| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбодорж Ганбаатар |
| Хэргийн индекс | 2405 03623 1441 |
| Дугаар | 2025/ДШМ/208 |
| Огноо | 2025-02-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Хонгорзул |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 2025/ДШМ/208
2025 02 06 2025/ДШМ/208
С.Б-д
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Д.Хонгорзул,
шүүгдэгч С.Б-гийн өмгөөлөгч Б.Баярмагнай,
нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2024/ШЦТ/1018 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баярмагнайгийн гаргасан давж заалдах гомдлоор С.Б-д холбогдох 2405 03623 1441 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Ганбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овгийн С-ын Б-, 2006 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эцэг, эх, 2 дүү нарын хамт … тоот оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:… /;
Шүүгдэгч С.Б- нь 2024 оны 8 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ардын хоршоо” гэх нэртэй дэлгүүрийн орчимд хохирогч Т.Б-тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар ноцолдож, түүний нүүрэн тус газарт чулуу мэт зүйлээр 1 удаа цохиж, эрүүл мэндэд нь хамрын ясны зөрүүтэй нийлмэл хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун ухархайн дотно ханын цөмөрсөн хугарал, баруун дээд зовхинд цус хуралт, дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцрал, нүдний алимны салстад цус харвалт, баруун дээд зовхины дотор буланд зулгаралт, баруун хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол дүүргийн прокурорын газраас: С.Б-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч С.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-д 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.Б-д оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээж, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-гаас гэмт хэргийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэсэн хохирол төлбөрт 2,400,300 төгрөг, мөн гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршигт 3,300,000 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч Т.Б-д олгуулж, хохирогч Т.Б- нь гэмт хэрийн улмаас учирсан бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч С.Б-гаас Иргэний хэрэг шүүх хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч С.Б-гийн өмгөөлөгч Б.Баярмагнай давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2024 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 11378 дугаартай дүгнэлтэд хохирогчийн хамар ясны хугарал, хамрын таславч муруйлт, баруун ухархайн дотор ханы цөмөрсөн хугарал, баруун дээд зовхинд цус хуралт, дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нүдний алиманд цус харвалт, баруун дээд зовхи, баруун шанаанд зулгаралт гэж тогтоосон ба үүнээс үзэхэд хохирогчийн биеийн олон хэсэг газарт гэмтэл учирсан болох нь харагдаж байна. Мөн дүгнэлтэд дээр гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ гэжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ” гэж хуульчилсан. Дээрх хэрэгт А.Ц гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “... жижиг биетэй залуу Б-ыг цохиод Б- доошоо суусан” гэх мэдүүлэг, мөн Б.Б гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “...манай найз Б-ыг жижиг биетэй залуу зодоод газар унагасан...” гэх мэдүүлэг өгсөн. Хохирогч Т.Б- мэдүүлэхдээ “.. миний баруун нүд орчим газар чулуу шиг юмаар 1 удаа цохисон” гэж маш тодорхой мэдүүлжээ. Дээрх нөхцөл байдлаас үзэхэд хэрэг учрал гарсан гэх цаг хугацаанд шүүгдэгч нь хохирогчийг 1 удаа цохисон гэх ба энэ нь гэрчүүдийн мэдүүлгүүдээр давхар нотлогдож байна. Харин шинжээчийн 11378 дугаар дүгнэлтэд дурдагдсан хохирогч биед олон хэсэг газраа олон удаагийн хатуу мохоо зүйлийн улмаас учирсан гэмтлийг яг хэн учруулсан эсэх нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “гэмт хэрэг гарсан байдал” буюу нотолбол зохих байдлууд нотлогдоогүй байна. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2024 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 11378 дугаар дүгнэлтэд хохирогчийн биеийн олон хэсэгт олон тооны гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн болох нь хөдөлбөргүй тогтоогддог. Эрүүл мэндийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Улсын Ерөнхий прокурорын хамтарсан 2024 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн А/225/А/153/А/85 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.6 дахь хэсэгт “Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэргийг тогтоохдоо баримтлах зарчмыг хуульчилсан бөгөөд уг журмын 2.6.3 дахь хэсэгт “шинжилгээ хийлгэх этгээд нэг цаг хугацаанд биедээ хэд, хэдэн гэмтэл авсан бол шаардлагатай тохиолдолд гэмтэл тус бүрээр” гэмтлийн зэргийг тогтоохоор заасан бөгөөд шинжээч 11378 дугаар дүгнэлтдээ хохирогчид учирсан гэмтлийг гэмтэл тус бүрээр нь зааглан ялгаагүй, яг аль гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.1 дэх хэсэгт заасан хөнгөн хохирол эсэх, аль гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй эсэх зэргийг нарийвчлан зааглан ялгаж өгөөгүй байна. Энэ нь прокурорын байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг бүрэн гүйцэд явуулах, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг олж тогтоох, хэргийн бодит байдлыг тогтооход хүндрэл учруулсан гэж үзэхээр байна. Мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгчийг өмгөөлөгч авах хууль зүйн туслалцаа авах эрхээр хэрхэн хангасан, эрх үүргийг хэрхэн тайлбарлаж ойлгуулсан эсэх нь учир дутагдалтай байгаа тул 2024/ШЦТ/1018 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.
Прокурор Д.Хонгорзул тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлсэн нотлох баримтууд болон хохирогч, гэрч нарын мэдүүлэг авагдсан. Тухайн үед хамт байсан бүх хүмүүсээс мэдүүлэг авсан. Мөн таньж олох ажиллагаа явуулахад хохирогч шүүгдэгчийг шууд заасан. Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 11378 дугаар дүгнэлтийг анагаах ухааны тусгай мэдлэг бүхий шинжээч эмч гаргасан. Дүгнэлтийг гаргахдаа шинжлүүлэгч Т.Б-ыг биечлэн үзсэн байдаг. Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэглэл тогтоох журмын 2.6.2.хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэргийг үнэлэх шалгуур шинжээс нэг илэрч байвал түүгээр хэрэв олон шалгуур шинж илэрч байвал хамгийн хүнд шалгуур шинжээр тогтоохоор заасан. Энэ журмын дагуу шинжээч эмч дүгнэлтээ гаргасан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчид шинжээчийн дүгнэлтийг танилцуулахад ямар нэгэн санал, хүсэлт байхгүй мөн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг хүлээн зөвшөөрсөн. Олон тооны шарх гэмтлийн тухайд гэрч эмэгтэй “ноцолдсон, тэгээд Т.Б-ыг цохисон” гэж мэдүүлдэг бөгөөд ганцхан цохих биш ноцолдож байх явцад гэмтэл үүсэх боломжтой. Шинжээчийн дүгнэлтэд “нүдний алимны салстад цус харвалт” гэж тодорхой дурдаж энэ нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна гэж дүгнэсэн. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж, дараах байдлаар дүгнэлт хийв. Үүнд:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 16.2 дугаар зүйл, 32.3 дугаар зүйлд зааснаар тухайн шүүгдэгчид холбогдох хэргийн бодит байдлыг тогтоох ажиллагаа болон тус хэрэгт цугларч, бэхжигдсэн нотлох баримтын эх сурвалжууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмыг зөрчсөн эсхүл оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэж үзэх үндэслэл, үйл баримт тогтоогдсонгүй.
2. Анхан шатны шүүхээс хэргийн бодит байдлыг тогтоож, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг хянан шийдвэрлэхдээ шүүх хуралдааны оролцогч, талуудын эрхийг хангаж, тэдний шинжлэн судалсан нотлох баримт болон санал, дүгнэлтийг харьцуулан шалгаж, үнэлсний үндсэн дээр шүүгдэгч С.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хэргийн зүйлчлэлийн талаар хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.
Тодруулбал, шүүгдэгч С.Б- нь 2024 оны 8 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ардын хоршоо” гэх нэртэй дэлгүүрийн орчимд хохирогч Т.Б-тай маргалдаж улмаар түүний нүүрэн тус газарт чулуу мэт зүйлээр цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь :
- гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-03-04/,
- хохирогч Б.Б-ын “...2024 оны 08 дугаар сарын 25-ны 03:00 цагийн үед өөрийн найз Ц, Б-ийн хамт МҮИС-ийн хойно, Ардын хоршооны хажууд явж байхад манай найз Б- нь нэг танихгүй эрэгтэй хүнтэй маргалдаад уг эрэгтэй хүн Б-ийн шанаан тус газар 1 удаа цохиод, би “хөөе болиоч” гээд эрэгтэйг түлхэхэд тэр танихгүй эрэгтэй том чулуу шиг юмаар баруун нүд тус газар нэг удаа цохиход би ухаан алдаж унаад гэмтлийн эмнэлэгт сэрсэн. Миний баруун нүд хөхөрсөн байна...” гэх мэдүүлэг /хх-07/,
- шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 11378 дугаартай дүгнэлт: “Т.Б-ын биед хамрын ясны зөрүүтэй нийлмэл хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, баруун дээд зовхинд цус хуралт, дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцрал, нүдний алимны салстад цус харвалт, баруун дээд зовхины дотор буланд зулгаралт, баруун хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих, үрэх, нидрэгдэх механизмаар үүснэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна...” /хх-33/,
- гэрч А.Ц-гийн “...Манай найз Б- 3 охинтой юм яриад зогсож байхад цаанаас хоёр эрэгтэй ирээд Б-ийн шанаан тус газар нь 1 удаа цохиод Б- бид хоёр очоод, би Б-ийг цохисон өндөр залууг бариад байж байтал жижиг биетэй залуу нь Б-ыг барьж аваад баруун нүд тус газарт цохиод Б- доошоо тонгойгоод сууж байсан. ...би найз Б-ыг дагуулаад гэмтэлд авчирсан. Гэмтэл дээр Б- ухаан алдаж унаад эмч нар түрдэг тэрэг дээр хэвтүүлээд аваад явсан... би уг хоёр эрэгтэйг хараад танина...” гэх мэдүүлэг /хх-12/,
- гэрч Б.Б-ийн “...2024 оны 08 дугаар сарын 25-ны 03:00 цагийн үед Б-, Ц- нарын хамт Ардын хоршооны хажууд талд явж байгаад танихгүй хоёр залуутай тааралдсан...Би согтуу үедээ тэр хоёр залууг “лай болоогүй байгаа дээрээ зайлаарай” гээд хэлсэн чинь намхан биетэй залуу эргэж ирээд надтай маргалдаад байхаар нь духаараа толгой нь тус газар руу нь нэг удаа мөргөсөн. Тэгээд хажуугаас нь жижиг биетэй найз нь хүрч ирээд миний шанаа нь тус газар нэг удаа цохисон. Тэгээд манай найз Б- хүрч ирээд өндөр хар үүргэвчтэй залуугийн нүүрэн тус газар нь нэг удаа цохисон. Тэгээд манай найз Ц- өндөр залууг нь тэврээд хойшилсон. Тэгээд манай найз Б-ыг жижиг биетэй танихгүй залуу нь зодоод газар унагаад зугтаагаад яваад өгчихсөн. Түүнээс хойш би юу болсныг сайн санахгүй байна. ...би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй...” гэх мэдүүлэг /хх-23/,
- гэрч С.Б-ын ”...тухайн шөнө өөрийн найз Б-гийн хамт явж байсан, зодоон болсон...туранхай залуу найз Б-гийн дух руу мөргөөд, хажууд байсан залуу миний хөл рүү өшиглөсөн, би урдаа байсан эрэгтэйгийн шанаан тус газар 1 удаа цохисон...бид 2 хамт зугтаасан.../хх-17/ гэх мэдүүлэг,
- таньж олуулах ажиллагаа явуулсан мөрдөгчийн тэмдэглэлд: “...Уг тэмдэглэлд бичгийн цаасан дээр ижил насны 6 хүний зургийг 1-6 хүртэл дугаарлан ижил хэмжээнд байрлуулан хохирогч Б.Б-аар таньж олуулах ажиллагааг явуулахад хохирогч нь 5 дугаартай хүний зургийг ... үсний засалт, нүд, хөмсөгний хэлбэр болон шанаа хэсигийг харж хуруугаараа зааж, намайг цохисон хүн мөн байна гэснийг харуулав. Үргэлжлүүлэн таньж олуулах ажиллагааны зургуудын байрыг сольж дахин байрлуулахад 1 гэсэн дугаартай хүний зургийг зааж нэг хүнийг хоёр удаа зааж харуулав” гэсэн болон гэрэл зургийн үзүүлэлт /хх-14-20/,
- хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэлд, гэрэл зургийн үзүүлэлт /хх-63-64/,
- С.Б-гийн гэрч, яллагдагчаар өгсөн: “...2024 оны 08 дугаар сарын 25-ны 03:00 цагийн үед өөрийн найз Б-ын хамт Ардын хоршооны хажуу талын уулзвар дээр такси барих гээд зогсож байхад манай найз Б- нь хар үүргэвчтэй явж байгаад 3 танихгүй залуу дээр очоод муудалцаад байсан. Тэгээд би очоод больё явъя гэж хэлэхэд хойноос Б- гэх эрэгтэй намайг “лай болоогүй байгаа дээрээ зайлаарай” гэж хэлэхээр би очоод зүгээр явах гэж байхад явуулчихгүй гэж хэлэхэд намайг духаараа толгой хэсэг руу нэг удаа мөргөсөн. Тэгээд манай найз Б- нь Б- гэх эрэгтэйн шанаа хэсэг рүү нь нэг удаа цохисон. Цаанаас нь Б- хүрч ирээд миний нүүр хэсэг руу нэг удаа цохихоор нь би буцаагаад нүүр хэсэг руу нь 2 удаа цохиход Б- доошоо нүүрээ дараад уначихсан. Тэгээд би өөрийн найз Б- дээр очоод Б-, Ц- хоёроос салгаж аваад зугтаасан. Бид хоёр 1000 нэрийн барааны дэлгүүр хүртэл явахад би царайг нь хараагүй нэг эрэгтэй миний араас пивоны шил шидээд нуруу хэсэг рүү очоод хагарчихсан. Тэгээд бид хоёр замын урд хэсэг руу гараад байрнуудын дундуур ороод зугтаасан...” гэх мэдүүлэг /хх-26, 71/ зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна.
Тухайн нотолгооны эх сурвалжууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан, эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, эх сурвалжаа харилцан нотолсон, хангалттай байх шалгуурт нийцсэн байх тул шүүгдэгч С.Б-гийн үйлдсэн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинж хангагдсан гэж үзнэ.
Хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгчийн гэмт үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой буюу хохирогчийн эрүүл мэндэд тухайн гэмтлийг шүүгдэгчээс өөр этгээд учруулаагүй, мөн хохирогч өөрөө өөрийгөө гэмтээгээгүй, өөр бусад шалтгаанаар тухайн гэмтэл үүсээгүй болох нь тогтоогдсон байх тул шүүгдэгчийн үйлдсэн тухайн гэмт хэргийн шинж, хэргийн бодит байдлыг үгүйсгэх үндэслэлгүй байна.
Гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцлийн хувьд, тухайн шөнө найзууд гэх нэг талаас Б-, Б-, Ц-, нөгөө талаас Б-, Б- нар согтууруулах ундааны зүйлс хэрэглэсэн үедээ тааралдаж улмаар үл ялих зүйлээр шалтаглан 2 тал болж харилцан маргалдаж, ноцолдсон байх ба энэ явцад хохирогч Б.Б- нь С.Б-д цохиулж зодуулснаар ухаан алдаж, эмнэлэгт хүргэгдсэн байхаас гадна шүүгдэгчийн үйлдлийг нотолж буй: хохирогчийн “...тэр танихгүй эрэгтэй том чулуу шиг юмаар баруун нүд тус газар нэг удаа цохиход би ухаан алдаж унаад гэмтлийн эмнэлэгт сэрсэн...” /хх-07/ гэх мэдүүлэг, гэрч А.Ц-гийн “...жижиг биетэй залуу нь Б-ыг барьж аваад баруун нүд тус газарт цохиод Б- доошоо тонгойгоод сууж байсан, Б- ухаан алдаж унасан...би тэр 2 эрэгтэйг танина...” гэх мэдүүлэг /хх-12/, гэрч Б.Б-ийн “...найз Б-ыг жижиг биетэй танихгүй залуу зодоод газар унагаад зугтаагаад яваад өгчихсөн.../хх-23/, гэрч С.Б-ын ”..тэгээд бид 2 хамт зугтаасан.../хх-17/, шүүгдэгч С.Б-гийн”...цаанаас нь Б- хүрч ирээд миний нүүр хэсэг руу нэг удаа цохихоор нь би буцаагаад нүүр хэсэг руу нь 2 удаа цохиход Б- доошоо нүүрээ дараад уначихсан...би найз Б- дээр очоод Б-, Ц- хоёроос салгаж аваад зугтаасан...” гэх мэдүүлэг /хх-26, 71, 147-148/ зэргийг бүхэлд нь үгүйсгэн няцаах үндэслэл тогтоогдсонгүй.
