Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2018/00686

 

 

 

 

 

2018 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2018/00686

 

 

А.Бямбасүрэнгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Г.Даваадорж, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 181/ШШ2018/00253 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: А.Бямбасүрэнгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ирмүүн-Агентлаг ТББ-д холбогдох

2017 оны 5 дугаар сард өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлсөн тушаал гаргаж гардуулахыг даалгах, 2017 оны 3 дугаар сарын дутуу авсан цалинд 439 000 төгрөг, 2017 оны 4, 5 дугаар сарын цалинд 1 500 000 төгрөг гаргуулж, энэ хугацааны эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэл хураамж нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах, ээлжийн амралт 11 хоногийн олговорт 600 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бадрал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бадрал нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: А.Бямбасүрэн нь 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Ирмүүн-Агентлаг ТББ-д оффис менежерээр ажилд орсон. Төрийн бус байгууллагын тэргүүн А.Батжаргал 2016 оны 11 дүгээр сарын 24-ны өдөр ажилд авсан тушаал гаргасан. Эхний гурван сарын туршилтын хугацаанд үндсэн цалингийн 70 хувь буюу 1 200 000 төгрөгөөр тохиролцсон. Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Туршилтын хугацаа дуусмагц жинхлэх асуудлыг шийдүүлэхээр байгууллагын удирдлагуудад удаа дараа хандсан. А.Батжаргал нь тус Төрийн бус байгууллагын тэргүүн боловч уг ажлаа хийдэггүй, ажилдаа ирдэггүй, оронд нь А.Батжаргалын эгч Космополитан сэтгүүл ХМХ-ийн захирал А.Дэлгэржаргал нь түүний өмнөөс бүх шийдвэрийг гаргаж удирдаж байсан. Захирлын итгэмжлэгдсэн төлөөлөгч н.Анхбаяр нь та 2 дугаар сарын 1-ний өдрөөс жинхэлсэнд тооцож тушаалаа гаргуулж болно гэсний дагуу тушаал гарсан боловч 2 дугаар сарын цалин олгоход үндсэн цалинг нэмээгүй, туршилтын хугацааны цалинг хэвээр олгосон. Нэхэмжлэгч нь 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр н.Дэлгэржаргал захиралд 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөр тасалбар болгон ажлаас гарах тухай өргөдлөө и-мэйлээр явуулсан. Хүсэлтэд хариу өгөхгүй байсан тул 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр ажил хүлээлцэх тухай дахин хүсэлт гаргахад захирлын итгэмжлэгдсэн төлөөлөгч н.Анхбаяр ирж 5 хоног хүлээж байхыг хүссэн. 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр А.Дэлгэржаргал захирал 5 дугаар сарын 08-ны өдөр шинэ ажилтанд ажлаа хүлээлгэж өгөөрэй гэсэн боловч тэр шинэ ажилтан нь ямар цалинтай, ямар ажил хийхээ тохиролцоогүй байгаа тул ямар нэг ажил хүлээж авахгүй гэж татгалзсан. 2017 оны 5 дугаар сарын 10, 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдөр болон 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрүүдэд ажлаа гүйцээн хүлээлгэн өгч 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдөр тойрох хуудсаа зуруулсан.

Ажлаа хүлээлгэн өгч тойрох хуудас авсан ч ажлаас чөлөөлөх тушаалыг гаргаж өгөөгүй, 4 дүгээр сар, 5 дугаар сард ажилласан цалинг олгоогүй, мөн ээлжийн амралтын олговрын тооцоог хийгээгүй, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилтийг хийж өгөөгүй зэрэг хууль бус үйлдэл гаргаж миний хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн. Энэхүү асуудлыг шийдүүлэхээр 2017 оны 5 дугаар сарын 22, 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэст өргөдөл гаргасан. 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс Зөрчлийн хууль үйлчилж эхэлсэн энэ дагуу шийдвэрлэнэ гэсэн боловч Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 211 дугаартай прокурорын тогтоол гаргаж, зөрчилд хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр гомдлыг шийдвэрлэхээс татгалзсан тул шүүхэд хандсан.

Иймд А.Бямбасүрэнг 2017 оны 5 дугаар сард өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлсөн тушаал гаргаж гардуулахыг хариуцагчид даалгаж, 2017 оны 4 дүгээр сар болон 5 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл ажилласан хугацааны цалин 1 500 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах, уг хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг Ирмүүн агентлаг төрийн бус байгууллагад даалгаж, нийт ажилласан 6 сарын хугацаанд ногдох ээлжийн амралтын олговор 600 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс 3 сарын туршилтын хугацаагаар А.Бямбасүрэнг оффис менежерээр авч ажиллуулсан. Оффис менежерийн ажлыг А.Бямбасүрэн хийх явцад манайд хэрэгжиж байсан төсөл хэрэгжихээ больж хойшлогдсон учир ажил үүргийн хуваарьт нь өөрчлөлт орж, архивын материал бүрдүүлэх ажлыг гүйцэтгэж байсан. Туршилтын хугацаа дуусах үед жинхлэх боломжгүйг түүнд хэлж, өмнө даалгасан ажлаа дуусгаад явж болно гэсэн. А.Бямбасүрэн 2017 оны 3 дугаар сард ажилласан, түүнээс хойш 1 сар гаруй хугацаанд өмнө өгсөн үүрэг даалгавар, материал бүрдүүлэх ажлаа хугацаанд хийгээгүйгээс хугацаа хойшилж ажилласан. А.Бямбасүрэн үндсэн ажлаа бүрэн хийгээгүй, дутуу хийсэн бөгөөд даалгасан ажлыг заасан хугацаанд хийгээгүй, тэр ажлын цалинг өмнө нь олгосон тул хугацаа алдсаны хөлс төлөхгүй. Ажлаа гүйцээн хийж өгвөл халсан тушаал гаргана. Ажлаа хийгээгүй байж тушаал гаргуулах гэж байгааг нь зөвшөөрөхгүй, мөн 2017 оны 4, 5 сарын цалин олгох үндэсгүй, үүнийгээ дагаад нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамж төлөгдөхгүй, бас ээлжийн амралтын олговор гаргуулах шаардлагыг зөвшөөрөхгүй. Харин 2017 оны 3 дугаар сарын цалингийн дутуу 439 000 төгрөгийг шийдэж болох бөгөөд төлөхөд татгалзахгүй гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, 49 дүгээр зүйлийн 49.1, 60 дугаар зүйлийн 60.1, 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөр тасалбар болгон ажилтны санаачилгаар хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон тушаал гаргаж А.Бямбасүрэнд гардуулахыг Ирмүүн агентлаг ТББ-д даалгаж, Ирмүүн агентлаг ТББ-аас 2017 оны 3 дугаар сарын үлдэгдэл цалин 439 000 төгрөг, 2017 оны 4, 5 дугаар сарын цалин 1 161 000 төгрөгийг тус тус гаргуулж А.Бямбасүрэнд олгож, А.Бямбасүрэнгийн 2017 оны 4 дүгээр сар, 5 дугаар сарын 10-ныг хүртэлх хугацааны цалин /1 500 000 төгрөг/-өөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг Ирмүүн агентлаг ТББ-ын удирдлагад даалгаж, А.Бямбасүрэнгийн нэхэмжлэлийн шаардлагаас ээлжийн амралтын олговорт 600 000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 139 300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 110 750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бадрал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйл, Монгол Улсын Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 2000 оны 166 дугаар тушаалаар батлагдсан "Ээлжийн амралт олгох заавар", "Ээлжийн амралтын олговор тооцох журам"-ыг хэрэглэх ёстой байсан боловч хэрэглэсэнгүй. А.Бямбасүрэн нь хариуцагч байгууллагад 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр анх ажилд орж, 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүртэл 6 cap ажилласан тул хариуцагч нь түүнийг ажлаас гарахад ээлжийн амралтын тооцоог хийж, ээлжийн амралтын мөнгөн олговрыг олгох ёстой.

Учир нь ээлжийн амралт олгох зааврын 15-д "Ажилтан ажлаас халагдах үед ажил олгогч нь түүнтэй ээлжийн амралтын тооцоог заавал хийнэ. Ээлжийн амралтын тооцоог дор зааснаар хийнэ. Үүнд: а/ ажилтанд ажилласан хугацаанд нь ногдох амралтын тооцооны дагуу мөнгөн олговор олгох" гэж заасан. Мөн ээлжийн амралтын олговор тооцох журмын 5-д "Ажилтны ажилласан хугацаа 12 cap хүрээгүй бол түүний ээлжийн амралтын олговрыг ажилласан хугацааны дундаж цалин хөлсөөр тооцно" гэж заасан. Нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлж ажилласан жил 2017 оны 5 дугаар сард 16 жилд хүрсэн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.5.3-д зааснаар ажлын 7 өдрийн нэмэгдэл амралт авч, нийт ажлын 22 өдөр амрах эрхтэй болсон. Үүнээс хариуцагч байгууллагад 6 cap ажилласан тул уг хугацаанд нэхэмжлэгчид ногдох амралтын өдөр нь 11 өдөр байна. Нэхэмжлэгч нь нэг сарын 1 200 000 төгрөгийн цалинтай, нэг өдрийн дундаж цалин нь 54 545 45 төгрөг тул амралтын 11 өдрийн олговорт 600 000 төгрөг авах эрхтэй байна.

Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгчийг ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй ажилтан ээлжийн амралтын олговрын оронд мөнгөн урамшуулал авахаар шаардаж байгаа мэтээр буруу ойлгож дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Иймд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 253 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчаас ээлжийн амралтын олговорт 600 000 төгрөг гаргуулах шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй боловч ажилтны ээлжийн амралт эдлэх, холбогдох олговор олгохтой холбоотой харилцааны талаар буруу дүгнэлт хийснийг залруулах шаардлагатай байна.

Нэхэмжлэгч А.Бямбасүрэн нь хариуцагч Ирмүүн-Агентлаг ТББ-д холбогдуулан 2017 оны 5 дугаар сард өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлсөн тушаал гаргаж гардуулахыг даалгах, 2017 оны 3 дугаар сарын дутуу авсан цалинд 439 000 төгрөг, 2017 оны 4, 5 дугаар сарын цалинд 1 500 000 төгрөг гаргуулж, энэ хугацааны эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэл хураамж нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах, ээлжийн амралтын 11 хоногийн олговорт 600 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

А.Бямбасүрэн нь 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Ирмүүн-Агентлаг ТББ д оффис-менежерээр томилогдон ажилласан, ажил олгогч хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй, 2016 оны 11 дүгээр сарын 24-ны өдөр 26 тоот тушаал гарган гурван сарын туршилтын хугацаа тогтоож энэ хугацаанд 1 200 000 төгрөгийн үндсэн цалинтай байхаар тохиролцсон, 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүртэл тус байгууллагад ажилласан, зэрэг үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна./х.х-ийн 5-6, 9, 10 дугаар тал/

Ирмүүн-Агентлаг ТББ-ийн дэргэд хөдөлмөрийн маргаан таслах комисс ажилладаггүй. Нэхэмжлэгч нь тушаал гаргуулах, цалин хөлс, амралтын олговор олгоогүй талаарх хөдөлмөрлөх эрхтэй холбоотой өргөдлөө 2017 оны 5 дугаар сарын 22, 8 дугаар сарын 17-ны өдөр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар болон Сүхбаатар дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтэст гаргаж, энэхүү өргөдлийн хариуг Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр авч 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хугацааг хэтрүүлээгүй гэж дүгнэсэн. Энэ талаар талууд маргаагүй, хариуцагч гомдол гаргаагүй байна.

Ажил олгогч нь бичгээр хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй ч тушааал гарган А.Бямбасүрэнтэй туршилтын хугацаагаар гэрээг амаар байгуулсан боловч үргэлжлүүлэн ажиллуулсан уг хугацааг дууссан ч 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүртэл ажиллуулсан үйл баримтыг анхан шатны шүүх зөв дүгнэсэн.

Ажилтан ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ ажил олгогчид удаа дараа гаргаж, ажлаа хүлээлгэн өгсөн нь 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр үйлдсэн баримтаар тогтоогдсон байх бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дах хэсэгт зааснаар ажил олгогч хөдөлмөрийн гэрээг цуцалсан тухай шийдвэрийг халагдсан өдөрт нь өгөх үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй тул анхан шатны шүүх А.Бямбасүрэнг ажлаас чөлөөлсөн тушаал гаргаж өгөхийг хариуцагч байгууллагад даалгасан нь зөв болжээ.

