| Шүүх | Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сандагийн Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 171/2024/0131/Э |
| Дугаар | 2025/ДШМ/22 |
| Огноо | 2025-04-10 |
| Зүйл хэсэг | 11.7.2.1., |
| Улсын яллагч | Ц.Л |
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 2025/ДШМ/22
2025 04 10 2025/ДШМ/22
Л.Дад холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, ерөнхий шүүгч З.Хосбаяр, шүүгч С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор Ц.Л
Шүүгдэгч Л.Д
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.О
Б.Б/цахимаар/
Хохирогч Ц.Э
Хохирогчийн өмгөөлөгч О.С
Нарийн бичгийн дарга Э.Булгантамир нарыг оролцуулан
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ц.Алтангадас даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 15 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Л.Д, түүний өмгөөлөгч Б.Б нарын давж заалдах гомдол болон прокурорын эсэргүүцлээр Л.Дад холбогдох дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Ш овогт Л-н Д,
Л.Д нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Ц.Эг 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр аймаг сум багийн нутаг дэвсгэрт байрлах “Т” захын ойролцоо ... машинаас чирч гаргах, цээж рүү нь цохиж зодсон,
2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хотын дүүрэг төвийн ойролцоо архины шил барьж хагалан ална гэж айлган догшин авирласан,
2022 оны 04 дүгээр сарын сүүлээр аймгийн сумын баг тоот гэртээ эхнэр Ц.Эг “гаражийн түлхүүр өг” гэж маргалдан хананд шахаж хоолойг нь боож биед нь халдан зодсон,
2022 оны 07 дугаар сард аймгийн сумын баг тоот гэртээ “охиндоо чи миний талаар ямар нэгэн зүйл ярьсан уу, зодож зовоож байсныг хэлээгүй биз дээ, хэлээд үзээрэй” гэж эхнэр Ц.Эг сүрдүүлэн бие засах өрөөнөөс чирж гарган догшин авирласан,
2022 оны 08 дугаар сарын 06-ны өдөр аймгийн сумын баг гэртээ эхнэр Ц.Этэй маргалдаж, зүүн гарын сарвууг нь гэмтээн зодсон,
2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр аймгийн сумын баг тоот гэртээ “жорлон засаад өг, бөглөрсөн байна ...” гэснээс болж маргалдан эхнэр Ц.Эг заамдан хоолойг нь боож, биед нь халдан зодсон,
2022 оны 08 дугаар сарын 13-ны өдөр аймгийн сумын баг тоот гэртээ эхнэр Ц.Этэй маргалдаж, устай сав шидэж хөлийг нь цохиж байнгын шинжтэй үйлдлээр догшин авирлан, зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос: Л.Дын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүх:
Шүүгдэгч Ш овгийн Л-н Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож, догшин авирласан гэмт хэргийг ахмад настны эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Шүүгдэгч Л.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар аймгийн сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэж,
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Дад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Дад оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Орхон аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх газар, 437-р нээлттэй хорих ангид даалгаж, шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулж,
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 4 ширхэг CD хуурцгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Л.Д шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:
“ ... Би ийм гэмт хэргийг үйлдээгүй. Ц.Э нь надаас салах тухай өргөдлийг иргэний шүүхэд өгөхөөс өмнө гэр бүлийн гишүүдийн буюу бид хоёрын дундын өмч болох үл хөдлөх эд хөрөнгүүдийг бүгдийг нь өөрийн дүүдээ болон охиндоо надаас нууж өмчлөлд нь шилжүүлчихээд дараа нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж зөрчлийн хэргээр арга хэмжээ авахуулчихаад дараа нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгтэн болгох гэж охин болон дүүгээрээ гэрч хийж гомдол гаргаад тэрийг нь шалгасан мөрдөгч, хянасан прокурорын талаар дахин дахин гомдол гаргах замаар тэдэнд нөлөөлж байгаад санасандаа хүрсэн.
Би намайг яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэрэгт намайг буруутгасан үйлдэл тус бүрд дэлгэрэнгүй тайлбар өгсөн байгаа. Мөн шүүх хуралд өгсөн мэдүүлгээ бичгээр гаргаж өгсөн. Тэндээс надад холбогдуулсан хэргийг би яагаад зөвшөөрөхгүй байгаагаа бүгдийг бичсэн байгаа.
Би эхнэр Ц.Эг зодох ямар ч шалтгаан байхгүй зодож ч байгаагүй. Түүний охин Г.З л эхийгээ буруу зүйлд уруу татаж бидний амьдралыг ийм байдалд орууллаа. Бүх хөрөнгөнд нь эзэн сууж намайг шоронд хийх санаа зорилготой байжээ.
Ц.Э нь Т зах дээр нохойн гөлөгнөөс болж маргалдсан талаар Цагдаагийн газарт өргөдөл гаргахдаа тэр өдөр намайг зодоогүй гэж бичсэн байгааг анхан шатны шүүхийн шүүгч маань анзаарсангүй. Зөвхөн мэдүүлэг өгөхдөө зодсон гэдгийг үндэслэсэнд маш их гомдолтой байна.
Мөн би зүрхний өвчтэй, тулай өвчтэй. Үүний улмаас би хурдан түргэн явж чаддаггүй хөлөө чирч явдаг хүнд юм өргөх хурдан алхаж явахьг эмч хориглосон байдаг. Тэгээд ч өндөр настай хүн махлаг биетэй надаас хамаагүй залуу 10-аад насаар дүү хүч чадалтай эмэгтэйг ариун цэврийн өрөөний суултуураас өргөөд чирч гаргаад байх чадал надад байхгүй. Энэ бол цэвэр ээж охин хоёрын зохиосон цэвэр гүтгэлэг.
Би Ц.Эд гар хүрч зодсон бол тэр намайг зүгээр орхихгүй хүн. Угаасаа ааш зан хурдан, түргэн зантай ямарваа юмыг зүгээр өнгөрөөдөггүй ямагт хүн амьтантай ам мурийж шүүмжилж хэрүүл маргаан үүсгэж явдаг зантай хүн надаас айхгүй. Шууд л цагдаа дуудна. Ц.Э ааштай надад дээрэлхүү ханддаг, хүүхдүүдийг маань гэр оронд ирүүлэх дургүй болохоор манай 3 охин манайд ирдэггүй. Хялан цэхэн гээд л дуугардаггүй болсон сүүлийн үед. Би энэ байдалд нь дургүй хүрдэг байсан ч дуугай л байдаг байсан. Би үнэхээр түүнийг дандаа зоддог хүчирхийлэгч хүн юм бол чи миний хүүхдүүдийг ад үзлээ гээд л ядахдаа хэрүүл маргаан болно биз дээ. Ц.Эг би үнэхзэр зоддог юм бол тэр зүгээр өнгөрөөхгүй шууд л цагдаа дуудна. Тэр Улаанбаатар хотод архины шил барьж айлгасан гээд дор нь цагдаа дуудсан л байгаа биз дээ.
Охин Г.З нь 2020 оны намар гадаадаас ирсэн. Түүнээс хойш Ц.Э бид хоёртой хамт амьдарч байсан. Хааяа хотод хэсэг хугацаагаар явчихдаг. Ийм урт хугацаанд буюу 2 жил гаруй хугацаа өнгөрсөн байхад би гэнэтхэн миний зодож байсан тухай охиндоо хэлээд үзээрэй гээд гэнэт ухаан орж байгаа хүн шиг ариун цэврийн өрөөнд байхад нь чирж гаргаад хоолойг нь боож шахаад байх уу Нэг зодсон үйлдэл гаргах гээд л ийм юм сэдэж байгаа юм шүү дээ тэд.
Гражийн түлхүүрээс болж маргах ямар ч шаардлага байхгүй. Ц.Э бид 2 машинаа тавьдаг тус тусдаа хаалгатай гражтай тул түүний гражийн түлхүүр надад ямар ч хэрэггүй. Ийм явдал болоогүй.
Устай сав шидсэн асуудал болоогүй. Би ууж байсан савтай усаа ширээн дээр тавьсан. Ус ширээн дээрээс унасан байж магадгүй. Би Ц.Э рүү шидээгүй. Шидэх үндэслэл ч байхгүй. Бид 2 маргаагүй ,би З-тэй хог шороо цэвэрлэх асуудлаар шаардлага тавьж тэр өмнөөс хэдэрлэж бид 2 маргаж байсан юм.
2022 оны 8 дугаар сарын 6,12 -нд ямар ч маргаан хэрүүл.зодсон цохисон асуудал байхгүй. Энэ бүгд бүгдээрээ зохиомол зүйл. Улаанбаатар хотод архины шил барьсан асуудлыг би биеийн таагүй байдлаас болж Домч архи ууж согтоод гэрийн түлхүүр өгдөггүйгээс болж маргасан ч би тэднийг зодоогүй цагдаатай маргасан юм шиг байсан түүндээ арга хэмжээ авахуулсан. Тэгэхдээ би энэ асуудлыг сайн санадаггүй, тэр хоёрын үгээр л шийдсэн. Тухайн үед ичиж зовоод дуугай л өнгөрөөсөн юм даа.
Прокурор Л нь шүүх хурал дээр миний мэдүүлгийг сонсоод намайг мөрдөн шалгах ажиллагаанд идэвхигүй байсан гэж хэлж байсан. Хурлын тэмдэглэлд байгаа байх. Миний хувийн байдал болон намайг буруугүй гэдгийг нотолж чадах гэрчүүдийг байцаах хүсэлтийг миний өмгөөлөгч гаргахад хүлээж авахаас татгалзсан мөртлөө намайг идэвхигүй байсан гэж буруутгасанд би маш их гомдолтой байгаа.
Хэрэгт холбогдогч мөрдөн шалгах ажиллагаанд идэвхитэй байх ёстой гэсэн ямар хуулийн ямар заалт байдаг юм бэ. Нөгөө талаар намайг прокуророос дуудахад ирдэггүй саад учруулж байсан гэж буруутгасан. Би хэн ч хаанаас ч дуудсан өдөр цагаа тохироод л очдог байсан, дуудахад ирдэггүй байсан юм бол яагаад надад арга хэмжээ аваагүй юм бэ. Прокурор Л нь намайг ингэж үндэслэлгүйгээр буруутгасан нь Ц.Э болон түүний охин З-с айсан хэрэг. Тэдэнд таалагдах гэсэн арга. Яагаад гэвэл Ц.Э Г.З нар нь прокурор Л-н талаар сахилгын хороонд нь гомдол гаргасан байсан гэнэ лээ.
Ийм л нөхцөл байдлаар намайг гэр бүлийн хүчирхийлэгч болгох гэж хохирогч, гэрч, прокурор нар зохиомол хэрэг бий болгосон. Энд хохирогч гэгдэх Ц.Э нь намайг зорчих эрхийг хязгаарлах ялтай байхдаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан гэж шүүх хурал дээр хэлж байсныг дурьдахгүй өнгөрч болохгүй. Эндээс түүний санаа зорилго маш тодорхой харагдаж байгаа биз. Иймд хэргийг хянаж намайг буруугүй болохыг тогтоож өгнө үү ...” гэжээ.
Прокурор эсэргүүцэлдээ:
... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд “шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэг нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцох, эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ гэж, 3 дахь хэсгийн 3.5-д “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэлийг бүхэлд нь эсхүл хэсэгчлэн хангах тухай, эсхүл хэрэгсэхгүй болгох, хэлэлцэхгүй орхих тухай үндэслэлийг шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт тусгахаар хуульчилсан.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7-д “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэлийг бүхэлд нь эсхүл хэсэгчлэн хангах тухай, эсхүл хэлэлцэхгүй орхих үндэслэлийг” шийтгэх тогтоолын тогтоолын тогтоох хэсэгтээ тусгахаар заасан.
Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгтээ “хохирогч Ц.Э нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт Л.Дын үйлдлийн улмаас миний сэтгэл санаанд хохирол учирч F43.1 онош тогтоогдсон. Эмчилгээ хийлгэж байгаа. Дараа баримтаа бүрдүүлж нэхэмжилнэ. Одоо нэхэмжпэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй байна” гэж дүгнэсэн атлаа шийтгэх тогтоолын тогтоох хэсэгтээ иргэний нэхэмжлэлийг шийдвэрлэлгүй орхигдуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчсөн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “шүүх шийтгэх тогтоол гаргахдаа иргэний нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан бүгдийг, эсхүл хэсэгчлэн хангах, эсхүл хэрэгсэхгүй болгоно’’, 3 дахь хэсэгт “хэрэг хэлэлцэх ажиллагааг хойшлуулахгүйгээр иргэний нэхэмжлэлийн тодорхой тооцоо гаргах бололцоогүй тохиолдолд шүүх иргэний нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж, түүний хэмжээний тухай асуудлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шилжүүлж болно” гэж заажээ.
Хохирогч Ц.Э нь гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх хүсэлтээ илэрхийлсэн байхад шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох, хэлэлцэхгүй орхих эсэхийг шийдвэрлэлгүй орхигдуулж, оролцогчийн цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах хуульд заасан эрхийг хязгаарласан гэж дүгнэж байна.
Иймд шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байх тул Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 15 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б давж заалдах гомдолдоо:
... Хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн1-д гэмт хэрэг үүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг Эрүүгийн хуулиар тодорхойлно гэж мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 5-д нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна гэж мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ гэж тус тус хуульчлан заажээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн хэрэглээ, эрх зүйн дүгнэлт хууль тогтоогчоос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хууль 1.6 дугаар зүйлийн 1-т шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль бусад хуулийн заалтыг чанд сахина ... мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 1-т мөрдөгч прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасаны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй гэж хуульчлан заасан байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн яллагдагч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүүгийн хууль энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлдэнэ гэж заасан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт зарчмуудтай харилцан уялдаатай хэрэгжих гэм буруугүйд тооцох зарчмын агуулгыг илэрхийлж байна.
... эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх буюу in dubio pro reo зарчим нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа шударга явагдах зорилгыг хангахын тулд гэм буруугүйд тооцох зарчимтай зэрэгцэн үйлчилдэг бөгөөд хуульт ёсны шууд тусгал болж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүгдэгчийн эрхийн хамгаалалтыг илэрхийлнэ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарах шийдвэр бүхэн түүний дотор шүүгдэгчийн гэм бурууг эцэслэн тогтоох ажиллагаа зөвхөн нотлох баримтад үндэслэсэн байх ёстой тул хэрэгт хамааралтай нотлох баримтуудыг бүгдийг нь шалгасан боловч тухайн шүүгдэгч гэм хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарсан бол шүүхээс түүнийг шүүгдэгчийн талд ашигтайгаар шийдвэрлэх буюу in dubio pro reo зарчмыг баримтална.
Энэхүү зарчим нь шүүгдэгчийн гэм буруу нь нотлох баримтаар хөдөлбөргүй тогтоогдоогүй бол таамаглалд үндэслэж түүнийг гэм буруутай гэж үзэж болохгүй гэх оюун дүгнэлтэд тулгуурладаг ба аливаа дур зорго, хэлмэгдүүлэхээс хүнийг хамгаалах шүүхийн үүргийг толорхойлдог талаар Монгол Улсын Дээд шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн нийт шүүгчдийн хуралдааны дугаар 24 дүгээр тогтоолд албан ёсоор тайлбарласан байна.
Дээрх эрүүгийн хуулийн болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн хэрэглээ эрх зүйн зарчим, эрүүгийн хууль, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг тайлбарласан эрх бүхий байгууллагын албан ёсны тайлбараас дүгнэхэд миний үйлчлүүлэгч Л.Д нь хохирогч О.С эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэх нотлох баримтууд нь үндэслэл бүхий эргэлзээтэй гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хангалттай, хүрэлцэхүйц байдал тогтоогдохгүй байна гэж өмгөөлөгчөөс дүгнэж байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан дүгнэхэд миний үйлчлүүлэгч Л.Д гэм буруугийн тал дээр эхнээсээ хүлээн зөвшөөрөхгүй гэх үйл баримт нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эхний үе шатаас шүүхийн хэлэлцүүлэгт тогтвортой өгсөн мэдүүлгээр тогтоогдож байна. Мөн нотлох баримт цуглуулах шатанд мөрдөгч прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянаагүй. Мөн нотолбол зохих байдал бүрэн бус, хэргийн бодит байдлыг тогтоогоогүй гэм буруутайд тооцоход үндэслэл бүхий эргэлзээтэй нөхцөл байдал бий болсон байна.
Миний үйлчлүүлэгч шүүгдэгч Л.Дын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож догшин авирласан гэмт хэргийг ахмад настны эсрэг үйлдсэн нь үндэслэл бүхий эргэлзээтэй байх тул үйлдлийг хэрэгсэхгүй болгож хэргийг цагаатгаж өгнө үү … гэжээ.
Хохирогч Ц.Э тайлбартаа:
... Би энэ хүнтэй 2021 оны 09 дүгээр сард гэрлэлтээ батлуулж хууль ёсны гэр бүл болсон. Намайг Д тухайн үед ... чамд хайртай, чи минийх гэж хэлээд ажил хийж яах юм бэ, гэртээ байж бай ... гэдэг байсан.
Суусан эхний 2 жил хагаст гайгүй байсан. Түүнээс хойшхи он жилүүдэд энэ хүн их догшин авиртай, бүх юмыг өөрийнхөөрөө байлгах гэж тэрэнд нь би өөрөө санаа оноог хэлэх юм бол уурлаж, загнан, есөн шидээр хэлж доромжилдог, миний найз нөхөд хамаатан садантайгаа уулзах гэхэд дургүйцдэг, ер нь бол энэ хүний эрхшээлд олон жил ааш авирыг харж хүссэнээр нь байж ирсэн. Тухайн үеүдэд надад хэцүү байсан ч өөрийн нэрээ бодоод ичиж зовоод цагдаад хандаж байгаагүй. Гайгүй харьцсан үед нь мартдаг ч Цагдаад хандаад үзээрэй хоосон гуйлгачин болгоно, хүйс тэмтэрнэ гэдэг байсан. Ийм байдалд сүүлдээ дасан зохицож миний хувь зураг юм байхдаа гэж итгэх болсон. Би ганц охинтой, ганц эрэгтэй дүүтэй. Охиноо оюутан байхдаа төрүүлж, эцэг, эх маань өсгөж өгсөн юм.
Охин Оросын Холбооны улсад дээд сургуульд сурч байгаад Америкийн нэгдсэн улс руу өөрийнхөө хүчээр сургуульд явж тэндээ сурч ажиллаж, амьдарч байгаад 2020 оны 9 дүгээр сард Монгол Улсдаа ирсэн. Миний хувьд их ганцаардаж охиноо санадаг байсан. Надад төрснөөс ганц охин тул ирэхэд нь охиноо надтай цуг байгаач олон жил хол газар байсан тул гэж гуйж охин манайд байсан. Энэ хугацаанд Д нь 2022 оны эхнээс эхлэн охин бид хоёрыг илтэд бие болон сэтгэл санааны дарамт эдийн засгийн хязгаарлалт бүхий үйлдлийг удаа дараа гаргаж 2022 оны 08 дугаар сарын 13-ны өдөр бүр асуудал хурцдаж арга буюу Цагдаагийн газарт дуудлага өгсөн билээ. Цагдаагийн газарт байцаагч Э гэрт ирж мэдүүлэг авах гээд гарахад нь хойноос гарч машиндаа суух гэтэл муухай орилж машин унуулахгүй гэж хориглоход нь байцаагч болиулж байсан. Энэ хэргийг шүүгч Э шийдэхдээ шүүх хуралд учир зүггүй охин бид хоёрыг нүд үзүүрлэн загнаж /Д түүний өмгөөлөгчийн нүдэн дээр/ тэдний үгэнд автаж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдэн тэр өдөр нь иргэний хэргийн шүүгч Ү Дыг гэр бүлийн хүчирхийллийн зөрчил үйлдэж байсан байна гэсэн дүгнэлт хийсэн хэрнээ хариуцагч Дын хүсэлтийг нь хангаж Э намайг тоот орон гэрээс нь тусдаа амьдрахыг нь даалгасан шийдвэр гаргасныг энэ зөрчлийн хэргийн хурлын завсарлагаанаар өмгөөлөгч О туслах руу гүйж орон захирамжийг өгүүлж байсан. Энэ өдрөөс эхлэн гэртээ орж чадахгүй эрхээ хязгаарлуулж байсан. Хүйтэн сэрүүн эхэлсэн байхад хувцсаа ч авч чадахгүй байсан. Энэ үеэс ер нь би Дын гэр бүлийн хүчирхийллийн хуулийн дагуу шийдвэрлүүлж өөрийн эрхээ хамгаалуулахгүй юм бол хохирч үлдэх юм байна, Дын хэлж байсан үг нь биелэх юм байна гэдгийг яс махандаа ортол ойлгож шийдээд цагдаад хандсан. Цагдаад би 2023 оны 11 дүгээр сард хандаад 2024 оны 8 дугаар сард эрүүгийн хэрэг үүсэж байсан. 2023 оны 11 дүгээр сараас 2024 оны 08 дугаар сар хүртэл бүхэл бүтэн хагас жил өнгөрөх хугацаанд хэргийн материалыг олон байцаагчид шилжүүлэн шалгах ажиллагаанд Д нь өмгөөлөгчийн хамт цагдаагийн газрынханд намайг сөрөг байдлаар ойлголт өгч тэдний ховын шинжтэй үг үйлдэлд нь автаж шалгах ажиллагаа удсан.
Хэргийг шалгасан мөрдөгч З, прокурор Л нар нь Монгол Улсын Эрүүгийн хуульд заасны дагуу хэрэг үүсгэн шалгаж хянасныг нь би тангараг өргөсөн ажлаа хуулийн дагуу хийсэн гэж үзэж байсан. Хэрэг 2024 оны 11 дүгээр сарын эхээр прокурорт шилжсэн байсан. Прокурорт шилжээд зөндөө удаад байхаар нь Л прокурорт хандаж энэ хүнийг хэзээ ирэхийг хэдэн сар хүлээх юм бэ гээд авах арга хэмжээ байдаггүй юм уу гэж гомдол хүсэлтээ гаргаж байсан нь үнэн. Монгол Улсын иргэн өргөдөл гомдол гаргаж шийдвэрлүүлэх эрхийнхээ хүрээнд би гаргасан. Ингэлээ гээд намайг гомдол гаргадаг цөмийг нь айлгадаг гээд өмгөөлөгч О эрүү, иргэний бүх хуралд ярьдаг. Өмгөөлөгч О нь бүх шүүх хурал болон цагдаагийн газрын албан тушаалтанд намайг охиныг минь хамт хэлж яриад яваад байдаг. Би олон удаа үүнийг нь тоохгүй байсан ч сүүлдээ яагаад намайг ингэж дорд үзэж /настай эмэгтэй, мөн байнга гомдол гаргадаг/ гэх мэт харьцаж хандаад миний нэр төрийг гутааж байгааг би хүлээн зөвшөөрч чадахгүй болсон. Төрд тангараг өргөсөн цагдаа прокурор нар нь гомдол гаргалаа гээд надад илүү хандах юм уу юу бичээд байгаа юм бэ гэр бүлийн хүчирхийллийн хэргийг шалгах З-г би гомдол гаргаж байгаагүй. Л прокурорыг ч гэсэн хэрэг үүсгэсэнгүй гэж гомдол гаргаж байгаагүй билээ. ...2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн давж заалдах шатны хурал дээр мөн л намайг прокурор шүүгч нарыг бичиж айлгадаг шүүгч надаас айдаг мэтээр өмгөөлөгч нь яриад байсан. ... Дын хэрэг 2024 оны 11 дүгээр сарын эхээр /11 дүгээр сарын 05 байх/ прокурор дээр ирэхийг мэдэгдэхэд 11 дүгээр сарын 23-ныг хүртэл прокурорын дуудсан цагт ирэхгүй хагас сар хэртээ хугацааг өнгөрүүлсэн байдаг.
Дараа нь 2023 оны 12 дугаар сарын 06-аас 12 дугаар сарын 26-ныг хүртэл прокуророос дуудахад нь ирэхгүй байж байгаад 12 дугаар сарын 12-нд бичигдсэн яллах дүгнэлтээ 2024 оны 02 дугаар сарын 23-нд авсан. Улаанбаатар хотод байна хүн явуулъя гэсэн байдлаар харьцсан байдаг. Энэ мэтчилэн өмгөөлөгчтэйгөө хамтарч цаг хугацааг хойшлуулж бүтэн гурав дөрвөн сар шахуу покурорын байгууллага дээр хэрэг байсан. 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хэрэг анхан шатны шүүх рүү шилжсэн. Шүүхэд шилжсэн өдрөөс хойш 15 хоногт шүүх шийдвэр гаргана гэж туслах хэлсний дагуу хүлээж байтал уг хугацаа дуусахын өмнө би хэргийн материалтай танилцаагүй 7 хоногоор шүүхэд шилжих асуудлыг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлт өгсөн өдрийнх нь тэр даруй шүүх хүсэлтийг биелүүлж байсан. Ингээд 7 хоногоор шүүгч сунгаад хэрэг шилжүүлэнгүүт Дын өмгөөлөгч О нь энэ хохирогч шүүгчийг гомдол гаргасан тул шүүгч айгаад нөлөөлөлд автсан гэсэн утга агуулгатай хүсэлт бичиж ярьж байсан. ... 2024 оны 03 дугаар сараас 05 дугаар сарын 09-нийг хүртэл өмгөөлөгч авна, мөн өмгөөлөгч нь хуралтай гэх шалтгаанаар 3, 4 удаа хойшлуулж хурал болсон нь энэ хуралд Д нь өмгөөлөгч О-гээ ярьж тохирсон юм шиг байгаа юм. Хурал дээр мэдүүлгээ бичсэн гээд шүүгчид өгч байсан. ... Д намайг шалтгаангүй зодож байгаагүй гэжээ. Тэгвэл харин шалтгаантай зодож байсныг нь би хэлээд нотлогдоод байгаа юм биш үү. ... Харин би хүлцэнгүй, хэлсэн ярьсан хуурмаг занд нь итгэж байсан даа их хугацааг тэвчиж өнгөрөөсөн байдаг. Шүүх хуралд шүүгчид бичгээр өгсөн мэдүүлэг болон хуралд би ... системийг нь ойлгохгүй юм ... гэж ярьж байсан. Хил дамнаж мөнгө угаах системийг хийсэн хүн тэр систем шигээ хууль шүүхийн үйл ажиллагааг тэгж бичээд яриад байсан нь харин Д өөрөө юм зохиох боломжтойг харуулж байна. Өөрийнхөө хийсэн хуучинсаг үзэл бодлоор намайг харахад хүн боловч бүх сэтгэл санаа бодлоор минь хөнөөсөн үйлдлээ нуух гэж охин З-г энэ хэрэг дээр ярих шаардлагагүй. ... Намайг юм аа ярихаар хязгаарлаад байдаг. Ийм л шударга бус байдаг. Надтай амьдрах он жилүүдэд энэ хүн зүрхээр нэг ч удаа хэвтэж байгаагүй. Тулай өвчин ч байхгүй. Харин нүдний гэмтэл нь хүүдээ зодуулснаас болсон ба хавдрын эмнэлэг нь манайд монголд ийм хагалгаа хийхгүй хөгжилтэй оронд Америкт л хийж чадна гэхээр нь Америк явж охин маань тус болж хагалгаа эмчилгээг нь хийлгэж цоо эрүүл болгосон. 2022 оны 2 дугаар сард Сүхбаатар дүүрэгт зөрчлөөр шийтгэгдэхдээ худлаа ярихад нь би ... чи яагаад худлаа ярьж байгаа юм гэхэд өөрийгөө хамгаалахын тулд юу гэж ч ярина чиний тэр үнэнч шударга чинь хэнд хэрэгтэй юм гэж хэлж байсан. Энэ гомдолдоо намайг ааштай дээрэлхүү хүн амьтантай ам мурийж шүүмжилж хэрүүл маргаан үүсгэж явдаг гэжээ. Ингэж бичсэнээрээ өмгөөлөгч О нь хурал бүхэн дээр миний нэр хүнд рүү халдаж ярьдаг юмаа ярих гэж бичиж байгаа юм байна. Д байцаалт болон хурал дээр ааш зан хурдан түргэн юм зүгээр өнгөрөөдөг гэж нэг ч удаа өмнө нь хохирогч намайг буруутган муу хүн болгож ярьж байгаагүй /та бүхэн анхаараарай/. Харин ч намайг алиа хошин зантай 5 настай хүүхэд шиг зантай гэх мэтээр бараг тэнэг хүн гэж найз нөхөд маань хэлдэг байсан гэж хурал дээр өөрөө ярьж байсан ш дээ. Улаанбаатар хотод гаргасан зөрчлийг зүгээр л Э З хоёрын үгээр шийдсэн гэжээ. Тэр үнэн юм аа санадаггүй гэжээ. Гэтэл энэ зөрчлийн өмнөхөн нь Орхон аймагт мөнгө угаасан гэмт хэргээ шүүхээр шийдүүлж шүүхээр орсон байдаг. Д үнэхээр жүжигчин юм. 69 нас бол эрэгтэй хүнд идэр нас. Энэ насаа урдаа барьж өвчтэй дүр үзүүлж эмнэлэгт хэвтсэн баримт бүрдүүлсэн нь энэ бүгдийг өөрөө эртнээс тооцоолж байжээ. ... Хохирогч над руу байнга дайрч есөн шидээр Орхон аймгийн шүүхэд буруу ойлголт өгч байгаа нь байж болох үйлдэл мөн юм уу. Үнэхээр би Дад маш их гомдолтой . Дээр нь өмгөөлөгч нь над руу дайрах нас хүйсээр минь гутаах ямар ч эрхгүй гэж үзэж байна. Дыг буруугүй байна гэж тогтоох шударга бус шийдвэр гаргах боломжгүй шүү дээ гэжээ.
Хохирогчийн өмгөөлөгч О.С тайлбартаа:
… Эсэргүүцлийн агуулга, шүүх шийтгэх тогтоолд иргэний нэхэмжлэлийг шийдвэрлүүлэлгүй орхигдуулсан байна.
Шийтгэх тогтоол гаргах үед шийдвэрлэх зохицуулалтыг (36.3.1) заан, 36.3 дугаар зүйлийн 3-т зааснаар иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэйг дурьдаж шийдвэрлээгүй нь үндэслэлтэй.
Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны 2024 оны 05 дугаар сарын 14-нд эрүүгийн шүүх хурлаар хохирогч Э энэ хэргийн улмаас F-43.2 сэтгэл зүйн хариу урвал гэмтлийн дараах дасах зохицохын хямрал онош тавигдан шинжилгээ болон эмчилгээ хийлгэсэн зардлыг нэхэмжилсэн бөгөөд 05 дугаар сарын 09-ний хурал дээр шүүгдэгч Л.Д нь уг хохирлыг 5 хоногийн хугацаа авч 5 дугаар сарын 14-ний хурал дээр төлж барагдуулсан баримт хавтас хэргийн -р хуудсанд авагдсан байгаа. Энэ талаар 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн шүүх хуралд тайлбарлаж хохирлын баримтаа бүрдүүлэн дараа нь нэхэмжилнэ гэж хохирогч хуралд хэлсэн. Иймд шүүхээс уг сэтгэлзүйн хямралыг бүрэн эмчлүүлэхтэй холбоотой иргэний нэхэмжлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар дахин гаргах хэрэгтэй болохыг дурьдах байсан боловч үүнийг орхигдуулсан нь давж заалдах шатны шүүхээс шийтгэх тогтоолд тогтоох хэсгээ энэ талаархи 6 дугаар заалтанд өөрчлөлт оруулах боломжтой гэж үзэж байна.
Өмгөөлөгч Б-н гомдолтой танилцлаа. ... Шүүхээс гаргасан тогтоол нь хууль ёсны, үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. Өөрөөр хэлбэл хуульд нийцсэн ажиллагаанд үндэслэсэн. Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан нь хууль зөрчөөгүй. Шүүгдэгч Л.Д нь өөрийн гэм бурууг нотлох үүрэг хүлээхгүй этгээд юм. Прокурорын яллагдагч Л.Дыг Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 2.1-т заасан гэмт хэргийг үйлдсэн байна гэж үзэн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд хэргийг шилжүүлсэн.
Хэрэг хэлэлцэх ажиллагааны явцад яллагдагч, шүүгдэгчийг гэм буруутайд тооцох үндэслэл бүхий эргэлзээтэй байдал үүсээгүй. Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж дүгнэсэн нь ямар нэг таамаглалд үндэслээгүй, нотлогдсон үйл баримтад тулгуурласан байгаа.
Шүүгдэгч Л.Дын гэм буруутайг тогтоож байгаа нотлох баримттай эх сурвалж нь хангалттай, хүлээн зөвшөөрөхүйц байгаа. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1-т заасан бие махбодийн, сэтгэл санааны, эдийн засгийн, бэлгийн зэрэг хүчирхийллийн аль нэгийг байнгын шинжтэй үйлдсэн тохиолдолд 11.7 дугаар зүйлд заасан гэмт хэргээр зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болж байгаа билээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15-т заасан эргэлзээтэй байдал нь шүүгдэгч Л.Дын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үнэлэхэд эргэлзээ гараагүй юм. Өөрөөр хэлбэл үйл баримтыг нотолж буй нотлох баримтанд эргэлзэх үндэслэл тогтоогдоогүй болно. Иймд өмгөөлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Л.Д тайлбартаа: Би гэмт хэрэг үйлдээгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Д.О тайлбартаа: ...Шүүгдэгчийнхээ давж заалдах гомдлыг дэмжиж байна. Хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б тайлбартаа: ... Давж заалдах гомдлоо дэмжиж байна. Шүүгдэгч Л.Д гэмт хэрэг үйлдсэн гэдэг нь эргэлзээтэй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч Л.Э тайлбартаа: ...Би гэр бүлийн хүчирхийлэлд байнга өртөж байсан. Тэр бүгдийг нь хэлэхэд хөөн хэлэлцэх хугацаа дууссан байсан. Шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэлд гомдолтой байна гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн өмгөөлөгч О.С тайлбартаа: ...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй тул шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, прокурорын эсэргүүцэлээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах саналтай байна гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Л дүгнэлтдээ: Эсэргүүцлээ дэмжиж байна. Давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах дүгнэлт гаргаж байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Дад холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдол болон прокурорын эсэргүүцэлд дурьдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж бүхэлд нь хянав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох:
хохирогч Ц.Эгийн ... 2022 онд 02 дугаар сарын 14-ны өдөр Эрдэнэт хотын “Т” зах дээр осгoж, даарч үхэх шахсан өрөвдмөөр гөлөгнөөс болж охин бид хоёрыг машинаараа дайрах гэж нилээн удаан араас хөөсөн...13 жил тэжээсэн хайртай нохойгоо зуурдаар 2022 оны 1 сарын эхээр алдаад сэтгэл санаа тавгүй, нохойгоо санаж, сэтгэл бэтгэрч миний нохойтой маш адилхан байсан цагаан гөлөгийг үрчлэх санаатай тэвэрч аваад машинд суутал Д намайг заамдаж зуурч аваад машинаас чирж гаргаж ирэх гэхэд нь миний охин дундуур орж ээжийгээ хамгаалах гэтэл миний охиныг заамдаж аван шууд газар луу түлхэн шидсэн... Дараа нь намайг заамдаж аваад машинаас хүчээр гаргах гэж угзарч татахад нь би машинаас гарахгүй гэж хичээхэд миний цээж рүү хоёр удаа маш хүчтэй цохисон. Тэгээд миний бие сулрангуут намайг машинаас аваад газар луу шидсэн. Тэгчихээд Д охин бид хоёрыг “Машинд суу” гэж зандарахад нь бид хоёр их айсан тул суухгүй өөр тийшээ зугатаж гүйхэд араас машинаараа “Та хоёрыг дайраад алсан ч яадаг юм” гэж дайрах шахам хөөсөн ...
... 02 дугаар сарын 15-ны орой Улаанбаатар хотын Хүүхдийн урлан бүтээх төвийн урд 750 мл-ын шилтэй “Домч Бор” архийг ганцаараа гадаа уусны дараа хагалж ёрзгор үзүүртэй шилтэй хэсгээр нь охин бид хоёрыг ... та хоёрыг алнаа...” гэж араас гүйж алах гэж оролдоход 102 дуудаж, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр орж гэр бүлийн хүчирхийлэл хийж буруутай нь тогтоогдсон шийдвэр гаран 7 хоног баривчлагдан хоригдож байсан ...
... 04 дүгээр сарын суулээр орой 23 цаг өнгөрч байхад би өрөөндөө ороод унтах бэлтгэлээ хангаж байхад Д араас орж ирээд ... Миний гаражийн түлхүүр өгөөдөх ... гэж чангаар орилон дарамталж эхэлсэн. Би ... өглөө өгье ... гэхэд ...Үгүй, одоо бушуу өгөөдөх... гээд намайг хананд шахаж, заамдан хоолой боож эхэлсэн. Тэгэхэд нь байгаа хувцастайгаа буюу гэрийн нимгэн өмд сарфанчиктайгаа 00 орлоо гэж өрөөнөөсөө гарангуутаа айсандаа гэрээсээ юу ч авч амжилгүй зугатаасан. Дараа нь төд удалгүй миний охин над руу утсаар залгаад намайг утсаа авахгүй болохоор нь санаа нь зовоод гэрээсээ гарч нагац ах А-д очин ахтайгаа намайг шөнөжингөө машинтайгаа хайсан юм байна лээ. Би юун утсаа авч ярих манатай. Өөрийнхөө амийг л аваад бушуухан гүйж гарсан. Тэгээд би нэг гражийн мухарт даартлаа сууж мэгширтэл уйлан тайвширч чадахгүй Дад маш их гомдсон. Манай охин, дүү хоёрыгоо харин дуугаар нь таньж, машинтай наашаа, цаашаа удаан яваад намайг хайн хоорондоо ярилцаж байхад нь сонсож очиж машиндаа суусан. Тэгээд дүү маань ...эгээ, та хоёр манайд очоод хонох уу...” гэхэд нь гэртээ байгаа гөлөгтөө санаа зовон ...эгээ нь З-гийн өрөөнд хамт ороод хоночих нь, санаа зоволтгүй ... гээд дүүгээ гэрт нь хүргэж өгөөд харьсан ...
... 07 сарын сүүлээр орой 17 цаг өнгөрч байх үед Д надад ...охиндоо чи миний талаар ямар нэгэн зүйл ярьсан уу? Чамайг яаж зодож, зовоож байсныг хэлээгүй биз дээ. Хэлээд үзээрэй ... гэх мэтчилэн намайг айлган сүрдүүлэхэд нь ...би хэлээгүй ээ ... гээд 1 давхрын 00 өрөөндөө ороод жорлон дээрээ суутал Д орж ирээд ... битгий худлаа яриад бай. Чи хэлсэн л байж таараа. Битгий хүний янз үзээд байгаарай. Чамтай ярьж дуусаагүй байна, алив босоод ир чи... гээд намайг тайван бие засуулахгүй гараараа угз татан жорлонгийн өрөөнөөс чирч, гулдарч татаж эхлэхэд миний шээс энд тэндгүй савирахад би ... болиоч ээ, намайг тавиач ээ, яанаа, туслаачээ ... гэхэд миний охин гаднаас гүйж орж ирэн намайг Дын гарнаас суллаж 00 өрөө рүү минь эргүүлэн оруулж, хаалган дээр ээжийгээ хамгаалан зогссон ...
... 08 дугаар сарын 6-нд хагас сайн өдөр 16 цаг өнгөрч байхад охин бид хоёр гал тогоондоо хоол хийж байхад Д том өрөөнд телевизор үзэж байсан. Охин надад олон ангит адал явдалт кино ярьж өгч байхдаа тэр киноны гол дүрийн хүний хэлж байсан үгийг хэлснээр нь “Та хоёр...” гэсэн үгтэй өгүүлбэрийг шууд дамжуулахад Д нууц камераараа тандсан юмуу яасан юм, бушуухан орж ирээд миний охин руу ... яах гэж хоёр хүний дунд яс хаяад миний эсрэг комби зохиогоод байгаа юм бэ. Одоо миний гэрээс бушуухан хамаг хог новшоо аваад зайл ... гэж хөөсөн. Миний охин ... киноны үйл явдал ярьж байна, таны талаар би юу ч яриагүй шүү дээ ... гэхэд Д ...чамайг эр байсан бол задартал чинь нам шаагаад хаях байлаа муу өлөгчин ... гээд миний охин руу гараа далайгаад ойртоод ирэхээр нь би хоёр гарыг нь барьж дундуур орж охиноо хамгаалах гэтэл Д миний зүүн гарыг маш хүчтэй атгаж түлхэж, миний зүүн гарын чигчий хурууг өвдтөл нь тулгасан. 16 цаг өнгөрч байхад эхэлсэн хэрүүл маргаан нь 22 цаг хүртэл бүтэн 6 цаг үргэлжилсний эцэст Д жижиг өрөөндөө орж унтах үед нь айж сандарсан охин бид хоёр 23 цаг өнгөрөөгөөд БОЭТ орж рентгэн зураг авахуулж бэртэл гэмтлээ журнал дээр бүртгүүлсэн. Тэр өдөртөө рентгэн зургаа авья гэхэд эмнэлгийн хүн нь ...зургийг чинь яаралтай түргэн тусламжийн хүлээн авах руу компьютерээр явуулчихсан, гарт нь өгдөггүй юм ... гээд надад өгөөгүй ...
... 08 дугаар сарын 8-нд аавуудын баярын өдөр намайг эзгүй байхад 1 дүгээр 10 жилийн сургуулийн 40 жилийн ойг тэмдэглэх ангийн уулзалтандаа 8.07-8.09-ийг хүртэл хоёрхон хоног яваад ирэх хооронд зүгээр мөрөөрөө байсан охиныг минь гэрт амар тайван байлгахгүй, хэл амаар нэр төрийг нь гутаан доромжилж, харгис хэрцгий харьцаж, гэрээс нь хөөхөд миний охин айсандаа өрөөндөө гөлөгтэйгөө нуугдахад 16 цагаас 23 цаг 30 минут хүртэл өрөөнийх нь хаалгыг эвдэж орох санаатай хүчтэй өшиглөн айлган сүрдүүлээд зогсоогүй 2 цагдаа дуудан ирүүлж цагдаагаар хөөлгүүлэх гэж оролдсон боловч санасан зорилго нь бүтээгүй. Миний охин бүтэн 7 цагийн турш бие засаж чадалгүй, давсаг нь чинэрч, айж цочин, сэтгэл санааны гүн дарамтанд орсон болохоороо энэ хэргийн дагуу гомдол гарган, шүүхээр Дын буруутай нь тогтоогдож, торгууль төлүүлэх шүүхийн шийтгэвэр гарсан...
... 08 дугаар сарын 12-ны өдөр өглөө 6 цагийн үед би 2 давхрын 00 өрөө орж бие засах гэтэл яг миний өмнөхөн ороод гарсан Дын том хэмжээтэй өтгөн нь жорлонг нилэнхүйдээ бөглөж, байж суухын аргагүй үнэр танар гарч, хичнээн би өөрөө жорлонгийн усыг татаж өтгөнийг нь гүйлгэх гэж оролдсон боловч болохгүй байсан болохоор нь жижиг өрөөндөө эргэж ирэн Дыг ...жорлон засаад өг, өтгөн чинь жорлон бөглөөд 00 өрөө аймар муухай болсон байна, би бие засмаар байна ... гэж гуйхад Д ...үгүй, чи өөрөө засахгүй юу. Би тийм заваан юмтай ноцолдохгүй ... гэхэд нь би ...юу яриад байгаа юм бэ. Өөрийнхөө завааруулсан өтгөнөө очиж цэвэрлэ л дээ, ингээд үмхийрээд амьдарч байх ёстой юм уу. Чи наад гэдэс, ходоодоо эмчид үзүүлвэл яасан юм. Байнга л жорлон бөглөж байх юм ... гэнгүүт Д орноос босож ирэнгүүтээ намайг заамдаж аван хананд хүчтэй шахаж, хоолой боож эхэлсэн. Тэгээд ...чи муу юу, юу хуцаад байгаа юм бэ. Очиж миний өтгөнийг цэвэрлэхгүй юу, Чамд өөр хийж чадах юм юу байдаг юм. Ингэж амьдрах чинь чиний үүрэг, мэдэв үү, үмхий гахай минь. Харин ч цэвэрлэх жорлонтой байгаадаа баярлаж яв, балай гичий минь. Чи миний өтгөнийг цэвэрлэх заяа чинь тэр, мэдэв үү. Би гэртээ яана уу, хаанаа яаж бие засна уу, чамд ер нь ямар хамаатай юм. Чамаар яах ийхээ хэзээ ч заалгахгүй. Хүсвэл тэр өлөн нүдэлсэн чамтай адил арчаагүй, гуйлгачин зулбасгаараа цэвэрлүүлэхгүй юу. Таалагдахгүй бол эсвэл тэрийгээ аваад миний гэрээс зайлахгүй юу... гээд над руу чанга дуугаар орилж, дарамталж, гэрээс минь хөөж эхэлсэн. Би ...цэвэрлэхгүй, чиний өтгөнтэй зууралдах надад хүсэл алга. Дандаа гэрийн өөдтэй, өнгөтэй, олигтой болгоныг эвдэлж, сүйтгэж, устгаж байх юм. Би охиныгоо чиний өтгөнтэй зууралдуулахгүй. Аав, ээжийгээ гээд холоос эрдэм, мэдлэг өвөртлөөд ирсэн охинтойгоо ингэж харьцаж болдог юм уу ...” гэсэн чинь Д ...Үхсэн баас, юу ч хийж чадахгүй муу, арчаагүй, үмхий новшнууд, аятайхан хүний тааваар амьдарч чадахгүй бол миний гэрээс зайлцгаа, муу өлөгчин гичийнүүд ... гээд жижиг өрөөний хаалгыг хааснаа намайг гаргахгүй гэж хаалган дээр зогсчихоод бараг 11 цаг хүртэл намайг хэл амаар доромжилж, чихэн дээр орилж, хашгирч, тамхины үнэр авч чаддагүйг минь мэдсээр байж өрөөндөө тамхи татаж эхэлсэн. Бүтэн 5 цаг намайг хэл амаар доромжлон, сэтгэл санааны дарамт үзүүлсэний эцэст миний толгой маш хүчтэй янгинан өвдөж, тэвчихийн аргагүй болоход би ...00 ормоор байна... гэсээр байгаад арай гэж өрөөнөөсөө гарсан. Тэгсэн Д миний араас намайг даган гарч коридорт үргэлжлүүлэн хэрүүл хийж эхэлсэн. Би ...чимээгүй байгаач, хүүхэд өрөөндөө амарч байгаа. Чиний энэ хэрүүлийг сонсох ёстой юм уу... гэхэд Д нь ...би гэртээ яаж байхаа чамаар заалгахгүй, муу гуйлгачин минь. Алив, миний жорлонг одоо намайг харж байгаа дээр бушуухан цэвэрлээдэх, надаас хоол олж долооё гэж байвал ... гээд миний гарнаас хөхөртөл чанга зуурчихаад тавихгүй бараг 2 цаг орилж, хашгиран доромжилж, хэрүүл өдөж эхлэхэд нь би ...Аяархан бай л даа, дуугүй болооч, толгой өвдөөд байна, намайг тавь л даа, Өвдөөд байна шүү дээ... гэхээс өөр юм хэлж чадахгүй байсан. Тэгэхэд нь би ахиад зодуулах нь гэж мэдэнгүүтээ ...За би доор очоод бие засаж ирчихээд цэвэрлэе... гэсээр байгаад арай гэж гарнаас нь мултран доошоо шатаар алхах гэхэд Д намайг шатнаас ойчуулж унагаах гэж гэмтүүлж бэртээх санаа, зорилго агуулан араас минь нуруу руу маш хүчтэй гэв гэнэт түлхсэн. Тэгэхэд нь би арай гэж тэнцвэрээ олох гэж шатны бариулаас зууран ...Аа, яанаа, аллаа. З, Д ээжийг нь шатнаас түлхэж алах гэж байна аваарай ... гэж маш их айсандаа чангаар орилон охиноо бушуухан дуудсан. Охин өрөөнөөсөө гарч ирэхэд Д юу ч болоогүй царайлж ...битгий худлаа яриад байгаач. Би чамайг унагааж яадаг юм ... гэсээр доошоо юу ч болоогүй мэт буугаад явсан. Дараа нь би ахиж хэрүүл дэгдэхээс сэргийлж, өөрийгөө зодуулахгүй гэсэндээ арай гэж өдөржин зууралдаж байж Дын өтгөн, шингэнийг цэвэрлэж жорлонгоо зассан ...
