Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 2025/ДШМ/25

 

 

 

 

 

 

 

  2025       04          23                                           2025/ДШМ/25

 

 

 

У.Бт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

                                             

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, ерөнхий шүүгч З.Хосбаяр, шүүгч С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Прокурор                                                      Э.Г

Шүүгдэгчийн өмгөөлөгч                          Р.Ц

Хохирогч                                                      Д.О

Хохирогчийн өмгөөлөгч                            Ж.М

Нарийн бичгийн дарга                               Э.Булгантамир нарыг оролцуулан

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 95 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан хохирогч Д.О болон түүний өмгөөлөгч Ж.М нарын давж заалдах гомдлоор У.Бт холбогдох  дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овогт У-н Б,

У.Б нь 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 22.00 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ      аймгийн    сумын   багт байрлах “Э” караокед пиво цацсан гэх шалтгаанаар хохирогч Д.О-н нүүр хэсэг рүү нь микрофон шидэж, эрүүл мэндэд нь “нүүрний баруун хэсэгт шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос У.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх:

Шүүгдэгч Б овогт У-н Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Быг долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч У.Б шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арвандолдугаар бүлэгт зааснаар шүүгдэгчид торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч У.Баас 1.080.584 төгрөг гаргуулж хохирогч Д.О-т олгож,

хохирогч Д.О нь сорви арилгах болон олох байсан орлоготой холбоотой баримтуудаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар бүрдүүлж нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж, нэхэмжлэлийн шаардлагаас 9.453.418 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогч Д.О болон түүний өмгөөлөгч Ж.М нар давж заалдах гомдолдоо:

“... Нэг. Хохирогчийн олох ёстой байсан орлогын тухай.

Хохирогч Д.О       аймагт 23 жил үсчин хийж байгаа. Хэдийгээр тэр нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй, татварын албанд орлогоо тайлагнадаггүй ч тогтмол орлоготой болоод, ипотекийн зээлийн эргэн төлөлтөд сар бүр 830.000 төгрөгийг төлж чадна гэж үзэж банк түүнд ипотекийн зээл олгосон.

Хохирогч ажил төрөл эрхэлдэг, сар бүр тогтмол орлого олдог учраас холбогдох баримтууд /дансны хуулга хх 147-158, зээлийн гэрээ хх 98-103, ажлын байрны түрээсийн гэрээ хх 96-97/-аа, бүрдүүлж, гэмтлийн улмаас ажлаа хийх боломжгүй байсан 2 сарын хугацааны орлогоо нэхэмжилсэн.

Иргэний хуулийн 505.1-т “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй”,

505.2-т “Гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс, орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хэлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй “ гэж заасан, хуулийн энэ заалтын агуулгыг харсан ч шүүх дараа нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжпэх эрхтэй гэж өөрөөсөө холдуулахгүйгээр, баримт нь байгаа л бол хохирогчийн олох ёстой байсан орлогыг гэм буруутай этгээдээс гаргуулахаар шийдвэртээ тусгах нь зөрчигдсөн эрхийг сэргээх хуулийн зорилтод нийцнэ. Нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй, татварын албанд орлогоо тайлагнадаггүй бол орлого олдоггүй гэсэн үг биш. Хохирогч ажлын байрны түрээсийн гэрээ, ипотекийн зээлийн гэрээ, дансны хуулгаа хэрэгт хавсаргуулсан. Өөр ямар баримт байх ёстой, ямар баримт байвал хохирогчийн зөрчигдсөн эрхийг нь сэргээж өгөх юм.

“Үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж заасан Иргэний хуулийн 229.1 дэх хэсэгт заасны дагуу хохирогчийн олох ёстой байсан орлогыг нэг сарын орлого 9.000.000 төгрөг, нэг сарын ажлын байрны түрээс 500.000 төгрөг, ипотекийн зээлийн нэг сарын төлөлт 830.000 төгрөг, нийт 10.330.000 төгрөгийг гэм буруутай этгээдээс  гаргуулахаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.

Хоёр. Эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэх тухай.

Нүүрний сорвио арилгуулахаар хохирогч хоёр ч эмнэлгээр орж эмчилгээний үнийг нь тодруулж, эмчээс нь сорви арилгуулах эмчилгээний зардлыг бичүүлж хэрэгт хавсаргуулсан. Шүүх энэ баримтуудыг баримтын шаардлага хангаагүй гэж дүгнэж, нэхэмжлэлийн гиаардлагаас хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй. Хохирогч нүүрний сорвио арилгуулахаар 2024 оны 08 сарын 22-нд “Beauty Queen Clinic” эмнэлэгт үзүүлсэн байна /хх-77/.

Дээрх баримтууд нь эмчийн гарын үсэг, тэмдгээр баталгаажсан нотлох баримтын шаардлага хангасан баримтууд. Нүүрний сорви нь хүний гадаад үзэмж, гоо сайхантай холбоотой тул сорви арилгах эмчилгээний зардал нь зайлшгүй хийгдэх эмчилгээний зардалд хамаарч байна. Иймд Иргэний хуулийн 228.4-т заасаны дагуу хохирогчид сорви арилгах эмчилгээний зайлшгүй зардал болох “Beauty Queen Clinic" эмнэлэгт төлөх 2.850.000 төгрөгийг урьдчилан төлүүлэхээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.

Гурв. Толгойн MRI хийлгэсэн зардлын тухай.

Хүнд жинтэй төмөр микрофон нүүр рүүгээ шидүүлснээс толгой, нүүр, нүд өвдөөд маш их зовиуртай байсан тул эмчид үзүүлж, амбулторын карт /хх-73-75/ дээр бичигдсэн эмчийн үзлэгийн дагуу У хот явж нүдний эмчид үзүүлж толгойн MRI хийлгэсэн /хх-134/. 4 дүгээр эмнэлэгт 2024 оны 08 дугаар сарын 22-нд 240.000 төгрөгөөр тодосгогч бодисгүй, мөн өдөртөө 210.000 төгрөгөөр тодосгогч бодистой хийлгэсэн. Гэмтлийн улмаас эмчид үзүүлж, шинжилгээ хийлгэсэн нь эмчилгээний зайлшгүй зардал тул толгойн MRI хийлгэсэн зардлыг зайлшгүй эмчилгээний зардалд тооцож 450.000 төгрөгийг гаргуулахаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү … гэжээ.

             Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ц тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

           Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч Д.О тайлбартаа: ... Анхан шатны шүүх нэхэмжилсэн хохирлыг дутуу гаргуулж шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж хохирлыг минь шүүгдэгчээс гаргуулж өгнө үү гэв.

          Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн өмгөөлөгч Ж. тайлбартаа: Давж заалдах гомлоо дэмжиж байна ... Зайлшгүй гарсан болон цаашид гарах зардлуудыг шүүгдэгчээс гаргуулж өгнө үү гэв.

           Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Э.Г дүгнэлтдээ: Анхан шатны шүүх хохирогчийн хохирол нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр дүгнэлт гаргаж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1,3 дахь хэсэгт зааснаар У.Бт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ хохирогч Д.О-н гаргасан давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.  

          Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй. 

         У.Б нь 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 22 цагийн орчимд   аймгийн  сумын    багт байрлах “Э” караокед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, пиво цацсан гэх шалтгаанаар Д.О-н нүүр лүү микрофон шидэж, эрүүл мэндэд нь “нүүрний баруун хэсэгт шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь

        хохирогч Д.О-н ... 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 21 цагийн үед найз Э-н хамт “Э” караокед ороод сууж байтал миний өмнө нь хамтран амьдарч байсан А.Ч, А болон өөр танихгүй хоёр хүний хамт ирээд амгалан тайван байдал алдагдуулаад орилж чарлаад байсан. Би түүнд “зүгээр мөрөөрөө яв” гэж хэлчихээд байж байтал над руу нэг юм шидчихээд гараад явсан. Би тухайн хүмүүсээс яг хэн нь шидсэнийг харж амжаагүй ... Миний хацарны яс хүчтэй цохигдсоны улмаас арьс нь задарсан байсан. 10 гаруй оёдол тавиулсан. ... Миний эрүүл мэндийг хохироож, гоо сайханд минь халдсан тэр хүнээс хохирол, мөнгө нэхэмжилнэ ... гэсэн мэдүүлэг,

 гэрч Л.Эн ... 2024 оны 7 дугаар сарын 29-ний орой 21 цагийн орчим “Э” караокед найз Он хамт үйлчлүүлээд сууж байтал хажуугийн ширээнд үл таних дөрвөн залуу орж ирээд өргөн шанаатай, саарал өнгийн юүдэнтэй цамцтай нэг залуу нь ирээд намайг хүзүүдэж аваад “чи энэ хүүхний юу нь юм” гэхээр нь би “юу нь ч биш, чи зүгээр цаашаа бай” гэж хэлээд босож яваад өөр ширээн дээр сууж байсан хүмүүстэй уулзчихаад буцаад иртэл дахиад хүрээд ирсэн. Би тухайн үедээ нарийн учрыг нь ойлгохгүй байсан болохоор тэр залууг “яваад өгөөч” гэж гуйсан.  Өргөн шанаатай, саарал өнгийн юүдэнтэй цамцтай залуу нь намайг “ална” гээд байсан, тэгээд хоорондоо маргалдаад байж байтал доод эрүүндээ сахалтай, туранхайвтар залуу ирээд Ог доромжлоод, зүй бусаар хэлээд байсан, намайг өөр тийшээ анхаарал сарнисан байхад О орилоод унасан, би О рүү хартал нүүрээ бариад доошоо тонгойгоод сууж байсан, тухайн хүмүүсийн яг аль нь юм шидсэнийг харж амжаагүй ... ” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17 дахь тал/,

гэрч А.Чн “... “Э” караоке орсон чинь Б, Н, Д нар пиво уучихсан, дуулаад байж байсан, би ширээнд нь суугаад дуусахыг нь хүлээгээд сууж байсан чинь миний салсан эхнэр О 00-н өрөөнөөс гарч ирээд баруун талын ширээнд нэг залуутай суухаар нь би Д билүү Н “салсан эхнэр явж байна, би цуг баймааргүй байна, эндээс гаръя” гэсэн ... би эхнэр дээр очоод “чи одоо охинтойгоо гэртээ байхгүй, эр эргүүлээд янхандаад явж байдаг” гээд хэлчихсэн чинь хэрүүл эхэлсэн. Тэгээд хэрүүл намжаад сууж байсан чинь эхнэртэй цуг явж байсан залуу дээр Б очоод юм яриад байсан, ... Б дуу дуулахдаа босоод О-н хажууд очоод дуулаад байсан чинь О босож ирээд ширээн дээр байсан лаазтай пиво барьж байгаад Б луу цацчихсан, тэгсэн зөөгч эмэгтэй ирээд “та зүгээр дуулж байгаа хүн рүү пиво цацчихлаа шүү дээ, таны буруу шүү дээ” гээд эхнэр, зөөгч хоёр маргалдаж байхад Б тойрч очоод эхнэр О рүү дуулж байсан микрофоноо шидчихсэн. Ямар шалтгааны улмаас шидсэнийг мэдэхгүй, пиво цацуулсан уурандаа шидчихсэн байх ... ” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21 дэх тал/,

гэрч Ч.Дн “... Быг босож зогсоод дуулж байхад нь Ч ахын эхнэр гэх хүн босож ирээд Б руу пиво цацчихсан, тэр үед ямар нэгэн асуудал гараагүй. Би текний хэсэгт нутгийн дүү бармен хийж байхаар нь ойр зуурын яриа өрнүүлээд зогсож байсан чинь нөгөө эмэгтэй Б руу дахин пиво цацаад, хэрүүл шуугиан болоод явчихсан ... маргааш нь Ч ах “эхнэрийн нүд гэмтчихсэн байна” гэсэн ... Б микрофон шидчихсэн гэдгийг сонссон ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 24-25 дахь тал/,

У.Бын яллагдагчаар өгсөн “ … Прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна ... “Э” караокед Н, Д, Ч нарын хамтаар үйлчлүүлж байсан чинь Ч ах эхнэрээ нэг залуутай явж байхыг нь хараад “чи хүүхэд хаяад эр эргүүлээд явлаа” гээд хэрүүл маргаан хийж байгаад Ч ах “явъя” гэсэн. Намайг дуу дуулж байсан чинь Ч ахын эхнэр нь ууж байсан пивоо цацчихсан, ингээд хэрүүл маргаан болж байхад нь би гартаа барьчихсан байсан микрофоноо Ч ахын эхнэр лүү шидчихсэн ... гэмтэл учирсан талаар мэдээгүй байж байсан чинь Цагдаагийн байгууллагаас холбогдоод миний шидсэн микрофонд хохирогч О оногдож, биед нь гэмтэл учирсныг мэдсэн ... Би хийсэн үйлдэлдээ их гэмшиж байна, гэм буруугийн хувьд маргах зүйлгүй ... ” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 70-71 дэх тал/,

Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 691 дугаартай “ ... Д.О-н биед нүүрний баруун хэсэгт шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн, нэг удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байхаар, шинэ гэмтлүүд байна ...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 29-30 дахь тал/,

   Шүүх сэтгэцийн шинжилгээний тасгийн шинжээч нарын “... Д.О-н сэтгэцэд ... гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стрессийн шинжүүд хөнгөн түвшинд илэрч байна. Дээрх шинжүүд илэрсэн нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарна ...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 117-119 дэх тал/,

Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч нарын “... 2024 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Ч.Б-н гаргасан 691 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Д.О-н биед тогтоогдсон хохирлын хөнгөн зэрэг өөрчлөгдөхгүй ... ” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 126-128 дахь тал/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ. 

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.”, 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж тус тус заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч У.Быг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч У.Бын караоке бааранд архидан согтуурсан үедээ пиво нүүр рүү нь цацсанд уурлан хохирогч Д.О-н нүүр хэсэг рүү микрофон шидэж нүүрний баруун хэсэг хэсэгт шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Хохирогч Д.О мөрдөн шалгах ажиллагааны явцад 52.156.900 төгрөгийн хохирол нэхэмжилсэн боловч шүүхийн шатанд нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 32.395.298 төгрөгийн хохирол хор уршиг нэхэмжилсэн.

Анхан шатны шүүх хохирогч Д.О-н сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг хохирлын хэмжээнд нөлөөлж болох нөхцөл байдлуудыг харгалзан үзээд гэмт хэрэг үйлдэгдэх үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож 660.000 төгрөг, мөн нүүрэнд учирсан гэмтлийг эмчлүүлэхтэй холбоотой шууд хохирлын 1.420.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглээгүй байна.

Хохирогч Д.О олох ёстой байсан орлогын 9.000.000 төгрөг, нэг сарын ажлын байрны түрээсийн 500.000 төгрөг, ипотекийн зээлийн нэг сарын төлөлтийн 830.000 төгрөг, сорви арилгах эмчилгээ хийлгэх зайлшгүй зардал болох 2.850.000 төгрөг, толгойн МRI хийлгэсний 450.000 төгрөг нийт 13.630.000 төгрөг шүүгдэгч У.Баас гаргуулж өгнө үү ... ” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.  

Иргэний  хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад, анхан шатны шүүх гэм хорын хохирлын хэмжээг тогтоохдоо, хохирогчоос гаргаж өгсөн баримтыг үндэслэн хохирлыг тооцож, түүнээс шүүгдэгчийн төлсөн 1.000.000 төгрөгийг хасаж, шийтгэх тогтоолоор шүүгдэгч У.Баас 1.080.584 төгрөг гаргуулж хохирогч Д.О-т олгохоор шийдвэрлэхдээ хохирогчийн тархины MRI хийлгэсэн баримтанд авагдсан 450.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах боломжтой байхад үндэслэлгүй дүгнэлт хийж гаргуулаагүй байна.

Хэрэгт авагдсан хохирогчийн амбулаториор үйлчлүүлэгсдийн картанд бичигдсэн өвчний онош, эмчийн бичсэн эмчилгээнд дээрх гэмтлийн улмаас хохирогчийг толгойн компьютер томограф хийлгэх шаардлагатай гэсэн тэмдэглэлийг үндэслэн тархины компьютер томограф шинжилгээ хийлгэсэн 450.000 төгрөгийг гэмтэлтэй хамааралтай хохирол гэж давж заалдах шатны шүүх дүгнээд шүүгдэгчээс гаргуулахаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Харин хохирогчийн нэхэмжилсэн нэхэмжлэлээс гэмтэлтэй хамааралгүй баримтууд болох саунд орсон, хоол хүнсэнд зарцуулсан, нурууны бүс, ариун цэврийн хэрэглэл авсан зэрэг өөрийн хэрэгцээнд зарцуулсан баримтууд, шатахууны баримтууд болон нотлох баримтын шаардлага хангаагүй баримтууд, өмгөөллийн үйлчилгээний хөлс зэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

Хохирогчийн нэхэмжилсэн олох ёстой байсан орлогыг хэрэгт авагдсан дансны хуулгаар тооцоолох боломжгүй, нүүрэнд үүссэн сорвио  арилгуулсны дараа гарсан зардлаа нэхэмжлэх, түрээсийн төлбөр, зээлийн эргэн төлөлт зэрэг хохирлыг эрүүгийн хэрэгтэй хамт шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэж нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэсэн нь  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 3 дах хэсэгт заасантай тус тус нийцсэн байх тул хохирогчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан гэж үзэх боломжгүй байна.

             Иймд хохирогч болон түүний өмгөөлөгчийн “... хохирогчийн олох ёстой байсан орлого, эмчилгээний зайлшгүй зардал, толгойн MRI хийлгэсэн зардал зэргийг гаргуулахаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэсэн давж заалдах гомдлоос “толгойн MRI хийлгэсэн зардал болох 450.000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэсэн хэсгийг хүлээн авч, бусад хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 95 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтын “...1.080.584 төгрөг гаргуулж ...” гэснийг “...1.530.584 төгрөг гаргуулж ...” гэж, “...9.453.418 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай ...” гэснийг “... 9.003.418 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай ... ” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.  

 

2. Хохирогч Д.О болон түүний өмгөөлөгч Ж.М нарын давж заалдах гомдлын “...толгойны МRI хийлгэсэн зардлын 450.000 төгрөг гаргуулж өгнө үү...” гэсэн хэсгийг хүлээн авч, бусад хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.УРАНЧИМЭГ

 

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      З.ХОСБАЯР

 

ШҮҮГЧ                                                           С.ЦЭЦЭГМАА