Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 104

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Оюунтунгалаг,

Улсын яллагч: Д.Ганчимэг,

Шүүгдэгч: Э.Б /өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сартуул овогт Эрдэнэ-Очирын Бэд  холбогдох 1729000710096 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Эрдэнэ-Очирын Б нь “Таван толгойн шин” ХХК-нд жолоочоор ажиллаж байхдаа буюу 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг “Гашуун сухайт” авто замын 6 дахь километр 55-83 БЧ улсын дугаартай чиргүүлтэй, 40-28 ӨМА улсын дугаартай  Нордбенз маркийн тээврийн хэрэгслээс 18 ширхэг дугуй, 200 литр түлшийг завшиж, бусдад нийт 5,802,000     /таван сая найман зуун хоёр мянга/ төгрөгийн  хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Б мэдүүлэхдээ: “Гэм буруутай үйлдэл хийснээ хүлээн зөвшөөрч байна. Хохирол учруулсан байгууллагатай хохирол төлж барагдуулах талаар тохиролцсон байгаа.” гэв.

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-15 дугаар хуудас/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Энхманлайн: ““Манай Таван толгой шин” ХХК-ийн эзэмшлийн 55-83 БЧ дугаартай чиргүүлтэй, 40-28 ӨМА улсын дугаартай Нордбенз маркийн нүүрс тээврийн хэрэгслийг жолооч Э.Б БНХАУ-ын нутаг дэвсгэр “Ганц мод” боомтоос нүүрс тээвэрлэхээр хүлээн аваад Монгол улсруу жолоодон орж ирээд жолооч болон машин хаана байгаа нь олдохгүй байтал Цогтцэций сумын нутаг дэвсгэр, нүүрс тээврийн 6 дахь км-ээс машиныг олсон. Тэр машины чиргүүл, толгой нийтдээ 18 ширхэг дугуй нь хуучин муу ашиглах боломжгүй дугуйгаар солигдсон байдалтай байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 20-22 дугаар хуудас/,

Э.Бийн гэрчээр өгсөн: “би тухайн тээврийн хэрэгслийг анх хүлээж авахад хариуцах унах талаар гэрээг байгуулан гарын үсэг зурж тухайн тээврийн хэрэгслийг бүрэн бүтэн хүлээж авсан ... тухайн түлшийг Таван толгойн уурхайруу унаж ирж дуусгасан учир түлшийг би төлж барагдуулна. “гэх мэдүүлэг /хх-н 24-26 дугаар хуудас/,

Гэрч Х.Батдэлгэрийн: “...уг авто машиныг хайлгахад “Гашуун сухайт” авто замын 6 дахь км-т урагшаа харуулан байрлуулан тавьсан байсан ба машинаас 18 ширхэг дугуй, 200 орчим литр дизель түлш зэрэг эд зүйл тоногдож, солигдсон байдалтай олдсон...” гэх мэдүүлэг /хх-н 27-29 дүгээр хуудас/,

Гэрч П.Амартүвшингийн: “...уг машины бүрэн бүтэн байдлыг шалгаж үзэхэд нийтдээ 18 ширхэг дугуй болон банканд нь байсан 200 орчим литр дизель түлш байхгүй байсан ...” гэх мэдүүлэг /хх-н 30-32 дугаар хуудас/

“Вендо” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Ц18-13 дугаартай тайлан /хх-н 34-41 дүгээр хуудас/,

Э.Бийн яллагдагчаар өгсөн: “40-28 ӨМА улсын дугаартай Нордбенз машиныг 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр БНХАУ-н Ганц модны боомтод Өвөр Монгол Өлзий гэх хөтчөөр дамжуулан нүүрс тээвэрт явахаар хүлээн авсан” гэх мэдүүлэг /хх-н 46-49  дүгээр хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбогдох баримт /хх-н 50-53, 55-62, 64-67 дүгээр хуудас/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Энхманлайн шүүгдэгчтэй хохирол төлбөрийн талаар тохиролцсон талаар ирүүлсэн баримт зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй байна.

