2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 192/ШШ2025/09936

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: С**** дүүрэг, *** хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, ***** төв байранд байрлах, Х ХК /рд: ***********/,

 

Хариуцагч: ********* дүүрэг, ******* дүгээр хороо, ********** байр, ********** тоот хаягт оршин суух, С-ийн С- /рд: ****** /,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 49,870,765.42 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Н,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Төвсайхан хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Х ХК нь хариуцагч С.С-эд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 49,870,765.42 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Зээлдэгч С.С- нь Хас банктай 2023 оны 8 дугаар сарын 14-ний өдөр 1330094836 дугаартай зээлийн гэрээг байгуулан 50,000,000 төгрөгийг жилийн 18,00 хувийн хүүтэй, 120 сарын хугацаатай үл хөдлөх эд хөрөнгийн санхүүжилтийн зориулалтаар авсан. Банк нь 2023 оны 8 дугаар сарын 14-ний өдөр зээлдэгч С.С-ийн Хас банкин дахь 5005676047 тоот дансанд 50,000,000 төгрөгийг шилжүүлэн 1330094836 тоот зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон. Мөн 1330094836 дугаартай Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2023 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 1330094836-01 дугаартай Ипотекийн гэрээгээр С.С-ийн өмчлөлийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205037109 дугаар, үл хөдлөх эд хөрөнгийн 001133471 дугаар гэрчилгээтэй Улаанбаатар хот, ***** дүүргийн **** дугаар хороо, ******* гудамж **** байр, **** тоот хаягт байрлах 38,4 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан. Гэрээний хугацаанд зээлдэгч нь 1330094836 дугаартай зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 3,330,883.51 төгрөг, зээлийн хүүнд 14,007,127.88 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 6,108.61 төгрөгийг төлсөн. Хас банкны зүгээс зээлдэгчийг зээл төлөх боломжоор хангаж, зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг мэдэгдэж, холбогдож байсан боловч гэрээнд заасан төлбөрийн үүргээ 2025 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс зөрчиж эхэлсэн бөгөөд нэхэмжлэл гаргаж буй 2025 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар гэрээний үүргийн зөрчил хугацаа хэтэрсэн хоног 108, зээлийн үлдэгдэл 46,669,116.49 төгрөг, хүү 3,196,331.93 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,317.00 төгрөг, төлбөрийн нийт үлдэгдэл 49,870,765.42 төгрөг байна. Бидний зүгээс зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэхийг шаардсан боловч үр дүнгүй байгаа тул зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж хариуцагч С.С-ээс зээлийн гэрээний үүрэгт 2025.08.06-ны байдлаар нийт 49,870,765.42 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч хариу тайлбартаа: Миний бие 2023.08.14 өдөр Хас банкнаас 50,000,000 төгрөгийн зээл авсан ба үндсэн зээл болон хүүнд 17 орчим сая төгрөг төлж хэвийн явж байсан боловч 2025 оноос хувийн эрхэлж байсан ажил маань доголдсон учир зээлээ төлж чадахгүй байдалд удаа дараа хүрсээн. Одооноос ажил минь хэвийн /хуучин/ горимоор үргэлжлүүлэн төлж байх хүсэлтэй байна гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: нэхэмжлэл /хх 1-2/, нэхэмжлэгчийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 7/, итгэмжлэл /хх 8-10, 36, 51/, Зээлийн гэрээ, хавсралт /хх 11-16/, Ипотекийн гэрээ /хх 17-20/, Х 133-Сансар салбар С.С- дансны хуулга /хх 21-24/,

 

4. Хариуцагчаас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Хариу тайлбар /хх 32/,

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч Х ХК нь хариуцагч С.С-эд холбогдуулан 49,870,765.42 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг гаргасан.

Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

2.1. Хариуцагч С.С-ээс №1330094836 дугаарт зээлийн гэрээний төлбөрт 49,870,116.49 төгрөг гаргуулах, №1330094836-01 дугаарт Ипотекийн гэрээний барьцаа хөрөнгө болох Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, Жалханц хутагт Дамдинбазар гудамж, 67 байр, 124 тоот хаягт байршилтай 38,4 м.кв, улсын бүртгэлийн Ү-2205037109 дугаар бүхий хоёр өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэж тодорхойлсон.

 

3. Хариуцагчаас зээлээ хэвийн горимоор үргэлжлүүлэн төлөх тухай тайлбар гаргасан.

 

4. Зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1. Нэхэмжлэгч Х ХК болон хариуцагч С.С- нарын хооронд 2023 оны 8 дугаар сарын 14-ний өдөр №1330094836 дугаартай Зээлийн гэрээ байгуулагдсан байна. Уг гэрээгээр нэхэмжлэгч нь хариуцагч С.С-эд 50,000,000 төгрөгийг, 120 сарын хугацаатай, зээлийн хүү жилийн 18 хувь, нэмэгдүүлсэн хүү эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөгдөөгүй үндсэн зээлгийн хүүгийн 20 хувь байхаар тохиролцож зээл олгожээ.

Дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 2023 оны 8 дугаар сарын 14-ний өдрөө №1330094836-01 дугаартай Ипотекийн гэрээ байгуулж, эрхийн улсын Ү-2205037109, ГД-001133471 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, Жалханц хутагт Дамдинбазар гудамж 67 байр, 124 тоот хаягт байршилтай, 38,4 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан байна.

 

Шүүхээс талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн бөгөөд зээлийн болон ипотекийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2-т ...зээлийн гэрээг бичгээр хийнэ, мөн хуулийн 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсэгт заасан Ипотек нь улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ, 166.2 дахь хэсэгт Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч нь ипотекоор хангагдах шаардлагын хэмжээ, түүний хүү, шаардлагыг биелүүлэх хугацаа зэргийг хамтран тодорхойлсон баримт бичиг үйлдэж үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болон үүрэг гүйцэтгүүлэгч хуульд заасан журмын дагуу ипотекийг бүртгүүлнэ гэсэн хуулийн шаардлагуудад нийцсэн, хүчин төгөлдөр байна гэж дүгнэлээ.

 

4.2. Нэхэмжлэгчийн зүгээс өөрийн шаардлагын үндэслэлээ ...Бидний зүгээс зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэхийг шаардсан боловч үр дүнгүй байгаа гэж тайлбарласнаас үзэхэд нэхэмжлэгч зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүргээ биелүүлэхийг хариуцагчаас шаардсан гэж үзэхээр байна.

Гэрээг тогтвортой, талуудын итгэл, найдварыг баталгаатай байлгах зорилгоор үндэслэлгүйгээр, дуртай үедээ гэрээнээс татгалзах, гэрээг цуцлахыг хуулиар хязгаарласан байдаг.

 

Харин гэрээний талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэйг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасан. Талуудын хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр байх учир нэг тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд нөгөө тал гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах эрхтэй.

 

Хариуцагч нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, гэрээний үүргээ зөрчсөн талаар маргаагүй. Иймд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, Зээлийн гэрээ-ний 6 дугаар зүйлийн 6.1, 6.1.1 дэх хэсгүүдэд зааснаар зээлдүүлэгч гэрээг хугацаанаас өмнө цуцлах эрхтэй ба нэхэмжлэгч тал шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацааны үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хариуцагч С.С-ээс шаардсан нь хууль зөрчөөгүй.

4.3. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүү, хугацаа хэтрүүлсний хариуцлага нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

Хариуцагч С.С-ээс зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан, зээл хүлээн авсан болон зээлийн тооцоолол, хэмжээн дээр маргаагүй тул нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан үүргээ гүйцэтгэсэн гэж үзэх бөгөөд хариуцагчаас гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй, хариуцагч гэрээний үүргээ биелүүлэх үүрэгтэй болно.

 

Иймд хариуцагч С.С-ээс 2023 оны 8 дугаар сарын 14-ний өдөр №1330094836 дугаартай Зээлийн гэрээний үүрэгт нийт 49,870,765.42 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэх нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдэд нийцнэ гэж шүүхээс үзэв.

 

4.4. Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1-д Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй, мөн хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж заасан.

 

Дээр дурдсанчлан талууд ипотекийн гэрээ байгуулж үүргийн гүйцэтгэлийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйлээр хангуулахаар тохиролцсон байх тул Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийн барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардах эрх нэхэмжлэгчид үүссэн байна. Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэнэ.

 

5. Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 477,504 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.С-ээс 477,504 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х ХК-д олгоно. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч С.С-ээс 49,870,765.42 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х ХК-д олгосугай.

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.С- нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгүүд болох эрхийн улсын Ү-2205037109 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, Жалханц хутагт Дамдинбазар гудамж 67 байр, 124 тоот хаягт байршилтай, 38,4 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 477,504 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.С-ээс 477,504 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х ХК-д олгосугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН