Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 2025/ДШМ/252

 

 

 

 

 

 

2025             02              20                                         2025/ДШМ/252

 

 

Д.У-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүгдэгч Д.У-н өмгөөлөгч Ү.Чойжилсүрэн,           

нарийн бичгийн дарга Э.Буяндэлгэр нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/995 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.У- болон түүний өмгөөлөгч Б.Чойжилсүрэн нарын хамтран гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Д.У-д холбогдох эрүүгийн 2305000691231 дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Ганбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Ц овгийн Д-ийн У-, 1993 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Увс аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг, ... тоотод оршин суух бүртгэлтэй, /PД:... /,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 141 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж, 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн тогтоолоор торгох ялыг эдэлж дууссан,  

Увс аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 110 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж, 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 26 дугаар шүүгчийн захирамжаар 36 хоногийн хорих ялаар сольж шийтгүүлсэн;

Шүүгдэгч Д.У- нь 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдөр иргэн С.Б-тай утсаар холбогдож "ОХУ-аас арматур төмөр оруулж ирж мөнгө, нэмж зарах ажил хамтарч хийе" гэж итгүүлэн, түүнийг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, улмаар иргэн С.Б-ын дээрх итгэлийн дагуу Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа арматур төмөр худалдаж авах зорилгоор өөрийн нэр дээрх "Арвин Хотгор" ХХК-ийн данснаас шилжүүлсэн 20.000.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авсан залилах гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Д.У-н үйлдлийг Эрүүгийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Д.У-г Эрүүгийн хуулийн тусгай энгийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.У-г 6 /зургаа/ сарын хугацаагаар Баянзүрх дүүргийн бүсчлэлээс гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Д.У- нь зорчих эрхийг хязгаарлах ял биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын 1 /нэг/ хоногийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.У- болон түүний өмгөөлөгч Б.Чойжилсүрэн нарын хамтран гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд өмгөөлөгч Б.Чойжилсүрэн гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Д.У-н зүгээс мөрдөн шалгах ажиллагаа болон прокурор, шүүхийн шатанд өөрийн үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирогчийн хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан байдаг. Хохирол төлбөр бүрэн барагдсан гомдолгүй болохыг хохирогчийн зүгээс бичгээр шүүхэд нотлох баримтаар хүргүүлж, мөн шүүхийн хэлэлцүүлэг эхлэхээс өмнө прокурорын зүгээс хохирогчтой утсаар ярьж тодруулан шүүгдэгч хохирол төлбөр бүрэн барагдуулсан болохыг баталгаажуулсан байдаг. Шүүгдэгч Д.У- нь Монголын үндэсний бөхийн аймгийн арслан цолтой байнгын бэлтгэл сургуулилт хийж бэлтгэлээ хангаж Монголын үндэсний бөхийн холбооноос сар болгон зохион байгуулдаг барилдаануудад барилдаж мөн аймаг, сум руу явж нэрэмжит барилдаануудад барилдаж түүнээс олсон бай шагнал болон сайн барилдсан амжилтыг урамшуулж дэмждэг компани, нутгийн зөвлөлөөс олгодог дэмжлэгээр амьдралаа залгуулдаг эхнэр бага насны хүүхдийн хамт амьдардаг болно. Гэтэл анхан шатны шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн дээрх хувийн байдал болон хохирогчийн зүгээс хохирол төлбөр барагдсан гомдол саналгүй хэмээн шүүхэд гаргаж өгсөн бичгийн нотлох баримт, хохирогчийн утсаар ярихдаа хохирол барагдсан талаарх тайлбарыг тус тус харгалзан үзэлгүй хохирол төлбөр барагдуулаагүй хэмээн бодит байдалд нийцэхгүй дүгнэлт хийж Д.У-г 6 сарын хугацаагаар Баянзүрх дүүргийн бүсчлэлээс гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсэн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэлгүй шийдвэр гаргасан.

Д.У- нь Чингэлтэй дүүргийн “Аврагч” спорт хорооны зааланд байрладаг бөхийн “-” дэвжээнд багш дасгалжуулагч Э-ын удирдлагад тогтмол үндэсний бөхийн бэлтгэл сургуулилтаа хийдэг, хүчний бэлтгэлээ Баянгол дүүргийн нутагт байрлах “UG arena”-ийн фитнес зааланд хийдэг. Мөн “...” дэвжээний бөхчүүд жилийн бүрийн 6 дугаар сараас эхлэн Налайх дүүрэгт байрлах Шүтээн амралтын баазад Улсын наадмын бэлтгэлд гардаг бөгөөд Д.У- нь энэ жил улсын цолны таамагт байгаа өсөх ирээдүйтэй бөх юм. Хэрэв Д.У- анхан шатны шүүхээс оногдуулсан 6 сарын хугацаагаар Баянзүрх дүүргийн бүсчлэлээс гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ялыг эдэлснээр Чингэлтэй, Баянгол, Налайх дүүрэгт байрлах бэлтгэлийн зааландаа бэлтгэл сургуулилтаа хийж чадахгүй болох, Баянзүрх дүүргээс бусад газар зохион байгуулдаг барилдаануудад барилдаж чадахгүй болох, цаашлаад амжилт нь буурах, амьдралаа залгуулах орлогын эх үүсвэрээ алдах зэрэг шүүгдэгчийн хувийн байдалд ихээхэн сөрөг нөлөөлөө үзүүлэхээр байна. Иймд шүүгдэгч Д.У-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирогчийн хохирол төлбөрийг төлж барагдуулсан болон дээрх хувийн нөхцөл байдлуудыг тус тус харгалзан үзэж шийтгэх тогтоолд шүүгдэгчид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг торгох болон нийтэд тустай ажил хийлгэх ял болгон өөрчлөлт оруулж өгнө үү. …” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь :

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч, өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж, дараах байдлаар дүгнэлт хийв. Үүнд:      

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 16.2 дугаар зүйл, 32.3 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Д.У-д холбогдох хэргийн бодит байдлыг тогтоох ажиллагаа болон тус хэрэгт цугларч, бэхжигдсэн нотлох баримтын эх сурвалжууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмыг зөрчсөн эсхүл оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэж үзэх  үндэслэл, үйл баримт тогтоогдсонгүй.          

2. Анхан шатны шүүхээс хэргийн бодит байдлыг тогтоож, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг хянан шийдвэрлэхдээ шүүх хуралдааны оролцогч, талуудын эрхийг хангаж, тэдний шинжлэн судалсан нотлох баримт болон санал, дүгнэлтийг харьцуулан шалгаж, үнэлсний үндсэн дээр шүүгдэгч Д.У-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон, хэргийн зүйлчлэлийн талаар хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.  

Тодруулбал, шүүгдэгч Д.У- нь 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдөр иргэн С.Бат-Уянгатай утсаар холбогдож "ОХУ-аас арматур төмөр оруулж ирэн, мөнгө нэмж зарах ажил хамтарч хийе" гэж итгүүлэн, түүнийг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж,улмаар иргэн С.Б-ын дээрх итгэлийн дагуу Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа арматур төмөр худалдаж авах зорилгоор өөрийн нэр дээрх "-" ХХК-ийн данснаас шилжүүлсэн 20.000.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч, залилсан болох нь:  

- гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, хохирогчийн бичгээр гаргасан гомдол” /хх-24, 25/,

- хохирогч С.Бат-Уянгын “… 2022 оны 03 дугаар сард манай төрсөн дүү Б-ий найз У- над руу залгаж “ОХУ-аас арматур төмөр оруулж ирнэ, мөнгө нэмж зарах ажил байна, хамтарч ажиллах уу” гэхээр нь би зөвшөөрч, ямар нэгэн гэрээ хэлцэл байгуулалгүйгээр У-г таньж мэддэг болохоор түүнд итгэж өөрийнхөө эзэмшдэг “-” ХХК-ийн Хаан банкны 58…88 дугаарын данснаас 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр У-гийн нэр дээрх 50...85 дугаарын данс руу “арматурын үнэ” гэж гүйлгээний утгаа бичээд 20,000,000 төгрөгийг шилжүүлтэл миний шилжүүлсэн мөнгөөр ОХУ-руу арматур төмөрөө захиалчихлаа гэж хэлсэн. Тэгээд 2022 оны 05 дугаар сард арматур төмөр маань Монгол улсад орж ирчихсэн гэж хэлсэн мөртлөө одоог хүртэл тухайн төмөр нь хаана, хэнд байгаа болох нь тодорхойгүй байдалтай, миний мөнгөөр авсан арматур төмрөө өөрийнхөө худалдаж авсан байрныхаа урьдчилгаанд өгсөн гэж сүүлд надад хэлээд тэнээс хойш надтай огт холбоо барихгуй, хаана байгаа болох нь тодорхойгүй байдалтай байгаа. ...” гэх мэдүүлэг /хх-38, 43/,

- гэрч С.Б-ийн “... “Арвин Хотгор” ХК-ийн данснаас Д.У-гийн өгсөн данс руу 20,000,000 төгрөгийг төрсөн эгч С.Б шилжүүлсэн...Д,У- тухайн мөнгөөр БНХАУ-аас зах зээлийн үнээс 100,000 төгрөгөөр хямд арматурын төмөр авч ирж төрсөн эгч С.Бат-Уянга бид хоёрт өгнө гэж ам тохиролцоо хийж төрсөн эгч С.Б уг мөнгийг шилжүүлсэн. Д.У- тухайн мөнгийг зориулалтын дагуу зарцуулаад арматурын төмрөө авч ирсэн бол өнөөгийн ийм асуудал үүсэж, цагдаагийн байгууллагад хандахгүй байсан. Д.У- бид хоёрын дунд ямар нэгэн өр авлагын асуудал байхгүй…” гэх мэдүүлэг /хх-46/,

  • гэрч Н.Х-ийн “...У- өөрийнхөө данснаас миний данс руу 2 удаагийн гүйлгээгээр 15,000,000 төгрөгийг шилжүүлж, зээлсэн байдаг. ...миний хувьд уг мөнгийг хувийн хэрэгцээндээ зарцуулаад, зээлсэн мөнгөө эргүүлж У-д 2022 оны 07 дугаар сараас өмнө төлж барагдуулсан байдаг...У- нь миний хийдэг ажилтай холбоотойгоор манай компаниас болон надаас ямар нэгэн байдлаар төмөр авах, өгөх зэрэг ажил хийж байсан удаа огт байхгүй, тийм зүйлийн талаар ярьж байсан тохиолдол ч байхгүй.” /хх-55/,
  • Д.У-н нэр дээр буртгэлтэй Хаан банкны 50…85 тоот дансны 2022 оны 03 дугаар capын 10-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн хугацаанд хийгдсэн гүйлгээнд буюу дансны хуулганд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-43-50/,
  • хохирогч С.Б-ын мөнгө шилжүүлсэн гэх “-” ХХК-ийн Хаан банкны 58…88 тоот дансны хуулга /хх-27/,
  • Д.У-гийн нэр дээр буртгэлтэй Хаан банкны 50…85 тоот дансны хуулга /хх-51-53/
  • Шүүгдэгч Д.У-гийн мэдүүлэг “…Би 20,000,000 төгрөгийг авсан бөгөөд Бат-Уянгын дүү Бат-Эрдэнэтэй бид хоёр найз нөхдийн харилцаа хамааралтай…гэм буруугаа зөвшөөрсөн ” тухай мэдүүлэг /хх-63, 126/ зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна.

Шүүгдэгчийн залилах гэмт хэргийг үйлдсэн болохыг нотолж буй нотолгооны эх сурвалжууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан, эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хангалттай байх шалгуурыг хангасан байх тул түүний үйлдсэн тухайн гэмт хэргийн шинж хангагдсан гэж үзнэ.

Шүүгдэгч Д.У- нь “арматур төмөр оруулан ирж, мөнгө нэмж зарах ажил хамтарч хийе” гэж 20,000,000 төгрөгийг иргэн С.Б-ас дансаар шилжүүлэн авсан атлаа хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу арматур төмөр захиалаагүй, шилжүүлж авсан мөнгийг хувьдаа захиран зарцуулсан нь тогтоогдсон байх тул шүүгдэгчийг “өөрийн ашгийг хичээсэн гэмт сэдэлт, зорилгын хүрээнд хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдүүлэх, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах аргаар залилах гэмт хэрэг” үйлдсэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна. 

Шүүгдэгчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар баталгаажуулсан эрхийг тухай бүр танилцуулж, тайлбарласан, түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, бусад нотлох баримтын эх сурвалжаар нотлогдсон байгааг дурдах нь зүйтэй.  

 

3. Шүүгдэгч Д.У- нь анхан шатны шүүхээр хэрэг хянан шийдвэрлэгдэх явцад төлбөл зохих хохирлыг бүрэн төлж барагдуулсан, хохирогч нь гомдол саналгүй гэх баримт ирүүлсэн байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ. 

4. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын буюу учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг бүх талаас нь харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, шалгууртай байдаг.

Тус эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзах шалгуур, шаардлагыг нотолж буй баримт, талуудын санал, дүгнэлтийг харьцуулан шалгаж, үнэлэх замаар ялын төрөл, хэмжээг хэрхэн оногдуулах нь шүүхэд олгогдсон эрх хэмжээний асуудалд хамаардаг.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.У-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээр дурдсанаар харгалзвал зохих шалгуур, шаардлагын талаар нарийвчлан дүгнээгүй, мөн “төлөх төлбөргүй” гэж дүгнэсэн атлаа хохирол төлж барагдуулаагүй байдлыг...харгалзсан гэх, зорчих эрхийг хязгаарлах ялын төрөл, хэлбэрийг тогтооход Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зохих зүйл, хэсгийг журамлан хэрэглээгүй зэргээр ойлгомжгүй байдлыг үүсгэжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тухайн шүүгдэгчийн хувьд өмнө нь ял шийтгүүлж, дуусгавар болсон нь түүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүйг тэмдэглэж байна.      

Харин Давж заалдах шатны шүүхээс, шүүгдэгч Д.У-гийн гэм буруугаа зөвшөөрсөн, хохирлыг төлж барагдуулсан, мөн түүний ар гэрийн болон бусад хувийн байдал зэргийг харгалзан Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 20248/ШЦТ/995 дугаартай шийтгэх тогтоолоор  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулсныг 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх болгон хөнгөрүүлэн өөрчиллөө.  

5. Иймд анхан шатны шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дээр дурдсанаар зохих өөрчлөлт оруулж, харин давж заалдах журмаар гаргасан шүүгдэгч Д.У-, түүний өмгөөлөгч Б.Чойжилсүрэн нарын гомдлоос “зорчих эрх хязгаарлах ялыг нийтэд тустай ажил хийлгэх ял болгон хөнгөрүүлэх тухай” хэсгийг хүлээн авч, зорчих эрх хязгаарлах ялыг торгох ял болгон хөнгөрүүлэх” тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн  1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь :

 

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/995 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

2 дахь заалтыг: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлий 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.У-г 600 /зургаан зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсгүй.” гэж өөрчилж, 3 дахь заалтыг хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.У- нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар оролцогч гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.      

 

                            ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                    Ц.ОЧ

 

    ШҮҮГЧ                                                             Д.МӨНХӨӨ


                            ШҮҮГЧ                                                             Г.ГАНБААТАР