Тэд тухайн шөнийн цагт, мөн согтууруулах ундааны зүйлс хэрэглэсэн байсан, 2 тал болж харилцан бие биеэ хөөж ноцолдсон, хохирогч нь зодуулснаас ухаан алдсан байсан зэргээс үзэхэд шүүгдэгч С.Б- нь хохирогчийг юу ашиглаж буюу ямар аргаар, хэдэн удаа цохиж зодсон болохыг тухайн гэрч болон хохирогч нар тухайн агшинд заавал харж мэдсэн байх боломжгүй нөхцөл байдалд байсан, харин хэргийн бодит байдлын хувьд хохирогчийн эрүүл мэндэд тухайн гэмтлийг шүүгдэгчээс өөр этгээд учруулаагүй болох нь тогтоогдсон байгааг дурдах нь зүйтэй.
Хохирогч нь шүүгдэгчээс өөр бусад этгээдэд зодуулаагүй, улмаар зодуулсан тухайн цаг хугацаанд ухаан алдсан, эмнэлэгт хүргэгдсэн болох нь тогтоогдсон, мөн шинжээч дүгнэлт гаргахдаа 2024.08.25-ны өдрийн Мед траума эмнэлгийн шинжилгээний баримт, мөн бодит үзлэгийн арга зэрэгт тулгуурлан хохирогчийн эрүүл мэндэд олон удаагийн үйлчлэлээр олон тооны гэмтэл, шархууд учирсан ба нийтдээ гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахыг тусгай мэдлэгийнхээ хүрээнд тогтоосон байх тул тухайн шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэн няцаах үндэслэл, үйл баримт тогтоодоогүй болно.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн эсэх нь хуулиар баталгаажуулснаар түүний эрхэд хамаарах ба тус эрхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд тухай бүр танилцуулж тайлбарласан буюу түүний эрх зөрчигдөөгүй, харин шүүгдэгч нь хохирогчийг зодож гэмтээсэн болохоо огт үгүйсгээгүй /хх-25, 28, 29, 35, 67-69, 70, 72-73, 86, 129, 132, 136, 141, 142, 158, 159, 165/ байгааг тэмдэглэх нь зүйтэй.
Тухайлбал, тус эрүүгийн хэрэгт С.Б- нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх үе шатанд буюу холбогдогч, гэрч, яллагдагч, шүүгдэгчээр эрх, үүргийг тайлбарласнаар өөрийн эрхийн хүрээнд мэдүүлэг өгсөн, яллагдагчаар татсан тогтоол, шинжээчийн дүгнэлт, холбогдох бусад баримт, хэргийн материалтай танилцуулсан зэргээс үзэхэд С.Баяржавхаланд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан “...эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй” нөхцөл байдал илрээгүйгээс гадна түүний эрхийг ноцтой зөрчин мэдүүлэг авсан, өмгөөлөгчөөр хангаагүй гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.
3. Тухайн гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийн талаар анхан шатны шүүх зохих дүгнэлт хийсэн, энэ талаар шүүгдэгчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд гомдол санал гаргаагүй байх тул анхан шатны шүүхээс хохирол, хор уршгийг нэг мөр шийдвэрлэсэн асуудлыг буруутган үгүйсгэх боломжгүй.
4. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын буюу учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг бүх талаас нь харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, шалгууртай байдаг.
Тус эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзах шалгуур, шаардлагыг нотолж буй баримт, талуудын санал, дүгнэлтийг харьцуулан шалгаж, үнэлэх замаар ялын төрөл, хэмжээг хэрхэн оногдуулах нь шүүхэд олгогдсон эрх хэмжээний асуудалд хамаарна.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч С.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахдаа дээр дурдсанаар харгалзвал зохих шалгуур, шаардлагын талаар зохих дүгнэлт хийсэн, тус оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, аюулын хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэрэгт тохирсон талаарх улсын яллагчийн санал дүгнэлтийг үгүйсгэх боломжгүй гэж үзэв.
5. Харин анхан шатны шүүхээс тус гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийн төлбөрийг гаргуулахдаа зөвхөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг баримталсныг зөвтгөж, “Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэг”-т гэж нэмэлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.
6. Иймд, дээр дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, шүүгдэгч С.Б-гийн өмгөөлөгч Б.Баярмагнайгийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2024/ШЦТ/1018 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
5 дахь заалтын: “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх…” гэснийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь...” гэж өөрчилж, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баярмагнайгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар оролцогч гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОЧ
ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ
ШҮҮГЧ Г.ГАНБААТАР