Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2018/0331

 

П.Д нарын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг  Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Баатархүү, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 128/ШШ2018/0214 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдлоор, П.Д, Г.Б нарын нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 128/ШШ2018/0214 дүгээр шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-ийн “а”, 25 дугаар зүйлийн 25.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч П.Д, Г.Б нарын “Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн “Төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүчингүй болгох тухай” 12 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох, ажилгүй байсан хугацааны урамшууллыг нөхөн олгуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас хурлын төлөөлөгч нарын бүрэн эрхийг хүчингүй болгосон нь тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргаж хууль зөрчсөн. Нэгэнт сонгогдсон иргэдийн төлөөлөгч нарын бүрэн эрхийг хүчингүй болгох эрх Сонгуулийн тухай хуулийн дагуу тухайн дүүргийн Сонгуулийн хороо шийдвэрлэх байтал дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас шийдвэрлэж байгаа нь өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар шийдвэр гаргасан байна. Шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх тухай шүүгчийн захирамж болон Нийслэлийн шүүхийн шийдвэр биелүүлэх газраас “Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай” албан бичгийг хариуцагч Сүхбаатар дүүргийн Сонгуулийн хороонд хүргүүлсэн боловч Сонгуулийн тухай хуулиар олгогдсон сонгуулийн хорооны бүрэн эрхийг дүүргийн ИТХ-аас эдэлж төлөөлөгчийн бүрэн эрхийг хүчингүй болгосон нь нэхэмжлэгч нарын эрхийг зөрчсөн илт хууль бус захиргааны акт байна. Сүхбаатар дүүргийн Сонгуулийн хороо нь шүүхийн шийдвэрийн дагуу нэхэмжлэгч нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх, зохих акт гаргах, дахин сонгууль зарлах эсэх асуудлыг шийдвэрлээгүй байхад Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал уг асуудлыг дур мэдэн шийдвэрлэсэн нь хууль бус байна. Захиргааны ерөнхий хуульд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж  болзошгүй бол тухайн эрх нь зөрчигдөж болох этгээдэд урьдчилан мэдэгдэх, оролцоог хангах, боломж олгохоор зохицуулсан. Гэвч хариуцагч Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дээрх хуульд заасан журмыг илэрхий зөрчиж нэхэмжлэгч нарт сонсгох ажиллагааг огт хийгээгүй, энэ тухай баримт хэрэгт байхгүй. Гэтэл анхан шатны шүүх Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.5-д заасныг баримтлан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа бол гэсэн заалтыг төсөөтэй хэрэглэн сонсох ажиллагааг хийгээгүй хариуцагчийн хууль бус үйлдлийг зөвтгөсөн нь хууль бус дүгнэлт болсон. Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал гурван шатны шүүхийн шийдвэрээр шийдвэрлэсэн асуудлыг шийдвэрлэх бүрэн эрх болон шүүхийн шийдвэрийг биелүүлэх эрх хэмжээ байхгүй тул үүнд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан гэж үзэхгүй юм. Нийслэлийн Сонгуулийн хороонд холбогдуулан гурван шатны шүүхийн шийдвэрийг биелүүлэх талаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 1/29711 дүгээр албан бичгээр хандаж байсан, мөн Сүхбаатар дүүргийн Сонгуулийн хорооны 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 53 дугаартай албан бичгээр “...шүүхийн шийдвэрийг биелүүлэх” талаарх хариу өгч байсан байна. Дээрх хоёр баримтаар шүүхийн шийдвэрүүдийг дүүргийн Сонгуулийн хороо биелүүлэх бөгөөд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас дүүргийн Сонгуулийн хороонд хандаж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа харьяаллын дагуу зөв явагдаж байсан байна. Харин Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас Сүхбаатар дүүргийн иргэдийн төлөөлөгч нарт хандаж нэг ч албан бичиг явуулж байгаагүй, энэ талаарх баримт ч хэрэгт байхгүй болно. Гэтэл анхан шатны шүүх эрх бүхий бус этгээд шүүхийн шийдвэр биелүүлсэн нь зөв гэсэн агуулга бүхий дүгнэлт өгч нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хууль бус байна” гэжээ.   

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангажээ.

Нэхэмжлэгч П.Д, Г.Б нар нь “Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн “Төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүчингүй болгох тухай” 12 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох, ажилгүй байсан хугацааны урамшууллыг нөхөн олгуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэл гаргасан.

Маргаан бүхий Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 12 дугаар тогтоолоор тус Хурлын 2016 оны 01/02 дугаар тогтоолоор баталгаажсан нэхэмжлэгч П.Д, Г.Б нарын хурлын төлөөлөгчийн бүрэн эрхийг хүчингүй болсонд тооцож шийдвэрлэхдээ Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-ийн “а”, 25 дугаар зүйлийн 25.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 113 дугаар тогтоол, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 116 дугаар албан бичиг зэргийг баримталжээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр “Сүхбаатар дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуулийн 07 дугаар тойрогт нэр дэвшигчдийн төлөө өгсөн саналын нэгтгэл болон Сүхбаатар дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн “Нэр дэвшигчдийг сонгогдсонд тооцох тухай” 16 дугаар тогтоолын П.Д, Г.Б нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож” шийдвэрлэсэн, энэхүү шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх тухай мэдэгдлийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 116 дугаар албан бичгээр Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад хүргүүлсэн үйл баримтууд тогтоогдсон байна.

Энэ тохиолдолд Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуралдаж П.Д, Г.Б нарын дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 01/02 дугаар тогтоолоор баталгаажсан хурлын төлөөлөгчийн бүрэн эрхийг хүчингүй болсонд тооцож шийдвэрлэсэн нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 “Сум, дүүргийн Хурал нь ...тухайн нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн болон зохион байгуулалтын ямар ч асуудлыг хэлэлцэж бие даан шийдвэрлэх эрхтэй бөгөөд дараахь асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж хэрэгжүүлнэ”, 18.1.1-ийн “а”-д “Хурлын төлөөлөгчдийн бүрэн эрхийн тухай асуудал” гэж заасан эрхээ хэрэгжүүлсэн гэж үзнэ.

Түүнчлэн, шүүхийн шийдвэрийг биелүүлж захиргааны акт гаргаж байгаа тохиолдолд Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг хийх шаардлагагүй, энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэлт хийсэн байна.

Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нараас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д “Давж заалдах шатны шүүх хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид давж заалдах шатны шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг мэдэгдэж, тэдгээрийн шүүх хуралдаанд оролцох эрхийг хангах үүрэгтэй” гэж зааснаар нэхэмжлэгч нарт шүүх хуралдааныг товыг мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаантай эсэхээ нотолсон баримтгүйгээр шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлт ирүүлснийг хангах боломжгүйг дурьдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 128/ШШ2018/0214 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.                          

                            

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Д.БАТБААТАР

                        ШҮҮГЧ                                                               Д.БААТАРХҮҮ   

                        ШҮҮГЧ                                                               О.НОМУУЛИН