Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 2025/ДШМ/207

 

  

 

 

 

 

 

2025            02             06                                         2025/ДШМ/207

 

Б.Б-д холбогдох                                                                                                           эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Бат-Орших,

шүүгдэгч Б.Б-, түүний өмгөөлөгч О.Оюунчимэг,

нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2024/ШЦТ/857 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Б-гийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2310 03987 1149 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Ганбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.      

 

М овгийн Б-гийн Б-, 1994 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:... /;

Шүүгдэгч Б.Б- нь фейсбүүк цахим орчинд “тавилга хийж өгнө” гэсэн хуурамч заруудыг байршуулан цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан ... тоотод хохирогч Ж.Х-д “тавилга хийж өгнө” гэж 2023 оны 5 дугаар сарын 14-ний өдрөөс 17-ны хооронд 3,000,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Голомт банкны 30......46 тоот дансаар шилжүүлэн авч залилсан,

2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа холбогдсон хохирогч Р.Э-д “тавилга хийж өгнө” гэж итгүүлэн 800,000 төгрөгийг өөрийн Голомт банкны 30хххххх46 тоот дансаар шилжүүлэн авч залилсан,

2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа холбогдсон хохирогч Т.Т-д “тавилга хийж өгнө” гэж итгүүлэн 900,000 төгрөгийг өөрийн Голомт банкны 30хххххх46 тоот дансаар шилжүүлэн авч залилсан,

2023 оны 10 дугаар сарын 24-ны өдөр Хан-Уул дуүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа холбогдсон хохирогч Д.О-д “тавилга хийж өгнө” гэж итгүүлэн 1,200,000 төгрөгийг өөрийн Голомт банкны 30хххххх46 тоот дансаар шилжүүлэн авч, нийт 4 удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусдад нийт 5,900,000 төгрөгийн хохирол учруулан залилах гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Б.Б-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгийг нь шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр цахим хэрэгсэл ашиглан үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-г 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-гээс 5,900,000 төгрөг гаргуулж, хохирогч Р.Эд 800,000 төгрөг, хохирогч Т.Т.д 900,000 төгрөг, хохирогч Д.Од 1,200,000 төгрөг, хохирогч Ж.Х-д 3,000,000 төгрөг тус тус олгож, Эрүүгийн 2310039871149 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Б.Б- энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Р.Э-, Т.Т-, Ж.Х-, Д.О- нар гомдолтой гэснийг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Б- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолтой маргахгүй, хүлээн зөвшөөрч байгаа боловч биечлэн эдлүүлэх 6 сарын хугацаагаар эрүүгийн хариуцлага оногдуулсан талаар дахин харгалзан үзэж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар энэхүү гомдлыг гаргаж байна. Намайг анхан шатны шүүх дээр оршин суугаа хаягийн өөрчлөлтгүй, тархины гэмтлийн талаарх нотлох эмчийн магадлагаагүй. Нотлох бичиг баримтаа авч ирээгүйн улмаас зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах боломжгүй гэж үзсэн. Миний бие Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Давхарын 3-р байрны 3 тоотод оршин суух хаягтай. Урьд ял шийтгэл эдэлж байгаагүй. Өөрийн гэм буруугаа маш ихээр ойлгосон. Миний бие 2024 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр ажлаа хийж тарж яваад бусдын санаатай үйлдлийн хохирогч болон 2024 оны 9 дүгээр сарын 29-ны өдөр эмнэлэгт ухаан алдсан байдалтай очоод 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр тархины хүнд хагалгаанд орж идэж уух, хөгжиж дэвших, хөдөлмөр эрхлэх байдлаа тодорхой хугацаагаар алдсан. 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүртэл боолт эмчилгээ хяналтад байсан хугацаандаа шүүх хуралд орсон. Нээлттэй 461 дүгээр хорих ангид ирж байх хугацаандаа эмчилгээ, зөв зохистой хоол, цэвэр агаараар хязгаарлагдаж биеийн байдал өдөр өдрөөр муудаж байгааг минь харгалзан үзэж 6 сарын хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү. Бусдын хохирлыг тодорхой хэмжээгээр төлж үлдсэн хохирлыг заасан хугацаанд төлж дуусгана. ...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Оюунчимэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Б-гийн гаргасан гомдлыг дэмжиж оролцож байна. Б.Б- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа гэж үзэж болно. Өөрөөр хэлбэл, Б.Б- энэ гэмт хэрэгтээ шийтгүүлэхээс өмнө модон эдлэлийн мужааны ажил хийдэг байсан. Энэ түүний дансны хуулгаар тогтоогдоно. Миний бие давж заалдах шатны шүүхийн шатнаас Б.Б-гийн өмгөөлөгчөөр оролцож, Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс түүний эрүүл мэндийн байдалтай холбоотой баримтыг авах хүсэлт мэйлээр явуулахад 7-8 хоног архиваас хайна гэж хэлсэн. Тэгэхээр Б.Б- нь тархиндаа гэмтэл авсан нь үнэн. Мөн Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид хүсэлт гаргасан боловч эмч нь байхгүй байсан уу мэдэхгүй, хүсэлтийн хариу ирээгүй байсан. Б.Б-гийн эцэг, эх нь тэтгэврийн зээл авах гэсэн боловч Хаан банк 3 дугаар сард дуусгаад зээл олгоно гэж мэдэгдсэн. Уг нь хохирол төлөх боломж байгаад байгаа юм. Түүний төрсөн ах нь адилхан мужаан хийдэг. Өмгөөлөгчийн зүгээс хохирол төлбөрийг төлөх гээд их хөөцөлдөж байгаа. Шүүгдэгч Б.Б-д оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг өөрчилж, түүний эрүүл мэндийн байдлыг харгалзан зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, эсхүл тэнсэж өгнө үү” гэв.

Прокурор С.Бат-Орших тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.Б- нь 2023 оны 05 дугаар сарын 14-ний өдрөөс 10 дугаар сарын 24-ний өдрийн хооронд нэр бүхий 4 хохирогчоос 5.900.000 төгрөг тавилга хийж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож залилж авсан. Хамгийн сүүлийн үйлдлээс хойш бараг 2 жилийн хугацаа болж байхад Б.Б- нь энэ хугацаанд хохирлоо төлөх талаар ямар нэгэн идэвхитэй үйлдэл хийгээгүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш 2 сар гаруй хугацаанд хохирогч нарт 5.900.000 төгрөгийн хохирлыг боломжтой байсан. Гэтэл хохирлоо төлөхөө илэрхийлж байгаа учраас хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү гэсэн агуулгаар гомдол гаргасан нь шударга ёсны зарчимд нийцэхгүй. Хохирогч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөөр байгаа. Мөн бусдын буруутай үйлдлийн улмаас тархиндаа гэмтэл авсан гэж гомдолд дурдсан. Одоогийн байдлаар ямар гэмтэл авсан, эсхүл цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа эсэх талаарх баримт шүүхэд ирүүлээгүй учраас энэ талаар дүгнэлт хийх боломжгүй. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж, дараах байдлаар дүгнэлт хийв. Үүнд:      

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 16.2 дугаар зүйл, 32.3 дугаар зүйлд зааснаар тухайн шүүгдэгч Б.Б-д холбогдох хэргийн бодит байдлыг тогтоох ажиллагаа болон тус хэрэгт цугларч, бэхжигдсэн нотлох баримтын эх сурвалжууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмыг зөрчсөн эсхүл оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэж үзэх  үндэслэл, үйл баримт тогтоогдсонгүй.          

2. Анхан шатны шүүхээс хэргийн бодит байдлыг тогтоож, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг хянан шийдвэрлэхдээ шүүх хуралдааны оролцогч, талуудын эрхийг хангаж, тэдний шинжлэн судалсан нотлох баримт болон санал, дүгнэлтийг харьцуулан шалгаж, үнэлсний үндсэн дээр шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон, хэргийн зүйлчлэлийн талаар хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.   

Тодруулбал, шүүгдэгч Б.Б- нь фейсбүүк цахим орчинд “Тавилга хийж өгнө” гэсэн заруудыг байршуулан цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан:

... тоотод хохирогч Ж.Х-гоос 2023 оны 5 дугаар сарын 14-ний өдрөөс 17-ны хооронд 3,000,000 төгрөгийг, 

2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа холбогдсон хохирогч Р.Э-аас 800,000 төгрөгийг,

2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа холбогдсон хохирогч Т.Т-ээс 900,000 төгрөгийг,

2023 оны 10 дугаар сарын 24-ны өдөр Хан-Уул дуүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа холбогдсон хохирогч Д.О-гаас 1,200,000 төгрөгийг тус тус өөрийн Голомт банкны 30хххххх546 тоот дансаар шилжүүлэн авч, нийт 4 удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусдад нийт 5,900,000 төгрөгийн хохирол учруулж залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь:    

- Хан-Уул дүүргийн цагдаагийн газарт Р.Э-, Т.Т-, Д.О-, Ж.Х- нарын бичгээр гаргаж өгсөн өргөдөл /1хх-12, 63-66, 112, 227-228/,

- хохирогч Р.Э-гийн: “...Би 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 26 дугаар хороонд байрлах орон сууцанд тавилга хийлгэх зорилгоор Фейсбүүкийн хэрэгцээт зар, тавилга хийнэ” гэсэн группт байршуулсан зарын дагуу хандаж, “тавилга захиалгын төлбөр болох 800,000 төгрөгийг 2 удаагийн гүйлгээгээр өөрийн Худалдаа хөгжлийн банкны 40...59 дугаартай данснаас Б.Б- гэх эзэмшигчтэй 30...46 тоот дансанд шилжүүлэн өгсөн...3 хоногийн дотор тавилга хийнэ гэсэн боловч ажлаа өнөөдрийг хүртэл хийгээгүй, таг алга болсон...” гэх мэдүүлэг /1-хх30/,

- хохирогч Т.Т-ий “...2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Ирээдүй хотхоны оршин суугчдын групп дотор “Joyfue Amulet” гэсэн нэртэй Фейсбуук хаягтай хүний захиалгаар тавилга хийж өгнө гэсэн. Манай хотхонд хийсэн тавилганынх нь зургийг дараад оруулсан зурагтай хүн байсан, гал тогооны тавилга хийлгэхээр тохиролцоод ирж хэмжээ авахаар тус өдрийн орой ирсэн. Ирээд надад тавилгын компанид ажилладаг, оройн цагаар халтуур буюу хувиараа тавилга хийхгүй бол гэр бүлд мөнгө хүрэлцэхгүй жаахан хэцүү байна гэх утгатай зүйлүүд яриад байсан. Тэгээд маргааш өглөө 100 айл дээр очоод материалаа авна, дутуу хэмжээ асуух юм байвал асууна шүү гэж урьдчилгаа 900,000 төгрөг авна гээд түүний надад өгсөн Голомт банкны 30...46 дугаартай данс руу өөрийн Хаан банкны 59...41 дугаартай данснаас 12 цагийн орчимд мөнгөө Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо Ирээдүй хотхонд гэртээ байхдаа шилжүүлсэн. Тэгээд цагдаагийн байгууллагад хандаж байна. Таны харуулсан Б- гээд хүн манай дээр ирж хэмжээ авч надтай ярьсан хүн мөн байна...” гэх мэдүү/лэг /1хх-74-75/,

- хохирогч Д.О-гийн: “...Би 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах Ирээдүй хотхонд байх гэртээ байх үедээ Фейсбүүкт байршуулсан зарын дагуу нэр бүхий хүнтэй холбогдож гал тогооны болон хувцасны шкаф захиалж урьдчилгаа төлбөр 1,200,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн 50...80 дугаартай Хаан банкны данснаас Баярсурэн гэх эзэмшигчтэй Голомт банкны 30...46 тоот дансанд шилжүүлэн өгч залилуулсан...надад таны тавилгыг 7 хоногийн дотор хийж өгнө гээд гэрт ирээд хэмжилт хийгээд зураг зураад явсан. Тэгээд 7 хоног таг алга болсон, утсаар залгахаар авдаггүй, Баянхонгорт тавилга хийж байна, Налайхад Шүүхийн шийдвэрийн оффисийн тавилга хийх тендерт оролцож байна гэж хулаа ярьж хууран мэхлэсэн...” гэх мэдүүлэг /1хх-127/,

- хохирогч Ж.Х-гийн “... Би 2023 оны 05 дугаар сард Төгс Хефест нэртэй фейсбүүк хуудсанд тавилга хийж өгнө гэсэн зарыг харсан. Тэр зарынхаа дагуу 2023 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 80...54 дугаараар холбогдоод гэртээ дуудсан. Зарын дагуу холбогдсон гэдэг хүн нь Б.Б- гэдэг хүн байсан өөрийгөө Төгс Хефест-ийн дизайнер ажилтай хүн нь байна гэж хэлж байсан... Би Б-гийн 80548254 дугаарт байнга залгаж үздэг боловч холбогдохгүй байга, Б-д эхлээд 2023 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 2,500,000 төгрөгийг Б-гийн Голомт банкны 30...46 тоот дугаартай дансанд, 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 500,000 төгрөг өгсөн. Түүнээс хойш надад тавилга хийж өгсөн зүйл байхгүй, өөрөө ямар нэгэн холбоо байхгүй алга болсон...” гэх мэдүүлэг /1хх-233/,  

- хохирогч Р.Э-гийн Худалдаа хөгжлийн банкны 406106477 тоот дансанд үзлэг хийсэн тэмдэглэлд “...данснаас 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 700.000, 100,000 төгрөгийг тус тус, “EB-tavilga 99…81” гэсэн утгатайгаар Б-гийн Б-гийн Голомт банкны 3055122546 тоот дансанд шилжүүлсэн байна... нийт 800,000 төгрөгийг шилжүүлсэн байна...” /1хх-164/,

- Д.О-гийн эзэмшлийн Хаан банкны 5006353578 тоот дансанд үзлэг хийсэн тэмдэглэлд: “данснаас 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 1,200,000 төгрөгийг “TAVILGA ZAHIALGA 94…07” гэсэн утгатайгаар Бямбасүрэнгийн Б-гийн “Голомт” банкны 30...46 тоот дансанд шилжүүлсэн байна...” /1хх-163/,

- хохирогч Р.Э-, Т.Т-, Д.О-, Ж.Х- нарын мөнгө шилжүүлсэн талаар дансны хуулга болон фейсбүүкээр харилцсан зурвас бүхий зургийн хуулбар /1хх 13-14, 15-18, 67, 68-71, 113, 114-121, 229, 2хх-18-19/,

- Б.Б-гийн Голомт банк дахь 30...46 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-172-189, 2хх-07-10/,

- шүүгдэгч Б.Б-гийн: “...Р.Э- гэдэг хүн тавилга захиалсан. Би хаягаар нь очиж үнийн дүн тохиролцоод 3055122546 тоот дансанд урдчилгаа төлбөр 800.000 төгрөгийг авсан. Түүнээс хойш тавилга хийж өгөх гэсэн боловч өөр ажил гүйцэтгэхдээ алдагдал гаргаад чадаагүй. Уг мөнгөөр тавилга хийж өгөөгүй өмнөх айлын тавилга хийхэд уг мөнгийг зарцуулсан...” /1хх 32, 35-36, 47-48/...Т- гэдэг хүн холбогдож гал тогооны тавилга захиалсан. Би хаягаар нь очиж үнийн дүн тохиролцоод өөрийн 30...46 тоот дансанд урьдчилгаа төлбөр 900,000 төгрөгийг шилжүүлэн авсан. Түүнээс хойш тавилга хийж өгөх гэсэн боловч өөр ажил гүйцэтгэхдээ алдагдал хүлээгээд чадаагүй. Өмнө тавилга хийсэн айлын ажлыг хийхэд уг мөнгийг зарцуулсан...” /1хх-79-80, 95-96/,“...О- гэдэг хүн холбогдож гал тогооны тавилга, үүдний хувцасны өлгүүр хийлгэхээр захиалсан. Би хаягаар нь очиж, хэмжилт хийсэн. Тэгээд үнийн дүн тохиролцоод өөрийн 3055122546 тоот дансанд урьдчилгаа төлбөр 1,200,000 төгрөгийг шилжүүлэн авсан. Түүнээс хойш тавилга хийж өгөх гэсэн боловч өөр ажил гүйцэтгэхдээ алдагдал хүлээгээд чадаагүй, сүүлдээ би утсаа салгаад, дугаараа солиод харилцаагаа тасалсан...” /1хх-132, 135-136, 156-157/, “...Би Төгс Хефест гэсэн нэртэй фейсбүүк хуудсаар 2023 оны хавар тавилга захиалгаар хийхээр зар байршуулсан. Тэгэхэд надтай Х- гэдэг хүн холбогдоод гал тогооны тавилга шкаф хийлгэхээр болсон, гэрт нь очсон. Урьдчилгаа мөнгө орсноос хойш 7-10 хоногийн хугацаанд гаргана гэж хэлсэн...Миний Голомт банкны данс руу шилжүүлсэн урьдчилгаа нийт 3000,000 төгрөгийг авсан, зарцуулсан, ажил хийсэн цалингаараа нөхнө гэж төлөвлөөд хэрэглэсэн.../1хх-235-236, 2хх-2/ гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Шүүгдэгч Б.Б- нь дээрх залилах гэмт хэргийг үйлдсэн болохыг нотолж буй нотолгооны эх сурвалжууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжигдсэн, эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хангалттай байх шалгуурыг хангасан, түүнчлэн шүүгдэгч нь өөрт ашгийг хичээсэн шунахайн гэмт сэдэлт, зорилгын хүрээнд хуурч, төөрөгдүүлэх буюу бодит байдлыг гуйвуулах, нуун дарагдуулах, зохиомол байдлыг зориудаар бий болгох аргаар нэр бүхий  хохирогчоос нийт 5,900,000 төгрөгийг олон удаагийн үйлдлээр шилжүүлэн авч, өөрийн өмч мэт захиран зарцуулсан нь тогтоогдсон байх тул түүний үйлдсэн залилах гэмт хэргийн шинж хангагдсан гэж үзнэ.    

Шүүгдэгч нь гэм буруугийн нэгдмэл нэг хэлбэрийн хүрээнд “залилах” нэг төрлийн гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар үргэлжилсэн нэг гэмт хэрэгт тооцсон, мөн үргэлжилсэн гэмт хэрэг үйлдэгдэж дууссан буюу таслан зогсоогдсон үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаанд хамааруулсан байгаа нь зөв болно. 

Хохирогч нарын гомдол, мэдүүлгийг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудтай харьцуулан шалгахад тэднийг худал мэдүүлсэн гэж үзэх үндэслэлгүй.

Мөн шүүгдэгчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар баталгаажуулсан эрхийг нь шүүхийн өмнөх шат, шүүх хуралдаанд тухай бүр танилцуулж, тайлбарласан байх ба түүнээс мэдүүлэг авахдаа гэм буруугаа хүлээн зөвшөөрөхийг тулган шаардах, албадах зэргээр түүний эрхийг зөрчсөн асуудал байхгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.     

3. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын буюу учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг бүх талаас нь харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, шалгууртай байдаг.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзах энэхүү шалгуур, шаардлагыг нотолж буй баримт, талуудын санал, дүгнэлтийг харьцуулан шалгаж, үнэлэх замаар ялын төрөл, хэмжээг хэрхэн оногдуулах нь шүүхэд олгогдсон эрх хэмжээний асуудалд хамаардаг.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулахдаа дээр дурдсанаар харгалзвал зохих шалгуур, шаардлагын талаар дүгнэсэн, тус оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, аюулын хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэрэгт тохирсон талаарх улсын яллагчийн санал дүгнэлтийг үгүйсгэх боломжгүй гэж үзэв.        

4. Иймд шүүгдэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.  

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч Б.Б-гийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 66 /жаран зургаа/ хоногийг түүний эдлэх хорих ялд оруулан тооцов.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь : 

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2024/ШЦТ/857 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч Б.Б-гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.   

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-гийн цагдан хоригдсон 66 /жаран зургаа/ хоногийг түүний эдлэх хорих ялд оруулан тооцсугай.       

4. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар оролцогч гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.ОЧ

 

        ШҮҮГЧ                                                       Д.МӨНХӨӨ

 

            ШҮҮГЧ                                                        Г.ГАНБААТАР