Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2017/00529

 

2017 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2017/00529

 

 

 Булган сүйх ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Б.Нармандах, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 184/ШШ2016/01532 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Булган сүйх ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч П.Оюунд холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 6 120 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй

Хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Зохигчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Халиун

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунзул

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.  

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдөр иргэн П.Оюунд 3 000 000 төгрөгийг, 2014 оны 7 дугаар сарын 07-ны өдөр 3 500 000 төгрөгийг тус тус 8 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай гэрээ байгуулан зээлдүүлсэн. П.Оюун нь эхний зээлийн үндсэн төлбөрөөс 1 000 000 төгрөг, дараагийн зээлийн үндсэн төлбөрөөс 500 000 төгрөгийг тус тус төлсөн. Үүнээс хойш үндсэн зээлийн үлдэгдэл ба үлдсэн зээлийн хүүгээ одоо болтол төлөхгүй байгаа тул эхний зээлийн төлбөрт 2 000 000 төгрөг, зээлийн хүүд нийт 13 сарын хүү 2 080 000 төгрөг, нийт 4 080 000 төгрөг, дараагийн зээлийн төлбөрт 3 000 000 төгрөг, зээлийн хүүд нийт 13 сарын хүү 3 120 000 төгрөг, нийт 6 120 000 төгрөгийг гаргуулж манай байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү.  

Барьцаагүйгээр зээл олгосон үйлдэл нь барьцаалан зээлдүүлэх ерөнхий шаардлагыг зөрчсөн тул зээл олгох нь үндэслэлгүй гэж хариуцагч тайлбарлаж байна. Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1 дэх хэсэгт зааснаар барьцаалан зээлдэх газар нь зээлийн гэрээний үүргийг хангахаар зээлдэгчээс хөдлөх эд хөрөнгийг барьцаанд тавиулахыг шаардах эрхтэй гэж зааснаас барьцааны эд хөрөнгө заавал тавих үүрэгтэй гэж заагаагүй. Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1 дэх хэсэгт зааснаар барьцааны эд хөрөнгө гэдэг нь үүргийн гүйцэтгэлийг хангах арга гэж үзэж байна. Мөн хэргийн материалд цагдаагийн байгууллагаас ирсэн нотлох баримт нь Монгол Лүн Рүй ХХК-д Бөөрөнхий нь элсэж орсныхоо дараа Анх-Од гэх хүнийг өөрийнхөө доор гишүүнээр элсүүлэн оруулсан байдаг. Иймд Бөөрөнхий нь Монгол Лүн Рүй ХХК-д П.Оюуныг уг сүлжээний компанид элсэн оруулаагүй. Харин Анх-Од гэх хүнийг батлан дааж П.Оюун нь урамшуулал авдаг байсан.  Оюун зээл аваад хүүг нь төлж байсан. Авсан зээлээ өөр байгууллагад хөрөнгө оруулах, зээлээ юунд зарцуулах нь өөрийнх нь асуудал. Ямар ч хамаагүй байгууллагад хөрөнгө оруулсан гэрээг авчирч өгөөд байгаа нь ойлгомжгүй байна. Барьцаагүй зээл олгосон нь үнэн. Гэхдээ заавал барьцаа авах ёстой, барьцаагүй зээл олгохыг хориглосон заалт Иргэний хуульд байхгүй. Журам бол хууль биш. Оюуныг таньдаг учраас танилын хувьд барьцаагүй зээл олгосон байгаа. Эхний зээлээс 3 000 000 төгрөг, дараагийн зээлээс 2 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: П.Оюун Булган сүйх ХХК нарын хооронд эрх зүйн харилцаа үүсээгүй байхад хууль зүйн үндэслэлгүй мөнгө нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Барьцаалан зээлдүүлэх журмын дагуу барьцаалан зээлдүүлэх газраас олгосон зээл барьцаагүй байхыг хориглодог. Бас нэхэмжлэгч нь барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулдаг гэж үзэхэд эргэлзээтэй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн баримтын ард төлнө гэж гарын үсэг зурсан боловч дарамталж зуруулсан гэсэн.   2014 оны 02 дугаар сарын 21-нд хятадын сүлжээний компанид Бөөрөнхий гэдэг хүний заавраар хөрөнгө оруулсан. Бөөрөнхий гэдэг хүн нь тухайн үед захирал нь байсан ба одоогийн захирал Баярмаа нь түүний охин. Авсан мөнгөнөөс нэг ч төгрөг өөртэй аваагүй. Зээлийг бодиттойгоор өгсөн байх ёстой ба бодиттойгоор өгөөгүй. 2 удаагийн зээлээр мөнгө аваагүй. Гэхдээ 2 дахь зээлийг авсан байх магадлалтай. Гэвч өөртэй зарцуулаагүй. Мөн зээлийн гэрээнүүдийг иргэд хоорондын зээл байх магадлалтай. Барьцааны хуудсанд тэмдэглэсэн төлсөн мөнгө, өөрөөр хэлбэл зохигч төлсөн төлбөрийн дүн, он, сар, өдрийн хувьд маргаангүй гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Ш.Бөөрөнхий нь Оюуныг дуудаад өөрийн ажилладаг БНХАУ-ын Монгол Лин Рүй ХХК-ийн сүлжээний бизнест хамтарч ажиллая хэмээн Булган сүйх ХХК гэх ломбардын падааныг ашиглан сүлжээний хөрөнгө оруулалтын 3 000 000 төгрөгийг зээлдүүлсэн мэт 622 тоот барьцааны хуудсыг үйлдсэн. Ингээд тухайн өдрөө 3 000 000 төгрөгийг  аваад хамт Монгол Лин Рүй ХХК-ийн байранд очиж Ш.Бөөрөнхийгийн дор ажиллахаар гишүүнээр элсэн орсон гэсэн. Сүлжээний бизнест элсэн оруулахдаа Ш.Бөөрөнхий нь 3 000 000 төгрөгийнхөө 10 хувийг элсэлтийн хураамж, үлдэгдэл 2 760 000 төгрөгийг хөрөнгө оруулалт хэмээн тус компанид өгөөд өөрөө түүнээс 10 хувийн 276 000 төгрөг урамшуулал авсан. Мөн сар бүр 115 000 төгрөгийн гишүүн элсүүлсний урамшууллыг авдаг байсан. 2014 оны 7 дугаар сард Монгол Лин Рүй ХХК-ийн ажилтнууд хөрөнгө оруулалтын хугацаа дуусах гээд байна гэсээр гишүүдээс дахин хөрөнгө оруулалт татаж эхлэх үед буюу 2014 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Ш.Бөөрөнхийгөөс 658 тоот барьцааны хуудсанд тусгагдсан 3 500 000 төгрөгийг авч тус сүлжээний компанид хөрөнгө оруулалт хийсэн. Би компаниас авсан цалингаараа Ш.Бөөрөнхийгийн Монгол Лин Рүй ХХК-ийн сүлжээний бизнест оруулсан хөрөнгө оруулалтын 6 500 000 төгрөгийг бага багаар нь хуваан өгч байсныг 622, 658 тоот барьцааны хуудсуудад тэмдэглэгдсэн байсан. Хүсэл зоригоор илэрхийлж Булган сүйх ХХК-ийн ломбарднаас зээл аваагүй бөгөөд тус ломбардыг ч мэдэхгүй. Энэхүү 622, 658 тоот барьцааны хуудсанд дурдагдсан 6 500 000 төгрөгөөс хариуцагч  хувьдаа нэг ч төгрөг авч ашиглаагүй бөгөөд Ш.Бөөрөнхий гуайн заавраар тус сүлжээний компанид хөрөнгө оруулсан. Ийнхүү нэг талаас сүлжээний бизнест зуучлах, хөрөнгө оруулах, нөгөө талаас зуучлуулж ажил, орлоготой болох харилцан хамтран ажиллах харилцаа байснаас барьцаалан зээлдүүлэх газраас зээл олгох хэлцэл огт хийгдээгүй тул 622, 658 тоот барьцааны хуудсуудыг Иргэний хуулийн  56-р зүйлийн 56.1.3-т зааснаар өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тооцож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийн талаар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Булган сүйх ХХК нь П.Оюун нарын хооронд байгуулсан барьцаалан зээлдүүлэх газраас олгосон гэрээг хүчин төгөлдөр гэрээ гэж үзэж байна. П.Оюун нь Иргэний хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт зааснаар иргэний эрх зүйн бүрэн чадамжтай этгээд мөн. Өөрийн үйлдлээр эрх олж авах болон үүрэг хүлээх бүрэн чадамжтай тул Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1 дэх хэсэгт зааснаар хүсэл зоригоо хангалтай илэрхийлж, хуульд заасан үндэслэлээр харилцан тохиролцож мөнгө зээлж авсан үйлдэл, мөн тухайн мөнгөнөөс хүү тооцож төлж байсан үйлдэл нь өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэж хүчин төгөлдөр бусад тооцуулах үндэслэлгүй гэж үзэж байна. П.Оюун нь сөрөг нэхэмжлэлдээ миний бие өөрийн хүсэл сонирхлоо илэрхийлж Булган сүйх ХХК-ийн ломбардаас зээл аваагүй бөгөөд тус ломбардыг мэдэхгүй гэж тайлбарласан нь үндэслэлгүй. Учир нь П.Оюун Булган сүйх ХХК-ийн ломбардаас удаа дараа зээл авч, хүү төлж байсан үйлдэл, мөн мөнгө хүлээж авсан баримт дээр гарын үсэг зурсан баримт хэргийн материалд байгаа. П.Оюун нь сөрөг нэхэмжлэлдээ үндсэн нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй ач холбогдолгүй БНХАУ-ын Монгол Лүн Рүй ХХК-ийн хамтран ажилласан гэрээ болон холбогдох бусад баримтуудыг хэргийн материалд хавсаргасан. Булган сүйх ХХК нь БНХАУ-ын Монгол Лүн Рүй ХХК-тай ямар нэгэн хамтран ажилладаг зүйл байхгүй. Мөн хэргийн материалд өгсөн баримтуудад Булган сүйх ХХК-ийн тамга тэмдэг дарагдаагүй. Булган сүйх ХХК-тай БНХАУ-ын Монгол Лүн Рүй ХХК нь хамтран ажилладаг гэсэн баримт хэргийн материалд байхгүй. Булган сүйх ХХК-ийн ломбарднаас сүлжээний байгууллагад хамтран ажиллах зорилгоор уг зээлийн авсан гэх үндэслэлээр уг хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй тул хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 286 зүйлийн 286.1, 286.2, 286.5. 56 дугаар зүйлийн 56.1.3-т зааснаар хариуцагч П.Оюунаас 3 575 300 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Булган сүйх ХХК-д олгож, үлдэх 2 544 700 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч П.Оюуны нэхэмжлэгч Булган сүйх ХХК-д холбогдох 622, 658 тоот барьцааны хуудсыг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2-д зааснаар хариуцагчаас 72 154 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 112 870 төгрөг, хариуцагчаас төлсөн 118 950 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж,

Хариуцагч нь өөрт учирсан хохирлоо буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүх нэхэмжлэлээс 2 544 700 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "...сунгалтын гэрээ хийгээгүй тул хүүнд төлсөн гэж үзэх үндэслэлгүй байна" гэжээ. Иргэний хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 42 дугаар зүйлийн 42.8, 43 дугаар зүйлийн 43.3-т тус тус заасны дагуу хариуцагч П.Оюун нь 18 насанд хүрсэн, иргэний эрх зүйн бүрэн чадамжтай байна. Үндсэн зээлийн төлбөрөө төлж чадахгүй байсан тул №609 тоот барьцааны хуудсын Санамж хэсэг "Хугацааг сунгахдаа урьд сарын хүү буюу хэтрүүлсэн хугацааны хүү алдангийг төлж сунгана"-т заасны дагуу зээлийн гэрээний хугацааг сунгасан. Улмаар ИХ-н 72.1, 72 дугаар зүйлийн 72.7-д заасны дагуу гэрээний хугацаа дуусах бүр хариуцагчаас 622 тоот барцааны хуудсаар харилцан тохиролцсон ёсоор үндсэн зээлээс cap бүр 240000 төгрөг буюу 8 хувиар хүүнд төлж, мөн 658 тоот барьцааны хуудсаар үндсэн зээлээс cap бүр 280000 төгрөг буюу 8 хувиар хүүнд төлж зээлийн гэрээгээ сунгасан нь хуульд зааснаар бодит үйлдлээр хийгдсэн байна. Мөн талууд хүү тогтоосон гэрээг бичгээр байгуулахаас биш заавал гэрээний хугацааг сунгах бүртээ дахин шинээр гэрээ байгуулж, гарын үсэг зуралгүйгээр зээлийн хүүг гэрээний хугацаа дуусах бүр төлж байсан нь хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын тайлбараар нотлогдоно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "...П.Оюун нь "Булган сүйх" ХХК-иас 2014 оны 02 сарын 21-ний өдөр 3 000 000 төгрөг, 2014 оны 07 сарын 07-ны өдөр 3 500 000 төгрөгийг 8 хувийн хүүтэй 1 сарын хугацаатай зээлж авсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, 622, 658 тоот барьцааны хуудас /хх-7 тал/ хариуцагчийн төлбөр төлнө гэж гаргаж өгсөн тайлбар /хх-7 талын ард/ гэсэн баримтуудаар тогтоогдсон" гэжээ. Зээлийн гэрээгээр зээлдэгч нь ИХ-ийн 282.4-т заасны дагуу мөнгийг бодитоор шилжүүлж өгсөнөөр байгуулагддаг. Өөрөөр хэлбэл барьцааны хуудас, түүн дээр гарын үсэг зурсан эсэх нь хамаагүй. Хамгийн гол нь мөнгийг зээлдэгчид бодитоор шилжүүлэн өгсөн, түүнийгээ нотлосноор зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ. Гэтэл нэхэмжлэгч нь мөнгийг хариуцагчид шилжүүлэн өгсөн нь нотлогддоггүй. Мөнгө хариуцагчийн захиран зарцуулах эрхэд шилжээгүй байдаг. Шүүхийн энэхүү дүгнэлт мөнгө тухайн өдрөө "Монгол Лин Рүй" сүлжээний компанид 2014.02.21-ний өдөр 19.00 цагт орсон баримттай зөрчилдөж байна.

