Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 98

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Өлзий-Отгон даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Оюунтунгалаг,

Улсын яллагч: Д.Ганчимэг,

Шүүгдэгч: Ш.Б, Д.Ц /өөрөө өөрсдийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цагаан гэрүүд овгийн Шагдаржавын Б, Духыхан овгийн Дагдангийн Ц нарт холбогдох эрүүгийн 1829001300085 дугаартай хэргийг 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ш.Б, Д.Ц нар нь бүлэглэн Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутагт байрлах “Гашуунсухайт” хилийн боомтоор 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Нордбенз маркийн 65-60 ӨМА улсын дугаартай тээврийн хэрэгслийн 66-13 БЧ дугаартай чиргүүлд хязгаарласан бараа болох 160 килограмм ямаанй махыг нуун Монгол Улсын хилээр, гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.Б мэдүүлэхдээ: “Шүүх хуралд мэдүүлэг өгөхгүй.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Ц мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй.” гэв.

Гашуунсухайт экспорт, импорт, хил хорио цээрийн хяналтын хэлтсийн зөрчил шилжүүлэх хуудас /хх-ийн 7-9 дүгээр хуудас/,

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-16 дугаар хуудас/,

Монгол улсын хилээр, гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн “160 кг ямааны мах”-ыг эд мөрийн баримт хураан авч, шийдвэрлэсэн талаарх баримтууд /хх-ийн 17-25 дугаар хуудас/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Жамбалдоржийн: “Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтын нүүрсний терминалын гарах чиглэлд гаалийн хяналт шалгалт хийх явцад 65-60 ӨМА улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгслийн 66-13 дугаартай чиргүүлийн рамнаас 160 кг хэмжээтэй ямааны махыг нууж явсаныг илрүүлсэн. Тэгээд уг асуудлыг гэмт хэргийн шинжтэй гэж үзэн холбогдох материалыг бүрдүүлж цагдаагийн байгууллагад шалгуулахаар шилжүүлсэн. Гашуунсухайт гаалийн газрыг төлөөлүүлэхээр байгууллагаас намайг томилсоны дагуу би энэ хэрэгт мэдүүлэг өгч байна” ... “Тэр хүн гаалийн байгууллагад энэ талаар урьдчилан мэдүүлээгүй. Харин гаалийн үзлэгээс нууж машины чиргүүлийн рамны доор буюу ачаа тээвэрлэх зориулалтын бус газар ууттай махыг нуусан байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар хуудас/,

Гэрч Б.Мөнхтөгөлдөрийн: “ 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр би Гашуунсухайт хилийн боомтын нүүрсний гарах чиглэлд нүүрс тээврийн автомашинуудыг шалгатал нордбенз маркийн 65-60 ӨМА улсын дугаартай тээврийн хэрэгслийн 66-13 БЧ дугаарын чиргүүлийн доод талд тавиур хийж дээр шуудайтай мах ачсан байсныг илрүүлсэн”, “...Ш.Б уг махыг нэг ядарсан эмэгтэй хүн ачуулсан юм гээд 88389008 гэсэн дугаар өгсөн. Энэ махыг урагш нь гаргаад өгчих гээд гуйгаад байхаар нь ачсан гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 дугаар хуудас/,

Шүүгдэгч Ш.Бийн гэрчээр өгсөн: “Би Монпорт ХХК-ийн эзэмшлийн 65-60 ӨМА улсын дугаартай нордбенз машинд 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Цагаанхадны Алтанговийн ачилт буулгалтын хашаанаас нүүрс ачуулаад 2 хоног болсон. Би 05 дугаар сарын 27-ны өдөр хуучин застав хүртэл оочерт татагдаад тэнд байж байхад таньдаг эгч Ц надруу залгаад 5-6 мах байна чи ачаад урагш нь оруулаад өгөөч гэж гуйхаар нь би зөвшөөрсөн. Тэгээд шөнө Ц машинтай ирээд махнуудаа миний машины чиргүүлийн доор раман дээр 2-3 ширхэг банз хийгээд дээр нь тавьсан. Би маргааш нь 05-р сарын 28-ны өдөр Гашуунсухайт хил дээр очоод баригдсан”, “Би мэддэг байсан. Ц эгч намайг гуйгаад байхаар нь урагш нь гаргаад өгчихье гэж бодоод аччихсан юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 дугаар хуудас/,

