Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 99

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Өлзий-Отгон даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Оюунтунгалаг,

Улсын яллагч: Д.Ганчимэг,

Шүүгдэгч: Ц.И, Д.З, Ц.А /өөрөө өөрсдийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Өөлд овгийн Цэрэндоржийн И, Боржигон овгийн Дэмбэрэлийн З, Урианхай овгийн Цэрмаагийн А нарт холбогдох эрүүгийн 1829001150083 дугаартай хэргийг 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.           

 Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.И, Д.З, Ц.А нар нь бүлэглэн Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг “Гашуунсухайт” хилийн боомтоор 2018 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Нордбенз маркийн 21-26 БНХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хязгаарласан бараа болох 455,000 /дөрвөн зуун тавин таван мянга/ төгрөгийн үнэлгээтэй, 455 ширхэг заарт ондатрын арьсыг нуун Монгол Улсын хилээр, гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.И мэдүүлэхдээ: “2018 оны 05 дугаар сард 2 ширхэг цагаан будааны шуудайтай арьс хотоос авч ирээд 1 хоносон. Би Атай банкан дээр таараад таксинд нь суугаад Аг гайгүй ааштай хүүхэд байхаар нь надад тусалж магадгүй гэж бодоод “миний дүү 2 шуудайтай юм байгаа эгчдээ гаргаад өгөөч” гэж гуйсан тэгэхэд надаас юу юм гэж асуухад нь би дуугараагүй. Тэгээд хаана байгаа юм бэ? гэхээр нь энд ойрхон байгаа гэж хэлэхэд А аймшигтай зүйл биш биз гэхээр нь би бишээ миний дүү гэж хэлсэн чинь тэгвэл аваад ирээ эгч гэж хэлсэн. Тэгээд би машинд нь авчирч өгсөн чинь дарж үзсэнээ энэ юу юм бэ? гэхээр нь би хэлээгүй. Эгчдээ туслаач тэтгэвэрийн хэдэн төгрөгөөр ийм зүйл авсан. Амьдрал хэцүүхэн байна гэж хэлэхэд эгч минь аймар зүйл болвол хэцүү шүү дээ гэж хэлсэн. Би тийм аймар зүйл биш ээ гэж хэлсэн. Тэгээд тэр орой нь миний даралт ихсээд Улаанбаатар хот руу явсан.  Явахдаа  хэрвээ гарах юм бол эгч рүүгээ яриарай гээд утасныхаа дугаарыг үлдээсэн. Би энэ 2 хүүхдийг давхар балалчихлаа гээд л өөртөө гомдож явна.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.З мэдүүлэхдээ: “Өмнө нь Атай танилцаад утасны дугаарыг нь авч байсан. 2018 оны 05 дугаар сард А утсаар яриад жоохон юм гаргах гэсэн юм гэхээр нь за оочергүй байна машинд авчираад хийчих гэж хэлсэн. Тэгээд замдаа 2 шуудайтай юмыг тосож аваад явсан.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.А мэдүүлэхдээ: “2018 оны 05 дугаар сарын эхээр энэ эгчтэй Гашуун сухайт боомтон дээр таарсан. Танилцахад бие нь тааруухан байсан. Эгч нь 200,000 төгрөг өгье, урагш нь хилээр багахан юм гаргаад өгөөч гэхээр нь би Д.Зт нэг зүйл гаргаад өгөөч гэж хэлэхэд зөвшөөрөөд ирж аваад явсан. Би хориотой зүйл юм уу? гэхэд Монголд хорио байдаггүй гэж хэлсэн.” гэв.

Гашуунсухайт экспорт, импорт, хил хорио цээрийн хяналтын хэлтсийн зөрчил шилжүүлэх хуудас /хх-ийн 7-9 дүгээр хуудас/,

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-17 дугаар хуудас/,

Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, прокурорын зөвшөөрөл, мөрдөгчийн тогтоол /хх-ийн 21-23 дугаар хуудас/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Батбаярын: “...2018 оны 05-р сарын 05-ны өдөр намайг Гашуун сухайт хилийн боомтын нүүрсний гарах чиглэлд хяналт шалгалтаар ажиллаж байхад Нордбенз маркийн 21-26 БНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн ачаа болон кабинд үзлэг хийхэд уг машины кабин дотроос хар өнгийн гялгар уутанд прэслэж боосон 14 ширхэг зүйл байхаар нь уг зүйлийг олоочоор гаргуулж задалж үзэхэд амьтаны үслэг арьс байсан. Үүний дагуу цагдаагийн байгууллагад шилжүүлсэн”, “...Гашуун сухайт хилийн боомтоор амьтны гаралтай түүхий эдийг тусгай зөвшөөрлийн дагуу экспортлодог. Тухайн нөхцөлд ямар нэг зөвшөөрөлгүйгээр уг арьсыг хилээр нэвтрүүлэх гэж байсан. Уг зүйл нь хязгаарласан бараанд хамаарна” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар хуудас/

