| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Самандаабазарын Өлзий-Отгон |
| Хэргийн индекс | 144/2018/0103/Э |
| Дугаар | 108 |
| Огноо | 2018-08-15 |
| Зүйл хэсэг | 20.14.2., |
| Улсын яллагч | В.Төгсбаяр |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 15 өдөр
Дугаар 108
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,
Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяр,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Оюунтунгалаг,
Шүүгдэгч: Б.Бэгзсүрэн /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Давдаа овогт Балгансүрэнгийн Бэгзсүрэнд холбогдох 1829001250097 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1962 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд суманд төрсөн, 56 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Ханбогд сумын сум дундын эмнэлэгт жолоочоор ажилладаг, ам бүл 2, эхнэрийн хамт Өмнөговь аймаг, Ханбогд сум, 3-р баг, Жавхлант, Бага булагын 10-1 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Давдаа овогт Балгансүрэнгийн Бэгзсүрэн /РД:КЙ62032972/
Холбогдсон хэргийн талаар агуулга /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Б.Бэгзсүрэн нь 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Өмнөговь аймаг, Ханбогд сум, Жавхлант, 3-р баг, Бага булагын 10-1 тоотод байх өөрийн гэртээ эмийн түүхий эд болох “каффейн”-ыг бусдад хууль бусаар худалдсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Бэгзсүрэн: Би 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр өөрийнхөө мотоцикльтой сумын төвөөс Жавхлант баг дээр байдаг гэрлүүгээ явсан. Намайг очоод гэрийнхээ ойр зуурын юмыг янзлаад хог асгах гээд явж байхад хоёр танихгүй залуу ирээд надаас масло байна уу гэж асуухаар нь би 4 литр масло байна саваар өгнө гэхэд тэр хүмүүс авъя мөнгө байдаггүй Ми-Ми байна та үүнийг авчих, малын төлд өгдөг, хүн татвал ядаргаа нь арилдаг юм гэхээр нь 6 ууттай Ми-Мигээр сольсон. Тэгээд би сумын төврүү гэртээ ирээд тэр Ми-Миг шүүгээний хажууд саванд хийчихсэн байхад нэг танихгүй залуу Ми-Ми байна уу? авъя гэхээр нь би тамхины мөнгө хийе гэж бодоод нэгийг нь зарсан юм гэв.
Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч П.Лувсанпүрэвийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 19-20-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн №5817 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зураг /хх-ийн 23-27-р хуудас/,
Нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 08-12-р хуудас/
Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 16-р хуудас/,
Шүүгдэгч Б.Бэгзсүрэнгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37-р хуудас/,
Эрүүл мэндийн хөгжлийн төвийн 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 815 дугаартай”... Монгол улсын эмийн бүртгэлд БНХАУ-ын 2 үйлдвэрийн каффейн нь эмийн түүхий эдээр бүртгэлтэй байгаа...” гэх жагсаалт /хх-ийн 60-61-р хуудас/
зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Бэгзсүрэн нь 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Өмнөговь аймаг, Ханбогд сум, Жавхлант, 3-р баг, Бага булагын 10-1 тоотод байх өөрийн гэртээ эмийн түүхий эд болох “каффейн”-ыг бусдад хууль бусаар худалдсан гэмт хэрэгт холбогдсон болох нь:
-Гэрч П.Лувсанпүрэвийн “...Би 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Цагаан хаднаас Ханбогд суманд ирсэн юм. Би Цагаанхаданд байхдаа архи уугаад, гэдсээр базалж өвдөөд хордогын шинж өгөөд байсан. Би нүүрс тээврийн жолооч нараас хордлогод Ми-Миг шатааж үнэрлэвэл сайн байдаг гэж сонсож байсан болохоор сумын төвөөс Ми-Ми хайсан юм. Тэгээд 2018 оны 05 дугаар сарын 18-ны оройхон Анир гэсэн бичигтэй 2 давхар байшингийн урд талын зүүн тийшээ харсан захын хаалгаар ороход нэг гэртэй айл байхаар нь яваад ортол нэг настай ах ганцаараа байж байсан. Би тэр хүнээс Ми-Ми байна уу гэж асуухад байна гэхээр нь хэд вэ гэхэд 10 000 төгрөг гэхээр нь авъя гээл 10 000 төгрөг өгтөл нэг жижиг ууттай Ми-Ми өгсөн. Би тэднийхээс гараад алхаж явтал эргүүл хийж байсан цагдаа нар миний бичиг баримтыг шалгах үедээ миний халаасандаа хийж явсан Ми-Миг хурааж авсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20-р хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн №5817 дугаартай шинжээчийн: “Шинжилгээнд ирүүлсэн “1” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн нунтаг зүйл, “2” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн нунтаг зүйл, “3” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн нунтаг зүйл, “4” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн нунтаг зүйл, “5” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн нунтаг зүйл, “6” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн нунтаг зүйл зэргээс каффейн /caffeine/ илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц” болон “Мансууруулах бодисын тухай конвенц”-ийн жагсаалтанд багтдаггүй болно. Энэ асуулт манай лабораторийн тодорхойлох хүрээнд хамаарахгүй болно” гэх дүгнэлт /хх-ийн 23-р хуудас/,
- Нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 08-12-р хуудас/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 16-р хуудас/,
Шүүгдэгч Б.Бэгзсүрэнгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37-р хуудас/
Эрүүл мэндийн хөгжлийн төвийн 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 815 дугаартай ”...Монгол улсын эмийн бүртгэлд БНХАУ-ын 2 үйлдвэрийн каффейн эмийн түүхий эдээр бүртгэлтэй байгаа...” гэх жагсаалт /хх-ийн 60-61-р хуудас/ зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхээс шүүгдэгч Б.Бэгзсүрэнд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа түүний үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ болон хувийн байдал зэргийг харгалзан үзэв.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Б.Бэгзсүрэн нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, түүнээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдвал зохино.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан тус бүртээ 10 грамм жинтэй, өнгөгүй нийлэг уутанд савласан 6 ширхэг нунтаг цагаан өнгийн бодис, 20.3 метр урттай тугалган цаасыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Давдаа овогт Балгансүрэнгийн Бэгзсүрэнг “Эм, эмийн түүхий эдийг зөвшөөрөлгүйгээр бусдад худалдсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бэгзсүрэнд хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.4, 4-т зааснаар шүүгдэгч Б.Бэгзсүрэнг тэнссэн хугацаанд зан үйлээ засаж хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүргийг хүлээлгэж, үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн тус бүртээ 10 грамм жинтэй, өнгөгүй нийлэг уутанд савласан 6 ширхэг нунтаг цагаан өнгийн бодис, 20.3 метр урттай тугалган цаасыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
5. Шүүгдэгч Б.Бэгзсүрэн нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсгүүдэд зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол ялтанд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлүүдэд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.УРАНГУА