  1. Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Эрдэнэ-Очирын Б нь “Таван толгойн шин” ХХК-нд жолоочоор ажиллаж байхдаа буюу 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг “Гашуун сухайт” авто замын 6 дахь километрт 55-83 БЧ улсын дугаартай чиргүүлтэй, 40-28 ӨМА улсын дугаартай  Нордбенз маркийн тээврийн хэрэгслээс 18 ширхэг дугуй, 200 литр түлшийг завшиж, бусдад нийт 5,802,000/ таван сая найман зуун хоёр мянган/ төгрөгийн  хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд хохирогч “Таван толгойн шин” ХХК-ийн нүүрсний тээвэрлэлт хийлгэхээр итгэмжлэн хариуцуулж явуулсан 55-83 БЧ улсын дугаартай чиргүүлтэй, 40-28 ӨМА улсын дугаартай  Нордбенз маркийн тээврийн хэрэгслэлд учирсан хохирол нь шүүгдэгч Э.Бийн тус тээврийн хэрэгслээс 18 ширхэг дугуй, 200 литр түлш  зэргийг авч завшин, өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь  Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эд хөрөнгөд нь халдаж хохирол учруулсан гэмт үйлдэл болох юм. 

Иймд шүүгдэгч Э.Бийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр бусдын эд хөрөнгийг завшиж, хохирол учруулсан гэм буруутайд тооцох эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

  1. Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.

Хохирогч “Таван толгойн шин” ХХК-д хохирол учирсан болох нь шүүгдэгчийн шүүх хуралдааны хэлэлцүүлэг болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 24-26 дугаар хуудас/, яллагдагчаар өгсөн  мэдүүлэг /хх-ийн 46-49 дүгээр хуудас/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Энхманлайн мэдүүлэг / хх-ийн 20-22 дугаар хуудас/, хөрөнгийн үнэлгээний Ц18-13 дугаартай тайлан /хх-н 34-41 дүгээр хуудас/-аар тус тус тогтоогдож байна.

“Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” гэж заасан бөгөөд шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас хохирогчид  5,802,000 / таван сая найман зуун хоёр мянган/ төгрөгийн хохирол учруулсан, дээрх хохирлоос 700,000 /долоон зуун мянга/-н төгрөгийг бэлнээр өгч үдлэгдэл болох 5,102,000 /таван сая нэг зуун хоёр мянга/ төгрөгийн хохиролыг өөрийн биеэр тус компанийн автомашиныг жолоодон хохирлыг барагдуулахаа илэрхийлж, хохирогч “Таван толгой шин” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Э.Энхманлайтай эвлэрч, тохиролцсон байх тул шүүгдэгч Э.Бийг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байна гэж үзлээ.

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх бөгөөд шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан үндэслэл болох хохирогчид учирсан хохирол төлбөрт 700,000 /долоон зуун мянга/-н төгрөгийг бэлнээр өгч үдлэгдэл болох 5,102,000 /таван сая нэг зуун хоёр мянга/ төгрөгийн хохиролыг төлж барагдуулахаа илэрхийлсэн, хийсэн хэрэгтээ үнэн санаасаа гэмшиж байгаа зэрэг нөхцөл байдлуудыг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, шүүгдэгчдийн хувийн байдлыг харгалзан үзэж, улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаар  гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/-н сарын хугацаагаар, нээлттэй хорих байгууллагад хорих ял эдлүүлэх саналыг хянаад, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан, шүүгдэгч Э.Бэд ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаа/-н сарын хугацаагаар тэнсэж, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т тус тус зааснаар тэнсэгдсэн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, зан үйлээ засах үүрэг хүлээлгэх нь зүйтэй.  

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Э.Бэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Сартуул овогт Эрдэнэ-Очирын Бийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.Бэд хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаа/-н сарын хугацаагаар тэнсэж, ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т тус тус зааснаар тэнсэгдсэн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, зан үйлээ засах үүрэг хүлээлгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5, 6 дахь хэсэгт тус тус зааснаар Э.Б нь тэнсэгдсэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах талаар тайлбарласугай.   

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бээс 5,102,000 /таван сая нэг зуун хоёр мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч “Таван толгой шин” ХХК-д олгосугай.

5. Шүүгдэгч Э.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулвал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй Э.Бийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Э.Бэд урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Э.Бэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ӨЛЗИЙ-ОТГОН