Шүүгдэгч Д.Зын гэрчээр өгсөн: “Би 2018 оны 05 дугаар сарын 04-ний орой Цагаан хаданд Энержиресурс хашаанд нүүрс ачуулж машинтайгаа хоносон. Тэгтэл Аагий гэдэг эгч 88924211 гэсэн дугаарын утсаар яриад “2 бондгор борц байгаа юм аа, маргааш чамайг урагшаа ороод ирэхээр  чинь 200.000 төгрөг өгье” гэж хэлэхээр нь за маргааш болоё гэж хэлээд утсаа салгасан. Маргааш нь буюу 2018 оны 05 дугаар сарын 05-ны өглөө 10 цагийн орчимд Аагий гэдэг эгч 88924211 гэсэн дугаарын утсаар яриад “нөгөөдөхийг чинь аваад очъё” гэхээр нь би тэг тэг гэж хэлээд утсаа тасалсан. Тэгээд гарах гээд байж байхад Аагий эгч өөрөө ирээд шуудайтай юм өгөхөөр нь кабиндаа хийсэн. Монгол улсын Гашуун сухайт хилийн боомтонд ирээд саатуулагдсан”, “...Аагий эгч надад борц байгаа юм аа гэж хэлсэн, тэгэхээр нь би авсан. Сүүлд шалгуулж байхдаа Аагий эгчийн 88924211 гэсэн дугаарын утасруу залгаж юуны арьс юм бэ? гэж асуухад ондатарын арьс надад хамаагүй чи өөрөө учираа ол гэж хэлээд утсаа салгасан” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Ц.Агийн гэрчээр өгсөн: “2018 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр намайг Гашуун сухайт боомтон дээр дүүгийнхээ 04-96 УНГ улсын дугаартай машинтай Цагаанхадруу явах гээд байж байхад настай эмэгтэй таараад хамт Цагаанхадруу явах замд тэр эгч “энд яасан их халуун юм бэ, байж чадахгүй нь” гэхээр нь би та ямар ажлаар ирсэн юм бэ гэхэд “эгч нь ирээд 2-3 хоночихлоо бие өвдөөд байна. 2 уут борц урагш нь гаргах гэсэн юм, чи эгчийгээ явахаас өмнө гаргаад өгчих” гэсэн. Тэгээд би тэр эгчийг хүргэж өгчихөөд Цагаанхаданд байж байхад орой нь тэр эгч надруу 80764050 дугаарын утсаар ярьж 2 ширхэг цагаан өнгийн амыг нь оёчихсон шуудайтай хөнгөн зүйл байхаар нь би борц гэж бодоод тэр зүйлийг нь ард хийчихсэн юм. Би маргааш нь буюу 04 дүгээр сарын 30-ны орой Ганцмодруу гараад 05 дугаар сарын 02-нд буцаж орж ирсэн хойно тэр эгч надруу залгаад “яасан эгчийн дүү гаргасан уу” гэж асуухаар нь би гаргаж амжаагүй ээ, хил амраад таньдаг хүн байдаггүй ээ, та буцаагаад авах уу гэхэд “за яахав эгч нь завгүй л явна таньдаг хүндээ өгөөд гаргачихвал эгч нь гомдоохгүй ээ” гэж байсан”, “...Тэр эгч надад 10 гаруй килограмм, цагаан өнгийн шуудайнд хийсэн зүйл өгснийг би тэр жолоочид дамжуулж өгсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 35-37 дугаар хуудас/,

Шүүгдэгч Ц.Игийн гэрчээр өгсөн: “Би 2018 оны 01 дүгээр сард Ховд аймаг руу явж арьс нэхий авдаг танихгүй ченжүүдээс томыг  нь 1000 төгрөг, жижигийг нь 1000 төгрөгөөр бодож нийтдээ 800 гаруй ширхэг ондатр /усны амьтан/-ны арьс худалдаж аваад Улаанбаатар хотод гэртээ авчирсан. Тэгээд 2018 оны 05 дугаар сарын 01, 02-ны үеэр би Улаанбаатар хотоос 1 шуудайнд 7 боодол нийтдээ 2 шуудайтай арьс аваад Ханбогд сумын Цагаанхадруу ирээд 2 хоноод 3 дахь хоног дээрээ Аагий гэдэг хүүхэнтэй Гашуун сухайт хилийн боомтоос Цагаанхадруу явах гээд машинд нь сууж явахдаа танилцаад, дажгүй ааштай хүүхэд болохоор нь гуйгаад үзье гээд эгч нь 2 шуудайны тал юм урагш гаргах гэсэн гэж гуйхад тэр хүүхэн юу юм бэ гээд байхаар нь борц байгаа юм гээд хэлчихсэн”, “...Аагий миний өгсөн зүйлийг ондатрын арьс гэж мэдээгүй байсан. Надаас тухайн үед асуухаар нь би борц гээд хэлчихсэн. Би Аагийд 455 ширхэг хуйлж шуудайлсан арьс өгсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 дүгээр хуудас/,

Гэрч И.Зоригтбаатарын: “Би жолооч Д.З гэх залууг танина. Энэ хүн 2018 оны 01-р сараас бие нь муудаад явсан жолоочийн машиныг түр жолоодож байгаа жолооч юм”, “...Манай компанийн зүгээс жолооч болон нүүрс тээврийн машинуудаа дагаад яваад байх боломж байдаггүй. Жолооч нарт хил гаалиар орж гарахдаа хүний дайвар барааг авахгүй байхыг хэлж анхааруулан, аюулгүй ажиллагааны зааварчилгаан дээр хүртэл тусгаж өгсөн байдаг.” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 дүгээр хуудас/,

Шинжлэх ухааны акедемийн ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 16 дугаартай “мэрэгчдийн баг огтны овгийн ондоотрын төрөлд хамаарах заарт ондоотрын арьс мөн болно” гэх дүгнэлт /хх-ийн 46 дугаар хуудас/,

“Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийн №106/01 дугаартай эд зүйлийн үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 48 дугаар хуудас/,

Яллагдагч Ц.Игийн мэдүүлэг /хх-ийн 59-60 дугаар хуудас/,

Яллагдагч Ц.Агийн мэдүүлэг /хх-ийн 62-64 дүгээр хуудас/,

Яллагдагч Д.Зын мэдүүлэг /хх-ийн 66-68 дугаар хуудас/,

Ц.Игийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 70 дугаар хуудас/,

Ц.Игийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 69, 71-76 дугаар хуудас/,

Д.Зын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 79 дугаар хуудас/,

Д.Зын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 77-78, 80-85 дугаар хуудас/,

Ц.Агийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 87 дугаар хуудас/,

Ц.Агийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 86, 88-90 дугаар хуудас/,

Ц.И, Д.З, Ц.А нарын арилжааны банкнууд дахь дансны хуулгууд /хх-н 95-122 дугаар хуудас/,

Авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-н 127 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

  1. Гэм буруугийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр, мөн гэм буруутай этгээд нь өөрөө хүсэж улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлж буй үйлдлээр илрэн гардаг.

Шүүгдэгч Ц.И, Д.З, Ц.А нар нь бүлэглэн Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг “Гашуунсухайт” хилийн боомтоор 2018 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Нордбенз маркийн 21-26 БНХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хязгаарласан бараа болох 455,000 /дөрвөн зуун тавин таван мянга/ төгрөгийн үнэлгээтэй, 455 ширхэг заарт ондатрын арьсыг нуун Монгол Улсын хилээр, гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлж байгаа мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.

Иймд шүүгдэгч Ц.И, Д.З, Ц.А нарыг хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд заасны дагуу хориглосон, хязгаарлалт тогтоосон барааг Монгол Улсын хилээр, гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

  1. Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.

“Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” бөгөөд шүүгдэгч Ц.И, Д.З, Ц.А нараас хохиролд нэхэмжлэх зүйлгүй болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Батбаярын “...надад нэхэмжлэх зүйл, гомдол, саналгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27-30 дугаар хуудас/ байх тул шүүгдэгч нарыг гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг арилгах хохирол төлбөргүй байна гэж үзлээ.

3. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх бөгөөд шүүгдэгч Ц.И, Д.З, Ц.А нарт ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, төлбөргүй зэрэг нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдлаар тус тус тооцож, тэдний хувийн байдал, гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн байдал зэргийг харгалзан улсын яллагчаас шүүгдэгч нарт тус бүр оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаар  гаргасан ял шийтгэлийн хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрлөөс 450 /дөрвөн зуун тавин/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1-д зааснаар 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Мөрдөгчийн тогтоолоор хурааж ирүүлсэн 2 ширхэг цаасан хайрцагтай 455 ширхэг заарт ондатрын арьсыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт устгах комиссд даалгах нь зүйтэй.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Ц.И, Д.З, Ц.А нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Өөлд овгийн Цэрэндоржийн И, Боржигон овгийн Дэмбэрэлийн З, Урианхай овгийн Цэрмаагийн А нарыг хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд заасны дагуу хориглосон, хязгаарлалт тогтоосон барааг Монгол Улсын хилээр, гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.И, Д.З, Ц.А нарыг тус бүр 450 /дөрвөн зуун тавин/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр тус тус торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ц.И, Д.З, Ц.А нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1-д зааснаар 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Мөрдөгчийн тогтоолоор хурааж ирүүлсэн 2 ширхэг цаасан хайрцагтай 455 ширхэг заарт ондатрын арьсыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт устгах комиссд даалгасугай.  

5. Шүүгдэгч Ц.И, Д.З, Ц.А нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Батбаяр нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдсугай.

6. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй Ц.И, Д.З, Ц.А нарын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ц.И, Д.З, Ц.А нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.ӨЛЗИЙ-ОТГОН