Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2019/00099

 

 

 

 

 

2019 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2019/00099

 

 

Ч.Оы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 182/ШШ2018/02052 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Ч.Оы нэхэмжлэлтэй

Хариуцагч Шт холбогдох

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Эбердигм Монгол ХХК

 

Төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх тухай 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн тогтоол нь хууль зөрчсөн болохыг тогтоож, учирсан хохиролд 97 410 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Чинзул

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч:

Э.Эрдэнэтөгс

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Ган-Өнөр нар оролцов.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Тунгалагтуяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Мөнх Оюу Сувд Транс ХХК нь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 182/ШШ2017/00347 дугаар захирамжаар 280 778 975 төгрөгийг Эбердигм Монгол ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Ч.О, Д.Мөнхбат нар нь тус компанийн 50, 50 хувийн хувьцаа эзэмшигчид бөгөөд компани өөрийн хөрөнгөөрөө 77 000 000 төгрөгийн төлбөр төлөлтийг хийж, өнөөдрийн байдлаар 203 968 975 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа талаар тайлбар хийсэн байх бөгөөд үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулахаа Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба болон төлбөр авагч талд илэрхийлж 4 ширхэг 200 000 000 төгрөгийн үнэлгээ бүхий машин механизм санал болгосон. Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэрийн дагуу 2018 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр компанийн 50 хувийн хувьцаа эзэмшигч Ч.О, Д.Мөнхбат нарын арилжааны банкин дахь бүх харилцах данснуудыг 20 968 975 төгрөгийн хэмжээнд битүүмжилж хаасан. Хууль зөрчсөн үйл ажиллагаанд нь гаргасан гомдол хянан шийдвэрлэгдэж дуусаагүй байхад 2018 оны 4 дүгээр сары 16-ны өдөр Ч.Оы Хаан банкин дахь харилцах данснаас 97 410 000 төгрөгийн татан авалтыг хууль бусаар хийж их хэмжээний хохирлыг учруулсан. Шийдвэр гүйцэтгэгч нь өөрийн хууль зөрчсөн үйл ажиллагаагаа тайлбарлахдаа данснаас татан авалт хийхгүй, хувьцаа эзэмшигчдийн хөрөнгө компанийн хөрөнгөтэй холилдсон эсэхийг тогтоохын тулд түр дансанд барилт хийсэн гэж тайлбарласан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт хэргийн материал нь татагдсан, ямар ч материалгүй байхад ямар ажиллагаа хийж, хуульд заасны дагуу хөрөнгийг холилдсон эсэхийг яаж тогтоож, данснаас хасалт хийсэн нь ойлгомжгүй байгаа болно. Иймд шийдвэр гүйцэтгэгчийн хууль зөрчсөн үйл ажиллагааг таслан зогсоох арга хэмжээ авч, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын төлбөр төлөгчийн банкин дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх тухай 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн тогтоол хууль зөрчсөн болохыг тогтоож, Ч.Од учруулсан хохирол болох 97 410 000 төгрөгийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чинзул шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

  Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 182/ШШ2017/00347 дугаар захирамжаар Мөнх Оюу Сувд Транс ХХК-аас 280 778 975 төгрөгийг гаргуулан Эбердигм Монгол ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч Мөнх Оюу Сувд Транс ХХК-ийн өмчлөл болон эзэмшилд хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгө тогтоогдоогүй тул Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3, 9.5 дах хэсэгт заасны дагуу Д.Мөнхбат 50 хувь буюу 140 389 487 төгрөг, Ч.О 50 хувь буюу 140 389 487 төгрөгийн хэмжээгээр тус тус өөрийн хөрөнгөөр хариуцахаар байх тул төлбөрийн үлдэгдэл 203 968 975 төгрөгийг төлж барагдуулахыг 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 4/5026 тоот мэдэгдлээр мэдэгдсэн. Мөн өдөр Д.Мөнхбат, Ч.О нарт Мөнх Оюу Сувд Транс ХХК-ийн 2018 оноос хойшхи татварын тайлан, санхүүгийн тайлан, дансны хуулга, нягтлан бодох бүртгэлийн баримтыг тус тус ирүүлэхийг мэдэгдсэн боловч холбогдох баримтуудыг ирүүлээгүй байна. Иймд 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 17290698/178 дугаар банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоолыг хүргүүлж төлбөр гаргуулсан нь хууль зөрчөөгүй байх тул нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

  Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч Э.Эрдэнэтөгс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дэх хэсэгт энэ хуулийн 27.1, 27.2-т зааснаас бусад үндэслэлээр иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэхийг хориглоно гэж заасан байна. Шүүхийн шийдвэр байгууллага нь 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр төлбөр төлөгчийн хувьцаа эзэмшигчид Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4 дэх хэсэгт заасны дагуу хувьцаа эзэмшигчдийн компанид оруулсан хөрөнгө нь хувийн эд хөрөнгөөс тодорхой зааглагдсан эсэхийг шалгах шаардлагатай байгаа тул тодорхой баримтуудыг ирүүлэхийг хугацаа тогтоон мэдэгдсэн. Гэтэл иргэн Ч.О, Д.Мөнхбат нараас шийдвэр гүйцэтгэгчийн хууль ёсны шаардлагыг биелүүлэхээс үндэслэлгүйгээр татгалзсан хариуг 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр ирүүлсэн. Иймд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас тэднийг компанийн эд хөрөнгөөс хувийн эд хөрөнгөө зааглаагүй гэж үзэж данснуудын зарлагын хөдөлгөөнийг зогсоосон юм. Хэрэв эдгээр иргэд төлбөр төлөгчийн эд хөрөнгөөс хувийн эд хөрөнгөө заагласан байсан бол эрх бүхий байгууллагын хууль ёсны шаардлагаас татгалзах шаардлага байхгүй, бүх бичиг баримтаа гаргаж өгөөд шалгуулах боломжтой байсан. Хэрэгт авагдсан нотлох баримтаар данснаас татан авалт хийхгүй, хөрөнгө холилдсон эсэхийг тогтоох зорилгоор түр дансанд барилт хийсэн гэж шийдвэр гүйцэтгэгч тайлбарласан болохыг нотлох баримт байхгүй, харин эсрэгээрээ шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхгүй бол хувийн хөрөнгөнд халдах тухай мэдэгдсэн баримт хавтаст хэргийн 90 дүгээр хуудсанд авагдсан мөн хөрөнгө холилдсон эсэхийг тогтоохын тулд дансанд барилт хийх ямар ч шаардлагагүй гэдэг нь хэн бүхэнд ойлгомжтой юм. Хариуцагч нь 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн мэдэгдэлдээ тогтоосон хугацаанд баримт бичгийг ирүүлээгүй тохиолдолд хувьцаа эзэмшигчдийн хөрөнгөнд халдах болохыг маш ойлгомжтой тайлбарласан байх тул нэхэмжлэгчийн ойлгомжгүй байна гэх тайлбар нь үндэслэлгүй, худал тайлбар байна. Хариуцагчийн хийсэн ажиллагаанууд нь хуулийн хүрээнд хийгдсэн бөгөөд нэхэмжлэгчийн тайлбар нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасныг баримтлан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 4 дүгээр сарын 30-ний өдрийн 17290698/178 дугаар төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоолыг хүчингүй болгож, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 97,410,000 төгрөгийг гаргуулан Ч.Од олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т заасныг үндэслэн нэхэмжлэгч Ч.Оы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 715,200 /70,200+645,000/ төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 715,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.Од олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чинзул давж заалдах гомдолдоо:

... Шүүхээс хариуцагч нь Компанийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсний зэрэгцээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэж үзсэн. Шүүхийн шийдвэрийг биелүүлэх явцад төлбөр төлөгч нь аливаа хөрөнгөгүй болох нь тогтоогдсон тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4 дахь хэсэгт заасны дагуу 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Компанийн тухай хуулийн 9.5 дахь хэсэгт заасан нөхцөл байдлыг тогтоох зорилгоор тодорхой баримт бичгүүдийг гаргаж өгөхийг төлбөр төлөгч болон түүний хувьцаа эзэмшигчдээс шаардсан. Ш нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.2, 44.2.4, 44.2.5 заасны дагуу эдгээр бичиг баримтуудыг төлбөр төлөгчөөс шаардах эрхтэй буюу төлбөр төлөгч нь эдгээр баримт бичгүүдийг Шт гаргаж өгөх үүрэгтэй. Гэтэл төлбөр төлөгч нь эдгээр баримт бичгүүдийг гаргаж өгөхөөс санаатай татгалзсан. Төлбөр төлөгчийн энэхүү үйлдлийг хуульд нийцэж байгаа эсэх, энэ тохиолдолд шийдвэр гүйцэтгэх байгууллага ямар арга хэмжээ авах боломжтой тухай шүүх аливаа үнэлэлт дүгнэлт өгөлгүй эрхээ хэтрүүлсэн гэж тодорхойгүй байдлаар хариуцагч байгууллагыг буруутгасан. Хэрэв нэхэмжлэгч нь өөрийн хувийн хөрөнгөө компанийн хөрөнгөнөөс заагласан байсан бол эдгээр бичиг баримтыг гаргаж өгөхөөс татгалзах шаардлагагүй учир шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хувьцаа эзэмшигчид нь өөрийн хөрөнгийг компанийн хөрөнгөнөөс зааглаагүй гэж үзэхээс өөр аргагүй юм. Гэтэл анхан шатны шүүхээс төлбөр төлөгчийн хууль бус үйлдлийг зөвтгөж, шийдвэр гүйцэтгэгчийг хуулиар олгосон эрхээ хэтрүүлсэн гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч нь төлбөр төлөгчдийн хувийн хөрөнгө нь компанийн хөрөнгөнөөс зааглагдсан эсэхийг тогтоох эрхтэй ба хэрэв өөрөө тогтоох боломжгүй бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлд заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд шинжээч томилон оролцуулах эрхтэй гэж үзэж байна. Энэ эрхийнхээ хүрээнд шийдвэр гүйцэтгэх байгууллага 2017 оны 2/28672 дугаар албан тоотоор "Тэд Аудит" ХХК-д хандаж байсан болох нь нотлогдоно. Хариуцагч талаас шүүх хуралдааны явцад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4 дэх заалтад үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан байхад энэ заалтыг юу гэж ойлгож хэрэглэх тухай аливаа тайлбарыг шийдвэрт тусгасангүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгуулага уг заалтыг хэрэглэх эрхгүй юм бол өөр хэн хэрэглэх эрхтэй талаар тайлбарлахгүй. Шийдвэр гүйцэтгэгчийг өөрт хуулиар олгосон эрхээ хэтрүүлсэн гэж тодорхойгүй байдлаар дүгнэсэн байна. Хэрэгт авагдсан дансны хуулгаас компанийн орлогоос хувьцаа эзэмшигчид нь хувьдаа мөнгө авч байсан нь тогтоогддог ба үүнийгээ тайлбарлаж чадахгүй байдал буюу өөрийн хувийн хөрөнгөө компанийн хөрөнгөнөөс зааглаагүй болох нь тодорхой харагдана. Ш хуулийн хүрээнд мэдэгдэлд дурьдсан бичиг баримтыг өөрөө олж авах боломжгүй бөгөөд зөвхөн төлбөр төлөгчөөс гаргуулах боломжтой ба эдгээр баримтуудыг гаргуулахгүйгээр Компанийн тухай хуулийн 9.5 дахь хэсэгт заасан үйл баримтыг тогтоох боломжгүй. Анхан шатны шүүх Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.2, 44.2.4, 44.2.5, 93 дугаар зүйлийн 93.4 дэх заалтыг тус тус буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эрдэнэтөгс давж заалдах гомдолдоо:

... Шүүхээс хариуцагч нь Компанийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсний зэрэгцээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэж үзсэн. Ш нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.2, 44.2.4, 44.2.5 заасны дагуу эдгээр бичиг баримтуудыг төлбөр төлөгчөөс шаардах эрхтэй буюу төлбөр төлөгч нь эдгээр баримт бичгүүдийг Шт гаргаж өгөх үүрэгтэй. Гэтэл төлбөр төлөгч нь эдгээр баримт бичгүүдийг гаргаж өгөхөөс санаатай татгалзсан. Хэрэв нэхэмжлэгч нь өөрийн хувийн хөрөнгөө компанийн хөрөнгөнөөс заагласан байсан бол эдгээр бичиг баримтыг гаргаж өгөхөөс татгалзах шаардлагагүй учир шүүхийн шийдвэр гүицэтгэх байгууллага хувьцаа эзэмшигчид нь өөрийн хөрөнгийг компанийн хөрөнгөнөөс зааглаагүй гэж үзэхээс өөр аргагүй юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч нь төлбөр төлөгчдийн хувийн хөрөнгө нь компанийн хөрөнгөнөөс зааглагдсан эсэхийг тогтоох эрхтэй ба хэрэв өөрөө тогтоох боломжгүй бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлд заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд шинжээч томилон оролцуулах эрхтэй гэж үзэж байна. Энэ эрхийнхээ хүрээнд шийдвэр гүйцэтгэх байгууллага 2017 оны 2/28672 дугаар албан тоотоор "Тэд Аудит" ХХК-д хандаж байсан болох нь нотлогдоно. Анхан шатны шүүх Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.2, 44.2.4, 44.2.5, 93 дугаар зүйлийн 93.4 дэх заалтыг тус тус буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргаанд холбогдох хуулийн зүйл заалтыг оновчтой баримтлаагүй байх тул уг үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

 

Нэхэмжлэгч Ч.О нь хариуцагч Шт холбогдуулан 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн тогтоол хууль зөрчсөн болохыг тогтоолгож, учирсан хохиролд 97 410 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч байгууллага эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 182/ШШ2017/00347 тоот хүчин төгөлдөр шийдвэрээр Мөнх Оюу Сувд Транс ХХК нь 280 000 000 төгрөгийг Эбердигм Монгол ХХК-д төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх хасалт хийх тухай тогтоол гарч уг тогтоолыг үндэслэн Мөнх Оюу Сувд Транс ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч Ч.Оы Хаан банкин дахь харилцах данснаас 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр 97 410 000 төгрөг татан авсан үйл баримт тогтоогджээ.

 

Компанийн хувьцаа эзэмшигч Ч.О, Д.Мөнхбат нар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт ...шийдвэр гүйцэтгэгч нь компанийн эд хөрөнгө болон хувьцаа эзэмшигчийн эд хөрөнгийг заагласан эсэхийг тогтоохгүйгээр шууд хувьцаа эзэмшигчийн эд хөрөнгөд халдсан гэсэн агуулгаар гомдол гаргасныг Шийдвэр гүйцэтгэх албаны 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 4/839 тоот, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 4/8615 тоот албан бичгүүдээр хариуцагч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчөөгүй талаар мэдэгдэж байсан байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93.4 дэх хэсэгт Төлбөр төлөгчийн нийт хөрөнгө нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангахад хүрэлцэхгүй тохиолдолд тухайн хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгөөс төлбөр гаргуулах эсэх асуудлыг үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгийн хариуцлагын харилцааг зохицуулсан хууль тогтоомжид заасан журмын дагуу шийдвэрлэнэ гэж заасан. Өөрөөр хэлбэл, төлбөр төлөгч компанийн эд хөрөнгө шийдвэр гүйцэтгэхэд хүрэлцэхгүй байгаа болон тухайн хуулийн этгээдийн эд хөрөнгө нь хувьцаа эзэмшигчийн эд хөрөнгөөс зааглагдаагүй байгаа болох нь тогтоогдсон тохиолдолд дээрх хуульд заасан ажиллагааг хийх боломжтой.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2 дахь хэсэгт зааснаар хууль бусаар хэрэгжүүлсэн иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны улмаас учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр хүн, хуулийн этгээд шүүхэд хандах эрх нь нээлттэй байдаг.

 

Анхан шатны шүүх ...хуулийн этгээдийн бусдад төлөх төлбөрийг түүний хөрөнгө оруулагч төлөхгүй, харин хуулийн этгээд үүнийг бүрэн хариуцах ёстой гэж дүгнэсэн нь буруу болжээ.

 

Зохигчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар тайлбараа нотлох эрх, үүргийг хүлээж оролцдог. Хариуцагч Ш нь хувьцаа эзэмшигчийн хөрөнгийг компанийн хөрөнгөөс ялган зааглагдаагүй талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй, уг байдал нь хэргийн баримтаар тогтоогдоогүй болно.

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас нэхэмжлэгч Д.Мөнхбат, Ч.О нарт 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 4/5026 тоот албан бичгээр төлбөр төлөх талаар мэдэгдэхдээ ...шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахад төлбөр төлөгч Мөнх Оюу Сувд Транс ХХК-ийн өмчлөл, эзэмшилд төлбөрийн үнийн дүнд хүрэлцэх эд хөрөнгө тогтоогдоогүй байна гэсэн агуулгатай бичгийг хүргүүлсэн байгаа боловч шийдвэр гүйцэтгэх ямар ажиллагаа явуулсан болохоо тайлбарлаагүй, уг ажиллагаа нь хэргийн баримтаар нотлогдоогүй байна.

 

Анхан шатны шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бий болсон гэдэг байдал нотлогдохгүй гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

Харин анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааныг шийдвэрлэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсгийг баримталсан нь оновчтой биш байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулж, хариуцагчийн болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 182/ШШ2018/02052 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын ...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 гэснийг ... Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2 гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа гуравдагч этгээд Эбердигм Монгол ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 715 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурьдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Ж.ОЮУНТУНГАЛАГ

  ШҮҮГЧИД                             С.ЭНХТӨР

                                                          Ц.ИЧИНХОРЛОО