Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 2025/ДШМ/165

 

 

 

 

 

 

 

  2025             01           30                                         2025/ДШМ/165

 

 

Г.Бт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Д.Очмандах, шүүгч Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Б.Урангоо,

хохирогч П.Д-, түүний өмгөөлөгч Н.Эрдэнэчимэг,

шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч Д.Энхтунгалаг,

нарийн бичгийн дарга О.Алтанзул нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 2024/ШЦТ/591 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч Д.Энхтунгалаг нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Г.Бт холбогдох эрүүгийн 2410005450719 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Ганбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Ж овгийн Г-ийн Б, 1957 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Увс аймгийн Баруунтүрүү суманд төрсөн, 67 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хөдөлмөрийн эдийн засагч мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 2, эхнэрийн хамт ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:...  /;

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 642 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн,

Г.Б нь 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 25 дугаар хороо, Буянт-Ухаа 1 хорооллын А блокийн авто зогсоолд П.Д-тай машин холдуулах асуудлаас болж маргалдан улмаар П.Д-ын нүүрэнд нь гараараа 2-3 удаа цохиж, машины шил арчигчаар мөр, гар, чих хэсэгт нь тус тус цохиж эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд доод зовхи, баруун чихний дэлбэнд цус хуралт, зүүн зовхи, хацар, өвчүү хэсгийн зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Г.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Г.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 03 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бт шийтгэсэн 03 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд өөрийн оршин суугаа нутаг дэвсгэр буюу Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх байгууллагад даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 /нэг/ хоногийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж, мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б нь хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой 85,000 төгрөг төлсөн болохыг дурдаж, хохирогчийн нэхэмжлэлээс өмгөөлөгчийн хөлстэй холбоотой 500,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Г.Баас хохирогчийн сэтгэцэд учирсан хохиролтой холбоотой хохиролд 3.300.000 /гурав сая гурван зуун мянга/ төгрөг гаргуулж П.Д-д олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Г.Б энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Г.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч Д.Энхтунгалаг нар хамтран гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд өмгөөлөгч Д.Энхтунгалаг гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байж чадсангүй хэмээн үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч оролцох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй.”, 1.1-т “хөгжлийн бэрхшээл, сэтгэцийн, эсхүл хүнд өвчний улмаас өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх эрхээ эдэлж чадахгүй” гэж тус тус заасан бөгөөд Г.Б нь сонсох хөгжлийн бэрхшээлтэй хүн юм. Мөрдөн шалгах ажиллагаагаар Г.