Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 138

 

Э.Тод хорих ял

оногдуулах тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, ялтны өмгөөлөгч Ш.Бадмаараг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 3345 дугаар шүүгчийн захирамж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 25 дугаар магадлалтай, Э.Тод холбогдох 19/26-369 дугаартай шийдвэр гүйцэтгэлийн материалыг ялтны өмгөөлөгч Ш.Бадмаарагийн гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 191 дүгээр шийтгэх тогтоолоор Монгол Улсын иргэн, 2000 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр төрсөн, эрэгтэй, Боржигин овогт Э.Тыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт зааснаар түүнд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож, тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулж шийдвэрлэсэн байна.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 7.3 дугаар зүйлийн 4, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 165 дугаар зүйлд тус тус заасныг баримтлан ялтан Э.Тод Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 191 дүгээр шийтгэх тогтоолын 2 дахь хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, түүнд Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар ялтан Э.Тод оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр тогтоожээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, ялтан Э.Тын өмгөөлөгч Ш.Бадмаарагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Бадмаараг гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Э.Тод Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 191 дүгээр шийтгэх тогтоолоор ял оногдуулахгүйгээр шийдвэрлэсэн болно. Гэтэл Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь Э.Тыг шүүхээс оногдуулсан албадлагын арга хэмжээг зөрчсөн гэж дүгнээд захирамжаар хорих ял оногдуулж, энэ захирамжийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хууль зүйн үндэслэлтэй гэж үзсэн. Гэтэл тэнссэн шийдвэрийг захирамжаар хүчингүй болгож, тэнсэнгийн хугацаагаар хорих ял оногдуулах заалт Эрүүгийн хуульд байхгүй. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор Ц.Бурмаа хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Хяналтын шатны шүүхэд хууль хэрэглээний талаар гаргасан гомдлыг хэлэлцэхээр хуульчилсан бөгөөд өмгөөлөгч Ш.Бадмаарагийн гомдол нь хяналтын шатны шүүхээр хэлэлцэгдэх гомдол биш байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар бүлэг, 37.11, 37.12 дугаар зүйлүүд нь шүүхийн тогтоол биелүүлэхтэй холбоотой, шүүхээс урьд нь оногдуулсан ялыг өөр ялаар солих, хугацаанаас өмнө тэнсэн суллах зэрэг асуудлуудыг зохицуулдаг. Гэтэл Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.11 дүгээр зүйлийн 1, 37.12 дугаар зүйлийн 5.6 дахь хэсгийг баримтлан тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, хорих ял оногдуулсан нь хууль зөрчсөн байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн этгээдэд ял оногдуулах, 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн этгээдэд ял оногдуулахад баримтлах хуулийн заалт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд байхгүй, дээрх үндэслэлээр ял оногдуулах асуудал хэрэг хянан шийдвэрлэх хуулиар зохицуулагдаагүй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэснээр шийдвэрлэх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Өмгөөлөгч Ш.Бадмаарагийн гаргасан гомдлыг үндэслэн ялтан Э.Тод холбогдох 19/26-369 дугаар шийдвэр гүйцэтгэлийн материалыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас ялтан Э.Тыг Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 191 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жил тэнссэн хугацаанд шүүхээс оногдуулсан “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” албадлагын арга хэмжээг зөрчиж, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үндэслэлээр түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах тухай дүгнэлт /хх-38/ бичиж, холбогдох хэргийн материалыг шүүхэд шилжүүлжээ.

Харин Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 191 дүгээр шийтгэх тогтоолоор ялтанд Э.Тод хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэснийг хүчингүй болгож, түүнд Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэхдээ шүүгчийн захирамж гаргасан нь буруу байна.

Учир нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт “Шүүх шийдвэрээ Монгол Улсын нэрийн өмнөөс гаргана.”, мөн зүйлийн 31.3 дахь хэсэгт “Анхан шатны шүүх ... хэрэг, маргааныг хянан хэлэлцээд ... шийтгэх ба цагаатгах тогтоолын ... аль нэгийг гаргана”, мөн зүйлийн 31.4 дэх хэсэгт “Энэ хуулийн 31.3-т зааснаас бусад тохиолдолд хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана.” гэж, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын нэрийн өмнөөс гаргах шүүхийн шийдвэр нь шийтгэх, эсхүл цагаатгах хэлбэртэй байна.”, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.2, 1.3, 1.4-т “Шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дараахь зүйлийг тусгана… “Шүүгдэгчид хэрэглэсэн албадлагын арга хэмжээ, оногдуулсан ялын төрөл, хэмжээ, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлд заасны дагуу тодорхойлсон эдэлбэл зохих ялын хэмжээ”, “Хорих ял оногдуулсан хүний ял эдлэх хорих байгууллагын дэглэм”, Шүүгдэгч нь шүүхийн шийтгэх тогтоол гарахын өмнө баривчлагдсан, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан хугацааг ял оногдуулахдаа хэрхэн тооцсон” зэргийг тусгана гэж заажээ.

Гэтэл анхан шатны шүүх нь хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан гаргадаг шүүгчийн захирамжаар ялтан Э.Тод ял оногдуулах асуудлыг шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6-д зааснаар ноцтой зөрчилд хамаарч байх тул энэ талаар ялтны өмгөөлөгч Ш.Бадмаарагийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хүлээн авч, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 3345 дугаар шүүгчийн захирамж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 25 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, ялтан Э.Тод холбогдох 19/26-369 дугаартай шийдвэр гүйцэтгэлийн материалыг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Анхан шатны шүүх ялтан Э.Тод холбогдох шийдвэр гүйцэтгэлийн материалыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр бүлэгт заасан ердийн журмаар хянан хэлэлцэж, ялтанд хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах тухай прокурорын дүгнэлтийг хүлээж авах хууль зүйн үндэслэл тогтоогдвол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлэгт заасан журмын дагуу шийтгэх тогтоол гаргаж, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан ял оногдуулах нийтлэг зарчмыг баримтлах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 3345 дугаар шүүгчийн захирамж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 25 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, ялтан Э.Тод холбогдох 19/26-369 дугаартай шийдвэр гүйцэтгэлийн материалыг дахин хэлэлцүүлэхээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Хэргийг шүүхэд очтол ялтан Э.Тод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                           ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                           ШҮҮГЧ                                                         Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                                Б.БАТЦЭРЭН

                                                                                                                Ч.ХОСБАЯР

                                                                                                                Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН