| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогтбаярын Урангуа |
| Хэргийн индекс | 144/2018/0104/Э |
| Дугаар | 107 |
| Огноо | 2018-08-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Амгалан |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 13 өдөр
Дугаар 107
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,
Нарийн бичгийн дарга: Б.Оюунтунгалаг,
Улсын яллагч: А.Амгалан,
Шүүгдэгч: Д.Ж /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Жд холбогдох 1829001680101 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Д.Ж нь 2018 оны 06 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг дэвсгэрт буюу Цагаан хад гэх газарт байрлах тээш хадгалах зориулалт бүхий сендвичин байшинд иргэн О.Энхтунгалагтай маргаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Ж мэдүүлэгтээ: Би 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн сендвичийг түрээслэсэн. Тухайн үед 4 000 000 төгрөгөөр зарна гэж байсан. Түрээслүүлэгч Байгальмаатай ярилцаад 2 сар гаруй түрээсэлсэн. Нэг өдөр надад зарна гэсэн байснаа болиод өөр хүнд зарсан байсан. Би эмзэглээд анх удаа архи уусан. Шөнө 1 цагийн үед архи уучихаад энэ талаараа хүнтэй ярилцмаар санагдаад Энхтунгалагыг ороод ирээч гээд 1 шил архиа хувааж уусан. Архи нээх уудаггүй болохоор ямар зан авир гаргаснаа мэдэхгүй байна. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед итгэж явсан болохоор өөр хүнд зарсан байхаар нь эмзэглэж, гомдсон. Түүнээс өмнө 1 жил орчим эзэнгүй объект байсан. Би хот явах гэж байна гээд хэлсэн чинь миний дүү сайн яваарай гээд машинд суухын өмнө Ж наадах чинь зарагдсан шүү 5-нд түрээсээ дуусгаад гараарай гэсэн. Үгүй ээ, эгчээ одоо 14 хоног дутуу байгаа учир би найз нөхдөөсөө мөнгө олоод худалдаж авна гэж хэлсэн чинь чамд зархааргүй болчихлоо, хүн авсан. Ах эгч 2-т нь яаралтай мөнгөний хэрэг гарчихлаа. Тэгээд ч чи оройдоо олсон орлогоо дүү рүүгээ шилжүүлчдэг учир чамд одоо мөнгө байхгүй гэсэн. Надад боломж олголгүй тийм шийдвэр гаргасан болохоор би их эмзэглээд архи уусан гэв.
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч О.Энхтунгалагийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 22-23-р хуудас/,
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Т.Баярмаагийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 26-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн №122 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 28-р хуудас/
- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 8-р хуудас/,
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 16-19-р хуудас/,
- Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 36-39-р хуудас/,
- Шүүгдэгч Д.Жгийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 49-р хуудас/,
- Шүүгдэгч Д.Жгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 50-р хуудас/,
- Хохирогч О.Энхтунгалагийн “Миний хохиролыг бүрэн төлж барагдуулсан” гэх хүсэлт /хх-ийн 58-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт Д.Жд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.
Шүүгдэгч Д.Ж нь 2018 оны 06 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг дэвсгэрт буюу Цагаан хад гэх газарт байрлах тээш хадгалах зориулалт бүхий сендвичин байшинд иргэн О.Энхтунгалагтай маргаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
Хохирогч О.Энхтунгалагийн: “..намайг шууд түлхэж унагаад хоолойг 2 гараараа багалзуурдаж боосон. Би тусламж гуйж хашхирахад дуугай бай гээд 2 удаа алгадсан. Босож яваад ширээн дээрээс цаасны хутга аваад миний хоолойд тулгасан. Дараа нь миний цамц болон хөхний даруулгыг зүсэж урсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 21-23-р хуудас/,
Гэрч Т.Баярмаагийн: “...Энхтунгалаг нүүр нь улайчихсан уйлаад зогсож байсан. Миний охин Энхтунгалагын цамц болон хөхний даруулга энгэр хэсгээрээ урагдсан байдалтай байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 26-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн №122 дугаартай шинжээчийн: О.Энхтунгалагийн биед зүүн хацар, баруун дал, мөр, зүүн бугалга, уруулын дээд хэсэгт цус хуралт, хүзүү, цээж, баруун тохой, шуу, сарвуу, зүүн бугалга, шуу, баруун, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.” гэх дүгнэлт /хх-ийн 28-р хуудас/,
- Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.
Хохирогч О.Энхтунгалагийн “Надад хохирол төлбөрт 400 000 төгрөг өгсөн. Миний хохиролыг бүрэн төлж барагдуулсан” гэх хүсэлт /хх-ийн 58-р хуудас/ гэсэн тул шүүгдэгч Д.Жг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын тухайд:
Шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Д.Жгийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэв.
Шүүгдэгч Д.Ж нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлуудыг харгалзаад прокурорын санал болгосон торгох ялыг оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэж байна.
Шүүгдэгч Д.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.
Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан саарал өнгийн, хар өнгийн цэгэн толботой, зах нь хар өнгийн эмжээртэй, уг эмжээр нь урагдаж салсан байдалтай, цээжин хэсгээс халз доошоо 37 см урагдсан эмэгтэй хүний зуны нимгэн цамц 1 ширхэг, цэцгэн хээтэй цэнхэр өнгийн хөхний даруулга 1 ширхэг, цаасны хутга 1 ширхэгийг цаашид ашиглах боломжгүй тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгах нь зүйтэй.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хүрэл овогт Даваасүрэнгийн Жг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Жг 700 /долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700 000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Жд оногдуулсан 700 /долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700 000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.
4. Шүүгдэгч Д.Ж нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн болон түүнээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан саарал өнгийн, хар өнгийн цэгэн толботой, зах нь хар өнгийн эмжээртэй, уг эмжээр нь урагдаж салсан байдалтай, цээжин хэсгээс халз доошоо 37 см урагдсан эмэгтэй хүний зуны нимгэн цамц 1 ширхэг, цэцгэн хээтэй цэнхэр өнгийн хөхний даруулга 1 ширхэг, цаасны хутга 1 ширхэгийг цаашид ашиглах боломжгүй тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.37 дугаар зүйлийн 37.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.УРАНГУА