Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2020/01565

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ХХ нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ч.Цэнд, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 сарын 05-ны өдрийн 182/ШШ2020/00981 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ХХ хариуцагч С ХХК -д холбогдуулан гаргасан гэрээний үүрэгт нийт 1 901 894 320 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: АҮ/2017/17 тоот Хүнсний улаан буудай худалдах, худалдан авах гэрээ-ээр С ХХК нь 2000 тонн хүнсний улаан буудайг ХХААХҮ-ийн сайдын 2016.12.23-ны өдрийн А-80 дугаар тушаалын хавсралтаар баталсны дагуу нэг тонныг нь 560 000 төгрөгөөр тооцож 1 120 306 880 төгрөгийн хүнсний улаан буудайг 212 800 000 төгрөгийн урьдчилгаа тушаан худалдан авсан. Үлдэгдэл төлбөр 907 506 880 төгрөгөөс 101 700 000 төгрөгийг Тариалан эрхлэлтийг дэмжих санд төлсөн байх ба 805 806 880 төгрөгийг 2017.07.01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар гэрээнд заасан. Үлдэгдэл 805 506 880 төгрөгийг хугацаандаа төлөөгүй, гэрээний үүргээ зөрчсөн байх тул гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнг гэрээний 5.2-т заасныг баримтлан 2019.03.01-ний өдрөөр алданги тооцвол 1 хоногийн 0.1 хувь нь 805 806 төгрөг 582 хоногоор тооцоход 468 979 092 төгрөгийн алданги болж байх тул Иргэний хуулийн 232.4 дэх заалтыг баримтлан анз тооцоход 402 903 440 төгрөгийн анз тооцож нийт төлбөр 1 208 710 320 төгрөг болгон нэхэмжилж байна.

АҮ/2017/53 тоот Хүнсний улаан буудай худалдах, худалдан авах гэрээ-гээр С ХХК нь 1000 тонн хүнсний улаан буудайг ХХААХҮ-ийн сайдын 2016.12.23-ны өдрийн А-80 дугаар тушаалын хавсралтаар баталсны дагуу нэг тонныг нь 560 000 төгрөгөөр тооцож 560 000 000 төгрөгийн хүнсний улаан буудайг 112 000 000 төгрөгийн урьдчилгаа тушаан худалдан авсан. Үлдэгдэл төлбөр 448 000 000 төгрөгийг 2017.12.01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар гэрээнд заасан. Үлдэгдэл 448 000 000 төгрөгийг хугацаандаа төлөөгүй, гэрээний үүргээ зөрчсөн байх тул гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнг гэрээний 5.2-т заасныг баримтлан 2019.03.01-ний өдрөөр алданги тооцвол 1 хоногийн 0.1 хувь нь 448 000 төгрөг 458 хоногоор тооцоход 205 184 000 төгрөгийн алданги болж байна. Иймд гэрээний үлдэгдэл төлбөр болон алдангийн нийт төлбөр 653 184 000 төгрөг болгон нэхэмжилж байна.

Иймд дээр хоёр гэрээний дагуу хариуцагчаас нийт 1 901 894 320 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал хариу тайлбартаа: Уг нэхэмжлэлийн шаардлагыг тус компанийн зүгээс хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна. Энэ асуудлаар ХХААХҮЯ-ны Тариалан эрхлэлтийг дэмжих сантай тохиролцоонд хүрч чадахгүй тохиолдолд холбогдох баримтуудыг шүүхэд гарган тавьж асуудлыг шийдвэрлүүлэх болно гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч С ХХК -аас 1 800 652 624 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албанд олгож, үлдэх 101 124 696 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа ХХ нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч С ХХК -аас улсын тэмдэгтийн хураамжид 9 161 213 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч С ХХК давж заалдах гомдолдоо: С ХХК -ийн захирал Б.Бэхбат миний бие 2020 оны 05 сарын 05-ны өдөр хөдөө албан ажлаар явж байсан бөгөөд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс тус өдрийн 09:00 цагт зарласан шүүх хуралдаанд оролцох боломжгүй байгаагаа албан бичгээр мэдэгдсээр байтал шүүх хуралдаанд намайг оролцуулалгүй хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Шүүх хуралдаанд оролцох, хариу тайлбар гаргах, нэхэмжлэгч талтай мэтгэлцэх, хүсэлт гаргах, нотлох баримт өгөх, нэхэмжлэгч талтай эвлэрэн хэлэлцэх боломжийг анхан шатны шүүх надад олгоогүйд гомдолтой байна.

Анхан шатны шүүхээр хариуцагчаар төлүүлэхээр тогтоосон 546 845 744 төгрөгийн алдангийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь тухайн сан нь тариаланчдаас тариалсан улаан буудайг худалдан авч тариаланчдаа дэмжихийн сацуу улмаар уг улаан буудайг гурилын үйлдвэрүүдэд хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдан гурилын үйлдвэрүүдээ дэмжиж, улс орны хэмжээнд гурилын үнийг тогтвортой барих эдийн засгийн бодлого хэрэгжүүлэн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг инфляцаас хамгаалдаг юм. Гэтэл улаан буудай худалдсан үнийнхээ талтай тэнцэх хэмжээний алдангийг банк бус санхүү болон мөнгө хүүлдэг байгууллагын адил тооцож авч байгаа нь дээрх зорилгынхоо эсрэг арга хэмжээ болж үүнийгээ шүүхэд нэхэмжлэн шийдвэрлүүлж байгаад харамсаж байна. Ийм хэмжээний алдангийг төлөх боломж дэлхий нийтийг хамарсан цар тахал өвчиний улмаас хямарч байгаа эдийн засгийн хямралын үед манай компанид үнэхээр байхгүй бөгөөд санхүүгийн хувьд хямарч дампуурахад хүрнэ. Анхан шатны шүүх эдийн засаг хямралтай байгаа үеийн нөхцөл байдлыг анхаарч ойлголгүй, хариуцагчийн санхүүгийн байдлыг тодорхойлолгүй ийм их хэмжээний алдангийг хариуцагчаар төлүүлэхээр шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Хавтаст хэргийн 96 дугаар талд авагдсан нотлох баримт нь нотариатаар гэрчлүүлээгүй байх тул нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн байна. Мөн хавтаст хэргийн 89 дүгээр талд авагдсан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар үзэхэд Хөдөө аж ахуйг дэмжих сан нь ажлаа бүрэн хүлээж аваагүй болох нь тогтоогдож байна. Гэтэл анхан шатны шүүх эдгээр үйл баримтыг тодруулж нотлох баримтыг тал бүрээс нь бодитой үнэлэлгүй нэхэмжлэгч Тариалан эрхлэлтийг дэмжих санг Хөдөө аж ахуйг дэмжих сангаар сольсон нь учир дутагдалтай байна.

Хариуцагч талын шүүх хуралдаанд оролцох боломжгүй хүндэтгэн үзэх шалтгааныг анхан шатны шүүх нотолж чадаагүй гэж үзээд хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг 2020 оны 05 сарын 05-ны өдөр явуулсан байдаг. Гэхдээ хэргийн 110-113, 118-121 дүгээр талд авагдсан нотлох баримтуудыг хариуцагч талд танилцуулаагүй байна. Хариуцагч тал 2020 оны 03 сарын 27-ны өдөр хамгийн сүүлд хэргийн материалтай танилцсан байна. Энэхүү үйл баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 25.1.2-т заасан зохигчийн эрхийг хангаагүй ноцтой зөрчил байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч Тариалан эрхлэлтийг дэмжих сан УТҮГ нь хариуцагч С ХХК -д холбогдуулан АҮ/2017/17 тоот болон АҮ/2017/53 тоот Хүнсний улаан буудай худалдах, худалдан авах гэрээ-ний үүрэгт нийт 1 901 894 320 төгрөгийг нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /хх 1-3, 85/

 

Талууд 2017 оны 03 сарын 27-ны өдөр болон 2017 оны 07 сарын 18-ны өдөр АҮ/2017/17 болон АҮ/2017/53 тоот Хүнсний улаан буудай худалдах, худалдан авах гэрээ тус тус байгуулж нэхэмжлэгч нь нийт 3 000 тонн улаан буудайг нэг тонн бүрийг 560 000 төгрөгөөр худалдах, хариуцагч нь улаан буудайг хүлээн авч нийт 1 680 000 000 төгрөг төлөхөөр тус тус харилцан тохиролцжээ. /хх 17-21, 22-26/

 

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн харилцааг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа гэж зөв тодорхойлжээ.

 

Нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар хариуцагч С ХХК нь гэрээнд заасан улаан буудайг хүлээн авч, гэрээний төлбөрт нийт 426 500 000 төгрөг төлсөн болох нь тогтоогдож байх ба хариуцагч энэ талаар маргаагүй. /хх 1-3, 11/

 

Талуудын хооронд байгуулагдсан АҮ/2017/17 тоот гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.4, 5 дугаар зүйлийн 5.2, АҮ/2017/53 тоот гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.2, 5 дугаар зүйлийн 5.2-т тус тус худалдан авагч талын гэрээний төлбөр төлөх эцсийн хугацааг тодорхойлж, энэхүү хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд хоногийн 0.1 хувийн алданги тооцох нөхцөлийг тусгасан нь Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгийн зохицуулалтад тус тус нийцжээ.

 

Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын алба ТБАГ нь Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулга 2019 оны 11 сарын 13-ны өдөр батлагдсантай холбоотойгоор Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 01 сарын 08-ны өдрийн 16 дугаар тогтоолоор байгуулагдаж, улсын бүртгэлд 2020 оны 01 сарын 31-ний өдөр бүртгэгдсэн байх ба дээрх тогтоолын дагуу Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгө, өглөг, авлагыг Хөдөө аж ахуйг дэмжих санд шилжүүлсэн байна. /хх 88, 92-95, 96/

 

Иймд Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын алба ТБАГ нь Тариалан эрхлэлтийг дэмжих сан УТҮГ-ын бусадтай байгуулсан гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй гэж үзнэ.

 

Хэргийн 88, 92-95, 96 дугаар талд авагдсан хууль, тогтоол нь хэргийн оролцогчид нээлттэй эх сурвалжаас /www.legalinfo.mn, Төрийн мэдээлэл/ авах боломжтой учир нотариатчаар гэрчлүүлсэн байхыг шаардахгүй. Энэ талаар гаргасан хариуцагч талын давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

Нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн зарим нотлох баримт нь гэрээ байгуулахаас өмнөх цаг үед хамаарах мэдээллийг агуулсан баримт байхаас гадна хариуцагч талаас гэрээний төлбөрт төлсөн 426 500 000 төгрөгийг нэхэмжлэгч тал АҮ/2017/17 болон АҮ/2017/53 тоот гэрээний үүргээс өөрийн үзэмжээр суутган авч, тооцоолол хийжээ. Өөрөөр хэлбэл, хэрэгт С ХХК -аас энэ гэрээний төлбөр гэж нэрлэн зааж төлсөн баримт байхгүй байна.

 

Иймд шүүхийн зүгээс гэрээний нөхцөл болон талуудын өгсөн авсан зүйлийг харгалзан үзэж эхний гэрээний цаг хугацаанд төлсөн төлбөрийг эхний гэрээний үүрэгт хамааруулж, хоёр дахь гэрээний цаг хугацаанд төлсөн төлбөрийг хоёр дахь гэрээний үүрэгт хамааруулан доорх тооцооллыг хийлээ.

 

1.    АҮ/2017/17 тоот гэрээний хувьд

 

Огноо

Төлсөн төлбөр

Үлдэгдэл төлбөр

2017.04.01

11 200 000

1 108 800 000

2017.07.24

112 000 000

996 800 000

 

Үүнээс гэрээнд заасны дагуу 2017 оны 07 сарын 01-ний өдрөөс 2019 оны 03 сарын 01-ний өдөр хүртэл хоногийн 0.1 хувийн алданги тооцоход 26 611 200 + 582 131 200 = 608 742 400 төгрөгийн алдангийн тооцоолол гарч байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу алданги үндсэн төлбөрийн 50 хувиас хэтэрч болохгүй тул 996 800 000 + (996 800 000 / 2) = 1 495 200 000 төгрөг болж байна.

 

2.    АҮ/2017/17 тоот гэрээний хувьд

 

Огноо

Төлсөн төлбөр

Үлдэгдэл төлбөр

2017.08.01

30 000 000

530 000 000

2017.10.20

12 500 000

517 500 000

2017.10.30

10 000 000

507 500 000

2017.11.03

20 000 000

487 500 000

2018.11.08

30 000 000

457 500 000

2018.12.19

200 800 000

256 700 000

 

Үүнээс гэрээнд заасны дагуу 2017 оны 12 сарын 01-ний өдрөөс 2019 оны 03 сарын 01-ний өдөр хүртэл хоногийн 0.1 хувийн алданги тооцоход 8 692 500 + 103 963 500 = 112 656 000 төгрөгийн алдангийн тооцоолол гарч байна. Иймд 256 700 000 + 112 656 500 = 369 356 000 төгрөг болж байна.

 

Дээрх тооцооллыг нэгтгэн үзэхэд АҮ/2017/17 болон АҮ/2017/53 тоот гэрээний үүрэгт хариуцагч С ХХК нь 1 864 556 000 төгрөгийн үүрэг хүлээхээр байгаа боловч энэхүү тооцоолол нь анхан шатны шүүхийн гаргасан тооцооллоос илүү гарч байх тул иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчим, нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрт гомдоогүй нөхцөл байдал зэргийг харгалзан үзээд хариуцагчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйн үүднээс анхан шатны шүүхийн шийдвэрийн тооцооллыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүхийн зүгээс 2020 оны 05 сарын 05-ны өдрийн шүүх хуралдааны товыг С ХХК -ийн захирал Б.Бэхбатад 2020 оны 04 сарын 21-ний өдөр буюу боломжит хугацааны өмнө мэдэгджээ. /хх 114, 116/ Хөдөө орон нутагт ажлаар явсан гэх асуудал нь хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарахгүй байхаас гадна хүсэлтийг шүүхэд гаргасан гэх Д.Наранхүү нь тухайн компанийг төлөөлөх эрхтэй этгээд болох нь нотлогдохгүй байх тул шүүх хуралдааныг хариуцагч талын эзгүйд хийснийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэхгүй, энэ талаар гаргасан хариуцагч талын давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

Хэргийн материалтай танилцах нь зохигчийн эрх буюу, энэхүү эрхээ хэрэгжүүлэх эсэх нь түүний хүсэл зоригийн асуудал тул 2020 оны 03 сарын 27-ны өдрөөс хойш хэргийн материалтай танилцуулаагүй гэх давж заалдах гомдол мөн үндэслэлгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талаас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.      Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 сарын 05-ны өдрийн 182/ШШ2020/00981 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч болон өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа 2200600732360 тоот төлбөрийн даалгаврын дагуу 2020 оны 06 сарын 09-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9 161 213 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

Д.НЯМБАЗАР