| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбодорж Ганбаатар |
| Хэргийн индекс | 2408010690501 |
| Дугаар | 2025/ДШМ/209 |
| Огноо | 2025-02-06 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Т.Төмөртулга |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 2025/ДШМ/209
2025 02 06 2025/ДШМ/209
А.О-, А.М- нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Т.Төмөртулга,
шүүгдэгч А.О-, А.М-, тэдний өмгөөлөгч Л.Намнансүрэн,
нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 2024/ШЦТ/1334 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.О-, А.М-, тэдний өмгөөлөгч Л.Намнансүрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн А.О-, А.М- нарт холбогдох эрүүгийн 2408010690501 дугаартай хэргийг 2025 оны 01 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Ганбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Б овгийн А-ийн М-, 1996 оны 03 дугаар сарын 21-нд Архангай аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “Ара” төвд засварчин ажилладаг гэх, ам бүл З, эхнэр, хүүхдийн хамт ... тоотод оршин суух хаягтай, РД:… /,
2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 120 дугаар шийтгэх тоггоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, шүүхээс хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан.
2. Б овгийн А-ийн О-, 1979 оны 02 дугаар сарын 14-нд Архангай аймагт төрсөн, 45 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт ... тоотод оршин суух хаягтай, /РД:... /,
2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 47 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг тэнсэж, нэг жилийн хугацаагаар хянан харгалзсан,
2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 117 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 жилийн хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар энэ тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ял дээр Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 47 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялын зарим болох 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 2 жил 6 сарын хугацаагаар тогтоож, ялыг эдэлж байгаад Өвөрхангай аймгийн Хар хорин дахь сум дундын шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн захирамжаар 1 жил 11 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдаж, 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр ялын хугацаа дууссан,
2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 66 дугаар шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хорих ял шийтгэж, 2020 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр ялын хугацаа дууссан,
2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 194 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийг 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялд мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450,000 төгрөгийн торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож, 30 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 1 жил 1 сарын хорих ялаар тогтоож, ялыг эдэлж байгаад Хар хорин дахь сум дундын шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 29-ний едрийн захирамжаар 8 сар 2 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдаж, Архангай аймгийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 5 дугаар тогтоолоор ялын хугацааг дуусгавар болгосон.
Шүүгдэгч А.О-, А.М- нар нь бүлэглэн :
2024 оны 3 дугаар сарын 04-өөс 05-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 19 дүгээр байрны хойд талын зогсоол дээр байрлуулсан байсан хохирогч Д.Б-ы эзэмшлийн ...УНР улсын дугаартай Toyota prius 20 маркийн тээврийн хэрэгслийн гурвалжин шилийг гагнуурын алх, халив зэргийг ашиглан хагалж хууль бусаар нэвтэрч үйлдэхдээ учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж уг тээврийн хэрэгслийг хулгайлан авч 10,800,000 төгрөгийн хохирол учруулсан,
2024 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр ... тоот хашааны гадна байрлуулсан хохирогч Ю.Еийн эзэмшлийн ...УЕЕ улсын дугаартай Toyota prius 20 маркийн тээврийн хэрэгслийн гурвалжин шилийг гагнуурын алх, халив зэргийг ашиглан хагалж улмаар хууль бусаар нэвтэрч үйлдэхдээ учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж уг тээврийн хэрэгслийг хулгайлан авч 8,500,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: А.О-, А.М- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “шүүгдэгч Б овгийн А-ийн О-, Б овгийн А-ийн М- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр, бүлэглэж агуулахад нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б овгийн А-ийн О-ийг 3 (гурав) жил 3 (гурав) сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Б овгийн А-ийн М-ыг 3 (гурав) жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.О-, А.М- нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, хэрэгт шүүгдэгч нараас гаруулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Л.Б-, Ю.Е нарт төлөх төлбөргүй, мөн хохирогч нар сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр нэхэмжлэхгүй гэснийг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн, хяналтын камерын бичлэг бүхий гурван ширхэг компакт дискийг хэргийг хадгалагдах хүртэл хугацаанд хэрэгт хавсаргаж, мөн эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн бомбер загварын хүрэм нэг ширхэг, бор алаг өнгийн ажлын хүрэм нэг ширхэг, бор үстэй нохой гутал нэг ширхэг, гар apгaap хийсэн алх мэт зүйл нэг ширхэг, хоёр үзүүр хэсэгтэй нэмэх хасах үзүүртэй овтерик нэг ширхэг, ОВО 2 гэх бичиглэлтэй улбар шар өнгийн техникийн төхөөрөмж нэг ширхэг, ... УНГ улсын дугаар зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.О-, А.М- нараас тус бүрээс 1,500,000 (нэг сая таван зуун мянга) төгрөгийг гаруулж, нийт (гурван сая) төгрөгийг улсын орлого болгож, шүүгдэгч А.М-ын эзэмшлийн ... АРН улсын дугаартай, NHW207537671 арлын дугаартай, 2006 онд үйлдвэрлэсэн, 2011 онд импортолсон, суудлын цагаан өнгийн Toyota prius 20 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 10 дугаартай тогтоолыг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч А.О-, А.М- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, энэ өдрөөс тэдэнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, хорих ялыг 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс тоолохоор шийдвэрлэжээ.
Шүүгдэгч А.О- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би 2024 оны 03 дугаар сард Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор 3 жил 3 сарын хорих ялаар шийтгүүлсэнд гомдолтой байна. Би өөрийн төрсөн дүү А.М-ын хамт хулгайн гэмт хэрэг үйлдсэн нь үнэн. Гэхдээ энэ гэмт хэргийг үйлдээд ямар ч ашиг орлого, мөнгө өөртөө аваагүй. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг сайн дураараа төлж барагдуулсан. Гэм буруугийн тал дээр шүүхийн хэлэлцүүлэгт маргаан гаргаагүй. А.О- миний бие нь барилга дээр ажиллаж байгаад 2023 оны 5 дугаар сард таслагч барьж яваад шатанд гогдон ажиллаж баруун гарын бугуй, бугалганы урдуур зүсэгдэн гэмтэл авч гарын 5-н хурууны шөрмөс тасарч, мэдрэлийн судас гэмтэж одоо ямар ч мэдээгүй, ажиллагаагүй болсон. 2023 оны 9 дүгээр сард барилгын ажил хийж байгаад зүүн гарын долоовор хуруугаа хөрөө ажиллуулж байгаад гэмтээж одоо ажиллагаагүй саажсан. 2024 оны 3 дугаар сард зүрхний шигдээс болж клиникийн 3 дугаар эмнэлэгт хэвтэж мэс засал хийлгэн стент тавиулж улмаар зүрхний эмчийн хяналтанд орж 2024 оны 4 дүгээр сараас групп тогтоолгож 55%-аар хөдөлмөрийн чадвараа алдсан. Одоо биеийн байдал муу 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр зүүн гарын чигчий хуруунд үхжилт явагдаж, Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвд чигчий хуруугаа 2 үеэр тайруулж, цагдан хорих 461-р ангийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Цаашид хөдөлмөр эрхлэх чадваргүй. Миний бие гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан, өөрийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээсэн байхад шүүх энэ байдлыг минь хөнгөрүүлэх нөхцөл байдал гэж үзэхгүй, овтерика, багаж хэрэгсэл ашиглаж учрах саадыг арилган гэмт хэрэг үйлдсэн гэж хүндрүүлэн үзсэн. Мөн урьд өмнө хулгайн гэмт хээгт ял шийтгүүлсэн байдлыг хүндрүүлэх нөхцөл гэж дүгнэсэн. Би А.О- нь урьд өмнө гэмт хэрэг үйлдэж, учруулсан хохирлоо бүрэн төлж хорих ялаар шийтгүүлж, уг ялаа биечлэн эдэлж дууссан байхад урьд өмнө нь хулгайн гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан гэж дүгнэн надад оногдуулсан ялыг хүндрүүлсэнд явдалд гомдолтой байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд шудрага ёсны зарчимд эрүүгийн хариуцлага нь тухай хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна. Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна гэж заасан. Гэтэл намайг өмнө хулгайн гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан гэж хорих ялын хугацааг хүндрүүлэх зарчим баримталж миний эрх зүйн байдлыг дордуулж ялыг давхардуулж байна гэж би үзэж байна. Иймд миний эрүүл мэндийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн, гэм буруугаа хүлээсэн байдлыг харгалзан хорих ялыг багасгаж өгөхийг хүсч байна.” гэв.
Шүүгдэгч А.М- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би өөрт холбогдох хэргийг аль ч шатанд үнэн зөвөөр илэрхийлж аливаа ямар нэгэн саад чирэгдэл учруулалгүй өөрийн хүлээсэн үүргийн дагуу хэргийг үнэн зөвөөр илчилж хамтран ажилласан. Өөрийн үйлдсэн гэмт хэргийн хор уршгийг ухамсарлаж хохирогч бүрийн хохирлыг цаг тухайд нь барагдуулсан юм. Одоогоор эхнэр болон 8, 6, 1 ойн 5 сартай гурван хүүхдийн хамт ам бүл 5-уулаа амьдардаг ба би өөрөө осолд орж хөдөлмөрийн чадвараа 60 хувиар алдаж группд байдаг хэдий ч гэр бүл үр хүүхдээ тэжээийн тулд байж болох бүхий л ажлыг хийж ирсэн. Одоогийн цаг үе улирлын байдлад миний гэр бүл үр хүүхэд маш хүнд хэцүү нөхцөлд байна. Иймд миний хэргээ үнэн зөвөөр хүлээж хуулийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж мөн хохирогч нарт учирсан хохирол зэргийг харгалзан үзэж надад оногдуулсан 3 жилийн хорих ялыг багасгаж өгнө үү...” гэв.
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Л.Намнансүрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэг. Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо тухайн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний талаар тайлбарлахдаа:”...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д хүндрүүлэх шинжийг “Хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч;” гэж хуульчилсан байна. Анхан шатны шүүх нь эндээс агуулах гэдгийг эд хөрөнгийг байнга буюу түр хадгалах зориулалттай байшин, пин, амбаар, илүү гэр, гэрийн болон тээврийн чингэлэг, автомашины кабин, багаж зэргийг хамааруулан ойлгоно гэж тайлбарлан хүндрүүлэх дүгнэлтээ хийжээ. Гэтэл шүүгдэгч нарыг буруутгасан 2408010690501 дугаартай эрүүгийн хэрэгт (яллах дүгнэлтэд бичигдсэнээр): “Шүүгдэгч А.О-, А.М- нар нь 2024 оны 03 дугаар сарын 04-өөс 05-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 19 дүгээр байрны хойд талын зогсоол дээр байрлуулсан байсан хохирогч Д.Б-ы эзэмшлийн 85-07 УНР улсын дугаартай “Toyota prius 20” маркийн тээврийн хэрэгслийн тээврийн хэрэгслийг хулгайлан авч 8,500,000 төгрөгийн хохирол учруулсан, 2024 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 1-1a тоот хашааны гадна байрлуулсан хохирогч Ю.Еийн эзэмшлийн 91-17 УЕЕ улсын дугаартай “Toyota prius 20” маркийн тээврийн хэрэгслийн ... уг тээврийн хэрэгслийг хулгайлан авч 8,500,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогдсон” гэж тодорхойлсон байна. Өөрөөр хэлбэл, хулгайлан авч байгаа эд зүйл нь:
1) 85-07 УНР улсын дугаартай “Toyota prius 20” маркийн тээврийн хэрэгсэл.
2) 91-17 УЕЕ улсын дугаартай “Toyota prius 20” маркийн тээврийн хэрэгсэл.
Тодруулж хэлбэл, дээрх 2 тээврийн хэрэгслийг хулгайлсан байгаа болохоос биш эдгээр тээврийн хэрэгсэл дотроос эд зүйл хулгайлж хулгайлах гэмт хэрэг үйлдээгүй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүндрүүлэх шинж нь эд зүйл хулгайлахдаа тээврийн хэрэгсэлд нэвтэрч түүний дотор талаас тухайн хулгайлсан зүйлийг авч гэмт хэргийг үйлдсэн байхыг ойлгохоор байна.
Шүүхээр дүгнэгдэн шийдвэрлэгдэж байгаа 2408010690501 дугаартай эрүүгийн хэргийн тухайд шүүгдэгч нар нь тээврийн хэрэгслийг хулгайлан авч явах зорилгоор түүнд нэвтэрч байгаа үйлдлийг дээрх хуулийн хүндрүүлэх шинжтэй төсөөтэй агуулгаар тайлбарлаж хүндрүүлсэн нь үндэслэлгүй болсон бөгөөд эдгээрийн ялгаатай байдлыг анхаарч дүгнэлт хийж чадаагүй байна. Шүүгдэгч нараас хулгайн гэмт хэргийн үйлдлээрээ тээврийн хэрэгслүүдийг авч явсан арга замыг хүндрүүлэх шинж болгон тодорхойлсон нь зүйлчлэлийг хүндрүүлэх үр дагаварт хүргэсэн байна. Тиймээс Давж заалдах шатны шүүхээс энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, цаашид хуулийг зөв тайлбарлан хэрэглэх практикийг тогтоож өгнө үү. Анхан шатны шүүхээс дээрх үндэслэлээр хүндрүүлсэн дүгнэлтийг залруулж шүүгдэгч нарын зүйлчлэлийг хөнгөрүүлж, ял, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү.
Хоёр. “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д “Учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж” гэж хуульчилсан байна. Анхан шатны шүүх нь “ ... тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл буюу оbd2 нэртэй төхөөрөмжийг автомашины компьютертэй холбож, өөр машины түлхүүр таниулж тохируулга хийх замаар автомашиныг асааж явахад бэлдэж тохируулсан түлхүүрээр асааж.... тээврийн хэрэгслийг хулгайлан авч явсан үйлдэл нь...тээврийн хэрэгслүүдийн кабинд нэвтрэхийн тулд гагнуурын алх, овтерик хэрэглэж шилийг нь хагалж, тээврийн хэрэгслийг хулгайлан авч явсан ...” гэж тайлбарлан хүндрүүлжээ. Шүүхээр дүгнэгдэн шийдвэрлэгдэж байгаа 2408010690501 дугаартай эрүүгийн хэргийн тухайд шүүгдэгч нар нь “тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн” гэх нөхцөл байдал байхгүй буюу гагнуурын алх, овтерик, оbd2 нэртай төхөөрөмж зэргийг гэмт хэрэг үйлдэхэд зориулан тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болгон зассан, янзалсан нөхцөл байдал байхгүй байна. Харин эдгээрийг тухайн гэмт хэргийг үйлдэхэд ашигласан байх боловч тусгайлан бэлтгэж зэвсгийн чанартайгаар засаж янзалсан нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна. Хэдийгээр Монгол Улсын Дээд Шүүхийн 2006 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 28 дугаар тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн зарим хэсэг, заалтыг тайлбарлсан байгаа боловч, ингэхдээ: “Тусгайлан бэлтгэсэн багаж, хэрэгсэл” гэдэгт хулгайн гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэсэн буюу ашигласан бэхэлгээ, хамгаалалтыг эвдэх зориулалт бүхий биеийн хүч нэмэгдүүлэх, үйлдлийг хялбаршуулахад хэрэглэсэн бүх төрлийн багаж хэрэгсэл, тэсэлж дэлбэлэх болон химийн, үйлдвэрлэлийн, цэргийн зориулалттай тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулан ойлгоно” гэж тайлбарласан. Улсьш Дээд Шүүхээс ийнхүү тайлбарлаж байсан шалтгаан нь 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-д : “Энэ гэмт хэргийг давтан бүлэглэж буюу урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг, машин механизм, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж буюу орон байр, агуулах саванд нэвтэрч үйлдсэн, энэ хэргийн улмаас үлэмж хэмжээний хохирол учирсан, олон тооны мал хулгайлсан бол ...” гэж хуульчилсан байсан тул “багаж хэрэгсэл” гэсэн шинжид тулгуурлан уг тайлбарыг хийж ирсэн байна.
Гэвч 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д: “Учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн бол ...” гэсэн өмнөх шинжээс агуулга, шинжийн хувьд өөр байдлаар хуульчилсан байна.
Анхан шатны шүүх нь дүгнэлт, тайлбараа хийхдээ эдгээр 2 хуулийн буюу 2002 оны болон 2015 оны Эрүүгийн хуулиадад тухайн гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг өөр өөрөөр шинж, байдлаар тодорхойлж өгсөн байгааг зөв ялган зөв тайлбарлан хэрэглэж чадаагүй байна.
Дээрх байдлаас үүдэлтэйгээр шүүх 2015 оны Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан хүндрүүлэх шинжийг тайлбарлан хуулийг хэрэглэхдээ Монгол Улсын Дээд Шүүхийн 2006 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 28 дугаар тогтоольн агуулгыг байгаагаар нь автоматаар бүхэлд нь хуулбарлан хэрэглэх боломжгүй нөхцөл байдал үүссэн байгааг анхаарах шаардлагатай болоод байна. Тиймээс Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс дээрх үүссэн нөхцөл байдалд үндэслэл бүхий хууль зүйн тайлбар, дүгнэлт хийж анхан шатны шүүхээс дээрх үндэслэлээр хүндрүүлсэн дүгнэлтийг залруулж шүүгдэгч нарын зүйлчлэлийг хөнгөрүүлж, ял, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү.
Гурав. Шүүгдэгч нарын хувьд шүүхээр тогтоосон хохирол, төлбөрийг сайн дураараа бүрэн төлж барагдуулан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид ... учруулсан хохирлыг төлсөн...” гэсэн ял, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэл бүрэн тогтоогдсон байгаа болно.
Түүнчлэн шүүгдэгч нар нь мөрдөн байцаалтын шатанд гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрсөн, мөн шүүхийн хэлэлцүүлгийн үед ч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй байна. Иймд дээрх үндэслэлүүдээр Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч нарт оногдуулсан ял, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн шийвэрлэж өгнө үү.
Дөрөв. Шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүл мэндийн тухайд:
Шүүгдэгч А.О- нь: Өмнө нь буюу 2024 оны хавар зүрхний стент тавиулж байсан бөгөөд уг өвчний улмаас эрүүл мэндийн байдал нь оногдуулсан хорих ялыг биечлэн эдлэхэд хүндрэлтэй байгаа байдал, 2023 онд харвалт өгсөнөөс үүдэлтэйгээр саажилт өгч баруун гар, сарвуу ажилгаагүй, зүүн хөлийн үл хэсэг мэдээгүй, зүүн гарын сарвууны долоовор хуруу мэдээгүй болсон нөхцөл байдал, 461 дүгээр хорих ангид цагдан хоригдож байхдаа зүүн гарын чигчий хуруугаа тайруулсан нөхцөл байдал. Дээрх эрүүл мэндийн шалтгааны улмаас 461 дүгээр хорих ангид хэвтэн эмчлүүлсэн боловч хорих ялыг биечлэн эдлэхэд эрүүл мэндийн байдал хүнд байгааг харгалзан үзэж оногдуулсан ялыг бага ч болов хөнгөрүүлэн өгнө үү.
Шүүгдэгч А.М- нь: - 2011 онд авто осолд орж улмаар зүүн мөр, зүүн цээж хэсэг эмгэгтэй буюу хатангиршсан, байнгын унжиж өвддөг эрүүл мэндийн нөхцөл байдал, мөн шийтгэх тогтоолд “Ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт” гэж буруу тодорхойлогдсон байх ба харин түүний хувийн байдал нь “Эхнэр, 3 хүүхдийн хамт, ам бул 5. 8 нас, 6 нас, 1 настай хүүхдүүдийн хамт амьдарч буй байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж оногдуулсан ялыг бага ч болов хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү.” гэв.
Прокурор Т.Төмөртулга тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч А.О-, А.М- нарыг үргэлжилсэн үйлдлээр бүлэглэж агуулах саванд нэвтрэн учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь үндэслэлтэй. Яллах дүгнэлтэд тээврийн хэрэгслийн гурвалжин шилийг гагнуурын алх, овтерик зэргийг ашиглан хагалж улмаар хууль бусаар нэвтэрч үйлдэхдээ учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйлийг хэрэглэж, уг тээврийн хэрэгслийг хулгайлж бусдад хохирол учруулсан гэж дүгнэсэн. Хуульд зааснаар “агуулах” гэж эд хөрөнгө байнга буюу түр хадгалах зориулалттай байшин, амбаар, автомашины кабин, багааж зэргийг хамааруулж ойлгоно. Энэ утгаар автомашинд хууль бусаар нэвтэрсэн нь тогтоогддог. “Учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн” гэж бусдын эд хөрөнгийг хулгайлах үйлдлийг хөнгөвчлөх, түргэтгэх, биеийн хүч нэмэгдүүлэх, хамгаалалт, бэхэлгээг эвдэх тусгайлан зэвсгийн чанартай зүйл ашиглаж үйлдсэнийг ойлгоно гэж заасан. Энэ ойлголтод хамаарч байгаа тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэж байгаа. Шүүгдэгч нарын хувьд Архангай аймгаас өр төлбөрөө төлөх зорилгоор шунахайн сэдэлтэй тухайн гэмт хэргийг үйлдсэн. Мөн үгсэн тохиролцож ирсэн нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон. Ял шийтгэл, эрүүгийн хариуцлагын тухайд анхан шатны шүүхээс шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, шүүгдэгч нарын хувийн байдал буюу А.М-ын хохирол төлбөр төлсөн байдал, шүүгдэгч А.О-ийн эрүүл мэндийн зэргийг харгалзан нээлттэй хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Иймд давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь :
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж, дараах байдлаар дүгнэлт хийв. Үүнд:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 16.2 дугаар зүйл, 32.3 дугаар зүйлд зааснаар тухайн шүүгдэгч нарт холбогдох хэргийн бодит байдлыг тогтоох ажиллагаа болон тус хэрэгт цугларч, бэхжигдсэн нотлох баримтын эх сурвалжууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмыг зөрчсөн эсхүл оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэж үзэх үндэслэл, үйл баримт тогтоогдсонгүй.
2. Анхан шатны шүүхээс хэргийн бодит байдлыг тогтоож, шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг хянан шийдвэрлэхдээ шүүх хуралдааны оролцогч, талуудын эрхийг хангаж, тэдний шинжлэн судалсан нотлох баримт болон санал, дүгнэлтийг харьцуулан шалгаж, үнэлсний үндсэн дээр шүүгдэгч А.О-, А.М- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон, энэ талаар хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.
Тодруулбал, шүүгдэгч А.О-, А.М- нар бүлэглэн :
2.1. 2024 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 11а тоот хашааны гадна байрлуулсан хохирогч Ю.Еийн эзэмшлийн 91-17 УЕЕ улсын дугаартай “Toyota prius 20” загварын тээврийн хэрэгслийн шилийг гагнуурын алх, халив зэргийг ашиглан хагалж, учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж уг тээврийн хэрэгслийг хулгайлан авч 8,500,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь :
- гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, гомдол /2хх-39, 52/,
- хохирогч Ю.Еийн “...2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр би вокзал руу хүн хүргэж өгөөд орой 21 цагийн орчим буцаж ирээд машинаа Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны сургуулийн 1-3а тоот хашааны гадаа байрлуулсан бөгөөд машинаа тавиад хоёр хоног тэндээсээ хөдөлгөөгүй. Тэгээд 28-ны өглөө 09 цагт машинаа гарж харахад миний машин байхгүй байсан...” гэх мэдүүлэг /2хх-50/,
- “Ашид билгүүн” ХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан /2хх-68-69/,
- “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан” /3хх-10-12/,
- эд зүйлс үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /1хх-39-45/,
- шүүгдэгч А.О-ийн“...2023 оны 01 дүгээр сарын 28-ны шөнийн 23 цагийн үед өөрийн дүү М-ын хамт Улаанбаатар хотод алхаад явж байсан газар мэдэхгүй тул хаана явж байснаа хэлж мэдэхгүй байна. Тэгсэн манай дүү байрны гадаа байсан цагаа өнгийн Приус-20 машиныг асаагаад над дээр ирээд суу гээд намайг суулгаад Архангай аймаг руу явсан, тухайн тээврийн хэрэгслийг задалж зарсан мөнгөөрөө машины сэлбэг авсан...” /2хх-61-62/... Машины цонхыг М- очоод цохиод хагалчих гээд, би цохитол машины шил хагараагүй, М- халив гаргаж ирээд хөшиж хагалсан. Тухайн тээврийн хэрэгслийг би А.М-ын хамт цонхыг нь хагалж нэвтрээд Obd-2 төхөөрөмжөөрөө асаагаад шууд Архангай аймаг руу гарсан бөгөөд Архангай аймагт очоод 9117УЕЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эд ангиудыг нь задлаад үл таних хүмүүст хэсэг хэсгээр нь зарсан. М- нь банкны өр зээлээ төлөх гэж дээрх үйлдлийг хамт үйлдсэн. Өөр ямар нэгэн шалтгаан байхгүй...” гэсэн мэдүүлэг /2хх-135-136, 191-193, 3хх-3-4/,
- шүүгдгэч А.М-ын: “...2024 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр эсхүл 28 өдөр аль нь болох талаар сайн санахгүй байна. Тухайн үед би өөрийн төрсөн ах О-ийн хамтаар Архангай аймгаас ирээд Цайз худалдааны төвөөс үл таних хүнээс приус-20 тээврийн хэрэгслийн арлын дугаар, бичиг баримт, улсын дугаар авсан. Тухайн оройдоо ах О-ийн хамтаар Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Дуулга гэх нэртэй баарны урд нийтийн байрны хашааны гадаа байрлуулсан байсан цагаан өнгийн приус-20 загварын машиныг хулгайлж авсан. Ах бид хоёр тэр машиныг асааж унаад, Архангай аймаг руу явсан. Тухайн машины улсын дугаар нь 91-17 УЕЕ байсан. Аймагт очоод ах бид хоёр машиныг задлаад сэлбэг болгоод зарсан... Жолоочийн эсрэг талын урд талын гурвалжин шилийг хагалж хаалгыг нь дотор талаас нь гараа оруулж онгойлгосон. Тэгээд ах бид хоёр obd-2 гэх нэртэй улбар шар өнгийн төхөөрөмжөөр тухайн тээврийн хэрэгслийн компьютер оношилгооны залгаварт залгаж асаасан. Тэгээд унаад явсан...” /2хх-56-57/...Тухайн тээврийн хэрэгсэлд ах бид 2, өөрийн эзэмшлийн 9697 АРН улсын дугаартай тээврийн хэрэгсэлд байсан отверка ашиглан хөшиж цонхыг нь хагалж хаалгыг нь онгойлгон, өмнө нь худалдаж авч байсан тээврийн хэрэгсэлд байсан Obd-2 нэртэй төхөөрөмж ашиглан түлхүүр тааруулж асаасан, тэр машиныг задалж зараад нийт 3 сая орчим төгрөг олсон...” гэх мэдүүлэг /2хх-141-143, 198-199, 3хх-8-9/ зэрэг нотлох баримтуудаар,
2.2. 2024 оны 3 дугаар сарын 04-өөс 05-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 19 дүгээр байрны хойд талын зогсоол дээр байрлуулсан байсан хохирогч Д.Б-ы эзэмшлийн 85-07 УНР улсын дугаартай “Toyota prius 20” загварын тээврийн хэрэгслийн шилийг гагнуурын алх, халив зэргийг ашиглан хагалж, учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж уг тээврийн хэрэгслийг хулгайлан авч 10,800,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
- гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, дуудлага мэдээлэл шалгасан илтгэх хуудас /1хх-04-05/,
- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийг үзүүлэлтүүд /1хх-06-09/,
- камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: “2023 оны 03 дугаар сарын 05-ний шөнө 02:23 цагт Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт 19 дүгээр байрны хойд талын зогсоол дээр байрлах машинууд дунд байсан цагаан өнгийн тээврийн хэрэгсэл 02:26 цагт зогсоолоос гарч явж байгаа нь бичигдсэн байна.”, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-10-18/,
- эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1хх-22-23/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэл /1хх-49/,
- тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-50-54/,
- эд зүйлс үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /1хх-39-45/
- хохирогч Д.Б-ы “...Миний бие өөрийн эзэмшлийн 8507УНР улсын дугаартай цагаан өнгийн приус-20 маркын тээврийн хэрэгслийг 2024 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 15-17 цагийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо 19 дүгээр байрны хойд талын зогсоолын хойд хэсэгт урд зүг руу харуулж байрлуулсан. Тэр өдрөөс хойш өнөөдрийг хүртэл машинаа гарч огт хараагүй. Өнөөдөр буюу 2024 оны 03 дугаар сарын 05-ны 12 цагийн үед очиход миний машин зогсоол дээр байхгүй байсан, цагдаагийн байгууллагад хандсан юм.” гэсэн мэдүүлэг /1хх-67-68, 71-72/,
- гэрч Ц.Ө-ын “...Би 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 13 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ганц худаг задгайд байрлах гэртээ байж байхад манай ээжийн төрсөн дүү болох ... М- ах, О- ах хоёр надтай ярьснаас хойш 30-40 минутын дараа манай гэрт ирсэн. Манайд ирэхдээ М- ах цагаан өнгийн приус 20 загварын автомашин унаад ирсэн, машиныг худалдаж аваад гэж хэлсэн. Тэгээд манай гэрт орж хоол идээд амарч байхдаа М- ах “Да хүрээ” зах дээр өөрийнхөө хуучин автомашиныг үлдээсэн байгаа О- ах хотод автомашин унаж чадахгүй болохоор чи очоод унаад гэртээ аваад ирээч, ахынхаа хуучин машиныг хотод зараад өг гэхээр нь би зөвшөөрөөд автомашин үлдээсэн газар нь М- ах, О- ах хоёртой хамт очоод, цагаан өнгийн приус 20 загварын автомашиныг унаад буцаж гэртээ ирсэн....Тэр хоёр хороолол ороод цаашаагаа шууд Архангай аймаг руу явна гэж байсан. Намайг гэртээ ирээд байж байхад М- ах над руу залгаад надад байсан автомашины баттерей цэнэглэгчийг худалдаж авъя гэхээр нь надад үлдээсэн автомашиныг нь унаад хороололд аваачиж өгөөд энэ автомашин чинь сэв зураас ихтэй, үзэмж муутай автомашин байна даа хотод зарагдах юм болов уу даа гэж хэлээд буцаад гэр рүүгээ явж байхад М- ах залгаад заза ер нь наад автомашиныг чинь Архангай аймаг руу буцаад аваад явлаа О- ах хотод автомашин унаж чадахгүй юм чинь чи “Таван шар” гаргаад өг гэхээр нь би зөвшөөрөөд буцаж яваад “Таван шар”-ын төмөр замын гармаар автомашиныг нь гаргаж өгөөд би буцаж гэр рүүгээ явсан.” гэсэн мэдүүлэг /1хх-76-77/,
- Тэнцвэр Эстимэйт ХХК-ны хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх-99-100/,
- шүүгдэгч А.М-ын “...Би прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Би уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна... Би өмнө сэжигтнээр өгсөн мэдүүлэгт бүх зүйлийг үнэн зөв мэдүүлсэн ба 2024 оны 03 дугаар сарын 04-нөөс 05-ны шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо 19 дүгээр байрны хойно зогсоол дээр байсан ... УНР приус 20 машиныг төрсөн ах А.О-ийн хамтаар хулгайлж 03 сарын 05-ны шөнөдөө Архангай аймаг руу явж Эрдэнэбулган сум Бор толгой 29-12 тоотод авчирч арлын дугаарын О- ах тасдагчаар цэвэрхэн авч гагнаж тавиад би араас нь замаскдаж будаж янзлан зарах санаатай байсан надад өөр нэмж ярих зүйл байхгүй хийсэн хэрэгтээ гэмшиж байна...Төрсөн ах О- бид 2 Архангай аймгийн машин засварын газар ажиллуулах гээд ярилцаж байсан ба засварын газрын түрээсийн мөнгө олох зорилгоор дээрх үйлдлийг төрсөн ах О-ийн хамтаар үйлдсэн. Өөр ямар нэгэн шалтгаан байхгүй.” гэсэн мэдүүлэг /1хх-88-90, 120-121/,
- шүүгдэгч А.О-ийн ”...би эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна... 2024 оны 03 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо 19 дүгээр байрны хойно зогсоол дээр байсан ... УНР дугаартай приус 20 машиныг төрсөн дүү А.М-ын хамтаар хулгайлж хулгайлсан ... УНР машинтайгаа 2024 оны 03 дугаар сарын 05-ны шөнө Архангай аймаг руу явж Эрдэнэбулган сум Бор толгой 29-12 тоотод авчирч арлын дугаарыг би тасдагчаар цэвэрхэн авч гагнаж тавиад манай дүү М- араас нь замаскдаж будаж янзалан зарах санаатай байсан надад өөр нэмж ярих зүйл байхгүй хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэх мэдүүлэг /1хх-133-134, 96-97/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож тогтоогдсон байна.
Шүүгдэгч А.О-, А.М- нар бүлэглэж, 2 удаагийн гэмт үйлдлээр учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл ашиглаж нэр бүхий хохирогч нарын автомашиныг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан болохыг нотолж буй нотолгооны эх сурвалжууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан, эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хангалттай байх шалгуурыг хангасан байх тул тэдний үйлдсэн тухайн гэмт хэргийн шинж бүрэн хангагдсан гэж үзнэ.
Шүүгдэгч А.О-, А.М- нар бусдын автомашиныг хулгайлах гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан санаатай нэгдэж, улмаар бусдын автомашиныг хулгайлахын тулд учрах саадыг арилгах зорилгоор зэвсгийн чанартай зүйлийг урьдчилан тусгайлан бэлтгэж, гэмт үйлдэл тус бүртээ хэрэглэсэн нь тогтоогджээ.
Тухайлбал, тус хэрэгт цугларч, бэхжигдсэн хохирогч нарын болон шүүгдэгч нарын өгсөн мэдүүлгүүд, эд мөрийн баримтаар тооцсон эд зүйлс зэргийг харьцуулан шалгахад:
Шүүгдэгч А.О-, А.М- нар тухайн автомашинуудыг хулгайлахын тулд урьдчилж учрах саадыг арилгах зорилгоор алх мэт дүрстэй металь эд, мөн халив, автомашиныг асаахад хэрэглэх “Оbd2” гэх улбар шар өнгийн техникийн төхөөрөмж, “Тoyota prius” загварын автомашины түлхүүрүүд зэргийг тусгайлан бэлтгэж, хэрэглэсэн буюу алх, халив зэргийг ашиглаж тухайн автомашинуудын хаалгыг онгойлгож, улмаар асаан унаж явахын тулд өөр приус автомашины зориулалт бүхий, товчлуур ажиллахгүй түлхүүрүүдийн тусгай шинж чанарыг “Obd-2” төхөөрөмжид удаа дараа уншуулан таниулж, тохируулах аргаар асааж, тийнхүү унаж явсанаар тухайн автомашинуудыг хулгайлж ашиглан шамшигдуулах бодит боломжийг бүрдүүлсэн нь тогтоогдсон, энэхүү байдал нь “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл”-ийг тайлбарласан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйл дэх аутентик буюу хуульчилсан тайлбарт заасан утга агуулга, шинжийн шалгуур шаардлагад нийцсэн байна.
Шүүгдэгч А.О-, А.М- нар бүлэглэж, автомашин хулгайлах 2 удаагийн төгс гэмт үйлдлүүд нь “хулгайлах гэмт хэргийн энгийн бүрэлдэхүүний хохирлын хэмжээ болох бага хэмжээнээс дээш 50 сая төгрөг хүртэлх хэмжээ, мөн хүндрүүлэх бүрэлдэхүүний учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж” гэсэн шинжийг тус тус хангасан, түүнчлэн нэг төрлийн буюу хулгайлах гэмт хэргийг давтан үйлдсэнийг тухайн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжээр хуульчлаагүй зэрэг үндэслэлийн хүрээнд шүүгдэгч нарын үйлдсэн 2 удаагийн хулгайлах гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “үргэлжилсэн нэг гэмт хэрэгт” тооцож зүйлчилсэн нь зөв болно.
Шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн эсэх нь хуулиар баталгаажуулснаар тэдний эрхэд хамаарах ба тус эрхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд тухай бүр танилцуулж тайлбарласан буюу тэдний эрх зөрчигдөөгүй байхаас гадна шүүгдэгч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нь хохирогч нарын мэдүүлэг, бусад нотлох баримтын эх сурвалжаар нотлогдсон байгааг дурдах нь зүйтэй.
2.3. Харин прокуророос шүүгдэгч А.О-, А.М- нарт холбогдох хулгайлах гэмт хэргийг “агуулах”-д нэвтэрч үйлдсэн гэж хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжээр давхар зүйлчилснийг, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг тус тус хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ.
Учир нь, автомашины дотроос ямар нэгэн эд зүйлийг бус харин тухайн автомашиныг хулгайлах гэмт сэдэлт, зорилгоо хэрэгжүүлэхийн тулд учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, улмаар тухайн автомашиныг асааж, жолоодон явснаар автомашиныг бүхэлд нь хулгайлах гэмт хэрэг төгссөн байх тул “агуулах”-д нэвтэрч бусдын автомашиныг хулгайлсан гэж үзэхгүй, тухайн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж хангагдаагүй байна гэж дүгнэв.
Тийм учраас, шүүгдэгч А.О-, А.М- нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дахь заалт болгон хөнгөрүүлэх үндэслэлтэй.
3. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын буюу учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг бүх талаас нь харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, шалгууртай байдаг.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзах энэхүү шалгуур, шаардлагыг нотолж буй баримт, талуудын санал, дүгнэлтийг харьцуулан шалгаж, үнэлэх замаар ялын төрөл, хэмжээг хэрхэн оногдуулах нь шүүхэд олгогдсон эрх хэмжээний асуудалд хамаардаг.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч А.О-, А.М- нарын үйлдсэн хулгайлах гэмт хэрэгт ял оногдуулахдаа дээр дурдсанаар харгалзвал зохих шалгуур, шаардлагын талаар зохих дүгнэлт хийсэн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тухайн шүүгдэгч нарын хувьд өмнө нь ял шийтгүүлж, дуусгавар болсон нь тэдний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүйг тэмдэглэж байна.
Харин Давж заалдах шатны шүүхээс, шүүгдэгч А.О-, А.М- нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 болгон хөнгөрүүлж өөрчилсөн тул дээрх дурдсанаар ял оногдуулахад харгалзах шалгуур шаардлага зэргийг харгалзан шүүгдэгч А.О-д 3 жил хорих ял, А.М-т 2 жил 6 сар хорих ял болгон тус тус хөнгөрүүлж шийдвэрлэлээ.
4. Шүүгдэгч А.М- 1.500.000 төгрөгийн төлбөртэй учраас анхан шатны шүүхээс “А.М-ын эзэмшлийн ... АРН улсын дугаартай, NHW207537671 арлын дугаартай, 2006 онд үйлдвэрлэсэн, 2011 онд импортолсон, суудлын цагаан өнгийн Toyota prius 20 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 10 дугаартай тогтоолыг хэвээр үлдээсэн” нь ойлгомжгүй байдлыг үүсгэж болохоор байх тул тухайн битүүмжлэгдсэн тээврийн хэрэгслийг Нийслэлийн шүүхийн шийдвэр газарт шилжүүлсэн өөрчлөлт оруулах нь зөв гэж үзэв.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар, А.О-, А.М- нарын 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 65 /жаран тав/ хоногийг тэдний эдлэх хорих ялд тус тус оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.33, 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дүгээр сарын 03-ны өдрийн 2024/ШЦТ/1334 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн :
1 дэх заалтыг : Шүүгдэгч А.О-, А.М- нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дахь заалт болгон хөнгөрүүлэн өөрчилж, А.О-, А.М- нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр, бүлэглэж, учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.” гэж өөрчилж,
2 дахь заалтын”...2.1,...” гэснийг тус тус хүчингүй болгож,
2 дахь заалтын: “...Алтангэрэлийн О-ийг 3 жил 3 сарын...” гэснийг “...Алтангэрэлийн О-ийг 3 жилийн...” гэж,”...Алтангэрэлийн М-ыг 3 жилийн...” гэснийг “...Алтангэрэлийн М-ыг 2 жил 6 сарын...” гэж,
7 дахь заалтыг: “Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 10 дугаартай тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч А.М-ын эзэмшлийн ... АРН улсын дугаартай, NHW207537671 арлын дугаартай, 2006 онд үйлдвэрлэсэн, 2011 онд импортолсон, суудлын цагаан өнгийн “Toyota prius-20” загварын тээврийн хэрэгслийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.” гэж найруулан тус тус өөрчилсүгэй.
3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, давж заалдах журмаар гаргасан шүүгдэгч нарын “хорих ялыг багасгуулах” тухай гомдлыг, өмгөөлөгч Л.Намнансүрэнгийн гомдлоос “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтыг хэрэгсэхгүй болгож, оногдуулсан ял хөнгөрүүлж өгнө үү” гэх хэсгийг хангаж, харин хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгох өөрчлүүлэх тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.О-, А.М- нарын 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 65 /жаран тав/ хоногийг тэдний эдлэх хорих ялд тус тус оруулан тооцсугай.
5. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар оролцогч гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОЧ
ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ
ШҮҮГЧ Г.ГАНБААТАР