Шүүгдэгч Д.Цгийн гэрчээр өгсөн: “Би 2018 оны 05-р сарын 27-ны өдөр Ханбогд сумын Хайрхан багийн Цагаанхад дээр нэг танихгүй залуугаас 1кг-ийг нь 5500 төгрөгөөр бодож 160 кг ямааны гулууз мах худалдаж авсан. Тэгээд тэр таньдаг жолооч Б гэдэг залуу би танд туслаад урагш мах гаргаж өгье гээд байхаар нь тэр оройдоо танихгүй таксигаар Цагаанхаднаас урагшаа шороон зам дээр Б машинтайгаа зогсож байхаар нь би махаа аваачиж өгсөн. Тэгээд маргааш нь намайг Ганцмодруу орчихсон байхад Б надруу утасдаад та энэ махаа ав шалгалт их байна гэнэ гэсэн. Би Хятадруу орчихсон байсан болохоор буцаад гарч чадаагүй. Тэгээд удалгүй Б надруу утасдаад гааль дээр баригдсанаа хэлсэн”, “Би хориотойг мэддэг байсан. Миний нойр булчирхай өвдөөд, унаж татдаг болчихоод байгаа учраас эм тариа, эмчилгээний мөнгө олох гээд ийм зүйл хийчихлээ. Би Цогтцэций сумын эмнэлэгт үзүүлээд Улаанбаатар хотод очиж нарийн шинжилгээ хийлгэх гэж байсан юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 дүгээр хуудас/,

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын тамгын газрын мал эмнэлэг, үржлийн тасгийн №158 дугаартай Махны төрөл тодорхойлсон дүгнэлт /хх-ийн 41-42 дугаар хуудас/,

“Хөрөнгө-Эстисмэйт” ХХК-ийн №112/01 дугаартай эд зүйлийн үнэлгээ хийсэн шинжилгээний дүгнэлт /хх-ийн 46 дугаар хуудас/,

Ш.Бийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 53-55 дугаар хуудас/,

Д.Цгийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 57-59 дүгээр хуудас/,

Ш.Бийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 65 дугаар хуудас/,

Ш.Бийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 64, 66-67 дугаар хуудас/,

Д.Цгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 71 дугаар хуудас/,

Д.Цгийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 70, 72-74, 96 дугаар хуудас/,

Ш.Б, Д.Ц нарын арилжааны банкнууд дахь дансны хуулгууд /хх-н 76-95 дугаар хуудас/,

Авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-н 99 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

  1. Гэм буруугийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр, мөн гэм буруутай этгээд нь өөрөө хүсэж улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлж буй үйлдлээр илрэн гардаг.

Шүүгдэгч Ш.Б, Д.Ц нар нь бүлэглэн Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутагт байрлах “Гашуунсухайт” хилийн боомтоор 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Нордбенз маркийн 65-60 ӨМА улсын дугаартай тээврийн хэрэгслийн 66-13 БЧ дугаартай чиргүүлд хязгаарласан бараа болох 160 килограмм ямаанй махыг нуун Монгол Улсын хилээр, гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлж байгаа мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.

Иймд шүүгдэгч Ш.Б, Д.Ц нарыг хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд заасны дагуу хориглосон, хязгаарлалт тогтоосон барааг Монгол Улсын хилээр, гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

  1. Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.

“Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” бөгөөд шүүгдэгч Ш.Б, Д.Ц нараас хохиролд нэхэмжлэх зүйлгүй болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Жамбалдоржийн “...надад нэхэмжлэх зүйл, гомдол, саналгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29-30 дугаар хуудас/ байх тул шүүгдэгч нарыг гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг арилгах хохирол төлбөргүй байна гэж үзлээ.

3. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх бөгөөд шүүгдэгч Ш.Б, Д.Ц нарт ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, төлбөргүй зэрэг нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдлаар тус тус тооцож, тэдний хувийн байдал, гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн байдал зэргийг харгалзан улсын яллагчаас шүүгдэгч нарт тус бүр оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаар  гаргасан ял шийтгэлийн хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрлөөс 800 /найман зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 160 килограмм ямааны махыг Хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлого, эд мөрийн баримтыг шийдвэрлэх тухай 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 2018/ШЗ/106 дугаартай шүүгчийн захирамж /хх-н 22 дугаар хуудас/-аар устгасан.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Ш.Б, Д.Ц нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Цагаан гэрүүд овгийн Шагдаржавын Б, Духыхан овгийн Дагдангийн Ц нарыг хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд заасны дагуу хориглосон, хязгаарлалт тогтоосон барааг Монгол Улсын хилээр, гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Б, Д.Ц нарыг тус бүр 800 /найман зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/-н төгрөгөөр тус тус торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ш.Б, Д.Ц нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 160 килограмм ямааны махыг Хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлого, эд мөрийн баримтыг шийдвэрлэх тухай 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 2018/ШЗ/106 дугаартай шүүгчийн захирамжаар устгасан болохыг дурдсугай.  

5. Шүүгдэгч Ш.Б, Д.Ц нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жамбалдорж нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдсугай.

6. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй Ш.Б, Д.Ц нарын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ш.Б, Д.Ц нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.ӨЛЗИЙ-ОТГОН