| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Х.Энхзаяа |
| Хэргийн индекс | 192/2025/05615/И |
| Дугаар | 192/ШШ2025/10009 |
| Огноо | 2025-11-28 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 192/ШШ2025/10009
| 2025 оны 11 сарын 28 өдөр | Дугаар 192/ШШ2025/10009 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Энхзаяа би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ********** дүүрэг, ********* дугаар хороо, ********* дүгээр байр, ******* тоот хаягт оршин суух, ******* овогтой Г********р /РД:***********/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ********** дүүрэг, ******** дугаар хороо, ****** дугаар хороолол, ********* гудамж, ** дүгээр байр, ***** тоот хаягт оршин суух *********овогт *******ын ******* /РД:**********/-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 37,862,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч **********
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **********
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Болормаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ********** нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие ********* нь өөрийн эзэмшлийн ************ улсын Toyata Land Cruiser 200 маркийн машинаа 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийг дуустал ***** овогтой **********д /РД:************/ 10 өдрийн хугацаатай түрээслүүлэхээр тохиролцсон.
****** нь түрээслэж байх хугацаандаа 2025 оны 05 дугаар сарын 12-ны шөнийн 20 цаг 58 минут орчимд Дорноговь аймгийн Айраг сумын нутаг дэвсгэрт Норт бэнз маркийн ******** улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гаргасан. ********** нь буцаж эргэх үйлдэл хийхдээ араас явж байсан ачааны машины урдуур орж зам тээврийн осол гаргасан. Тээврийн цагдаад дуудлага өгч зөрчил гаргасан газарт үзлэг, хэмжилт хийж иргэн ************д буруутай болох нь тогтоогдож, Зөрчлийн тухай хуулиар шийтгэл оногдуулсан.
Миний бие хохирлын үнэлгээг “Ашид билгүүн” ХХК-иар хийлгэж, 35,710,000 төгрөгийн үнэлгээ гарсан бөгөөд миний хохирлыг ******д нь барагдуулахгүй байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэв.
2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *********** нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
****** нь 2025 оны 05 дугаар 07-ны өдрөөс 2025 оны 05 дугаар 16-ны өдрийг хүртэл 10 хугацаатайгаар *****-***** эзэмшлийн ********* улсын дугаартай, Тоёота Ланд Круйзер 200 маркийн тээврийн хэрэгслийг түрээсэлсэн. Ингээд 2025 оны 05 дугаар сарын 12-ны орой 20 цагийн орчимд Дорноговь аймгийн Айраг сумын нутаг дэвсгэрт ********* улсын дугаартай, Норд Бенз маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн зам тээврийн осол гарсан.
Тухайн осол болсон газар ***** нь ********ыг цагдаагийн алба хаагчийн дэргэд зодож дарамталж байгаад 10,000,000 төгрөгийг тээврийн хэрэгсэлд учруулсан хохирол гэж аваад бусад төлбөрөө даатгалын байгууллагаас гаргуулж авна гээд явсан байна. Түрээслэн ашигласан тээврийн хэрэгсэл нь "Монгол даатгал” ХХК-д бүрэн даатгал хийгдсэн, энэ тухайгаа түрээсийн гэрээний 1 дэх хэсэгт зааж өгсөн, даатгалын гэрээний 12.6.2 дахь хэсэгт заасан үүргийг ******** нь өөрөө зөрчсөний улмаас "Монгол даатгал”ХХК нь нөхөн төлбөр олгохоос татгалзсан байдаг тул энэ нэхэмжилж буй хохирлыг *****д нь хариуцах үндэслэлгүй, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-4/, Тоёота Ланд Круйзер 200 маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээ /хх-5/, 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн Машин түрээсийн гэрчилгээ /хх-6/, Дорноговь аймгийн Цагдаагийн газрын Айраг сумын сум дундын цагдаагийн тасгийн тодорхойлолт /хх-7/ Авто тээврийн хэрэгслийн даатгалын баталгаа /хх-9-13/, хариуцагчийн жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-14/, Монгол даатгал ХК-ийн 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 01/616 дугаартай албан бичиг /хх-15-16/ Ашид билгүүн ХК-ийн даатгалын хохиролын үнэлгээ /хх21-42/ зэрэг баримтуудыг нотлох баримтаар хэрэгт өгсөн байна.
4. Хариуцагч нь нэхэмжлэгчид 10,000,000 төгрөг шилжүүлсэн шилжүүлгийн мэдээлэл /хх-36/ гэх баримтыг нотлох баримаар өгсөн байна.
Шүүх хуралдаанаар: Зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *******р нь хариуцагч *******д холбогдуулан 37,862,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...хариуцагч ***** нь миний өмчлөлийн тээврийн хэрэгсэл болох 4447 УББ улсын дугаартай Toyata Land Cruiser 200 маркийн автомашиныг түрээсийн гэрээний дагуу эзэмшилдээ байлгах хугацаандаа зам тээврийн осол гаргасны улмаас тус автомашинд 37,862,000 төгрөгийн хохирол учирсныг төлөөгүй гэх агуулгаар тайлбарлаж байна.
