| Шүүх | Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 171/2025/0012/Э |
| Дугаар | 2025/ДШМ/23 |
| Огноо | 2025-04-16 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Э.Г |
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 2025/ДШМ/23
2025 04 16 2025/ДШМ/23
Б.Дд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Цэцэгмаа, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор Э.Г
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ц
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Б
Хохирогчийн өмгөөлөгч Б.Н
Нарийн бичгийн дарга Э.Булгантамир нарыг оролцуулан
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ц.Алтангадас даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 81 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Б-н давж заалдах гомдлоор шүүгдэгч Б.Дд холбогдох дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овогт Б-ны Д,
Б.Днь 2024 оны 08 дугаар сарын 03-ны шөнө 03 цагийн орчим аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт асфальтан хучилттай авто замаар “Х” банк бус санхүүгийн байгууллагын эзэмшлийн Тоёота Приус-20 загварын улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэмд заасан заалтуудыг зөрчиж явган зорчигч Д.Г-г мөргөж, чирч амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
Орхон аймгийн Прокурорын газраас: Б.Дгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх:
Шүүгдэгч Б овогт Б-ны Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дд 2 жилийн хугацаагаар ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж,
шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5, 7.6 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь хорих ял оногдуулсан шийтгэх тогтоолыг хойшлуулсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй хүүхдээ асарч хүмүүжүүлэхээс зайлсхийсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож хорих ялыг биечлэн эдлүүлэхийг анхааруулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолын биелэлтийг хойшлуулсан хугацаанд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Орхон аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх газар 437-р дугаар нээлттэй хорих ангид даалгаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн дүрс бичлэг бүхий 1 ширхэг CD хуурцгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, тамхины Бонд /bond/ гэсэн хайрцагтай 4 ширхэг тамхи, Кастер /caster/ гэсэн хайрцагтай 14 ширхэг тамхи, бор хүрэн хавтастай Хуавей ю-6 про /Huawei Y6 pro/ загварын гар утас, хоосон чүдэнзний хайрцаг, хар өнгийн хувцасны тасархай хэсэг, хар өнгийн спорт спорт /sport sport/ гэсэн бичигтэй хос пүүз, хиймэл шүд, амь хохирогч Д.Г-н өмсөж явсан хувцас болох хар өнгийн малгайтай нимгэн куртик, босоо захтай ногоон саарал өнгийн цахилгаантай ноосон цамц, дугуй захтай босоо захтай ногоон саарал өнгийн цахилгаантай ноосон цамц, дугуй захтай богино ханцуйтай хөх цэнхэр өнгийн футболк, хар өнгийн тэлээ, хөх өнгийн жийнс өмд, саарал өнгийн бэлтгэлийн өмд, хар хөх өнгийн дотоож, хөх өнгийн судалтай оймс, дугаартай мөнгөлөг өнгийн Тоёота приус 20 загварын тээврийн хэрэгслийн урд бэхэлсэн байсан цагаан өнгийн тор зэргийг устгахыг Шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж,
энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй бөгөөд амь хохирогчийн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Б нь сэтгэцэд учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Б давж заалдах гомдолдоо:
... Уг зам тээврийн осол хэргийн улмаас амь хохирогч Д.Г нь миний аавын төрсөн ганц дүү нь төдийгүй миний аавтай хамт ажил хөдөлмөр эрхэлж байгаад 2018 оноос хойш манай гэр бүлийн нэг гишүүн болж, хүүхдүүдийн минь өвөө нь болж бидэнтэй хамт амьдарч байсан. /аав маань 2020 онд бурханы оронд одсон/
Ослын тухай миний бие цагдаагийн байгууллагын дуудсанаар 2024 оны 8 дугаар сарын 04-ний өдөр аймагт очиж, моорогт байх ахынхаа цогцосыг харж, таньж, улмаар цогцосыг нь Улаанбаатар хотод авчирч оршуулж, буяны зан үйлийг нь хийсэн.
Хэрэг шалгах явцад миний бие удаа дараа Орхон аймагт очиж цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгч, оршуулгын зардлын тооцоог гаргаж мөрдөгчид өгч, шүүх хуралдаанд биечлэн оролцсон байтал яагаад миний сэтгэцэд учирсан хохирлыг заавал нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжпэх эрхтэй гэж шийдвэрлээд байгаад гомдолтой байна.
