Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 100

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Оюунтунгалаг,

Улсын яллагч Д.Ганчимэг,

Шүүгдэгч С.Б /өөрөө өөрийгөө өмгөөлөн оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ямаат овогт Сайнхүүгийн Бд холбогдох 1829001370088 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч С.Б нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын төвд 2018 оны 05 дугаар сарын 25-ны орой 19 цагийн орчим иргэн Т.Мөнхбаяртай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Б мэдүүлэхдээ: “Эхнэрээ өмөөрч, уурандаа өшиглөсөн.”  гэв.

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-н 4-5 дугаар хуудас/,

Гэмт хэрэг гарсан газар цаг хугацааны камерийн бичлэгийг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол, прокурорын зөвшөөрөл /хх-н 6-9 дүгээр хуудас/,

Хохирогч Т.Мөнхбаярын /РД:КЙ92012311/: ”...Намайг Б машинаас чирж буулгаад газар унасан байхад өшиглөсөн. Өөр хүн зодоогүй байх. Миний цээж рүү цохиж, толгой, хамар руу өшиглөөд гар шалбарсан байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 13-16 дугаар хуудас/,

Гэрч Ө.Нандинцэцэгийн: “...өндөр шар залуу гранд марк-2 маркийн машины жолооч талын хаалгыг онгойлгоод гараараа цохиж байгаад 2 гараа машин дээр тавьж байгаад хөлөөрөө өшиглөж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,

Гэрч Т.Пүрэвмаагийн: “Мөнхбаярыг машинд сууж байхад нь надтай муудалцдаг хүүхний нөхөр нь ирээд шууд нүүрлүү нь гараараа 2-3 удаа цохиод машинаас чирж буулгасан.” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,

Гэрч Э.Ганхуягийн: “Мөнхбаярыг машинд сууж байхад нь хар өнгийн Харрер маркийн автомашинтай ирсэн шар туранхай өндөр залуу шууд хаалгыг нь онгойлгоод хэд хэдэн удаа нүүрлүү нь цохиод авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 26-28 дугаар хуудас/,

Гэрч Д.Наранбаярын: “Б Марк-2 машины ард сууж байсан залууг машинаас гаргаж ирж хөлөөрөө дэгээдэж газар унагасан” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 дугаар хуудас/,

Гэрч С.Гантөмөрийн: “Б Мөнхбаярыг машинаас буулгах гээд чангаагаад зогсож байсан. Намайг очиход тэр хоёр хоорондоо барьцалдсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 37 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн №305 дугаартай “Т.Мөнхбаярын биед тархины доргилт, зүүн чамархайн зөөлөн эдийн няцрал, цээжний өмнө-зүүн хэсэг, зүүн тохойны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн гэмт хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэгдсэн байх боломжтой. Уг гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 39 дүгээр хуудас/,

С.Бын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх 48-49 дүгээр хуудас/,

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн Засаг даргын тодорхойлолт /хх-н 50 дугаар хуудас/,

Шүүгдэгч С.Бын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах ял шалгуурын хуудас /хх-н 51 дүгээр хуудас/,

Хохирогч Т.Мөнхбаярын хохирол төлбөр төлөгдсөн тухай баримт /хх-н 75 дугаар хуудас/ болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, хэргийг зүйлчилсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна.

  1. Гэм буруугийн талаар

Шүүгдэгч С.Б нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын төвд 2018 оны 05 дугаар сарын 25-ны орой 19 цагийн орчим иргэн Т.Мөнхбаяртай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд хохирогч Т.Мөнхбаярын биед учирсан хөнгөн гэмтэл нь шүүгдэгч С.Бын хохирогчийг цохисон үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь  Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэмт үйлдэл болох юм. 

Иймд шүүгдэгч С.Быг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцох эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

  1. Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.

Хохирогч Т.Мөнхбаярын биед хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн №305 дугаартай “Т.Мөнхбаярын биед тархины доргилт, зүүн чамархайн зөөлөн эдийн няцрал, цээжний өмнө-зүүн хэсэг, зүүн тохойны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн гэмт хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэгдсэн байх боломжтой. Уг гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 39 дүгээр хуудас/-ээр тогтоогдож байна.

Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардал, төлбөрт 425,000 /дөрвөн зуун хорин таван мянга/ төгрөгийг төлж барагдуулсан, хохирогч Т.Мөнхбаяр нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” тухайгаа илэрхийлсэн, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байх тул түүнийг гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг арилгасан гэж үзлээ.

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан үндэслэл болох анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан, бусдад төлөх төлбөргүй, гэм хорыг арилгасан, хийсэн хэрэгтээ үнэн санаасаа гэмшиж байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан, улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаар  гаргасан 800 /найман зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/-н төгрөгөөр торгох саналын хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бд 600 /зургаан зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох саналын хүрээнд ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд С.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Мөрдөгчийн тогтоолоор эд мөрийн баримтаар хурааж авсан флаш /4GB/ 1 ширхэгийг хэрэгт хавсаргаж үлдээх нь зүйтэй.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ямаат овогт Сайнхүүгийн Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Быг 600 /зургаан зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар С.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч С.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Т.Мөнхбаяр нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Мөрдөгчийн тогтоолоор эд мөрийн баримтаар хурааж авсан флаш /4GB/ 1 ширхэгийг хэрэгт хавсаргаж үлдээсүгэй.

6. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, С.Бын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд С.Бд урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд С.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ӨЛЗИЙ-ОТГОН