3.Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж бай бөгөөд үндэслэлээ ...нэхэмжлэгчийн өмчлөлийн ******** улсын дугаартай Toyata Land Cruiser 200 маркийн автомашиныг түрээслэж байх хугацаандаа зам тээврийн осол гаргасан талаар маргахгүй. Тухайн осол болох үед хариуцагч нь нэхэмжлэгчид 10,000,000 төгрөгийг өгч, үлдэх хохирлыг нэхэмжлэгч нь тээврийн хэрэгслийг даатгуулсан даатгалын компаниас авахаар талууд тохиролцсон. Гэвч нэхэмжлэгч нь даатгалын гэрээний үүргээ зөрчсөн тул уг хохирлыг авч чадаагүй гэх агуулгаар тайлбарлан мэтгэлцэж байна.
4. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1 Талууд 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Машин түрээсийн гэрээ байгуулж, хариуцагч ********д нь нэхэмжлэгч *******ын эзэмшлийн ***** улсын дугаартай Toyata Land Cruiser 200 маркийн автомашиныг 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хугацаанд түрээслэхээр харилцан тохиролцож, түрээсийн төлбөрт 1 өдрийн 350,000 төгрөгөөр тооцож 4,500,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн байна.
4.2 Ийнхүү түрээсийн гэрээний дагуу хариуцагч ********д нь түрээсийн гэрээний зүйл болох ****** улсын дугаартай Toyata Land Cruiser 200 маркийн автомашиныг жолоодон, замын хөдөлгөөнд оролцож явахдаа 2025 оны 05 дугаар сарын 12-ны орой 20 цагийн орчимд Дорноговь аймгийн Айраг сумын нутаг дэвсгэрт зам тээврийн осол гаргасан байна.
4.3 Тухайн ослын улмаас түрээсийн гэрээний зүйл болох ********* улсын дугаартай Toyata Land Cruiser 200 маркийн автомашинд учирсан хохирлын үнэлгээг 35,710,000 төгрөгөөр тогтоож, үнэлгээг хийх ажлын хөлсөнд 2,152,000 төгрөгийг нэхэмжлэгч нь төлжээ.
4.4 Нэхэмжлэгч нь хариуцагчаас дээрх автомашины хохиролд 10,000,000 төгрөгийг авснаа хүлээн зөвшөөрч, маргаагүй.
4.5 Нэхэмжлэгч ******** нь Монгол даатгал ХК-тай 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр “Автотээврийн хэрэгслийн даатгал”-ын гэрээ байгуулж, *********** улсын дугаартай Toyata Land Cruiser 200 маркийн автомашиныг даатгуулсан байна.
4.6 Нэхэмжлэгч нь дээрх даатгалын гэрээний дагуу тус автомашинд учирсан хохирлыг гаргуулахаар даатгалын компанид хүсэлт гаргахад ...даатгуулагч нь даатгалын гэрээний зүйлийг бусдад түрээслэхдээ даатгагчид мэдэгдэх үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр даатгалын нөхөн төлбөрийг олгохоос татгалзсан байна.
5. Дээрх үйл баримтаас дүгнэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байх бөгөөд уг гэрээ байгуулагдсан эсэх болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй.
Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт Эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.5-д гэрээ дуусгавар болоход эд хөрөнгийг хөлслүүлэгчид бүрэн бүтэн буцаан өгөх үүрэгтэй гэжээ.
6.Хариуцагч **********нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу ******** улсын дугаартай Toyata Land Cruiser 200 маркийн автомашиныг өөрийн эзэмшилд байх хугацаандаа зам тээврийн осол гаргаж, тухайн автомашинд хохирол учруулсан үйл баримтын талаар болон хохирлын үнэлгээний талаар маргаагүй.
Иймд нэхэмжлэгч нь хариуцагч ***********ас тус автомашинд учирсан хохирлыг шаардсан нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасантай нийцэж байна.
7.Хэдийгээр нэхэмжлэгч нь Монгол даатгал ХК-тай байгуулсан даатгалын гэрээнд заасан үүргээ биелүүлээгүйн улмаас даатгалын нөхөн төлбөр авч чадаагүй явдал нь хариуцагч ********ыг талуудын хооронд байгуулагдсан гэрээний зүйл болох автомашинд учруулан хохирлыг нөхөн төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.
8.Иймд талуудын хооронд байгуулагдсан гэрээний зүйл болох ********* улсын дугаартай Toyata Land Cruiser 200 маркийн автомашинд учирсан хохирол 35,710,000 төгрөг, үнэлгээг хийх ажлын хөлсөнд төлсөн 2,152,000 төгрөг, нийт 37,862,000 төгрөгөөс хариуцагчаас нэхэмжлэгчид төлсөн гэх 10,000,000 төгрөгийг хасч, үлдэх 27,862,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзэв.
9.Дээрх үндэслэлээр хариуцагч ******аас 27,862,000 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч ******т олгож, үлдэх 10,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч *******аас 27,862,000 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч ********т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 347,260 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *****аас улсын тэмдэгтийн хураамжид 273,542 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭНХЗАЯАЯА