| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Самандаабазарын Өлзий-Отгон |
| Хэргийн индекс | 144/2018/0092/Э |
| Дугаар | 102 |
| Огноо | 2018-07-23 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Д.Ганчимэг |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 23 өдөр
Дугаар 102
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Оюунтунгалаг,
Улсын яллагч Д.Ганчимэг,
Хохирогч Д.Даваажаргал,
Хохирогчийн өмгөөлөгч И.Олонмөнх,
Шүүгдэгч Б.Б,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дархан овогт Баттогтохын Бид холбогдох 1829001360080 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвд 2018 оны 05 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө иргэн Д.Даваажаргалтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргаж, улмаар эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: “2018 оны 05 дугаар сарын 26-ны орой 18 цагийн үед манай найз Солонгос явах гээд үдэж гаргаж өгч байсан. Даваажаргал над дээр ирж гал байна уу? гэхэд би ах нь тамхи татдаггүй гэж хэлэхэд Даваажаргал өөдөөс Fuck гэж хэлсэн. Тэгэхээр нь би юу гээд байгаа юм бэ? гэхэд дахин fuck гэж хэлээд хуруугаа гаргасан. Би чи яагаад хүнийг хэл амаар доромжлоод байгаа юм бэ? гэсэн чинь намайг боосон. Даваажаргалын нүүр хэсэгт нь цохисон. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Даваажаргал мэдүүлэхдээ: “2018 оны 05 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө манай ажлын өрмийн операторууд нийлж архи уусан. Тэгээд би гэрт нь хүрч оччихоод гадаа Б, Энхбаяр нар байхаар нь тамхи татах гээд гал байна уу? гэж асуучихаад fuck гэж хэлчихээд инээгээд эргэсэн. Тэгтэл миний араас Б толгой руу манартал цохиод авсан. Тэгээд гэрт байж байтал Б хоёулаа гарч учираа олъё гээд гэрээс гарсан. Хашаанаас гараад “би эцгийг чинь хүртэл танина, чамд ямар хүн болохоо мэдрүүлнэ” гээд намайг хашаанд шахаж цамцаар боогоод зодохоор нь би зугтсан. Зугтааж байтал дэгээдэж унагаагаад дээрээс дэвссэн.” Одоо болноо, больё” гэсэн чинь яваад өгсөн. Би 21 хоног эмчийн хяналтанд байж эмчлүүлсэн. 21 хоногоос ажлын 14 хоногийн цалин болох 1,485,240 төгрөгийг мөн эмчилгээний зардалд 1,629,344 төгрөгийг нэхэмжилж байна. Үүнээс би 215,000 төгрөгийг хоолны зардалд, мөн Боос өгсөн 1,210,000 төгрөгийг хохирлын төлбөрөөс хасаж тооцно. Тухайн үед хамар тэгшилнэ гээд арга хэмжээ авсан боловч олигтой болоогүй, тийм учраас 1 юм уу 2 сарын дараа хагалгаанд орно гэсэн. Үүний зардлыг нэхэмжлэх шаардлагатай болно.” гэв.
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-н 5 дугаар хуудас/,
Хохирогч Д.Даваажаргалын өгсөн: “...Би тамхи татах гээд гэрээс гарахад Б гэрийн гадаа Энхбаттай хамт зогсож байхаар нь “гал байна уу” гэж асуухад Б “би тамхи татдаггүй” гэж хэлэхээр нь би “өө пакаа” гэж хэлээд эргэхэд миний араас цохисон ... Б миний араас толгой хэсэгрүү цохиж унагаагаад дээрээс дэвссэн. Бас дээр гарч суугаад нүүр рүү цохиод байсан ... “би чамд ямар хүн гэдгээ мэдрүүлнэ” гээд багалзуурдаж цамцны захаар намайг хашаанд шахаж боосон. Гарыг нь тавиултал тэр хооронд намайг дахиж толгой нүүр рүү цохиод байхаар нь зугтахад дэгээдэж унагаад бас олон удаа өшиглөсөн ... “ гэх мэдүүлэг /хх-ийн 9-10х, 11-14 дүгээр хуудас/
Гэрч Б.Эрдэнэ-Очирын өгсөн: ”... Гэрийн гадаа хүн унах чимээ сонсогдсон. Бид гарах гэтэл гаднаас Б, Даваадорж хоёр хоорондоо муудалцсан байдалтай орж ирсэн ... Тухайн үед Даваажаргалын хувцас нь шороо тоос болсон байсан ... маргааш нь Даваажаргал “би өнөөдөр ажилдаа очиж чадахгүй нь ээ, шөнө Бид зодуудчихлаа...” гэсэн” мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/
Гэрч Н.Батдэлгэрийн өгсөн: “...Даваажаргал Б хоёр гэрийн гадаа муудалцаад байсан. Намайг гэрээс гарч ирэхэд Б Даваажаргалын дээр гарчихсан нэг удаа цохиж байсан. Тэгээд би “боль” гэээд салгаад тэр хоёр гэрт оруулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16 хуудас/
Гэрч Д.Баасандоржийн өгсөн: “...Даваажаргал, Б нар гаднаас муудалцсан байдалтай орж ирэхэд Даваажаргалын хувцас шороо болсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/
Гэрч Ц.Энхбатын өгсөн: “...Даваажаргал нь Бийн өөдөөс дунд хуруу гаргаснаас болж тэр хоёр хоорондоо муудалцсаж эхэлсэн ... Хоорондоо зууралдаад дээр, доороо ороод өнхрөлдөөд байхаар нь би салгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/
Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 05 дугаар 31-ний №306 дугаартай шинжээчийн: ”... Д.Даваажаргалын биед тархины доргилт, хамар яс, баруун талын 7-р хавирга, зүүн талын 4-5-р хавирганы далд хугарал, зүүн чихний дэлбээний язарсан шарх, цус хуралт, дээд болон доод уруул, баруун завжны салстын язрал, дух хамрын уг, хүзүү Th12 харалдаа, бүсэлхийн ар хэсгийн зулгарал гэмтэл тогтоогдлоо. Гурван хавирга хугарсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэг бусад гэмтэл нь 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 26 дугаар хуудас/
Б.Бийн яллагдагчаар өгсөн: “...Даваажаргал намайг боосноос болж бид хоёр муудалцаж, би Даваажаргалын биед гэмтэл учруулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 дүгээр хуудас /
Шүүгдэгч Б.Бийн иргэний үнэмлэхийн хуулбар, оршин суугаа хаягийн тодорхойлолт, /хх-н 49-51 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Б.Б ял шийтгэгдсэн эсэхийг шалгах ял шалгуурын хуудас /хх-н 47 дугаар хуудас/,
Шүүгдэгч Б.Бийн арилжааны банкуудад хадгаламжийн данстай эсэх талаарх мэдээлэл /хх-н 54-59 дугаар хуудас/,
Хохирогч Д.Даваажаргалаас иргэний нэхэмжлэлтэй холбогдон ирүүлсэн баримт /хх-н 60-97 дугаар хуудас/,
Шүүгдэгч Б.Боос хохирогч Д.Даваажаргалд хохирол төлсөн баримт /хх-н 104 дүгээр хуудас/,
Шүүх хуралдаанд хохирогчоос гаргаж өгсөн баримт Амбулаториор эмчлүүлэгчийн карт, эмнэлгээс өвчтөн илгээх хуудас, томографийн шинжилгээ 2 хуудас зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, хэргийг зүйлчилсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч Б.Б нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвд 2018 оны 05 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө иргэн Д.Даваажаргалтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргаж, улмаар эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд хохирогч Д.Даваажаргалын биед учирсан хүндэвтэр гэмтэл нь шүүгдэгч Б.Бийн хохирогчийн биед халдсан үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэмт үйлдэл болох юм.
Иймд шүүгдэгч Б.Бийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутайд тооцох эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.
Хохирогч Д.Даваажаргалын биед хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 05 дугаар 31-ний 306 дугаартай шинжээчийн: ”...Д.Даваажаргалын биед тархины доргилт, хамар яс, баруун талын 7-р хавирга, зүүн талын 4-5-р хавирганы далд хугарал, зүүн чихний дэлбээний язрал, дух, хамрын уг, хүзүү, Th12 харалдаа, бүсэлхийн ар хэсгийн зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Гурван хавирга хугарсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэг бусад гэмтэл нь 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчилэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 26 дугаар хуудас/-ээр тогтоогдож байна.
Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд хохирогч Д.Даваажаргал нь гэмт хэргийн улмаас өөрч учирсан хохирол төлбөрт эмчилгээ болон замын зардалд 1,629,344 төгрөг, өвчтэй байх үеийн цалин 1,485,240 төгрөг, нийт 3,114,584 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилжээ. /хх-н 62 дугаар хуудас/
Хохирогч Д.Даваажаргал нь шүүхийн хэлэлцүүлэгт “Шүүгдэгч Б.Боос 1,210,000 төгрөг /хх-н 104 дүгээр хуудас/, 215,000 төгрөг, нийт 1,425,000 төгрөгийг хохиролд өгсөн тул энэ мөнгийн нийт хохирол төлбөрөөс хасч, үлдэгдэл 1,689,584 төгрөгийг нэхэмжилнэ.” гэж мэдүүлжээ. Хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагатайгаа холбогдуулан гаргасан нотлох баримтуудыг шинжлэн судлахад:
Эмчилгээ болон замын зардалд 1,629,344 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч нь 1,425,000 төгрөгийг хохиролд өгсөн тул хасч тооцох нь зүйтэй байна. Хавтаст хэрэгт авагдсан замын зардлын баримт болох шатахуун авсан баримтууд /хх-н 65, 71, 87, 88, дүгээр хуудас/нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Боос 1,210,000 төгрөг /хх-н 104 дүгээр хуудас/, 215,000 төгрөг, нийт 1,425,000 төгрөгийг хохиролд хохиролд төлсөн байх тул хохирогч Д.Даваажаргалын эмчилгээ хийлгэсэн бодит зардал 1,342,894 төгрөгнөөс хасч, үлдэх 7,894 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгуулж, замын зардалд 196,450 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хохирогч Д.Даваажаргал нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэмтлээ эмчлүүлэхээр эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн нь түүний шүүх хуралдаанд гаргаж өгсөн нотлох баримтаар, мөн хавтаст хэрэгт авагдсан бусад баримтаар /хх-н 82, 83 дугаар хуудас/ нотлогдож байх боловч өвчтэй байх үеийн цалин 1,485,240 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан тодорхой тооцоо гаргах бололцоогүй байх тул тус нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь шүүхээр хэлэлцээгүй орхисон нэхэмжлэлийг, гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгахтай холбогдон цаашид гарах зардлыг тус тус нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг шийдвэрт дурдах нь зүйтэй.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан үндэслэл болох анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учирсан хохирол төлбөр төлсөн, хийсэн хэрэгтээ үнэн санаанаасаа гэмшиж байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан, улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаар гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,800 /нэг мянга найман зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,800,000 /нэг сая найман зуун мянга/-н төгрөгөөр торгох саналыг хөнгөрүүлж 1000 /нэг мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.Бид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Дархан овгийн Баттогтохын Бийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бийг 1000 /нэг мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Боос 7,894 төгрөг гаргуулж хохирогч Д.Даваажаргалд олгуулж, хохирогч нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгахтай холбогдон цаашид гарах зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Д.Даваажаргалаас нэхэмжилсэн замын зардал 196,450 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, өвчтэй байсан хугацааны цалин хөлс 1,485,240 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь хэлэлцээгүй орхисон нэхэмжлэлийн шаардлагыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
6. Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, Б.Бийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Б.Бид урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.Бид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ӨЛЗИЙ-ОТГОН