Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 2025/ДШМ/163

 

 

 

 

 

 

 

  2025             01              30                                          2025/ДШМ/163

 

 

Ч.Г-, Б.З- нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, шүүгч Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Булганчимэг,

хохирогч Г.С-, түүний өмгөөлөгч Б.Мэргэн,

шүүгдэгч Ч.Г-, түүний өмгөөлөгч Д.Баттулга, С.Эрдэнэсувд,     

нарийн бичгийн дарга О.Алтанзул нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 2024/ШЦТ/898 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ч.Г-ийн өмгөөлөгч Д.Баттулгын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ч.Г-, Б.З- нарт холбогдох эрүүгийн 2309001021023 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Ганбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б овгийн Б-ийн З-, 1996 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, санхүүч мэргэжилтэй, “-” ХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /PД: .../,

Х овгийн Ч-ны Ч.Г-, 1973 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 51 настай, эрэгтэй, дээд боловсролтой, банкир мэргэжилтэй, “-” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /PД: .../,

 

Б.З- нь согтуурсан үедээ 2022 оны 12 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнийн 02:00 цагийн үед Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” шөнийн цэнгээний газраар үйлчлүүлэх үедээ Г.Жаргалсайхантай маргалдаж, улмаар тухайн маргааныг болиулахыг оролдсон Г.С-гийн ам руу гартаа барьж байсан “Хужирт” усны шилээр нэг удаа цохиж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

Ч.Г- нь согтуурсан үедээ 2022 оны 12 дугаар сарын 03-аас 04-нд шилжих шөнийн 02:00 цагийн үед Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “-” шөнийн цэнгээний газраар үйлчлүүлэх үедээ хамт явсан Б.З-г бусдад зодуулж байна хэмээн ойлгож, болиулах зорилгоор Д.Д-той маргалдаж, улмаар түүнтэй ноцолдох үед салгахаар оролдсон Г.С-гийн нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Б.З-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Ч.Г-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...шүүгдэгч Б.З-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Ч.Г-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.З-г 4000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4.000.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.Г-ийг 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.350.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.З-д оногдуулсан 4.000.000 төгрөгөөр торгох ял, Ч.Г-т оногдуулсан 1.350.000 төгрөгөөр торгох ялыг тус тус 3 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, хохирогч Г.С- нь шүүхийн хэлэлцэхгүй орхисон хохирол, хор уршгийн зардал болон цаашид гарах эмчилгээний зардлаа хуульд заасан нотлох баримтын шаардлага хангасан байдлаар бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Б.З-гоос жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, шүүгдэгч иргэний нэхэмжлэгч Ч.Г-ийн нэхэмжилсэн гэм хорын зардлыг хэлэлцэхгүй орхиж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг “CD”-г хэрэг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж, хохирогчоос гарган өгсөн эмчилгээнд холбогдох 3 ширхэг “CD”-г хохирогч Г.С-д буцаан олгож, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Ч.Г- нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдаж, Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 03 дугаартай “Иргэний хариуцагчаар тогтоох тухай” тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.З-, Ч.Г- нар нь шүүхээс тус бүр оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг тайлбарлаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ч.Г-ийн өмгөөлөгч Д.Баттулга давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэгдүгээрт. “Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байгаа тухайд: Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох нь хэсэгт “...Дээрх үйл баримтаас үзэхэд шүүгдэгч Ч.Г- нь Д.Д-той араас нь ноцолдож, зууралдсан ба хамгаалагч хойш нь түлхэж, хохирогч Г.С- хойш нь татахад тэрээр эргэж харсан, улмаар баруун гараараа хохирогчийн зүүн нүдэнд хохирогчийн өөдөөс харсан байрлалд буй тохиолдолд зүүн нүдэнд цохих боломжтой гэж үзэх үндэслэлтэй ба шинжээчийн дүгнэлтээр Ч.Г-ийн баруун сарвуунд цохих, цохигдох үйлчлэлийн нөлөөгөөр гэмтэл үүссэн/ цохисон үйлдлийг шүүгдэгч тухайн цаг хугацаанд өөрийн үйлдэлдээ ухамсартай хандсан, тухайн атгасан гарын цохилтоор хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учрахыг, эсхүл учирч болохыг мэдэх боломжтой байхад тийнхүү үйлдсэнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр буюу оюун санааны элементийн хувьд хүсэж үйлдсэн гэж үзэхээр байна.” гэж нотлох баримтаар нотлогдож тогтоогдоогүй, болоогүй үйл баримтыг болсон гэж дүгнэлт хийжээ.

Анхан шатны шүүх нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай бүрэн гүйцэт, бодит байдлаар шалгаж үнэлэх хуулийн шаардлагыг зөрчиж гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэм буруу, сэдэл санаа зорилгын хандлага, шалтгаан, маргааны эхлэл, өрнөл, дэс дараалал, маргаан зодоонд оролцсон хүмүүсийн үйлдлийн шинж чанарыг нарийвчлан тогтоож чадаагүй, хэрэгт цугларсан бүхий л нотлох баримтад бус хохирогчийн мэдүүлэг, хохирогч талын мөрдөн шалгах ажиллагааны явцад олон нийтэд удаа дараа хэргийн талаар мэдээлэл гаргаж нийгэмд ялласан байдал зэрэгт тулгуурлан үйл баримтыг өрөөсгөл байдлаар тогтоож дүгнэсний улмаас Ч.Г-т гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн нь Эрүүгийн хуулийг хэрэглэхэд нөлөөлсөн гэж үзэж байна.

Тодруулбал, Ч.Г- нь 2022 оны 12 сарын 03-04-нд шилжих шөнийн 01 цагийн орчимд хүү Ч.Хасбазар, хүргэн дүү Б.З-, дүү охин Г.Дүзиймаа болон хүүгийн найзуудын хамт Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “-” нэртэй бааранд орсон. Бааранд ороод нэг шил шампанск захиалах хооронд Б.З-, Г.Дүзиймаа нар байхгүй байсан тул тэд нарыг хүлээгээд ирэхгүй байсан учир бие засах өpөө рүү очиход эсрэг талд нь Б.З- шахуулж цохиулаад зогсож байсан тул тухайн залууг салгаад буйдан руу цуг унасан. Үүний дараа Ч.Г- руу 10-д хүмүүс бүлэглэн дайрч өмсөж явсан цамц, гадуур өмсөж явсан хар хөх өнгийн пиджак зэргийг урж нүүр ам болон цээж чих толгой нүүр хэсэг рүү бүлэглэн цохисон. Улмаар хамгаалагч нар салгасан гэдэг. Камерын бичлэгт хохирогч Г.С-тэй явсан залуучууд хоорондоо зодолдож байгаа байдал бичигдэж үлдсэн байхаас гадна хохирогч нь шүүгдэгч Б.З-д цохиулсны дараа амнаас нь цус гарч улмаар нөхрөө дуудсан гэдэг боловч тухайн цаг үед ямар нэгэн цус гарсан зүйл байдаггүй зүгээр явж байгаа байдал камерын бичлэгээр харагддаг.
 Өөрөөр хэлбэл камерын бичлэгээр Ч.Г-ийг эргэж харж хохирогчийг цохисон гэх үйл баримт бусад гэрч нарын мэдүүлгээр тогтоогддоггүй зөвхөн хохирогчийн мэдүүлэгт хөтлөгдөж анхан шатны шүүх “хохирогчийн өөдөөс харсан байрлалд буй тохиолдолд зүүн нүдэнд цохих боломжтой гэж үзэх үндэслэлтэй” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Нөгөө талаар хавтаст хэрэгт авагдсан Шинжээчийн 2022.12.08-ны өдрийн 16443 тоот дүгнэлтээр: “Ч.Г-ийн биед зүүн чамархайн хуйх, баруун сарвууны 1-р хуруунд зөөлөн эдийн няцрал, цус хуралт дагзны хуйх, хүзүү, баруун хацар, цээж, зүүн чихний дэлбэн, хэвлий баруун сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл хөнгөн зэргийн гэмтэлд хамаарагдана гэж дүгнэгдсэн байдаг. Гэтэл анхан шатны шүүхээс Ч.Г-т учирсан гэмтэлд дүгнэлт өгөөгүй нь учир дутагдалтай болсон.

Хоёрдугаарт. Шүүхийн дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзээгүй орхигдуулсан тухайд:

шийтгэх тогтоолын тодорхойлох нь хэсэгт “...нөгөөтээгүүр, хохирогч өөрт нь халдсан гэм буруутай этгээдийг шууд заасан, болж буй үйл явдлыг бүрэн ухамсарлаж байсан гэж үзэхээр байх ба Д.Д-, Г.А нарын Ч.Г-ийн үйлдэл оролцоог тодорхойлсон мэдүүлэг харилцан зөрүүгүй, хохирогчийг цохисон үйлдэл камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээр бэхжигдэж, Ч.Г-, Г.С- нарын хэн алинд учирсан гэмтлийн шинж байдал харилцан уялдаатай байгаа /Ч.Г-ийн баруун сарвуунд учирсан гэмтэл нэмж өөр бусад үйлчлэлээр давхар үүссэн байж болох/ цаашлаад хохирогчийн зүүн нүд хэсэгт өөр бусад этгээд цохисон байж болох нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүй.” гэж хэт өрөөсгөл дүгнэлт хийжээ.

Хоёрдугаар хавтаст хэргийн 54 дүгээр талд авагдсан Нийслэлийн прокурорын газрын 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 255 тоот тогтоолоор “2022.12.03-04-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “-” шөнийн цэнгээний газарт болсон маргаан зодооны явцад Ч.Г-ийн биед шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан хөнгөн гэмтэл нь хэрхэн яаж учирсан болохыг тухайн зодоон маргааны үед байсан маргааныг салгасан хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байж болзошгүй тус баарны хамгаалагч нараас гэрчийн мэдүүлэг авах шаардлагатай байна” гэсэн ажиллагааг мөрдөн шалгах ажиллагааг бүрэн гүйцэт хийж гүйцэтгээгүй. Тухайн ажиллагааг бүрэн гүйцэт хийж гүйцэтгэсэн тохиолдолд хэргийг шийдвэрлэхэд нөлөөлөхөөр байхад анхан шатны шүүх анхаарч үзээгүй. Хавтаст хэрэгт авагдсан гэрч Зориг, Дүзиймаа нарын мэдүүлгээр тухайн цаг хугацаанд уг шөнийн цэнгээний газар нь харанхуй байсан. Тухайн хэрүүл маргаан хийсэн хүмүүс архи согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэсэн байдалтай биеэ удирдах чадваргүй байсаар байхад ганцхан хохирогчийн мэдүүлгийг харилцан зөрүүгүй гэж дүгнэсэн нь өрөөсгөл байна. Өөрөөр хэлбэл гэрч Г.А-ын мэдүүлэгт Ч.Г- хохирогч Г.С-г цохисон талаар мэдүүлдэггүй.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл буюу 1 дүгээр хавтаст хэргийн 133 дугаар талд авагдсан тэмдэглэлээр “Бараан өнгийн хослол дотуураа цагаан өнгийн цамцтай эрэгтэй Ч.Г- маргаан зодоонд оролцож байх ба хамгаалагч хойш нь түлхэх үед баруун гараараа цохиж байх хамгаалагч хойш нь түлхэх үед баруун гараараа цохиж байх ба хүмүүсийн дунд зогсож байсан хохирогч С-г онож хохирогч Г.С- нь нүүрээ дараад доошоо сууж байв” гэжээ.

Дээрхээс дүгнэвэл Ч.Г- Г.С-г цохино гэсэн субьектив шууд санаа зорилго агуулаагүй, зөвхөн Д.Д-, Б.З- 2-г салгах оролдлогод Г.С- оногдсон болох нь бичлэгт тэмдэглэгдсэн байна. Хохирогч Г.С- зодуулчихлаа гээд нөхөр болох Д.Д-т хэлсэн, Д.Д- ирээд Б.З-той маргалдсан талаарх мэдүүлэг, Ч.Г-ийн Б.З-г зодуулж байсан тул салгах гээд буйдан руу унасан гэх мэдүүлэг, Д.Д-ын мөн буйдан руу унасан гэх мэдүүлэг зэргээр Ч.Г- нь хохирогчтой маргалдсан үйл баримт тогтоогдохгүй. Тодруулбал, Ч.Г-ийн бусдын маргааныг салгах санаа зорилго нь хохирогч Г.С-гийн биед учирсан хор уршгийн хооронд шууд шалтгаант холбоо тогтоогдоогүй байна.


 Түүнчлэн анхан шатны шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэхэд камерын бичлэгийг үзэхэд Ч.Г- хохирогч Г.С-г цохиж байгаа үйл баримт харагддаггүй, Ч. Ч.Г- мөн эсэх нь эргэлзээтэй байдаг. Камерын бичлэгээр Ч.Г- хохирогчийг цохиж байна гэсэн үйл баримт нотлогддоггүй. Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийг танилцуулахдаа камерын бичлэгээр тогтоогдохгүй байна” гэж танилцуулсан боловч бичгээр гарсан тогтоолд “хохирогчийг цохисон үйлдэл камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээр бэхжигдэж” гэж харилцан зөрүүтэй дүгнэлт хийсэн байна.

Гуравдугаарт. Анхан шатны шүүхийн дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглээгүй тухайд шийтгэх тогтоолын тодорхойлох нь хэсэгт “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид гэм буруугийн холимог хэлбэрээр үйлдсэн гэмт хэргийн шинж, оногдуулах ялын төрөл, хэмжээг тусгайлан заана” гэж заасан ба үүнийг хууль зүйн хувьд тухайн зүйлд “уг гэмт хэргийн улмаас үүссэн хохирол, хор уршгийн тухайд” гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх нөхцөл байдлын гол шинж болгож хуульчлахыг ойлгох тул Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт хамааралгүй байна” гэжээ. Гэтэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “эрүүгийн хуулийн тусгай ангид заагаагүй үйлдэл, эс үйлдэхүй, хохирол, хор уршиг, гэм буруугийн шинжийг төсөөтэй хэрэглэж гэмт хэрэгт тооцохгүй” гэж заасан. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Санаатай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас болгоомжгүйгээр хохирол, хор уршигт хүргэснийг гэм буруугийн холимог хэлбэр гэнэ” гэж зааснаар мөн зүйлийн 2 дахь хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангид гэм буруугийн холимог хэлбэрээр үйлдсэн гэмт хэргийн шинж, оногдуулах ялын төрөл, хэмжээг тусгайлан заахаар тусгасан байна.

Дээрхээс дүгнэвэл Ч.Г-ийн тухайд шууд санаатай чиглэсэн үйлдлээр хохирогч Г.С-д гэмт халдлага учруулсан гэж үзэхээргүй, нөгөө талаар Эрүүгийн хуульд гэм буруугийн холимог хэлбэрээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсныг гэмт хэрэгт тооцоогүй байх тул анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй байна.

Дөрөвдүгээрт. Шийтгэх тогтоолын тодорхойлох нь хэсэгт “...Иймд нэгэнт Ч.Г-ийн өмсөж явсан эд зүйлд хариуцвал зохих этгээдийг тодорхойлсон үйл баримт хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байх тул Д.Д-ыг иргэний хариуцагчаар татсан тогтоолыг хүчингүй болгож, Ч.Г-ийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэв” гэжээ.
 Гэтэл 1 дүгээр хавтаст хэргийн 26-28 талд авагдсан хохирогч Г.С-гийн “… нөхөр Д- гүйгээд тэр залуу руу явсан. Тэгээд араас нь очтол манай нөхөр буйдан даваад унасан байсан ба ..., хартал Ч.Г- гэх хүн байсан.” гэх мэдүүлэг, мөн хавтаст хэргийн 55-56 дугаар талд авагдсан гэрч Г.А-ын Ч.Г- гэх хүнийг хэн цохиж зодсон бэ? Ч.Г- гэх хүнийг хохирогч эмэгтэйн хамт явж байсан бараан өнгийн хувцастай надаас жаахан өндөр 175-180 см өндөр залуу байсан” гэх мэдүүлэг зэрэг иргэний хариуцагч Д.Д- Ч.Г-тай зууралдсан ба түүний өмсөж явсан хувцсыг урж хохирол учруулсан болох нь тогтоогддог. Иймээс анхан шатны шүүх иргэний хариуцагчаар Д.Д-ыг татсан тогтоолыг хүчингүй болгосон нь үндэслэлгүй байна.

Иймд шийтгэх тогтоолын Ч.Г-т холбогдох хэсгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2 дахь заалтад зааснаар хүчингүй болгож хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Эрдэнэсувд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч Д.Баттулгын гаргасан гомдлыг дэмжиж дараах 5 үндэслэлээр нэмэлт тайлбар гаргаж байна. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 39.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзэх үүднээс тухайн хэрэгт цугларсан нотлох баримтын зөрүүтэй, ажиллагаа бүрэн хийгээгүй эдгээр нөхцөл байдлууд нь хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдлыг шүүх бүрэлдэхүүн анхааран үзээсэй гэж хүсэж байна. Миний үйлчлүүлэгч Ч.Г-ийн хувийн байдлын хувьд ямар нэгэн байдлаар гэмт хэрэгт холбогдож, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй. Монгол улсын санхүү, эдийн засгийн салбарт олон жил ажилласан. Өдгөө Ард Санхүүгийн нэгдэл гэх 40 гаруй компани хийгээд 2000 гаруй албан хаагч, ажилчинтай энэ том групп компанийг үүсгэн байгуулсан. Дотооддоо хийгээд гадааддаа эдийн засгийн салбарт төлөөлж ажилладаг хүн.  Мөрдөгч, прокурор, шүүх жилд хэдэн зуугаар эрүүл мэндийн эсрэг гэмт хэргийг шийдвэрлэдэг. Магадгүй шүүх хөнгөн гэмт хэрэгт торгох ял оногдуулж байгааг багахан ял оногдуулсан гэж харж байж болно. Гэтэл энэ хүний хувийн байдлын хувьд, тэр олон групп, компаниудыг удирдан манлайлж байгаа, бизнесийн харилцагчдынхаа итгэлийг алдах, дотооддоо хийгээд гадаадын харилцагчдын олон улсын ажлын хэсэгт зөвлөлийн гишүүнээр ажиллахад эрх зүйн байдлын хувьд ял, шийтгэлтэй гэх түүхтэй болж байгаа юм. Үүнийг миний үйлчлүүлэгч яагаад ч хүлээн зөвшөөрөхгүй, шударга хууль ёсыг сахидаг хүний хувьд анхнаасаа Г.С- гэх хүнийг цохиогүй, гэмт хэрэг үйлдээгүй гэдэг дээр илэрхий, тодорхой байр сууриа илэрхийлсээр ирсэн. Одоог хүртэл энэ байр сууриндаа баттай байгаа. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харвал хохирогчийн хийгээд гэрчийн мэдүүлгийн зөрүүтэй байдал, нотлох баримт дутуу авагдсан хууль бусаар нотлох баримтыг цуглуулсан, шууд нотлох баримтаар үнэлэхэд эргэлзээтэй камерын бичлэг нь тодорхой бус гэх нөхцөл байдал байдаг. Эдгээрийг тус бүрд нь дурдвал нэгдүгээрт, хохирогчийн мэдүүлгийн зөрүүтэй байдал... эхний тэмдэглэлд хэн нэгэн субьектив санаа зорилго ярихгүйгээр шууд болсон явдлаа ярьдаг. ...Дараа нь нэгдүгээр хавтасны 16-18 дугаар талд таньж олуулах ажиллагаа дээр хохирогч Г.С- “...тухайн хүмүүс миний өөдөөс харж байсан учраас маш сайн царайг нь таньж байна...” гээд шүүгдэгч Ч.Г-, Б.З- нарыг шууд заадаг. Хэрэг учрал болсноос бүхэл бүтэн таван сарын дараа мөрдөгч солигдож, н.Т мөрдөгчийн хийж байгаа ажиллагаа дээр шууд таньж олуулах ажиллагааны тэмдэглэл үйлддэг. ...анх босоод ирэхээр цохисон хүн, дараа нь эсрэгээрээ эргэж харж цохисон гэх зөрүүтэй мэдүүлэг өгдөг. Гэрч Д.Д-ын мэдүүлэгт “...энд тэндээс маш олон цохисон, миний харсан нэг хүн бол “Ч.Г-” гэж хэлдэг. Олон хүн цохисноос, зүс танихаар Ч.Г-ийг хэлээд байна. Эдгээр нөхцөл байдалд анхан шатын шүүхийн шийдвэр үндэслээд байгаа. Гэрч н.А, н.Ж, Г.С- нарын мэдүүлэгт хохирогч Г.С-г Ч.Г- шууд цохисон гэх үг, үсэг өгүүлбэр байхгүй. “...намайг цохисон...” гэж хэлж байгаа хүн бол хохирогч юм. Гэтэл хохирогчийн шууд аман мэдүүлэгт үндэслэн Ч.Г-ийг шууд яллаж болох юм уу, эрүүгийн хэрэг шийдвэрлэх ажиллагааны зарчмаар аман мэдүүлэг өөрөө шууд нотлох баримт болж чадахгүй, бусад нотлох баримтаар дэмжин нотлогдож байж тухайн нөхцөл байдал тогтоогдоно гэж заасан. Анх гэмт хэргийн гомдол, мэдээлэлд  “..үл таних 2 залуу..” гэж мэдүүлчхээд, хэргийн явцад /хугацаа сунгах, прокурорын тогтоол/-д бусдад, дараа нь Ч.Г-, Б.З- нар болдог. Хохирогч Г.С- хоёр залууд зодуулсан гэдгээ мэдэж байсан. Гэтэл яагаад өөрөөс нь 21 насаар ах, аав шигээ хүнийг хожим мэдүүлэхдээ холбогдогч болгоод мэдүүлэх болов, энэ нь зөрүүтэй байдал үүсч байна. Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т Монгол Улсын иргэн 15-34 насны залуучуудын хөгжил, оролцоог дэмжихэд үйлчилнэ гэж заасан. Гэтэл манай үйлчлүүлэгчийн хувьд 52 настай. Нөгөө талаас баарнаас хөөгдсөндөө олны танил зүс таних хүнээ онилоод явчихсан нөхцөл байдал байна уу гэж хардаж байна.

Камерын бичлэгт хэн хэн байгаа, хэн хэнийг цохиж байгаа гэдэг нь харагддаггүй. Энэхүү тодорхойгүй бүдэг бичлэгийг нотлох баримтаар үнэлэх гэж байгаа тохиолдолд Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн техникийн шинжээч нараар тухайн бичлэгийн өнгө дүрсийг тодруулан томруулж, удаашруулах байдлаар нарийн шинжилгээ хийсний үндсэн дээр хэн цохих үйлдэл хийгээд, хэн оногдож байна гэдгийг бодитой байдлаар тодорхой болгохгүй бол нүдэн баримжаагаар зөвхөн хохирогч болон түүний өмгөөлөгчийг байлцуулан 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хийсэн тэмдэглэлээр нотлох баримтыг үнэлж болохгүй. 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн камерын бичлэгт хийсэн үзлэгийн тэмдэглэл нь нотлох баримтыг цуглуулах болон бэхжүүлэхдээ хууль зөрчсөн, нотолгооны чадвараа алдах баримт байгаа юм. н.Оргил гэх байцаагчийн үед үзлэгийг хийж, хэнээс, хэзээ, хэрхэн хуулбарлан хүргүүлсэн, хураан авсан нөхцөл байдал нь тодорхойгүй байдаг. Гэнэт л хэрэгт авагдчихсан. Сар орчмын дараа үзлэгийн тэмдэглэл хийдэг. Эд мөрийн баримтаар тооцохдоо 4 сарын дараа буюу 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр н.Тэмүүжин мөрдөгч болох үед эд мөрийн баримтаар тооцдог. Эд мөрийн баримтаар тооцоогүй байхдаа бичлэгт тэмдэглэл хийсэн нь нотлох баримт болж чадахгүй. Гэтэл яллагдагчийн тогтоол дээр уг нотлох баримтыг үнэлээд яваад байгаа нь алдаатай, зөрүүтэй нөхцөл байдал болоод байна.

Гуравдугаарт, Анхны шинжээчийн дүгнэлтээр нөхцөл байдал тодорхой гарсан ч дүгнэлт хэсэгт манай шинжээч нарын автоматаар бөглөдөг нэг загвар байна. Үүнд шүдний хэсэг нь хөнгөн гэмтэлд хамаарна. Харин гэмтлийн зэрэг тогтоохгүй нь нүдний зовхи дээд хэсэг болон зүүн нүдний доод хэсэгт цус хуралт байна гэж дүгнэдэг. 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 201 дугаартай нэмэлт шинжилгээ дээр нүдтэй холбоотой ямар ч нэмэлт шинжилгээ байхгүй, зөвхөн шүдний хэсэг дээр нарийн мэргэжлийн шүдний эмчээр үзүүлсэн нэмэлт баримтуудаа өгөхөөр, шүдний хөнгөн гэмтэл нь хүндэвтэр гэмтэл болж шүүгдэгч Б.З-д холбогдох хэргийн зүйлчлэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэрэг болж байгаа юм. Нүдний гэмтэл нь хохирлын хөнгөн зэрэгт хамаарах эсэхэд эргэлзээтэй. Шүүх бүрэлдэхүүнд зургийг харуулъя. /зургийг харуулав/ Нэг сантиметр хүрэхгүй зүүн нүдний зовхины дээд талд зулгарал гэмтэл үүссэн байгаа. Энэ зулгаралт нь бие даасан гэмтлийн зэрэгт хамаарах юм уу… шүүгдэгч Ч.Г- дээр гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдсон. Энэ хүний нүүр, хацар, чих хүзүү, цээж хэсэг дээр нь хорин сантиметрийн урттай, 20:4,5 хэмжээтэй зулгарал урагдал байна. Дээр нь баруун гарын үе, эдгээр гэмтлүүд нийлээд хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. Гэтэл яагаад 20:4,5 хэмжээтэй том цээжин хэсгийн гэмтэл нь хүчингүй болчхоод, зүүн нүдний нэг сантиметр ч хүрэхгүй  зулгаралт гэмтлийн хөнгөн зэрэгт хамаараад байгаа юм бэ гэх асуудал үүсээд байгаа юм.

Үүний дараа шинжээчийн дүгнэлт нь өөрсдийн ажилтныхаа хийсэн ажлыг хамгаалаад, нарийвчилсан дүгнэлт хийхгүй, “...өмнөх дүгнэлт үндэслэлтэй байна...” гэх дүгнэлтийг гаргаад байгаа юм. Хууль зүйн сайд хийгээд Эрүүл мэндийн сайдын хамтран баталсан гэмтлийн зэрэг тогтоох журмыг илтэд зөрчиж, дүгнэлт гаргасан нь эргэлзээтэй байна. Энэ дүгнэлтийг гаргаж байхад хуучин 2014 оны гэмтлийн зэрэг тогтоох журам үйлчилж байсан. Тухайн журмын 2.6-д тухайн бүтэн биеийн 0,1 хувиас илүүгүй зулгарал, цус хуралт үүсээгүй, зөөлөн эдийн няцралыг гэмтлийн зэрэгт тогтоохгүй гээд заасан. Тухайн журамд бүтэн биеийн гадаргуун нэг хувь гэж шинжлүүлэгчийн гарын алгатай адил хэмжээг хэлнэ гэж заасан. Гэтэл нэг сантиметр хүрэхгүй хэмжээ яаж яваад хөнгөн гэмтэлд хамаарч байгаа юм бэ дээрх журмыг илт зөрчсөн, шүүгдэгч Ч.Г-тай холбоотой нүдний хэсэгт гэмтлийн зэргийг буруугаар тогтоосон.

 Дөрөвдүгээрт, Хэрэгт Нийслэлийн дээд шатнаас прокурорын даалгавар яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг 2-3 удаа хүчингүй болгож, нэмэлт мөрдөн байцаалт хий хэмээн даалгахдаа Ч.Г-ийн хохирогч Г.С-г цохисон үйлдэл тогтоогдохгүй байна.  2, 4, 2023 оны 11 дүгээр сар хүртэл тогтоолууд гараад байдаг. Гэтэл түүнээс өмнөх 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн бичлэгийн тэмдэглэлээрээ яллах тогтоолыг үйлдээд, мөрдөгч саналаа гаргаад, анхан шатны шүүх яллаад байна. Прокурорын даалгавар дээр ажил хэргийн байдлаар хандаж байгаа хамгаалагч нарыг асуу гэж байгаа юм. Нотлох баримт шинжлэн судлахад текний ард 3 хүн кино үзэж байгаа юм шиг анхааралтай хараад зогсож байгаа. Яагаад эдгээр хүмүүсийг асуугаагүй юм бэ, сэтгэл хөдлөлд автаагүй, бужигнаан зодоонд оролцоогүй ач холбогдолтой хүмүүсийг асуугаагүй байна. Прокурорын даалгаврыг ёс төдий биелүүлсэн болоод мөрдөгч ямар ажил хийсэн бэ гэхээр 02 дугаар хавтасны 63, 65 дугаар талд авагдсан баримтууд дээр хэрэг учрал болсон өдөр байгаагүй, зодооныг хараагүй, хэрэг явдал болсноос хойш ажилд орсон хамгаалагч нарыг асуугаад прокурорын даалгаврыг биелүүлсэн мэт харуулсан.

 Тавдугаарт, гурван хавтас хэргийг бүхэлд нь үзээд, нотлох баримтуудыг тулгаад, зөрүүтэй алдаатай тал бүгдийг нь харахаар эцсийн дүнд н.Оргил гэх байцаагч гэмтлийн зэргээр зөвхөн Б.З-д холбогдох хэрэг үүсээд явж байсан юм билээ. Гэтэл прокурор нь хэрэгсэхгүй болгож, Ч.Г- гэх хүнийг яагаад шалгаагүй юм гэх асуудлыг дэвшүүлсэн.

Ч.Г- хохирогчоор “... 2,000,000 төгрөгийн үнэ бүхий хувцас урагдсан, нүд нүүр ам цээж уруул гэдэс улаан эрээн цус болсон, энэ хүмүүс төрсөн өдрөө тэмдэглээд залуу хүмүүс /миний хүүхэд шиг хүмүүс/ байсан юм байна гээд гомдол санал гаргахгүй/ гэж мэдүүлдэг. Гэтэл 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Ч.Г-ийг яллагдагчаар татсан. Энэ нөхцөл байдалд Э.З-д холбогдох хэрэг байсныг олны танил, хүмүүс мэддэг байлаа гээд хэрэгт татан оруулж ирээд, хууль шүүхийн өмнө тэгш бусаар хандаж болох юм уу, хяналт тавьж байсан хяналтын прокурор 01 дүгээр хавтасны 152 дугаар талд 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах санал ирүүлсэн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаахдаа Ч.Г-ийн гэмт хэрэг үйлдсэн нь камерын бичлэг болон бүх ажиллагаанаас тогтоогдохгүй байна гэдгийг өөрөө дүгнэдэг.

Ч.Г-ийн эрүүл мэндэд хэн хохирол учруулсан болохыг тогтоогоогүй байна гээд прокурор даалгавар өгсөн. Мөн л энэ даалгавар биелэгдээгүй. Эдгээр нөхцөл байдлуудыг бүхэлд нь харгалзан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү…” гэв.

Шүүгдэгч Ч.Г- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тайлбар хэлэх боломж олгосонд баярлалаа. Хавтаст хэрэгт авагдсан камерын бичлэгт хамгаалагч нар, Монгол HD телевизийн захирал харагдана. Эдгээрээс ганц ч удаа дуудаж мэдүүлэг аваагүй. Хоёрдугаарт “...хэн бэ, чи...” гэж хэлээд намайг татаж, босгож ирээд цохисон гээд байна. Ямар ч ярих боломж байгаагүй.  Би согтуу, олуулаа нэлээн удаан хугацаанд зодоон хийсэн залуучуудыг салгаж яваад ийм байдалд орсон. Бичлэгт зөвхөн нэг өнцгийг нь харуулж байгаа. Үүнээс нэг цагийн өмнө баар нь дотор эдгээр нөхдүүд түвээж явсан юм билээ. Би тэрийг нь мэдээгүй дундуур нь ороод явсан. Эдгээр байдлыг шүүх харгалзан үзээд, энэ асуудлыг нэг мөр зөв шийдэхгүй бол шударга ёсонд нийцэхгүй байна…” гэв.

Хохирогч Г.С- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Ч.Г- арваад залууд зодуулаад, салгаж байсан үйл явц гэж ярьдаг. Камерын бичлэгт огт салгах үйлдэл хийгээгүй нь илт тодорхой харагдана. Өөр рүү нь дайрсан гэх арван хүн байхгүй. Камерын бичлэгт зодооны үйл явц бүхэлдээ бичигдсэн. Энэ хүн рүү манай хүмүүсээс дайрсан хүн нэг ч байхгүй. Миний хувьд энэ гомдлыг хүлээж аваад, уншаад огт ойлгоогүй. Цохих нь цохисон, санамсаргүй цохисон гээд байгаа юм уу эсвэл огт цохих үйлдэл хийгээгүй гээд байгаа юм уу ойлгоогүй. Хоёрдугаарт ямар ч нотлох баримтгүй гээд байх юм. Энэ үйл явдал камертай газар болсон. Анхан шатны шүүх хуралдааны үеэр сиди-г шинжлэн судалсан. Тухайн үед шүүгдэгч Ч.Г- нь “...би бүгдийг нь санаж байна..” гээд үзээгүй. Өмгөөлөгч Д.Баттулга нь надтай хамт үзээд, надаас “...камерын бичлэгт, чамайг цагаан сорочкатай эрэгтэй хүн цохиж байгаа нь харагдаж байна, чи тэр цагаан сорочкатай хүнийг Ч.Г- гэж яаж нотлох юм бэ...” гэж надаас асууж байсан атал яагаад нотлох баримтгүй гэж яриад байгааг сайн ойлгохгүй байна. Мөн гэрчийн мэдүүлгээр надтай хамт явж байсан 170-175 сантиметр өндөртэй бараан хувцастай эрэгтэй хүн гээд байгаа. Тухайн өдөр миний нөхөр болох Д.Д- нь цагаан өнгийн футболктой, маш тод өнгийн шар цамцтай явж байсан” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Б.Мэргэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Давж заалдах гомдлыг өмгөөлөгч Д.Баттулга гаргасан. Өмгөөлөгч С.Эрдэнэсувдын хувьд гомдол гаргаагүй тул Д.Баттулга өмгөөлөгчийн гаргасан гомдол дээр тайлбар хэлэх ёстой. Гэтэл бие даасан гомдол гаргасан юм шиг их зүйл ярилаа. Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Баттулга хэд, хэдэн үндэслэлээр гомдол гаргасан. Гомдлын үндэслэл бүр дээр товч тайлбар хэлье.

Ч.Г- эргэж харж хохирогчийг цохисон гэх үйл баримт бусад гэрч нарын мэдүүлгээр тогтоогдохгүй зөвхөн хохирогчийн мэдүүлэгт хөтлөгдсөн. Шүүх баримтаар тогтоогдоогүй, үйл баримтыг дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцэхгүй гэсэн агуулгатай гомдол гаргасан. Ингэхдээ хэрэгт цугларсан бүхий л баримтад, нотлох баримтад бус хохирогчийн мэдүүлэг, хохирогч талын мөрдөн шалгах ажиллагааны явцад олон нийтэд удаа дараа хэргийн талаар мэдээлэл өгч, нийгэмд ялласан байдал зэрэгт тулгуурлан өрөөсгөл байдлаар тогтоож дүгнэсэн нь Эрүүгийн хуулийг хэрэглэхэд нөлөөлсөн гэж үзэж байна гэж тайлбарлаж байна. Нотлох баримтын хувьд зөвхөн хохирогчийн мэдүүлэгт үндэслээд байгаа зүйл байхгүй. Хохирогчийн мэдүүлгээс гадна камерын бичлэг, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлтүүд, гэрч нарын мэдүүлгүүдээр тогтоогдож байгаа юм. Жишээ нь гэрч н.Төрболд мэдүүлэхдээ “...би маргаан болсны дараа очсон бөгөөд намайг очиход нэг хүүхэн энэ намайг цохичихлоо гээд байсан, тэр хүүхэн Ч.Г- гэх хүнтэй маргалдаж байсан...” гэдэг. Иймээс шийтгэх тогтоолд хохирогч өөрт нь халдсан гэм буруутай этгээдийг шууд заасан гээд дүгнэчхээд байгаа юм.

Шүүгдэгчийн өмгөөлөгч нар зөвхөн хохирогчийн мэдүүлэг гэж удаа дараа яриад байгаа боловчиг практикт ч тэр, хуульд ч тэр хохирогчийн мэдүүлэгт үндэслээд хэргийг шийдвэрлэж байгаа тохиолдлууд олон бий. Хуульд зөвхөн яллагдагчийн мэдүүлгийг л дангаар гэм буруутайд тооцох үндэслэл болохгүй гэж заасан болохоос хохирогчийн мэдүүлэг дангаар гэм буруутайд тооцох үндэслэл болохгүй ч гэж заасан үндэслэл байхгүй.

Гомдолд дурдсан шиг олон нийтэд хэргийн талаар удаа дараа мэдээллээд, шүүхэд нөлөөлөөд байгаа зүйл байхгүй. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчид анхан шатны шүүх хурал дээр удаа дараа ярьдаг. Хохирогч болон түүний өмгөөлөгчийн энэ талаар  огт дурдаж байгаагүй. Гэхдээ нэгэнт давж заалдах гомдлоо ч гэсэн яриад байгаа тул товчхон тайлбарлахад он цаг дарааллын хувьд аваад үзэхэд шүүгдэгчийн хувьд удаа дараа буюу гурван удаа фейсбүүк дээр лайв хийгээд хэргийн нөхцөл байдлын талаар мэдээлсэн. Ингэхдээ зөрүүтэй худал мэдээллийг олон удаа тараасан. Түүнээс болоод миний үйлчлүүлэгчийг баян хүнээс мөнгө салгах гэсэн биеэ үнэлэгч мэтээр олон нийтийн зүгээс маш их дайралт ирж байсан учраас жил гаруй хугацааны дараа ярьсан зүйлд нь няцаалт өгөх байдлаар тайлбарласан. Түүнээс эхэлж манай үйлчлүүлэгчийн зүгээс яриад, шүүхэд нөлөөлөх оролдлого хийсэн зүйл байхгүй. Өөрөө эхэлж ярьчхаад, зөвхөн Г.С- гэх хүн шүүхэд нөлөөлөөд байгаа юм шиг зүйлийг удаа дараа яриад байж болохгүй.

Гуравдугаарт өмгөөлөгчийн гомдолд Ч.Г- руу арваад хүмүүс бүлэглэн дайраад зодоход хамгаалагч нар салгасан, хохирогч Г.С-тэй явсан залуучууд хоорондоо зодолдож байгаа бичлэг бичигдсэн, хохирогч Б.З-д цохиулсны дараа амнаас нь цус гарч улмаар нөхрөө дуудсан гэдэг боловч тухайн цаг үед ямар нэгэн цус гарсан зүйл байдаггүй, зүгээр явж байсан гэх гомдол бичээд байдаг. Түрүүнд хэлсэнчлэн Ч.Г- гэх хүн 3 удаа лайв хийхдээ эхлээд намайг арваад залуу зодсон, дараа нь намайг хориод залуу зодсон, дараа нь намайг гучаад залуу зодсон гэж ярьсан. Энэ талаар ярьсан бичлэг нь байдаг. Бичлэгээс харахаар арваад залуу Ч.Г-ийг зодоод байгаа юм байхгүй. Үйлчлүүлэгч нь удаа дараа 20, 30 хүн зодсон гээд яриад байхаар /бичлэг дээр ч байхгүй/ зүйлийг өмгөөлөгч нь /олон яривал итгэнэ гэдэг шиг/ арваад залуу зодсон гээд гомдолд бичээд байгаа нь ёс зүйн хувьд хэр зохимжтой вэ гэх асуудал ч гэсэн яригдана.

Шүүгдэгч Б.З-д цохиулчхаад ямар ч цусгүй л яваад байна гээд байна.  Дөрвөн шүд нь хугараад, дахиад хоёр, гурван шүд гэмтээд, хамар амнаас нь битүү цус гараад хохироод явж байгаа хүнийг цус гараагүй байна гэж бичээд байгаа юм ямар учиртай, юуг нотлох гээд байгаа юм. Цус гараагүй байлаа гээд үйлчлүүлэгчийнхэн гэм буруугүй гэдгийг тогтооход ямар ач холбогдолтой юм гэдэг нь ойлгомжгүй.

Анхан шатын шүүхээс Ч. Ч.Г-т учирсан гэмтэлд дүгнэлт өгөхгүй байна гээд байна. Нэмэлтээр С.Эрдэнэсувд өмгөөлөгч Ч.Г-ийн зөвхөн гар сарвууны хэсгийг л гэмтэлд тооцоод, бусад хэсгийг яагаад гэмтэлд тооцохгүй байгаа тухай яриад байна. Мөн цохих, цохигдох үйлчлэлээр гэмтэл учирсан сарвууны гэмтэл байна гээд 50,50 хувийн асуудал байхад яагаад өөрийнхөн цохисон үйлдэлд, шинжээчийн дүгнэлтийг үндэслээд, өөрт хохирол учруулсан гээд байгаа юм бэ гэдэг тал дээр эргэлзээтэй нөхцөл байдал байна гээд байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шинжээчийн хэд, хэдэн дүгнэлт гарсан тохиолдолд аль дүгнэлтийг нотлох баримтаар авч үзэхийг шүүхээс шийдвэрлэнэ  гэж хуульчилсан. Шүүх үүн дээр өөрийн дүгнэлтээ гаргаад хэргийг шийдвэрлэсэн. Мөн яриад байгаа 50, 50 хувийн цохих, цохигдох үйлчлэлийн алийг нь яаж тооцоод байгаа гэдэг асуудал дээр шинжээчээс мэдүүлгүүд авсан. Бусад нотлох баримт камерын бичлэгийн үзлэгээс харахад зөвхөн хохирогч Г.С-гийн нүд рүү нь цохисон үйлдлээс учирсан гэмтэл биш, иргэний хариуцагчаас татагдаад байсан Д.Д-ыг ч гэсэн удаа дараагийн цохисон үйлдэл явцаас тухайн гэмтэл учирсан байгаа тул өөртөө цохих үйлдлийн улмаас учирсан гэмтэл байна гэж үзээд, хохирогчоор тогтоосон прокурорын тогтоолыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байна гэж үзсэн.

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд Ч.Г- маргаан зодоонд оролцож байх ба хамгаалагч нь хойш түлхэх үед баруун гараараа цохиж байх ба хүмүүсийн дунд зогсож байсан хохирогч Г.С-г онож, хохирогч Г.С- нүүрээ дараад доош сууж байв гэсэн. Тэгвэл дээрхээс үзэхэд шүүгдэгч Ч.Г- хохирогч Г.С-г цохино гэсэн субьектив санаа зорилго агуулаагүй зөвхөн Д.Д-, Б.З- хоёрыг салах оролдлогод Г.С- оногдсон болох нь бичлэгт тэмдэглэгдсэн байна гээд байна. Түүнчлэн анхан шатын шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэхэд камерын бичлэгийг үзэхэд Ч.Г- хохирогч Г.С-г цохиж байгаа үйл баримт харагддаггүй гэх, түрүүнд хохирогч санаатай цохисон гээд байгаа юм уу эсвэл болгоомжгүй цохисон гээд байгаа юм уу, огт цохиогүй гээд байгаа юм уу гэдэг нь...” ойлгомжгүй байна гэсэн.  

Эхлээд Ч.Г-ийн хувьд шууд санаатай чиглэсэн үйлдэл дээр хохирогч Г.С-д гэмтэл учруулсан гэж үзэхээргүй байна гэсэн. Дараа нь Ч.Г-ийн цохиж байгаа үйлдэл нь бичлэгт байхгүй гээд байгаа. Түүний дараа Ч.Г- санаандгүй цохиж байгаа нь бичлэгээс харагдаж байна гээд байгаа юм.

Эцэст нь хэлэхэд гомдолд шүүхийн шийтгэх тогтоол гэм буруугийн холимог хэлбэрийн тухай дурдчихаад, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан зүйчлэлийг хэрэглээд байна гээд байна. Шийтгэх тогтоолын 10-13 дахь талд бичсэн хэсгийг өмгөөлөгч буруу ойлгоод байна. Учир нь шүүхийн дүгнэлтэд мөрдөгчийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээр шүүгдэгчийн үйлдлийн субьектив шинжийг тогтоох боломжгүй байна, шүүгдэгчийн үйлдлийг гэм буруугийн холимог хэлбэр гэж үзье гэхээр хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар Ч.Г- нь хэн нэгэнд гэмтлийн зэрэгт хамаарах гэмтэл учирна гэж төсөөлөөгүй гэдэг нь үндэслэлгүй байгаа тул холимог хэлбэрт хамаарахгүй байна гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл бичлэгээс субьектив шинжийг тодорхойлох боломжгүй, камерын бичлэг болон бусад нотлох баримтуудаас үзэхээр холимог хэлбэрт хамаарахгүй байна. Эрүүгийн хуульд холимог хэлбэрт хамаарч байгаа гэмт хэргүүдийг тусгай ангид тусгайлан заана гэж үзсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд тусгайлан заасан зүйл байхгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд санаатай байна уу санаандгүй байна уу, холимог байна уу хэлбэрээс үл хамааран гэмтэл учирсан болбол гэм буруутайд тооцохоор заасан гэдгийг л шүүх тайлбарласан. С.Эрдэнэсувд өмгөөлөгч анхан шатын шүүхийн шийдвэрийг хүчингүй болгоно гэж яриад байна. Анхан шатын шүүхийн шийтгэх тогтоолыг Ч.Г-т холбогдох хэсгийг хүчингүй болгох гээд байгаа юм уу эсвэл гэм буруугаа хүлээн зөвшөөрөөд, хялбаршуулсан журмаар шийдвэрлэе гэх хүсэлтээ өгсөн болон бусад нотлох баримтаар гэм буруутайд тооцогдсон Б.З-гийн үйлдлийг ч гэсэн хамаатуулаад,  хэргийг бүхэлд нь анхан шатын шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох гээд байгаа юм уу гэдэг нь ойлгомжгүй байна гэдгийг дурдах нь зүйтэй. Өмгөөлөгчийн хувьд анхан шатын шүүх хэргийн үйл баримтыг үндэслэлтэй зөв тайлбарлаж, хуулийг зөв хэрэглэсэн учир анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Прокурор Н.Булганчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Өмгөөлөгчийн гаргаж байгаа тайлбарууд агуулгын хувьд адил байна гэж харж байна. Г.С-гийн мэдүүлэг эргэлзээтэй, зөрүүтэй байна гээд байна. Хохирогч анх цагдаагийн байгууллагад дуудлага, мэдээлэл өгөхдөө “...үл таних хоёр залууд...” гэж мэдүүлдэг. “...Үл таних...” гэдэг нь шүүгдэгч гэх нэр томьёо дээр орж байгаа оролцогч гэж харж байгаа. Өмнө нь Ч.Г-, Б.З- нартай ямар нэгэн харилцаа холбоо байгаагүй тул тухайн цаг хугацаанд эдгээр хүмүүсийг “үл таних хүн” гэж хэлнэ. Түүнээс олны анхаарал татсан хүн гэх зэргээр мөрдөгч асуугаагүй. Нөгөө талаас хохирогч анхнаасаа 2 хүнд зодуулснаа мэдүүлдэг. Хохирогчийн эрүүл мэндэд үзлэг хийсэн шинжээч эмчээс мэдүүлэг авахад гэмтлүүдийг ялгасан. Хохирогч эрүүл мэндийн байгууллагад үзүүлж байх явцдаа гэмтэлд өөрчлөлт орохуйц шинэ баримтууд авчирсан тул дахин шинжээчийн дүгнэлт гаргуулсан. Ийнхүү хохирогчийн зүүн нүдний орчим учирсан гэмтэл нь хөнгөн гэмтэл, шүд амны орчим үүссэн гэмтэл нь хүндэвтэр гэмтэлд хамаарна гэж дүгнэсэн. Хохирогчийн амны орчим учирсан хүндэвтэр гэмтлийг хэн учруулсан гэдгийг гэрч Г.А- нэгдүгээр хавтаст хэргийн 55 дугаар талд мэдүүлсэн. Хохирогч мөн гэмтэл учруулсан талаар мэдүүлсэн. Хохирогч мэдүүлэгтээ “...шатаар буугаад, аваад явж байсан, шүүгдэгч Б.З- хохирогчид ямар нэгэн байдлаар төвөг учруулсан улмаар хохирогч “...чи цаашаа бай л даа, би аваад гарч байна...” гэх үйл баримтыг ярихад гартаа барьж явсан шилтэй усны саваар цохисон...” гэдгийг мэдүүлсэн. Хохирогч ч гэмтлийг энэхүү цохилтоос үүссэн гэдгийг мөрдөн шалгах ажиллагаанаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн байдаг.

Зүүн нүдний орчимд учирсан няцрал, цус хуралт гэмтлийг шүүгдэгч Ч.Г-, хохирогчийн нөхөр Д.Д-, Б.З- нарын хооронд үүссэн маргааны явцад /хохирогч нөхрөө хамгаалах гэж татах, чангаах явцад/ хамгаалагч нар тухайн зодооныг салгахад шүүгдэгч Ч.Г- гэх хүн эргэж хараад, нүд рүү нь цохисон гэдгийг шүүхийн хэлэлцүүлэгт ч дэлгэрэнгүй мэдүүлсэн. Талуудын зүгээс ч тал бүрээс нь асуултаар тодруулсан.

Иймд хохирогчийн эрүүл мэндэд учирсан 2 гэмтлийг шүүгдэгч нар тус, тусдаа учруулсан гэж дүгнэсэн. Шүүгдэгчийн өмгөөлөгч нар болгоомжгүй гэмт хэрэг гэж үзээд байна. /болгоомжгүйгээр цохисон/. Бусдыг цохиж байх үедээ юм уу, бусадтай маргалдаж байх явцдаа санамсар болгоомжгүйгээр гараа хойшоо савах үедээ хойно зогсож байсан хохирогчийг цохисон тохиолдолд тухайн баримтыг ярьж болох юм.  Гэтэл өөдөөс нь хараад зогсож байсан асуудал яригддаг. Мөн гэрч Г.А-ын мэдүүлэгт “...хохирогчийг цохисон, хохирогч явсан, удалгүй нэг эрэгтэй хүн ирээд шоотой пиджактай залуутай зууралдаж, зодолдсон, Ч.Г- буюу олны танил хүн ирээд зодооныг салгахаас илүүтэй өмөөрөөд зодолдсон...”асуудлыг мэдүүлсэн. Тухайн цаг хугацаанд энэ үйл явдлыг салгах хэмжээний ухамсартай байсан боловч өөрөө зодоонд оролцсоны улмаас хамгаалагч нар зодооныг салгасан нөхцөл байдал. Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан хяналтын камерын бичлэг дээр хохирогч цайвар өнгийн цамцтай хүнд цохиулж, доошоо сууж байгаа нөхцөл байдлууд харагддаг. Эдгээрээс дүгнэхэд шүүгдэгч Ч.Г- нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь нотлогддог. Нөгөө талаасаа шүүгдэгч Ч.Г-ийн биед учирсан гэмтлүүдийг өмгөөлөгч яриад байна. Няцрал, зулгаралт, цус хуралтууд нь өөр, өөр гэмтлүүд юм. Гарт, хуруунд, сарвуунд үүссэн зулгаралтуудыг шинжээчээс нарийвчлан ямар нөхцөлд үүсэх вэ гэх байдлаар асуухад  Ч.Г- гэх хүний биед учирсан гэмтлийг хэн нэгэн этгээд, ямар нэгэн байдлаар санаатайгаар учруулсан гэж үзэх боломжгүй байна. Тухайн маргаан зодооны үед өөрөө бусадтай маргалдаж байх явцад (чангаах, зулгаах) гэх байдлаар тухайн гэмтэл учирсан гэдэг. Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад эд хөрөнгийн хохирол буюу өмсөж явсан хувцас урагдсан тул үнэлүүлнэ гэсний дагуу үнэлгээ хийлгүүлсэн. Үнэлгээний дагуу хяналт тавьж байсан прокурор иргэний хариуцагчаар Д.Д-ыг татсан нь боловч анхан шатны шүүх хуралдааны явцад оролцож байгаа прокурорын хувьд үндэслэлгүй гэж үзэн, шүүх хуралдаанд иргэний хариуцагчаар татсан тогтоолыг хүчингүй болгох байр суурьтайгаар оролцсон. Үүнийг шүүгч хүлээж авсан. Урьдчилсан хэлэлцүүлэгт Д.Баттулга өмгөөлөгч Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй тул үүнийг тодруулъя гэдэг. Нийслэлийн прокурорын газрын дээд шатын прокурор, Улсын ерөнхий прокуророос хамгаалагч нарыг асуу гэж ярьсан. Хамгаалагч нарыг асуух гэж маш их цаг хугацаа шаардагдсан, асуух гэж оролдсон. Гэвч тухайн хамгаалагч нарыг одоо хаана, ямар ажил хийж байгааг тухайн баарныхан мэддэггүй, баарныхан цагаар ажилладаг хүмүүсийг авчраад, хонуулаад явуулдаг тул хоёр жилийн өмнөх хүмүүсийг одоо мэдэх боломжгүй байна гэх нөхцөл байдал тогтоогдсон. Бид тэдгээр хүмүүсийг олж тогтоох ажиллагааг хийснээс биш, бусдаар тэдгээр хүмүүсийг олж тогтоож чадаагүй. Мөрдөгч мөрдөн шалгах ажиллагааг түргэн шуурхай явуулаагүйгээс болоод тухайн гэрч нарыг асууж чадаагүй нь үнэн. Гэвч эдгээр хүмүүсийг асуугаагүй нь хэргийг шийдвэрлэх үйл явц, цугларсан баримтад ямар нэгэн байдлаар нөлөөлөхгүй гэж миний зүгээс үзэж байгаа. Өмгөөлөгч нарын эргэлзээтэй нөхцөл байдлууд байна гэж үзээд байгаа нь үндэслэлгүй. Шүүх шийтгэх тогтоолд гэм буруу болон эрүүгийн хариуцлага, хохирлын талаар бүрэн дүүрэн хууль зүйн дүгнэлт хийсэн тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны, үндэслэлтэй гэж үзэж байна.

Түүнчлэн шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нарт үүнийг тухайлан хэлэх зүйтэй болов уу гэж бодож байна. Анхан шатын шүүх хуралдаан ороогүй байхад сошиалаар эдгээр хувь хүмүүс мэдээлэл хийсэн. Анхан шатын шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч байгаа тохиолдолд хуулиар давж заалдах шатын шүүхэд гомдол гаргах эрхтэй байдаг. Мөн гомдол гаргасан байдлаа хэвлэлийн бага хурал хийж, олон нийтэд мэдээлсэн. Хуульч хүмүүсийн хувьд үндэслэл бүхий зөвлөгөө өгч байгаасай гэж хэлмээр байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах шатны гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь :

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж, дүгнэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэх дараах үндэслэлтэй байна. Үүнд :       

1. Анхан шатны шүүх нь шүүгдэгч нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ “хэргийн бодит байдлыг тогтоох, гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд нөлөөлж болох зөрүүтэй байдал”-ыг нягтлан шалгаагүй буюу анхаарч үзэлгүй орхигдуулсан байгааг зөвтгөх боломжгүй.         

1.1. Тухайн “-” баарны камерын бичлэгт үзлэг хийсэн гэх боловч үзлэгийн тэмдэглэл дэх : “...уг бичлэгт текний урд талд хүмүүс бужигналдаж зодоон болж байх ба хамгаалагч нар салгаж байв. Бараан өнгийн хослол дотуураа цагаан өнгийн цамцтай эрэгтэй /Ч.Г- шар өнгийн сумаар тэмдэглэв/ маргаан зодоонд оролцож байх ба хамгаалагч хойш нь түлхэх үед баруун гараараа цохиж байх ба хүмүүсийн дунд зогсож байсан хохирогч Г.С-г онож хохирогч Г.С- нь нүүрээ дараад доошоо сууж байв.” /1-р хх 128-140/ гэсэн болон камерын бичлэг /2-р хх арын хавтаст хавсаргасан “CD” бичигдсэн дүрс/-т буй эх сурвалж хооронд зарим ойлгомжгүй, тодорхойгүй байдал байгаа тухай давж заалдах гомдлын зарим үндэслэлийг таамаглан няцаах боломжгүй нөхцөл байдал үүссэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу тухайн камерын бичлэгт дахин үзлэг хийх буюу дүрс бичлэгт буй хүмүүсийн нэр, тэдний байрлал, үйлдэл, хөдөлгөөн, тэдгээрийн чиглэл зэргийг нарийвчлан тодорхойлж бэхжүүлэх, мөн камерын бичлэг дэх үйл явдлын дүрсжилтийг тодотгон томруулах, удаашруулан үзэх боломжтой эсэхийг тухайн төрлийн тусгай мэдлэг бүхий мэргэжилтнийг томилж дүгнэлт гаргуулах нь хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой байжээ.

1.2. Мөн камерын бичлэгээс үзэхэд, “-” бааранд тухайн шүүгдэгч ба хохирогч талуудын хооронд болсон маргаан, зодооны үйл явдлыг дэргэдээс харсан, мөн салгасан гэх “-” баарны холбогдох хүмүүсээс гэрчийн мэдүүлгийг тодорхой байдлаар аваагүй, энэ талаарх зарим оролцогчоос гаргасан хүсэлтийг хангаагүй орхисныг зөвтгөх боломжгүй үндэслэл илэрсэн байна.      

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2, 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар: Прокурор, мөрдөгч нь хэргийн бодит байдал буюу яллах ба цагаатгах нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох үүрэгтэй, энэ хүрээнд аливаа нотлох баримтын нотолгооны чадвар, стандарт шаардлага хангагдсан эсэх болон хэргийн бодит байдалд эргэлзээтэй, зөрүүтэй байдал үүсгэсэн эсэхийг нягтлан шалгахгүйгээр урьдчилан төсөөлөх байдлаар хөдөлбөргүй үнэн гэж тооцох ёсгүй болно.    

Гэтэл тус эрүүгийн хэрэгт дээрх 1 дэх хэсэгт дурдсан нөхцөл байдлууд илэрсэн нь  хэргийн бодит байдлыг тогтоох үүргээ мөрдөгч, прокурор хангалтгүй хэрэгжүүлсэн буюу хэргийн бодит байдлыг тогтоох хүрээнд яллах ба цагаатгах аль ч нотлох баримтыг эргэлзээгүй (зөрүүгүй) байдлаар цуглуулж, бэхжүүлэх улмаар шалгаж, хянах, дахин мөрдөн шалгуулах ажиллагаа явуулж болох талаарх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан холбогдох журам, шаардлагыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.    

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсэгт заасан үндэслэл, журмын хүрээнд шүүх хуралдааныг хойшлуулж, зарим асуудлыг шийдвэрлэхийг прокурорт даалгах нь зөвхөн анхан шатны шүүхэд олгогдсон эрх хэмжээ болно.     

4. Дээрх үндэслэл нь “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байх тул Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 2024/ШЦТ/898 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.    

5. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дээр дурдсан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь шүүгдэгч Б.З-, Ч.Г- нарт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон эсхүл цагаатгасан шийдвэр биш, харин анхан шатны шүүхээс шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг дахин хянан шийдвэрлэх үндэслэл үүсч байгаа болохыг тодотгож байна.    

Тийм учраас, шүүгдэгч Ч.Г-ийн өмгөөлөгч Д.Баттулгын давж заалдах журмаар гаргасан “шийтгэх тогтоолын Ч.Г-т холбогдох хэсгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2 дахь заалтад зааснаар хүчингүй болгож хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэсэн агуулга бүхий гомдлыг хэлэлцээгүй орхисон болно.

Мөн шүүгдэгч Ч.Г-, Б.З- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.33, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :

      

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 2024/ШЦТ/898 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.     

2. Шүүгдэгч Ч.Г-, Б.З- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй. 

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар оролцогч гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    М.АЛДАР

 

                          ШҮҮГЧ                                                           Т.ӨСӨХБАЯР

 

                          ШҮҮГЧ                                                           Г.ГАНБААТАР