Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 106

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,

            Нарийн бичгийн дарга: Б.Оюунтунгалаг,

            Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор А.Амгалан,

            Шүүгдэгч: У.Л /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У.Лд холбогдох 1829001650103 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

  Шүүгдэгч У.Л нь 2018 оны 06 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө согтуугаар Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвөөс урагш 1 км зайд иргэн Д.Чадраабалтай маргаж, улмаар эрх чөлөөнд нь хүч хэрэглэн халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

           Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч У.Л: “Бид нар ажлаасаа чөлөө аваад тэр орой сумын бааранд байж байхад Чадраабал, Ууганбат, Баянжаргал нар тэр орой жижүүртэй байсан ба ажлаа хаяад бааранд ирсэн. Бид хэд уулзаад пиво авч уух гэхэд сүүлийн захиалга авчихсан байсан болохоор байсан пивоо уучихаад гарсан. Тэгээд сумаас гарч нэг юм уух уу? гэхэд Чадраабал тэгье тэгье гээд сумаас гарч уусан. Осор бид хоёр суман дээр хүмүүстэй хамт байсан болохоор тэд нар дуудаад байсан. Тэгээд явъя бид хоёрыг дөхүүлээд өгчих гэхэд за байж бай энийгээ дуусгачихаад явъя гэж хэлсэн. 1 цаг гаруй хулээгээд хүргээд өгчих бид хоёрыг хүмүүс хүлээгээд байна. Хүргэж өгөхгүй бол бид хоёр явлаа гээд зам дээр машин явж байхаар нь зогсоосон чинь эргүүлийн цагдаа таарсан. Тэгээд хүргээд өгчих гэсэн чинь араас Чадраабал ирээд одоо чамайг удахгүй хүргээд өгье гэж хэлсэн. Залуучууд асуудалгүй яваарай гэж цагдаа хэлсэн. Тэгээд 20-30 минут орчим өнгөрөхөөр нь дахиад явъя гэхэд явуулахгүй байхаар нь маргалдаж эхэлсэн. Чи явуулчихаач гээд нуруун дээр цохиход муу бацаан чинь намайг цохиод авлаа чамайг ална гээд намайг цохиод авсан. Тэгээд бид хоёрыг муудалцахад Осороо хажуунаас босоод ирсэн. Тэгэхэд нь Баяржаргал Осороог цохиод авсан. Чадраабалыг тэвэрсэн байсан чинь миний хурууг хазаад хуруугаа салгах гээд зүүн гараараа завьжнаас нь татаад тэгээд тавихгүй байхаар нь дух, нүд хэсэг рүү нь цохисон. Тэгж байгаад шүднээс нь гараа салгаж аваад, машинаас жийж гаргаад Чадраабалын 2 гар дээр нь өвдөглөөд унасан. Тэгэж байхад цагдаа ирсэн.”  гэв.

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Чадраабалын өгсөн мэдүүлэг /хх-ийн 9-10-р хуудас/,

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.Ууганбатын өгсөн мэдүүлэг /хх-ийн 12-14-р хуудас/,

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Баяржаргалын өгсөн мэдүүлэг /хх-ийн 19-20-р хуудас/,

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Э.Осорын өгсөн мэдүүлэг /хх-ийн 22-23-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн  шинжээчийн дүгнэлтүүд /хх-ийн 31, 38, 44-р хуудас/

- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5-р хуудас/,

- Хохирогч Д.Чадраабалын амбулаториор эмчлүүлэгчийн карт /хх-ийн 33-36-р хуудас/,

- Шүүгдэгч У.Лгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 61-р хуудас/,

- Хохирогч Д.Чадраабалын хохирол төлбөрийг нэхэмжилсэн баримтууд /хх-ийн 76-81-р хуудас/,

- Хохирогч Д.Чадраабалын хохирол төлбөр дээр эвлэрсэн тухай хүсэлт /хх-ийн 99-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:

  Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт У.Лд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

  Шүүгдэгч У.Л нь 2018 оны 06 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө согтуугаар иргэн Д.Чадраабалтай маргаж, улмаар эрх чөлөөнд нь хүч хэрэглэн халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

Хохирогч Д.Чадраабалын: “..Л миний нүүрэн тус газарт баруун гараараа нэг удаа цохиод авсан. Тэгээд намайг үсдэж дарж байгаад толгойн ар хэсэг болон шанаа руу 3-4 цохиод авсан. Би машинаасаа Лг татаж буулгаад  гадаа гараад ноцолдсон. Гадаа гараад миний дээр суугаад цохиж байсан шиг санагдаж байна. Хэсэг хугацаанд ухаан балартсан. Намайг сэргээд босч ирэхэд толгой руу 2-3 удаа баруун хөлөөрөө хөшиглөсөн. Хэн байсныг нь би хараагүй. Тэгээд би шүд уначихлаа гэж хэлэхэд Л миний ам руу гарын дунд хуруугаа хийж байгаад завжнаас татсан” гэх мэдүүлэг /хх-ийн 8-10-р хуудас/,

Гэрч Ц.Ууганбатын: “...Л машины арын суудалд сууж байгаад урд талын суудалд сууж байсан Чадраабалын нүүр хэсэг рүү хэд хэдэн удаа цохиод авсан. Чадраабал машинаас буугаад ар талын хаалга нээгээд ар тал руу ороход Л үсдэж доош нь дарж байгаад толгой хэсэг рүү нь гараараа дахин хэд хэдэн удаа цохьсон. ...Чадраабал газарт унасан байхад Л дээрээс нь гараараа цохиод өвдөглөөд байсан. Чадраабалыг машинд оруулж ирэхэд доод талын нэг шүд нь байхгүй болсон байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 11-14-р хуудас/,

Гэрч Б.Баяржаргалын: “...Л нь Чадраабалын нүүрэн тус газарт нэг удаа цохьсон. Үүнээс болоод Осор бид 2 бас маргалдсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 18-20-р хуудас/,

Гэрч Э.Осорын: “...Чадраабал архиа ууж дуусгаж байж явна гээд явуулахгүй, тэнд цаг алдаад байхаар нь Л явмаар байна гэж хэлээд нуруун дээр нь 2 удаа зөөлхөн гараараа алгадаад авсан. Чадраабал уурлаад ална гээд Лгийн нүүр рүү цохиод авсан. Би салгах гээд дундуур нь ортол Баяржаргал босоод надруу дайрахаар нь би Баяржаргалтай ноцолдож байх хооронд Л муухай хашгираад гар хазчихлаа салгаарай гээд байхаар нь Баяржаргал бид 2 машинаас бууж очсон.” гэх мэдүүлэг /хх-ийн 21-23-р хуудас/,

            Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн №117 дугаартай шинжээчийн: Д.Чадраабалын биед доод үүдэн шүдний булгарал, 2 нүдний зовхины цус хуралт, зүүн нүдний салстын цус хуралт, зөөлөн эдийн няцрал, толгой, хацар, эрүүниы доод хэсэг, хүзүү, 2 тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн 1 бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. ” гэх дүгнэлт /хх-ийн 31-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн №119 дугаартай шинжээчийн: У.Лгийн биед баруун хуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ирмэг бүхий зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.” гэх дүгнэлт /хх-ийн 43-р хуудас/,

            - Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.

Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Лгээс баримтаар нотлогдсон болон түүний төлөхөө илэрхийлсэн 2 916 000 төгрөгийг гаргуулан хохирогч Д.Чадраабалд олгох нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын тухайд:

Шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулахдаа У.Лгийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

  Шүүгдэгч У.Л нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлуудыг харгалзаад прокурорын санал болгосон торгох ялыг оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэж байна.

  Шүүгдэгч У.Л нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдвал зохино.

 Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  17.4, 17.5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Дархан шавь овогт Ууганбаярын Лг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялтан У.Лг 700 /долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700 000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан У.Лд оногдуулсан 700 /долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700 000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар энэ тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.  

4. Ялтан У.Л нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Монгол улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар ялтан У.Лгээс 2 916 000 төгрөгийг гаргуулан хохирогч Д.Чадраабалд олгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.37 дугаар зүйлийн 37.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Ц.УРАНГУА