Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2019/01654

 

 

 

 

 

2019 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2019/01654

 

 

М.Г-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Мөнхзул, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2019/01851 дүгээр шийдвэртэй

 

Нэхэмжлэгч М.Г-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Б.Б-д холбогдох

 

Гэрээг хүчингүйд тооцож, 57 154 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй

Худалдах худалдан авах гэрээний үүрэгт 48 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч М.Г-

нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Тэгшжаргал

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баттөмөр

хариуцагчийн өмгөөлөгч Б.Цэнгүүн

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч М.Г- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Б.Б-оос 61-59 УБА улсын дугаартай, LZZ5ELND9EA771061 арлын дугаартай, Howo ZZ4257 N3241V загварын 2015 онд үйлдвэрлэсэн, 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Монгол улсад орж ирсэн өөрөө буулгагч, ачааны зориулалт бүхий улаан өнгийн тээврийн хэрэгслийг 100 000 000 төгрөгөөр худалдан авах гэрээ хийсэн. Худалдагч тал уг тээврийн хэрэгслийг худалдахдаа 2015 онд үйлдвэрлэсэн, 2018 онд Монгол Улсад орж ирсэн шинэ машин учир ямар ч асуудал байхгүй гэж тайлбарласан. Ингээд 52 000 000 төгрөг урьдчилгаанд өгч, үлдсэн 48 000 000 төгрөгийг 2018 оны 11 дүгээр сарын 25-ны дотор өгөхөөр тохиролцож, уг машиныг 2018 оны 6 дугаар сарын 16-ны өдөр өөрийн эзэмшилд авсан. Маргааш нь буюу 17-ны өдөр Өмнөговь аймагт байрлах Таван толгойн уурхай руу ажилд явуулсан бөгөөд тус газартаа очиж эхний ачилтаа хийх гэтэл хойд чулакны баруун хойд хэсэг нь хагархай, мөн дээд хэсэгтээ бяцралт цууралттай байсны улмаас маш их хэмжээний тос алдалттай байсныг Б.Б-од үзүүлэхээр уулзах гэтэл зугтаасаар байгаа.

Үүнээс гадна эхний ажлыг хийх гэтэл хоропд эвдрэл гарсан бөгөөд холбогдох сэлбэгийг явуулж засуулсан боловч автомашин үндсэн чиг үүргийн дагуу ажиллах боломжгүй байсан учир автомашиныг Улаанбаатар хотод Сонор трак ХХК-ийн Монгол засварын газар үзлэг, оношилгоо засвар хийлгэхэд уг автомашиныг хуучин автомашин /капитал/, мөн хороп хойд чулак нь Норд бенз загварын машины эд ангийг орлуулан хийж будаж янзлаад зарсан байна гэсэн. Үүнээс гадна бусад эд ангиуд нь ихэнх нь хуучин, ашиглалтын шаардлага хангахгүй болохыг мэдсэн. Б.Б- нь уг тээврийн хэрэгслийг хуучин, хулхи гэдгийг мэдсээр байж намайг хуурч мэхэлж, биет байдлын доголдолтой эд зүйл зарсан.

 

Иймд Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1, 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар Б.Б-той 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан Тээврийн хэрэгсэл зээлээр худалдах, худалдан авах гэрээг хүчингүйд тооцож, гэрээний урьдчилгаанд төлсөн 52 000 000 төгрөг, тээврийн хэрэгслийг засварлахад гарсан зардалд 5 154 000 төгрөг, нийт 57 154 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Б.Б- нь эвдрэлийг мэдсээр байж надад зарж, миний эрх ашгийг хохироосон тул сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баттөмөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч, хариуцагч нар нь 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Тээврийн хэрэгсэл зээлээр худалдах худалдан авах гэрээг байгуулж, Хово маркийн автомашиныг худалдсан. Автомашины ямар нэгэн эд ангийг хариуцагчийн зүгээс засч янзалсан, сольсон зүйл байхгүй. Импортоор оруулж ирсэн тэр байдлаар нь өгсөн. Уг автомашиныг нэхэмжлэгч нь үзэж харж шалгасны үндсэн дээр худалдан авсан бөгөөд ямар нэгэн шаардлага гаргаагүй болно. Иймд гэрээг хүчингүй болгуулж, 57 154 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу Б.Б-ын зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж эрхийн болон биет байдлын доголдолгүй тээврийн хэрэгслийг М.Г-д 2018 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хүлээлгэж өгсөн. М.Г- нь гэрээний урьдчилгаанд 52 000 000 төгрөг өгсөн, харин үлдэгдэл 48 000 000 төгрөгийг төлөх хугацаа нь хэтэрсэн тул нэхэмжлэгч М.Г-гаас 48 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Б-оос 54 330 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.Г-д олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх гэрээг Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэх хэсгийг, мөн 2 824 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар хариуцагчийн нэхэмжлэгчээс 48 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч М.Г-гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 443 720 төгрөгийг, хариуцагч Б.Б-оос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 397 950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 429 600 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 94 950 төгрөгийг гаргуулан хариуцагчид тус тус олгон шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: Шүүхийн хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахад ...Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хуулиар тогтоосон хэлбэрийн шаардлагыг зөрчсөн... тул хүчингүй болгож үр дагаврыг арилгах гэсэн. Шүүхээс нэхэмжлэгчийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт заасныг зөрчиж, нэхэмжлэгчийг гэрээнээс татгалзах шаардлага гаргасан гэж тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлд зааснаар гэрээнээс татгалзах тухай шаардлагыг огт гаргаагүй, түүнчлэн нэхэмжлэгчийн зүгээс гэрээний үүргээ бүрэн биелүүлж, гэрээнд заасан автомашиныг хүлээлгэн өгсөн тул гэрээнээс татгалзах хуульд заасан үндэслэл байхгүй.

Талууд автомашин худалдах худалдан авах гэрээгээр 6159 УБА улсын дугаартай, 2015 онд үйлдвэрлэсэн өөрөө буулгагчийн зориулалттай улаан өнгийн тээврийг хэрэгслийг худалдах худалдан авах гэрээгээр тохиролцсон. Нэхэмжлэгч нь тээврийн хэрэгслийг шалган Өмнөговь аймгийн Нүүрсний уурхайд хөрс хуулалтын ажилд ашиглаж байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог. Иймд гэрээний зүйл нь доголдолтой байсан гэж үзэх үндэслэл. Нэхэмжлэгч нь уг тээврийн хэрэгслээр хөрс хуулалтын ажил хийж гүйцэтгэж байхдаа автомашинд эвдрэл учруулсан гэж үзэж байна.

Шүүхээс биет байдлын доголдолтой гэж дүгнэж үзэхдээ зөвхөн хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт, болон гэрч нарын мэдүүлгийг үндэслэсэн. Гэтэл шинжээчийн дүгнэлтээр уг автомашин нь нэхэмжлэгчийн тайлбарлаж, маргаж байгаа шиг бүхэлдээ угсармал автомашин, 2 өөр төрлийн эд анги угсарсан гэж дүгнэсэн зүйл огт байхгүй бөгөөд уг автомашинд засвар хийсэн байх боломжтой, хурдны хайрцагны хөшүүргийн байрлал, хойд тэнхлэгийг хагас голыг таг хэлбэр загварын хувьд харилцан өөр байгаа талаар дүгнэлт гаргасан. Шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан өөр гэх эд ангиуд нь автомашинд ил байх бөгөөд ямар нэгэн далд байдалтай биш, гэрч нарын тайлбарлаж байгаа шиг өөр автомашины эд анги угсарсан гэх баримт байхгүй болно. Гэрч нарын мэдүүлэг үйл баримтаас зөрүүтэй бөгөөд тухайн тээврийн хэрэгслийн доголдолтой эсэхийг зөвхөн мэдүүлэгт үндэслэх боломжгүй юм.

Сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо гэрээнээс татгалзсан тул гэрээний үүрэг нэхэмжлэх эрхгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Иргэний хуульд заасан гэрээнээс татгалзах үндэслэл байхгүй, төлбөрийн үлдэгдлээ төлөөгүй байгаа тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Иймд дээрх үндэслэлийн дагуу анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

Нэхэмжлэгч М.Г- нь хариуцагч Б.Б-од холбогдуулан худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, гэрээгээр шилжүүлсэн үнэ болон учирсан хохиролд нийт 57 154 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, гэрээний үүрэгт 48 000 000 төгрөг шаардан сөргөөр нэхэмжилжээ.

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... худалдах-худалдан авах гэрээгээр шилжүүлэн авсан машинд өөр машины эд ангийг орлуулан будаж зарсан, эд ангиудын ихэнх нь хуучин, ашиглалтын шаардлага хангахгүй байхад хуурч мэхэлж, биет байдлын доголдолтой машин зарсан .. гэж тайлбарласан байна.

Зохигчид гэрээнээс татгалзах тохиолдол бий болсон эсэх талаар маргажээ.

Шүүх талуудын маргааныг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийг эд хөрөнгийн доголдолтой холбоотойгоор гэрээнээс татгалзсан гэж үзэн, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан гэрээгээр шилжүүлсэн 52 000 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэхдээ шинжээчийн дүгнэлтийг үндэслэлээ болгосон байна. Шинжээч ... шинжилгээнд ирүүлсэн Хово маркийн ... автомашинд засвар хийсэн байх боломжтой, тухайн тээврийн хэрэгсэл бүхэлдээ угсармал эсэхийг тодорхойлох боломжгүй, шинжилгээнд ирүүлсэн Хово маркийн автомашин болон харьцуулах загвараар ирүүлсэн Хово маркийн автомашины хурдны хайрцагны хөшүүргийн байрлал, хойд тэнхлэгийн голын таг хэлбэр загварын хувьд харилцан өөр өөр байна гэж дүгнэжээ. Энэ нь маргааны зүйл болж буй автомашиныг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болсон гэдгийг тодорхойлоогүйн гадна мөн шинжээчийн дүгнэлтэд дурдсан доголдлыг арилгах боломжтой эсэх нь тодорхойгүй байна. Иймээс уг зөрчлийг гэрээнээс татгалзах ялимгүй зөрчилд тооцогдох эсэхийг тогтоох боломжгүй юм.

Нөгөөтэйгүүр шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулж худалдан авсан эд хөрөнгийн доголдолтой холбоотойгоор гэрээнээс татгалзаж, учирсан хохирол шаардаж байна уу эсвэл талуудын байгуулсан гэрээг шүүхийн журмаар хүчин төгөлдөр буст тооцуулан, үр дагаврыг арилгуулахаар шаардаж байна уу гэдгийг тодруулалгүйгээр шийдвэрлэсний улмаас Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Давж заалдах шатны шүүхээс дээрх алдааг залруулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу хэрэгт цугларсан баримтыг үнэлж, маргааны үйл баримтыг тогтоон хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг баримтлан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2019/01851 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 827 550 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

Ч.ЦЭНД