Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2021/01782

 

 

 

 

 

2021 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2021/01782

 

 

 

М ХХК, Ц.Г нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 102/ШШ2021/02418 дугаар шийдвэртэй, гэм хорын хохиролд нэхэмжлэгч Ц.Г 166 661 677 төгрөг, М ХХК 2 916 877 760 төгрөгийг тус тус гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Р прокурор Б,Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

1.   Нэхэмжлэгч М ХХК, Ц.Г нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

1.1 Нэхэмжлэлийн шаардлага: Ц.Г 10 жилийн хугацаанд эрүүгийн хилс хэрэгт шалгагдаж, гэмт хэрэгт санаатай яллуулсаны улмаас эрүүл мэнд, сэтгэл санаагаар хохирч цагдан хоригдсоны хохиролд 4 110 000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 100 000 000 төгрөг, өмгөөлөгчийн зардалд 27 300 000 төгрөг, 2010 оны 05 сараас 2021 оны 08 сар хүртэл хугацааны цалинтай тэнцэх олговорт 61 914 500 төгрөгийг;

М ХХК-ийн захирал Ц.Г эрүүгийн хэрэгт шалгагдсаны улмаас компанийн үйл ажиллагаа зогсож, олох байсан орлого 91 796 887 төгрөг, ажилчдад олгосон цалин хөлс 26 840 000 төгрөг, аудитын зардал 400 000 төгрөг, нотариатын зардал 637 177 төгрөг, жонш экспортлон олох байсан орлого 2 066 234 920 төгрөг, алдсан газрын хохирол 700 000 000 төгрөгийг тус тус гаргуулах.

1.2 Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Ц.Гыг 2010 оноос Х.Оюунчимэг, Ё.Энхсайхан, Б.Бямбаа нарыг залилсан гэх эрүүгийн 21040691 дугаартай, итгэмжлэл хуурамчаар үйлдсэн гэх эрүүгийн 21132899 дугаартай гэмт хэргүүдэд эрүүдэн шүүж, компанийг их хэмжээний зээл, зээлийн хүү, алдангийн өр төлбөрт оруулж, шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 1068 дугаар шийдвэрийг хууль зөрчин хүчингүй болгуулсан прокурорын байгууллага тус компани болон Худалдаа хөгжлийн банк ХХК, Капитал банк ХХК-ийн хооронд үүссэн зээлийн төлбөр тооцооны маргаанд хөндлөнгөөс оролцон, хамтран зээл авсан иргэн П.Ичинхорлоог залилсан гэх гэмт хэрэгт ял оногдуулсан. Эрүүгийн 21040691 дугаар хэрэг 2017-2019 онд шүүхээр хянагдаж, Чингэлтэй дүүргийн шүүх 2010 онд иргэн Х.Оюунчимэг, Ё.Энхсайхан, Б.Бямбаа нарыг залилсан, 2011 онд итгэмжлэл хуурамчаар үйлдсэн гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4, 253 дугаар зүйлийн 253.1-т заасан үйлдлүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр 3 удаа хэрэгсэхгүй болгон цагаатгаж, 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 2019/ШЦТ/610 дугаар тогтоол хүчин төгөлдөр болсон. Огт үндэслэлгүй гэмт хэргүүдэд 10 жил эрүүдэн шүүж, Ц.Г болон М ХХК-ийг 10 жилийн хугацаанд олох байсан орлого, эд хөрөнгөөр хохироосон.

Иймд М ХХК нь Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 45.5 дугаар зүйлийн 1 дэх заалтуудыг үндэслэн 2010 оны 5 дугаар сараас 2020 оны 8 дугаар сар хүртэл 120 сарын алдсан орлого 86 059 582 төгрөг, компаниас Д.Зоригтбаатар, Б.Амарбаясгалан, Ж.Намжилмаа, Б.Энхмаа нарын ажилтнуудад олгосон цалин 26 840 000 төгрөг, нийт 112 899 582 төгрөг, мөн Ц.Г нь 2010 оны 5 дугаар сараас 2020 оны 8 дугаар сар дуустал 111 сарын цалин, нийгмийн даатгал 51 981 500 төгрөг, Х.Оюунчимэг, Б.Бямбаа, Ё.Энхсайхан нарыг залилсан гэх хилс хэрэгт 274 хоног цагдан хоригдсон нөхөн төлбөр 4 110 000 төгрөг, П.Ичинхорлоог залилсан гэх хэрэгт яллагдаж, эрүүл мэнд, сэтгэл санаа, нэр төр, алдар хүндэд учирсан хохирол 100 000 000 төгрөг, нийт 156 091 500 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн.

М ХХК-ийн 2010 оны 5 дугаар сараас 2020 оны 10 дугаар сарыг дуустал 126 сарын олох байсан орлогын зөрүү 4 302 956 төгрөг, хууль зүйн зөвлөгөө, өмгөөлөгчид төлсөн зардал 27 300 000 төгрөг, хараат бус аудитын дүгнэлт гаргуулсан 400 000 төгрөг, Ц.Г 2010 оны 5 дугаар сараас 2020 оны 10 дугаар сар дуустал нийт 126 сард авах байсан цалингийн зөрүү 4 733 000 төгрөг, нотариатын зардал 637 177 төгрөг, нийт 37 373 133 төгрөгөөр хохирлын хэмжээг нэмэгдүүлсэн.

Мөн М ХХК-ийн 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл 8 сарын хугацаанд олох байсан орлого 5 737 305 төгрөг, Ц.Гын 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацааны цалин, нийгмийн даатгалд 5 200 000 төгрөг, нийт 10 937 305 төгрөгөөр хохирлын хэмжээг нэмэгдүүлсэн.

Прокурорын байгууллага иргэн Ц.Дуламсүрэнд холбогдох Эрүүгийн 201301051138 хэргийг шүүхэд шилжүүлэхгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.7 дугаар зүйлийн 1, 2 дахь заалтууд зөрчсөнөөс бусдад алдсан өөрийн эзэмшилд байсан Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Нарны замын 324 тоот, 2 давхар 352 м.кв талбай бүхий үйлдвэрийн байр, газрын үнэ 700 000 000 төгрөгөөр хохирлоо нэмэгдүүлж байна.

2004 оны 8 дугаар сараас 2005 оны 6 дугаар сар хүртэл нийт 14 сард экспортлосон жонш 1 554 140 кг, үнэ 74 657 ам.доллар, Гаалийн ерөнхий газрын 2011 оны лавлагааг үндэслэн 2010 оны 5 дугаар сараас 2021 оны 8 дугаар сар дуустал нийт 136 сард 15 075 158 кг жонш экспортлож, 725 239 ам.доллар буюу 2 066 234 920 төгрөгийн орлого олох боломжоо алдсан гэж тооцон, хохирлын хэмжээг Монгол банкны 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн зарласан ханш 2,849 төгрөгөөр тооцон дээрх хэмжээгээр нэмэгдүүлж байна гэжээ.

 

2.      Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Хууль зүй, дотоод хэргийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: М ХХК нь энэхүү нэхэмжлэлд дурдсантай ижил агуулгатай асуудлаар буюу төрөөс гэм хорын хохиролд 73 971 103 төгрөг нэхэмжилснийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 1763 дугаартай шийдвэрээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 1646 дугаартай магадлалаар хэвээр үлдээсэн. Ц.Гыг 2008 онд эрүүгийн 21040691 дугаартай хэрэгт шалгаж, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 610 дугаартай шийтгэх тогтоолоор гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг баримтлан хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Хуулийн байгууллагаас М ХХК-ийн үйл ажиллагааг зогсоосон, хязгаарлалт тогтоосон талаар баримтгүй байхад компанийн үйл ажиллагаа хэвийн явсан бол, ирээдүйд олох байсан орлого, бусдын эзэмшлийн ашигт малтмалын ордоос олох байсан орлого зэргээр хуулийн этгээдийн нэрээр нэхэмжлэл гаргаж байгаа нь ойлгомжгүй байна. Хэргийн материалд прокурорын байгууллага хууль зөрчсөн болохыг тогтоосон баримтгүй, харин Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 610 дугаартай шийтгэх тогтоолд Ц.Год холбогдох хэргийн хохирогч, гэрч нарын мэдүүлгээр иргэд эд хөрөнгийн болон эдийн бус хэлбэрээр хохирсон байх тул цагдаа, прокурорын байгууллагын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль зөрчөөгүй.

Цагдан хоригдсоноос компанийн үйл ажиллагаа зогссон гэдэг нь ойлгомжгүй. Хилийн хориг тавьсан таслан сэргийлэх арга хэмжээ авсан боловч улс дотроо чөлөөтэй зорчих эрх нээлттэй байсан. Прокурорын байгууллага нь М ХХК болон иргэн Ц.Г нарын аль алиныг нь хохироогоогүй гэж үзэж байна. Иргэн Ц.Год залилуулсан гэх иргэдийн өргөдөл гомдлын дагуу шалгаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан. Эрүүгийн хэрэг үүсгэж таслан сэргийлэх арга хэмжээ авагдсанаар өөр бусад олон хүмүүсийг хохироохоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсан гэж үзэж байна гэжээ.

 

3.  Төрийг төлөөлөн Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Эрүүгийн 21040691 дугаартай хэрэгт хуулийн этгээд холбогдоогүй, харин иргэн Ц.Г шалгагдаж, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдөр 610 дугаартай шийтгэх тогтоолоор гэм буруутайд тооцсон. Мөрдөн байцаалтын шатанд Ц.Год цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан боловч ажил хөдөлмөр, компанийн үйл ажиллагаа явуулах эрхийг нь хязгаарлаагүй бөгөөд эрүүгийн 21040691 дугаартай хэргийг 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцэж шийтгэх тогтоол гарсан байхад 2020 оны 10 дугаар сар хүртэл хугацааны гэм хорын хохирол нэхэмжилж байгаа нь тодорхой бус байна. Ц.Гыг бусдыг залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, уг хэргээс Х.Оюунчимэг, Ё.Энхсайхан, Б.Бямбаа болон Ц.Г нарын хооронд эд хөрөнгө шилжүүлэн авах, үүний улмаас иргэн эд хөрөнгөөр хохирсон нь иргэд хоорондын маргаан гэж дүгнэн зарим үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн 610 дугаартай шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон.

М ХХК-ийн захирал Ц.Г, Нанжид ХХК-ийн захирал З.Нарантуяа нар 2004 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Хайлуур жонш худалдах, худалдан авах гэрээг 2004 оны 12 дугаар сарын 06-наас эхлэн 2005 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хугацаагаар байгуулж, тус гэрээнд 2005 оны 2 дугаар сарын 31-ний өдөр жонш нийлүүлэх тоо хэмжээг нэмэгдүүлэх тухай өөрчлөлт оруулсан баримт байх боловч 2010 он болон түүнээс хойшхи хугацаанд тус компаниуд жонш нийлүүлэх зорилгоор гэрээ байгуулж хамтран ажилласан, дээрх гэрээг сунгасан талаар баримт байхгүй байхаас гадна М ХХК хэрхэн яаж 2 066 234 920 төгрөгийн орлого олох боломжоо алдсан талаар баримтгүй. Ц.Г болон М ХХК 3 тэрбум гаруй төгрөгөөр хохирсон үйл баримт тогтоогдохгүй байна. Мөн 10 жил эрүүдэн шүүсэн талаарх баримтгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4.   Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтэд: Компани нь ашиг сонирхол нийлсэн бүлэг хүмүүсийг хэлдэг учраас захирал нь хоригдсон ч гэсэн компанийн дүрмийн дагуу үйл ажиллагаагаа бүрэн явуулах эрхтэй тул компанид хохирол төлөх үндэслэлгүй байна. Иргэн Ц.Гын хувьд нэхэмжилж буй үнийн дүн үндэслэл багатай гэж дүгнэжээ.

5.   Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.3 дугаар зүйлийн 1.1, 1.6 дахь хэсэг, 45.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Монгол улсын Засгийн газрын нөөц сангаас 29 746 820 төгрөг гаргуулан хүсэлт гаргагч Ц.Год олгож, түүний нэхэмжлэлээс үлдэх 136 914 857 төгрөгийн шаардлага, мөн хүсэлт гаргагч М ХХК-ийн төрөөс гэм хорын хохиролд 2 916 877 760 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар хүсэлт гаргагч нар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.

6.   Нэхэмжлэгч М ХХК-ийн давж заалдах гомдолд:

6.1 Анхан шатны шүүх Ц.Гын цагдан хоригдсон болон өмгөөллийн хөлсийг хангаж, бусад хэсгийг болон М ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй. Давж заалдах болон хяналтын шатны шүүх шийтгэх тогтоолуудыг удаа дараа хүчингүй болгож байсан ч Ц.Гыг эрүүдэн шүүсэн ажиллагаа 2019 оны 8 сар хүртэл үргэлжилснээс өнөөг хүртэл аж ахуйн үйл ажиллагаагаа сэргээж чадаагүй. Шүүх Ц.Гыг П.Ичинхорлоог залилсан гэм буруутай гэж үзэж байгаа тохиолдолд Ц.Г, М ХХК-ийн 2010 оны 5 сараас 2015 оны 05 сарыг дуустал буюу П.Ичинхорлоогийн гомдлоор хэрэг үүсэх хүртэл нийт 72 сарын хугацаанд үүссэн хохирлыг арилгах үүрэгтэй. Ц.Г 2013 оноос 192 000 төгрөг, 2014 оны 10 сараас 650 000 төгрөгийн цалин авч байсан. 2010 оны 5 сараас 2014 оны 9 сар дуустал 64 сарын цалин 12 288 000 төгрөг, 2014 оны 10 сараас 2015 оны 5 сар дуустал 8 сарын цалин 5 200 000 төгрөг, тасарсан цалин, нийгмийн даатгал нийт 15 376 000 төгрөг, 274 хоног цагдан хоригдсон 4 110 000 төгрөг, эрүүл мэнд, сэтгэл санаа, нэр төр, алдар хүнд, амьдралын баталгаа алдагдсан хохиролд 100 000 000 төгрөг, эрүүгийн хэрэгт нотариатын үйлчилгээ авсан 637 177 төгрөг, нийт 120 123 177 төгрөгийн хохирлыг төр хариуцаж арилгах үүрэгтэй.

6.2 М ХХК тусгай мэргэжлийн шинжээч томилуулж орлогоо тогтоолгох хүсэлт шүүхэд удаа дараа гаргаж байсан ч хүлээж аваагүй. Ц.Гыг эрүүдэн шүүж, гадагш явахгүй байх таслан сэргийлэх арга хэмжээ авсанаар аж ахуйн ажлууд зогссоны улмаас компанид учирсан 2 916 874 762 төгрөгийг хохирлыг төр хариуцах үүрэгтэй.

6.3 М ХХК нь 72 сарын хугацаанд жонш борлуулж, 1 276 221 770 төгрөгийн орлого олох боломж бүрэн байсан. Мөн 2008 оны санхүүгийн тайлан, баланс, аудитын дүгнэлт нотлох үйл ажиллагаанаас олох орлого 96 099 843 төгрөг, аудитын дүгнэлт хийлгэсэн хөлс 400 000 төгрөг, сул зогссон цалин 26 840 000 төгрөг, эрүүгийн хэрэг шүүхэээр шийдвэрлүүлэхгүй, хэрэгсэхгүй болгосноос алдсан объект, газрын үнэ 700 000 000 төгрөг, нийт 2 099 561 613 төгрөгийг төр хариуцаж арилгах үүрэгтэй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож буцааж өгнө үү гэжээ.

7.   Төрийг төлөөлж Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын давж заалдах гомдолд:

7.1 Нэхэмжлэгчийн холбогдон шалгагдсан эрүүгийн хэрэг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 610 дугаартай шийтгэх тогтоолоор эцэслэн шийдвэрлэгдэхдээ Х.Оюунчимэг, Б.Бямбаа, Ё.Энхсайхан нарыг хуурч мэхлэх аргаар онц их хэмжээний хохирол учруулсан, нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн зэрэг хэргүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон хэдий ч П.Ичинхорлоог хуурч мэхлэн 20 000 000 төгрөг залилан мэхэлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэрэг үйлдсэнээс хойш 5 жил өнгөрсөн гэх үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Нэхэмжлэгчийн холбогдон шалгагдсан дээрх эрүүгийн хэргүүд нэгтгэгдэн шалгагдсан бөгөөд тухайн хэрэг нь гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болсон гэж үзэх боломжгүй тул хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлс, цагдан хоригдсоны улмаас аваагүй цалин хөлсийг олгохоор шийдвэрлэж буй нь үндэслэлгүй. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

8.      Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Хууль зүй, дотоод хэргийн яамны давж заалдах гомдолд:

8.1 Иргэн Ц.Гыг хуулийн байгууллагаас хууль бусаар яллагдагчаар татсан, таслан сэргийлэх арга хэмжээ авсан болон цагдан хорьсон, эрүүдэн шүүсэн нь тогтоогдоогүй бөгөөд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 610 дугаартай шийтгэх тогтоолоос харахад нэхэмжлэгчийн холбогдон шалгагдсан зарим эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон ч эрүүгийн хэргүүд нэгтгэгдэн шалгагдсан бөгөөд тухайн хэрэг нь бүхэлдээ гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болсон гэж үзэх боломжгүй тул хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлс, цагдан хоригдсоны улмаас аваагүй цалин хөлсийг олгохоор шийдвэрлэж буй нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг зохигчийн гаргасан гомдлын хүрээнд хянан хэлэлцэж, нэхэмжлэгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар өөрчлөлт оруулав.

 

Нэхэмжлэгч Ц.Гыг 2010 оны 06 дугаар сарын 16-ны өдөр иргэн Х.Оюунчимэг, Б.Бямбаа, Ё.Энхсайхан нарыг хуурч мэхлэх аргаар залилж, онц их хэмжээний хохирол учруулсан гэх үйлдэлд, 2011 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хуурамч бичиг баримт үйлдэж, аж ахуй нэгж байгууллагад их хэмжээний хохирол учруулсан гэх үйлдэлд, 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдөр иргэн П.Ичинхорлоогийн эд хөрөнгийг залилан мэхэлсэн гэх үйлдэлд тус тус эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 2019/ШЦТ/610 дугаар шийтгэх тогтоолоор Ц.Гыг П.Ичинхорлоог хуурч 20,000,000 төгрөг залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэрэг үйлдсэнээс хойш 5 жил өнгөрсөн гэх үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, Х.Оюунчимэг, Б.Бямбаа, Ё.Энхсайхан нарыг хуурч мэхлэх аргаар залилж, онц их хэмжээний хохирол учруулсан болон хуурамч бичиг баримт үйлдэж, аж ахуй нэгж байгууллагад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 

Дээрх асуудлаар мөрдөн байцаалтын ажиллагаа явагдах хугацаанд нэхэмжлэгч Ц.Год хувийн батлан даалтад өгөх, гадагш явж болохгүй тухай баталгаа авах болон цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байх ба тэрээр нийтдээ 274 хоног цагдан хоригдсон үйл баримт тогтоогдсон.

 

1.   Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын тайлбар зэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дэх хэсэгт зааснаар тал бүрээс нь бодитойгоор харьцуулж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэгч М ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв. Учир нь нэхэмжлэгч М ХХК нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тус компанийн захирал Ц.Г эрүүгийн хэрэгт шалгагдаж, цагдан хоригдож, үйл ажиллагаа явуулах боломжгүй болсны улмаас компанийн олох байсан орлого болон жонш борлуулж олох байсан орлогод нийт 2,916,874,762 төгрөг гаргуулах гэж тайлбарлажээ.

 

М ХХК-ийн захирал Ц.Гыг эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгасантай холбоотойгоор мөрдөн байцаалт, прокурор, шүүхийн хууль бус ажиллагааны улмаас тус компанийн үйл ажиллагааг зогсоосон буюу шалтгаант холбоо тогтоогдоогүй байна. Энэ талаарх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй. Шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсгийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. Түүнчлэн, Ц.Год хувийн батлан даалтад өгөх болон гадагш явж болохгүй тухай баталгаа авах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авагдсантай холбоотой М ХХК нь жонш борлуулж 1,276,221,770 төгрөгийн орлого олох байсан гэдгээ эргэлзээгүй нотлох баримтаар нотолж чадаагүй. Өөрөөр хэлбэл, гэм хор учирсан гэх нөхцөл байдал, төрийн байгууллагуудын үйл ажиллагааны хооронд шалтгаант холбоо тогтоогдоогүй болно. Иймд энэ талаарх нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхив.

 

2.   Харин нэхэмжлэгч Ц.Гын нэхэмжлэлийн шаардлагаас 29,746,820 төгрөгт холбогдох хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэжээ.

Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Хүнийг хууль бусаар ял шийтгэсэн, баривчилсан, цагдан хорьсон, тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн, эмнэлгийн байгууллагад байлгасан, албадан эмчлэх арга хэмжээ хэрэглэсэн, эрүүдэн шүүсний улмаас учирсан хохирлыг мөрдөгч, прокурор, шүүгчийн гэм бурууг үл харгалзан төр хариуцан арилгана. гэж заасан. Тухайн хэрэг нь гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд хохирол нөхөн төлүүлэх эрх үүсэхээр мөн хуулийн 45.2 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан байна.

 

Нэхэмжлэгч Ц.Год холбогдох Х.Оюунчимэг, Б.Бямбаа, Ё.Энхсайхан нарыг хуурч мэхлэх аргаар залилж, онц их хэмжээний хохирол учруулсан болон хуурамч бичиг баримт үйлдэж, аж ахуй нэгж байгууллагад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 2019/ШЦТ/610 дугаар шийтгэх тогтоолоор тогтоогдож байх тул тэрээр учирсан хохирлоо нөхөн төлүүлэх эрхтэй. Тодруулбал, дээрх хуулийн 45.3 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хууль бус ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн аваагүй цалин хөлсний орлого, 1.6 дахь хэсэгт заасан хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлсийг төр хариуцан арилгах үүрэгтэй.

 

a)  Нэхэмжлэгч Ц.Г нь 2014 оны 1-5 сарыг хүртэл хугацаанд 192,000 төгрөгийн, 2014 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 650 000 төгрөгийн цалин хөлстэй гэж тайлбарлаж нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, цалин нэмсэн тушаалыг нотлох баримтаар гаргаж өгсөн байна. Нэхэмжлэгчийн цалин хөлс нэмэгдсэнээс хойшхи хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримт хэрэгт авагдаагүй боловч түүнийг 2014 оноос 2015 оны хооронд 274 хоног цагдан хоригдсон нөхцөл байдлыг харгалзан цалин хөлсөнд нэхэмжилсэн 4,110,000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй.

 

b)  Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Эд хөрөнгийн бус хохирол, сэтгэл санаанд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гаргана. гэж заасан байна.

 

Нэхэмжлэгч Ц.Гын холбогдсон иргэн Х.Оюунчимэг, Б.Бямбаа, Ё.Энхсайхан нарыг хуурч мэхлэх аргаар залилж, онц их хэмжээний хохирол учруулсан гэх, хуурамч бичиг баримт үйлдэж, аж ахуй нэгж байгууллагад их хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэргүүд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 2019/ШЦТ/610 дугаар шийтгэх тогтоолоор гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэгдсэн байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.2 дугаар зүйлийн 2.3 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч Ц.Год учирсан хохирлыг төр зохих хэмжээнд хариуцан арилгах үүрэгтэй.

Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1, 230.2 дахь хэсэгт эдийн бус гэм хорыг хуульд заасан тохиолдолд арилгуулахаар хохирогч шаардах эрхтэй, бөгөөд гэм хорыг арилгах үүргийн хэмжээг тодорхойлохдоо талуудын гэм бурууг харгалзахаар тус тус заасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд эдийн бус хохирлоо мөнгөн хэлбэрээр нэхэмжлэх эрхтэй талаар заасан байх тул үйлдээгүй гэмт хэрэгт яллагдсантай холбоотой нэхэмжлэгчийн сэтгэл санааны хохиролд 100,000,000 төгрөг гаргуулах шаардлагаас 10,000,000 төгрөгийн хэмжээнд хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэдийн төлөөлөгчийн компани нь ашиг сонирхол нийлсэн бүлэг хүмүүсийг хэлдэг учраас захирал нь хоригдсон ч гэсэн компанийн дүрмийн дагуу үйл ажиллагаагаа явуулах эрхтэй тул компанид хохирол төлөх үндэслэлгүй байна. Иргэн Ц.Гын хувьд нэхэмжилж буй үнийн дүн үндэслэл багатай гэх дүгнэлтийг харгалзан үзсэн болно.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, гуравдагч этгээд Хууль зүй, дотоод хэргийн яам болон Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын гомдлыг хангахгүй орхих үндэслэлтэй байна.

c)   Нэхэмжлэгч нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрх зүйн туслалцаа авахаар өмгөөлөгч Ц.Раашзэвэгтэй хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, гэрээний дагуу нийт 27,300,000 төгрөгийг бэлнээр өгсөн болох нь хэрэгт авагдсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, мөнгө хүлээлгэн өгсөн баримтаар тогтоогдсон. Өмгөөлөгч нь Өмгөөллийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцүүлэн өмгөөллийн хөлсийг харилцах дансаараа дамжуулан авах журамтай боловч нэхэмжлэгчийн бэлнээр төлсөн хөлсийг өмгөөлөгч хүлээн авсан байх тул өмгөөллийн хөлсөнд 27,300,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуулийн үндэслэлтэй. Энэ талаар гаргасан Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын болон гуравдагч этгээд Хууль зүй, дотоод хэргийн яамны гомдлыг хангах үндэслэлгүй.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч Ц.Гын нэхэмжлэлийн шаардлагаас 41,410,000 төгрөгт холбогдох хэсгийг хангасан өөрчлөлтийг оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.   Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 102/ШШ2021/02418 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 29,746,820 гэснийг 41,410,000 гэж, 136,914,857 гэснийг 125,251,677 гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2.   Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.9-д зааснаар зохигч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