Түүнчлэн нэхэмжлэгч дээр дурдсан ажилласан хугацааны цалинг шаардах эрхтэй ба цалин хөлстэй холбоотой шаардлагыг буюу 2017 оны 3,4,5 дугаар сард хамаарах цалин болох 1 600 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

Харин анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэж ажлаас халагдаж буй ажилтны ээлжийн амралтын олговрын 600 000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь алдаатай болсон ба хэрэгт авагдсан баримтын хүрээнд өөрчлөлт оруулан зөвтгөн засах боломжтой.

Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт Ажилтанд жил бүр ээлжийн амралт олгож биеэр эдлүүлнэ. Ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй ажилтанд мөнгөн урамшуулал олгож болно. Мөнгөн урамшуулал олгох журмыг хамтын гэрээгээр, хамтын гэрээгүй бол ажилтантай тохиролцсоны үндсэн дээр ажил олгогчийн шийдвэрээр зохицуулна гэж заасан бөгөөд хариуцагч байгууллагад 6 сарын хугацаагаар ажилласан ажилтныг ээлжийн амралт эдлүүлэхгүй гэж дүгнэх боломжгүй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.2 дах хэсэгт ажилтанд ээлжийн амралтын олговор олгох, олговрыг дундаж цалин хөлсний хэмжээгээр тогтоох талаар заасан. Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх зохицуулалтыг хэрэгжүүлэхдээ Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 2000 оны 166 тоот тушаалаар батлагдсан Ээлжийн амралт олгох заавар, Ээлжийн амралтын олговор тооцох журам-ыг баримтлах ёстой. Ээлжийн амралт олгох заавар-ын 15-д Ажилтан ажлаас халагдах үед ажил олгогч нь түүнтэй ээлжийн амралтын тооцоог заавал хийнэ. Ээлжийн амралтын тооцоог дор зааснаар хийнэ. Үүнд: а/ ажилтанд ажилласан хугацаанд нь ногдох амралтын тооцооны дагуу мөнгөн олговор олгох, ... гэж, Ээлжийн амралтын олговор тооцох журам-ын 5-д Ажилтны ажилласан хугацаа 12 сар хүрээгүй бол түүний ээлжийн амралтын олговрыг ажилласан хугацааны дундаж цалин хөлсөөр тооцно гэж тус тус заасны дагуу А.Бямбасүрэнд ажилласан хугацаанд ногдох 600 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж олгох хууль зүйн үндэслэлтэй байна.

Хэргийн 5-6, 62-68, 69-71 дүгээр талд авагдсан нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, нийгмийн даатгалын мэдээллийн сангийн лавлагаа зэргээс үзэхэд нэхэмжлэгчийн ажилласан жил 16 жилд хүрсэн учир тэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.5.3-д зааснаар ажлын 7 өдрийн нэмэгдэл амралт авч, нийт ажлын 22 өдөр амрах эрхтэй. Үүнээс хариуцагч байгууллагад 6 cap /2016.11.07-2017.05.10/ ажилласан тул уг хугацаанд нэхэмжлэгчид ногдох амралтын өдөр нь 11 өдөр болно. Нэхэмжлэгч нь ээлжийн амралтын 11 өдрийн олговорт 613 953 /1 200 000:21,5=55 814*11/ төгрөг авах эрхтэй боловч нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэж 600 000 төгрөгийг олгох ёстой. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ талаарх гомдол үндэслэлтэй.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 181/ШШ2018/00253 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 1 161 000 гэсний дараа ... төгрөг, ээлжийн амралтын олговор 600 000 гэж нэмж даалгаж гэснийг даалгасугай. гэж, А.Бямбасүрэнгийн нэхэмжлэлийн шаардлагаас ээлжийн амралтын олговорт 600 000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэснийг хасаж, 2 дах заалтын 110 750 гэснийг 120 350 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 18 650 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

Б.НАРМАНДАХ