| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбодорж Ганбаатар |
| Хэргийн индекс | 2202 00430 0420 |
| Дугаар | 2025/ДШМ/135 |
| Огноо | 2025-01-23 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | Г.Онон |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 2025/ДШМ/135
2025 01 23 2025/ДШМ/135
М.Т-, З.С-, Б.Ц-
нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, шүүгч Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.Онон,
шүүгдэгч Б.Ц-ийн өмгөөлөгч Х.Еркебулан,
шүүгдэгч М.Т-, түүний өмгөөлөгч Г.Энхбаяр, Ө.Пүрэвсүрэн, Т.Мөнх-Очир,
шүүгдэгч З.С-, түүний өмгөөлөгч Ж.Мөнгөнзул, Э.Намжилцэрэн
нарийн бичгийн дарга С.Далайцэрэн нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 2024/ШЦТ/1082 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Г.Ононгийн бичсэн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 115 дугаар эсэргүүцлээр М.Т-, З.С-, Б.Ц- нарт холбогдох 2202 00430 0420 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Ганбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.
1. С овгийн З-ын С-, 1982 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Хил хамгаалах ерөнхий газрын нууцын албанд ажилладаг, ам бүл 4, нөхөр хүүхдүүдийн хамт ... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:... /,
2. Х овгийн М-ы Т-, 1988 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Архангай аймагт төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цэргийн сэтгэл зүйч мэргэжилтэй, Хил хамгаалах ерөнхий газрын нууцын албанд цахим бүртгэл лавлагаа, нууцлал хариуцсан ахлах офицер ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:... /,
3. Б овгийн Б-ийн Ц-, 1959 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 65 настай, эрэгтэй, дээд боловсролтой, автын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй өндөр насны тэтгэвэрт, ам бүл 2, эхнэрийн хамт ... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, /РД:... /,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 914 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар 1,000,000.00 төгрөгөөр, мөн хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000,000.00 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, түүнд оногдуулсан торгох ялуудыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг нь 2,000,000 төгрөгөөр торгох ялаар тогтоосон;
1. М.Т- нь Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Хил хамгаалах ерөнхий газрын Цэргийн албаны зохион байгуулалтын газрын Нууцын албаны Цахим бүртгэлийн лавлагаа, нууцлалт хариуцсан ахлах ажилтнаар буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.3-т “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, бусдын эрхийг хязгаарлах”-д заасныг зөрчиж, хийх ёсгүй үйлдэл хийж буюу Монгол Улсын хилээр нэвтэрсэн зорчигч, тээврийн хэрэгслийн лавлагаа, мэдээлэл өгөхдөө Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн А/22 дугаартай тушаалаар батлагдсан “Улсын хилээр нэвтэрсэн зорчигч, тээврийн хэрэгслийн лавлагаа, мэдээлэл өгөх журам”-ын 4.1.1 дэх хэсэгт заасан “Монгол улсын хилийн нийт боомтуудаар 2007 оноос хойш улсын хилээр нэвтэрсэн зорчигч, тээврийн хэрэгслийн талаарх мэдээлэл, лавлагааг шүүж гаргана”, 4.3-т “Иргэдээс ирүүлсэн хүсэлтийг 1-3 хоногт шийдвэрлэж, улсын хилээр нэвтэрсэн зорчигч, тээврийн хэрэгслийн талаарх мэдээлэл, лавлагаа авах хүсэлтэд шүүлгэх хугацаа тодорхойгүй тохиолдолд хамгийн сүүлд улсын хилээр нэвтэрсэн эсэх талаарх мэдээллийг шүүж хариу өгнө”, 5.1-д “Нууц, мэдээллийн аюулгүй байдлын албаны эрх бүхий албан тушаалтнууд улсын хилээр нэвтэрсэн зорчигч тээврийн хэрэгслийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд өөрийн кодоор нэвтэрч, мэдээллийн сангаас хайлт хийн, улсын хилээр нэвтэрсэн зорчигч, тээврийн хэрэгслийн талаарх мэдээлэл, лавлагаа” гэснийг зөрчиж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, яллагдагч З.С-той бүлэглэн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Хил хамгаалах ерөнхий газрын цэргийн албаны зохион байгуулалтын газрын дарга хурандаа Ц.Б-ын “Б.Ц-ийн материалыг шуурхай гаргаад өгөөрэй” гэсэн хүсэлтийг дагуу иргэн Б.Ц-ийн “хилийн лавлагааг түргэн шуурхай гаргуулж авах” гэсэн хүсэлтийг гүйцэлдүүлэх зорилгоор Улсын хилээр нэвтэрсэн зорчигч, тээврийн хэрэгслийн лавлагаа өгөх журмыг зөрчиж буюу тус журмын 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан “Улсын хилээр нэвтэрсэн зорчигч, тээврийн хэрэгслийн талаарх лавлагаа, мэдээлэл авах хүсэлтийг эрх бүхий байгууллага, албан тушаалтан, иргэн Хилийн цэргийн штабт гарган ирүүлнэ.”, мөн зүйлийн 2.2 дахь хэсэгт “...иргэдээс ирүүлсэн хүсэлтийг Нууц, мэдээллийн аюулгүй байдлын албаны сүлжээний оператор тус тус хүлээн авч, өдөр, цаг, минутаар нь бүртгэн, мөн албаны бүртгэлийн нэгдсэн системийн лавлагаа,нууцлал хариуцсан ахлах ажилтанд шилжүүлнэ”, мөн зүйлийн 2.3 дахь хэсэгт нууц, мэдээллийн аюулгүй байдлын албаны сүлжээний оператор нь Хил хамгаалах ерөнхий газрын шалган нэвтрүүлэх байрны иргэдэд лавлагаа, мэдээллээр үйлчлэх өрөөнд байрлаж, иргэдийн хүсэлтийг хүлээн авч хариуг хүлээлгэн өгнө” гэсэн хүсэлтийг хүлээн авах журмын дагуу хандаагүй байхад Б.Ц--д Хил хамгаалах ерөнхий газрын 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 2-4В/295 дугаартай тодорхойлолтыг гаргаж өгсөн, улмаар 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Хил хамгаалах ерөнхий газрын цэргийн албаны зохион байгуулалтын газрын дарга хурандаа Ц.Б-ын “Манай ахын найз ажил дээр ирчихсэн юм шиг байна материалыг аваад маш сайн шалгаж үзээд гаргаж өгөөрэй” гэсэн хүсэлтийг гүйцэлдүүлэх зорилгоор Б.Ц-ээс “Америкийн нэгдсэн улсад 3 сар орчим амьдарсан программ чинь лавлагаа буруу гаргасан байна миний паспорт дээрх штамп дээрх он сар ...2015 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр орж ирсэн штамп байна” гэх хууль бус хүсэлтэд дурдсан цаг хугацаагаар Хил хамгаалах ерөнхий газрын 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 2-48/927 дугаартай тодорхойлолтыг баталгаажуулахдаа “Улсын хилээр нэвтэрсэн зорчигч, тээврийн хэрэгслийн лавлагаа, мэдээлэл өгөх журам”-ын 4.1 заасан “...улсын хилээр нэвтэрсэн зорчигч, тээврийн хэрэгслийн талаарх мэдээлэл, лавлагааг шүүж гаргана”, 5.2-т заасан “ Улсын хилээр нэвтэрсэн зорчигч, тээврийн хэрэгслийн талаарх лавлагаа, мэдээлэл авах тухай хүсэлтэд хариу өгөх, үнэн зөв байх асуудлыг Нууц, мэдээллийн аюулгүй байдлын албаны бүртгэлийн нэгдсэн системийн лавлагаа, нууцлал хариуцсан ахлах ажилтан хариуцна.” 5.3-т заасан “Лавлагаа, мэдээлэл хүссэн албан бичгийн хариуг ...нууцлал хариуцсан ахлах ажилтны гарын үсгээр баталгаажуулж, байгууллагын тамга, тэмдэг дарга...” гэсэн албаны чиг үүргээ Б.Ц-ийн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж санаатайгаар хэрэгжүүлэхгүйгээр түүнд тодорхойлолт гарган өгч давуу байдал бий болгосон, мөн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2022 оны 06 дугаар сарын 21-ны өдрийн 2-4в/2957 дугаартай албан бичгийг хүргүүлэхдээ Б.Ц- нь 09 дүгээр сарын 17-ны өдөр Бээжин-УБ чиглэлийн СА-901 дүгээр аяллын онгоцоор улсын хилээр орсон гэж бүрэн бус тодорхойлолтыг баталгаажуулж зэргээр дээрх гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон,
2. З.С- нь Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Хил хамгаалах ерөнхий газрын Цэргийн албаны зохион байгуулалтын газрын Нууцын албаны Цахим бүртгэлийн лавлагаа, нууцлалт хариуцсан ажилтнаар буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.3-т “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, бусдын эрхийг хязгаарлах”-д заасныг зөрчиж, хийх ёсгүй үйлдэл хийж буюу Монгол Улсын хилээр нэвтэрсэн зорчигч, тээврийн хэрэгслийн лавлагаа, мэдээлэл өгөхдөө Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн А/22 дугаартай тушаалаар батлагдсан “Улсын хилээр нэвтэрсэн зорчигч, тээврийн хэрэгслийн лавлагаа, мэдээлэл өгөх журам”-ын 4.1.1 дэх хэсэгт заасан “Монгол улсын хилийн нийт боомтуудаар 2007 оноос хойш улсын хилээр нэвтэрсэн зорчигч, тээврийн хэрэгслийн талаарх мэдээлэл, лавлагааг шүүж гаргана”, 4.3-т “Иргэдээс ирүүлсэн хүсэлтийг 1-3 хоногт шийдвэрлэж, улсын хилээр нэвтэрсэн зорчигч, тээврийн хэрэгслийн талаарх мэдээлэл, лавлагаа авах хүсэлтэд шүүлгэх хугацаа тодорхойгүй тохиолдолд хамгийн сүүлд улсын хилээр нэвтэрсэн эсэх талаарх мэдээллийг шүүж хариу өгнө”, 5.1-д “Нууц, мэдээллийн аюулгүй байдлын албаны эрх бүхий албан тушаалтнууд улсын хилээр нэвтэрсэн зорчигч тээврийн хэрэгслийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд өөрийн кодоор нэвтэрч, мэдээллийн сангаас хайлт хийн, улсын хилээр нэвтэрсэн зорчигч, тээврийн хэрэгслийн талаарх мэдээлэл, лавлагаа” гэснийг зөрчиж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, яллагдагч М.Т-тэй бүлэглэн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Хил хамгаалах ерөнхий газрын цэргийн албаны зохион байгуулалтын газрын дарга хурандаа Ц.Б-ын “Б.Ц-ийн материалыг шуурхай гаргаад өгөөрэй” гэсэн хүсэлтийг дагуу иргэн Б.Ц-ийн “хилийн лавлагааг түргэн шуурхай гаргуулж авах” гэсэн хүсэлтийг гүйцэлдүүлэх зорилгоор Улсын хилээр нэвтэрсэн зорчигч, тээврийн хэрэгслийн лавлагаа өгөх журмын зөрчиж буюу тус журмын 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан “Улсын хилээр нэвтэрсэн зорчигч, тээврийн хэрэгслийн талаарх лавлагаа, мэдээлэл авах хүсэлтийг эрх бүхий байгууллага, албан тушаалтан, иргэн Хилийн цэргийн штабт гарган ирүүлнэ.”, мөн зүйлийн 2.2 дахь хэсэгт “...иргэдээс ирүүлсэн хүсэлтийг Нууц, мэдээллийн аюулгүй байдлын албаны сүлжээний оператор тус тус хүлээн авч, өдөр, цаг, минутаар нь бүртгэн, мөн албаны бүртгэлийн нэгдсэн системийн лавлагаа,нууцлал хариуцсан ахлах ажилтанд шилжүүлнэ” , мөн зүйлийн 2.3 дахь хэсэгт нууц, мэдээллийн аюулгүй байдлын албаны сүлжээний оператор нь Хил хамгаалах ерөнхий газрын шалган нэвтрүүлэх байрны иргэдэд лавлагаа, мэдээллээр үйлчлэх өрөөнд байрлаж, иргэдийн хүсэлтийг хүлээн авч хариуг хүлээлгэн өгнө” гэсэн хүсэлтийг хүлээн авах журмын дагуу хандаагүй байхад Б.Ц--д Хил хамгаалах ерөнхий газрын 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 2-4В/295 дугаартай тодорхойлолтыг гаргаж өгсөн, улмаар 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Хил хамгаалах ерөнхий газрын цэргийн албаны зохион байгуулалтын газрын дарга хурандаа Ц.Б-ын “Манай ахын найз ажил дээр ирчихсэн юм шиг байна материалыг аваад маш сайн шалгаж үзээд гаргаж өгөөрэй” гэсэн хүсэлтийг гүйцэлдүүлэх зорилгоор Б.Ц-ээс “Америкийн нэгдсэн улсад 3 сар орчим амьдарсан программ чинь лавлагаа буруу гаргасан байна миний паспорт дээрх штамп дээрх он сар ...2015 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр орж ирсэн штамп байна” гэх хууль бус хүсэлтэд дурдсан цаг хугацаагаар Хил хамгаалах ерөнхий газрын 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 2-48/927 дугаартай тодорхойлолтыг гаргаж өгөхдөө “Улсын хилээр нэвтэрсэн зорчигч, тээврийн хэрэгслийн лавлагаа, мэдээлэл өгөх журам”-ын 4.1 заасан “...улсын хилээр нэвтэрсэн зорчигч, тээврийн хэрэгслийн талаарх мэдээлэл, лавлагааг шүүж гаргана” гэсэн албан үүргээ Б.Ц-ийн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж санаатайгаар хэрэгжүүлэхгүйгээр түүнд тодорхойлолт гарган өгч давуу байдал бий болгосон, мөн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2022 оны 06 дугаар сарын 21-ны өдрийн 2-4в/2957 дугаартай албан бичгийг хүргүүлэхдээ Б.Ц- нь 09 дүгээр сарын 17-ны өдөр Бээжин-УБ чиглэлийн СА-901 дүгээр аяллын онгоцоор улсын хилээр орсон гэж бүрэн бус тодорхойлолт боловсруулж, М.Т-өөр баталгаажуулж зэргээр дээрх гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон,
3. Б.Ц- нь З.С-, М.Т- нарын Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.3-т “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, бусдын эрхийг хязгаарлах”-д заасныг зөрчиж, хийх ёсгүй үйлдэл хийж буюу Монгол Улсын хилээр нэвтэрсэн зорчигч, тээврийн хэрэгслийн лавлагаа, мэдээлэл өгөхдөө Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн А/22 дугаартай тушаалаар батлагдсан “Улсын хилээр нэвтэрсэн зорчигч, тээврийн хэрэгслийн лавлагаа, мэдээлэл өгөх журам”-ын 4.1.1 дэх хэсэгт заасан “Монгол улсын хилийн нийт боомтуудаар 2007 оноос хойш улсын хилээр нэвтэрсэн зорчигч, тээврийн хэрэгслийн талаарх мэдээлэл, лавлагааг шүүж гаргана”, 4.3-т “Иргэдээс ирүүлсэн хүсэлтийг 1-3 хоногт шийдвэрлэж, улсын хилээр нэвтэрсэн зорчигч, тээврийн хэрэгслийн талаарх мэдээлэл, лавлагаа авах хүсэлтэд шүүлгэх хугацаа тодорхойгүй тохиолдолд хамгийн сүүлд улсын хилээр нэвтэрсэн эсэх талаарх мэдээллийг шүүж хариу өгнө”, 5.1- “Нууц, мэдээллийн аюулгүй байдлын албаны эрх бүхий албан тушаалтнууд улсын хилээр нэвтэрсэн зорчигч тээврийн хэрэгслийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд өөрийн кодоор нэвтэрч, мэдээллийн сангаас хайлт хийн, улсын хилээр нэвтэрсэн зорчигч, тээврийн хэрэгслийн талаарх мэдээлэл, лавлагаа” гэснийг зөрчиж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Б.Ц-ийн “хилийн лавлагааг түргэн шуурхай гаргуулж авах” гэсэн хүсэлтийг гүйцэлдүүлэх зорилгоор Улсын хилээр нэвтэрсэн зорчигч, тээврийн хэрэгслийн лавлагаа өгөх журмын зөрчиж буюу тус журмын 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан “Улсын хилээр нэвтэрсэн зорчигч, тээврийн хэрэгслийн талаарх лавлагаа, мэдээлэл авах хүсэлтийг эрх бүхий байгууллага, албан тушаалтан, иргэн Хилийн цэргийн штабт гарган ирүүлнэ.”, мөн зүйлийн 2.2 дахь хэсэгт “...иргэдээс ирүүлсэн хүсэлтийг Нууц, мэдээллийн аюулгүй байдлын албаны сүлжээний оператор тус тус хүлээн авч, өдөр, цаг, минутаар нь бүртгэн, мөн албаны бүртгэлийн нэгдсэн системийн лавлагаа,нууцлал хариуцсан ахлах ажилтанд шилжүүлнэ” , мөн зүйлийн 2.3 дахь хэсэгт нууц, мэдээллийн аюулгүй байдлын албаны сүлжээний оператор нь Хил хамгаалах ерөнхий газрын шалган нэвтрүүлэх байрны иргэдэд лавлагаа, мэдээллээр үйлчлэх өрөөнд байрлаж, иргэдийн хүсэлтийг хүлээн авч хариуг хүлээлгэн өгнө” гэсэн хүсэлтийг хүлээн авах журмын дагуу хандаагүй байхад Б.Ц- Хил хамгаалах ерөнхий газрын 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 2-4В/295 дугаартай тодорхойлолтыг гаргаж өгсөн, улмаар 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Хил хамгаалах ерөнхий газрын цэргийн албаны зохион байгуулалтын газрын дарга хурандаа Ц.Б-ын “Манай ахын найз ажил дээр ирчихсэн юм шиг байна материалыг аваад маш сайн шалгаж үзээд гаргаж өгөөрэй ” гэсэн хүсэлтийг гүйцэлдүүлэх зорилгоор Б.Ц-ээс “Америкийн нэгдсэн улсад 3 сар орчим амьдарсан программ чинь лавлагаа буруу гаргасан байна миний паспорт дээрх штамп дээрх он сар ...2015 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр орж ирсэн штамп байна” гэх хууль бус хүсэлтэд дурдсан цаг хугацаагаар Хил хамгаалах ерөнхий газрын 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 2-48/927 дугаартай тодорхойлолтыг гаргаж өгөхдөө “Улсын хилээр нэвтэрсэн зорчигч, тээврийн хэрэгслийн лавлагаа, мэдээлэл өгөх журам”-ын 4.1 заасан “...улсын хилээр нэвтэрсэн зорчигч, тээврийн хэрэгслийн талаарх мэдээлэл, лавлагааг шүүж гаргана” гэсэн албан үүргээ Б.Ц-ийн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж санаатайгаар хэрэгжүүлэхгүйгээр түүнд тодорхойлолт гарган өгч давуу байдал бий болгох” гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Нийслэлийн прокурорын газраас: М.Т-, З.С- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Б.Ц-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх дүгээр зүйлүүдэд заасныг тус тус гийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1,3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Хөх хангай овогт М.Т-, З.С-, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б.Ц- нарт холбогдох 2202004300420 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, М.Т-, З.С-, Б.Ц- нарыг тус тус цагаатгаж, М.Т-, З.С-, Б.Ц- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар З.С-, М.Т-, Б.Ц- нар нь хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирлыг арилгуулах тухай нэхэмжлэлийг гаргах эрхтэйг тайлбарлаж шийдвэрлэжээ.
Прокурор Г.Ононийн бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар М.Т- нь Хил хамгаалах ерөнхий газрын Цэргийн албаны зохион байгуулалтын газрын Нууцын албаны зохион байгуулалтын газрын Нууцын албаны цахим бүртгэлийн лавлагаа, нууцлалт хариуцсан ахлах мэргэжилтний хувьд Монгол улсын хилээр нэвтэрсэн зорчигч, тээврийн хэрэгслийн мэдээлэл, лавлагаа авах тухай хүсэлтэд хариу өгөх, хариу нь үнэн зөв байх асуудлыг хариуцах, З.С- нь тус албаны Нууцын албаны Цахим бүртгэлийн лавлагаа, нууцлалт хариуцсан ажилтны хувьд эрх бүхий хууль хяналтын байгууллага болон иргэдээс ирүүлсэн улсын хилээр нэвтэрсэн зорчигч, тээврийн хэрэгслийн лавлагаа хүссэн албан бичиг, хүсэлтийн дагуу тус газрын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сангаас шүүлт хийж, холбогдох мэдээллийг гаргах зэрэг тус тус ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан албан үүрэг үүргийг хэрэгжүүлэх үүрэгтэй байсан. М.Т-, З.С- нар нь тус албаны дарга Ц.Б-аар дамжуулан холбогдсон Б.Ц-эд түүний хилээр нэвтэрсэн лавлагааг анх удаа гаргаж өгөхдөө буюу 2022 оны 4 дүгээр сард зохих журмын дагуу тус албаны цахим бүртгэлээс шүүлт хийж гаргаж өгсөн бөгөөд ингэхдээ Б.Ц- нь Монгол улсад 2014 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр “Буянт-Ухаа боомтоор орсон” гэсэн мэдээлэлтэй танилцаж, улмаар 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 2- 4в/395 дугаартай “2014 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр...” гэсэн агуулга бүхий тодорхойлолтыг гаргаж өгсөн. Гэвч Б.Ц-ийн “Хилийн лавлагааг түргэн шуурхай гаргуулан авах” болон “Улсын хилээр нэвтэрсэн лавлагааг худал огноогоор авах” гэсэн хууль бус ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх гэсэн зорилгоор дахин Хил хамгаалах ерөнхий газарт гаргасан гаргасан хүсэлтийг шийдвэрлэхдээ З.С-, М.Т- нар нь Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн А/22 дугаар тушаалаар батлагдсан Улсын хилээр нэвтэрсэн зорчигч, тээврийн хэрэгслийн лавлагаа, мэдээлэл өгөх журамын холбогдох заалтуудыг зөрчиж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Б.Ц-эд давуу байдал бий болгох зорилгоор “...Б.Ц- нь 2015 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр улсын хилээр орсон...” гэх утга бүхий 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 2-4в/927 дугаартай тодорхойлолтыг боловсруулж гаргасан. Дээрх тодорхойлолтыг гаргаж өгөхдөө Б.Ц-ийн ашиг сонирхлын үүднээс буюу “...танай программ алдаатай байна. ...би Америк руу яваад ирсэн юм...” гэсэн аман тайлбар, албан ёсны бус хэвлэмэл баримтад үндэслэж Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн N 2 2 дугаар тушаалд заасан холбогдох заалтуудыг мэдсээр байж зөрчиж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, түүнд дээрх лавлагааг гаргаж өгсөн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн субьектив талын шинжийг бүрэн хангасан гэж үзсэн.
Түүнчлэн дээрх хоёр лавлагааг гаргуулан авахдаа Б.Ц- нь Хил хамгаалах ерөнхий газрын Цэргийн албаны зохион байгуулалтын газрын дарга Ц.Б-тай холбогдсон бөгөөд Ц.Б- нь Б.Ц-ийг өөрийн албан өрөөнд хүлээн авч уулзаж, улмаар М.Т-ийг өөрийн албан өрөөнд дуудаж “...материалыг нь албан ёсоор бичиг хэргээр дамжуулж ав, материал нь бүрдсэн бол шуурхай гаргаад өгөөрэй гэж” үүрэг, чиглэл өгсөн, мөн хоёр дахь удаа Б.Ц- нь тодорхойлолт гаргуулахад Ц.Б- нь М.Т- рүү харилцаа холбооны хэрэгслээр “...манай ахын найз ажил дээр ирчихсэн юм шиг байна, материалыг нь аваад маш сайн шалгаж үзээд гаргаж өгөөрэй...” гэж тус тус холбогдсон болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон бөгөөд М.Т-т удирдлагаас өгсөн үүрэг, чиглэлийн дагуу Б.Ц-ийг гаргасан хүсэлтүүдийг авч, тодорхойлолтыг хурдан, шуурхай гаргаж өгөх гэсэн ашиг сонирхол бий болсон гэж үзэх үндэслэл тогтоогддог. Улмаар нууцын албаны цахим бүртгэлийн лавлагаа нууцлал хариуцсан мэргэжилтэн С.С- нь “Улсын хилээр нэвтэрсэн зорчигч, тээврийн хэрэгслийн лавлагаа, мэдээлэл өгөх журам”-ын 4.1.1 дэх хэсэгт зааснаар Улсын хилээр нэвтэрсэн зорчигч, тээврийн хэрэгслийн талаарх лавлагаа, мэдээлэл авах байдлын албаны бүртгэлийн нэгдсэн системээс холбогдох мэдээллийг шүүлт хийж, хилийн лавлагааг гаргаж, лавлагааг боловсруулах ёстой байтал дээрх үүргээ санаатайгаар хэрэгжүүлээгүй,
Мөн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс М.Т-, З.С- нарын хууль бус тодорхойлолт буюу 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 2-4в/927 дугаартай тодорхойлолттой холбогдуулан хилийн лавлагаа авах тухай албан бичигт Улсын хилээр нэвтэрсэн зорчигч, тээврийн хэрэгслийн лавлагаа, мэдээлэл өгөх журам”-ын дагуу хариуг өгөхдөө Б.Ц-ийн Монгол улсын хилээр орсон оныг орхигдуулах замаар тодорхойлолтуудыг гаргаж өгсөн үйл баримтууд тогтоогдсон ба дээрх үйл баримтуудаар Б.Ц- болон нийтийн албан тушаалтан М.Т-, З.С- нарын хооронд харилцан сонирхол бүхий эрх ашгийн нэгдэл үүссэн гэж үзэх үндэслэлтэй юм.
Өөрөөр хэлбэл М.Т-, З.С- нар нь Б.Ц-эд хилийн лавлагааг гаргаж өгөхдөө Монгол улсын хилээр нэвтэрсэн зорчигч, тээврийн хэрэгслийн бүртгэл хяналтын системийн өгөгдлөөс “...2014 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Монгол Улсын хилээр орсон...” талаарх албан ёсны мэдээллийг шүүж, танилцсан байж, түүний амаар гаргасан тайлбар болон хэвлэмэл баримтыг үндэслэж хууль бус тодорхойлолт гаргаж өгч байгаа үйлдэл нь албан үүрэг, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, түүнд давуу байдал бий болгож лавлагаа, мэдээлэл гаргаж өгсөн буюу тухайн гэмт хэргийн обьектив талын шинжийг хангасан гэж үзсэн. Учир нь хэрэгт авагдсан баримтуудаар М.Т-, З.С- нар нь иргэдээс гаргасан хүсэлтийн дагуу холбогдох лавлагаа, тодорхойлолтыг гаргаж өгөхдөө тухайн иргэний мэдээлэл, тодорхойлолт нь эргэлзээтэй байна гэж үзвэл хилийн лавлагаа хариуцсан Монгол улсын эрх бүхий байгууллагын цорын ганц албан тушаалтны хувьд өөрсдийн эрх бүхий дээд удирдлагад, эсхүл мэдээллийг дахин нягтлан шалгах хүрээнд авбал зохих арга хэмжээг авч хэрэгжүүлсэн гэх үйлдэл, үйл баримт тогтоогдоогүй бөгөөд М.Т-, З.С- нарын дээрх үйлдэл нь тэдгээрийн сэдэл, санаа зорилгыг илэрхийлж байгаа болно.
Монгол Улсын Үндсэн хуулийн 10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ” гэж, Авлигын эсрэг хуулийн 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт “Монгол Улсын олон улсын гэрээнд авлигын эсрэг хууль тогтоомжоос өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хууль, Монгол Улсын хуулиар соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална” гэж тус тус заасан. Авлигын эсрэг конвенцын 28 дугаар зүйлд “...гэмт хэргийн зайлшгүй бүрэлдэхүүн болох ухамсар, санаа, зорилгыг бодит үйл баримтын нөхцөл байдлаас дүгнэн гаргаж болно...” гэж заасан бөгөөд 2015 оны Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт заасан “урвуулан ашиглах” гэж албан үүрэг, албан тушаал, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлэхийг ойлгоно.” гэсэн тайлбар хийж, нийтийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлсэн үйлдлийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэргийн нэг шинж болгон хуульчилсан.
Хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон үйл баримтаас нэгтгэн дүгнэхэд Хил хамгаалах ерөнхий газрын Цэргийн албаны зохион байгуулалтын газрын дарга Ц.Б-аас М.Т-, З.С- нарт нөлөөлсний улмаас нийтийн албан тушаалтнууд нь хуульд нийцүүлэн үйл ажиллагаа явуулах, шударга байх зарчим алдагдсан буюу Б.Ц-ийн гэмт үйлдлийн улмаас бий болсон үр дагавар нь гэмт хэрэгт хамтран оролцсон этгээдүүдийн үйлдэлтэй шалтгаант холбоотой буюу М.Т-, З.С- нарын үйлдлийн үр дүнд Б.Ц-эд давуу байдал бий болж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичсэн. ...” гэв.
Шүүгдэгч М.Т- тус шүүх хуралдаанд: хэлэх тайлбаргүй гэв.
Шүүгдэгч З.С- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Прокурор “З.С- программ дээр алдаа гардаггүй” гэж хэлсэн гэж тайлбарлаж байна. Би тэгж хэлээгүй. Цахим бүртгэлийн чиглэлээр 3 албан хаагч ажилладаг. Тэдгээрийн нэг нь ахлагч учраас тэрээр системд нэвтэрдэггүй. Зөвхөн М.Т- бид 2 л нэвтрэх эрхтэй, нөлөөлөл бий болгохгүй гэх үндэслэлээр хоёрхон хүнд нэвтрэх эрх олгосон байдаг. Журмын дагуу ахлагч нь бичиг ирмэгц тухайн бичгийг бүртгэж, М.Т- бид 2 шийдвэрлэдэг. Өөр хүмүүс системд нэвтрэх, бичигтэй танилцах эрхгүй. Даргын нөлөөллөөр бид ажилладаггүй. Бид эхний удаад программаасаа шүүж, Б.Ц-эд лавлагаа өгөхөд тэрээр гомдол гаргасан учраас түүний паспортод дарагдсан штампыг үндэслэж дахин тодорхойлолт гаргасан. Тухайн хүн бичиг баримтын эх хувийг элчин сайдын яамд хураалгасан учраас түүний баримт нь хуулбар хувь байж болно. Иймээс бид түүний авчирсан хуулбар баримт дээрх штампыг үндэслэж түүнд тодорхойлолт гаргаж өгсөн. Бид программыг алдаатай, эсхүл алдаагүй болохыг мэдэхгүй. Тэр хүнийг зөв, эсхүл буруу бүртгэсэн бол бид алдааг мэдэх боломжгүй. Иргэн “миний бүртгэл буруу байна” гээд нотлох баримтаа авчирвал тус баримтыг үндэслэж лавлагаа гаргаж өгдөг. Иймээс Б.Ц-ийн гаргасан баримт дээрх штампыг үндэслэж түүнд лавлагаа гаргаж өгсөн” гэв.
Шүүгдэгч Б.Ц-ийн өмгөөлөгч Х.Еркебулан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Прокурор бичгээр гаргасан эсэргүүцэлдээ Б.Ц-ийг цагаатгасан үндэслэлийг ямар үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаараа тодорхой тайлбарлаж бичээгүй. Харин тэрээр өнөөдрийн шүүх хуралдаанд “анхан шатны шүүх Б.Ц-ийн үйлдлийг огт дүгнээгүй” гэж тайлбарлаж байна. Миний бие прокурорын эсэргүүцлийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Хэрэгт анхан шатын шүүхийн цагаатгах тогтоол нотлох баримтаар авагдсан. Анхан шатны шүүх цагаатгах тогтоолын тодорхойлох хэсгийн 4 дүгээр хэсэгт Б.Ц-тэй холбоотой асуудлыг дүгнэж, албан ёсны шийдвэр гаргасан. Анхан шатын шүүх миний үйлчлүүлэгч Б.Ц-ийг 2 үндэслэлээр цагаатгасан. Нэгдүгээрт, Б.Ц- өмнө нь прокурорын яллах дүгнэлтэд дурдсан үйлдэлд холбогдуулж Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатын шүүхээс ял шийтгэгдсэн. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх “Б.Ц- нь прокурорын яллах дүгнэлтэд тусгагдсан “гадаад паспортад тусгагдсан огноог хуурамчаар засаж, улмаар Хил хамгаалах ерөнхий газрын эрх бүхий албан тушаалтнуудад гаргаж өгсөн” гэх үйлдэлдээ холбогдуулж Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатын шүүхээс ял шийтгэгдсэн. Энэхүү анхан шатын шүүхийн шийтгэх тогтоол нь хуулийн хүчин төгөлдөр байна. Иймээс шүүхийн шийтгэх тогтоолоор нотлогдон тогтоогдсон үйлдлийг өөр гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон гэж буруутгаж болохгүй. Нэг гэмт хэрэгт нэг ял шийтгэх ёстой гэх шударга ёсны зарчмыг удирдлага болгох учиртай” гэж үзэж, миний үйлчлүүлэгчийг цагаатгасан. Хоёрдугаарт, анхан шатны шүүх “Б.Ц- тухайн тодорхойлолтыг гаргуулж авснаар өөртөө ямар нэгэн давуу байдал олж аваагүй” гэж дүгнэсэн. Энэ хэргийг хянан шийдвэрлэхэд давуу байдал гэдгийг хэрхэн ойлгох нь чухал ач холбогдолтой. Прокурор яллах дүгнэлтдээ давуу байдал гэдгийг “Б.Ц- нь Хил хамгаалах ерөнхий газраас хуурамч тодорхойлолт гаргуулж авах замаар “Монум” хадгаламж, зээлийн хоршооноос зээлсэн 5,000,000 төгрөгийн “Зээлийн гэрээ”-ний үүргээс чөлөөлөгдөх санаа зорилготой” гэж тайлбарласан. Гэтэл хэрэгт Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхийн зээлийн маргааныг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр авагдсан. Иргэний хэргийн анхан шатны шүүх “Монум” хадгаламж зээлийн хоршооны гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, хариуцагч Б.Ц-ээс үндсэн зээл буюу 5,000,000 төгрөг, түүний хүү, нийт 20,000,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Уг шүүхийн шийдвэр өнөөдрийн байдлаар хуулийн хүчин төгөлдөр байх ба шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж байна. Түүнчлэн Иргэний хэргийн анхан шатын шүүх 05 дугаар сарын 13-ны өдрийн хуурамч нотлох баримтыг нотлох баримтаар үнэлээгүй бөгөөд “Зээлийн гэрээг бичгээр байгуулж, зээл авах үед Б.Ц- Монгол Улсад байсан байна. Тэрээр зээлийн гэрээнд өөрөө гарын үсэг зурсан. Түүний зээл авсан болох нь нотлогдож байгаа учраас зээлийн төлбөрийг хүү, торгууль, алдангийн хамт төлөх үүрэгтэй” гэж шийдвэрлэсэн. Тэгэхээр прокурорын тайлбарлаж буй давуу байдал гэдэг зүйл хэрхэн хэрэгжиж байгаа нь ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл, яллах дүгнэлтэд тусгагдсан “зээлийн өр, төлбөрөөс чөлөөлөгдсөн, эсхүл зээл төлөхгүй болсон” гэх нөхцөл байдал бий болоогүй. Эсрэгээрээ хүчин төгөлдөр Иргэний шүүхийн шийдвэрийн дагуу зээлийн төлбөрийг төлөхөөр болсон. Гуравдугаарт, анхан шатны шүүх “гэм буруугийн санаатай хэлбэр хангалттай тогтоогдохгүй” гэж үзсэн. Анхан шатны шүүх уг үндэслэлээ “Б.Ц-ийн хуурамчаар үйлдсэн гадаад паспорт нь хуулбар байна” гэж тусгасан. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх Хил хамгаалах ерөнхий газрын эрх бүхий ажилтнууд хуулбар баримтыг үндэслэж Б.Ц-эд тодорхойлолт гаргаж өгсөн талаар дүгнэсэн. Иймээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэм буруугийн санаатай хэлбэр хэрхэн хэрэгжсэн болох нь тогтоогдохгүй байна. Б.Ц- гадаад паспортын хуулбарыг хуурамчаар үйлдэж, түүнийгээ төрийн эрх бүхий байгууллагад гарган өгч, М.Т-, З.С- нартай хэрүүл, маргаан хийж, тодорхойлолт гаргуулж авсан үйл баримт нотлогдон тогтоогдсон. Уг асуудал анхан шатны шүүх хуралдааны явцад хангалттай яригдсан бөгөөд оролцогчдын хэн аль нь тус хэргийн үйл баримтын талаар маргадаггүй. Анхан шатны шүүх дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, миний үйлчлүүлэгч Б.Ц-ийг цагаатгасан. Иймд анхан шатын шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Шүүгдэгч М.Т-ийн өмгөөлөгч Т.Мөнх-Очир тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна. Прокурорын эсэргүүцэлд 4 үндэслэл тусгагдсан бөгөөд тус үндэслэлүүд нь хууль зүйн үндэслэлгүй байна. Нэгдүгээрт, 04 дүгээр сарын бичиг болон 05 дугаар сарын бичиг нь хэд хоногийн зөрүүтэй вэ гэдэг асуудал яригдаж байна. Хуанлийн хоногоор тооцвол сүүлийн бичиг нь эхний бичгээс 23 хоногийн дараа гарсан. Прокурор 23 хоногийн дараа гарсан албан бичгийн талаар эсэргүүцэлдээ “н.Б-ын нөлөөллөөр, н.Б- хэлсний дагуу, н.Б- үүрэг чиглэл өгсний дагуу, н.Б-т даалгавар өгсний дагуу” гэж дурдсан. Гэтэл хэрэгт н.Б-ыг яллагдагчаар татаагүй, түүнчлэн хэрэв цагаатгагдсан этгээд нарын үйлдэлд н.Б- нөлөөлсөн бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тусгагдсан тушаал, даалгавар биелүүлэх тухай асуудал зайлшгүй яригдах ёстой. Хоёрдугаарт, прокурор “н.Нямдорж “программ алдахгүй” гэж мэдүүлсэн” гэж тайлбарлаж байна. Программ алдахгүй талаар маргахгүй. Гэвч н.Н “программд оруулсан мэдээлэл нь буруу байж болно” гэж мэдүүлсэн. Анхан шатны шүүх уг асуудалтай холбогдуулж хэрэг хэлэлцэх ажиллагааг 60 хоногоор хойшлуулж, холбогдох нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн. Өнөөдрийн шүүх хуралдаанд Хил хамгаалах ерөнхий газрын даргын А/22 дугаар тушаал нь журам юм уу, эсхүл хэм хэмжээний акт юм уу, уг тушаал нь хэдэн сарын хэдний өдрөөс хүчингүй болсон тухай асуудал яригдаж байна. Монгол Улсад Захиргааны ерөнхий хууль 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхэлж хүчин төгөлдөр үйлчилж байна. Захиргааны хэм хэмжээний акт нь хуульд заасны дагуу гадагш чиглэсэн байх ёстой. Гадагш чиглэсэн гэдэг нь тухайн актын эрх зүйн үйлчлэл энгийн иргэн хүнд үйлчилж байхыг ойлгоно. Энэ хэргийн хувьд, тус журам нь Б.Ц-эд үйлчилж байна. “Хүсэлтээ авч ир, хүсэлтийг чинь тэд хоногийн дотор шийдвэрлэнэ” гэдэг байдал нь захиргааны хэм хэмжээний актын шинжтэй. Гэвч хэм хэмжээний акт хэрхэн хуулийн адил хүчин төгөлдөр болох талаар хуульд заасан. Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн захиргааны хэм хэмжээний актыг бүртгэсэн өдрөөс хойш 10 өдрийн дотор “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”-д нийтлүүлнэ.” гэж заасан. Миний бие дээрх тушаал, журмыг хууль заасны дагуу “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”-д бүртгэгдсэн эсэх талаар тодруулахад бүртгэгдээгүй байсан. Бүртгэлгүй захиргааны хэм хэмжээний акт нь Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.3-д зааснаар эрх зүйн үйлчлэлгүй буюу гарсан өдрөөсөө эхэлж ямар ч эрх зүйн үр дагавар үзүүлэх ёсгүй. Дээрх журамд “комисс оруулж болно” гэж заасан. Прокурор үүний дагуу “комисс оруулах ёстой” гэдэг байдлаар эсэргүүцэл гаргасан байна. Гэтэл тус журам нь эрх зүйн үйлчлэлгүй. Түүнчлэн 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хууль үйлчилж эхэлсэн. Уг хуулийн 9, 10 дугаар зүйлд тус тус заасны дагуу Б.Ц- нь өөрт холбогдох мэдээллийг нотлох баримтаа бүрдүүлээд залруулах эрхтэй, мэдээлэл хариуцагч М.Т-, З.С- нар нь мэдээллийг залруулах үүрэгтэй. Тэгэхээр “комисс оруулж болно” гэх зохицуулалт бүхий эрх зүйн үйлчлэлгүй журам нь хуулийн хүчин төгөлдөр Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хуулиас давуутай байдлаар үйлчлэх боломжгүй. Үүнийг эх газрын эрх зүйн тогтолцоо бүхий Монгол Улсын эрүүгийн эрх зүйн системд зөвтгөх боломжгүй гэж үзэж байна. Гуравдугаарт, мэдэх боломжгүй, мэдэх боломжтой гэх асуудал яригдаад байна. Энэ хэрэгт өмнө нь давж заалдах шатны шүүхийн хүчин төгөлдөр магадлал гарсан. Анхан шатны шүүхийн 1082 цагаатгах тогтоол нь давж заалдах шатын шүүхийн хуулийн хүчин төгөлдөр 2 магадлалд заасан ажиллагааг бүрэн гүйцэтгэсний дагуу гарсан. Тодруулбал, эхний магадлалд “анхан шатын шүүх цагаатгах болон яллах талын нотлох баримтуудын аль хэсэг нь хэрэгт хамааралтай ач холбогдолтой эсэх талаар дүгнээгүй байна. Таамагласан шинжтэй байх тул хайнга хандсан гэж үзэж байна” гэж дурдагдсан. Анхан шатны шүүх хэрэг хэлэлцэх ажиллагааг 60 хоногийн хугацаагаар хойшлуулж, нөхцөл байдлыг бүрэн тодруулсан учраас магадлалд заасан ажиллагааг хийж гүйцэтгэсэн гэж үзэж байна. Дөрөвдүгээрт, логикийн хувьд, А/22 гэх журам эрх зүйн үйлчлэлгүй, гадагш чиглээгүй юм бол тус журам нь дотоод журам болж байна. Тэгвэл энэ журмын дагуу М.Т-, З.С-, Б.Ц- нар эрүүгийн хариуцлага хүлээх ёсгүй. Энэ нь сахилгын эрх зүйн асуудал. Уг журмын 7.3-д “ямар нэгэн үг, үсэг, тоо, тооцооллын алдаа гаргасан явдалд албан тушаалтан хариуцлага хүлээхгүй” гэж заасан. Түүнчлэн энэ төрлийн алдаа зөрчил гардаг болохыг тогтоосон болох нь гагцхүү хэрэг хэлэлцэх ажиллагааг 60 хоногийн хугацаагаар хойшлуулснаар тогтоогдоогүй, гэрчүүдийн мэдүүлгээр давхар тогтоогдсон. Иймээс энэ талаар гаргасан прокурорын эсэргүүцэл хууль зүйн үндэслэлгүй байна. Тодруулбал, прокурор “албаны эрх мэдлээ хэрэгжүүлэхдээ өөртөө шууд захирагдах цэргийн албан хаагчид хууль дүрмээр зохицуулагдаагүй асуудлаар үүрэг өгсөн” гэж эсэргүүцэл бичиж байгаа юм бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан асуудал зайлшгүй яригдах ёстой гэж үзэж байна. Прокурорын бичгээр гаргасан эсэргүүцэлд “даргадаа таалагдах гэж” гэсэн асуудал дурдагдаагүй боловч амаар дурдагдаж байна. Тэгвэл прокурор “даргадаа таалагдах гэсэн” гэх үйл баримтыг хөтөлбөргүй нотлох шаардлагатай. Уг асуудал хэрэгт авагдсан ямар баримтаар нотлогдож байгааг ойлгохгүй, прокурорын уг эсэргүүцлийг таамаглалын шинжтэй эсэргүүцэл гэж үзэж байна. Прокурор уг асуудлыг “З.С-, М.Т- нар мэдүүлсэн тул нотлогдсон” гэж тайлбарласан. Яагаад шүүгдэгч, яллагдагч нараар хэргийг нь хүлээлгэх гээд байгааг ойлгохгүй байна. Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний үндсэн язгуур эрхийг зөрчиж болохгүй шүү дээ. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасны дагуу М.Т-өд холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр цагаатгасан анхан шатын шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
Шүүгдэгч М.Т-ийн өмгөөлөгч Г.Энхбаяр тус шүүх хуралдаанд: Хэлэх тайлбар байхгүй гэв.