Мөн шүүх "барьцааны хуудсын ард талд хариуцагчийн төлбөр төлнө гэж гаргаж өгсөн тайлбар /хх-7 дах талын ард/ гэсэн баримтуудаар тогтоогдсон" гэжээ. Ш.Бөөрөнхий нь өөрийн сүлжээнд оруулсан хөрөнгө оруулалтын мөнгөө "Монгол Лин Рүй" ХХК дампуурсаны дараа хариуцагчийг дарамталж байгаад мөнгийг өгнө л гэж боддог, яг хэдийд гэдгийг хэлж чадахгүй" гэх зэрэг үгсийг бичүүлж авсан байдаг. Эдгээр үгсийг Ш.Бөөрөнхийд эсхүл "Булган сүйх" ХХК-ийн алинд нь хандаж бичсэн болох нь тодорхойгүй байхад шүүх Булган сүйх ХХК-иас авсан зээлээ төлөхийг хүлээн зөвшөөрсөн, энэ баримт дээр П.Оюуныг дарамталж байгаад гарын үсэг зуруулсан гэж тайлбарласан боловч дээрх тайлбарыг нотлох баримтгүй тул хүлээн авах боломжгүй юм гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.4-т заасны дагуу анхнаасаа хүчин төгөлдөр бус уг хэлцлийг дахин нотлох шаардлагагүй юм.

"..."Булган сүйх" ХХК-ийн үндсэн эрхлэх үйл ажиллагааны чиглэл нь барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ болох нь нэхэмжлэгчийн тайлбар, 2010 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 000006869 тоот улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-3 тал/ гэсэн баримтуудаар тогтоогдож байна" гэжээ. ИХ-ийн 286-р зүйлийн 286.1 дэх заалт болон Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ MNS5274-2003 стандартын 6.12.3-т зааснаас үзвэл барьцаалан зээлдүүлэх газарт барьцаагүйгээр зээл олгох эрх хуулиар олгогдоогүй байна. ИХ-ийн 281, 286-р зүйлд заасан зээлийн гэрээнүүдийн гол ялгаа нь барьцаа хөрөнгө байдаг. Ийнхүү шүүх Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.5, 3.6-д зааснаар хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй шийдвэр гаргасан нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй болно.

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15-р зүйлийн 15.3.4, мөн барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ MNS5274-2003 стандартын 6.1-т зааснаас үзэхэд барьцаалан зээлдүүлэх газар нь тустай зөвшөөрөл авсан байхыг шаардсан байдаг. Шүүх 2010 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 000006869 тоот улсын бүртгэлийн гэрчилгээг тусгай зөвшөөрлийн гэрчилгээ гэж үзэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Хавтаст хэрэгт байгаа баримтын хүрээнд нэхэмжлэгч барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэх эрхтэй гэдэг нь нотлогддоггүй.

""Монгол Лин Рүй" ХХК-иас урамшуулал авч байсан баримт байх тул хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй..." гэжээ. "Монгол Лин Рүй" ХХК-ийн бүртгэлийн хүснэгт, урамшууллын хүснэгтүүдэд хариуцагчийн утасны дугаар, гарын үсэг зэргээр түүний тус сүлжээнд Ш.Бөөрөнхийгийн дор элсэн орсон, ажиллаж байсан болох нь тогтоогддог. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны явцад хүлээн зөвшөөрсөн байдаг. Иймд хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж, дүгнээгүй анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Булган сүйх ХХК нь хариуцагч П.Оюунд холбогдуулж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 6 120 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, Булган сүйх ХХК-ийн 622 болон 658 тоот барьцааны хуудсаар хийгдсэн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч П.Оюун нь нэхэмжлэгч Булган сүйх ХХК-иас 622 тоот барьцааны хуудсаар 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 3 000 000 төгрөгийг 8 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай, 658 тоот барьцааны хуудсаар 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 3 500 000 төгрөгийг 8 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай тус тус зээлдэн авсан барьцааны хуудас гэх бичгийн баримт үйлдсэн, зээлийн мөнгөн хөрөнгийг хариуцагч хүлээн авсан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Булган сүйх ХХК нь барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхэлдэг боловч дээрх зээлүүдийг барьцаагүй олгосон нь хууль зөрчөөгүй, талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр байна.

 

Иймд зээлийн гэрээний хугацаа дууссан байх тул зээлдүүлэгч нь зээлийн гэрээний үүргийг зээлдэгчээс шаардах эрхтэй.

 

Булган сүйх ХХК-ийн 622 болон 658 тоот барьцааны хуудсанд хариуцагч П.Оюун гарын үсэг зурсан байхаас гадна тэрээр зээлийн төлөлт хийж байсан, барьцааны хуудас гэх бичгийн баримт дарамтанд орж гарын үсэг зурсан гэх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна.

 

Хариуцагч нь зээлийн мөнгөн хөрөнгийг өөрөө ашиглаагүй, бусдад шилжүүлсэн явдал нь түүнийг зээлийн гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй ба харин хоёр тал зээлийн гэрээг сунгасан баримтад харилцан гарын үсэг зураагүй тул зээлийн гэрээг сунгагдсан гэж үзэхгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

 

Түүнчлэн шүүх зээлийн гэрээг сунгасан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагчийн төлсөн төлбөрийн дүн, нэхэмжлэгчийн хүлээн зөвшөөрсөн тайлбар зэргийг харгалзан 2 зээлийн гэрээний үүргийг тодорхойлсон нь хэрэгт авагдсан баримтад үндэслэгдсэн байхаас гадна Булган сүйх ХХК-ийн 622 болон 658 тоот барьцааны хуудсаар хийгдсэн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй талаар зөв дүгнэлт хийжээ.

 

Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг үндэслэн 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн үүргээс 1 000 000 төгрөгийг, 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн зээлийн гэрээний үүргээс 500 000 төгрөгийг тус тус хасч тооцсон ба энэ талаар нэхэмжлэгч гомдол гаргаагүй байв.

 

Дээр дурдсан үндэслэлээр зохигчдын гаргасан давж заалдах гомдлуудыг хангах үндэслэлгүй байна.

 

Харин зээлийг барьцаагүй олгосон нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 286 дугаар зүйлийн 286.2 дах хэсэгт нийцсэн байхад барьцаалан зээлдэх журмаар зээл олгоход барьцаалан зээлдэх газар нь хөдлөх эд хөрөнгө барьцаанд бариулахыг шаардах эрх, барьцааны гэрээг бичгээр байгуулах, байгуулаагүй тохиолдолд гэрээ хүчин төгөлдөр бус байхыг зохицуулсан мөн хуулийн 286 зүйлийн 286.1, 286.5 дэх хэсэгт заасныг баримталсан нь хууль хэрэглээний хувьд буруу болсон тул өөрчлөлт оруулж зөвтгөх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 184/ШШ2016/01532 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн гэсний дараа 281 дүгээр зүйлийн 281.1 гэж нэмж, 286.1, 286.5 гэснийг хасч өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 72160 төгрөгийг, нэхэмжлэгчийн төлсөн 55 700 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ

 

Н.БАТЗОРИГ