...08 дугаар сарын 13-ны өдөр 16 цагийн үед Д нь гаднаас орж ирэн "телевизор үзээд сууж байсан охиныг минь хэл амаар ...янхан, гичий, банзал, өлөн нүдэлсэн, шилэн нүдэлсэн, эхийгээ дуурайсан 2 нүүртэй өлөгчин амьтан, миний гэрээс хог новшоо аваад бүр мөсөн зайл, гадаад хүний хэвтэр болж байгаад ирсэн хогийн амьтан, чамайг одоо хүн тооно гэж бодоо юу. Эм сүвээгүй амьтан гэх мэт... доромжилж ...Чи миний гэрт телевизор үзэх хэн юм бэ. Чи энд байх ч ёсгүй... гэж телевизорыг хананаас нь салгаж унтраахад охин минь босож залгуураар нь асаах гэтэл миний охиныг чулуутай хана руу хүчтэй түлхэсний улмаас баруун алганых нь гадаргуугийх нь гарны арьс зулбарч, цус гарч хөх няц болсон. Тэр үед миний охин айсандаа орилоход би өөр өрөөнөөс том өрөө рүү орж ирэхэд наад ширээн дээр байсан 1 литрийн задлаагүй шинээрээ байсан Эко устай савыг авч миний хөл рүү шидэхэд миний зүүн хөлний шагай оногдож хүчтэй цохигдсон. Тэгсний дараа миний охиныг гэдсээрээ хүчтэй хүчтэй түлхээд зүүн гарыг нь барьж авах гэхэд нь миний охин холдож амжсан. Тэгчихээд миний охины уруулыг дээр, доороос нь өвдтөл нь хүчтэй хазаад шувтарч татахад уруул нь хавдаж хөхөрсөн. Дараа нь арагшаа хараад гар утсаараа цагдаад дуудлага өгөөд зогсож байсан охины минь дагз руу 1 литрийн савтай ус аваад шидэх гэхлээр нь би охиноо хамгаалж охиноо түлхэхэд нөгөө Дын хаясан савтай ус нь миний охиныг онолгүй шал руу шидэгдсэн. Энэ хэрэг нь Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4.2-т зааснаар “Хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг албадсан” гэх зүйл ангиар орох байтал буруу зүйлчилж 5.2 дугаар зүйлийн 1.1-ээр оруулж “Олон нийтийн газарт, эсхүл орон байранд хэрүүл маргаан үүсгэсэн” гэх зүйл ангиар оруулж шүүх холбогдогч Л.Дыг буруугуй гэж гаргасан ... гэсэн мэдүүлэг /3-р хх-ийн 115-116, 165-169-р тал/
гэрч Г.З-ний “ ... 2022 оны 02 дугаар сараас 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл өөрийнхөө гэр болох аймаг сумын багийн тоотод ээж Ц.Э, хойд эцэг Л.Д нарын хамтаар амьдарсан. Одоогоор аймаг сумын багийн тоотод нагац ах Ц.А-н гэрт карма өрөө хөлслөн ээжийнхээ хамтаар амьдарч байна ... 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Л.Д нь 23 цаг 10 минутын орчимд цагдаа дуудаж ... энэ хүнийг миний гэрээс хөөж өгнө үү. энэ хүн миний гэрт байх хэн ч биш, энэ миний ч охин биш, надад хамаагүй ... гэж дуудлага өгсөн. Тухайн дуудлагаар хоёр цагдаа ирсэн бөгөөд мөн Х цагдаа ирсэн. Х цагдаа болон хамт байсан цагдаад нь хандаж би П.Дын албан ёсны дагавар охин нь байгаа юм. Манай ээжтэй 2010 оноос хойш албан ёсны гэр бүл болоод хамт амьдарч байгаа өнөөдөр аавуудын баяр гээд гэрээ цэвэрлээд, дуртай хоолыг нь хийчихээд хүлээгээд сууж байтал 16 цагийн үед Л.Д нь баахан гялгар ууттай зүйлийг шажигнуулж орж ирсэн. Намайг гэр цэвэрлэсэн байхад гуталтайгаа орж ирсэн. Тухайн зүйлүүдийг өөрөө газарт асгасан. Тухайн хогийн зургийг нь дараад цагдаад үзүүлж байсан. Намайг зурагт үзэж байхад зурагтны залгуурыг араар нь салгаж унтраачаад намайг ... гэр орноо цэвэрлэхэд яадаг юм бэ. хогоо хаяаач муу ээжийгээ дуурайсан балай тэнэг хүүхэн, гадаадад худлаа сурсан сурсан гээд олон эрийн дэвсгэр болж шоудаж ирсэн, муу банзал янхан гичий, мөн п үсгээр хэлсэн п минь, чи өөрийгөө их царайлаг гэж бодоо юу, өлөн нүдэлсэн гуйлгачин юм байж эм сүвээгүй, одоо чи насаараа ганцаараа ингэж явсаар байгаад насыг ганцаараа бараарай, чамайг хэн ч тоож харахгүй, одоо хамаг хог новшоо аваад миний гэрээс зайл ... гэж хашхирсан. Би тухайн үед өөрийнхөө өрөө рүүгээ орох гэхэд оруулахгүй одоо чи зайл гэж хөөсөн. Би арай гэж өрөөндөө ороод дотроосоо хаалгаа түгжсэн. Тэрнээс хойш 00 орж бие засаж чадахгүй, шингэнээ барьж өөрийн тэжээдэг гөлөгтэйгөө хамт цагдаа иртэл айгаад байж байсан. Тухайн үед цагдааг Л.Д дуудсан. Над руу усны сав шидсэн асуудал байхгүй, харин ээж рүү усны сав шидсэн. Тухайн үед эхний усны савыг аваад ээжийн хөл рүү шидсэн. Хоёр дахь усны савыг над руу шидэх гэж байхад нь ээж урдуур орж болиулсан байсан. Тухайн усны сав нь 1 литрийн хэмжээтэй, дотроо устай тагыг нь онгойлгоогүй устай сав байсан. 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн асуудлаар Орхон аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр орж буруутай нь тогтоогдож Л.Д нь 100,000 төгрөгөөр торгуулсан.
... манай ээжийн хайртай нохой нь 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр өөд болсон юм. 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Таван-Эрдэнэ зах дээрээс мах авах гээд Л.Д, ээж Ц.Э нарын хамтаар явж байхад хашааны гадаа хөөрхөн цагаан гөлөг явж байхаар нь ээж тэвэрч аваад миний “лиля”-тай адилхан юм байна, аваад явъя гээд тэвэрч аваад машиндаа суусан чинь ээжийг машинаасаа татаж унагаах гэхээр нь би машинаас бууж ээжийг салгах гэсэн чинь намайг хүзүүнээс заамдаж газарт унагаасан .... Чамтай юм яриагүй, Этэй юм ярьж байна ... гэсэн. Ээж ... миний охиныг аллаа чи ... гээд орилж байсан ...
... 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотын Хүүхдийн урлан бүтээх төвийн урд гудамжинд “Домч бор” архины 1 литрийн шилийг хагалаад хоолой хэсэгт үзүүр гаргаж тухайн үзүүрээр нь та хоёрыг ална гэж араас хөөсөн. Би цагдаад дуудлага өгч Сүхбаатар дүүргийн цагдаа нар ирээд эрүүлжүүлэх байр луу хүргэгдсэн. Тухайн асуудлын улмаас 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн шүүхээр орж 7 хоног баривчлуулсан ...