Бын хувийн байдлыг сайн тодруулаагүйгээс болж түүний сонсголын бэрхшээлтэй гэдэг нотлох баримт нь хэрэгт авагдаагүй байдаг. Өөрөөр хэлбэл сонсголын бэрхшээлтэй хүнийг заавал өмгөөлөгчтэй оролцуулах гэсэн хуулийн заалт хэрэгжээгүй байна хэмээн үзэж байна. Г.Б нь 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн мэдээгүйжүүлэг хагалгааны нэгдсэн тасгийн эмчийн дүгнэлтээр Дунд чихний архаг үрэвсэл, хоёр чихний сонсгол муудсан гэсэн оноштой чихний хагалгаанд орох заалттай хүн юм. Одоогоор нэг юмыг заавал 2 удаа хэлүүлж байж сонсох байдалтай, их чанга ярьж орчны байдлын дууг мэдрэхгүй болсон байна. Мөн Г.Б нь 67 настай өндөр насны тэтгэвэрт байдаг хүн бөгөөд мөрдөн шалгах ажиллагаагаар Г.Быг хохирогчоор байцаагаад яваад байсан болохоор би хэргийн хохирогч гэсэн ойлголттойгоор шүүх хуралд оролцсон байдаг. Мөн хэрэг гардаг өдөр буюу 2024 оны 01 дүгээр сарын 18-нд өдөр хохирогч болон Г.Б хоёр нь хоёулхнаа байсан бөгөөд хэргийн бодит байдлыг тодруулахгүйгээр мөрдөн шалгах ажиллагааг хийсэн гэж үзэж байна. Учир нь тухайн өдөр Г.Б нь хүнд зодуулсан цохиулсан байдалтай байсныг гэрч Даариймаа, Г.Бын хохирогчоор тогтоон өгсөн мэдүүлэг, мөн шинжээчийн 3114 дүгээр дүгнэлт, шинжээч эмч Т.Номинцэцэгийн мэдүүлэг зэрэг хэрэгт авагджээ. Анхан шатны шүүхээс хохирогч П.Д-ыг өөрийгөө хамгаалсан хэмээн үзсэнийг Г.Б нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд хоорондоо барьцалдсан үед Г.Быг түлхсэн энэ нь өөрийгөө хамгаалсан үйлдэл биш, харин ч хохирогч эмэгтэй хүн гэдгээрээ түрий барьж эхэлж цохиод байсныг үгүйсгэсэн шийдвэр гарсан, мөн хохирогч П.Д- нь Г.Бын хацарт хохирогч эхэлж цохиод мөн гарынх нь хурууг санаатай цохисон үйлдэлд хариуцлага тооцох нь шударга ёсонд нийцнэ хэмээн үзэж байгаа болно. Мөрдөн байцаалтын явцад Г.Быг мөн хохирогчоор тогтоон П.Д-ын түүнийг түлхэж унагааж гэмтээсэн явдалд хуулийн хариуцлага оногдуулна хэмээн ойлгож явсан боловч эцсийн шатанд буруутан болж Г.Быг цохиж, зодож гарыг нь гэмтээсэн хүн ял шийтгэлгүй хоцорч байгаад гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, мөрдөн шалгах ажиллагааг шинээр хийлгэх нөхцөл бололцоогоор хангаж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Г.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би сонсголын бэрхшээлтэй гэдгээ анхнаасаа хэлсэн. Би өөрийгөө хохирогч гэж бодсон, учир нь би гомдолтой байна. Гомдол, саналгүй гэсэн атал би өнөөдөр шүүх танхимд шүүгдэгч нэр нь доор зогсож байна. Эхлээд дөрөв хоног миний грашийг таглаад зогссон. Зураг нь надад байна. Чи яагаад таглаад тавьчихдаг юм бэ гэтэл “...чи муу битгий хуц, чи тавьж болоод байдаг, би яагаад тавьж болдоггүй юм, чи муу хөгшин төгцөг” гэсэн. Тэгээд намайг цохиж авсан, дахиад нүүр рүү цохих гэхээр нь би тэврээд авсан. Намайг гэдсээрээ түрээд, би унахдаа хуруугаа гэмтээсэн. Тухайн үед би хуруугаа гэмтээснээ мэдээгүй, өвдөөд, хавдчихсан байсан. Та нар бодоод үзээрэй, грашнаас юмаа авч чадахгүй хэчнээн хонохоор хүн яахуу, ийм л юм болсон. Дараа нь хохирогч гэх хүн 2 хүн дуудсан. Би гарыг нь барьчихсан зогсож байсан юм. Үүнээс болж зодоон үүссэн. Намайг цохисон гэж яриад байна. Би энэ хүнийг цохиод яах юм бэ, би дийлэхгүй юм билээ. Энэ хүнийг хар, би өнөөдөр 70 настай хүн. Дараа нь цагдаа дуудсан. Цагдаа ирээд энэ хүүхнийг авч яваад, намайг авч яваагүй, 7 хоногийн дараа намайг дуудсан” гэв.

Хохирогч П.Д- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч намайг гүтгэж байна. Тухайн зогсоол өөрийнх нь ч зогсоол биш. Өөрийнх нь зогсоол хажууд нь байдаг. Нэг хар машин тавьсан байсан. Тэр машины эзнээс шүүгдэгч мөнгө авсан. Би худлаа хэлэхгүй” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Н.Эрдэнэчимэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатын шийдвэр үндэслэлтэй, үнэн зөв гарсан тул хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс тайлбар байхгүй” гэв.

Прокурор Б.Урангоо тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгчийн хөдөлмөрийн чадвар алдалт тогтоосон баримт байхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад өөрийн эрүүл мэндтэй холбоотой ямар нэгэн баримт гаргаж өгөөгүй, өмгөөлөгч авахгүй гэсэн байдаг. Давж заалдах гомдол дээр гаргасан эмчийн баримт нь 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн баримт байгаа. Прокуророос 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаад, 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр мөрдөгчөөс шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт ирүүлсэн. Өөрөөр хэлбэл мөрдөн шалгах ажиллагааны явцад өөрийн сонсголын бэрхшээлтэй холбоотой баримт бичиг гаргаж өгөөгүй атал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн гэдэг нь үндэслэлгүй байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг зөрчөөгүй гэж үзэж байна. Мөн шинжээчийн дүгнэлтэд тухайн гэмтэл хуучин гэмтэл, цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй гэж дүгнэсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж, дараах байдлаар дүгнэлт хийв. Үүнд:      

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 16.2 дугаар зүйл, 32.3 дугаар зүйлд зааснаар тухайн шүүгдэгчид холбогдох хэргийн бодит байдлыг тогтоох ажиллагаа болон тус хэрэгт цугларч, бэхжигдсэн нотлох баримтын эх сурвалжууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмыг зөрчсөн эсхүл оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэж үзэх үндэслэл, үйл баримт тогтоогдсонгүй.        

2. Анхан шатны шүүхээс хэргийн бодит байдлыг тогтоож, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг хянан шийдвэрлэхдээ шүүх хуралдааны оролцогч, талуудын эрхийг хангаж, тэдний шинжлэн судалсан нотлох баримт болон санал, дүгнэлтийг харьцуулан шалгаж, үнэлсний үндсэн дээр шүүгдэгч Г.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хэргийн зүйлчлэлийн талаар хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Тодруулбал, шүүгдэгч Г.Б нь 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 25 дугаар хороо, Буянт-Ухаа 1 хорооллын А блокийн авто зогсоолд П.Д-тай машин холдуулах асуудлаас болж маргалдан улмаар П.Д-ын нүүрэнд нь гараараа 2-3 удаа, мөн машины шил арчигчаар мөр, гар, чих хэсэгт нь тус тус цохиж түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:    

- Хан-Уул дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн шуурхай удирдлагын тасагт ирүүлсэн дуудлагын лавлагааны хуудас /хх 08, 09/,

- хүний биед үзлэг хийсэн тухай 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн “...зүүн шанаа хэсэгт бүдэг улаан өнгийн цус хуралт, уруулын дотор талд бүдэг улаан хүрэн өнгийн цус хуралт, зүүн чихний хэсэгт бүдэг улаан өнгийн цус хуралт үүссэн байсныг шинжээч гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав...” гэсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн аргаар бэхжүүлсэн баримт /хх10-11/,

- хохирогч П.Д-ын “...Би 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Хан-Уул дүүрэг, 25 дугаар хороо, Буянт-Ухаа 1 хороололд жижүүрийн ажлаа хийж байхад танихгүй настай хүн ирээд зогсоол дээр машин тавьсан байна гээд над руу омогдоод уурлаад байхаар нь тухайн зогсоол руу очсон. Тэгээд тэр хүн энэ машины дугаар нь байхгүй байна гээд учиргүй уурлаад омогдоод гараа зангидаж байгаад миний нүд рүү 2-3 удаа цохисон, тэгээд машины шил арчигчаар миний мөр, гар руу, чихний хэсэгт цохиод байхаар нь хүнд харагдах газар очьё гэж бодоод граш тойроод гартал цагаан өнгийн машин байсан. Тэгээд тэр танихгүй хүн цагаан өнгийн машины хамар хэсэгт намайг налуулж байгаад хоолойд шил арчигчаа тулгачихаад намайг үг хэлүүлэхгүй байсан. Тэгээд тэр машины эзэн хүн болиоч гэж хэлсэн чинь тэр танихгүй эрэгтэй хүн намайг цохихоо больсон...” гэх мэдүүлэг /хх-13-14, 17/,

- гэрч Ш.Ж-ийн “...тэр үед Баатар бид хоёр 5-10 минут орчмын дараа А блокийн граш дээр очих үед П.Д- нэг настай эрэгтэйтэй зогсоолоос болж хэрэлдэн зогсож байсан ба тэр эрэгтэй нилээн ууртай, гартаа барьчихсан байсан машины шил арчигчаар П.Д-ыг 2-3 удаа мөр, гар хэсэг рүү нь цохиод байж байсан...” гэх мэдүүлэг /хх34-35/,

- гэрч Д.Б-ын “...Би 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр П.Д-, Баатар бид 3 нэг ээлжид, П.Д- нь А блок, Ж Б блок, би С блокийн гражид харуулын үүрэг гүйцэтгэж байсан... Ш.Ж над руу залгаад П.Д- дуудаад байна, очъё гэж хэлсэн... очих үед П.Д- нэг настай эрэгтэйтэй зогсоолоос болж хэрэлдсэн, эрэгтэй нь П.Д-ын гараас нь барьчихсан зогсож байсан ба тэр эрэгтэй гартаа урт нарийнхан хар зүйл барьчихсан П.Д-ыг цохих гээд дайраад байх шиг байсан. Тэгээд Ш.Ж наад эмэгтэй чинь харуулын хариуцлагатай ажил хийж байгаа, эмэгтэй хүн рүү ингэж дайраад байж болохгүй гэж хэлсэн, болиулаад байж байтал удалгүй цагдаа нар ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх37-38/, 

- гэрч Г.С-ын “...тухайн асуудал болсон асуудлын талаар асууж тодруулахад эрэгтэй оршин суугч нь машины зогсоол дээр энэ эмэгтэй харуул байнга машин тавиулдаг, тэгээд хэрэлдлээ гэсэн... эмэгтэй нь энэ эрэгтэй оршин суугч намайг пизда гэж хэл амаар доромжилсон бөгөөд намайг цохисон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-31-32/,

- гэрч А.Б-гийн “...тэгтэл оройн 21 цаг өнгөрч байхад манай СӨХ-ийн харуулаар ажилладаг П.Д- нь өөрийн 89271336 дугаараас залгаж граш эзэмшигч өвгөн намайг зодоод байна, цагдаа дуудаад өгөөч гэж хэлэхээр нь би таслаад шууд цагдаагийн 102 дугаарын утас руу дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /xx-28/,

- шинжээчийн 2024.01.31-ний өдрийн дүгнэлт: П.Д-ын биед зүүн нүдний дээд, доод зовхи, баруун чихний дэлбэнд цус хуралт, зүүн зовхи, хацар, өвчүү хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /xx-41-42/,

- шүүгдэгч Г.Бын “... Би 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 25 дугаа хороо Буянт-Ухаа хорооллын 727 дугаар байрны В1 давхарт байдаг зогсоол дээр өөр машин тавьсан байхаар нь жижүүр очиж хэлсэн. Тэгээд би тэр эмэгтэйтэй маргалдсан... тэр эмэгтэй миний баруун нүд рүү цохихоор нь би зөрүүлээд нүүрэн тус газар нь 1 удаа цохисон... тухайн эмэгтэй намайг түлхсэн, зүүн гараараа тулж унасан бөгөөд зүүн гарын долоовор хуруу эхний үеэрээ гэмтэж хавдсан...” /хх56/ “...миний барьж байсан шил арчигч миний зогсоолд тавьсан байсан машины шил арчигч...” /хх-61/ гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна.       

Тухайн нотолгооны эх сурвалжууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан, эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, эх сурвалжаа харилцан нотолсон, хангалттай байх шалгуурт нийцсэн байх тул шүүгдэгч Г.Бын үйлдсэн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинж хангагдсан гэж үзнэ.

Тодруулбал, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгчийн гэмт үйлдэлтэй шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон.     

Шинжээч нь Шүүх шинжилгээний тухай хууль, шүүх эмнэлгийн шинжилгээ хийх болон гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан үндэслэл, шалгуур шаардлагад нийцүүлэн дүгнэлтээ гаргасан болохыг үгүйсгэн няцаах үндэслэлгүй.        

Хохирогчид эрх, үүргийг нь сануулсан байх бөгөөд түүний мэдүүлэг тогтвортой, эх сурвалж нь шинжээчийн дүгнэлтээр тогтоосон “хохирогчийн биеийн хэсгүүдэд учирсан гэмтэл, шархууд” болон хамаарах бусад баримт, сэлт мэдээллээр нэгэн зэрэг нотлогдсон,  зөрүүтэй нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул хохирогчийг худал мэдүүлсэн гэж үзэх боломжгүй. 

Тийм учраас, хохирогчийн эрүүл мэндэд тухайн гэмтлийг шүүгдэгчээс өөр этгээд учруулаагүй, мөн хохирогч өөрөө өөрийгөө гэмтээгээгүй, өөр бусад шалтгаанаар тухайн гэмтэл үүсээгүй болох нь хангалттай нотлогдсон гэж үзэх тул шүүгдэгчийн үйлдсэн тухайн гэмт хэргийн шинж, түүний нотлогдсон байдлыг үгүйсгэх үндэслэлгүй байна.        

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн эсэх нь хуулиар баталгаажуулснаар түүний эрхэд хамаарах ба тус эрхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд тухай бүр танилцуулж тайлбарласан, зөрчигдөөгүй /хх-45, 48, 52, 55, 59-60, 132, 139, 142, 147/ байгааг тэмдэглэх нь зүйтэй.     

 

3. Шүүгдэгч Г.Бын үйлдсэн гэмт хэргийг үгүйсгэх болон түүний эрхийг ноцтойгоор зөрчсөн гэх үйл баримт, үндэслэл тогтоогдоогүй.  

3.1. Тус эрүүгийн хэрэгт Г.Б нь хөгжлийн бэрхшээлтэй гэж үзэх нотлох баримт огт цугларч, бэхжигдээгүй байхаас гадна Г.Б нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх үе шатанд буюу холбогдогч, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр эрх, үүргийг тайлбарласнаар өөрийн эрхийн хүрээнд мэдүүлэг өгсөн /хх-55-57, 59-61, 148-159/, шинжээч эмчид үзүүлсэн /хх-49-50/, өмнө нь шүүхэд өөрийгөө өмгөөлөн оролцож байсан /хх-92-94/ болон яллагдагчаар татсан тогтоол, шинжээчийн дүгнэлт, холбогдох бусад баримт, хэргийн материалтай танилцуулсан зэргээс үзэхэд Г.Быг “хөгжлийн бэрхшээлтэй” байхад нь түүний эрхийг ноцтой зөрчин мэдүүлэг авсан, өмгөөлөгчөөр хангаагүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

3.2. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, шүүгдэгч Г.Бын үйлдсэн тухайн гэмт хэргийн шинжийг үгүйсгэх нөхцөл байдалгүй, харин П.Д-ын хувьд өөрийгөө хамгаалсан үйлдэл хийсэн гэх үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоол /хх-126-128/ нэгэнт гарч, хүчин төгөлдөр болсон байх тул энэ талаар таамаглах байдлаар дүгнэлт хийх үндэслэлгүй болно.   

 

4. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын буюу учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг бүх талаас нь харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, шалгууртай байдаг. 

Тус эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзах шалгуур, шаардлагыг нотолж буй баримт, талуудын санал, дүгнэлтийг харьцуулан шалгаж, үнэлэх замаар ялын төрөл,  хэмжээг хэрхэн оногдуулах нь шүүхэд олгогдсон эрх хэмжээний асуудалд хамаарна.  

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулахдаа дээр дурдсанаар харгалзвал зохих шалгуур, шаардлагын талаар зохих дүгнэлт хийсэн, тус оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, аюулын хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэрэгт тохирсон талаарх улсын яллагч, хохирогчийн өмгөөлөгчийн санал дүгнэлтийг үгүйсгэх боломжгүй гэж үзэв.       

 

5. Харин анхан шатны шүүхээс тус гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд  учирсан хор уршгийг тусгай мэдлэгийн баримтад тулгуурлаж шийдвэрлээгүй байх тул хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. Учир нь :   

Мөрдөгч нь “сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягт” гэж үйлдсэн байх нь шинжээчийн дүгнэлт болохгүйгээс гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл, түүнд хамаарах тусгай мэдлэгийн баримтыг зөвшөөрөх эсэх, шинжээчийн дүгнэлт гаргуулах эсэх тухай шүүгдэгчийн эрх хангагдаагүй гэж үзнэ.   

Мөн Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 болон мөн зүйлийн 40.3-т заасны дагуу хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран баталсан журмын 2.1.1-2.1.5-д тус тус нэрлэн заасан гэмт хэргийн хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийн зэрэглэлийг тогтоох шинжилгээг зөвхөн шинжилгээний байгууллага хийх тухай зохицуулалтыг анхаарах шаардлагатай болно.     