Шүүгдэгч М.Т-ийн өмгөөлөгч Ө.Пүрэвсүрэн тус шүүх хуралдаанд: Хэлэх тайлбар байхгүй гэв.
Шүүгдэгч З.С-гийн өмгөөлөгч Ж.Мөнгөнзул тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие өнөөдрийн шүүх хуралдаанд анхан шатын шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээх байр суурьтай оролцож байна. Нэгдүгээрт, прокурор “Авлигын эсрэг конвенцод зааснаар үйл баримтаас санаа сэдлийг тогтоож болно” гэж тайлбарладаг. Хэргийн үйл баримтын хувьд, Б.Ц- Хил хамгаалах ерөнхий газарт хуурамч нотлох баримт гаргаж өгсөн нэг үйл баримт, нөгөөдөх нь Хил хамгаалах ерөнхий газрын программд алдаа гардаг тухай үйл баримт байдаг. Уг алдаа нь программ өөрөө алдаад байгаа хэлбэр биш, программд мэдээлэл оруулдаг эрх бүхий албан тушаалтнууд иргэний мэдээллийг зөрөөтэй оруулсан асуудал байдаг. Түүнээс биш 20 хоногийн өмнөх мэдээлэл 20 хоногийн дараа өөрчлөгдсөн асуудал байхгүй. Уг асуудлыг анхан шатны шүүх хэрэг хэлэлцэх ажиллагааг 60 хоног хойшлуулж холбогдох нотлох баримтыг Хил хамгаалах ерөнхий газраас гаргуулсан. Уг нотлох баримтуудыг шүүх хуралдааны явцад гэрчийн мэдүүлэг өгсөн н.Нямдорж давхар нотолсон. Прокурор “программ алдахгүй” гэдэг. Бид ч энэ талаар маргаагүй. Гэвч тус программд хэн нэгэн эрх бүхий албан тушаалтан мэдээлэл оруулдаг. Өөрөөр хэлбэл, эрх бүхий албан тушаалтан иргэний мэдээллийг оруулахдаа түүний бичиг баримтад заасан мэдээлэл буюу овог нэр, регистрийн дугаар, Монгол Улсын хилээр орсон, гарсан өдөр цагийг зөрүүтэй оруулах тохиолдол гардаг. Хоёрдугаарт, М.Т-, З.С- нар ярилцаж тохиролцсон зүйл байдаггүй. Уг нөхцөл байдал нь хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг, тэдгээрийн өөрсдийнх нь шат шатын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгүүдээр нотлогддог. Түүнчлэн Б.Ц-ийг М.Т-, З.С- нарын хэн аль нь танихгүй. Танихгүй хүндээ давуу байдал олгох сэдэл, санаа, зорилго, хаанаас бий болдгийг мэдэхгүй байна. Прокурор энэ талаар “н.Б- чиглэл өгсөн” гэж тайлбарладаг. Гэтэл хэргийн оролцогчид “н.Б-аас үүрэг, даалгавар өгөөгүй” гэж мэдүүлсэн бөгөөд н.Б- ч “журмын дагуу шалгаад өгөөрэй гэж хэлсэн” гэж мэдүүлсэн. Түүнээс биш н.Б- “энэ хүний баримтыг ингэж гаргаж өгөөрэй, тэгж гаргаж өгөөрэй, огноог нь солиод өгөөрэй” гэж хууль бус чиглэл өгөөгүй. Миний үйлчлүүлэгч Б.Ц-ийг танихгүй атлаа тухайн цаг мөчид түүнд энэ хүнд давуу байдал олгоё гэдэг санаа, зорилго үүсэхгүй шүү дээ. Харин хэрэгт авагдсан баримтуудаар программ болон иргэдийн бичиг баримтад зөрүү үссэн тохиолдолд иргэнээс гаргаж өгсөн баримтыг үндэслэж залруулга хийдэг болохыг тогтоосон. Мөн З.С- “иргэд өөрсдийнхөө бичиг баримтыг авч ирсэн тохиолдолд бид тус баримтыг үндэслэж, лавлагаагаа гаргаж өгдөг” гэж мэдүүлсэн. З.С- нь Хил хамгаалах ерөнхий газарт олон жил албан тушаал хашиж байгаа хүний хувьд олон дахин давтагдсан үйл баримтад үндэслэж Б.Ц-ийн авчирсан паспортын хуулбарыг үнэлж, лавлагааг гаргасан. Иймээс Б.Цэгмэдэд хууртагдсан нөхцөл байдлыг З.С- санаатай хуурамч нотлох баримт гаргаж өгсөн гэж дүгнэх үндэслэлгүй. Гэмт хэргийг санаатай үйлдэнэ гэдэг нь гэмт хэрэг үйлдэж байгаа этгээд өөрийн хийж байгаа үйлдэл, түүний хор уршиг, хүрэх үр дүнг тухайн мөчдөө ухамсарласан байхыг ойлгоно. З.С-гийн хувьд ийм үйл баримт байхгүй. Прокурор миний үйлчлүүлэгчийн сэдэл, санаа, зорилгыг тогтоогоогүй атлаа түүнийг санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж хангагдахгүй байхад гэмт хэрэг үйлдсэн гэж төсөөлөл, таамаглалын шинжтэй дүгнэлт хийгээд байгаа нь үндэслэлгүй байна. Мөрдөгч, прокурор мөрдөн байцаалтын ажиллагаагаар гэмт хэрэг үйлдсэн болохыг хөдөлбөргүй тогтоож, нотлох баримтыг тал бүрээс нь цуглуулж, бэхжүүлэх үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлээгүй атлаа төсөөлөл, таамаглалд үндэслэж яллах дүгнэлт үйлдэж, миний үйлчлүүлэгчийг гэм буруутайд тооцуулах гэж байгааг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй орхиж, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
Шүүгдэгч З.С-гийн өмгөөлөгч Э.Намжилцэрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Бидний зүгээс гэмт хэргийн шинжийн талаар маргаж байгаа. Прокурор яллах дүгнэлтэд бичсэн үндэслэлээсээ зөрүүтэй эсэргүүцэл бичсэн байна. н.Б- нөлөөлсөн гэх асуудал нь яллах дүгнэлтэд тусгагдаагүй. Гэтэл прокурор “н.Б- нөлөөлсөн, хуурамч баримт болохыг мэдэж байсан” гэж эсэргүүцэл гаргаж байна. Иймээс прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. Хэргийн оролцогчийн хэн аль нь үйлдлийн талаар маргадаггүй бөгөөд гагцхүү тухайн үйлдэл нь гэмт хэргийн шинжид хамаарах эсэх асуудлаар маргадаг. Миний бие уг асуудлын талаар бусад өмгөөлөгч нартай ижил байр суурьтай байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь :
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж, дүгнэхэд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэх дараах үндэслэлтэй байна. Үүнд :
1. Яллах дүгнэлт нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан гэж үзэхгүй нөхцөл байдал үүссэн байна.
1.1. Хэргийн үйл баримт, яллах дүгнэлтээс үзэхэд : Хил хамгаалах ерөнхий газрын нууц мэдээллийн аюулгүй байдлын албаны бүртгэлийн нэгдсэн системийн лавлагаа нууцлал хариуцсан ахлах ажилтан М.Т-, Хил хамгаалах ерөнхий газрын цэргийн албаны зохион байгуулалтын газрын нууцын албаны цахим бүртгэлийн лавлагаа хариуцсан ажилтан З.С- нар нь зөвхөн өөрсдөд онцгойлон олгогдсон нууцын эрхийн дагуу Хил хамгаалах ерөнхий газрын мэдээллийн сан буюу “ISM” гэх нууцлагдсан, аюулгүй байдал бүрэн хангагдсан системээс заавал шүүснээр лавлагаа өгөх үүрэг хүлээсэн атлаа иргэн Б.Ц-эд удаа дараа лавлагаа өгөхдөө анх удаад зөв гаргасан атлаа дахин лавлагаа өгөхдөө “албан тушаалын байдлаа урвуулж, хийх ёсгүй үйлдлийг хийсэн” гэж ялласан байх боловч тэдний эрх, үүргийн хүрээ хязгаарыг нарийвчлан тодорхойлсон хууль тогтоомж, тэдгээрт тулгуурлан гаргасан хууль зүйн баримт бичигт тусгагдсан зохицуулалтууд зэргийг үндэслэл болгоогүй буюу орхигдуулсан байгааг зөвтгөх боломжгүй.
“Бүртгэлийн нэгдсэн системийн лавлагаа, нууцлал хариуцсан ахлах ажилтны албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг : “…3 дугаар зорилтын хүрээнд: 1.Эрх бүхий хууль хяналтын байгууллага, иргэдийн хүсэлтийн дагуу улсын хилээр нэвтэрсэн зорчигч, тээврийн хэрэгслийн тухай үнэн зөв лавлагаа, мэдээллээр хангах; 2. ... бүртгэсэн зорчигч, тээврийн хэрэгслийн бүртгэл мэдээлэлд илэрсэн алдаа дутагдлыг холбогдох газар, хэлтэст мэдэгдэж, засварлуулах арга хэмжээ авхуулах; 4 дүгээр зорилтын хүрээнд 4....нууцлалыг сахин техник хэрэгсэл ашиглах үеийн аюулгүй ажиллагааг хангах, 6. Авлигын эсрэг хууль, нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг хэрэгжүүлэх, III. Албан тушаалд тавигдах тусгай шаардлага /2хх 227-233/,
Бүртгэлийн нэгдсэн системийн лавлагаа, нууцлал хариуцсан ахлах ажилтны албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг : “…1 дүгээр зорилтын хүрээнд 1.Төрийн болон албаны нууцыг хамгаалах хууль тогтоомжоор хүлээсэн эрх, үүргийг хэрэгжүүлэх, 2 дугаар зорилтын хүрээнд 1.Эрх бүхий хууль хяналтын байгууллага, иргэдээс ирүүлсэн албан бичиг, хүсэлтийг хүлээн авч, бүртгэл, мэдээллийн нэгдсэн сангаас шүүлт хийн, лавлагаа, мэдээллийг үнэн зөв гаргаж хариуг төлөвлөн, Сүлжээний операторт шилжүүлэх; 2.Эрх бүхий хууль хяналтын байгууллага, иргэдээс ирүүлсэн албан бичиг, хүсэлтээр улсын хилээр нэвтэрсэн зорчигч, тээврийн хэрэгслийн лавлагааг шүүх явцад гарсан зөрчлийг холбогдох албан тушаалтанд мэдэгдэх; 3 дугаар зорилтын хүрээнд 5.Авлигын эсрэг хууль, нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг хэрэгжүүлэх; III. Албан тушаалд тавигдах тусгай шаардлага /2-р хх 234-239/ зэрэгт хамаарах эрх, үүрэг хэрхэн зөрчигдсөн эсэхийг зайлшгүй тусгаж, улмаар дүгнэлт хийлгүйгээр орхигдуулжээ.
1.2. Хил хамгаалах ерөнхий газрын мэдээллийн сан буюу “ISM” гэх нууцлагдсан, аюулгүй байдал бүрэн хангагдсан систем нь төрийн мэдээллийн нэгдсэн системд хамаарах бөгөөд системийн хэвийн, тасралтгүй ажиллагаа, мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг Хил хамгаалах ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар хамтран зохион байгуулж хэрэгжүүлсээр байгаа болох нь Хууль зүй, дотоод хэргийн сайдын “Монгол Улсын хилээр нэвтэрч байгаа зорчигч, тээврийн хэрэгслийн нэгдсэн санг ашиглах, мэдээлэл харилцан солилцох журам /2хх-106-115/, бусад баримтаар тодорхой байна.
М.Т-, З.С- нар нь иргэн Б.Ц-ийн 8 жил орчмын өмнөх лавлагааг 2022 оны 04 сарын 20 өдөр тухайн системд нэвтрэн шалгахад үнэн зөв гарсан буюу : “Монгол Улсын иргэн Б...ИЙН Ц- (РД:..., ...) нь Буянт-Ухаа агаарын замын боомтоор 2014 оны 08 дугаар сарын 28-ны өдөр УБ-Бээжин чиглэлийн СА-956 дугаар аялалын онгоцоор гарсан, 09 дүгээр сарын 17-ны өдөр Бээжин-УБ чиглэлийн Са-901 дүгээр аялалын онгоцоор улсын хилээр орсон бүртгэлд авагдсан /1хх-183/ байна.
Гэтэл М.Т-, З.С- нар дахин 2022 оны 05 сарын 13-ний өдөр буюу 20 гаруй хоногийн дараа лавлагаа өгөхдөө дээрх цахим мэдээллийн систем дэх мэдээлэл алдаатай гэж үзэх эрхтэй эсэх, хэрэв мэдээллийн систем алдаа заасан байж болзошгүй гэж үзвэл тус асуудал хэрхэн яаж, ямар үйл баримт, процесс дарааллын дагуу шийдвэрлэгдэх журамтай эсэх, систем анхнаасаа “хилээр орсон, гарсан аль нэг огноог зөрүүтэй буюу алдаатай бүртгэх үндэслэлтэй эсэх, тийм тохиолдол хэзээ, хэрхэн гарсан, яаж засварлагдаж байсан эсэх, тухайн цахим системд тасралтгүй хөгжүүлэлт, шинэчлэлт хийгдсэнээр хэвийн ажиллаж байсан хийгээд одоо ажиллаж байгаа эсэх, түүнчлэн нууцын эрх бүхий этгээд нь анхнаасаа цахим системээс зөв лавлагаа гаргаж өгсөн атлаа хэд хоногийн дараа тухайн иргэн дахин ирэхдээ цахим мэдээллийн сан дахь мэдээллээс нь ноцтой зөрүүтэй мэдээлэл илэрсэн буюу эх хувь биш зөвхөн гадаад паспортын штамп дарагдсан хэсэг бүхий 1 хуудас хуулбарыг үзүүлэх төдийд тэр даруйд “төрийн мэдээллийн цахим систем” алдаатай гэж өөсрдөө үзсэнээр тухайн хуулийн шаардлага бүрэн хангаагүй хуулбарыг баталгаажуулан лавлагаа өгснийг зөвтгөх хууль тогтоомж, үйл баримт байгаа эсэх зэрэгт хамаарах нотлох баримтыг хууль ёсны ба үндэслэл бүхий байдлаар цуглуулж, бэхжүүлэх, шалгах, үнэлж дүгнэх журам зөрчигдсөн байна.
1.3. М.Т-, З.С- нарыг “онцгойлон олгогдсон нууцын эрхийн дагуу Хил хамгаалах ерөнхий газрын мэдээллийн сан буюу “ISM” гэх нууцлагдсан, аюулгүй байдал бүрэн хангагдсан системээс заавал шүүснээр лавлагаа өгөх үүрэг”-ээ зөрчихөд хүргэсэн буюу нөлөөлсөн этгээд нь нэгэн зэрэг Хил хамгаалах ерөнхий газрын Цэргийн албаны зохион байгуулалтын газрын дарга Ц.Б- болох талаар яллах дүгнэлт /6хх-01-20/, гэм буруугийн хуралдаанд гаргасан /6хх-181/, прокурорын эсэргүүцэл / 6хх-221-224/ зэрэгт бодитой тусгаж, улмаар хууль, зарчим ноцтой зөрчигдсөн талаар дүгнэсэн байх тул дээрх алдаа, зөрчил бүхий асуудлыг шүүхээс зөвтгөх үндэслэлгүй.
Өөрөөр хэлбэл, М.Т-, З.С- нарт нөлөөлсөн этгээд гэх Хил хамгаалах ерөнхий газрын Цэргийн албаны зохион байгуулалтын газрын дарга Ц.Б-ын үйлдэлд хамаарах тус хэрэгт цугларсан бүхий л нотлох баримтуудын эх сурвалжийг харьцуулан шалгаж, улмаар прокурорын дүгнэлтдээ дурдсанаар : Монгол Улсын Үндсэн хуулийн 10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ” гэж, Авлигын эсрэг хуулийн 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт “Монгол Улсын олон улсын гэрээнд авлигын эсрэг хууль тогтоомжоос өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хууль, Монгол Улсын хуулиар соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална”, Авлигын эсрэг конвенцын 28 дугаар зүйлд “...гэмт хэргийн зайлшгүй бүрэлдэхүүн болох ухамсар, санаа, зорилгыг бодит үйл баримтын нөхцөл байдлаас дүгнэн гаргаж болно...” гэж заасан үндэслэл, утга агуулга, эх сурвалжуудын хүрээнд хууль зүйн дүгнэлт хийх үүргээ прокурор хэрэгжүүлээгүй гэж үзэх нөхцөл байдал илэрсэн байна.
2. Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байна.
2.1. Анхан шатны шүүх нь дээрх 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3-т заасан бүхий л нөхцөл байдлыг хэрэгт авагдсан хамаарах бүхий л нотлох баримтыг бодит байдлаар харьцуулан шалгаж, үнэлж дүгнэх чиг үүргээ хангалтгүй хэрэгжүүлсэн байгааг зөвтгөх боломжгүй.
2.2. Анхан шатны шүүхээс хэргийг цагаатган шийдвэрлэхдээ Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн А/22 дугаартай тушаалаар батлагдсан “Улсын хилээр нэвтэрсэн зорчигч, тээврийн хэрэгслийн лавлагаа, мэдээлэл өгөх журам”-ыг хууль, эрх зүйн ухамсарыг удирдлага болгохгүйгээр зөвхөн хийсвэрлэх буюу захиргааны хэм хэмжээний актын бүртгэлгүй гэх албан тоотын дагуу “эрх зүйн үйлчлэл үзүүлэхгүй захиргааны хэм хэмжээний акт” гэсэн нь үндэслэлгүй болжээ.
Захиргааны акт бүрийг хэм хэмжээ тогтоосон акт гэж үзэхгүйгээс гадна захиргааны актын бүртгэлд бүх актууд бүртгэгдэхгүй, захиргааны хэм хэмжээ тогтоосон акт мөн эсэхийг шийдвэрлэхийн тулд захиргааны хэм хэмжээний актын шалгуур шинж, түүнийг батлан гаргах, түүнд хяналт тавих процесс ажиллагаа, хэрэгжүүлсэн арга зэрэгт хамаарах хууль тогтоомж, баримт бичиг, нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлэх, улмаар тэдгээрт холбогдох хууль, эрх зүйн онолынх нь үндэслэл, шалгуур бүрийг оновчтой, зөв дүгнэсний эцэст шийдвэрлэх ёстой.
Тодруулбал, Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт “Захиргааны хэм хэмжээний акт гэж хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагаас нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, гадагш чиглэсэн, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй шийдвэрийг ойлгоно.” гэж, мөн 60 дугаар зүйлд тухайн актад тавих шаардлагыг тусгайлан заасан байдаг тул захиргааны хэм хэмжээний актын шинжийг бүрэн тодорхойлох шалгуур шаардлага, тэдгээрийн утга агуулгыг гагцхүү хууль, эрх зүйн мэргэжлийн ухамсарын хүрээнд хангалттай үндэслэлээр зөв дүгнэхгүйгээр хийсвэрлэн шийдвэрлэснийг зөвтгөх үндэслэлгүй болно.
“Улсын хилээр нэвтэрсэн зорчигч, тээврийн хэрэгслийн лавлагаа, мэдээлэл өгөх журам”-ыг /2хх-18-21/ судлахад тус акт нь Монгол Улсын хилээр нэвтэрсэн зорчигч, тээврийн нэгдсэн сангаас лавлагаа, мэдээлэл өгөх, түүнчлэн тус лавлагаа, мэдээлэл нь нууцын зэрэглэлд хамаарах учраас захиргааны дотоод зохион байгуулалтын асуудал буюу “нууцын зэрэглэл” хариуцсан болон хяналт тавих чиг үүрэг бүхий удирдах, гүйцэтгэх албан хаагч нарын хийж гүйцэтгэх, хянах, улмаар хэлбэрэлтгүй мөрдөх үйл ажиллагааны дараалал, процессын хэлбэр, эрх ба үүргийн хуваарилалтыг нарийвчлан тодорхойлсон буюу нийтэд бус дотогш чиглэсэн зэрэг зорилго чиглэл, утга агуулга бүхий шинжүүдийг нь тодорхой үндэслэлээр бүрэн үгүйсгэж няцаан дүгнэхгүйгээр Захиргааны хэм хэмжээний актын шинж, шалгуурыг хангасан гэж таамаглан дүгнэх боломжгүй юм.
Иймд Улсын хилээр нэвтэрсэн зорчигч, тээврийн хэрэгслийн лавлагаа, мэдээлэл өгөх журмыг хэм хэмжээ тогтоосон акт гэж үзэх тохиолдолд дээр дурдсанаар, нийтээр заавал дагаж мөрдүүлсэн эсэх буюу нийтийн эрх зүйн харилцааг хамаарч буй эсэх, олон нийтэд эрх зүйн үр дагавар үүсгэсэн эсэх, эсхүл зөвхөн тухайн тодорхой нэгэн тохиолдол бүхий асуудлыг зохицуулсан буюу гадагш чиглээгүй зөвхөн захиргааны удирдлага зохион байгуулалт, албан хаагч нарын эрх, үүргийг тодорхойлж буй эсэх зэргийг мэтгэлцээний талууд болон шүүхээс гагцхүү холбогдох хууль тогтоомж, эрх зүйн мэргэжлийн ухамсарыг удирдлага болгон хангалттай үндэслэлээр зөв дүгнэсэн байхыг анхаарвал зохино.
2.3. Б.Ц-д нь анх улсын хилээр орж, гарснаас хойш 8 жил орчмын дараа буюу 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр “Буянт-Ухаа агаарын замын боомтоор 2014 оны 08 дугаар сарын 28-ны өдөр УБ-Бээжин чиглэлийн СА-956 дугаар аялалын онгоцоор гарсан, 09 дүгээр сарын 17-ны өдөр Бээжин-УБ чиглэлийн Са-901 дүгээр аялалын онгоцоор улсын хилээр орсон” тухай үнэн зөв лавлагаа авсан атлаа хэд хоногийн дараа “өөрийн гадаад паспортын штамп дарагдсан хэсгийн зарим огноог хуурамчаар үйлдсэн” байх нь М.Т-, З.С- нарт холбогдох гэмт хэргийн шинжийг үгүйсгэж буй гэх утга агуулга бүхий дүгнэлтийг анхан шатны шүүхээс хийсэн нь хэргийн бодит байдлыг нотолж буй үйл баримтуудад бүрэн тулгуурлаагүй гэж үзэх үндэслэл илэрчээ.
Энэ нь, холбогдох хууль тогтоомж, тушаал, акт, ажил байдлын нарийвчилсан баримт бичиг зэрэгт зааж, нарийвчлан тусгаснаар “М.Т-, З.С- нарт олгогдсон нууцын эрх, үүрэг” нь тэдэнд хууль бус аливаа үйлдлээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, хууль бус гэж сэжиглэж болох үйлдэл, баримт, сэлт мэдээллийг илрүүлэн шалгах, шалгуулах зорилго, боломж нөхцлийг бүрдүүлэхэд чиглэгдсэн утга агуулгатай байхаас харин ямар нэгэн эх сурвалжгүй, сэжиглэж болох хангалттай үндэслэл бүхий нөхцөл байдал, баримт, мэдээлэлд хөтлөгдөх, төрийн мэдээллийн нууцлагдсан цахим систем дэх мэдээллээс ноцтой зөрүүтэй баримт, мэдээлэл илэрсэн бол учир шалтгааныг шалган тогтоолгохгүйгээр тэр даруйд дур мэдэн лавлагаа, шийдвэр гаргах зэрэг эрх, үүргийг олгосон гэж үзэх үндэслэл, үйл баримт тус хэрэгт цугларч, бэхжигдээгүй байгаагаас илэрч байна.
3. Тус хэрэг өмнө нь Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээр 2 удаа хянагдсан байх ба тус шүүхийн магадлалд “анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хэрхэн хангаагүй” талаар дүгнэсэн /4хх-132-138, 5-р хх 01-15/ байх боловч зарим заалт биелэгдээгүй нөхцөл байдал үүссэн байгааг тэмдэглэж байна.
4. Төрийн мэдээллийн сангийн баримтад З.С- гэж бичигдсэн /1хх-14/, бусад баримтад З.С- гэж зөрүүтэй байдлыг залруулахыг удаа дараа дурдсан байтал яллах дүгнэлт, шийтгэх тогтоол, эсэргүүцэл зэрэгт З.С-, З.С- гэх мэт алдаатай бичилтүүд гаргасаар байгаа нь ойлгомжгүй, тодорхойгүй байдлыг үүсгэжээ.
5. Дээрх нотлох баримт бүхий үндэслэл нь “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарах буюу анхан шатны шүүхийн шийдвэр нь “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 1.3 , 1.4, 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т тус тус заасан үндэслэл, журамд нийцээгүй байх тул Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 202/ШЦТ/1082 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, прокурорын бичсэн “цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулах” тухай эсэргүүцлийг хангаж шийдвэрлэв.
Шүүгдэгч М.Т-, З.С-, Б.Ц- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.33, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 2024/ШЦТ/1082 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хангасугай.
2. Шүүгдэгч М.Т-, З.С-, Б.Ц- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар оролцогч гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.АЛДАР
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧ Г.ГАНБААТАР