Надаас өөр амь хохирсон ахыгаа хуулийн байгууллагад төлөөлөх өөр хүн байхгүйээ, бурханы нэрийн өмнөөс би нүүр бардам хэлнээ, үнэн гэж байдаг бол бүхий л зовлонг миний гэр бүл амсаж, би хохирчихоод байна.
Жолооч Б.Д хүний амь нас хохироочихоод, хуулийн дагуу 2 жилийн ялаа хойшлуулаад, оршуулгын 21 сая төгрөгийг шүүх хурлын өмнө төлчихөөд л болоо юу. Ослын дараа яг тэр цаг хугацаандаа миний ахад эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн бол амь нас нь хохирох ч байсан уу, жолооч хүн яагаад хүн мөргөж машин доороо чирж яваад зам дээр хаячихаад явчихдаг юм бэ. Хүний амь нас ийм 21 сая төгрөгийн л үнэтэй гэж үү.
Эрүүл саруул хамтдаа амьдарч байсан ахын маань амь насыг хохироож, цогцос болгож, надад ямар болгон харуулснаас болоод миний сэтгэл санаа байнгын хямралтай тогтворгүй байгаа тул цаашид сэтгэл зүйчид хандаж, зөвлөгөө эмчилгээ хийлгэх шаардлагатай байгааг харгалзаж, миний сэтгэцэд учирсан хохирлыг шударга шүүх шийдвэрлэж өгнө гэдэгт хохирогч миний бие итгэсээр байна.
Эрүүгийн хуулийн зорилго, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг нөхөн төлүүлэх нь биелэгдэж байгаа юм уу, надаас юу шаардаад нялх биетэй эмэгтэй хүн ослын дараах цогцос таниулах ажиллагаанд оролцсоноос эхлээд өнөөдрийг хүртэлх хугацаанд манай гэр бүлийн амьдрал орвонгоороо эргэж, 7 настай хүү маань өдөр бүр өвөөгөө надаас нэхэх, мооргын өрөөнд харсан ахын маань цогцос /цогцосыг таниулах ажиллагаанд миний бие оролцоход түүний биений яснуудыг талд нь ортол тайраад авчихсан байдалтай хүн харахын аргагүй маш аймаар байсан нь / өдөр бүр надад харагдах зэргээр миний сэтгэл санаа байнгын хямралтай хорвоогийн өдрүүдийг өнгөрүүлж байхад шүүх яагаад дүгнэлт хийлгүйгээр шийдвэр гаргасанд туйлын их гомдолтой байна.
Иймд Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт заасны дагуу гэмт хэрэг гарах үед үйлчилж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660.000 төгрөгийг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 99.000.000 /ерэн есөн сая/ төгрөгийг гэмт хэргийн улмаас нас барсан хохирогчийн гэр бүлийн гишүүний буюу миний сэтгэцэд учирсан хохиролд тооцож, шүүгдэгч Б.Дгаар нөхөн төлүүлж өгнө үү ... гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ц тайлбартаа: ... Б.Дгийн хувьд гэм буруугаа хүлээж байгаа. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Б тайлбартаа: Б.Днь ямар ч хүн чанагүй, сэтгэлгүй хүн. Над руу нэг ч удаа утсаар ярьж байгаагүй. Өнөөдөр хүүхэд нь өвдөөд ирээгүй юм шиг байна. Би ч гэсэн хүүхдээ хаяад ирсэн байна. Олон дахин наашаа цаашаа явмааргүй байна. Хэргийг нэг талд нь гаргаж шийдэж өгөөч гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн өмгөөлөгч Б.Н тайлбартаа: ... миний үйлчлүүлэгчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зардал болох зардлыг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тухайн үед мөрдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлээд 99.000.000 төгрөгийг шүүгдэгч Б.Дгаас гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Б-д олгуулж өгөөч гэсэн саналтай байна гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Э.Г дүгнэлтдээ: ... анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий болсон гэж үзэж байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу шүүгдэгч Б.Дд холбогдох хэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Б-н давж заалдах гомдлыг үндэслэн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Хэргийн бүх ажиллагааг хянавал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Б.Днь 2024 оны 08 дугаар сарын 03-ны шөнө 03 цагийн орчим аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт асфальтан хучилттай авто замаар Тоёота Приус-20 загварын улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчиж, явган зорчигч Д.Г-г мөргөж амь насыг хохироосон болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогджээ.
Анхан шатны шүүх мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалсны үндсэн дээр шүүгдэгч Б.Дг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Мөн анхан шатны шүүх ... хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Б-г амь хохирогч Д.Г-той хамт амьдарч байсан, гэм бүлийн гишүүн мөн эсэх нь тодорхойгүй, энэ талаар холбогдох баримтаа шүүхэд ирүүлээгүй ... гэсэн үндэслэлээр түүний сэтгэцэд учирсан хохирлыг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдсан нь хэргийн бодит байдалд нийцжээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Б нь “... гэмт хэргийн улмаас нас барсан хохирогчийн гэр бүлийн гишүүний буюу миний сэтгэцэд учирсан хохиролд тооцож, шүүгдэгч Б.Дгаар нөхөн төлүүлж өгнө үү ...” гэсэн давж заалдах гомдлыг гаргаж, гомдолдоо холбогдох нотлох баримтуудыг хавсарган ирүүлсэн байна.
Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д “Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр … шүүхээс тогтооно” гэж заасан.
Дээр дурьдсан “Гэр бүлийн гишүүн” гэдэгт гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүн хамаарах бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Б нь амь хохирогчтой хамт амьдардаг байсан гэх боловч
тэрээр 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр анх гэрчээр мэдүүлэхдээ “...ах маань 2014 оноос Орхон аймагт шилжин суурьшаад өдийг болтол барилгын ажил хийж амьдардаг ... яг тогтсон өөрийн хашаа байхгүй айлын хашаа түрээслэж амьдардаг байсан. Мөн салсан эхнэр охин 2 нь ахыг маань огт тоодоггүй ямар ч холбоогүй байдаг. Сая ажил явдал дээр нь эхнэр охин хоёрыг нь дуудсаар байгаад гуйж ирүүлсэн ... ах маань хотод ирэхээрээ манайд ирж хүүхэд харж өгдөг байсан ... ” гэж /хх 103/ мэдүүлсэн байна.
Мөн хэрэгт авагдсан лавлагааны баримтаар амь хохирогч Д-н Г нь аймгийн сумын дугаар багийн гэсэн хаягт оршин суух бүртгэлтэй болох нь тогтоогдсон байх ба анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Ч.Б-г нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдсан нь үндэслэлтэй болжээ.
Түүнээс гадна хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Б-н давж заалдах гомдолдоо хавсарган ирүүлсэн
дүүргийн хорооны засаг дарга Г.Д-н “...Дн Г нь тус хорооны дугаар гудамжны тоотод ам бүл 5, түр оршин суудаг ... 2018 оноос хойш түр оршин сууж байсан нь үнэн болно” гэсэн тодорхойлолт,
... Д-н Г нь Ч-н Б-н авга ... гэсэн Төрөл садангийн лавлагаа, Л.Ч 2020 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр нас барсан гэх Нас барсны бүртгэлийн лавлагаа,
... Д-н Г нь 1970 оны 08 дугаар сарын 29-ны өдөр төрсөн, регистрийн дугаартай ... Л-н Ч-г ... Д-н Г гэж өөрчилсөн гэх бүртгэлийн гэрчилгээний хуулбарууд, Ч.Б-н иргэний үнэмлэхний хуулбар зэрэг нотлох баримтуудаар
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Б нь амь хохирогч Д.Г-той төрөл садан болох нь нотлогдож байх боловч түүнийг Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т заасан “гэр бүлийн гишүүн” буюу амь хохирогчтой хамгийн сүүлд хамт амьдарч байсан гэж үзэх хангалттай үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, түүний давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 81 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Б-н давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ХОСБАЯР
ШҮҮГЧИД С.ЦЭЦЭГМАА
С.УРАНЧИМЭГ