| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 164/2018/0075/Э/ |
| Дугаар | 2018/ШЦТ/80 |
| Огноо | 2018-08-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Мөнхбат |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 22 өдөр
Дугаар 2018/ШЦТ/80
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга би даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь
Улсын яллагч Н.Мөнхбат
Шүүгдэгч Л.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ариунжаргалын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л-О-т холбогдох 1816001330068 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 08 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, халх, Х овогт Л-ын О.
Шүүгдэгч Л.О нь 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 0-р цэцэрлэг дотор С-г зодож, биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт хамаарна.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:
Шүүгдэгч Л-О-ийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “...Би С-тай уулзах гээд 2 давхарт гарахад өмнөөс гараад ирсэн. Тэгэхээр нь би заамдаж аваад чи миний хүүхэдтэй эвтэйхэн харьцаж бай, би чамдаас олон удаа гуйж байна. Хүүхэдтэй эвтэйхэн харьцаж бай гэж хэлээд чирээд доош буусан. Зодож гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Д.С-ийн “...анги руугаа орох гээд 2 давхарын шат руу өгсөөд явж байтал араас хэн нэгэн үснээс татаад зуурахаар нь хартал Ө-ийн ээж О эгч намайг үсдэж татаад 2 мөр болон бие рүү цохиод, 2 гарнаас базаж татаж чирсэн. Намайг зодож байх үедээ чи миний охиныг дандаа дарамталдаг, чиний тогоотой хоол руу өнгийсэн юм уу, чамайг ална пиздаа минь чамайг ямар багш гэдэг юм гэж хэлж доромжилсон. Тэр үед туслах багш А, нярав Х 2 ирж салгасан...” гэсэн мэдүүлэг /ХХ17-18/,
Гэрч Д.Ө-ын “...С багш ирээд энэ чинь оролцохгүй гэж байна. Дандаа юм хэлэхээр эсэргүүцэж, үгэнд орохгүй байхын гэж хэлсэн. Тэгээд би өрөөндөө ороод бухимдаад уйлаад ээжтэйгээ утсаар яриад энэ С багш намайг янз бүрийн юм хэлээд дарамтлаад байна, би үхэх гээд байна гэж хэлсэн юм. Удалгүй С багш над дээр ирээд ээж чинь намайг зодоод алах гэлээ даргын өрөөнд ороод ир гэхээр нь даргын өрөөнд орсон чинь ээж ирсэн байсан. Тэнд хэрүүл маргаан болж байгаад ойлголцолгүй бүгд гарч явсан... Би хараагүй болохоор юу болсныг мэдэхгүй байна. Ээж хэлэхдээ шат руу гарнаас нь татаад буулгасан чинь 2 гар нь хөхөрсөн байна гэж хэлж байсан... ” гэсэн мэдүүлэг /ХХ21-22/,
Гэрч Ш.Х-ийн “... Өрөөндөө сууж байтал эмэгтэй хүн орилж чарлаад байхаар нь гараад ирэхэд С багш, О, А нар 2 давхарын шатны эхэн дээр зогсож байсан. С багш би яасын би яасын гээд миний ард орсон. А боль боль гээд дунд нь зогсож байсан. О эгч чамтай үзнэ, чи дандаа тэгдэг гэх мэт зүйл хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ23/,
Гэрч Б.А-ын “... Би ангийнхаа хүүхдүүдийг унтуулчихаад ангидаа сууж байтал гадаа кордорт эмэгтэй хүмүүс чанга чанга дуугарах чимээ гарахаар нь би хүүхэд сэрээлээ гэж бодоод гараад ирэхэд багш С, ахмад ажилтан О нар барьцалдсан байдалтай хэрэлдэж байсан. Би очоод та хоёр болиоч хүүхэд сэрээлээ гэхэд миний үгийг сонсохгүй хэрүүл маргаан хийгээд байсан ...” гэсэн мэдүүлэг /ХХ24-25/,
Шинжээч эмч Д.Даваахүүгийн 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 145 дугаартай “... 1. Иргэн С-ийн биед баруун, зүүн бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ.
3. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонго алдалтанд нөлөөлөхгүй.
4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." гэсэн дүгнэлт /ХХ28-29/, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 0-р цэцэрлэгийн 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн ЁЗЗ-ийн хурлын тэмдэглэл /ХХ36-40/, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 0-р цэцэрлэгийн 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн хамт олны хурлын тэмдэглэл /ХХ41-45/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Л-О-ийн 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 5 дугаар цэцэрлэг дотор С-г зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй бөгөөд хэргийг мөн хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх
Шүүхээс торгох ял оногдуулах тухай прокурорын санал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсгүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон дээрх хүчин зүйлсүүдийг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч Л-О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 сарын хугацаанд төлөхөөр хугацаа тогтоож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Л.О нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Л-ын О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л-О-ийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.О-т шүүхээс оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 /нэг/ сарын хугацаанд төлөхөөр хугацаа тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Л-О-т сануулсугай.
5. Шүүгдэгч Л-О-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Л.О нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА