40.1-д заасан гэмт хэргийн хохирогч байх, эсхүл хохирогч нас барсан бол хохирогчийн гэр бүлийн гишүүн байх” гэж, мөн хуулийн 40.3 дугаар зүйлд “Энэ хуулийн 40.1-д заасан дүгнэлт гаргах журмыг хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.” гэж тус тус заасан. Үүний дагуу 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам” батлагдсан. Уг журамд заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6, 17.1, 17.3, 17.12, 27.10 дугаар зүйлд тус тус заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг хүснэгтээр тогтоох ба бусад гэмт хэрэгт шинжээчийн дүгнэлт зайлшгүй шаардлагатай. Гэтэл энэ хэрэгт шинжээчийн дүгнэлт авагдаагүй. Түүнчлэн миний бие анхан шатны шүүх хуралдааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.С-гаас “амь хохирогч гэр бүлтэй юм биш үү” гэж асуухад тэрээр “байгаа” гэж, “хүүхэд нь хэдэн настай юм бэ” гэж асуухад тэрээр “тийм нэртэй, тэдэн настай” гэж тодорхой хариулсан. Гэтэл тэрээр давж заалдах шатны шүүх хуралдаанд “хүүхэд нь мөн эсэхийг мэдэхгүй” гэж хариулж байгааг ойлгохгүй байна. Хэрэв амь хохирогч гэр бүлтэй, хүүхэдтэй байсан бол уг хүмүүс гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохирлоо гаргуулах нь зүйтэй. Хоёрдугаарт, анхан шатны шүүхийн шийдвэрийн дагуу хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон Ч.С- өөрийн сэтгэцэд учирсан хохирлыг нэхэмжлэх боломжтой. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх сэтгэцэд учирсан хохирлыг амь хохирогчийн эхнэр, хүүхэд, Ч.С- нарын хэн аль нь нэхэмжлэх боломжоор хангаж шийдвэрлэсэн. Хэрэв амь хохирогч тухайн хүүхдийн эцэг мөн, биш талаар маргаан үүсвэл уг асуудал Иргэний хэргийн шүүхээр шийдвэрлэгдэх ёстой. Өөрөөр хэлбэл, тусгай мэдлэг бүхий шинжээч томилж уг нөхцөл байдлыг тогтоох боломжтой гэж үзэж байна. Анхан шатын шүүх хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг төлүүлэхгүй гэж шийдвэрлээгүй, “амь хохирогчийн гэр бүлийн гишүүд нотлох баримтаа бүрдүүлж нэхэмжлэх эрхтэй” хэмээн шийдвэрлэсэн. Гуравдугаарт, Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд банкны зээлийн тухай асуудал дурдагдсан байна. Энэ хэргээс өмнө Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд уг зээлийн асуудлаар иргэний хэрэг үүсэж, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байсан. Улмаар эрэн сурвалжлах ажиллагаа явагдсан ба энэ үеэр амь хохирогч нас барсан. Анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.С- 1 хуудас бүхий “иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамж гаргасан. Энэ нь анхан шатны шүүхийн шүүгч өөрийн гаргасан “иргэний хэрэг үүсгэх тухай” захирамжаа хэрэгсэхгүй болгосон захирамж болохоос биш банкны нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоогүй. Өөрөөр хэлбэл, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байгаа. Хэрэв нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон бол энэ асуудал яригдаж болно. Өөрөөр хэлбэл, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, мөн дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж буй “Зээлийн гэрээ”-тэй холбоотой асуудалд дүгнэлт хийх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч “шүүгдэгчид 12 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй, хэргийн бодит байдалд нийцээгүй” гэж тайлбарлаж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэргийн бодит байдалд нийцэхгүй байх тохиолдлуудыг тодорхойлон хуульчилсан. Өөрөөр хэлбэл, дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй байвал, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан бол, дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол, дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байвал анхан шатны шүүхийн шийдвэрийг хэргийн бодит байдалтай нийцэхгүй гэж үзнэ. Гэтэл хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбар нь дээрх үндэслэлүүдэд хамаарахгүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 8-15 жилийн хугацаагаар хорих ялтай. Анхан шатны шүүх өөрийн эрх хэмжээ, Эрүүгийн хуулийн тусгай ангид тусгайлан заасан эрүүгийн хариуцлагын хүрээнд шүүгдэгчид ял оногдуулсан. Иймээс шүүгдэгчид оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөдсөн, эсхүл хүндэдсэн гэдэг асуудал яригдах боломжгүй гэж үзэж байна. Түүнчлэн шүүгдэгчийн үйлдлийг онц харгис хэрцгий эсэх талаар асуудал яригдаж байна. Гэвч шүүгдэгчийн үйлдлийг онц харгис хэрцгий гэж үзэх боломжгүй. Тухайн үед амь хохирогч хүнд зэргийн согтолттой байсан ба түүний цус, давсгаас их хэмжээний спирт илэрсэн. Мөн шүүгдэгч гэмт хэрэг үйлдэхдээ хүнд зэргийн согтолттой байсан. 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Улсын дээд шүүхийн тогтоолд “зовж зүдрэхээр байдал бий болохыг өөрөө мэдэж, хүсэж байгааг хэлнэ” гэж дурдагдсан. Хэрэв шүүгдэгч амь хохирогчийг зовж зүдрэхийн мэдэж, хүсэж байсан бол хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэх боломжтой. Гэтэл энэ шинж хангагдахгүй байна. Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
Прокурор С.Батгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хэрэгт авагдсан баримтуудаар С.З. амь хохирогчийн нүүр болон толгой тус газарт 6-7 удаа цохиж амь насыг нь хохироосон болох нь хангалттай нотлогдон тогтоогдсон. С.З. яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, хэргийн талаар мэдүүлсэн. Эрүүгийн хариуцлагын тухайд, прокуророос 11 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах санал, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс 9 жилийн хугацаагаар хорих ялын санал гаргасан ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгч уг саналуудыг эс зөвшөөрсөн бөгөөд улмаар анхан шатны шүүх шүүгдэгчид 12 жилийн хугацаагаар хорих ял ногдуулсан. Иймээс шүүгдэгчид оногдуулсан эрүүгийн хариуцлагын талаар маргах зүйл байхгүй гэж үзэж байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч мөрдөн шалгах ажиллагааны явцад нэг удаа “оршуулгын зардал 10,348,600 төгрөг болон Голомт банкнаас зээлсэн 4,387,336 төгрөгийг нэхэмжилнэ” гэж мэдүүлсэн ба түүнээс хойш мөрдөн шалгах байгууллагад ирээгүй. Түүнчлэн тэрээр анхан шатны шүүх хуралдааны явцад “амь хохирогчоос түүний эхнэр н.Т- нь салсан бөгөөд хүүхдээ аваад явсан. Эдгээр хүмүүс хамт амьдардаггүй, байнга архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг” гэж мэдүүлсэн. Гэтэл өнөөдөр тэрээр “тухайн хүүхэд нь амь хохирогчийн хүүхэд мөн эсэхийг мэдэхгүй” гэж тайлбарлаж байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын тухай асуудлыг анхан шатны шүүх хууль зүйн үндэслэлтэй шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжлэлээс нотлох баримтын шаардлага хангаагүй гэх үндэслэлээр 614,957 төгрөгийг хасаж, шүүгдэгчээс 9,733,943 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Түүнчлэн Голомт банкны зээлтэй холбоотой асуудал нь хэрэгт хамааралгүй тул энэ талаарх нэхэмжлэлийг анхан шатны шүүх хүлээж аваагүй. Прокурорын зүгээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хохирлыг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.4-т заасаар шүүхээр шийдвэрлүүлэх санал гаргасан боловч анхан шатны шүүх уг асуудлыг “холбогдох баримтаа бүрдүүлээд иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй” гэж шийдвэрлэсэн. Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах журмаар гаргасан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж, дараах байдлаар дүгнэлт хийв. Үүнд:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 16.2 дугаар зүйл, 32.3 дугаар зүйлд зааснаар тухайн шүүгдэгчид холбогдох хэргийн бодит байдлыг тогтоох ажиллагаа болон тус хэрэгт цугларч, бэхжигдсэн нотлох баримтын эх сурвалжууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмыг ноцтой зөрчсөн эсхүл оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэж үзэх үндэслэл, үйл баримт тогтоогдсонгүй.
2. Анхан шатны шүүхээс хэргийн бодит байдлыг тогтоож, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг хянан шийдвэрлэхдээ шүүх хуралдааны оролцогч, талуудын эрхийг хангаж, тэдний шинжлэн судалсан нотлох баримт болон санал, дүгнэлтийг харьцуулан шалгаж, үнэлсний үндсэн дээр шүүгдэгч С.З.ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хэргийн зүйлчлэлийн талаар хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.
Тодруулбал, шүүгдэгч С.З. нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 19 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их Нарангийн 15 дугаар гудамжны 37 тоот хашаанд амь хохирогч Ч.А-тай тухайн үед үүссэн маргааны улмаас маргалдаж улмаар нүүр болон толгойн тус газар нь тоосгоор цохиж гавлын орой суурь ясны хугарал, их, бага тархины аалзан хальсан доорх тархмал цус харвалт, тархины ховдлын цусархаг агууламж, дух, зүүн чихний дэлбэн, зүүн шанаа, зүүн хацар, зүүн чамархайн хуйх шарх, дух, хамар баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацар зулгаралт, нүүр болон толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний зовхи, хацарт цус хуралт, 2 гарын сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулгаралт, зүүн өвдөгт зулгаралт бүхий гэмтэл үүсгэн амь насыг нь хохироосон болох нь :
- гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудаст “нил цус нөж болсон, зодуулсан хүн хэвтэж байна” гэх, Нийслэлийн түргэн тусламжийн төвийн “хүлээлцэх хуудас” /1-р хх 01-03/, илтгэх хуудаст “...гэх /1-р хх 05/,
- хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд “... монгол гэрийн урд шороон дээр баруун тийш харсан, эрэгтэй хүний цогцос хэвтэж байх бөгөөд нүүр хэсэг нь цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байв. Цогцосны зүүн талд цус мэт зүйлийн улаан хүрэн өнгөөр бохирлогдсон тоосгыг шинжээч 2 гэж дугаарлан хураан авав.”, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх 06-11/,
- цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх 16-20/,
- шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлт “...гавлын орой суурь ясны хугарал, их, бага тархины аалзан хальсан доорх тархмал цус харвалт, тархины ховдлын цусархаг агууламж, дух, зүүн чихний дэлбэн, зүүн шанаа, зүүн хацар, зүүн чамархайн хуйх шарх, дух, хамар баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацар зулгаралт, нүүр болон толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний зовхи, хацарт цус хуралт, 2 гарын сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулгаралт, зүүн өвдөгт зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдож, гэмтлүүд нь амь хохирогчийн амьд үед үүссэн шинэ гэмтлүүд байх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Өөрөө өөртөө үүсгэх боломжгүй. Дээрх гавал тархины гэмтэл учирсаны дараа удаан хугацаанд амьд явж идэвхитэй үйлдэл хөдөлгөөн хийх боломжгүй. Дээрх гавал тархины гэмтэл нь амь насанд аюултай бөгөөд талийгаачийг үхэлд хүргэсэн байна. Шүүх эмнэлгийн шинжилгээгээр амь хохирогчид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 2024.09.17-ны өдрийн 02:53 цагт талийгаачийн цогцост үзлэг хийхэд нас бараад ойролцоогоор 7-8 цаг болсон байх боломжтой гэжээ. Шүүх эмнэлгийн шинжилгээгээр амь хохирогчийн ходоод 50мл бор хүрэн өнгийн, шингэн агууламжтай. Хуниас тод, ходоодны салст тархмал улайлттай байна. Дээрх тохиолдолд эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн амь насыг аврах боломжгүй...Амь хохирогч нь дээрх гавал тархины хүнд гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдлаар нас баржээ” /1-р хх 67-71/,
- хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.С-гийн “ ...Миний ах 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр манай дүү Мөнхдэмбэрэлтэй холбогдоод “Ах нь харих гэсэн юм, ирээд авах боломж байна уу” гэж асуусан байсан. Тэр үед дүү маань ажилтай байсан болохоор очиж авч амжаагүй гэж надад хэлсэн. Тэгээд өнөөдөр намайг гэртээ байж байхад дүү Мөнхдэмбэрэл, Ч.Эрдэнэсувд нар над руу залгаад цагдаагаас холбогдоод ахыг нас барсан байна гэж хэлсэн…” гэх мэдүүлэг /1-р хх 39-40/,
- гэрч Г.М-ын “Би 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр ажлаа тараад Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их нарангийн 15-37 тоотоор дамжаад хашаагаар нь ороод явж байхад тухайн хашаа дотор нэг эрэгтэй хүн нүүр дүүрэн цус болсон хөдлөхгүй хэвтэж байсан, хажууд нь туранхай өндөр эрэгтэй ахаа би хүн алчихлаа, та түргэн тусламж дуудаад өгөөч” гэхээр нь би шууд хашаанаас гарч гүйгээд ойролцоо байх дэлгүүр ороод хүний утсаар эмнэлэг, цагдаа дуудсан. Удалгүй цагдаа ирсэн ба би тухайн хүний байгаа газрыг цагдаа нарт зааж өгөөд хамт ирсэн…” гэх мэдүүлэг /1-р хх 45-46/,
- гэрч Б.Ш-ын “...Тэр үед Зоригоо, талийгаач А- хоёр архиа уугаад үлдсэн. Тэгээд Октябрь бид хоёр 19 цагийн үед О-ийн дүүгийнд очиж Ш-ын ахын хоол хүнсийг авах гээд гэрээс гарсан. Тэр үед Ш, талийгаач А- нар үлдсэн. Тэрнээс хойш би болсон асуудлыг мэдэхгүй байна. 20 цагийн үед буцаад Ш ахын гэрт ирсэн чинь цагдаа нар ирээд Зоригоо гэх залууг бариад авчихсан. Харин талийгаач А- хашаан дотор нүүр орчим хэсэг нь цус болчихсон хэвтэж байсан юм.” гэх мэдүүлэг /1-р хх 52/,
- 2024 оны 10 дугаар сарын 14-ний эдрийн 5290 дугаартай “Хэргийн газрын үзлэгээр хураан авсан 1 ширхэг тоосго нь шинжилгээнд тэнцэнэ. Хэргийн газрын үзлэгээр хураан авсан 1 ширхэг тоосгоноос цус илэрсэн. Ч.А-ын гэх хатаасан цус, С.З. гэх арчдас зэргийн ДНХ тогтоцыг тогтоов. Хэргийн газрын үзлэгээр хураан авсан 1 ширхэг тоосгоноос илэрсэн цус нь 2 эрэгтэй хүний холимог ДНХ-ийн тогтоц байна. 2 эрэгтэй хүний холимог ДНХ-ийн тогтоц нь Ч.А-ын гэх хатаасан цус, С.З. гэх арчдас зэргийн ДНХ тогтоцтой тохирч байна, тоосгоны урт-25 см, өргөн-12 см, өндөр-6.5 см, жин- 3.3 кг байна.” гэх дүгнэлт /1-р хх 86-87/,
- шүүгдэгч С.З.ы мэдүүлэг: “2024 оны 09 дүгээр сарын 16-нд ... би гудмаар архи уучихсан байдалтай алхаж байгаад буцаад 19 цагийн үед Ш ахын гэрт ирсэн чинь талийгаач А-, Ш ах хоёр сууж байсан ба А- ах намайг “дэлгүүр ороод ганц юм аваад гэж хэлэхээр нь дэлгүүр ороод 1 шил архи авчираад тухайн архийг талийгаач А- ах бид хоёр хувааж уух үедээ би “А- ахаа та юм уучихаараа сонин, сонин юм яриад, хүн айлгаад байдаг шүү, тэрийгээ болиорой” гэж хэлтэл А- ах “чи муу пизда минь юу гээд хуцаад байгаа юм бэ” гэж хэлээд миний толгойны дагз хэсэг руу гараараа 1-2 удаа цохиод авахаар нь би уурлаад “гараад ир пизда минь, хоёулаа эр хүн шиг үзчихэе” гэж хэлсэн. Тэр үед А- ах гэрээс гарч ирээд бид хоёр тухайн монгол гэрийн урд хэсэгт хоорондоо хэл амаараа маргалдаж эхэлсэн ба тухайн үед миний уур хүрээд гэрийн баруун урд байрлах амбаарны хажууд байсан улаан өнгийн тоосгыг баруун гартаа бариад А- ахын толгойны баруун дух хэсэгг нь нэг удаа цохисон чинь толгойноос нь цус гарсан байдалтай босоод ирэхээр нь дахиад тухайн тоосгоор толгойны баруун хэсэгт цохисон чинь дахин газар уначихаар нь нүүр руу нь хөлөөрөө өшиглөөд барьж байсан тоосгоороо толгойны духны баруун хэсэг рүү нь 3-4 удаа цохисон чинь А- ахын толгойноос цус гараад тогтохгүй байсан. Тэр үед би яахаа мэдэхгүй сандарч байтал урд талын хашаагаар үл таних ах орж ирэхээр нь би тухайн хүнд “ахаа би хүн алчих шиг боллоо, та цагдаа дуудаад өгчих” гэж хэлсэн чинь тэр хүнд утас байхгүй байсан ба дэлгүүр орж цагдаа дуудья” гэж хэлээд явчихсан юм. Удалгүй 5-10 минутын дараа цагдаа нар ирээд намайг аваад явсан юм.” гэсэн мэдүүлэг /1-р хх 223-225, 233/,
- шүүх сэтгэц эмгэг судлалын 936 дугаартай дүгнэлт /1-р хх 61/, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол /1-р хх 13, 30/ зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна.
Тухайн нотолгооны эх сурвалжууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан, эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, эх сурвалжаа харилцан нотолсон буюу хангалттай байх шалгуурт нийцсэн байх тул шүүгдэгчийн үйлдсэн “хүнийг алах” гэмт хэргийн шинж хангагдсан гэж үзнэ.
Тодруулбал, шүүгдэгч С.З. нь өөрийн гэмт үйлдлийн нийгэмд аюултай болохыг урьдаас мэдсээр атлаа хүсэж, гэмт үйлдлээ Ч.А-ын эсрэг давтамжтай бөгөөд хатуу мохоо зүйл ашиглан хэрэгжүүлснээс буюу түүний амь насанд аюултай хүнд гэмтлүүд учруулсантай шууд шалтгаант холбоотойгоор Ч.А- амь насаа алдсан” болох нь хөдөлбөргүй нотлогдсон байна.
Тухайн үед шүүгдэгч, хохирогч нарын хэн аль нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, харилцан маргалдсан гэх зэрэг нь гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан болсон байх боловч энэ нь хэргийн зүйлчлэлийг өөрчлөх үндэслэл болохгүй болно.
Шүүгдэгчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар баталгаажуулсан эрхийг нь шүүхийн өмнөх шат, шүүх хуралдаанд тухай бүр танилцуулж, тайлбарласан байх ба шүүгдэгч өөрийн үйлдлийг зөвшөөрч мэдүүлсэн нь бусад нотлох баримтаар тогтоогдсон байгааг дурдах нь зүйтэй.
3. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын буюу учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг бүх талаас нь харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, шалгууртай байдаг.
Тус эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзах шалгуур, шаардлагыг нотолж буй баримт, талуудын санал, дүгнэлтийг харьцуулан шалгаж, үнэлэх замаар ялын төрөл, хэмжээг хэрхэн оногдуулах нь шүүхэд олгогдсон эрх хэмжээний асуудалд хамаарна.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч С.З.д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахдаа дээр дурдсанаар харгалзвал зохих шалгуур, шаардлагын талаар зохих дүгнэлт хийсэн, тус оногдуулсан ялын хэмжээ нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, аюулын хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэрэгт тохирсон талаарх улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгчийн санал дүгнэлтийг үгүйсгэх боломжгүй гэж үзэв.
4. Анхан шатны шүүхээс тус гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг хянан шийдвэрлэхдээ хийсэн хууль зүйн дүгнэлт үндэслэлтэй байх бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн эрхийг хязгаарлаагүй, харин гэмт хэргийн улмаас учиран хор уршигт хамаарах нотлох баримтаа хуулийн дагуу бүрдүүлсний үндсэн дээр иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн байгааг буруутгах үндэслэл тогтоогдоогүй байна.
Тухайлбал, Иргэний хуулийн 508 болон 511 дүгээр 508.5, 511.4, 5 дахь хэсэгт заасан үндэслэл, журамд “гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүн, үүний дотор эхнэр, нөхөр, насанд хүрсэн эсхүл түүний бага насны хүүхэд” нь нэгэн зэрэг өөрийн сэтгэцэд учирсан гэм хорыг арилгуулахыг шаардах эрхтэй”-гээр хуульчлагдсан байх тул сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг тэргүүн ээлжинд нэхэмжлэх эрх бүхий этгээд хэн болохыг буюу нас барсан иргэний гэр бүлийн гишүүдэд тэргүүн ээлжинд хэн хамаарч байгаа” эсэхийг мөрдөгч, прокуророос хангалттай нотлон тогтоож, улмаар нас барсан иргэний гэр бүлийн гишүүдэд хамаарах эрх бүхий хүн бүрт холбогдох хууль тогтоомжид заасан эрхээ хэрэгжүүлэх боломж, нөхцөлийг нэг мөр ойлгуулж, хангасан байх зайлшгүй шаардлагатай атал энэ хүрээнд хамаарах ажиллагааг огт хэрэгжүүлээгүй байгааг шүүхээс зөвтгөх, нөхөн гүйцэтгэх боломжгүй.
Жишээлбэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.С-, гэрч Ч.М нарын мэдүүлэгт ”...талийгаач А- 2012 онд СХД-ийн 33-р хороо, Тахилтын 7-360 тоотод хамт амьдарч байсан, 2016-2024-онд Оюутолгойд ажиллаж байгаад Улаанбаатар хотод ирсэн, 2017 онд Т- гэх эмэгтэйтэй танилцсан, хүүхэдтэй болсон.../1хх-40, 48/ тухай мэдээлэл авагдсан байтал Ч.А-ын өмнөх хамтран амьдрагч, хүүхдийнх нь талаар болон хохирогч нь хэзээ, хаана, хэнтэй, хэрхэн хамт амьдарч, хөдөлмөрлөж байсан эсэх талаар мөрдөн шалгах болон хяналтын ажиллагааг явуулаагүй орхигдуулсан байхаас гадна дээрх нотолбол зохих ажиллагааг хийгээгүй атлаа мөрдөгч “сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягт үйлдсэн” /1хх-201/, улмаар прокуророос “сэтгэцэд учирсан хор уршгийг гаргуулах” тухай санал гаргасан зэрэг нь тус тус хууль зүйн үндэслэлгүй болохыг анхааруулах нь зүйтэй.
Мөрдөгч нь “сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягт” гэж үйлдсэн байх нь шинжээчийн дүгнэлт болохгүйгээс гадна энэ нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 39.1.Сэтгэцийн шинжилгээг дараах тохиолдолд хийнэ: 39.1.8.энэ хуулийн 40.1-д заасан сэтгэцэд учирсан хор уршиг; 40 дүгээр зүйл. Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох үнэлгээ 40.1-т “Шинжилгээний байгууллага Эрүүгийн хуулийн Аравдугаар бүлэг /Хүний амьд явах эрхийн эсрэг/ ... заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргана.” гэж заасан үндэслэл, журамд нийцэхгүй болно.
Гэр бүлийн болон Иргэний хуульд заасан холбогдох үндэслэл, журмын дагуу “нас барсан иргэний гэр бүлийн гишүүд” нь хэн болохыг нотолж тогтоох, тогтоолгох ажиллагааг хийхгүй орхигдуулсан тухайн тохиолдолд сэтгэцэд учирсан хор уршгийг хийсвэрлэх байдлаар шийдвэрлэх нь хуулиар хориглогдсон болохыг тэмдэглэж байна.
5. Иймд, дээр дурдсан үндэслэл, үйл баримтын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1269 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.С-гийн давж заалдах журмаар гаргасан “хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид гэмт хэргийн улмаас учирсан хохирол, сэтгэцэд учирсан гэмт хорын асуудлыг буруу шийдвэрлэсэн, эрүүгийн хариуцлага нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, хянан шийдвэрлэх ажиллагаа зөрчсөн байх тул шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгуулах” агуулга бүхий гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
6. Шүүгдэгч С.З.ы 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 63 /жаран гурав/ хоногийг түүний эдлэх хорих ялд оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1269 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.С-гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.З.ы 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 63 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.АЛДАР
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧ Г.ГАНБААТАР