| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Самандаабазарын Өлзий-Отгон |
| Хэргийн индекс | 144/2018/0100/Э |
| Дугаар | 105 |
| Огноо | 2018-07-24 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Д.Ганчимэг |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 24 өдөр
Дугаар 105
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Оюунтунгалаг,
Улсын яллагч Д.Ганчимэг,
Шүүгдэгч Б.Б /өөрөө өөрийгөө өмгөөлөн оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жинчин овогт Батаагийн Бод холбогдох 1829001720100 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвд 2018 оны 07 дугаар сарын 07-ны орой 23 цагийн орчимд иргэн Ш.Ганбаатар, Г.Нэргүй нартай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргаж, улмаар Ш.Ганбаатар Г.Нэргүй нарын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: “Нэргүй бид 2 хувийн таарамжгүй байдлаас болж муудалцсан. Миний буруу байсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв.
Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 7-10 дугаар хуудас/,
Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, прокурорын зөвшөөрөл, мөрдөгчийн тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 11-16 дугаар хуудас/,
Хохирогч Ш.Ганбаатарын /РД:КН71040871/ өгсөн: ”...Нэргүйгийн хашаанд Б, Нэргүйтэй маргалдаад улмаар хутгалсан. Тэгээд над руу дайраад намайг нэг удаа зүүн гуя руу өшиглөөд босох гэтэл миний зүүн талын бугуйн булчин хэсэг рүү 1 удаа хутгалж гэмтэл учруулсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 20-22 дугаар хуудас/,
Хохирогч Г.Нэргүйн /РД:КЮ89032216/ өгсөн: ”...Ганбаатар ахын машин манай хашаанд ирсэн. Арын хаалга онгойсон, дотроос нь Б ганцаараа буугаад ирсэн. Би сууж байгаад босох гэтэл миний толгойны ар хэсэгт хутгалж гэмтээгээд хажууд сууж байсан Ганбаатар ахын зүүн булчин хэсэгт нь хутгалж гэмтэл учруулсан. Тэгээд би барьж аваад дээр нь гараад дарж байх үед миний эрүү, суга, цээж хэсэгт хутгаар зүсэж гэмтэл учруулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-29 дугаар хуудас/,
Гэрч Б.Эрдэнэбатын өгсөн: “...Нэргүй, Ганбаатар нарын биед Б хутгаар зүсэж гэмтэл учруулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 дүгээр хуудас/,
Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн №133 дугаартай “Ш.Ганбаатарын биед зүүн бугалганд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэх дүгнэлт /хх-ийн 49 дүгээр хуудас/,
Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн №132 дугаартай “Г.Нэргүйн биед дагз, эрүү, зүүн суганд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэх дүгнэлт /хх-ийн 55 дугаар хуудас/,
Б.Бын яллагдагчаар өгсөн: “...Би 2018 оны 07 дугаар сарын 07-ны өдөр танил Г.Нэргүйгээс мөнгө зээлсэн байсан. Тэгээд тэр өдөр надаас мөнгөө нэхээд байхаар нь би одоогоор өгөх боломжгүй байна гэж хэлсэн чинь над руу уурлаад байсан. Улмаар тэр өдөр би архи ууж байгаад машиныхаа багажинд байсан хар иштэй жижиг хутгаар архины аяга хийчхээд тухайн хутгаа халаасандаа хийгээд явж байгаад орой 23 цагийн үед Ганбаатар ахын гэрт очиж Ганбаатар ахыг асуухад Нэргүйгийн гэрт байгаа гэхээр нь би охиноор нь машиныг жолоодуулаад Нэргүйгийн гэрт 23 цагийн үед очсон. Тэгээд хашаанд ороод Г.Нэргүйгийн толгой ар дагз хэсэг, эрүү, суга, цээж хэсэгт хутгалж гэмтэл учруулсан. Тэгээд Ганбаатар ахыг босоод ирэхээр нь өмөөрөх гэж байна гэж бодоод зүүн гарын булчин хэсэгт нь нэг удаа хутгалж гэмтэл учруулсан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-н 2-3 дугаар хуудас/
Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Билгэх багийн Засаг даргын тодорхойлолт /хх-н 60 дугаар хуудас/,
Шүүгдэгч Б.Бын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах ял шалгуурын хуудас /хх-н 63 дугаар хуудас/,
Хохирогч Г.Нэргүй, Ш.Ганбаатар нарын хохирол төлбөр төлөгдсөн тухай баримт /хх-н 71-72 дугаар хуудас/ болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, хэргийг зүйлчилсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч Б.Б нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвд 2018 оны 07 дугаар сарын 07-ны орой 23 цагийн орчимд иргэн Ш.Ганбаатар, Г.Нэргүй нартай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргаж, улмаар Ш.Ганбаатар Г.Нэргүй нарын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд хохирогч Ш.Ганбаатар Г.Нэргүй нарын биед учирсан хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Б.Бын хохирогч нарыг хутгалсан үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэмт үйлдэл болох юм.
Иймд шүүгдэгч Б.Б нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцох эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.
Хохирогч Ш.Ганбаатарын биед хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн №133 дугаартай “Ш.Ганбаатарын биед зүүн бугалганд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэх дүгнэлт /хх-ийн 49 дүгээр хуудас/,
Хохирогч Г.Нэргүйн биед хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн №132 дугаартай “Г.Нэргүйн биед дагз, эрүү, зүүн суганд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэх дүгнэлт /хх-ийн 55 дугаар хуудас/-ээр тус тус тогтоогдож байна.
Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас хохирогч Ш.Ганбаатарын эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардал, төлбөрт 350,000 /гурван зуун тавин мянга/ төгрөг, хохирогч Г.Нэргүйн эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардал, төлбөрт 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийг тус тус төлж барагдуулсан, хохирогч Ш.Ганбаатар, Г.Нэргүй нар нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” тухайгаа илэрхийлсэн, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байх тул түүнийг гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг арилгасан гэж үзлээ.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа хохирогч нарт учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан, бусдад төлөх төлбөргүй, гэм хорыг арилгасан, хийсэн хэрэгтээ үнэн санаасаа гэмшиж байгаа зэрэг нөхцөл байдлууд тогтоогдож байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь хэсэгт зааснаар улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаар гаргасан 2,700 /хоёр мянга долоон зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/-н төгрөгөөр торгох саналын хүрээнд ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.Бод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 5/203 дугаартай Прокурорын зөвшөөрлөөр хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн хар өнгийн бариултай 19 см урттай, ажлын хэсэг нь 9 см, бариул хэсэг нь 10 см, бариулыг хар өнгийн цахилгааны лентээр ороосон хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Жинчин овогт Батаагийн Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бод 2700 /хоёр мянга долоон зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ш.Ганбаатар, Г.Нэргүй нар нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 5/203 дугаартай Прокурорын зөвшөөрлөөр хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн хар өнгийн бариултай 19 см урттай, ажлын хэсэг нь 9 см, бариул хэсэг нь 10 см, бариулыг хар өнгийн цахилгааны лентээр ороосон хутга 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
6. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, Б.Бын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Б.Бод урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.Бод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ӨЛЗИЙ-ОТГОН