Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 2018/ШЦТ/79

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга би даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь

Улсын яллагч Н.Мөнхбат

Шүүгдэгч О.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ариунжаргалын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.М-т холбогдох 1816001480069 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 08 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, У овогт О-ийн М.

Шүүгдэгч О.М нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Түмэн баг Найрамдалын хороо 0-0 тоот хашааны гадаа Х.Х-г зодож, биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт хамаарна. 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Шүүгдэгч О.М-ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “...Би хашааныхаа үүдэн дээр утсаар яриад зогсож байхад Х ах чулуу бариад над руу гүйгээд ирсэн. Тэгээд би зугтсан. Хашаа руу нь шээсэн зүйл байхгүй гэдгийг харуулсан...Нэг цохиод унахаар нь өшиглөсөн... Зодсоноо хүлээн зөвшөөрч байна. Хохиролд 500.000 төгрөг төлсөн...”  гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Х.Х-ийн “...чи яагаад хашаа руу шээгээд байгаа юм гэхэд би шээгээгүй гэхээр нь шээсний мөрийг нь үзүүлээд чи шээсэн байна шүү дээ гэхэд үгүй гээд байхаар нь би заамдаад чи шээсэн мөрөө харал даа гэхэд миний баруун талын шанаа орчим хүчтэй цохиж унагаасан тэгээд  унасан байхад дээрээс дэвсэж зодсон. Миний шанаа орчим хавдаж, гар дээр дэвссэнээс болж зүүн талын гар гэмтсэн...” гэсэн мэдүүлэг /ХХ9-10/,

Гэрч Б.Ч-ийн “...Би тухайн өдөр 19 цагийн үед байх хашааныхаа үүдэнд гарч ирэхэд манай хойт гудамжинд хоёр хүн зодолдоод нэг залуу нэг хүнийг газар унагаасан зодож байхаар нь би хөөе болиоч чи яагаад хүн зодоод байгаа юм гэж байтал нэг эмэгтэй хүн ирээд хүн зодож байсан залууг салгаж аваад явсан... Баруун гарын шуу орчим нь хавдаж гэмтсэн, нүүр, шанаа, гар орчим нь шалбарч, зулгарсан харагдаж байсан” гэсэн мэдүүлэг /ХХ11/,

Гэрч Ш.О-ийн “... гадаа хүмүүс чанга дуугарах чимээ гарахаар нь би гэрээс гараад харсан чинь урд гудамжинд манай хүү М харагдах шиг болсон. Би хашаанаас гараад яваад очтол манай хүү нэг хүнийг газарт унагаасан зодож байсан. Би очоод хүүгээ татаж, салгаж аваад гэртээ орсон. Би тухайн зодуулж байсан хүнийг танихгүй. Яагаад чи хүн зодож байгаа юм гэхэд энэ хүн намайг хашааны хажууд зогсож байхад чулуугаар цохих гээд байсан гэж хэлсэн... Баруун гарын шуу орчим нь хавдаж гэмтсэн, нүүр, шанаа орчим шалбарч, зулгарсан харагдаж байсан” гэсэн мэдүүлэг /ХХ12-13/,

Гэрч Б.Н-ийн “...Тэр өдөр би 21 цагийн үед гэртээ ирэхэд манай нөхөр Х.Х хүнд зодуулсан байдалтай баруун гар нь гэмтсэн гэртээ байж байсан. Юу болсон талаар асуухад дээд талын хашааны залуу зодсон гэж хэлэхээр нь би цагдаад гомдол гаргаж шалгуулсан юм... Баруун гарын шуу яс нь гэмтсэн байсан, нүүрэнд нь хэд хэдэн газар бага зэрэг зулгарсан байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ14/,

Шинжээч эмч Т.Алтайбаатарын 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 169 дугаартай “... 1. Х.Х-ийн биед баруун шууны зөөлөн эдийн няцрал, зүүн дээд зовхинд цус хуралт, баруун хөмсөгний дээд хэсэг, баруун дээд зовхи, эрүү, баруун шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ.

3. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." гэсэн дүгнэлт /ХХ21-22/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч О.М-ын Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Түмэн баг Найрамдалын хороо 0-0 тоот хашааны гадаа хохирогч Х.Х-г зодож, биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй бөгөөд хэргийг мөн хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.

  2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх

Шүүхээс шүүгдэгч О.М-т торгох ял  оногдуулах тухай прокурорын санал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдэж, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсгүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон дээрх хүчин зүйлсийг тал бүрээс нь харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийн хөрөнгийн хэмжээ, орлого олох боломжоос нь хамааран 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч О.М нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах  нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч У овогт О-ийн М-ыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.М-ыг 550 /таван зуун тавь / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.М-т шүүхээс оногдуулсан 500 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш  2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/  хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч О.М-т сануулсугай.

5. Шүүгдэгч О.М-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч О.М нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай Монгол Улсын хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай Монгол Улсын хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар  шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.МӨНХТУЛГА