Тодруулбал, хүний эрүүл мэндэд учирсан гэмтлийн зэрэг ба тус гэмтлээс үүссэн сэтгэцийн эмгэгийн зэрэглэл нь заавал ижил буюу давхцах үндэслэлгүй болох нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн болон Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 1, 2 дугаар хавсралтад заасан холбогдох үндэслэл, журмын утга агуулга, шалгуур нөхцөлөөс тодорхойлогдож байх ба 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 2 дугаар хавсралтад Жич: “Сэтгэцийн талаас илрэх шинж тэмдгүүд нь зэрэглэл буурахад давхардан илрэхгүй болно. Жишээлбэл, гэмтлээс үүдэлтэй үлдэц гэсэн шалгуур үзүүлэлтийн 5-р зэрэглэлд байгаа шинжүүд 4-р зэрэглэлийн үед илрэхгүй… Шинжлүүлэгч өөрийн сэтгэл зүйн байдлыг муугаар харуулах гэсэн оролдлого, бие хүний онцлог, аргачлалын итгэгдэх чанарын үзүүлэлтүүд зэргээс хамааран зэрэглэл буурч тогтоогдож болно.” гэж заасан байна.

Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын нөхөн төлбөр тооцох жишиг аргачлалын хүснэгтийн хувьд: Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалд зааснаар тусгай мэдлэгт хамаарах “сэтгэцийн эмгэгийн зэрэглэл”-д шууд тулгуурлаж нөхөн төлбөрийн доод, дээд хэмжээг тогтоосон байх тул “сэтгэцийн эмгэгийн зэрэглэл”-ийг бодитой тогтоосон шинжээчийн дүгнэлт гаргуулсан байх нь нөхөн төлбөрийн хэмжээг оновчтой шийдвэрлэх шалгуурт хамаарна.     

Хэрэгт авагдсан хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгийн эх сурвалж, эрүүл мэндэд учирсан хохирлын талаарх шинжээчийн дүгнэлт зэргээс үзэхэд: Хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран баталсан журамд заасны дагуу сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргуулахаар шинжээч томилох ”шаардлагатай” гэж үзэх тохиолдол үүссэн болох нь үгүйсгэгдээгүй байхад тус асуудлыг орхигдуулсныг зөвтгөх боломжгүй.   

Тийм учраас, анхан шатны шүүх нь хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийг шийдвэрлэхдээ тусгай мэдлэгийн шинжээчийн дүгнэлтгүй байхад буюу үндэслэл бүхий баримтад тулгуурлаагүй гэж үзэхээр байх тул сэтгэцийн хор уршгийг шийдвэрлэсэн заалтыг хүчингүй болгож, харин хохирогч нь өөрийн сэтгэцэд учирсан хор уршгийн талаарх холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний шүүхэд жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.       

6. Иймд, дээр дурдсан үндэслэлийн хүрээнд: шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч Д.Энхтунгалаг нарын давж заалдах журмаар хамтран гаргасан “сонсох хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг мөрдөн шалгах ажиллагаанд өмгөөлөгчгүй оролцуулж, хувийн байдлыг тогтоогоогүй, мөн Г.Бын эрүүл мэндэд шинжээчийн дүгнэлтээр гэмтлийн зэрэг тогтоогдсон байхад өөрийгөө хамгаалсан гэх үндэслэлээр хохирогчид хариуцлага тооцоогүй нь үндэслэлгүй тул шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулах” агуулга бүхий гомдлыг хэрэгсэхгүй болгож, харин шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь : 

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 2024/ШЦТ/591 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

5 дахь заалтын: “...хэрэгсэхгүй болгож,” гэснийг ”...хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчилж, “...шүүгдэгч Г.Баас хохирогчийн сэтгэцэд учирсан хохиролтой холбоотой хохиролд 3.300.000 /гурван сая гурван зуун мянга/ төгрөг гаргуулж П.Д-д олгосугай.” гэснийг хүчингүй болгосугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Хохирогч П.Д- нь гэмт хэргийн улмаас өөрийн сэтгэцэд учирсан хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

3. Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.       

4. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар оролцогч гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг  дурдсугай.     

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                М.АЛДАР

 

                        ШҮҮГЧ                                                                        Д.ОЧМАНДАХ

 

                        ШҮҮГЧ                                                                        Г.ГАНБААТАР