Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 2018/ШЦТ/214

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нямсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга П.Ханбүргэд,

Улсын яллагч Б.Амартүвшин,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Содномдорж,

Шүүгдэгч Ч.А нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.А-т холбогдох эрүүгийн 1838003800213 дугаартай хэргийг 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ч.А.

Шүүгдэгч Ч.А нь 2018 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ... тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Г.Ц-тай хэрүүл маргаан хийж улмаар буцалсан халуун тогоотой хоол руу түлхэсний улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ч.А нь 2018 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ... тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Г.Ц-тай хэрүүл маргаан хийж улмаар буцалсан халуун тогоотой хоол руу түлхэсний улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Ч.А-н мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Би Ц-г халуун тогоотой хоол руу албаар түлхэж гэмтээгээгүй. Ц-тай хэрүүл маргаан, зодоон хийхийг хүсээгүй учраас намайг цохих гээд байхаар нь өөрөөсөө салгах гэж гар руу нь түлхсэн. Тэр үед ард нь халуун тогоотой хоол байсан байна лээ. Тэгээд тэр түлэгдсэн” гэх мэдүүлэг,

Хохирогч Г.Ц-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: ”... Ч.А бид хоёр хоорондоо хальт маргалдаж А намайг хавсарч түлхсэн. Тухайн үед тэнд хоол хийж байсан учраас би халуун тогоотой хоолон дээр унаж түлэгдсэн. ...Би эмчилгээний зардал 200.000 төгрөг бэлнээр нь авсан одоо надад гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 6-8, 51-52 дугаар хуудас/,

Гэрч Л.Г-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Ц-ийг 2 найзынх нь хамт эмнэлэг дээр аваачиж үзүүлээд буцааж гэрт нь хүргэж өгсөн. Ц буцалж байсан тогоотой хоол руугаа унасан гэж ярьж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10 дугаар хуудас/,

Гэрч Л.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би коридор шүүрдээд А болохоор шал угаагаад байж байхад Ц гэнэт чанга дуугараад байхаар нь гүйгээд ортол халуун тогоон дээрээ унасан байсан. Би татаж босгоод өмдийг нь тайлаад хүйтэн усаар шавшаад хөндийрсэн арьсыг нь хуулж авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 11-13 дугаар хуудас/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 223 дугаартай:

1. Г.Ц-ийн биед баруун, зүүн талын гуянд 2-р зэргийн түлэгдэлт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь өндөр хэмийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байна.

3. Г.Ц-ийн биед учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй болно гэх дүгнэлт /хх-ийн 22 дугаар хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ч.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Эрүүгийн 1838003800213 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны байна гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч Ч.А нь урьд 2011 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж уг хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, 2013 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж уг хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, 2018 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж ялаа эдэлж байгаа болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолуудын хуулбар /хх-ийн 34, 37-42 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч Ч.А нь гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлоо нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг зэрэг хувийн байдлыг харгалзан үзэж торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Ч.А-т ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 115 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг тус тусад нь эдлүүлэх нь зүйтэй байна.

Хохирогч Г.Ц нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн 1838003800213 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

      1. Шүүгдэгч Ч.А-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

      2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.А-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Ч.А нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

      4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ч.А-т оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 115 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.

      5. Эрүүгийн 1838003800213 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

      6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.А-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             Н.НЯМСҮРЭН