... 2022 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хагас сайн өдөр байсан. Хагас сайн өдрийн 21 цагийн үед цагдаа ирсэн ...
... 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Даваа гаригт багийн хэсгийн байцаагч Э нь хойд эцэг Л.Д, ээж Ц.Э бид нараас гэрт ирж мэдүүлэг авсан. Э нь дахин мэдүүлгийг өрөөндөө дуудаж авна гээд гараад явсан. Тухайн үед ээж бид хоёр ажилтай болоод гэрээсээ гарах гээд машинаа гражнаас гаргах гэж байхад Л.Д нь гаргахгүй та хоёр гэрлүүгээ ор гэсэн. Тэр үед Э байцаагчийг яваагүй байхад нь дуудаж энэ хүн ингээд байдаг юм аа, та Дтай ярьж байгаад сануулга өгч байгаад машинд суулгаад өгөөчээ гэсэн. Э нь Дтай уулзаад ээж бид хоёрыг машинд явуулсан. Түүнээс хойш Э нь ... шүүхээр оруулах гэж байна, бүх юм нь тодорхой юм чинь хялбаршуулсан журмаар шийдвэрлэнэ гэж хэлсэн. 2022 оны 8 сарын 17-ны өдөр шүүхээр оруулахыг бодно. Та хоёр шүүх эмнэлгээр орох юм уу ... гэхээр нь ... оръё ... гэсэн чинь ... өө та хоёр чинь шүүх эмнэлгээр орвол хариуг нь авах гэсээр байгаад удна шүү дээ, өнөөдөр 3 дахь өдөр гэхэд орж амжаагүй байгаа юм чинь маргааш орлоо гэхэд хариу нь ирэх 7 хоногийн 2 дахь өдөр гарна, тэгэхээр шүүхээр орох асуудал чинь хойшилно ... гэсэн. Шүүх эмнэлэгт үзүүлэхгүйгээр яаралтай шүүх хурлаар оруулъя гэж бодоод шүүх эмнэлэгт үзүүлэхгүй гэсэн. Гэрт ороход хөөгөөд гэрт оруулахгүй байсан учраас хурдхан шүүх хурлаар оруулъя гэж бодсон. Л.Д нь шүүх эмнэлэгт үзүүлнэ гэж 2022 оны 08 сарын 19-ний мэдүүлэгтээ дурьдсан байсныг Э байцаагч хэлээд ээж бид хоёрыг та хоёр ч гэсэн нэг мөр шүүх эмнэлэгт үзүүлчих гэсэн. Улмаар ээж бид хоёр 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр шүүх эмнэлэгт үзүүлсэн. Тэр үед миний уруул болон гарын алганы ар хэсэг эдгэж байсан учраас гэмтлийн зэрэг тогтоогоогүй юм.
... 2022 оны 08 сарын 06-ны өдөр 17 цагийн үед гэртээ гал тогоонд хоол хийгээд сууж байхад олон ангит кино ярьж байгаад кинон дээр гарсан утгаар нь ... та хоёр гээд ээжид киноны үйл явдлыг хэлж байхад Л.Д том өрөөнөөс гарч ирээд ... чи бид хоёрыг, та хоёр гээд хорон муу санаа гаргаад байгаа өлөгчин минь, гичий минь ... гээд байхаар нь ... би кино л ярьж байна ... гэсэн чинь намайг гараараа цохих гэхэд ээж дундуур орж салгасан ... гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 80-81-р тал/
Гэрч Э.Ц-н “ ...цахим бүртгэлээс харахад Ц-н Э гэх хүний гар сарвууны зургийг авсан байна. Тухайн үед манай эмнэлгийн байгууллагаар цахим систем байхгүй байсан. Иргэдийн зургийг нь аваад л шууд угааж өөрт нь өгдөг байсан. Тухайн зургийг эмчдээ үзүүлдэг. Би хугарсан эсэхийг мэдэхгүй. Манай тасагт зураг нь хадгалагдахгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 85-86-р тал/
Хохирогч Ц.Эгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд гар сарвууны зураг авахуулсан бүртгэлийн хуулбар /2-р хх-ийн 38-39-р тал/,
Яаралтай тусламжийн хэсгээр үйлчлүүлэгсдийн бүртгэлийн хуулбар Ц.Эгийн баруун гарын сарвуу хөхөрсөн хавдсан талаарх бүртгэл /2-р хх-ийн 45-46-р тал/,
Шүүгдэгч Л.Д, хохирогч Ц.Э нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа /2-р хх 155/,
Хохирогч Ц.Эгийн гарынхаа рентген зургийг авахуулж байсан талаарх журналын хуулбар /2-р хх-ийн 47-49-р тал/,
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 239 дугаартай шийтгэврийн хуулбар /2-р хх-ийн 27-29 тал/,
Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 670 дугаар шийтгэврийн хуулбар /2-р хх-ийн 240-242-р тал/,
гэрч Ц. А-ний “ ... хүргэн ах Дын тухайд анх эгчтэй гэр бүл болоод амьдарч эхлэхэд мэдлэг чадвартай, нүдэнд дулаахан, өөрийн гэсэн байр суурьтай хүн шиг санагдаж байсан. Тэгтэл тэтгэвэрт гарснаас хойш сүүлийн 2 жилийн хугацаанд зан ааш нь эсрэгээрээ эргэсэн, одоогийн байдлаар уур уцаар ихтэй, ямар нэгэн зүйл хэлэхээр ерөөсөө хүлээж авахгүй би л чадна гэсэн шиг их дээрэлхүү зан ааштай хүргэн ах руу сүүлийн үед гар утсаар ярих тоолонд манай эгчийг байнга муулдаг ... танай эгч чинь арчаагүй, та нар ер нь юу юм бэ, юу хийж бүтээсэн юм ... гэж хэлдэг болсон. Миний санаж байгаагаар 2022 оны 04 дүгээр сарын үед өдрийг санахгүй байна, орой 23 цагийн үед Э эгчийн охин З манай гэрт ирээд ... ээж Д ах хоёр муудалцаад бөөн юм болоод ээж гэрээсээ гараад яваад өглөө, ээж хаачсан үгүйг сайн мэдэхгүй байна ... гэж хэлсэн.
Үүний дагуу З бид хоёр 11 дүгээр хороолол руу гэр лүү нь алхсан. Би З-г ээжийнхээ гар утас руу залга гэхэд ээжийн гар утас болохгүй байна гэж хэлсэн. ... З-г гэрлүү нь оруулаад би өөрөө хашааных нь гадаа хүлээгээд байж байтал З нэг их удалгүй ээжийнхээ машиныг унаад хашаанаас гараад ирсэн, гэрт ээж байхгүй байна гэж хэлсэн. Эгчийгээ гэрийнх нь ойр хавиар машинтай хайсан, бараг 1 цаг гаран болсон. Тэгтэл манай эгч гадаа хүйтэн байхад дээгүүрээ унтлагын бололтой нимгэн хувцастай гэрийнхээ ойролцоох гражийн хажууд байж байсан. Юу болсон талаар асуухад нөхөртэйгээ маргалдаад Д намайг зодсон гэж хэлсэн. Тэгэхээр нь би ах архи уучихсан байгаа юм уу гэхэд үгүй ээ, эрүүл байгаа гэж хэлсэн. Ер нь бол Д ах архи бол нэг их уудаггүй. Тэгээд би эгчийг охинтойгоо хамт манай гэрт очиж хоноод маргааш учир зүгээ олохгүй юу даа гэхэд миний нохой гэрт байгаа, Д өмнө нохойг маань зодож байсан аягүй бол нохойг маань дахиад зодчихно, би З-тэй хамт гэртээ ороод хажуу талын унтлагын өрөөндөө ороод унтчихъя хэрэг болбол залгана гэж хэлээд намайг гэрт хүргэж өгсөн юм. Ямар ч байсан гараараа цохисон гэж байсан. Тухайн өдөр шөнө болчихсон байсан учир харанхуйд эгчид маань гэмтэл учирсан эсэх надад сайн харагдаагүй ... 2022 онд цаг хугацааг нь сайн санахгүй байна манай эгчийг Улаанбаатар хотод байхад нь Д ах согтуу агсам тавьж архины шил барьж ална гэж дайрч байсан, энэ асуудал нь Цагдаагийн байгууллагаар шалгагдсан уг үйлдлээсээ болж баривчлах шийтгэл эдэлсэн гэж дүү З надад хэлж байсан. Би сүүлд нь эгчээсээ болсон асуудлын талаар тодруулж мэдсэн тухайн үедээ Д ах ахиж ийм үйлдэл гаргахгүй, уучлаарай гэж эгчээс уучлалт гуйж байсан ...” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 209-р тал/,
Гэрч Б.Х-н “ ... 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хөдөлгөөнт эргүүлийн цагдаа ахлагч Т-н хамт ... 2022 оны 08 дугаар сарын 13-ны өдөр багийн цагдаа ахлагч Д-н хамтаар нийт 2 удаа очиж байсан ... 2022 оны 08 дугаар сарын 08-ны орой 22 цагийн үед баг тоотод хэрүүл маргаан болоод байна гэх дуудлага мэдээлэл дээр очиход настай бололтой дунд зэргийн нуруутай махлагдуу ах хашааныхаа гадаа Ланд круйзер маркийн машинтай хүлээгээд сууж байсан. Юу болсон талаар асууж тодруулахад, ... манай дагавар охин З хэрүүл маргаан үүсгээд амраахгүй байна ... гэж хэлсэн. Охин чинь хаана байгаа талаар асуухад ... байшингийн 2 давхарт өөрийнхөө өрөөнд байгаа... гэж хэлсэн. Тэгээд би өрөөг нь заалгуулаад байшингийн 2 давхарт гараад хаалга нь цоожтой байхаар нь ... цагдаагаас явж байна уулзах хэрэгтэй байна ... гэхэд хаалгаа нээж өгсөн. Тухайн эмэгтэйгээс юу болсон талаар асуухад ээж ангийнхаа уулзалтад явсан, аав хэл үгээр доромжилж, хэрүүл маргаан хийгээд нохойг маань айлгаад байна гэж хэлсэн. Тэгтэл тухайн дуудлага өгсөн ах хажуунаас наад охин чинь хөргөгчинд дүүрэн хоол байхад иддэггүй рестораны хоол иднэ гэдэг, гэр орон цэвэрлэдэггүй гэж хэлээд өөрийнхөө өрөөний ариун цэврийн өрөөг цэвэрлэдэггүй гэж хэлээд надад харуулсан. Тэгтэл жорлон нь хуурай болон нойтон сальфеткаар дүүрчихсэн маш их муухай бохир байсан үүнийг дуудлага өгсөн ах хараад байнга стресстдэг одоо ээж нь байхгүй хойгуур над руу байнга дайрч хэрэлдэж байна гэж хэлсэн.
Тухайн үед дуудлага өгсөн ах надад хандаж, ах нь зорчих эрхээ хязгаарлах ялаар шийтгүүлж бугуйн гав зүүсэн, үүнийг маань далимдуулж эхнэр охин хоёр хэрүүл маргаан хийж намайг явдаг газарт чинь явуулна гэж дарамталдаг талаар хэлж байсан. Энэ асуудлыг Цагдаагийн газар дээр аваачиж шийдвэрлэнэ гэхэд охин нь ... ээжийг ирэхээр тухайн ах эхнэрээ ирэхээр нэг мөсөн гомдлоо гаргаж шийдвэрлүүлнэ ... гэсэн тул хууль эрх зүйн зөвлөгөө өгч өргөдөл гаргах эрх чинь нээлттэй шүү, хэсгийн байцаагчтайгаа холбогдоорой гэж хэлсэн.
... 2022 оны 08 дугаар сарын 13-ны 21 цаг өнгөрч байхад баг тоотод хэрүүл маргаан болоод байна гэх дуудлага мэдээлэл дээр очиход өмнө дуудлага өгч байсан настай ах нэг давхрын зочны өрөөний хэсэгт эхнэр, охин нарын хамтаар хэрүүл маргаан хийсэн байдалтай зогсож байсан. Настай ах нь ... би З-тэй хамт амьдрахад хэцүү байна, гэр орон цэвэрлэдэггүй ... гээд нэлээн ширүүн хэрэлдээд байхаар нь төв Цагдаагийн газарт авчирсан юм. Ямар ч байсан З-н гар нь шалбарсан байсан шиг санагдаж байна, мөн ээж охин хоёр айсан байдалтай байсан ... ” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 113-р тал/ зэрэг нотлох баримтуудаар
шүүгдэгч Л.Д нь эхнэр Ц.Эг 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт байрлах “Т” захын ойролцоо ... машинаас чирч гаргах, цээж рүү нь цохих зэргээр зодсон,
2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэг Хүүхдийн урлан бүтээх төвийн ойролцоо архины шил барьж хагалан ална гэж айлган догшин авирласан,
аймгийн сум баг тоот гэртээ 2022 оны 04 дүгээр сарын сүүлээр “гаражийн түлхүүр өг” гэж маргалдан хананд шахаж хоолойг нь боож биед нь халдан зодсон,
2022 оны 07 дугаар сард “охиндоо чи миний талаар ямар нэгэн зүйл ярьсан уу, зодож зовоож байсныг хэлээгүй биз дээ, хэлээд үзээрэй” гэж сүрдүүлэн бие засах өрөөнөөс чирж гарган догшин авирласан,
2022 оны 08 дугаар сарын 06-ны өдөр маргалдаж, зүүн гарын сарвууг нь гэмтээн зодсон,
2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр “жорлон засаад өг, бөглөрсөн байна...” гэснээс болж маргалдан түүнийг заамдан хоолойг нь боож биед нь халдан зодож, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу эхнэр, 57 настай Ц.Эг 6 удаагийн үргэлжилсэн үйлдлээр байнга догшин авирлан зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн болох нь тогтоогдож байна.
Анхан шатны шүүх шүүгдэгч Л.Дын 2022 оны 08 дугаар сарын 13-ны өдөр аймгийн сум Хүрэнбулаг баг тоот гэртээ эхнэр Ц.Этэй маргалдаж, устай сав шидэж хөлийг нь цохисон үйл баримтыг анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэвэр, магадлалаар зөрчлийн шинжгүй гэж үзэж хэрэгсэхгүй болгосон шийдвэр хүчинтэй гэж дүгнээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4.д зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Л.Дад холбогдох хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Шүүгдэгч Л.Д нь “... би энэ гэмт хэргийг үйлдээгүй, намайг гүтгэж байна ...” гэсэн давж заалдах гомдол гаргасан байх боловч энэ нь хохирогч Ц.Эгийн мэдүүлэг, хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд буюу гэрч нарын мэдүүлэг, Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн бүртгэл, Яаралтай тусламжийн хэсгээр үйлчлүүлэгсдийн бүртгэлийн хуулбар болон шүүхийн шийтгэврийн хуулбар зэрэг баримтуудаар үгүйсгэгдэж байна.
Мөн хэрэгт авагдсан нотлох баримтууд нь гэмт хэргийн үйл баримтыг бүрэн тогтоосон, хоорондоо эргэлзээ үүсгээгүй байх ба тэдгээрийг хууль бус гэж үзэх, няцаан үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б-н гаргасан “...эргэлзээтэй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэв.
Шүүгдэгч Л.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу эхнэрээ байнга зодож, догшин авирласан гэмт хэргийг ахмад настны эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Ахмад настны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “Энэ хуулийн үйлчлэлд 55, түүнээс дээш настай эмэгтэй Монгол Улсын иргэн хамаарна” гэж заасан бөгөөд хохирогч Ц.Э нь 1965 онд төрсөн, гэмт хэрэг анх үйлдэгдэх үед 57 настай байсан тул түүнийг ахмад настанд тооцох үндэслэлтэй байна.
Анхан шатны шүүх шүүгдэгч Л.Дад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай буюу эхнэрээ 6 удаагийн үйлдлээр байнга зодож, догшин авирлаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулжээ.
Мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн, бодитойгоор шинжлэн судлаж гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх байдаг.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд хүлээлгэж байгаа төрийн цээрлэл нь түүнд оногдуулсан ялаар дамжин хэрэгждэг бөгөөд эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцэж, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор байхын зэрэгцээ оногдуулж байгаа ялын төрөл, хэмжээ нь гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалтай тохирч, бодит байдлаар бүрэн хэрэгжих, биелэгдэх боломжтой байснаар Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангадаг.
Анхан шатны шүүхээс хуульд заасан нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт үндэслэл бүхий дүгнэлт хийж, түүнд оногдуулсан ял нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрх ашиг, гэм бурууд тохирсон, Эрүүгийн хуульд заасан Шударга ёсны зарчимд нийцсэн гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Л.Д болон түүний өмгөөлөгч Б.Б нарын ... хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэсэн давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Хохирогч Ц.Э нь анхан шатны шүүх хуралдаанд ... шүүгдэгчийн үйлдлийн улмаас миний сэтгэл санаанд хохирол учирсан. Одоо эмчилгээ хийлгэж байгаа, дараа нь баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжилнэ. Одоо нэхэмжлэх зүйлгүй ... гэж мэдүүлжээ.
Дээрх мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтийг үндэслэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дурьдсан нь үндэслэлтэй байна.
Хохирогч шүүх хуралдаанд хохирол нэхэмжлээгүй байхад гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийг хэсэгчлэн хангах, эсхүл хэлэлцэхгүй орхих тухай шийтгэх тогтоолд тусгах шаардлагагүй тул прокурорын эсэргүүцэлд дурьдсан ... анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн ... гэсэн хэсэг нь үндэслэлгүй юм.
Харин прокурорын эсэргүүцэлд дурьдсан ... анхан шатны шүүх хохирогчийн нэхэмжлэлээ иргэний журмаар шийдвэрлүүлэх эрхийг нь хангаагүй орхигдуулсан ... гэсэн хэсгийг нь давж заалдах шатны шүүх хүлээн авч, шийтгэх тогтоолын 6 дахь заалтад хохирогчийн хохирол нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 15 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтын
“Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 4 ширхэг CD хуурцгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай” гэснийг
“Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 4 ширхэг CD хуурцгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч нь өөрт учирсан хохирлоо иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Шүүгдэгч Л.Д, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б нарын давж заалдах гомдлыг бүхэлд нь, прокурорын эсэргүүцлийн ... анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн ... гэсэн хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож, прокурорын эсэргүүцэлд дурьдсан ... хохирогчийн иргэний журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхийг нь орхигдуулсан ... гэсэн хэсгийг хүлээн авсугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ХОСБАЯР
ШҮҮГЧ С.ЦЭЦЭГМАА